Монгол Улсын эрхэм иргэд ээ,
Монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их зөвшилцлийн бүтээл-ардчилсан Үндсэн хууль батлагдсан 33 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
“Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй” хэмээн эх орноо эрхэмлэн нандигнадаг Монгол түмэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан билээ.
Энэхүү эрхэм зорилго дор хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалаа нандигнан, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орноо хөгжүүлэх нь Та бидний нэр төртэй үүрэг мөн.
Үндсэн хуулиар хүн бүрийн хүн ёсны эрхэм чанарыг хүндэтгэх, эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, төрийн эрх мэдэл хуваарилах, хяналт-тэнцэлтэй байх зарчмыг тулгуур болгон тусгасан нь Монголчууд бидний гарцаагүй бахархах, нандигнах үнэт зүйл юм.
Үндсэн хуулийн эрхэм зорилго, эдгээр суурь зарчим, тогтолцоо нь нийгмийн суурь зарчим, үнэт зүйл болохын хувьд он цагийн урсгалд тогтвортой байх ёстой. Үүний зэрэгцээ бид үндсэн хуульт ёсны хөгжилд нээлттэй хандаж, ард түмнийхээ нийтлэг эрхэм зорилгын төлөө нэг зүгт хөгжих учиртай.
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон. Энэ зорилго хэрэгжиж өнөөдөр Монгол Улсын Их Хуралд таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүн сонгогдож, олон салбар чиглэлээр мэргэшсэн, нас насны төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэй болж, олон ургалч үзэл өргөн хүрээнд хангагдах нөхцөл бүрдлээ.
Орчин үед дэлхийн улсуудын хөгжлийн хэмнэл хурдсаж мэдээллийн солилцоо эрчимжих, нийгмийн шинэ харилцааны хэрэгцээнд тулгуурлан эрх зүйн зүй ёсны зохицуулалтыг цаг алдалгүй нэвтрүүлэх, иргэдийн бодит дуу хоолойнд мэдрэмжтэй байх, үр дүнтэй оролцоог хөхиүлэн дэмжих зэрэг төрийн үйл ажиллагаанд шинэ хандлагаар хандах хэрэгцээ шаардлага бий болсоор байна.
Иргэдийн хувьд шинээр бүрдсэн парламент эрх зүйн орчныг сайжруулах замаар улс орны хөгжлийг түргэтгэж ахиц авчирна гэсэн өндөр хүлээлттэй байгаа. Тиймээс олон парламент дамнан яригдсан, эдийн засгийн хөгжилд бодит түлхэц өгөх байгалийн баялгийг одоо ба ирээдүйн тусын тулд ашиглаж, ард түмэн үр өгөөжийг хүртэх төслүүдийг Монгол Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэж хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна.
Эрхэм ард иргэд ээ,
Өнөөдөр тохиож буй Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр бол Монголчууд бид тусгаар тогтносон, бүрэн эрхт эх орон, түүх, соёлоороо бахархах, үндсэн хуульт ёсыг нандигнан цэгнэх өдөр юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдол чухал хэвээр байна.
Энэ зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” тогтоол баталж, Үндсэн хуулиа төрийн бүх байгууллага дээдлэн залахыг даалгаж, иргэн бүр судлан мэдэхийг уриаллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд “Мэдэгтүн, сахигтун!” гэснийг даяар олноо бүрэн хэрэгжүүлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх Та бидний үйл хэрэг улам дэлгэрэн батжихын ерөөл дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
