Авто машин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид хэвлэлд хандлаа

2016 оны 03-р сарын 17 өдөр, 14 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлд авто машин, сэлбэгийн худалдаа эрхэлж буй иргэд  өөрсдийнх нь   хууль ёсны ашиг сонирхлыг албан тушаалтнууд бүдүүлгээр зөрчиж байгааг  мэдэгдлээ. Тухайлбал, нийслэлийн эрх бүхий албан тушаалтнууд  НИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжгүйгээр захиргаадалтын арга,  заль  мэх хэрэглэн авто машин, сэлбэгийн худалдаа эрхэлж буй иргэдийн эрхийг зөрчин, “Да хүрээ” захыг хууль бусаар  нүүлгэхээр  санаархаж байна гэж тэд үзэж байна.

Тус захад 20 гаруй жил худалдаа эрхэлж буй арван мянган бизнес эрхлэгч, тэдний ар гэр, үйлчилгээний бусад газрууд гээд 30 орчим мянган хүн бий. Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ийнхүү зөрчиж, ажил амьдралаа авч явж чадахгүйд хүргэж байгаад бухимдаж, эхнээсээ хууль шүүхийн байгууллагад хандаад байна. Мөн иргэдэд учирч буй энэ дарамт, шахалт нь эрх баригчдын зүгээс Үндсэн хууль руу нулимж буй үйлдэл гэж хэллээ.

Авто машины худалдааны “Да хүрээ” захыг Засгийн газрын тогтоол, Өмч хувьчлах комиссын шийдвэрийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар 1996 онд хувьчилсан. Ингэхдээ  төрийн эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээгээр авто худалдааны зориулалтаар ашиглах хатуу үүргийг хүлээлгэжээ. Энэ дагуу тус зах хууль ёсны баримт бичгийг бүрдүүлсний үндсэнд ажиллаж ирсэн. Гэвч, 2013 оноос албан тушаалтнуудын хууль бус ажиллагааны улмаас ихээхэн дарамт, шахалтад өртөж, эрх нь зөрчигдөж эрсдэлд орох болсон байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Да хүрээ” захад мэдэгдэлгүйгээр өмнөх газрын зориулалт болох “худалдаа, үйлчилгээ” гэснийг “орон сууц, сургууль, цэцэрлэг” хэмээн өөрчилж, захирамжийг өгөлгүй нуун дарагдуулсан нь илэрчээ. Нөгөө талаар, ямар ч тооцоо, судалгаагүй, бизнес төлөвлөгөөгүй, байгаль орчны үнэлгээ хийхгүйгээр цэвэрлэх байгууламжийн дэргэд  барьж байгаа Авто худалдааны цогцолборт монополь байдал үүсгэхийн тулд төрийн нэр барьж, иргэдийг дарамталсан хэрэг хэмээн хэвлэлийн хуралд оролцогчид тайлбарлав.

Өнгөрсөн хугацаанд ямар үйл явдал өрнөж ирэв гэвэл, 2014 оны есдүгээр сард НМХГ-ын улсын ахлах байцаагч П.Бат-Эрдэнэ “Да хүрээ” трейдийн үйл ажиллагааг зогсоож, 22-ын товчооны дэргэдэх “Авто худалдааны цогцолбор”-т нүүлгэн шилжүүлэлт хийхийг даалгаж, албан шаардлага хүргүүлсэн нь хууль зөрчсөн болохыг ШӨХТГ-аас тогтоожээ. Гэтэл дээрх хууль бус албан шаардлагатай агуулгын хувьд адил бас нэгэн шаардах бичгийг 2015 оны есдүгээр сард НМХГ-ын дарга бөгөөд улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуунаас  дахин ирүүлсэн байна. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас өнгөрсөн сарын 24-нд 5/1077 дугаартай албан тоотоор …газрыг худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосон байна. Та газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар газраа ашиглаж байгаа нь Газрын хуулийг зөрчиж байна. Иймд авто машины худалдаа ны зориулалтаар эрхэлж буй үйл ажиллагаагаа гуравдугаар сарын 04-ний өдрөөс зогсоо…гэж үүрэгджээ. Үүгээр зогсохгүй шаардлагыг биелүүлэхгүй бол холбогдох хууль, тогтоомжийн дагуу гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Иймд иргэд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, хууль бус үйлдлийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэн, Үйлдвэрчний хороогоороо  дамжуулан тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Тэдний өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ц.Монгол ажиллаж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх