Алт тушаалтыг нэмэгдүүлэх арга, механизм алт олборлогчдод таалагдаж эхэллээ

2016 оны 12-р сарын 17 өдөр, 11 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix)  тогтоож байх шийдвэрийг 2016 оны арванхоёрдугаар сарын дундуур гаргасан.

Энэхүү шийдвэр гарахаас өмнө Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээс унци тутамд тодорхой дүнг хасч тогтоодог байв.

Дэлхийн санхүүгийн зах зээл, дотоодын эдийн засгийн чиг хандлагыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан энэхүү шийдвэрийн үр дүнд Монголбанк алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж, иргэдэд алтаа худалдах илүү таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Алт тушаалтад үнэ, түүний хэлбэлзэл, хууль эрхзүйн орчин, төрийн бодлого, хяналт шалгалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хууль эрх зүйн буруу шийдвэрээс болж валютын нөөцөө өсгөх, алдагдлаа нөхөх боломж болоод байсан алтаа тонн тонноор нь хар зах зээл буюу далд аргаар алдчихаж байсан түүх нэг биш удаа давтагдажбайсан билээ.

Монголбанк алт худалдан авах үнээ дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан тодруулбал, Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан  үнээс маш бага хэмжээний дүнг хасч тооцдог үед яадаг байв. Тухайлбал 2013 оны байдлыг авч үзье. Өнөөдрийн байдлаар грамм алтыг 74.9 мянган төгрөгөөр худалдан авч байгаа нь оны эхний үнэтэй харьцуулбал 985 төгрөгөөр буюу 1.3%-иар өссөн дүнтэй байна. Гэхдээ энэ оны 6-7 саруудад грамм алтны үнэ 55.3 мянган төгрөгт хүрч оны дундажаас 20%-иар буурсан нь алт олборлогчдын хүлээлтэд хүчтэйгээр нөлөөлж нөөцөлсөн алтаа яаралтай зарж, бэлэн мөнгөнд хөрвүүлсэн. Энэ нь Монголбанкны алтны худалдан авалтын биет хэмжээг нэмэгдүүлсэн.

Түүнчлэн, хууль эрхзүйн орчны асуудал чухал нөлөөтэй. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа, алтны олборлолт, худалдааг ил тод болгох, түүнийг дэмжих чиглэлд тодорхой шийдвэрүүд гарах гэж байгаатай уялдан алт тушаалт нэмэгдэх хандлагатай болж байна. Энэ нь дотоод эх үүсвэрээр валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх таатай боломж, эерэг өөрчлөлт юм. Урт нэртэй хууль өөрөө алтны худалдааг далд хэлбэрт болгочихсон эд шүүдээ. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сургаар олборлогчид алтаа Монголбанкинд зах зээлийн бодит үнээр арилжаалахыг илүүд үзэх хандлага ажиглагдлаа. Харин одоо Монголбанк шинэ ахиц гаргаж Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан  үнээс “маш бага хэмжээний дүнг хасч” тооцдог байдлыг нь сайжруулж Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix)  тогтоож байх шийдвэрийг гаргалаа. Энэ бол алт тушаалтыг нэмэгдүүлэх хамгийн цэвэр арга. Алт олборлогчид ч таатай хандаж хандлага,үр дүн эерэгээр өөрчлөгдөх дүр зураг харагдаж байна.

У. Оргилмаа 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх