Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ:
Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,
Энэ хорвоод өнгө нэмсэн охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд ээ,
Айл гэрийн багана, алаг үрсийн эх, эрийн түшиг, амьдралын хань, улс үндэстний маань түшиг тулгуур болсон элбэрэлт ээжүүд, эрхэмсэг саран гоо сайхан бүсгүйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголчууд бид эрт цагаас эх хүнийг ижий бурхан хэмээн хүндлэн дээдэлж, үг сургаалыг нь сонсож, суу билиг, хатан ухаан, хайр энэрэл, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргээр нь бахархаж ирсэн сайхан уламжлалтай.
Тийм ч учраас Монголын сайхан үрсийг энэрэл хайраараа өлгийдөн өсгөж байгаа одонтой ээж нараа жил бүрийн энэ өдөр төрийн тэргүүн хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг билээ.
Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордонд ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.
Та бүхний энгэрт гялалзаж байгаа Алдарт эхийн одон хамгийн хүндтэй эрхэм дээд шагнал юм шүү.
Энэрэл хайрын бурхад болсон Алдарт эхийн одонт ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол ээжүүд бол бадрангуй хүсэл тэмүүлэлтэй, идэвх санаачилгатай, нийгмийн хариуцлагатай, ар гэрийнхээ төдийгүй нийгмийн амьдралд санаа тавьж, улс орны хойч ирээдүйг өсгөн хүмүүжүүлдэг үндэстний маань эх булаг юм.
Наран, саран ээлжлэн манддаг энэ ертөнцөд энхрий үрсээ бүүвэйлэх эхийн зөөлөн бүүвэйн дуунд эх дэлхий уяран тайтгарч, эх орны ирээдүйн эзэд сэтгэл тайван өсөн торнидог билээ.
Эрдэнэт хүмүүний сэтгэлийн нандин орон зайд өнө мөнхөд нөлөөлж ирсэн эмэгтэйчүүдийн маань хатан зориг, торгон мэдрэмж, эелдэг зан, өрөвч сэтгэл, уран ухаан нь зөөлөн бүхний үндэс юм.
Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр хүн бүр ачлалт эх, элбэрэлт хань, энхрий охидоо баярлуулах гэж хичээдэг юм.
Энэ хорвоод ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг эрчүүд бид өдөр бүр хайрлаж, өдөр бүр баярлуулж, аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой.

Эрхэм хүндэт саран гоо бүсгүйчүүд ээ,
Монголчууд бид ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэдэг өнө эртний уламжлалтай бөгөөд төрийн үйл хэрэг, улс хоорондын дипломат харилцаанд бүсгүй хүний цэцэн ухаан, торгон мэдрэмж, нинжин сэтгэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай түүх шастирт тэмдэглэн үлдээсэн байдаг.
Манай улс энэхүү түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг тунхаглан, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулснаар Ази тивийн анхны дэвшилтэт, ардчилсан үзэлтэй улс болсон түүхтэй.
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор олон улсын чуулга уулзалтуудыг эх орондоо тогтмол зохион байгуулж байна.
Тухайлбал, Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг 2022 онд, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 2023 онд, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд, Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2025 онд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан.
Мөн энэ жил Эмэгтэй парламентчдын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Монгол төрөөс эмэгтэйчүүдийн оролцоог нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л түвшинд нэмэгдүүлэхийг төрийн бодлогынхоо нэгэн чухал зорилт болгосоор ирснийг онцлон тэмдэглэж байна.

Монголын сайхан ээжүүд ээ,
Монгол Улсын хөгжлийн эрхэм нандин үнэт зүйл бол эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм боловсролтой, хөдөлмөрч бүтээлч монгол хүн билээ.
Нийгэм, улс орны хөгжил дэвшил, боловсрол хүмүүжлийн тулгуур болдог Та бүхэн бол энхрий хонгор үрсээ энхрийлэн өсгөж, эрдэм номтой, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд сэтгэл зүрх, хайр халамжаа бүрэн зориулж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг гавьяатнууд юм.
Ачтай буянтай ээжүүд та бүхний маань халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүйн наран мандаж байдаг.
Монголын үзэсгэлэнт сарангоо, биднийг төрүүлсэн ижий Та бүхэн бол энэ хорвоогийн амьд бурхад юм шүү.
Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
20 дахь жилдээ зохион байгуулсан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо.



Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үнд
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд ажиллаж байна
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдө
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдв
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
