Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.07.26) БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНХАУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улсын төр, засгийн зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллах бодлогыг тууштай баримталж буйгаа тэмдэглэн хэллээ.
Ноён Вэй Фөнхө, цаг гарган хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, БНХАУ, Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд ихээхэн сэтгэл хангалуун байгааг дуулгав. Тэрбээр, Төрийн тэргүүн Си Зиньпиний зөвшөөрлөөр цар тахлын үед энэхүү айлчлалыг хийж буйгаа дурдаад, хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан тохирсоныг ажил хэрэг болгон БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Цар тахлын нөхцөлд болж байгаа энэхүү айлчлал нь хоёр талын онцгой харилцааны илэрхийлэл хэмээн үзэж буйгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэмдэглэн хэллээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар энэ оны долдугаар сарын 16-ны өдөр утсаар ярьж, хоёр улсын харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэх, гүнзгийрүүлэх сонирхлоо нотолж, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярихдаа хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах хүрээнд Монгол Улсын “Талын зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн төлөө илүү идэвхтэй ажиллах, БНХАУ-ын тал Монгол Улсаас уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр импортлох, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үлгэр жишээ, чанартай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх болон цөлжилт, шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж байлаа. Төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр хүрсэн эдгээр тохиролцоог бодит ажил хэрэг болгоход монголын тал өндөр ач холбогдол өгч, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж буйг Улсын Их Хурлын дарга дурдсан.
Төрийн тэргүүн нар түүнчлэн хоёр талын олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, механизмын хүрээнд явуулж ирсэн ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжүүлэхийн төлөө байгаагаа нотолсныг тэрбээр мөн тэмдэглэн хэллээ.
Цар тахлын үед БНХАУ-ын эдийн засгийн хөгжил тогтвортой байгааг ноён Вэй Фөнхө онцлоод “Манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үр ашгийг хөрш улсын хувиар Монгол Улс ч хүртэж, хамтдаа хөгжинө хэмээн найдаж байна. Манай хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа нь эдийн засгийн харилцан ашигтай, үр нөлөөтэй байна гэдэгт итгэлтэй байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Та хоёр орны харилцааг өндрөөр үнэлж буйд гүн талархал илэрхийлье” гэлээ. Цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын бүх түвшний харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрнэ гэдэг найдаж байгаагаа тэмдэглэн хэлсэн.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэв.
Батлан хамгаалын салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улс төрийн харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхтэй шууд холбоотой байдгийг мөн онцлон дурдав.
Монгол Улсын “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-ын зүгээс үнэтэй дэмжлэг үзүүлж, эмнэлгийн хэрэгсэл, эд материал болон вакцины олон удаагийн тусламж үзүүлсэн, түүний дотор БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шугамаар вакцины тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинаар хүн амынхаа дийлэнх хувийг богино хугацаанд вакцинд хамруулсан нь “Ковид-19”-ийн тархалт, эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэснийг Г.Занданшатар дарга уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч, хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Өнөөдөр шарагчин үхэр өдөр
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
Ш.Гүрбазар агсныг маргааш сүүлчийн замд нь үднэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын шагналаар шагналаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Өнөөдөр улаан нохой өдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
