2018 оны 3 дугаар сарын 22
Монгол Улсын нийт казах иргэд ээ,
Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!
Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгож буйг билэгшээн өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдөр улс хотлоороо өргөн дэлгэр тэмдэглэдэг олон зуун жилийн түүхтэй дорно дахины ард түмний уламжлат шинэ жил-Наурыз баярын сайхан өдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, суралцаж, нийгмийн бүх салбарт ажиллаж байгаа нийт казах иргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, түмэн олноороо эрүүл энх, эгэл хотлоороо амар амгалан, дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Наурызын баяраар “Наурызын өдөр дайснаа хүртэл уучил”, “Мууг сайнаар дайл” гэсэн өвөг дээдсийн сургаалыг ёсчлон биелүүлж, эв эеийг эрхэмлэн, ахас дээдсээ хүндлэн дээдэлдэг сайхан уламжлалтай.
Амьдралын үндсийн үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлст томоохон ач холбогдол өгдөг гүн гүзгий утга агуулгатай. Тиймээс 7000 жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн, дэлхий дахины дөч гаруй орны 300 сая хүн өргөн хүрээнд, ёс төгөлдөр тэмдэглэж байна.
Тийм ч учраас энэхүү баярыг НҮБ-ын Соёл, шинжлэх ухаан, боловсролын асуудал хариуцсан байгууллага (ЮНЕСКО) биет бус соёлын үнэт өвд бүртгэж, жил бүрийн гуравдугаар сарын 22-ыг Олон улсын Наурызын баяр болгон тэмдэглэхийг тунхаглан зарласан билээ.
Манай орны төр засаг болон төрийн бус байгууллагууд ч томоохон ач холбогдол өгч, энэ өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр болгохыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулж, Наурыз баярыг жилээс жилд уламжлал шинэчлэлийг оновчтой хослуулан үр өгөөжтэй тэмдэглэх болсныг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Улиран өнгөрч буй “Алтан унжлагат” тахиа жил бидэнд үр өгөөжөө өгсөн, бас ухаарал үлдээсэн жил байлаа. Улсын эдийн засаг 5 хувиар өсөж, амьдрал ахуй сайжрах эхлэл тавигдлаа.
Буянт мал сүрэг 66 саяд хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрч өслөө. Монгол Улсын экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн орлого өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нь сэргэж эхэлсэн нь та бидний хичээл зүтгэлийн үр дүн юм.
Айлчлан ирж буй нохой жилд энэхүү ололтоо бататгаж, улам ихийг бүтээж, улс орны эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх болно.
Үүнд ажилч хичээнгүй, хөдөлмөрч казах түмэн Та бүхэн багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эртний уламжлал, удам судраа түшин, буурал дээдсийн үеэс өнөөг хүртэл зузаан түүхийг бүтээж яваа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэн, эх орон төрөлх аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө, ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийг Наурыз баярын энэхүү билэгт сайн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цаашид Засгийн газар, МАН казах иргэдийн талаарх бодлогыг анхаарлынхаа төвд байлгаж ажиллах болно.
Уламжлалт Наурыз баяраа тэмдэглэж буй нийт казах иргэддээ шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, Ахтаан найрагчийн Агига бүргэд шиг эр зоригтой, домборын аялгуу шиг цог золбоотой, домогт Толбо нуур шигээ арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг дэлбэг байж, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн ерөөл дэвшүүлье.
Та бүхний ажил, амьдрал ямагт өөдрөг байж, санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж, буян заяа тань зүйл бүрээр дэлгэрэх болтугай.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
