Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тавантолгой-Гашуунсухайтын 250 км замыг 2.5 жилд тавина
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тал нутгийн хөгжлийн зам” компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.
Дээрх компани гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2.5 жилд багтаан барих бөгөөд 12 жил ашиглаж төрд шилжүүлэх юм. “Тал нутгийн хөгжлийн зам” компанид төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй. Зам баригдсанаар нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг замын урсгал сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө эрс багасна гэж үзэж байна.
Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км замын төгсгөлөөс “Цагаан дэл” уул хилийн боомт хүртэлх 270 км замыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Ундрах говь” компанитай концессын гэрээ байгуулахаар болов. Төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд компани шаардагдах хөрөнгийг гаргах юм.
Үүний зэрэгцээ Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийн явцыг хэлэлцэв. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолд заасны дагуу Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэл болгон өөрчлөн “Нако” компанитай концессын гэрээний хэлэлцээ хийж, санал дүгнэлтээ танилцуулахыг Үндэсний хөгжлийн газрын даргад Б.Баярсайхан даалгав.
“Төрийн өмчит орон сууцны корпораци”-ийг ХХК болгон өөрчлөв
“Төрийн өмчийн корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөв. Хариуцлага, хяналтын тогтолцоо, менежмэнтийг нь сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Ингэснээр компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, компанийн засаглалыг нэвтрүүлснээр гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хамтын шийдвэр гарган ажиллах боломж бүрдэнэ гэж үзлээ.
“Төрийн өмчийн корпораци” үйлдвэрийн газар нь 2013-2016 онд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц”, “Төрийн түрээсийн орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Ингэх явцад удирдлага нь улс төрийн болон бусад нөлөөллөөс болж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, санхүүжилт нь тухайн төслүүдийг хэрэгжүүлэхэд хүрэлцдэггүй, гарч болох эрсдэлийг тооцдоггүй, орлогоо зөв зохистой зарцуулдаггүй, хяналтын тогтолцоо алдагдах зэрэг хүндрэл гарч байжээ. Эдгээрээс болж 370 гаруй тэрбум төгрөгийн өртэй болоод байна.
Гамшгийн түвшинг шар, улбар шар, улаан өнгөөр тэмдэглэнэ
Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох журмыг батлав. Гамшгийн зэрэглэлийг орон нутгийн /шар/, бүс нутгийн /улбар шар/, улсын хэмжээний /улаан/ гэж тогтоох юм байна. Ингэхдээ гамшигт нэрвэгдсэн болон амь насаа алдсан хүний тоо, хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ, хор уршгийг арилгахад оролцсон хүн хэрэгсэл зэргийг харгалзан үзнэ.
Тухайлбал хоёр хүртэл аймаг, дүүргийг хамарсан гамшигт 10-100 хүртэл хүн нэрвэгдэж 10 хүртэл хүн амиа алдсан бол зэрэглэлийг орон нутгийн гэх бөгөөд түвшинг шар өнгөөр тэмдэглэх юм.
Гурав ба түүнээс дээш аймаг, дүүргийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол бүс нутгийн буюу улбар шар, хоёр ба түүнээс дээш бүс нутаг, нийслэлийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол улсын хэмжээний гэж үзэн улаан өнгөөр тэмдэглэхээр боллоо.
Товч мэдээ
– Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байна. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр болов.
– Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яаманд, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшихээр холбогдох журамд өөрчлөлт оруулав.
– Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– Зорчигчийн хоол бэлтгэх зориулалттай катерингийн барилгыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг “Скайкатеринг” компанитай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй юм байна.
– “Монголын үндэсний маркетингийн холбоо”-ны саналыг үндэслэн жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг “Монголын маркетеруудын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
