Х.Дуламсүрэн: “Учрах тавилан” 7-р хэсэг

2019 оны 11-р сарын 06 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uchrah tavilan

Сарнай Цэлмэгийг уучилжээ. Уучлах ч гэж дээ, цаг хугацаа түүний гомдол цөхрөлийг бага багаар мартагнуулж байв. Гэсэн ч бүр мөсөн сэтгэлээс нь арчигдана гэж үгүй биз.

Цэлмэг “Тэр утсанд ирсэн мессэжүүдийг надтай ямар ч учир холбогдолгүй, надад хайртай дуртай гээд гүйгээд байдаг нэг эмэгтэй бий. Тэр л чи бид хоёрыг хэрэлдүүлэх гэж янз бүрийн юм бичээд байгаа байх. Миний хань, энэ бүхэнд итгэж сэтгэлээ зовоох хэрэггүй. Нэг хүүхдийн сураг гараад байдаг ч би сайн мэдэхгүй, тэр миний хүүхэд биш байхаа”, гэх зэргээр хэдэн өдөр Сарнайн урьд, хойно гарч аргадаж, тайлбарлаж гүйсэн болохоор Сарнай тэгсгээд чимээгүй болжээ.

Гэсэн ч Америкаас ирсэн дуудлага, мессэжийг олж мэдсэн тэрээр нөхрөө Америк руу ямар нэгэн асуудлаар ойрын хэдэн жилдээ явуулахгүй байхаар хатуу шийджээ. Ингэж эхнэртээ баригдсан Цэлмэгийн, Халиунаа Учирал хоёр дээр очих бодол нэг хэсэгтээ талаар болов.

Сарнай ч гэрт суун Цэлмэгийн амрагийн явдлын талаар бодож өөрийгөө зовоохгүйн тулд охиноо яслид, хүүгээ цэцэрлэгт нь өгөөд эртхэн ажилдаа оржээ. Улаанбаатар хотоос зүүн тийш Тэрэлж явах зам дагуу баригдаж байгаа тэдний эмчилгээ, сувиллын газрын барилга ч бараг дуусах шатандаа орж, ирэх хавраас ашиглалтад оруулахаар төлөвлөв. Ажил ид өрнөж, цаг завгүй байгаа болохоор Цэлмэг , Сарнай хоёр элдвийн асуудлаар хоорондоо маргалдаж, муудалцалгүй нэг хэсэгтээ амар тайван амьдарч байв.

Харин энэ үед Америкийн Иллиноус мужид Тэмүүлэнгийн гэрт багахан хэмжээний хүлээн авалт болж байлаа.

Учир нь энэ өдөр Учиралын төрсөн өдөр болж байв. Учирал нэг нас хүрч байгаа баярт өдрөөр нь Тэмүүлэн ойр тойрны найз нөхдүүдээ урьжээ. Мөн Халиунаагийн шинэ танилцсан найзууд ч энэхүү баярт хүрэлцэн ирсэн байв.

Гадаа талбай дээр ширээ засаж, хорхог, боодог хийж идэн, монгол маягаараа баярлаж суугаа тэд, дуулах нь дуулж, уух нь ууж их хөгжилтэй өдрийг өнгөрөөж байв. Аав ээжээ дагаж ирсэн хүүхдүүд ч мөн ногоон талбай дээр хөгжилдөн тоглож байлаа. Зочдын ширээний зүүн дээд хэсэгт суусан Анхаа бүсгүйн хажууд Халиунаа ирж суунгаа, түүнд хандан,

-Эгчээ таныг энд ирсэнд үнэхээр их баярлалаа. Өнөөдөр ажилтай гэж хэлж байсан болохоор чинь ирэхгүй л байх гэж бодож байсан юм гэхэд, Анхаа,

-Ирэлгүй яах вэ дүү минь, ажлаасаа чөлөө авчихсан гэснээ, Тэмүүлэнгийн өвөр дээр сууж байсан Учирал руу харан “энэ хөөрхөн хүүхэд том болсноо тунхаглан зарлаж байхад эгч нь ирэхгүй байж яаж болох билээ” гээд угийн нүүрэмгий хээгүй зангаараа тас, тас хөхрөн инээв. Халиунаа,

-Танд үнэхээр их баярласан шүү ажилд оруулж өгсөнд, одоо ажилдаа овоо гаршиж, бас нэлээн дадлагажиж байгаа. Тантай нэг уулзахсан гэсэн бодол байсан ч цаг зав болохгүй байсаар өдий хүрлээ гэхэд , Анхаа

-Тэр яах вэ, ажлаа гайгүй сайн хийж байвал болох нь тэр. Бид чинь бие биендээ тэр зэргийн тус хүргэлгүй яах вэ. Өөр хэрэгтэй юм байвал эгчдээ хэлж байгаарай, эгч нь чадах чинээгээрээ л туслахыг бодно гэхэд Халиунаа,

-Цаашдаа хэлний бэрхшээл жаахан гарч магадгүй юм шиг санагдсан. Тийм болохоор энэ өвөлдөө ажлаа хийж байгаад, ирэх зунаас сургуульд орж хэлээ сайн сурдаг юм билүү гэсэн бодол байгаа гэсэнд, Анхаа,

-Тэр ч тийм шүү, “хэлтэй бол, хөлтэй гэж” англи хэлэндээ гаргууд сайн байх юм бол үүнээс ч илүү боломжтой аятайхан ажил зөндөө, гэснээ за тэр ч яахав яваандаа болох асуудал гээд нүдээ онийлгон жигтэй харцаар Тэмүүлэн лүү ирмэснээ, Халиунаагийн чихэнд “ингэхэд Тэмүүлэн та хоёр ямаршуу байна даа. Цаадах чинь чамд их сайн юм шиг байна лээ шүү дээ, хүүхдэд чинь хэзээний аав нь юм шиг л хандах юм. Миний дүү арай л, хатуурхаад байгаа юм уу, за тэгээд залуу улсын явдлыг ч би юугаа мэдэх вэ, сууж амьдрахаар болсон ч юм билүү, хэрэв цаадах чинь болмооргүй бол манай нөхрийн найз гайгүй баян эхнэргүй Америк нөхөр бий шүү, монгол гайгүй хүүхэн байна уу л гээд байсан ” гэж хэлээд инээд алдахад, Халиунаа “хүн сонсчихоогүй байгаа” гэсэн байртай ийш,тийш харснаа,

-Бид хоёрт тийм юм байхгүй ээ. Та мэдэж байгаа шүү дээ намайг, би өөр хүнд хайртай, тэр нь Тэмүүлэнгийн найз. Удахгүй энд ирэх биз. Тэгээд ч Тэмүүлэн надад тохирох хүн биш, харин хөөрхий чадлаараа л тус болж байгаа түүнд нь талархаад ч барамгүй сууна. Бид хоёр нэг байранд байгаа ч тус, тусынхаа амьдралаар амьдарч байгаа харин тэр Америк залуугийнхаа талаар дараа ярья гэж бараг шивгэнэх шахам түүнд хэллээ. Анхаа,

-Тийм бол яах вэ дээ, өөрсдөө мэдэж байгаа биз, эгч нь зүгээр л асуусан юм, гээд санаа зовсон байдалтай чимээгүй болоход Халиунаа,

-За та хоол унд сайн идэж уугаарай, дүү нь тэд нар дээр оччихоод ирье гээд цаана сууж байгаа Тэмүүлэн Учирал хоёр луу явлаа.

Өдөржин бужигнасан хүмүүс орой бүрий болохын алдад гэр, гэрийн зүг хөдөлцгөөлөө. Учирал ч төрсөн өдрийн зөндөө их бэлэгтэй болж. Халиунаа хүүгийнхээ бэлгүүдийг өрөөнд нь оруулаад, өглөөнөөс хойш хүн, хүний өвөр дамжиж явсан хүүгээ эртхэн унтуулахаар орон дээр нь тавин бүүвэйллээ. Хүү ч ядарсан бололтой төд удалгүй унтав.

Халиунаа зочдын үлдээсэн аяга тавгийг хураан, ойр зуурыг нь цэвэрлэн зогсож байтал уусан шар айргандаа жоохон халамцсан Тэмүүлэн Халиунаагийн хажууд ирж юу ч дуугаралгүй хэсэг зогссоноо, тэснэ, тэснэ гэхэд энэ удаа яаж тэсэх билээ гэсэн байртай Халиунаагийн араас нь тэврэн авч хүзүүн дээр нь үнслээ.

Халиунаа Тэмүүлэнг гэнэт ийм зан гаргасанд гайхан цочирдсон ч, бараг жил шахуу эр хүнтэй ойртон янаглаж амжаагүй бие сэтгэл нь, түүний ичингүйрэл, дургүйцлийн өмнө хүчгүйдэж яах учраа олохгүй, дэмий л гайхан алмайрч, Тэмүүлэнгийн хүсэл тачаалд захирагдан зөрүүлэн үнсэж эхлэлээ.

Тэдний аль алинд нь юм хэлэх шаардлага байсангүй. Олон сараар тэвчин хязгаарлаж байсан бие сэтгэл нь тэдний өмнөөс тачаадан ярилцаж байв.

Тэд үнсэлдэн тэврэлдсээр Тэмүүлэнгийн өрөөнд орцгоолоо. Нүд, хамар, уруул, хүзүү, хөх гээд хаа сайгүй үнсэн үнгэх Тэмүүлэнгийн оргилуун дур хүсэлд Халиунаагийн бие шатах гэж буй мэт оволзон дүрэлзэж, өөрийн мэдэлгүй хүсэл тачаалын гал руу шурган орлоо.

Эргээсээ хальж урсах усны урсгал мэт юунд ч захирагдахаа болсон тэдний шунал тачаал дээд цэгтээ хүрэхийн алдад шөнийн жаргал цэнгэлд нь дараа болохгүйг хичээх мэт хөшигний цаана гэрэлтэн гийгүүлж байсан саран авхай ч бүүдийн алсалсаар чимээгүйхэн холдож үзэгдэв .

х                                        х                                        х                                    х                              х

 Сарнай хүүхдүүдээ цэцэрлэгт өгчхөөд ажил уруугаа алхаж явна. Цэлмэг ажлаар хөдөө явсан тул хүүхдүүдээ ясли, цэцэрлэгт хүргэж өгөх үүрэг зөвхөн түүнд оногджээ. Хэдийгээр машинаар ажил руугаа явж болох байсан ч тэрээр заримдаа өглөөд ингэж алхах дуртай. Тэгээд ч хүүхдүүдийн цэцэрлэг түүний ажилладаг эмнэлэг хоёр тийм хол зайтай биш. Сарнай ойрд төрөх тасаг дээр биш амбулаторит үзлэг хийж байгаа бөгөөд өдөржин хүн ихтэй, цаг зав муутай өнждөг байна. Эмчилгээ үзлэг ихтэй байхаас гадна эмнэлэг дээр нь сүүлийн сар гарны хугацаанд “хөл толгой” нь мэдэгдэхгүй бөөн бужигнаан болоод байгаа аж. Учир нь эмнэлгийн удирдлагууд солигдсонтой холбоотойгоор нэлээдгүй асуудал үүссэн бөгөөд, дээр доор гэлтгүй бүх л хүмүүс хөдөлгөөнд орох нь орж, гарах нь гарч, тушаал дэвших нь дэвшиж байв. Шинээр ч нэлээн олон эмч ажилтнуудыг авав. Өвчтөн, эхчүүд гэхээсээ илүү бичиг цаасны ажил хаа сайгүй мундахгүй их байгаа аж.

Тиймээс Сарнайд өөртөө цаг зав гарган, юм бодонгоо ингэж агаарт алхах нь тааламжтай байв. Цэлмэг хоёр долоо хоногийн хугацаатай хөдөө ажлаар явсан бөгөөд ирэх арай болоогүй байгаа ажээ. Сарнай аажуу тайван алхсаар ажилдаа ирлээ.
Үзлэгийн хувиар хэдийнээ гарчээ. Тэрээр үүдэнд хүлээх хүмүүсийг хараад “өнөөдөр ч нэлээн их хүнтэй байх нь дээ” гэж бодох зуураа өрөөндөө орж гадуур хувцсаа тайлан, халаадаа өмсөж ширээндээ суулаа. Эхний эмэгтэйд үзлэг хийхээр өрөөндөө дуудав.
Тасралтгүй бүртгэл, үзлэг, зөвлөгөө үргэлжилж сая л нэг хүн жаахан багасахын алдад цагаа харвал цайны цаг дөхсөн байв. Өчигдөр орой түүнтэй их сургуульд нэг ангид хамт сурч байсан Гэрэлжин утсаар ярьж, маргааш завтай бол хоёулаа уулзъя гэж байсныг гэнэт санаад Гэрэлжин лүү залгалаа. ”Гэрэлжин Сарнай хоёр их сургуульд сурч байхдаа нэлээд дотно найзууд байсан бөгөөд Гэрэлжин сургуулиа төгсөөд Герман явж тэндээ зургаан жил амьдарч байгаад саяхан нутагтаа ирсэн байжээ” Сарнай,

-Байна уу, сайн уу миний найз, өдрийн мэнд гэхэд, утасны цаанаас Гэрэлжин,

-Сайн, миний найзын ажил өнөөдөр гайгүй байна уу,  Сарнай,

-Гайгүй ээ, гэхдээ л ямар хүн тасрах биш дээ, чи минь юу хийж байна даа гэж асуухад Гэрэлжин,

-Гойд хийсэн юмгүй ээ, ойр зуурын юм цуглуулаад дэлгүүрээр явж байна. Миний найз өнөө орой уулзах хэвээрээ биз дээ, хоёулаа жаахан ярьж хөөрч сууя, уулзаагүй удлаа шүү дээ гэхэд Сарнай ,

-Харин тийм ээ, найз нь ч бас уулзахыг хүсэж л байна. Гэхдээ Цэлмэг хөдөө явчихсан, хүүхдүүдээ яадаг юм билээ гэхэд Гэрэлжин,

-За найз нь ганц уулзъя гэж байхад, дүү нар чинь байгаа биз дээ, тэднийгээ дуудаад л асуудлыг зохицуулаач миний найз… Би бас ганцаараа биш шүү, найз залуугаа чамтай танилцуулах гэсэн юм. Саяхан монголдоо ирээд танилцаж дотноссон, тэгээд л сэтгэл догдолчихоод чамайг уруу татаж байхад, тоохгүй юм хэмээн нэлээн гомдоллосон өнгөөр хэлэхэд нь Сарнай,

-За, тийм бол ойлголгүй яах вэ, найз нь тэгвэл эртхэн ажлаа дуусгачихаад, дүүгээ дуудаж, хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авчихаад эргээд холбогдъё. Гэхдээ залуу хосууд уулзах гэж байхад би “шавар” юм биш үү, дараа хоёулаа тухтай уулзсан нь дээргүй юу гэж гайхсан өнгөөр асуухад, Гэрэлжин,

-За найз нь ямар дандаа гуйдаг биш дээ. Хэрэгтэй болоод л хамт уулзъя гэж байна. Тэгээд ч гоё уулзалт зохион байгуулчихаад байна. Дуугүй хүрээд ирээ, найз залуу маань бас нэг дажгүй залуу дагуулж ирнэ гэсэн шүү гээд тас тас хөхрөхөд Сарнай,

-Юу вэ, өөр хүн бас ирэх юм уу, тэр дажгүй залуу энэ тэр яах вэ, би чинь хоёр хүүхэдтэй хөгшин хүүхэн гээд инээхэд Гэрэлжин,

-Өөрийгөө бас хөгшин гэчихжээ. Зүгээр л байгаарай найз минь. Гуч дөнгөж гарчихаад хөгширчих юм бол дөч, тавин настай хүмүүс яах болж байна. За ямар ч байсан ажлаа амжуулчихвал найз руугаа залгаарай, Цэлмэгийг байхгүйд жаахан цэнгээд ав л даа гээд нөгөө л хэзээний нүүрэмгий, цовоо дуугаараа инээсээр утсаа салгалаа.
Сарнай ажлаа аль болох эртхэн дуусгаад хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авч гэртээ ирлээ. Оюутан дүүгээ орой ирээд хүүхдүүдээ түр харж байгаарай гэж гуйсан бөгөөд, дүү нь ч бас төд удалгүй ирэв.
Хүүхдүүддээ жаахан хоол унд бэлдэж өгөөд, өөрөө тэднийг яаж унтуулах талаар дүүдээ захиж хэлээд Гэрэлжинтэй уулзахаар хувцсаа солин гарч явлаа.
Сарнай Гэрэлжингийн ярьж тохирсон рестораны үүдэнд ирээд түүн лүү залгавал тэрээр хэзээний ирчихсэн түүнийг хүлээж байсан бололтой үүдээр гарч ирэн тэд хамтдаа дотогш оров.
Бүдэг гэрэл намуухан хөгжимтэй, тохилог байрын аятайхан газар байв. Нэлээн захын ширээнд тухлан суусан хоёр залуугийн зүг рүү зааж тэнд бидний ширээ, бас бидний зочид байна гэсээр тэдний зүг дагуулан явав.
Боломжийн нүдэнд дулаахан залуус байлаа. Өмссөн хувцас, цэвэрхэн үсний засалт, харилцааны соёл зэргээр нь гайгүй албан тушаалтан юм байна гэдгийг төвөггүй мэдэж болохоор байв. Сарнайн өөдөөс харан суух шаргалдуу царайтай, бор нүдтэй залууг Болд- Эрдэнэ гэдэг гэнэ. Нэгэн яаманд нэлээн дээгүүр албан тушаалтай болохоо хэлэв. Харин Гэрэлжингийн зэргэлдээ суух залууг Тамир гэх бөгөөд уул уурхайн компанийн захирал хэмээн өөрийгөө танилцууллаа. Сарнай тэдэнтэй танилцаж, ойр зуурын юм ярилцан суух зуураа “Манай Гэрэлжин хүнтэй суухгүй их удсан, харин одоо овоо гайгүй хүн олоод аваа юу даа. Гэхдээ хүний ямрыг шууд хараад мэдэх биш дээ. Ямарч байсан мэргэжил боловсрол сайтай л хүн шиг байна, болж дээ миний найз ” гэж бодох зуураа тэдний яриаг чагнан, ажиглаж суулаа. Тэд хөгжилтэй яриа өрнүүлж, Гэрэлжин Германд хэрхэн амьдарч байсан талаараа хууч хөөрч, мөн заримдаа тэдний яриа улс төр лүү холбирч, Сарнай Гэрэлжин хоёр оюутан байсан үеэ эргэн дурсаж элдвийг хөөрөлдсөөр нэлээн орой болтол сууцгаалаа.
Шөнийн 22 цаг болохын алдад аль аль нь уусан юмандаа нэлээдгүй халцгаасан тул явахаар босоцгоолоо. Найзтайгаа уулзаад бас таалагдсан залуутайгаа хамт оройг өнгөрөөсөн Гэрэлжин нэлээд сэтгэл нь хөдөлсөн бололтой

-Бүгдээрээ манайх руу хамт явах уу гэхэд, Сарнай нэлээн санаа нь зовсон байдалтай,

-Яалаа гэж дээ найз минь, дараа болъё. Найз нь хүүхдүүд рүүгээ явахгүй бол нөгөө хэд чинь хүлээж байгаа гэхэд, Гэрэлжин,

-За тэгвэл Болдоо миний найз Сарнайг хүргээд өгчих нь биз дээ гэхэд Сарнай,

-Зүгээр дээ, манайх эндээс ойрхон би такси бариад явчихъя гэтэл Болд- Эрдэнэ их л уриалагхан дуугаар,

-Би хүргээд өгөлгүй яах вэ, гээд түрүүнээс хойш аятайхан харагдаад байсан бүсгүйгээ хүргэж өгөх болсондоо их л тааламжтай байв.

Гэрэлжин Сарнай руу дөхөж ирснээ, чихэнд нь бараг шивнэх шахан,

-Битгий маяглаад бай л даа, наад залуу чинь чамайг идчихгүй, гайгүй залуу байна лээ, чамд хэрэг болох ч юм билүү. Миний найз санаа зоволтгүй гэж хэлснээ, түрүүлж гараад хүлээж зогссон Тамир, Болд –Эрдэнэ хоёр дээр очлоо. Тэд хос хосоороо такси барин гэр гэрийн зүг хөдөлцгөөв.

Энэ үед Арлингтонд хүүгээ яслид өгчхөөд ажил хийж байгаа Халиунаагийн амралтын өдөр таарч байлаа. Тэмүүлэн мөн л ажлаар тав хоног өөр хот уруу явсан тул Халиунаа гэртээ ганцаараа амарч байв. Сүүлийн хэдэн сар Тэмүүлэнтэй дотно харьцаатай болсон ч Халиунаад тийм их сэтгэлийн хөдөлгөөн, хайр дурлалын холбоо байсангүй. Тэгээд ч Тэмүүлэн монголд гурван хүүхэдтэй. Өөрөө эхнэрээсээ салсан гэж хэлж байгаа ч үнэн худлыг нь сайн мэдэхгүй. Түүнд чадлаараа тус болсон сайхан сэтгэлийг нь үнэлж байв ч, түүний эхнэр болох бодол бол төрөхгүй байв. Ер нь тэгээд Халиунаа Цэлмэгийн найзтай цаашид удаан хамт амьдарна гэдэг түүнд утгагүй санагдаж байлаа.

Харин Тэмүүлэнгийн хувьд бол эсрэгээрээ цаг үргэлж сэтгэл зүрхийг эзэмдэх болсон Халиунааг яаж өөрийн болгох талаар замын турш бодож явдаг болсон бөгөөд Учиралд сайн аав болж чадна гэдэгтээ ч итгэлтэй байв.

Халиунаа одоо Цэлмэгийг хүү дээрээ ирэх нь худлаа болсныг мэдрэх бүрд түүний найзын царайг харж удаан амьдрах хэрэггүй гэдгээ олгож байв. Хэдийгээр ажил хийж, өөрийгөө болон хүүгээ хоол унд, өмсөж зүүхээр таслахгүй болгоод байгаа ч цаашдын амьдрал, зорьсон зорилгодоо хүрэх нь юу юунаас илүү чухал байв. Тиймдээ ч өнөөдөр амралтын өдөр, Тэмүүлэнг байгүй байгаа дээр нөгөө Анхаа эгчийн санал болгоод байсан Америк залуутай танилцахаар шийджээ. Өглөө Анхаа эгч рүү залгаж нөгөө залуутай өнөөдөр уулзаж, танилцаж болох талаар асуутал, би утасдаж лавлаад хариу хэлье гэв. Төд удалгүй тэрээр түүнтэй уулзах цаг, газрыг хэлж өгсөн байна.
Халиунаа яг анх удаа болзоонд явах гэж байгаа мэт сэтгэл нь догдлоод байлаа. Магадгүй энэ болзоо түүний цаашдын амьдралыг шийдэх учраас тэрээр ингэж сандран догдолсон байж болох юм. Тэгээд ч аль болох сайхан харагдах хэрэгтэй гэдгээ сайн ойлгож байв.
Өглөөнөөс хойш толины өмнө эргэлдсэн тэрээр үсээ дээш шуун бага зэрэг сулхан хавчаад, цайвар цэнхэр өнгийн бие барьсан даашинз өмслөө. Хүүхэд гаргаад биеийн галбирт жаахан өөрчлөлт орсон ч, урьдахаасаа улам гоолиг сайхан болсон мэт түүнд санагдаж байв. Өдөр бүр ажил гэр гэж явах тэрээр биенд амрыг бодож намхан ултай гутал өмсдөг байсан бол өнөөдөр өндөр өсгийтэй хамгийн дэгжин гэсэн гутлаа сонголоо. Өмссөн хувцас, цэвэрхэн царай төрхөө толинд хараад өөртөө маш их таалагдах тэрээр итгэлтэйгээр болзоонд явахаар гэрээс гарлаа. Харин түүнийг ямаршуухан шаргал үстэй, шулуун хамартай, европ эр хүлээж суугаа нь удахгүй харагдах биз ээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх