Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.10.03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг ирэх онд бүрдүүлэх нэр бүхий 21 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Энэ дагуу аж ахуйн нэгжүүд нөөцийг 94700 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх үүрэг хүлээж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавихыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгав.
Энэ онд нэр бүхий 16 аж ахуйн нэгж 5,120 тонн А-80, 29,660 тонн АИ-92, 44,420 тонн дизелийн түлш, 2,700 тонн онгоцны түлш, нийт 81,900 тонноос доошгүй газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх ёстой байсан. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 68 хоногийн нөөцтэй байгаа нь аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байна гэсэн үг юм.
Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт 41 гаруй хувьтай гарлаа
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн энэ онд хэрэгжүүлэх ажлын биелэлт эхний хагас жилийн байдлаар 41.5 хувьтай гарлаа. Тухайлбал:
– Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 48.9
– Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 35.4
– Нийгмийн бодлого 44
– Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 39.6
– Засаглалын бодлого 41.9 хувьтай байна.
Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулан улмаар тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хэлэлцээрийг амжилттай хийсэн.
2012 онд Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын 82.07 хувь буюу 475 саяыг нь Засгийн газрын бондоор сольж, үлдэх хэсгийг хөрөнгө оруулагчдад төлөх зорилгоор жилийн 8.750 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын “Хуралдай” бонд гаргаж олон улсын зах зээлд амжилттай арилжаалжээ.
Холбогдох хуульд өөрчлөлт оруулж борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнс, нэхмэл, хувцас, газар тариалан, мал аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчийн татварын 90 хувийг хөнгөлсөн байна.
“Боловсролын зээлийн сан” байгуулж “Оюутны хөгжлийн зээлийн журам” батлан 70 орчим мянган оюутан зээлд хамрагдах боломжийг нь бүрдүүлсэн бөгөөд сургалтын зээлд шаардагдах 90 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тусгажээ.
Ахмадууддаа жилд хоёр удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгож эхэлсэн байна. Мөн жилийн 18 хувьтай байсан тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож цаашид ч бууруулах боломжийг бүрдүүллээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрч, төсвийн алдагдал 590 тэрбум төгрөгөөр буюу гурав дахин буурч, төсвийн орлого 330 тэрбумаар давж биелэн, гадаад худалдааны тэнцэл 475 сая ам.доллараар нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлт гарчээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ч хэрэгжилт удааширсан, хөрөнгө санхүү төдийлөн шаардахгүй 130 зорилт, арга хэмжээг эрчимжүүлж ондоо багтаан бүрэн биелүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгалаа.
“Ногоон хөгжлийн сан” байгууллаа
Орчны бохирдлыг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн тогтолцоог нэвтрүүлж, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсын Ногоон хөгжлийн сан”-г хувийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр байгуулахыг Хөгжлийн банкны удирдлагад үүрэг болгов.
Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоолын дагуу Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байгаа 92.2 тэрбум орчим төгрөг /”Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц”, “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд олгосон урт хугацаатай зээл/-ийн хөрөнгийг бүхэлд нь энэ санд хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлж, зээлийн төлбөрийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар үргэлжлүүлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
“Ногоон хөгжлийн сан” дахь төрийн болон хувийн хэвшлийн оролцоог тэнцвэртэй байлгах бөгөөд гадаад, дотоодын сонирхогч банк, санхүү болон олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татаж, мэргэжлийн, хараат бус, дотоодын хяналттай байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
