Төрийн бус байгууллагууд улс төрийн намуудад уриалга хүргүүллээ

2016 оны 05-р сарын 03 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хулгайчгүй Монгол Хөдөлгөөн болон Төрийн бус байгууллагууд хамтран улс төрийн намуудад уриалга хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.

Тус хэвлэлийн хуралд МЗХ-ны  Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Иргэдийн Алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа , МҮЭХ-г төлөөлж М. Нямдаваа, “Монголын ажил олгогч эздийн холбооны тэргүүн С. Ганбаатар зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.

“Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөн орон даяар өрнөж, нийгмийн нөлөө бүхий томоохон төрийн бус байгууллагууд дэмжин, хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр байгууллагууд нэгдэн  намуудад уриалга хүргүүлэх болсон байна. Тодруулбал, Иргэдийн саналд тулгуурлан гаргасан 1992 оноос өнөөг хүртэл үйлдэгдсэн “100 хар үйл явдал”-ыг санаачлан хэрэгжүүлээгүй, нэр холбогдоогүй улс төрчдийг энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг намуудад уриалж байгаа аж.

 Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “ Хар болон цагаан жагсаалтад орсон хүмүүсийг дан ганц залуучуудын байгууллага тодоруулах нь өрөөсгөл. Иймээс үндэсний хэмжээний  төрийн бус байгууллагууд нэгдэж хамтын ажиллагааны гэрээ байгуулж  асуудалд хандах нь зүйтэй”  хэмээн онцолсон бөгөөд энэ утгаараа  төрийн бус байгууллагуудыг хариуцлагын гэрээнд нэгдэж, хар мөргүй, цэвэр хүнээ “Цагаан жагсаалт”-нд нэр дэвшүүлэхийг уриалсан байна. Энэ хүрээнд зохион байгуулсан  Төрийн бус байгууллагуудын үндэсний зөвлөлдөх анхдугаар уулзалт”-аар дээрх уриалгыг гаргах шийдвэр гаргажээ.

Энэхүү уриалгад “Иргэдийн саналд тулгуурлан гаргасан 1992 оноос өнөөг хүртэл үйлдэгдсэн “100 хар үйл явдал”-ыг санаачлан хэрэгжүүлээгүй, нэр холбогдоогүй улс төрчдийг энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхийг бид танай намд уриалж байна.

Хэрэв иргэдийн саналд тулгуурласан энэхүү уриалгыг үл харгалзан дээрх үйл явдлуудад холбогдсон улс төрчдийг нэр дэвшүүлбэл “Хулгайчгүй Монгол” Үндэсний чөлөөлөх хөдөлгөөн уг нэр дэвшигчийг “Хар жагсаалт”-д оруулж сонгохгүй байхыг өөрсдийн сүлжээгээр уриалж ажиллах болно. Мөн нийт нэр дэвшигчдийнхээ 50%-иас дээш хувьд “Хар жагсаалт”-ын болзол хангагчдыг нэр дэвшүүлсэн тохиолдолд танай намыг сонгохгүй байхыг уриалж, сонгогч бүрт мэдүүлэх ажлыг зохион байгуулахаа эрс хатуу мэдэгдэж байна” гэжээ.

 Мөн хэвлэлийн хуралд оролцсон  “Иргэдийн Алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа “1992 оноос хойш Нийтийн өмчийн эрхийн тухай хуульгүй байснаар хулгай нь хууль зүйн үндэслэл эрх зүйтэй болж  улмаар төрөөс  төрсөн  тэр бумтанг бий болгосон. Төрийн бус байгууллагууд нэгдснээр салбарын хамрах асуудал, эрх ашиг, бодлогыг шийдвэрлэж, УИХ болоод орон нутгийн ИТХ-д суух итгэл дааж чадахуйц төлөөлөлтэй болох боломж харагдаж байгаа ” гэлээ.

Мөн өнөөдөр 17 цагт Төрийн бус байгууллагуудын үндэсний зөвлөлдөх уулзалт-II болох юм байна.

ZURAG1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх