Э.Бат-Үүл:“Чөлөөт хэвлэлийн буянаар би хүүгээ оффшор данстай байсныг мэдлээ

2016 оны 05-р сарын 12 өдөр, 15 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар танилцууллаа. Энэ үеэр тэрээр хүүгийнхээ нэр дээр илэрсэн оффшор дансны талаар тайлбар хийсэн юм. Тэрээр “Чөлөөт хэвлэлийн буянаар би хүүгээ оффшор данстай байсныг мэдлээ.

“Би уржигдар оффшор дансны тухай мэдээллийг хэвлэл мэдээллээс дуулсан. Хүү рүүгээ утасдаж юун оффшор данс яриад байгаа юм бэ гэж асуулаа. Хүү маань “2011 онд монголд хөрөнгө оруулалт хийхийн тулд оффшор компани гэдгийг байгуулсан. Хөрөнгө оруулагч тал ийм шаардлага тавиад байдаг. Данс мөнгөн гүйлгээ хийж чадалгүй зогссон байгаа юм” гэж надад тайлбарлаж хэлсэн.

Ер нь хэвлэл мэдээллийн оффшортой холбогдсон мэдээллийн явцад Чулуудай ийм оффшор компани байгуулж байсныг мэдсэн. Чулуудай гурван хүүхдийн аав, өрх толгойлсон хүн, өөрөө бизнес эрхэлдэг. Аль ч эцэг эхийн адил Чулуудайгийн хийж байгаа бизнесийн нарийн бүхнийг би мэдэхгүй. Би хүүдээ аливаа юм хууль ёсны дагуу явж байх ёстой шүү гэж хэлдэг. Чулуудайгийн бизнес ил тод явдаг. Улс төрийн зорилгоор мушгин гуйвуулсан ийм зүйл явдаг болохоос биш Чулуудайгийн хийж байсан бизнес олны нүдэн дээр бүгд ил тод байдаг. Чөлөөт хэвлэлийн буянаар би хүүгээ оффшор компани байгуулж байсан гэдгийг сая мэдсэн. Ер нь оффшор тухай асуудлыг сөхөж тавьж байгаа нь зөв зүйл юм.  Энэ бол манай чөлөөт хэвлэлийн гүйцэтгэж байгаа нэг том үүрэг гэдгийг хэлмээр байна” гэлээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх