Х.Дуламсүрэн: “Учрах тавилан” 16-р хэсэг

2019 оны 11-р сарын 21 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uchrah tavilan

Америкийн нэгдсэн улс, Колорадо мужийн Колорадо Спрингс хотын Агаарын Нисэх хүчний Академи.

Тус сургууль шинэ хичээлийн жилд элсэн суралцахаар ирсэн оюутнуудаа хүлээн авч байв. Америкийн нэгдсэн улсын өнцөг булан бүрээс ирсэн шилдэг залуусаас гадна, үе үеийн агаарын нисэх хүчин, сансар огторгуй судлалын баатруудыг төрүүлсэн тус сургуулийг сонгон зорьж ирсэн орон орны оюутнууд ч нэлээдгүй байлаа.

Уулсаар хүрээлэгдсэн цогцолбор бүхий тус сургуулийн төв байрны өмнөх дэлгэц дээрээс залуус ямар ангид хуваарилагдсанаа харж байв. Арваад жилийн өмнө энэ сургуульд монгол оюутан нэг ч байгаагүй. Харин одоо бол чадалтай, сурахыг хүссэн залуус нэлээдгүй ирж суралцдаг болжээ. Энэ жил л гэхэд дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй гээд нийт арван монгол оюутан Колорадогийн нисэхийн сургуульд суралцахаар иржээ.

Дэлгэцийн өмнө эгнэн зогссон хүмүүсийн дундаас нэлээд нүүрэмгий байрын өндөр шар хүү жагсаалтыг уншиж зогссоноо “Өө, бид чинь арвуулаа юм байна шүү дээ. Арван монгол оюутны нэр бичигдсэн байна” гээд эхнээс нь уншиж гарлаа. Самбуугийн Золбоот, Сайнжаргалын Тэлмэн ……гэснээ…Төгөлдөрийн Билгүүдэй….Агаарын нисэх хүчний тээвэрлэлт, техник хангамж Цэлмэгийн Анужин…..Сансар, одон орон судлал, Тэмүүлэнгийн Учрал…Нисэхийн инженер, жолоодлого гээд цааш үргэлжлүүлэн уншлаа.

( Зохиолын маань гол баатруудын хүүхдүүд эрийн цээнд хүрч нэг хотод, нэг сургуульд суралцахаар энд бүгд цуглажээ. Ямархан учир тохиолдлоор ингэж таарсныг хэн мэдэх билээ. Юутай ч аливаа юм бүхэн цаанаасаа учир жанцантай байдаг хойно доо. Тэдний төсөөлөөгүй, зөвхөн уншигч таны мэдэх эцэг эхийн холбоос хувь тохиол, нууц түүхүүд бий. Мөн бидний мэдэхгүй эдгээр залуусын ирээдүй одоо өмнө минь дэлгээстэй байна. Хамтдаа цааш үргэлжлүүлцгээе…)

Нэрсийг уншиж зогсоо алга нүдтэй европжуу төрхтэй өндөр нуруутай залуу бол Төгөлдөрийн том хүү Билгүүдэй. Төгөлдөр Халиунаатай суугаад хоёр хүү төрүүлсний том нь. Билгүүдэй энэ жил арван долоон нас хүрсэн. Хэдийгээр Монгол хүн ч гэлээ эцэг эхийн хамт Иллиноус мужийн Чикаго хотод амьдарч тэндээ төрж өссөн болохоор Америкийн иргэний харьяалалтай, тэндхийн хүмүүжлээр өсөн торнижээ. Төрөлх хэлээрээ ярихдаа жаахан тааруу ч, уншиж бичихдээ бол хэнээс ч илүү сайн байв. Энд цугласан залуусаас насаар хамгийн бага нь бөгөөд олон жилийн өмнөөс нисэхийн сургуулийн шалгалтанд бэлтгэж, ээж ааваа шамдуулан байж төлбөр мөнгийг нь төлүүлэн, хүсэж мөрөөдсөн сургуульдаа ирсэн нь энэ байлаа.

Харин түүний хажууханд зогсох дунд зэргийн нуруутай биерхүү бор залуу бол Тэмүүлэнгийн хүү Учирал. Түрүүнээс хойш юм юмны түрүүнд манлайлаад байгаа сэргэлэн шар залуу өөрийнх нь төрсөн дүү гэдгийг Учирал яахан мэдэх билээ. Билгүүдэй ч мөн энэ талаар төсөөлөх ч үгүй яваа. Учирал энэ жил хорин гурван нас хүрсэн. Монголоос ирээд удаагүй байгаа тэрээр Төмөр замын дээд сургуулийн нисэхийн инженерийн ангийн хоёрдугаар курст сурч байсан. Колорадогийн нисэхийн сургуулийн цөөхөн хувиар Монголд ирэхэд хамгийн өндөр оноог авч чаджээ.

“Тэмүүлэн Жаргал хоёроос хүү төрж гурван охин, хоёр хүүтэй болжээ. Учирал хэдийгээр Тэмүүлэн Жаргал хоёрын төрсөн үр биш ч өөрийн хүүгээс дутахааргүй санаа тавьж өдий зэрэгтэй хүн болгосон юм. Халиунаа Төгөлдөртэй суугаад сураг тасарсан бөгөөд Тэмүүлэн ч түүнийг эрж сураглалгүйгээр Учиралыг яг л өөрийн хүү шигээ өсгөж, өнөөдөр хүссэн сургуульд нь оруулж чадсандаа баяртай байлаа. Өнгөрсөн жилүүдэд Тэмүүлэнгийн барилгын компани олон салбартай том групп болтолоо өргөжин тэлж, хөл дээрээ амжилттай бат зогсжээ. Тиймдээ ч Учиралыг Америкийн нисэхийн сургуульд сургаж, сургалтын төлбөр болоод нааш цааш явах зардал энэ тэр асуудал нь Жаргал Тэмүүлэн хоёрт хэцүү биш байв. Хамгийн чухал нь хүүгээ сайн мэргэжилтэй хүн болгохыг л хүсэж байв. Болор, Номин, Анар гээд гурван том охидоо ч мөн гадаадад боловсрол эзэмшүүлжээ.

Олон жилийн өмнөхийг бодвол монголын эдийн засаг сайжирч гадагшаа ажиллах хүчин гаргахаа больж, өөрсдийн дотоодын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж ирсэн байна. Тэгээд ч зогсохгүй гадаадын ямар ч улс орноос дутахааргүй дэвшилтэт хөгжилтэй орны тоонд багтаж чаджээ. Улс орон хөгжихийн хэрээр иргэдийн амьдрал сайжирч, ядуу дорой, ажилгүй хүмүүсийн тоо багасжээ.

Нэг ёсондоо улс орон маань ард иргэдээ амгалан тайван байлгах, хөгжил дэвшлийн замдаа эргэлт буцалгүйгээр орсон байлаа. Хүмүүсийн ядуу буурай, мөнгө төгрөггүй, нийгмийн ороо бусгаа цаг тэртээ арван хэдэн жилийн өмнө ард хоцорчээ. Тэмүүлэнгийн охид ч сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ улс орныхоо ирээдүй, сайн сайхны төлөө ажиллаж амьдарч байв. Ард иргэд гадагшаа явж ажиллахаа больсон болохоор гэр бүл салалт багасаж, бие биенээ гэсэн хайр хүндлэл дүүрэн. Нийгмийн хөгжил дэвшил зөв гольдрогоороо явж байгаа учраас нийт хүн амын өвчлөлт багасаж, иргэдийн дундаж наслалт хүртэл уртасжээ. Бүх л зүйл электрон системд шилжиж, агаар мандал, сансар огторгуй, далд мэдрэхүй, гариг ертөнцийн зүй тогтлын талаар залуус түлхүү сонирхон судалж, энэ чиглэлээр мэргэжил эзэмшихийг илүүд үздэг болсон байв. Учирал ч мөн тэдний нэгэн нь байлаа. Тиймдээ ч агаарын нисэх хүчний сургуулийг сонгон суралцахаар зориг шулуудан хүрч ирээд байгаа нь энэ.

Харин тэднээс нэлээн зайдуу байдлыг ажиглан зогсоо цэвэрхэн шаргал царай, урт шулуун хар үстэй охин бол Цэлмэгийн Анужин. Анужин Учиралтай нас чацуу хорин гурван настай. БНСУ-ын Инчоны нисэхийн академиас Америкт мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцахаар иржээ. Тэрээр Солонгост ахлах сургууль төгссөн бөгөөд сургуулиа амжилттай төгссөн тул Инчоны нисэхийн академид зуун хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж байв.

Түүний аав Цэлмэг олон жил хөл дээрээ босож чадахгүй байсан бөгөөд сүүлийн жилүүдээс л солонгосын чадалтай мундаг эмч нарын ачаар суга таягтай ойр зуур алхдаг болжээ. Харин ээж Сарнай нь нөхрөө хөл дээр нь босгохын тулд амь амьдрал, залуу нас, байгаа бүхнээ зориулж ирсэн байв. Аавынх нь компани түүнийг дунд сургуульд байхад нь дампуурч, ээж нь том хүү Чингүүн, Анужин хоёроо хэнээс ч дутахгүй мэргэжил боловсролтой сайн хүн болгохын төлөө чадах бүхнийг хийжээ. Сарнай бүх зүйлд “гадаа гарч эр, гэрт орж эм” гэдгийн үлгэрээр зүтгэж өдий хүрэв. Тэрээр Солонгост жил болгон олон сараар эмчилгээ хийлгэх нөхөртөө чадах чинээгээрээ туслахын тулд хувийн эмнэлгээ хүртэл заржээ. Ээжийгээ ийнхүү амьдралын төлөө ганцаараа шаргуу тэмцэж байгааг харж, мэдэрч өссөн Чингүүн, Анужин хоёр хэнээс ч дутахгүй сурлагатай дайчин хүүхдүүд болж өссөн байв. Тиймдээ ч Анужин сургуулийнхаа хамгийн шилдэг оюутнуудын тоонд орж Колорадогийн нисэхийн Академид урилгаар иржээ.

Түүний өөртөө итгэлтэй зан нь ямарт бусдаас онцгой түрүүнд нь байлгаж чаддаг байв. Цугларсан олон аль ангид хуваарилагдсан, хаашаа очихоо харах гэж тэмүүлж байхад Анужинд бүх зүйл ойлгомжтой байсан тул байдлыг ажиглан алсаас харж зогсоо нь энэ. Нүүрэмгий америк охидын дунд бужигнаж сурсан Билгүүдэй хэзээний Анужинг олж харсан байв. Тэрээр түүний хажууд дөхөж ирсэнээ, гар сунган,
– Танилцах уу, намайг Билгүүдэй гэдэг гэхэд, Анужин мөн нэрээ хэлэн гар барилаа. Урт хар үсэн дээрээ ягаан өнгийн дугуй малгай хагас духдуулан өмссөн, цайвар цагаан өнгийн богино хүрэм, өвдөгнөөс дээш гарсан урт түрийтэй өндөр өсгийтэй дэгжин гуталтай, гуталны түрүүнээс богино хүрэмний хормой хүртэл гуя нь нимгэн триконы цаанаас үл ялиг гэрэлтэн харагдах түүнийг Билгүүдэй нүднийхээ булангаар хэдийн ажиглаж амжлаа.

“Дажгүй аятайхан бүсгүй юм. Монгол охид цаанаа л гоё шүү, гэх сэтгэгдэл төрж байв”. Билгүүдэй Анужинд хандан ,

– Ингэхэд, чи аль ангид хуваарилагдсан бэ, гэж асуухад, Анужин,

– Сансар, одон орон судлал гээд “харин чи” хэмээн сөргүүлэн асуухад, Билгүүдэй,

-Тийм үү, тэгвэл агаар мандлаар л хөвөөд байдаг, од эрхсийн охин байх нь гэж инээмсэглэн хэлснээ,
-Би чамаас арай доогуур үүлсийн дээгүүр л дүүлэх байх даа гэхэд Анужинд Билгүүдэйгийн хөгжилтэй зан таалагдаж инээлдцгээв.

Энэ үед гадаа цугларсан оюутнууд дотуур байрны хуваарь гарсан гэх дохиогоор тэндээс байраа сонгохоор хөдөлцгөөлөө. Билгүүдэй, Анужин хоёр ч тэднийг даган явав. Монгол оюутнуудыг нэг дор, нэг хотхонд хуваарилжээ. Хэдийгээр суралцах салбарууд нь өөр, өөр ч амьдрах байр нь ойрхон байгаад тэд олзуурхаж байв.

Золбоот, Билгүүдэй, Учирал, Ангараг дөрөв нэг байранд, тэр дөрөв дээр Япон улсын хоёр оюутан залуу нэмэгдсэн байв. Нэг байранд зургаан оюутан байрлах аж.

Харин Анужин, Монголоос ирсэн Тамир, Хулан, Эрхэс гэсэн гурван охин болон Оросоос ирсэн хоёр оюутан охинтой хамт амьдрахаар нэг өрөөнд хуваарилагджээ.

Тэд өрөө өрөөндөө тохижцгоож байв. Маргаашаас хичээл, сургалт эхэлнэ. Амьдрах орчин, найз нөхөд, хоол унд, байгаль, цаг агаар бүх юм шинэ содон.

Судалгааны ангийнхны хичээл маш сонирхолтойгоор эхлэв. Сансар огторгуй, тэр дундаа гариг эрхсийн талаар сонирхон судлах дуртай Анужингийн хувьд хичээлийн эхний өдрөөс л түүнд энэ сургуулийн заах арга барил, техник хүчин чадал, багш нарын ур чадвар таалагдаж эхэллээ.

Оюутнууд одоогоор мэргэжлийн төвшинд хүрээгүй ч, сүүлийн үед дэлхий даяар шуугиулаад байгаа НАСА –гийн мэдээлэл, Кассини хөлгийн олж тогтоосон Санчирын дагуул гариг Титаны талаар дэлгэрэнгүй үзэх юм байна гэдгийг ойлгов. Учир нь Титан гаригаас саяхан амьд биет олдсон бөгөөд, метал, азотоос бүрдсэн Титан гаригийн агаар мандал руу Кассини хөлөг нэвтрэн орж чадсан юм. Анужин бусад гаригаас илүүтэйгээр үүнийг сонирхож байсан бөгөөд дуртай сэдэв нь эхний хичээл дээр орсонд үнэхээр их баяртай байлаа. Түүнийг ийнхүү гариг эрхсээр аялан суух зуур Билгүүдэйгийн анхны хичээл ч мөн сонирхолтойгоор өрнөж байв.

Эхний жилүүдэд агаарын тээвэрлэлт, аюулгүй ажиллагааны талаар голдуу онол орох бөгөөд, аажимдаа практик дадлага дээр түлхүү ажиллах гэнэ. Бүртгэл явагдсаны дараа багш нь оюутнуудыг дагуулан сургуулийн орчин тойронтой танилцах аялал хийв. Дэлгэцэн дээр ерөнхий сургуулийн бүдүүвч зураг гарч, түүн дээр тусах “сум”-ны дагуу тэд явцгаалаа. Олон жилийн түүхтэй тус сургууль нь үнэхээр том цогцолбор аж. Хаа сайгүй зөрж өнгөрөх дүрэмт хувцастай, бие хаа өв тэгш, сайхан залуус. Урьд өмнөх нислэгийн багынхны түүх дурсгал, сургалтын болон мэргэжлийн нисэх онгоц, гайхамшигт хөлгүүд, үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын арга алга.

Ийм сайхан сургуульд суралцах болсондоо бүгд л өөрсдөөрөө бахархаж байв.

Мөн энэ үед Учиралын сонгосон буюу нисэхийн инженер, жолоодлогын ангид онол орохоос гадна бие бялдар хөгжүүлэх хичээл орохоор болов. Бусад салбаруудыг бодвол хичээлийн нэлээд олон цагийг биеийн тамир, эрүүл мэнд, спортод зарцуулах бололтой. Ийнхүү оюутнууд хичээлийн эхний өдөрт өөр өөрсдийн гэсэн сургалтын зүг чигийг ойлгож авлаа.

Орой тэд хоолондоо орсны дараа оюутны байрандаа монгол оюутнуудтайгаа танилцах уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Охидын байранд хөвгүүдийг, хөвгүүдийн байранд охидыг оройн цагаар орохыг хориглодог дүрэмтэй тул тэд зэргэлдээх уулзалтын танхимд цугларцгаахаар болов.

Золбоот, Билгүүдэй, Учирал, Ангараг дөрөв бусдаасаа арай түрүүлж ирсэн байлаа. Төд удалгүй Анужин, Тамир, Хулан, Эрхэс дөрөв ирж тэдний араас нэлээн хол зайтай байрласан Хантэнгэр, Гүнтэнгэр хоёр жаахан хоцорсхийгээд ирэв.

Колорадогийн нисэхийн сургуульд ирсэн арван монгол залуус нэг дор цугларчээ.

Анх охидыг орж ирсэн цагаас л Учирал Анужингаас харцаа салгаж чадахгүй ширтэн сууна. Учирал урт хар үстэй, шаргал царайтай энэ туранхай охиныг хаа нэг газар харж байсан мэт, эсвэл хэн нэгэнтэй адилхан ч юм шиг санагдахад гайхаж эргэлзэн, чимээгүйхэн ажигласаар суулаа.

Оюутнууд хоорондоо танилцаж, аль аймаг, хотоос ирсэн, хаана сурч байсан, цаашид ямар зорилготой, эцэг эх гэр орныхоо талаар гээд нэгнийхээ сонирхсон бүгдийг ярьж эхлэв. Мөн Монголоос авчирсан идээ, ундаагаа ч задаллаа.

Самбуугийн Золбоот удам дамжсан нисгэгчийн хүүхэд гэнэ. Тэдний өвөө нь бас аав нь нисгэгч байсан талаар сонирхуулан ярьж байлаа. Бүгд тэдний аавыг мэддэг бөгөөд Хөдөлмөрийн баатар, гавъяат нисгэгчийн хүүтэй хамт сурах болсондоо таатай байв. Харин бусад нь өөр өөрийн сонирхлын дагуу энэ сургуулийг сонгож иржээ. Бас бүгд л өөр өөрийн гэсэн бяцхан түүхтэй. Жишээ нь Хантэнгэр, Гүнтэнгэр хоёр бол нэг айлын хүүхдүүд, багаас нь эцэг эх нь хөвгүүдээ том болохоор нь Колорадгийн нисэхийн академид суралцуулна гэж хүсэж мөрөөдөн нэрсийг нь хүртэл бэлэгшээж өгсөн тухайгаа тэд ярьцгаалаа.

Харин тэдний дараа танилцах явц Билгүүдэй дээр ирэхэд тэрээр “Намайг Билгүүдэй гэдэг. Америкийн Иллиноус мужийн Арлингтон Хайтс хот төрсөн. Миний бага нас Чикаго хотод өнгөрсөн. Аавыг маань Төгөлдөр, харин ээжийг Халиунаа гэдэг гэхэд, түүний хажууд сууж байсан Учирал нэг зүйлийг санах шиг болохдоо өөрөө ч гайхаж орхив.

Хэдэн жилийн өмнө түүний арван зургаан насны төрсөн өдрөөр аав нь түүнтэй нэг чухал зүйлийн талаар их л аминчлан ярьсан юм.

“Миний хүүгийн төрсөн ээжийг Халиунаа гэдэг. Хэдийгээр ээж чинь чамайг авахаар ирээгүй ч, бид чамайг өөрийн хүүхэд шиг хайрлаж өдий зэрэгтэй хүн болгосон. Гэхдээ миний хүү төрсөн эхийгээ мартах учиргүй, бас буруутгах хэрэггүй шүү. Аав нь чамайг “надад өгөөч, би өсгөж хүн шиг хүн болгоно оо”, гэж ээжээс чинь анх өөрөө гуйсан юм. Ээж чинь их сайн эмэгтэй, бас чамд маш их хайртай байсан. Амьдралд нь ямар нэг асуудал гарсан учраас л чам дээр ирж чадаагүй байх. Гэхдээ чи хэзээ нэгэн цагт ээжийгээ олж уулзан сэтгэлийг нь дэвтээх хэрэгтэй. Ээж нь Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод амьдардаг. Монголдоо ирсэн гэж би урьд өмнө сонсож байгаагүй. Бодвол одоо хүртэл тэндээ байдаг байх. Хэрвээ хэзээ нэгэн цагт Америк явбал ээжийгээ олж уулзахыг бодоорой” гэж хэлээд, түүнд ой гарантай байхдаа ээжтэйгээ хамт авахуулсан зургийг бас нэгэн боодолтой зүйлийг, “энэ одоо чинийх” гээд түүнд өгсөн билээ.

Тэр боодолтой зүйл нь их л үнэтэй чулуугаар урласан бололтой нандигнаж боосон хөөрөг байсан юм. Чухам ямар нэртэй, ямар үнэ цэнэтэй хөөрөг гэдгийг тэрээр мэдэхгүй. Гайхаж эргэлзсэн Учирал энэ ямар учиртай хөөрөг болох талаар ааваасаа асуухад, “би үүнийг нэг л удаа задалж үзсэн түүнээс хойш өнөөг хүртэл энэ олон жилүүдэд хадгалж ирлээ. Чамайг насанд хүрэхээр өгөх гэж тэр. Энэ бол миний хүүгийн эд зүйл. Ямар учиртай чамд байх ёстой. Анх хэн чамд өгсөн гээд бүх үнэнийг ээж нь чамд хэлэх байх. Тийм л учраас аав нь хүүгээ хэзээ нэгэн цагт төрсөн ээжтэйгээ уулзаарай гэж захиж байгаа юм аа” гэж хэлээд олон тайлбар сонсолгүй, духыг нь чимээгүйхэн үнэрлээд өрөөнөөс нь гарч явсан билээ. Арван зургаан жил болоход анх удаа аавыгаа ийм учир битүүлэг байхыг Учирал харсан нь тэр байлаа.

Учиралыг Жаргал, Тэмүүлэн, мөн хайртай эгч нар нь юугаар ч дутаалгүй өсгөсөн. Тэр тусмаа хайр халамжаар. Гэхдээ л аавыгаа ийм зүйл ярьсан өдрөөс хойш Учирал үе үе бага насаа эргэн дурсаж, дэндүү нялх байсан ч гэлээ төрсөн ээжтэйгээ байсан цагуудыг санах гэж хэрэндээ л оролддог байлаа. Хэзээ нэгэн цагт ээжтэйгээ уулзана гэдэгтээ ч итгэлтэй байв. Хэрвээ тийм өдөр ирвэл ээжээсээ ….“ таны амьдралд чухам юу тохиолдсон юм бэ, яагаад хүү дээрээ ганц ч удаа болов ирээгүй юм бэ ”…гэж чин сэтгэлээсээ асууна гэж бэлддэг байв.

Билгүүдэйгийн саяын ярьсан яриа Учиралын сэтгэлийн гүнд байдаг бодлуудыг эзэмдэж, зүрх тархийг нь эзэгнэж байсан ч тэрээр “за даа, аль адилхан нэртэй хүн, ижил хотод амьдрахыг тэр гэх билээ, дэмий юм бодож суух юм” гэж өөрийгөө хүчлэн, бодлоо сарниаж чадсан юм.

Залууст сургууль нь таалагдаж байгаа талаар мөн өнөөдрийн орсон анхны хичээлийн сэтгэгдэл, байрандаа хамт байгаа бусад орны оюутнуудын тухай үргэлжлүүлэн ярьцгааж байв. Тэд энэ өдрөөс эхлэн долоо хоног бүр нэг удаа ингэж бүгдээрээ цуглаж, бие биеэндээ туслаж, ярилцаж, сэтгэлээ хуваалцаж байхаар тохиролцлоо.

Бусдаасаа арай түрүүнд танилцсан гэсэндээ тэр үү Билгүүдэй Анужин хоёр хоорондоо арай л илүү дотно байв. Харин юугаараа гэдгийг хэлж мэдэхгүй ч, Учиралд Анужин маш ихээр таалагдаад байгаа нь зарим нэгэн хүмүүст анзаарагдаж байв.

Тойрч суусан оюутнуудын зүүн талыг захлан, бага зэрэг махлагдуу байрын намхандуу биетэй охин чимээгүйхэн бусдыг ажиглан сууна. Бие бялдрын хувьд бол нисэхийн сургуульд яаж тэнцсэн юм бол гэмээр, харин царай зүсээр бол хэнийг ч дагуулахааргүй, давхраатай алаг нүд, гэрэлтсэн цагаан царайтай Хулан хэмээн өөрийгөө танилцуулсан бүсгүй бараг л анхны харцаар Учиралд дурлаж орхих шиг болов. Тэрээр Учиралыг өөр лүү нь биш Анужин руу байн байн хараад байгааг бусдаасаа илүүтэй ажиглаж амжсан. Хайрлаж, дурлаж, шохоорхон сонирхдог насандаа яваа эдгээр залууст бие биенээ сонжин харж, сэмхэн харц “чулуудах” бол энгийн л үзэгдэл билээ.

Тэр тусмаа хүний нутагт,… одоо тэд эцэг эх, гэр бүлээсээ хол, энэ орон зайд, нэг сургуулийн шатаар өглөө, оройгүй хамтдаа өгсөж, уруудаж, нэг хүн шиг болтолоо ижилдэн дасаж зургаан жилийг ардаа үднэ. Энэ хугацаанд юу эсийг үзэж, амжуулах билээ.

Хэсэг сууцгаасны дараа оюутнууд оройн тооноос өмнө байр, байр луугаа явахаар гарцгаалаа.

Охид өрөөндөө ирэн нүүр гараа угааж, цэвэрлэсний дараа, өглөө хэрэгтэй гэсэн бүгдээ ойртуулан бэлдэцгээж байв. Долоо хоногийн дараа дүрэмт хувцас тавигдана. Тэр болтол цагаан цамц, костюмны хослолтой явахыг зөвшөөрчээ. Анужин цүнхээ уудлан маргааш өглөө өмсөж явах хувцсаа бэлдэж суух зуураа, эвхээстэй хувцаснуудынхаа дунд нандигнан боож ирсэн аав ээж ахтайгаа хамт авахуулсан зургаа гаргаж, орныхоо хажуу талын ширээн дээр тавилаа. Түүний аав ээж ах болох Цэлмэг, Сарнай, Чингүүнийг бид таних учраас бидний танил зураг түүний ширээн дээр энэ цагаас эхлэн байрлах аж.

Тэрээр унтлагын хувцсаа өмсөөд орондоо оров. Бусад нь ч мөн адил. Гэхдээ тэд унтсангүй саяхан уулзаад ирсэн монгол залуусын талаар ам өрсөн хуучлав. Анужин,

-Тэр, Билгүүдэй үнэн дажгүй залуу байгаа биз. Америкт төрж, өссөн юм гэсэндээ цаанаа л өөр чөлөөтэй, үзэл бодлоо шулуухан хэлдэг, өөрийнхөөрөө, хөгжилтэй гэхэд нь, Тамир угийн хашир, юманд эргэлздэг зангаараа,

-Билгүүдэйг гаднаас нь харахад дажгүй л залуу юм, гэхдээ ямар хүний дотор орсон биш, тэгээд ч дөнгөж өнөөдөр уулзчхаад ямрыг нь хэлж мэдэхгүй шүү дээ, ер нь бол насаараа бид нараас хамаагүй дүү юм шиг санагдсан, хэдэн оных гэсэн бэ. Манай Анужинд үнэхээр л их таалагдаж дээ, ирсэн өдрөөсөө л анхны хос төрчих юм байна л даа гээд инээхэд нь, тэдний ярианд хөндлөнгөөс орсон Хулан,

-Анужаан, чамд Билгүүдэйгээс илүү Учирал их талтай байх шиг байсан, чи ажиглаагүй юу, чамаас ер харц салгахгүй байна лээ гэж хэлэнгээ, надад бол Учирал л таалагдлаа гэж хэлэх гэснээ больж үгээ залгив. Анужин,

-Тийм үү , би анзааргүй шүү дээ. Биерхүү бор царайтай, дэндүү дуугүй байрын тэр залуу, яг үнэнийг хэлэхэд миний сонирхлыг татаагүй ээ, хөдөөний ч юм шиг дэндүү бүрэг санагдсан гэхэд, Анужинд Учирал таалагдаагүйд Хулан цаанаа л дуртай байгаа бололтой инээмсгэлснээ,

-Миний харснаар лав дажгүй л залуу байсан даа гэв. Тэдний яриаг сонсож хэвтсэн Эрхэс,

-Надад бол бүгдээрээ сайхан залуус харагдлаа. Монголын минь нүүр царай болж, энэ нэр хүндтэй сургуулийг зорьж ирсэн гэхэд нүүр улайлгахааргүй, бие хаатай, мэдлэгтэй, дайчин залуус байна. Гэхдээ бүгдийг цаг хугацаа харуулах байх даа. Би та нар шиг тэгж айхавтар нэг бүрчлэн сонжоогүй ээ, ер нь ингэхэд миний эрчүүдийг өөр өнцөгөөс харах мэлмий одоохондоо хаагдсан байгаа. Би ирэхдээ хуримаа хийчхээд ирсэн. Хайртай залуу минь Монголдоо бий. Ирээд дөнгөж хоёрхон хонох гэж байж, нөхрөө маш их санаж байна. Энэ янзаар бол яаж тусдаа олон жилийг авах юм бол доо мэдэхгүй л байна. Ирэнгүүтээ л өвлийн амралт бодогдоод байна шүү, гэж хэлээд санаа алдахад, түүний яриаг сонсож байсан Анужин, Хулан, Тамир гуравт хэлэх үг олдохгүй байгаа бололтой хэсэгтээ чимээгүй болов. Энэ үед зэргэлдээх орон дээр амрахаар хэвтэж байсан орос охин

-Та нар унтах болоогүй юу хэмээн англиар асуухад, тэд санаа зовсон байдалтай

-За сайхан амарцгаагаарай, гээд тус тусдаа чимээгүй болон унтахаар хөнжилдөө шургацгаав.

Тэднийг ийнхүү өөрсдийнх нь талаар яриа өрнүүлснийг мэдсэн мэт эрчүүд ч гэсэн унтахаас өмнө бүсгүйчүүдийн талаар өөрсдийн бодлоо хуваалцав. Хэзээний дурлаж амжсан Билгүүдэй,

-Анужин үнэхээр хөөрхөн охин байгаа биз хэмээн, мөн л нөгөө хэдээсээ лавлаж байв. Золбоот Билгүүдэйд хандан,

-Чи нээрээ амжуулдаг эр юм аа, хэзээний хамгийн хөөрхөн охиныг нь өөрийн болгоод амжиж. Дөнгөж өчигдөрхөн ирсэн гэхэд айхавтар байна шүү. Хамгийн бага нь хамгийн сэргэлэн байдаг гэж үнэн юм даа, ах нараа харж ч амжаагүй байхад өөрийн болгочхоод гайхуулж суудаг хэмээн хөхрөхөд нь, Билгүүдэй санаа нь зовсон байдалтай инээмсгэлснээ,

– Өөрийн болгоод байх ч юу байх вэ, зүгээр л надад таалагдлаа л гэж хэлж байна гэхэд, Учиралд тэдний яриа таалагдахгүй байгаа бололтой, чимээгүйхэн цааш харан хэвтэж, сэтгэл дотроо Анужингийн талаар төсөөлөн бодож байв. Харин Ангараг, Билгүүдэй Золбоот хоёрын үгэнд оролцож,

-Надад бол Эрхэс их дажгүй бүсгүй санагдсан гэхэд нь , Золбоот түүний яриаг тасалж,

-За даа, анд минь чиний бодол ч бүтэхгүй байхаа даа. Тэр чинь Монголд найз залуутай юм шиг санагдсан шүү гэхэд нь, Ангараг

-Чи яаж мэдсэн юм бэ, тэр тухайгаа яриагүй шүү дээ, чамд хэлж амжаа юу, тэгээд ч тэр Монголд байгаа найз залуу, одоо энд ямар хамаатай юм. Бид чинь энд зөндөө удаан амьдарна, эртнээс Билгүүдэй шиг хосоо сонгож байсан нь дээр, тийм ээ, Билгүүдэй гээд инээхэд, Билгүүдэй юу ч хэлсэнгүй дуугүй л толгой дохив. Энэ үед Учирал өндийж ирсэн ээ,

– Одоо бүгдээрээ амарцгаавал яасан юм бэ, цаад хоёр “харынхан” чинь унтах гээд хэцүү байх шиг байна гээд, зэргэлдээх хоёр япон оюутан луу нүд ирмэн хэлэхэд нь нөгөө гурав ч зөвшөөрч унтахаар хэвтэн, гэрлээ унтраав.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх