Х.Дуламсүрэн: “Учрах тавилан” 17-р хэсэг

2019 оны 11-р сарын 22 өдөр, 21 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uchrah tavilan

Удахгүй тангаргын баяр болно. Тангаргын баяраар бүгдийнх нь эцэг эх гэр бүлийнхэн ирэх гэнэ. Дажгүй уулзалт болох биз ээ.

Хичээл эхлээд хоёр долоо хоног өнгөрч байгаа. Гэсэн ч оюутнууд олон сар жилээр энэ сургуульд суралцсан мэт орчин тойронтойгоо амархан дасан зохицож байлаа.

Хайр дурлалын романс ч хэдийн өрнөж эхэлсэн. Анужин Билгүүдэй хоёр дотносоод амжсаныг ч хэн хүнгүй мэдэж байв. Харин Учирал Билгүүдэй хоёр ах дүү гэдгээ хэрхэн мэдэх бол энэ л сонин байна. Тийм болохоор тангаргын баярыг л тэсэн ядан хүлээх үлдлээ. Анужин Учирал хоёр ч нэг эцгийн хүүхдүүд, гурвалжилсан хувь заяаны холбоос. Гэтэл тэд нэг эцгийн хүүхдүүд гэдгээ мэдэхгүй болохоор Учиралд Анужин таалагдаад байдаг.

Ямархан учрал тохиолдлоор бие биенээ сонирхон, хувь заяагаа холбож байсан хүмүүсийн хүүхдүүдийг энд цуглуулчхав даа. Мэдэх юм алга. Зохиол цаашаа үргэлжлэх ёстой. Амьдрал ч бас өрнөн цэгцрэх учиртай. Тиймээс би үргэлжлүүлэн бичих хэрэгтэй болов. Өөр зам, гарц надад ч бас энэ хүмүүст ч байхгүй. Угаасаа цаг хугацаа өнгөрөх тусам учир зангилаа тайлагддаг жамтай. За ингээд олон юм нуршилгүй зохиолоо үргэлжлүүлье……

Өвөл цаг хаяанд ирсний дохио юу, өглөө, оройдоо сэрүүхэн байдаг болж. Оюутнууд өглөө таван цаг гучин минутад босох ёстой. Тийм дүрэм журамтай. Нисэхийн сургууль бол бусад тусгай хамгаалалтын сургуультай ижил хагас цэрэгжилтийн байдалтай суралцдаг. Үүнийг хүн бүхэн л мэдэх биз.

Зургаан цаг гэхэд өглөөний тооллого дуусаад бэлтэл эхэлнэ. Өглөө бүр бараг таван километр газар гүйдэг. Дөнгөж ирсэн оюутнуудын хувьд энэ нь шантармаар, халширмаар байвч тэдний хүсэл мөрөөдөл зорилгын өмнө бол юу ч биш санагдана. Туулах ёстой хүч, гаргах ёстой зориг тэвчээрийг тэд гаргаж байв. Цаашид ч үүнээс илүүг тэд давах ёстой гэдгээ сайн мэдэж байлаа. Тэгээд ч аав ээж, ах дүү, найз нөхөд гээд олон хүний итгэлийг өвөртлөн энэ сургуулийг зорьж ирсэн. Тиймээс тэдэнд шантрах эрх, ухрах зам үгүй мэт.

Өглөөний дасгалын дараа оюутнууд хүйтэн шүршүүрт ороод, цайгаа уухаар хоолны газрыг зүглэнэ. Ирээдүйн нисгэгчдийн, орон орноос ирсэн олон зуун оюутнуудын хичээлийн өдөр ийнхүү эхэлнэ. Сургуулийн дүрэмт хувцас бүрэн тавигдаж дууссан болохоор жигд, нэг ижил хувцсаар гангарсан идэр залуус жинхэнэ нисгэгч, сансар огторгуйн судлаачид болсон мэт цог жавхлантай золбоолог харагдаж байв.

Монгол оюутнууд хичээл тарсны дараа уулзалдаж удахгүй болох тангаргын баяр болон өөр бусад зүйлсийн талаар ярилцахаар тохирсон байв. Анужин Билгүүдэй хоёр хэзээний болзож амжсан тул тэднээс түрүүлэн иржээ. Билгүүдэй Анужинд хандан,

-Танай хичээл өнөөдөр ямар эрт тараа вэ, ойрд дандаа оройтоод байгаа гэсэн биз дээ гэж асуухад, Анужин,

-Манай судалгааны багш өнөөдөр Денверт уулзалттай гэсэн болохоор бидэнд бие даах сэдэв өгч эрт тараасан. Харин танай хичээл хэр байна даа гэхэд, Билгүүдэй

-Гайгүй, маш сайн байгаа, бас их сонирхолтой гэхэд нь Анужин,

-Ингэхэд тангаргын баярт танайхаас хэн ирэх вэ гэж асуув, Билгүүдэй,

-Аав ээж хоёр хоёулаа ирнэ гэсэн. Манайх эндээс ойрхон. Хэдэн цагийн л газар. Тийм болохоор ээж аав хоёр зав гаргаж заавал ирэх байхаа. Харин дүү хичээлтэй байгаа болохоор тэр хоёртой хамт ирэх үгүйг нь сайн мэдэхгүй байна. Өчигдөр утсаар ярихад чадвал дүүг чинь дагуулаад очно гэж байсан. Угаасаа том хүү дээрээ тэр хоёр ирэхгүй гээд яах билээ дээ хэмээн эрс шийдэмгий хэлэх нь цаанаа л өөртөө итгэлтэй, бардам байгааг илэрхийлнэ.

Ер нь Билгүүдэй бага зэрэг онгироодуу зантай, гэсэн ч түүний энэ өөртөө итгэлтэй шулуухан зан нь Анужинд таалагдаж байв. Харин бусдыг хүндлэх, хайрлах тал дээр жаахан дутмаг санагдаад байгаа ч Анужин найзалж нөхөрлөөд удаагүй байгаа болохоор яваандаа зан ааш нь илүү танигдах биз дээ хэмээн бодож байв. Билгүүдэй Анужингаас,

-Танай аав, ээж, ах чинь ирнэ биз дээ. Одоо Монголоос наашаа ирэхэд энд нэг хотоос нөгөө хот руу явахтай л адилхан амархан болсон шүү дээ. Тэгээд ч бас дээр үеийнх шиг “виз гарахгүй бол яана даа” гэж санаа зовох юм байхгүй. Онгоцны билет авлаа л бол хүрээд ирнэ. Биднийг бага байхад хүн болгон л Америк руу ирэхийг хүсдэг, тэгээд наашаа явах гэж бөөн асуудал болдог байсан гэсэн. Виз гэж нэг айхтар юм нь гарахгүй. Өчнөөн мөнгө төгрөг зарлагадаж байж ирдэг байсан гэж аав, ээж хоёр маань ярьдаг юм. Тэгээд дүү бид хоёрыг та хоёр их азтай энд төрж, эндхийн иргэн болсон. Бас энд өсөж хүмүүжлээ. Хүн болгонд олдоод байх хувь заяа биш шүү гэдэг. Надад бол бусдаас илүү хувь заяатайгаа мэдрээд байх юм алга. Харин ч би монгол аав, ээжтэй монгол хүн. Хэдийгээр энд төрж өссөн ч гэсэн Монголдоо очиж ажиллаж амьдарна гэж боддог гэхэд Анужин,

-Харин олон жилийн өмнө улс орны маань хөгжил ядуу дорой тарчиг байх тэр үед олон мянган залуус гадагшаа явж ажиллаж амьдардаг байсан гэдэг. Манай хамаатан садан, аав ээжийн маань найз нөхөд бүгд л тийм амьдралыг туулсан байдаг юм. Манай аав ээжийн хувьд бол монголдоо л ажиллаж амьдарсан. Аав минь залуудаа осол аваарт орж олон жил өвчтэй, зовлонтой байсан болохоор амьдралын сайн мууг би гадарлана аа. Гэсэн ч ах бид хоёрыг аав ээж хэнээс ч дутахгүй өсгөсөн. Чи харин энд төрж өссөн гэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй байгаа чинь маш их таалагдаж байна. Одоо тэгээд ч улс орон маань ямар ч гаднын орноос дутахгүй хөгжилтэй сайхан болж дээ. Чи бидний сурч байгаа энэ сургуульд саяхныг хүртэл нэг ч монгол оюутан байхгүй байсан гээд л чи бодол доо. Одоо гэтэл бүх л нэр алдартай сургуульд монгол оюутнууд сурч байна. Зүгээр сураад ч зогсохгүй, гайхалтай амжилтуудыг үзүүлж байна шүү дээ.

Аав ээж хоёр маань бас хоёулаа ирэх бодолтой байгаа. Бас Чингүүн ах ч гэсэн. Гэхдээ юу болох нь уу, аав маань тийм бие сайтай биш л дээ. Хөл нь жаахан тааруу байгаа гэхэд, Билгүүдэй,

-За тэгвэл бүгд ирээсэй, хадмуудтайгаа танилцах юм байна даа гэж хэлээд инээхэд, Анужин түүний хэлсэн үгэнд нэлээн эгдүүцсэн бололтой түүн лүү нэлээн ёжтой харцаар харснаа,

-Юу вэ, хадмууд байх даа яах вэ дээ, бид одоохондоо зүгээр л найзалж байгаа шүү дээ. Танилцаад удаа ч үгүй байж, чи нээрээ дэндүү шулуухан юм аа гэхэд , Билгүүдэй түүн рүү дөхсөнөө,

-Шулуухан гээд байвал бүүр шулуухан зангаа харуулчихна шүү гээд түүнийг тэврээд үнсэх гэхэд нь, Анужин түүний гарыг мөрөн дээрээсээ холдуулж,

-За зүгээр бай л даа, цаадуул чинь ирж байна, хүүхдүүдийн хажууд битгий “арзганаад” байгаарай, заримдаа бүүр чамаас санаа зовчих юм гээд инээхэд нь, Билгүүдэй,

-Чи ингээд уурлахаараа нүд чинь гурвалжилчхаад бүүр эгдүүтэй болчих юмаа, нээх хөөрхөн гэдэг нь гэж хэлэнгээ эргэж харвал бусад оюутнууд тэр хоёрыг зүглэн ирж яваа харагдав.

Тэд хичээл сургалтын талаар мөн хоол унд байрны зохион байгуулалтын талаар гээд ярихыг хүссэн бүгдээ ярилцаж байв.

Мөн удахгүй болох тангаргын баярт ирэх ар гэрийнхэндээ зориулан бяцхан бэлэг бэлдэж байгаагаа ч нуулгүй ярилаа. Учиралын гэрээс аав, Номин эгч хоёр нь ирэх гэнэ. Ээж нь дунд эгчийнх нь хуримын бэлтгэлтэй байгаа болохоор энэ удаа хүү дээрээ очих боломжгүй байгаа тухайгаа хэлжээ. Өвлийн амралтаар нь угаасаа бүгд ирнэ гэсэн болохоор Учиралд ч ээж нь ирж чадахгүй болсон нь тийм хэцүү санагдсангүй. Аав, эгч хоёр нь ажил төрлөө зохицуулаад ирнэ гэсэн болохоор сэтгэл амар байв.

Бусад оюутнуудын хувьд ч Монголоос ирэх нь зардал мөнгө, цаг зав гээд нэлээдгүй хүндрэлтэй санагдавч үр хүүхдийнхээ тангаргын баярт оролцох, далимаар нь зөвхөн Америкийн нэгдсэн улсад төдийгүй дэлхийн улс орнуудад нэр алдар нь түгээд байгаа түүхт сургуулийг үзэх боломж олдсонд бүгд ирэхийг хүсэж байлаа.

Оюутнууд орой хоолноос өмнө байр байр луугаа явцгаав. Харин Учирал байр луугаа явсангүй. Сургалтын танхим орж багштайгаа уулзах хэрэгтэй байгаагаа хэлээд тэднээс салж явлаа. Гэхдээ тэрээр үнэндээ сургалтын танхим орох гэж тэднээс салсангүй.

Энд ирсэн цагаас эхлээд байнга сэтгэлээс нь гарахгүй байгаа Анужинтай уулзах боломж гаргах гэж охидын байрны зүг тэдний араас явсан нь тэр байв.

Араас нь дагаж явсан Учиралыг Анужин ажигласангүй. Яг байрандаа орохын алдад хэн нэгэн дуудах шиг болохоор нь эргэн харвал нисэхийн ангийн Учирал зогсож байв. Гайхаж эргэлзсэн Анужин,

-Хүүе чи ингэхэд, байр луугаа яваагүй юм уу, энд юу хийж яваа юм бэ, гэхэд Учирал,

-Чамтай уулзах хэрэг гараад, түр хэдхэн минут зарцуулаач, өдөр чамтай уулзах гээд ангийн чинь үүдэнд очсон боловч, олон оюутнуудын дэргэд уулзах боломж олдсонгүй. Чамтай ярилцах хэрэг байна гэхэд нь, Анужин хаа явсан газар нь түүнийг Учирал ажиглаад байгааг анзаарсан ч анзаараагүй дүр эсгэн өнөөг хүртэл явсандаа санаа зовон,

-Хоолны цаг болоход гучин минут дутуу байна. За хоёулаа тийшээ цэцэрлэгийн сандал дээр жаахан сууя, юу болсон юм бэ хэмээн түүн лүү дөхөж ирлээ.

-Учирал Анужинтай хамт цэцэрлэгийн сандал дээр хэсэг суув. Анх харахад Анужинд Учирал хэн нэгэнтэй их адилхан санагдаж байв. Одоо ч гэсэн тэр урьд өмнө нь уулзаж байсан мэт нэг л танил санагдана. Түүний хацар дээрх мэнгэ нь яг аавынх нь мэнгэтэй төстэйг сая л ажиглав. Түүнийг юуны талаар ярих гээд ийм орой болсон хойно араас нь дагаж ирсэн юм бол гэж гайхаж эргэлзсэн Анужин,

-Учиралаа юун тухай ярих гэсэн юм бэ, өмнө нь бид нэг л танил байсан юм шиг надад заримдаа санагдаад байдаг юм. Ингэхэд чи аль сургуулийг төгссөн бэ, хотод танай гэр хаагуур байсан гэж асуухад, Учирал

– Манай гэр төмөр замд байдаг байсан. Миний бага нас тэр хавьд л өнгөрсөн дөө. Надад ч гэсэн чамтай урьд өмнө нь таарч байсан юм шиг санагддаг. Гэхдээ хаа нэг газар тааралдаж байсан юм болов уу гэж бодохоор санаанд орж ирэхгүй юм. Харин танайх хаагуур байсан юм бэ гэхэд нь Анужин,

Манайх Гранд хотхонд байсан. Гэхдээ би бол тэнд нээх удаан байгаагүй ээ. Аав Солонгост голдуу эмчилгээ хийлгээд тэндээ байдаг байсан болохоор, аавтайгаа хамт Сөүлд байдаг байсан. Ингэхэд чи надад юу хэлэх гэсэн юм бэ. Түрүүн бүгдээрээ хамт байхад хэлж болоогүй юм уу. Хоолноос хоцорч болохгүйг чи мэдэж байгаа шүү дээ, ингэсгээд явах хэрэгтэй гэхэд нь, Учирал

-Уучлаарай жаахан бүдүүлэг асуулт байж болох юм, чи Билгүүдэйтэй үерхэж байгаа юм уу, гэснээ нэг зүйл хэлэх гэсэн бололтой баахан түгдчиж байснаа…..хэлэх гэсэн үгээ залгичихав,…

Анужин юу хэлэх гэснээ шуудхан л хэлж орхидог Билгүүдэйгээс тэс өөр бүрэг ичимхий Учиралыг хараад, түүнийг бага зэрэг шоолон инээвхийлснээ,

-Тийм ээ бид хоёр найзалж байгаа. Гэхдээ одоогоор тийм сүрхий гүнзгийрчхээгүй байна. Мэдээж чи надаас үүнийг л асуух гэж энэ хүртэл дагаж ирээгүй байлгүй дээ. Бид хоёрыг найзалж байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Яг юу хэлэх гэсэн юм бэ, хэмээн гайхсан янзтай, дахин лавлаж асуухад, Учирал түүн рүү нэг л зоримог байртай эгцлэн харсан,

-Тийм ээ, ….би үүнийг л асуух гэсэн юм. Энэ бол миний хувьд их чухал асуулт, үлдсэнийг нь дараа болъё. За, сайхан амраарай, төвөг удсанд уучлаарай гээд, Анужин түүнийг дуудахын завдалгүй тэндээс босоод цааш яваад өгөв.

Анужин “ Яасан сонин залуу вэ, нээх чухал юм ярих гэж байгаа юм шиг, араас дагаж ирчихээд, шал утгагүй юм асуучхаад яваад өгөх юм “ гэж бодсон ч түүний дулаахан цаанаа л элгэмсүү харцнаас өөр хэнээс ч мэдэрч байгаагүй хайр энэрэл, сэтгэл хөдөлгөм дотно дүр төрхийг олж харж амжсан байв.

Бүх оюутнууд амрах цагаар Анужин ганцаараа унтаж чадахгүй хөрвөөнө. Тэр энэ удаа Билгүүдэйгийн тухай биш, Учиралын талаар бодсоор байлаа.

Тангаргын баярын өдөр. Орон орноос ирсэн оюутнууд мөн америк залуусын гэр бүлийнхэн нэг дор цугларсан байна. Тэдний баярыг улам эрч хүчтэй, гайхалтай сайхан болгох гэсэн мэт Америкийн нисэх хүчний үе үеийн чадварлаг нисэгчид агаарын хөлгөөрөө нисэн дүүлэх нь сэтгэл хөдөлгөхгүй байхын аргагүй байлаа.

Билгүүдэйгийн аав ээж хоёр болох Төгөлдөр, Халиунаа хоёр ирсэн байна. Халиунаа дөч нэлээн гарч яваа гэхэд хэзээний овор багатай угийн залуу сайхнаараа харагдана. Төгөлдөр ч эхнэрээсээ дутах юм алга. Тэд яг л гуч хүрээд нас нь зогсчихсон юм шиг царай зүс сайтай бие хаа тэгш хэвээрээ байв.

Халиунаа өвдөгнөөс дээш давж гарсан бариу түрийтэй, нарийхан өсгийтэй гутлан дээр бие барьсан бор шаргал ноосон даашинз өмсжээ. Түүн дээрээ өвдөгнөөс нэлээн доош давах урт цайвар өнгийн пальто өмсөж, цайвар шаргал алчуур зүүсэн нь цаанаа л дэгжин, донжтой харагдаж байв. Харин ахынхаа тангаргын баярт Билгүүдэйгийн дүү хичээлтэй байгаад чөлөө авах боломж гараагүй учраас ирж амжаагүй байна.

Олон хүмүүс цугларсан төв талбайн баруун захад тэднийг ийнхүү ярилцан, хөгжилдөж зогсох зуур өчигдөр Монголоос ирээд буудалд байрлаж байгаад саяхан хүү дээрээ ирсэн Тэмүүлэн Жаргал хоёр тэднээс нэлээн зайдуухан Учиралтай уулзаж зогсоо харагдана. Үнэндээ энэ үед нэг эхийн ах дүү хоёр энд суралцаж байгаа гэдгийг хэн хэн нь гадарлах ч үгүй байсан юм. Тэдэнтэй зарим монгол оюутнуудын гэр бүлийнхэн уулзан танилцаж, хүүхдүүдийнхээ сургуулийн байр болон орчин тойрны талаар сэтгэгдлээ хуваалцаж байв. Нэг гэрийн ах дүү хоёр болох Гүнтэнгэр, Хантэнгэрийн аав ээжүүд ч мөн ирсэн байв. Бүгд л үр хүүхдээрээ бахархан, тэдний сонголтыг дэмжицгээж байсан юм.

Тангарга өргөх ёслолын арга хэмжээ эхэлжээ. Бүгд нэг шугаманд эгнэн зогссон нуруу, бие хаа тэгш ялгахын аргагүй ижил харагдах дамран малгай, ёслолын хувцастай цэмцгэр залуус. Тэд өмнө нь зогсоо өөрсдийг нь төлөөлөн унших сонсогчийг даган тангаргын мөрүүдийг давтан хэлж байв.

“ ….. Америкийн нэгдсэн улс, Колорадо мужийн Колорадо Спрингс хотын Агаарын Нисэх хүчний Академийн сонсогч би……..үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж….өөрсдийн улс орныхоо болон Америкийн нэгдсэн улсын нэр төрийг өндөрт өргөн….Дэлхий хийгээд сансар огторгуй судлал, агаарын зам, нисэх хүчний цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахуйцаар үр дүнтэй суралцаж, ……ямар нэгэн саад бэрхшээл тохиолдвол амь биеэ үл хайрлан ….хүчин зүтгэж чадна гэдгээ…батлан тангаргалж байна “ хэмээн нэгэн дуугаар хэлээд бүгд ээлж дарааллан тангаргын бичигт гарын үсгээ зурлаа. Мөн сургуулийн хүндэтгэлийн туг дор ёслон мэхийж байв.

Арга хэмжээ ийнхүү өрнөж байх үед Анужингийн ээж Сарнай бага зэрэг хоцорсхийгээд автобуснаас бууж харагдана. Тэрээр олон ижилхэн хувцастай залуус дундаас охиноо олж танихад хэцүү байсан тул утас руу нь залгалаа.

-Байна уу, миний охин уу, ээж нь байна. Сургууль дээр нь ирчихлээ. Миний охин аль хэсэгт байна вэ хэмээн асуухад, Анужин

-Ээжээ та яагаад оройтчихов оо, тангараг өргөх ёслолын арга хэмжээ бараг дуусах шатандаа явж байна гэхэд , Сарнай ;

-Харин тийм ээ, ээж нь төөрч будлиж явсаар байгаад жаахан хоцорчихлоо гэсэнд Анужин,

-Би талбайн баруун жигүүрт байна, Төв дэлгэцийг чиглэж яваад, баруун зах руу нь хүрээд ир, таныг тосоод авья гэсээр тэд уулзалдав. Сарнай нэг үеийг бодвол нэлээн таргалж, хэдийн намба суусан хижээл насны бүсгүй болжээ. Анужин,

-Ээж ээ, аав ирээгүй юм уу, би та хоёрыг хамтдаа наашаа гарлаа гэж ойлгосон шүү дээ. Ядаж Чингүүн ах тантай хамт ирдэггүй нь яаж байгаа юм бэ гэж асуухад нь, Сарнай охиноо тэвэрч үнсээд,

-Миний охин их сайхан харагдаж байна. Танай сургууль чинь зурган дээр байснаас ч өөр их гоё, бас том юм аа. Ээжийг нь ирж явах замд, олон арван онгоцнууд дээгүүр нисэлдээд л, бөмбөлөг, шүхэр гээд сэтгэл хөдлөөд хэрэндээ л яарч ирлээ. Замдаа будлиж яваад өөр унаанд суучихсан байна. Тэгээд хоёр дамжиж ирсэн нь энэ. Аав, ах чинь хамт ирсэн бол би ингэж будлиж төөрөхгүй байхгүй юу. Нэг хүнээс асуусан чинь буруу ойлголцсон бололтой гээд инээснээ, аавын чинь хөл нь өвдөөд болдоггүй ээ, тэгээд ирж амжихаа байсан. Ах нь аавтай нь хамт үлдсэн. Өвлийн амралтаар аав, ах нь ирэх байхаа. За тэгээд миний охин дажгүй сайн байгаа биз дээ гэсээр тэд олны хөл рүү дөхцгөөлөө. Анужин,

-Би сайн байгаа ээжээ… Англи хэлэндээ ер нь гайгүй байсан болохоор суралцахад тийм бэрхшээлтэй юм алга. Дасгал сургуулилт нь жаахан хүндхэн шүү, гэж хэлэнгээ инээмсэглэж, ээжийгээ санаа зовчих байх гэсэн бололтой,…үгээ гүйцэд хэлэв үү, үгүй юу араас нь, гэхдээ дажгүй ээ хэмээн залруулав. Манай ангид монгол оюутан гэж бараг байхгүй. Харин манай сургуулийн хэмжээнд бол нэлээд хэдэн монгол оюутнууд бий. Тэдний эцэг эхчүүд бүгд ирсэн байна лээ. Та тэгж байгаад тэдэнтэй уулзана биз дээ. Удахгүй эцэг эхчүүдийн хүлээн авалтын цаг эхэлнэ гэв.

Тэд ийнхүү ярилцаж байх зуур сургуулийн захиргаанаас тангараг өргөх арга хэмжээ дууссаныг зарлаад сонсгогчдыг гэр бүлийнхээ хамт сургуулийн хүндэтгэлийн талбайд ээлж дараалан зургаа даруулахыг урилаа.

Тэмүүлэн эхнэр хүүгийн хамт төв талбайн гол хэсэг рүү ойртож явснаа, гэнэт хөшчих шиг дороо зогтусаж орхив. Түүний царай нэг л ер бусын эсвэл байж боломгүй зүйл харсан мэт, гайхаж эргэлзсэн, бас тээнэгэлзсэн харцаар нэг хүн лүү удаан гэгч нь ширтэн байв. Түүний зүрх сэтгэл урьд өмнө хэзээ ч ингэж оволзон, дэлсэж байгаагүйгээр хүчтэй дэлсэж бас догдлон сандарч, гайхан балмагдаж чухам яах учраа олохгүй байв. Тэрээр харж зогсоо бүсгүйгээ дуудах гэсэн боловч бас зүрх хүрсэнгүй.

-Мөн байна, яг мөн байна…. хэмээн хий дэмий л амандаа бувтнан зогсож байлаа. Нөхрийгөө ийм хачин байдалтай байгааг анзаарсан Жаргал түүний харсан зүг рүү харцыг нь дагуулан харвал олны дунд зогсох цайвар өнгийн пальто, шаргал алчуур зүүсэн өндөр хүүхэн нөхөр хүүхэд нь бололтой хоёр залуугийн хамт ярилцан зогсож харагдана. Тэрээр нөхрийнхөө мөр лүү зөөлхөн шудраад,

-Хөгшөөн, хэн мөн байна гэж, чамд энд таних хүн байгаа юм уу. Чи чинь яачихав аа, ус балгачихсан юм шиг таг дуугүй нэг юм хараад гөлийчих юм хэмээн гайхан асуухад,

Тэмүүлэн эхнэр лүүгээ цочин эргэсэнээ, сая л гэнэт ухаан орсон мэт. “Халиунаа мөн байна” хэмээн сандарч мэгдсэн, бас баярлаж догдолсон өнгөөр түүнд аяархан хэллээ. Жаргал Халиунаа гэгч хэн болохыг сайн мэдэхгүй. Гэхдээ энд ямар нэгэн учир холбогдол байна гэдгийг түүнээс асуултгүй, харцнаас нь ойлгон анзаарч байв.

Учирал аав, ээжийнхээ юу яриад байгааг ойлгож ядсан байдалтай, тэдэн лүү гайхан хараад, Халиунаа гэх нэрийг чихнийхээ булангаар хальт сонссон дариудаа нэгийг санах мэт аавыгаа ажиглан, бас ойр орчныг тойруулан харлаа.

Учиралд арван зургаан насных нь төрсөн өдрөөр аав нь анх удаа төрсөн эх нь хэн болох, хаана амьдардаг талаар хэлж. Халиунаа гэдэг нэрийг ч бас түүнд дуулгасан билээ. Тэгээд ч Учирал хэтэрхий бага балчир байсан ч гэлээ, ээжтэйгээ хамт байсан гэнэн томоогүй үеүд нь ой санаанд үе үехэн тодоос тод орж ирдэг байсан юм. Учирал аавынхаа нүд рүү хараад,

-Ааваа тэнд зогсоо эмэгтэй, МИНИЙ …..ЭЭЖ… МӨН ҮҮ .. гэж хэлэх гэснээ ЭЭЖ гэдэг үгийг дотогшоо залгиж орхив. Учир нь өдий зэрэгтэй хүн болгож, өөрийн, хүний гэж ялгалгүй өсгөж өндийлгөсөн хайртай ээж нь хажууд нь зогсож байгаа болохоор хаа хамаагүй нэгэн эмэгтэйг “ээжээ” … гэж хэлэх нь түүнд тийм ч амар байсангүй ээ. Гэсэн ч ааваасаа үнэнийг асуухгүй байж бас чадсангүй.

-Таны хараад Халиунаа гээд байгаа тэр эмэгтэй хэн бэ, тэр чинь манай зэргэлдээ ангийн сонсогч Билгүүдэйгийн ээж шүү дээ. Та түрүүнд “…Халиунаа мөн байна…мөн байна ” гээд байсан сайн ойлгосонгүй хэмээн гайхсан өнгөөр ааваасаа асуухад, Жаргал ч мөн энэ асуултын хариуг өөрөөс нь хүлээх мэт чимээгүйхэн түүн лүү харж зогслоо. Жаргал нөхрөөсөө яагаад ингэж догдлон сандарч,…. яагаад ингэж хэлгүй, дүлий юм шиг хөшиж орхисон талаар нь асуухыг хүсэж байсан бөгөөд хүү нь ээжийнхээ хүсэлтийг мэдсэн мэт ааваасаа энэ бүгдийг асууж амжив.

Тэмүүлэн, хүүгийнхээ хоёр нүд рүү эгцлэн харж байгаад, ямар ч эргэлзээгүй зоригтойгоор,

-МИНИЙ ХҮҮ, …ТЭР ЭМЭГТЭЙ БОЛ ЧАМАЙГ ТӨРҮҮЛСЭН ЭХ ЧИНЬ…ХАЛИУНАА МӨН БАЙНА …хэмээн бодож санах зүйлгүй шулуухан хэлж орхилоо. Нэгэнт л үнэнийг мэдэх болохоор ямар ч гарцгүй болсон гэдгийг ухаарч эрс шийдэмгий зан гаргасан нь энэ байв. Тэмүүлэн ингэж хэлснийхээ дараагаар эхнэр хүүхдээсээ санаа зовж, зөв юм хийсэндээ эргэлзэн мэгдэж байсан ч, олон жил сэтгэл дотор нь буглан тээглэж явсан зүйлээ нэг мөсөн гаргаад хаячихсан юм шиг сэтгэл нь онгойж, цээж нь тэнийгээд ирэв.

Харин Учиралын хувьд хэзээ нэг өдөр төрсөн ээжтэйгээ уулзах юм бол түүнд үнсүүлэн эрхэлж, бас түүнээс… “яагаад хүү дээрээ ирээгүй юм бэ, намайг яагаад ирж авч болохгүй байсан юм, амьдралд тань юу тохиолдсон юм бэ” хэмээн олон олон зүйлийг ээжээсээ асууна даа гэж бодон бүүр бэлдэж түүнийг үгүйлэн санагалзаж явсан үеүд бий. Бас ээжээсээ хэн нь мэдэгдэхгүй байгаа аавынхаа талаар ямар учиртай хөөрөг өөрт нь хадгалагдан явдаг талаар асууна гэж санаж бодож байсан юм. Одоо энэ асуултуудыг асуухад болохоор болж, хүсэн хүлээсэн өдөр нь ирж, төрсөн эх нь түүний хажууханд байгааг мэдсэн хэрнээ. , нэг л догдлон хөөрч, баярлан гүйсэнгүй. Зөвхөн хажуудаа байгаа ээжийгээ хэрхэн яах бол гэсэн байртай хайр шингээсэн харцаар харуулдан эргэлзэж зогслоо.

Жаргал хэний ч сэтгэлийг сэмэлж мэдэх хатуухан бас эмзэгхэн үгийг хэнэгч үгүй хэлж орхисон нөхөртөө гомдсон уу, учраа олохгүй бүлтгэнэн зогсоо хүүгээ өрөвдсөн үү, эсвэл олон жил эргэлзэж явсан зүйлийнх нь учир зангилаа тайлагдаж ирсэнд сэтгэл нь үймэрсэн үү, ямартаа ч хацрыг нь даган урсах нулимсаа чимээгүйхэн алгаараа арчаад,

-Миний хүү ээжтэйгээ очиж мэндэл хэмээн хүүдээ хэллээ. Түүнээс энэ л зөвшөөрлийг хүлээн зогсож байсан мэт Учирал чимээгүйхэн толгой дохиод Халиунаагийн зүг явав

Хэдхэн алхмын цаана, хэчнээн үйл явдал өрнөснийг анзаарч амжаагүй хүүгээ эрхлүүлэн зогсох Халиунаа өмнөөс нь ирэх цэх шулуун цээжтэй, хэн нэгэнтэй адилхан. Бүүр дэндүү адилхан гэмээр залууг хараад гайхав.

Эх хүний зөн совингоороо тэр нэгийг мэдрэв, гэсэн ч бас эргэлзэв. Гайхан догдолж, юу болоод байгааг ойлгох гэж хичээж байв. Учиралыг, бас хүүгийнхээ хажууд нь ирж зогсох Тэмүүлэнг хараад, Халиунаа,..Тэмүүлэнгээс ” ЭНЭ …ТЭР .. МӨН ҮҮ ..” гэж үгээ арай ядан зөөж сандарч тэвдсэн хоолойгоор асуулаа. Тэмүүлэн ч чимээгүйхэн толгой дохив. Халиунаа ,

-УЧИРАЛ АА,… МИНИЙ ХҮҮ МӨН ҮҮ, УЧИРАЛ АА ХҮҮ МИНЬ … гэсээр түүнийг мэндийн зөрөөгүй тэврэн авч мэгшин уйлав.

Гайхаж хоцорсон Төгөлдөр Билдгүүдэй хоёрт ч хэлэх үг олдсонгүй хий дэмий л учир байдал хэрхэн тайлагдахыг хүлээн чимээгүйхэн харж зогсон.
Төгөлдөрийн хувьд юу болоод байгааг бага зэрэг гадарлаж байв. Тэрээр Халиунаатай гэр бүл болоод, хоёр хүү нь төрж нэлээд олон жил болсны дараа эхнэр нь түүнд өөр нэгэн хүүтэй гэдгээ хэлж зүрхэлсэн юм. ” Яагаад дөнгөж одоо гэж, анх танилцаж байхдаа хэлж болоогүй юм уу” хэмээн Төгөлдөрийг гайхан асуухад “ Амьдралдаа дахин алдахыг хүсээгүй” гэсэн ганцхан хариултнаас өөрийг хэлээгүй билээ. Гэхдээ олон жил ханилсан ханийн хувьд эхнэрээ хүүгээ санан бэтгэрч, үгүйлэн шаналж явдгийг хань нөхрийнх нь хувьд ч, хүнийхээ хувьд ч Төгөлдөр гадарладаг байсан юм.

Хэзээ нэг өдөр Монголдоо очвол хүүтэйгээ уулзана гэдгийг нь ч мэддэг байсан билээ. Харин энд том хүүгийнх нь сурдаг сургуульд, тэгээд нэг эхийн төрсөн ах дүү хоёр ингээд нэг дор мөр зэрэгцээд алхаж явна гэж хэн, хэн нь өнөөдрийг хүртэл зүүдлээ ч үгүй байсан биз ээ. Гайхалтай учрал, гайхалтай тохиолдол. Хэний ч санаанд оромгүй зүйлс, хэзээ нэг өдөр болохдоо л болдог жамтай. Учрах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг гэдэг дээ.

Эргэн тойронд цугларсан хүмүүс тэднийг гайхан ажиглан харж зогсон.

Тэдний дунд Анужин Жаргал хоёр ч бас байсан юм…
Ийнхүү эх үр, ах дүү, амраг хайртууд эргэн учирлаа. Охин дүү нь,… олон жил бараа бараагаа хараагүй эцэг үрийн холбоо. Хэн нэгнээсээ ор тас нуусан, хэний ч мэдэхгүй залуу насны тэнэглэл, хэзээ хэзээгүй цутгаж мэдэх зүрхний бараан үүлс ч бий…Олон жил хуримтлагдсан сэтгэлийн бороо одоо л нэг ар араасаа цутгах нь энэ ээ….

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.25.***)
    2019/11/24 15:35

    taalagdlaa, bugdiin echnees n unschmaar bna,chaanaas olj unschich be ???

    (0) (0)