Хэн АН-ын дарга болох вэ?

2017 оны 01-р сарын 20 өдөр, 16 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nam

Удахгүй болох АН-ын даргын сонгуулийг хэн хүнгүй анхааран ажиглаж байна. АН-ын даргад таван хүн нэр дэвшиж байгаа.
Нэр дэвшигч Ж.Батзандан иргэдийн хөдөлгөөний тэмцэгч гэдгээрээ алдартай. Урьд нь Хятадын “Тан Луу” компанийг өмгөөлж явсан, 2008 оны 7 сарын 1-ний үймээний буруутнаар болж явах үедээ АН-д “амь зулбан” орж ирсэн. Гэсэн ч иргэний хөдөлгөөний тэмцэгч чанараа гээгээгүй, ганцаарчилсан тоглолттой. Өөрөө нэр хүнд олж байвал, нам, найз хамаагүй гэсэн үзэлтэй. Нам доторхи үе тэнгийнхэн нь болох шинэ үеийн боловсролтой залуус Ж.Батзанданд таагүй ханддагаа ил тод илэрхийлдэг. Одоо харин хойноос ирээд хот минийх гэгчээр, намын даргад нэр дэвшиж байна. Шаардлага гарвал хэнтэй ч эвсэхэд бэлэн, 2014 онд Н.Алтанхуягийн засгийн газрыг унагахад оройлон оролцож, төрсөн ахыгаа төрийн нарийн бичгийн дарга болгох тохироо хийсэн гэж бичигддэг. Ж.Батзандан гараа хөдөлгөхгүй, амаараа ажил амжуулдаг “поп” гишүүдийн нэг, намын бодлого дагахаасаа илүү хувийн тоглолтыг эрхэмлэдэг. Ийм хүн эрх чөлөөтэй, бие даасан байр суурьтай гишүүдтэй АН-ын зангидаж удирдаж явахад бэрх. Намаа тараачихсан байж мэдэх хүн. Одоо ч таван нэр дэвшигч эвтэй байхаа ярьж яваа ч, хамгийн их “хаяагаа хадарч”, Лу.Гантөмөртэй ч, С.Эрдэнэтэй ч сөргөлдсөөр яваа.
Лу.Гантөмөр УИХ-д Сүхбаатар дүүргээс гурван удаа сонгогдсон, Боловсролын соёл, шинжлэх ухааны сайдаар ажилласан. 1992 онд АН-д элсэж, УИХ-д удаан бүхэл бүтэн 12 жил сууж, салбар яам толгойлж явсан ч, хийж хэрэгжүүлсэн ажил дульхан. Увсын гаралтай гэдгээрээ UBS фракцтай ойр, тэгсэн мөртлөө ээжийн нутаг Өмнөговь гээд “Ажнай”-н Бат-Эрдэнээс салдаггүй, “Женко” Баттулгатай ч уулзаж, хэнд ч тал алдахгүй, шийдэмгий бус, зөөлөн хүн. Тиймээс Ч Ж.Батзандан “Аймхай хүн энэ намыг удирдаж чадахгүй” гэж чанга дуугаар зарласан. Лу.Гантөмөр нас залуу, боловсролтой ч намын даргыг удирдах хэмжээний хүн биш. Лу.Гантөмөрийн оронд Х.Тэмүүжин нэр дэвшсэн бол илүү боломж байсан ч байж магадгүй.
С.Эрдэнэ намын дарга З.Энхболдын шууд залгамжлагч. “Шонхор” фракцын хүчтэй лидер. АН-ын энэ “их” ялагдлын бурууг “Шонхор” фракц үүрэлцэх ёстой. Ялангуяа АН-ын дарга З.Энхболд хаан, заан шиг загнасан нь сонгогчдын дургүйцлийг төрүүлсэн. С.Эрдэнэ намынхаа дарга, фракцынхаа тэргүүнийг Баянгол дүүрэгтээ нэр дэвшүүлээд унасан гэдгийг хүмүүс санаж байгаа. С.Эрдэнэ Баянгол дүүрэгтээ яах аргагүй вантан гэдгээ харуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон, одоо УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж яваа. “Чамлахаар чанга атга” гэгчээр юм хийж чадвал бас нөлөөтэй албан тушаал ч сайдаар “мэргэшсэн” С.Эрдэнэ гишүүн сайн ажиллахгүй байгаа гэж намын гишүүд ярих нь бий. Сүүлийн үед С.Эрдэнэ гишүүнийг хүн амины хэрэгт буруутгасан шүүхийн тогтоол олонд ил болсон. Ялаа эдлээд, хариуцлагаа хүлээсэн ч бас ёс суртахууны асуудал бий. Хүн амины хэрэгт нэр холбогдож явсан хүн АН-ын дарга болбол нийгэм сайнаар хүлээж авахгүй нь мэдээж.
Н.Алтанхуяг АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажилласан хүн, нийтэч, хөдөлмөрч, “эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй”, нам удирдаж явж чадахаа нэгэнт харуулсан, одоо шинэ юм хүлээгээд нэмэргүй байх. Гэхдээ сайн хуваагч өөртөө илүүг гэгчээр ах дүү нь ээлжлэн АТГ-т дуудагдан, тус газрын үүдэнд ургийн баяр хийх шахаж байгаа нь түмний нүдэнд ил. Юутай ч энэ эрхэм АН-ын даргаар удаан ажилласан, Ерөнхий сайд байхад нь намынхан нь огцруулсан нь гэдгийг хүмүүс санаж яваа. Н.Алтанхуяг даргыг намаа олон сонгуульд амжилттай удирдаж оролцсон гэдэг. Гэхдээ энэ гавьяаны талыг өөртөө “наах” нүүртэй хүн бол Д.Эрдэнэбат гишүүн. Тэрээр АН-ын генсекээр ажиллаж байсан. Мужик эр гэлцдэг, мужик гээд хүн зодоод явахгүй, амласандаа хүрдэг, “за гэвэл ёогүй” эр гэх юм билээ. Сэтгүүлч Б.Ганчимэг Д.Эрдэнэбат гишүүнтэй уулзаж ярилцсаныхаа дараа “…Сэтгэл хөглөгджээ…Уулзмааргүй, уулзаад хагарч, нээгдэж өгдөггүй, хүнээс хол ширгээ товшиж цэрвэсэн, сэрүүн дарга олон таардаг. Харин энэ удаагийн зочин маань хайгаад таарч өгөхөө больсон Мужик зогсч байлаа. Түүнд итгэж болно. Учир нь тэр насан турш итгэл дааж амьдарсан эр хүн байна” гэж “шигтгэсэн” байдаг.
Монгол Улсын Ардын багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн, Академич Техникийн ШУ-ны Доктор, Профессор Чилхаажавын Авдай гуай “Удирдлагаасаа, доторх фракцаасаа, явуулж байгаа дураараа дургисан үйл ажиллагаанаасаа болоод ард түмэн АН-д дургүйцээд, МАН-д өндөр санал өглөө. АН дотор ажил сайхан аваад явчихаар хүмүүс зөндөө байсан. Аж үйлдвэрийн сайд байсан Д.Эрдэнэбат гайгүй сайхан ажил эхлүүлээд явж байсан…” гэж ярилцлага өгөхдөө үнэлж хэлсэн. УИХ-д хоёр удаа сонгогдож, төрийн түшээ хүн ямар байх ёстойг харуулсан “эсрэг” намын академичаас ийм магтаал сонсоно гэдэг Д.Эрдэнэбат гишүүнийг улс төрд ямар явааг илэрхийлнэ.
Телевизийн нэртэй тоймчдын нэг сэтгүүлч бүсгүй “АН-ын таван сумын хэвлэлийн төлөөлөгчдөөс Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг нарын үнэнч хөдөлмөрч PR-чдыг нэхэн шагнаж, Д.Эрдэнэбат гэх хүн гон бие гозон толгой явааг нэрлэсүгэй! Эрдэнэ, Зандан 2 угаасаа бохир, хамаг муу үг, муу хэрүүл энэ хоёроос л гарах юм. Зүгээр л ажигласан юм” гэж жиргэсэн. Д.Эрдэнэбат гишүүн өөрийн талд үйлчлэх үнэнч PR-чдын баггүй хүн. Тиймээс л энэ удаа Д.Эрдэнэбат гишүүнд илүү анхаарал хандууллаа. Хэрвээ Ардчилсан намын батлахтай болоод санал өгөх эрхтэй бол АН-ын дарга болгохоор Д.Эрдэнэбатын төлөө саналаа өгнө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Анд
     (202.126.91.***)
    2017/01/21 15:56

    Эрдэнэбат ямар нэг муу юманд холбогдоод байдаггүй эр.Хүнийг хувьд сайн эр хүн тулахтай буурьтай цэгцтэй дотороо бодолтой дороо суурьтай эр хүн намыг шинэчлэж чадах хүн юм даа Дэмжээрэй та алдахгүй.

    (0) (0)
  2. Anonymous
     (202.179.23.***)
    2017/01/21 15:49

    дэмжинэ. мужик

    (0) (0)