Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

2026 оны 06-р сарын 08 өдөр, 14 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
720057596_1436305365202070_3939165340752250327_n
Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүхэн энэ өдөр буюу 1926 онд Монголын анхны хүүхдийн хэвлэл болох “Залгамжлагч” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарч байсан түүхтэй. Мөн энэ өдөр дэлхий дахинд хүүхдийн хэвлэл үүссэний 275 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
Ойн хүрээнд Монголын хүүхдийн хэвлэлийн хөгжлийн түүхийг харуулсан үзэсгэлэн дэлгэж, “Залгамжлагч” сэтгүүл, “Пионерийн үнэн” сонин, “Хойчийн ирээдүй” сэтгүүл зэрэг үе үеийн хүүхдийн хэвлэлүүдийг олон нийтэд танилцууллаа. Мөн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалалын ерөнхий газрын Сургалт, судалгааны төвөөс эрхлэн гаргасан “Захиа” хүүхэд өсвөр үед зориулсан итгэл найдварын цуврал ном-ын” анхны нэгдүгээр дэвтрийг олон нийтэд танилцууллаа. “Захиа” ном нь зорилтот бүлэг рүү чиглэсэн, хүүхэд өсвөр үеийн сэтгэлзүйг дэмжих, сэтгэл санааны хүчирхийллэс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах тусламж үзүүлэх зорилготой бүтээл болсон юм.
Арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат багш Ц.Түвшинтөгс, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Даариймаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлага, ажилтан албан хаагчид болон салбарын төлөөллүүд, зохиолч, сэтгүүлч нарын төлөөлөөс оролцлоо.
Хүүхдийн хэвлэл нь зөвхөн мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй Монголын нийгэм, соёл, боловсролын хөгжлийн түүхийг хадгалсан үнэт өв болохыг онцоллоо.
719798365_1436305558535384_7909390012336877777_n
Монголын олон нэрт зохиолч, сэтгүүлчдийн анхны бүтээлүүд хүүхдийн сонин, сэтгүүлийн хуудсанд нийтлэгдэж байсан бөгөөд тухайн үед идэвхтэн бичигчээр ажиллаж байсан олон хүүхэд хожим нь нэртэй сэтгүүлч, зохиолч болсон түүхтэй.
Түүхэн баримтаас үзвэл, “Пионерийн үнэн” сонин нэгэн цагт 200 мянга гаруй уншигчтай, “Залгамж” сэтгүүл 50 мянга гаруй захиалагчтай байжээ. Энэ нь хүүхдийн хэвлэл ямар өргөн хүрээтэй, хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд ямар чухал үүрэг гүйцэтгэж байсныг илтгэн харуулж байна.
Хүүхэд бол хязгааргүй төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас чадварын ертөнц. Тиймээс хүүхдийн дуу хоолойг түгээж, мэдлэг мэдээллээр хангаж ирсэн хүүхдийн хэвлэл мэдээллийн салбарын 100 жилийн түүх нь Монголын боловсрол, соёлын хөгжлийн салшгүй нэгэн хэсэг билээ.
Эх сурвалж: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх