Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын хилийн боомтод хил, гааль, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцан ажиллаж байгаа албан хаагчидтай уулзахдаа “Боомтуудын хүчин чадлыг нэмж, өргөтгөнө. Хүндрэлтэй байгаа асуудлыг яаралтай шийднэ” гэлээ.
“Засгийн газар боомтуудын дэд бүтэц зэргийг цогцоор нь сайжруулж тэнд ажиллагсдын амьдрал, нийгмийн асуудлыг давхар шийдэхийг зорьж байгаа. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг тус улсын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Төрийн албан хаагчид, тэр дундаа хилийн боомтод ажиллаж байгаа хүмүүс сахилга бат, дэг журмыг чанд сахиж, иргэддээ ямар нэгэн хүнд суртал гаргалгүй, түргэн шуурхай үйлчлэх ёстойг Ерөнхий сайд сануулав. Мөн та бүхний хяналт, эх орноо гэсэн сэтгэл, хариуцлага чухал байгааг хэлж ажлын амжилт хүсэв.
Нүүрс, зэсийн баяжмал, алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, үүнийг тойрсон гомдол, санал, хүсэлт иргэдээс цөөнгүй ирдэг байна. Иймээс тагнуул, цагдаа, хил хамгаалах байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гаргаж боомт бүрт ажиллуулж, дүгнэлтээ танилцуулахыг холбогдох сайдад чиглэл болгов.

Нүүрсний тээвэр хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгал зэрэгт онцгой анхаарах, хилээр нэвтрэх хугацааг аль болох багасгахын тулд Хятадын холбогдох байгууллагатай байнгын холбоотой ажиллахыг санууллаа.
Нэг хэсэг нүүрс ачсан тээврийн хэрэгслийн цуваа 170 км-т хүрч дараалал үүсч байсан. Засгийн газар энэ асуудлыг шийдэхээр 320 дугаар тогтоол гарган богино зайн тээвэрт шилжүүлж, урт дарааллыг багасгасанд орон нутгийн иргэд, удирдлага, тээвэрлэгч аж ахуйн нэгж сэтгэл хангалуун байгаа тухай албаны хүн хэллээ.
Одоогоор өдөрт нүүрс ачсан 500 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгаа бөгөөд Хятадын тал таталтаа нэмбэл өмнөхийн адил 1500-д хүрэх боломж байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийг хэт олноор нь олгосон нь хүндрэл учруулж байгаа тухай ч хөндөгдлөө. Цаашид жолооч нар амрах газартай, хөдөлмөрийн гэрээтэй, засвар, үйлчилгээ хийх цэгтэй байх зэрэг стандартыг хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл өгч байх нь зүйтэй гэсэн санал гарлаа. Ахуй амьдралынхаа төлөө зүтгэж, олон хоногоор машиндаа хонож өнжин яваа жолооч нарын төлөө гэсэн аливаа санал, санаачилга бүрийг Засгийн газар дэмжинэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Гашуунсухайт боомтыг хөгжүүлж, энэ орчмын нутаг дэвсгэрт олон улсын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Цагаан хаданд жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээ бүхий авто зогсоол бий болгох, шөнийн тээврийг бүрмөсөн хориглох, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос тухайн орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилж хөгжлийг нь дэмжихэд зарцуулдаг байх зэрэг санал гарч байв.
Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний тээвэр хийдэг жолооч нартай уулзаж санал, бодлыг нь сонслоо. Боомтын нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх, хэдийгээр богино зайн тээвэрт шилжсэн ч Хятадын талын нэвтрүүлэх гарц цөөн байгаагаас дараалал төдийлөн буурахгүй, олон өдөр машиндаа өдөр хоног өнгөрөөж байгаад анхаарах зэргийг жолооч нар Ерөнхий сайдаас хүсч байлаа.

Гашуунсухайтын боомтоор өдөрт хилийн худалдааны 150, зэсийн баяжмалын 200, нүүрс тээврийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг гэсэн статистик судалгаа гарсан байна. Энэ оны нэгдүгээр улиралд 138 мянган зорчигч, 18 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ. 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн зарим бичиг баримтыг цаасгүй технологид шилжүүлснээр багагүй цаг хугацаа хэмнэдэг болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
