Монгол улсын гавьяат багш Ч.Батням “Тугтан” боллоо

2022 оны 09-р сарын 12 өдөр, 11 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
301987556_5471304079614344_95203106379454954_n
“Түүх, соёлын жимээр аялсан нь” хүүхдийн эх оронч хүмүүжил, түүх соёл, өв уламжлалын талаар мэдлэгтэй шинэ залуу үеийг бүтээхэд хувь нэмрээ оруулах зорилготой хөтөлбөрийн ерөнхий түүх соёлын багшаар ажиллаж буй Монгол улсын гавьяат багш, Монгол улсын зөвлөх багш, клиник профессор Ч.Батням багшийг Монголын явган алхалтын холбооны “ТУГТАН” гишүүнээр өргөмжлөв. (www.facebook.com/KidsWalking)
Монголын түүх, газарзүйн боловсролд Чойжилжавын Батням багш хөрөнгө оруулалт, хувь нэмрээ оруулсан эрхэм хүндтэй хүн юм. Багшийн арми гэдэг үнэндээ том. Гэвч энэхүү армид нэгэн багшийн гавьяа юугаар ч хэмжээлшгүй гэдгийг Ч.Батням багш өөрийн биеэр үлгэрлэж, Монгол Улсын газарзүйн шинжлэх ухааны үе үеийн эрдэмтэн, багш нарыг төрүүллээ гэх бахархлын үгс өнөө цагийн нэртэй эрдэмтдийн амнаас олонтаа дуулдах болсон.
Батням багшийн алдар суу эрхэм дээд мэргэд, ачлалт багш нарын эгнээнд дуурсан мандаж эхэлсэн билээ. Батням гэж нүүр дүүрэн инээмсэглэсэн, дотоод сэтгэлээсээ гэрэл гэгээ цацруулсан багштай гайхалтай сэтгэлтэй, гайхалтай чадвартай багш хүн юм.
Тэрээр бүх нийтийн түүх, газарзүйн боловсролын төлөө, хүүхэд багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, байгаль орчин, экологийн боловсрол олгох, газарзүйн мэргэжлийн багш нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг 10 гаруй жил удирдсан нэгэн. Газарзүйн мэргэжлийн багш нарт тусгайлсан олон арван гарын авлага, ном товхимол зэргийг хэвлүүлсэн. Мөн 10, 11 дүгээр ангийн сурагчдын гол хичээл болох Байгалийн ухааны сурах бичгийг зохион, газарзүйн олон сурах бичгийн экспертээр ажиллаж, элсэлтийн ерөнхий шалгалтын материал боловсруулж, газарзүйн хичээлээ телевизээр олон нийтэд заан таниулж түүчээлэн манлайлж ирсэн. Эрдэмтэн докторууд л газар зүйн сурах бичиг зохиож элсэлтийн шалгалтын материал боловсруулж оюуныхаа бяр тэнхээг сорьдог. Гэвч дунд сургуулийн энгийн нэг багш эл бүгдийг хийж, олон түмний итгэл хүндэтгэлийг хүлээж, боловсролын байгууллага, сургуулийн хамт олон, шавь нарынхаа өмнө бардам байж, газарзүйн хичээлд өөрийн тогтоосон өндөрлөгтөө байсаар ирсэн юм.
Түүний амжилт бүтээлийг олон зүйлээр бататгаж болно. Ганц жишээ дурдахад, Нийслэлийн боловсролын газраас Ч.Батням багшийн нэрэмжит нийслэлийн газарзүйн багш нарын олимпиадыг 2008, 2009, 2010 онуудад зохион явуулсан байна. Энэ тухайгаа тэрээр ийн дурдав. “2006 онд Нийслэлийн боловсролын газраас хоёр мэргэжилтэн ирж манай сургуулийн захиралтай уулзаад, миний нэрэмжит олимпиадыг нийслэлийн багш нарын дунд зохион явуулахаа мэдэгдсэн. Надад мөн дуулгасан. Миний хувьд маш их баярласан нь мэдээж. Багш нарын дунд өмнө нь олимпиад болдог байлаа. 20 гаруй багш оролцдог байсан. Тэгтэл миний нэрэмжит олимпиадад эхний жилд 50, дараагийн жилд 80 орчим багш оролцож авьяас билэг, оюун ухаанаа уралдуулсан. Нийслэлийн хэмжээнд тухайн үед 120 орчим газарзүйн багш байдаг байлаа. Түүнээс 80 нь оролцоно гэдэг мэргэжил нэгт нөхөд минь, олон арван шавь нар минь надад ихэд хүндэтгэлтэй ханддагийн илэрхийлэл биз ээ.
Мөн тэрхүү олимпиадын үеэр “Нийслэлийн хүндэт багш” гэсэн өргөмжлөл хүртээснийг мартамгүй” хэмээн баяр бахдалтайгаар өгүүлсэн.
Батням багш газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийнхаа нэрийн хуудас болж яваа гавьяатан. Үүнийх нь нэгэн том баталгаа бол Монгол Улсын зөвлөх багш гэсэн цол хүндэтгэл юм. Алтайн их уулс, Шаргын говиос тодорсон алаг нүдэн охин “Газарзүйн багш л болноо, ямар гоё мэргэжил вэ” гэж бодсон багын мөрөөдлөө биелүүлж 1982 онд Улсын багшийн дээд сургуулийн түүх, газарзүйн ангийг эчнээгээр зургаан жилийн хугацаатай дүүргэснээс өдийг хүртэл түм буман шавь нарынхаа итгэл хүндэтгэлийг хүлээсээр явна.
Боловсролын байгууллагад 46 жил ажиллаж Монгол Улсын зөвлөх багш хэмээх эрхэм алдрыг хүртэхийн зэрэгцээ Монгол Улсын их сургууль, Боловсролын их сургуулийн оюутнуудад хичээл сургалт зааж, хот хөдөөгийн зуу зуун багш нарт газарзүйн кабинетдаа мөн л сургалт семинар хийж клиник профессор гэх эрхэм цолыг хүртжээ.
Тэрээр Баянгол дүүргийн мэргэжлийн ба ур чадварын 13 удаагийн аварга, Нийслэлийн мэргэжлийн аварга багшаар шалгарсан. Багшийн эрдэм шавиас гэдэг. Батням багшийн удирдсан сурагч шавь нар нь нийслэл ба Баянгол дүүргийн сурагчдын газарзүйн олимпиадын 11 удаагийн аварга, мөн Улаанбаатар хотын аварга багаар зургаан ч удаа тодорч шилжин явах цомоо үүрд хадгалан нэгэн дээд амжилтыг тогтоосон. Эрхэм багшийн шавь нар тийнхүү дүүрэг болоод нийслэл улмаар улсын олимпиадад жил бүр амжилт гаргаж, алт мөнгөн медалийн оосроос атган багшийгаа, сургуулийн хамт олноо, эх эцгээ баярлуулсан бахдам ажилтууд зөндөө.
Тухайлбал, 1997-2012 оны сүүлийн арван таван жилд шавь нараа дүүрэг, хот, улсын олимпиадад тасралтгүй амжилттай бэлтгэн оролцуулж 40 гаруй алт, мөнгө, хүрэл медаль авсан ба Ш.Болор-Эрдэнэ, В.Удвал, Э.Энхжаргал, Г.Мөнгөнтуул, Г.Намуун зэрэг олон шавь нар нь улсын олимпиадаас медальт байрт шалгарч БСШУЯ/хуучнаар/-наас Улсын их сургуульд суралцах урилга гардаж байсан. Шавь нарынх нь дотроос өөрийнх нь мэргэжлийг өвлөн авсан жараад багш нар эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаагийн дотор Э.Энхжаргал, Ш.Болор-Эрдэнэ нар нийслэлийн багш нарын олимпиадаас мөнгө, хүрэл медаль хүртсэн ба дааж төгсгөсөн шавь нараас нь арваад эрдэмтэн тодорч төрийн байгууллага, яам, тамгын газарт нэр төртэй ажиллаж байна. Тухайлбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор Л.Жаргалсайхан, Монголын Газарзүйн багш нарын холбооны тэргүүн Ц.Даш, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн доктор Д.Моломжамц, ХААИС-ийн багш, доктор Ц.Ичинхорлоо, газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Мөнгөнтуул гээд олон хүнийг дурдаж болох юм. Эрдмийн зэрэгтэй 20 гаруй шавь нар байна.
“Улсын олимпиадад нийслэлээс шалгарсан есөн хүүхдийн дотор нэгээс хоёр шавь минь зоолттой байдаг” гэж тэрээр бахдалтайхан хэлсэн. Төрийн наадамд хүлэг морио олонтаа “түмний эх” болгосон зартай уяач шиг сэтгэл дүүрэн байсан. “Батням багшийн шавь гээд жаалхан охин ирээд л илтгэлийн уралдаанд олныг алмайруулаад түрүүлчихдэг нь гайхмаар” гэж Их сургуулийн багш, эрдэмт мэргэн докторууд бахаддаг юм билээ. “Олимпиадад хүүхдээ бэлтгэхэд багш өөрөө асар их хөгждөг. Түүнд л олимпиадын үнэ цэнэ оршино. Багш хүн өөрөө өндөр нэр хүндтэй байж шавь нарынхаа хайр хүндэтгэл, итгэлийг хүлээх учиртай. Багшийнхаа тухай эерэг бодолтой хүүхдүүд хичээл номдоо сайн байдаг. Цаашдаа ахуй амьдралдаа ч бусдын хүндэтгэлийг хүлээж явах нь бий. Үүнд эцэг эхчүүд голлох үүрэгтэй. “Танай багш их сайхан хүн, багш шигээ эрдэм номтой, бусдын хайрыг даасан хүн болно” шүү гэж хүүхдүүддээ үргэлж сургаж байх нь чухал. Хүнийг хүн болгож төлөвшүүлэхэд гол үүргийг нь дунд сургууль л гүйцэтгэдэг” гэх эрдэм төгс багшийн амнаас гарах үгс афоризм мэт үнэтэй байв.
47 дугаар сургууль Монгол Улсын гавьяат багш, зөвлөх багш, клиник профессор, газарзүйн үндэсний сургагч багш Чойжилжавын Батнямынхаа нэр нүүрээр явж ирсэн нь мэдээж л дээ. Тэрээр багшлах хугацаандаа сурагчийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, эвсэг хамт олныг төлөвшүүлэх, газарзүйн мэдлэгийг хэрэглээ болгох, амьдрал практикттай нь холбон ойлгуулахад голлон анхаардаг. Сургуулийн таатай орчинг бүрдүүлэн ашиглаж газарзүйн танхимыг стандартын дагуу шинэчлэн гурван ч удаа өөрийн хөрөнгөөр тохижуулж, зуны амралтаар байгалийн үзэсгэлэнт газруудаар явж хөрс, чулуулаг ашигт малтмалын цуглуулгаар баяжуулж сургалтдаа ашигладаг ажээ. 2001-2002 онд Боловсролын яам, Хяналтын алба, Нийслэлийн боловсролын газрын шалгалтаар “Нийслэлийн багш нарын хөгжлийн түшиц сургууль” гэрчилгээ бүхий газарзүйн кабинет нь боловсролын тогтолцоонд нэгэн шинэчлэлийг авчирсан гэж хэлж болно. Суралцагчдын сонирхол хэрэгцээ шаардлагад нийцсэн орчинд хот хөдөөгийн болон их дээд сургуулийн багш нар хамтран ажиллах бааз суурийг бий болгож чадсанаараа онцлогтой.
“Нийслэлийн багш нарын хөгжлийн түшиц сургууль” болсноор Швед, Буриад, Өмнөд Монголын багш нартай туршлага солилцох. АНУ-ын Ориган мужийн их сургуулийн багш нар Боловсролын яамны зайны сургалтын албаны дарга, доктор профессор Батчулуун, МУБИС-ийн газарзүйн тэнхимийн эрхлэгч Х.Цогбадрах нарын хамт ирж Батням багшийн арвин туршлагыг магтаж, ихэд өндөр сэтгэгдэлтэй буцсан нь гадны багш нарт үнэлэгдсэн үнэлгээ байлаа.
Мөн Монголын үндэсний сурвын харвааны соёл, дэг жаяг, нум сур урлалын өв соёлыг тээгч нэгэн бөгөөд хүүхэд багачууд маань дараа дараачийн хөтөлбөрөөр багшийнхаа урландаа зочлох, нум сум харвах, сур харвааны соёлоос суралцах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.
Багшдаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Эх сурвалж: Монголын явган алхалтын холбоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх