Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2024 оны хаврын ээлжит чуулган завсарлах гэж байна.
Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна.
Тэдгээрээс зарим онцлог хуулиудыг дурдвал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Ингэснээр манай парламентын хөгжлийн нэгэн шинэ үе эхэлж, 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хуралдааны дэг ёс шинээр тогтлоо.
Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх, түүний үр шимийг иргэн бүхэнд тэгш, шударга хүртээх эрх зүйн үндсийг баталгаажуулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал бодитой хэрэгжих боломж бүрдлээ.
Монголын тусгаар тогтнолын нэг бат тулгуур болсон Монгол малчин, монгол мал, Монголын газар нутаг-бэлчээрийн харилцан шүтэлцээг хангах шинэ эрх зүйн орчныг тогтоолоо. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Малчдын эрх зүйн байдлын тухай хуулиудаар мал аж ахуйн салбар хэрэглээний биш, үйлдвэрлэн бүтээгч, хөгжлийн салбар болох шинэ замд шилжинэ. Малчдынхаа ахуй амьдрал, үйл ажиллагааг төрөөс дэмжих урт, богино хугацааны бодлого эдгээр хуулиар тодорхойлогдсон. Үр дүн эхнээсээ гарч, малчид зээлээ хойшлуулж, хоршоод хөнгөлөлттэй зээл авч, “Шинэ хоршоо” хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна.
Энэ чуулганаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, Шүүх байгуулах тухай хуулийг баталсан. Авлигатай тэмцэх, баялгийн хулгайг илчилж, төр, ард түмний хяналтад авах, гэмт үйлдэлд нь тохирсон ял, хариуцлага ногдуулах шударга ёсны зарчим эдгээр хуулиудаар баталгаажлаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, Монгол Улсын хөгжлийн ирээдүй болсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр томъёоллоо.
Бүхэлдээ энэ хаврын чуулган тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэж болохоор байна.
Эрхэм гишүүд ээ,
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, Хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан байна. Манай парламент батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, АЖИЛ ХЭРЭГЧ ПАРЛАМЕНТ байж чадлаа.
Манай парламент ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох шинэчлэлүүд хийж, Шударга ёсны төлөөх нийгмийн давалгааг Эрх зүйн шинэчлэлээр дэмжсэн нь Цэгцрэх хөдөлгөөнийг түрж, түүчээлсэн манлайлал болж чадсан. Тиймээс ШИНЭТГЭГЧ парламент болж түүхэнд үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019, 2023 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг амилуулах “Эрх зүйн хувьсгал”-ыг та бид амжилттай хэрэгжүүлж, дуусгах шатанд хүргэж чадлаа.
Төрөө цэгцлэх, шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх, Салхитын мөнгөний ордыг төр, ард түмний мэдэлд буцаан авснаас эхэлсэн баялгийн хулгайг таслан зогсооход бидний үйл ажиллагаа бүрэн чиглэсэн. Үүний үр дүнд эдийн засаг сэргэж, нийгэм сэрж, улс төр цэвэршиж эхэллээ.
УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн Тогтолцооны реформ, Эдийн засгаа сэргээх шат дараалсан арга хэмжээ, Баялгийн реформ хийж, далд эдийн засгийг ил болгосон, системийн авлигатай хийсэн тэмцлийн үр дүнд 2016 онд дөнгөж 1.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 7.0 хувьд хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ 2016 онд 3681 ам доллар байсан бол 2023 оны эцэст 5875 ам. доллар боллоо. 13.5 их наяд төгрөгийн гадаад өрийг төлж, Монгол Улсаа дампуурах эрсдэлээс гаргалаа. Төрийн албан хаагчийн цалин 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж, тэтгэврийн доод хэмжээг нэмснээр дундаж тэтгэвэр 785.000 төг болов.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталснаар стратегийн ордуудын 34 хувийг иргэдийн нэрийн дансанд төвлөрүүлж, баялгийн хараал биш, ерөөл бүрдэх томоохон алхам хийж чадсан.
Төрийн дээр гарсан олигарх бүлэглэл, ард түмний боломжийг тоносон гэмт үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг Цэгцрэх хөдөлгөөн эрчилсэн цаг үеийн шахалтад орж, илчлэгдсээр байна.
Парламентын хянан шалгах чиг үүргийг цоо шинэ шатанд гаргаж, Хөгжлийн банкны, Нүүрсний, Эмийн чанарын, Ашигт малтмалын лицензийн, Ногоон автобусны гэх мэт дуулиант хэргийг илчилж, иргэдийн засаглах эрх, ил тод байдал энгийн хэм хэмжээ боллоо. Олон жил бугшсан тогтолцооны авлигууд ил болж, шударга ёсны цоо шинэ хэм хэмжээ тогтож буйд энэ парламент чухал хувь нэмэр оруулсан.
Нийт нийгмийг сэрээсэн энэ сайн үйлсийг идэвхжүүлэн дэмжигч, хамтран зүтгэгч, Шүгэл үлээгч нь манай парламент, гишүүд байж чадсан гэж үзэж байна.
Монгол төр, төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх хүрээнд “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчилсэн. “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” анхдагч хуулийг баталсан. Иргэнээ дээдэлдэг төр оршин байх, эсэхийн үндсэн шалгуур нь төрийн алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүй мөн гэж бид үзэж, эдгээр өөрчлөлтийг хуульчилсан юм.
Хүний эрхийг дээдэлсэн парламент байхаа 2021 оны хаврын чуулганаар, Авлигын эсрэг эрс шийдвэртэй тэмцэхээ 2023 оны хаврын чуулганаараа тунхаглаж, эрх зүйн шинэчлэлүүдийг хийлээ.
Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивдээ анх удаа баталж, ОУПХ-той хамтран Хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн парламентуудын дотроос анх удаа хийлээ.
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан.
Нийгмийн бодлогын хүрээнд олон чухал хуулиудыг батлан мөрдүүлсний дотроос Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын, Эрүүл мэндийн багц хуулиудыг онцолж болно. Монголын боловсрол, ахмад настны тэтгэвэр, халамж шаардлагатай иргэдэд чиглэсэн халамжийн бодлогын реформыг эдгээр хуулиудаар Та бид эхлүүлж чадсан.
Бид “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох Шинэчлэлийн зорилт дэвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах зорилгоо мэдэгдэхүйц үр дүнд хүргэлээ.
Хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, ард түмний засаглах эрхийг цахимаар хэрэгжүүлэх үйл явц чухал амжилтад хүрсэн. Үүнд УИХ-аас нэтрүүлсэн “D-parliament”, “D-Өргөдөл” цахим системүүд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Эрхэм нөхөд өө,
УИХ, Засгийн газрын нэг зүгт харсан нэгдмэл хүч, өнгөрсөн жилүүдийн буруу муу бүхнийг засан өөрчлөх тууштай тэмцлийн үр дүнд Монголын нийгэмд урхагшсан утаа манан сэмэрч байна. Энэ бол зөвхөн эхлэл. Сэмэрсэн мананг хөөж, Монголын тэнгэрийг цэлмээх ёстой.
Хэдхэн хоногийн дараа болох УИХ-ын ээлжит сонгуульд авлигачид, ард түмний боломжийг цөлмөгчид, ашигт малтмалын лицензээр Монгол газар шороо, Монголын баялгийг зарж худалдагчид ялах сонголт болох ёсгүй. Монгол газар нутаг, Монголын баялаг ард түмэндээ үлдэж, баялгийн өгөөжийг монгол хүн бүр хүртэх, улмаар улс маань сэргэн мандах, АРД ТҮМЭН ЯЛАХ сонголт болох ёстой. Юунаас ч үнэтэй энэ эрхэм үүрэг, хариуцлагын төлөө сонгуульдаа оролцохыг та бүхнээсээ хүсье.
Төрийн эрх барих дээд байгууллагад түмнээ төлөөлөх, ард түмнээсээ авсан бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. Намчирхал, талцлыг хойш тавьж, Монголоо сэргээн мандуулах, Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх эрхэм зорилгын төлөө гар, сэтгэл нийлж ажилласан эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.
Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд амжилт ялалт, баяр бахархлыг хүсэн ерөөе.
Улсын Их Хурлын тухай хуулийн 22.18-д заасны дагуу 2024 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж байгааг мэдэгдье.
2024.06.05

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
