МУГЖ, дуучин Н. Чулуунхүү: Хаана ч явсан үзэгчдийн хүндлэл, сайхан дуу сонсох гэсэн хүлээлтийг мэдэрч явдаг

2016 оны 04-р сарын 22 өдөр, 14 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аялгуугаар тодорч, өөрсдийн дуулсан болон аялгууг нь зохиосон олон сайхан дуугаараа сонсогчдынхоо сонорыг мялааж яваа МУГЖ, дуучин Н. Чулуунхүү, түүний охин, хөгжмийн зохиолч Б. Мөнхжаргал нарыг уншигчид андахгүй мэднэ. Тэгвэл тэд “Уйдаагүй, холдоогүй, урам хайрладаг түмэнтэйгээ дуулна даа, баярлана даа” нэртэй уран бүтээлийн анхны хамтарсан тоглолтоо энэ сарын 28,29-нд Монгол бөхийн өргөөнөө толилуулах гэж байна. Ингээд МУГЖ, дуучин Н. Чулуунхүүтэй тоглолтын талаар товчхон хөөрөлдсөнөө хүргэе.

-Уран бүтээлийн тоглолт ихэвчлэн олонд хүрсэн аль нэг дуугаараа нэрлэгдсэн байдаг шүү дээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Уран бүтээлч хүн түмэн олныхоо урмаар хөглөгдөж явдаг. Анх урлагийн хүн болсноос хойш үзэгч түмэнтэйгээ байнга хамт байж ирлээ. Хаана ч явсан үзэгчдийн хүндлэл, сайхан дуу сонсох гэсэн хүлээлтийг мэдэрч явдаг. Тийм учраас энэ тоглолтоо “Дуулна даа, баярлана даа” гэж нэрлэсэн юм.

-Тоглолтоо аав, охины анхны хамтарсан тоглолт гэж тодотгосон байсан?

-Тийм ээ. Миний хувьд бие даасан 20-иод тоглолт, М. Бямбажав, Б. Мөнхжаргал нар маань 2-3 тоглолт хийсэн байна. Хэн хэнийхээ тоглолтонд оролцож, ая дуугаа өргөж байснаас албан ёсоор хамтарсан тоглолт хийж байгаагүй юм.

Chuluunhuu1

-Үзэгчид тоглолтонд оролцох уран бүтээлчдийг сонирхож байгаа байх?

-Тоглолтонд Хөдөлмөрийн баатар, АЖ Б.Зангад, АЖ А. Долгор, МУСТА М.Бямбажав, МУСТА Б.Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнхцэцэг, МУСТА Б. Ганцогт, МУСТА Н.Дашдэмбэрэл болон ӨМӨЗО-ны дуучид оролцоно.

Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров аав,охин хоёрын тухай “Н.Чулуунхүүгийн зохиосон дуунууд хүмүүст яг л ардын дуу шиг хүрдэг бол Б. Мөнхжаргалын зохиосон дуунууд их тансаг чамин, дотогшоо, өөрөө ч тэгж дуулдаг” гэж хэлсэн байна лээ…?

-Мөнхжаргалын хувьд цөөхөн эмэгтэй хөгжмийн зохиолчдын нэг. 1,2-р симфони, киноны болон дан хөгжим, олон дууны ая бичсэн гээд олон төрлийн хөгжмийн бүтээл туурвисан сайн хөгжмийн зохиолч гэж охиноороо бахархдаг.

Мөнхжаргал СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид тэнцсэнийг та болиулсан гэсэн. Охиноо  яагаад дуучин болгоогүй юм бэ?
-Манайд дуулаачийн сургууль төгссөн олон хүн ажилгүй явж л байна. Тэгэхээр азтай, авьяастай, хөдөлмөрч л байвал ямар ч мэргэжил эзэмшсэн амжилтад хүрнэ гэж боддог. Хөгжмийн боловсролтой, зохиолч хүн хот, хөдөөгийн хаана ч ажиллах боломжтой, ажилгүй болно гэж байдаггүй. Нэг насны хоолтой болог гэж бодсон юм.

 -Таны анх урлагтай холбогдсон түүх сонин байна?

-Дунд сургуулийн сурагч байхын л урлаг, уран сайхан гэдэг хүүхэд байсан. Гэхдээ нэг их дуулаад байдаггүй, харин шүлэг уншдаг, бүжиглэдэг байлаа. 4-р ангид байхдаа Завхан аймгийн 7 болон 10 жилийн сургуулийн сурагчдын дунд зохиогдсон урлагийн наадамд “Цомбон туурайтай хүрэн” уртын дуугаар оролцож тэргүүн байр эзэлсэн. Тэгээд л түүнээс хойш нэг хэсэг дуулалгүй бүжиглэж, сургуулийн бүжгийн аварга хүртэл болж явлаа.

maxresdefault

 Та дуулахдаа эвлэгхээн бүжээд байдаг нь ийм учиртай байх нь ээ?

-Тэр нь ч юу юм бэ. 10-р ангиа төгсөөд ХААДС-ийн оюутан болсон жил агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн анги шинээр байгуулагдаж их дээд сургуулиудын нэг, техникумын төгсөх дамжаанаас орос хэлний анхан шатны мэдлэгтэй хөвгүүдийг цэрэгт татахад би тэдний тоонд орсноор урлагтай ч, цэрэгтэй ч амьдралаа холбосон доо. Улаанбаатарын соёлтой хөл нийлүүлэх гээд ч гэх үү, угийн өөрийн сонирхол ч нөлөөлөөд улсын филармонийн гитарчин Нацагдоржоор гитар заалгаад урлаг уран сайхны арга хэмжээ бүрт тасралтгүй оролцож эхэлсэн. Тэр үед бүх ард түмний урлагийн наадам гэж том арга хэмжээ болдог байлаа шүү дээ. Тэгээд салаа, ротын дарга зэргийг хийж байгаад 22 настайдаа ЗХУ-ын Ленинград, одоогийн Санкт-Петрбург хотноо цэргийн ар талын академид суралцаж, төгссөн. Тэр үедээ ч дуугаа орхиогүй, ёстой л соёлыг суралцаж ирсэн дээ. Сайхан сайхан шинэ дууны пянз, хуурцаг оросоос л авчирдаг, цуглуулдаг, солилцдог байлаа шүү дээ. Орост сурч байхдаа 40 гаруй орны оюутан залуусын фестивальд оролцож тэргүүн болон 2,3-р байрын шагналуудыг авч байсан. Тэр үедээ гадаад дуу дуулж байгаад сүүлд мартагдаж эхэлсэн байсан ардын дуугаа гитартай дуулж эхэлсэн дээ.

-Анх хэдий үеэс ая зохиож эхэлсэн бэ?

-1980-аад оны дунд үед юм даа. МУСГЗ П. Сандуйжав гуайн “Настан буурал эмээ” шүлгэнд ая хийж дуучин Цэрэнчимэд агсан дуулсныг хүмүүс маш сайхнаар хүлээж авсан нь цаашид дууны ая бичих хүслийг минь бадрааж өгсөн хэрэг биз. Хөгжмийн зохиолч Ц. Чинзоригтой их найз байлаа. Тэгээд Чинжгээг Билэгжаргал, Баттөмөр, Шарав гээд л нөхдүүдтэйгээ уран бүтээлээ харилцан сонсож, санал бодлоо солилцож байгаа, яаж төгөлдөр хуураараа гайхалтай сайхан хөгжимдөж байгааг сонсож байсан нь ч нөлөөсөн нь дамжиггүй. Урамшаад “Цайныхаа дээжийг таньдаа барья”,”Насны хань”, ”Хүмүүс минь амьдрах сайхан”,”Халагдах цэргийн вальс”,”Хүлээгээрэй” гээд л дуунуудынхаа аяыг бичиж эхэлсэн дээ. Нийтдээ 800-гаад дууны ая бичсэн байна. Өөрөө дуулахаас гадна олон дуучин миний дуунуудыг дуулж байгаа.

-Дуучин М.Бямбажав та хоёрыг багш шавь гэдгийг уншигчид андахгүй. Анх яаж танилцаж байв?

-Би тухайн үед 013-р цэргийн ангид ар тал хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм. Тэр үед сонсголонд армийн хэмжээнд байхгүй том, бараг 800-гаад хүний суудалтай соёлын төв байгуулагдаж цэрэг дайчдад зориулсан олон сайхан арга хэмжээ зохиогддог байлаа. Нэг удаа цэргүүдийн хоолны үеэр нэг нэлээн “пээдгэр” ахлах түрүүч л команд биелүүлдэггүй ээ. Тэгэхээр нь өрөөндөө дуудуулж аваачаад орж ирэнгүүт нь нэг шанаадаад тавьчихсан. Тэр үед клубын эрхлэгчээр хошууч Цоодол гээд одоо сайн хормейстр залуу ажиллаж, армийн хэмжээнд алба хааж байгаа авьяастай гэсэн цэргүүдийг соёлын төвдөө ажиллуулдаг байсан юм. Тэдний дотор Ариунбаатар, Оюунчулуун, Хурдын Ганбаяр гээд олон сайхан уран бүтээлчид байсан даа. Тэр явдлын дараахан Цоодол над дээр ирээд “Таны нөгөө цохиод унагаачихдаг цэрэг хачин хөөрхөн дуулдаг юм байна” гэнэ. Орой нь тоглолт үзлээ. Дахиулаад сүйд болж байна. Дахиад өрөөндөө дуудлаа. Тойрч зугатаад байна. Тэр үед аяыг нь биччихсэн байсан “Хүмүүс минь амьдрах сайхан” дуугаа түүгээр дуулуулж радиогийн фондод бичүүлэхээр боллоо. Хаянхярваа найруулагчтай гурвуулаа бичих гэтэл “хүмүүн” гэдэг үгийг “күмүүн” гэж хэлээд болдоггүй ээ. Бас л бяцхан “диктатур” хэрэглэж “күмүүн” гэж хэлэх болгонд нь гурван хуруугаа босоогоор нь аманд нь хийчихээд байсан. Тэгж бичүүлсэн дуу маань ард түмэнд хүрч тэр жилийнхээ “Морин хуур” наадмаас үзэгчдийн таашаалд нийцсэн дууны шагналыг авч байсан түүхтэй. Миний дуунуудыг гитартай дуулдаг байсан мөртлөө намайг таньдаггүй байсан юм билээ. Одоо Бямбажав надад “гөвүүлсэн” тухайгаа өрөөнд нэг төгөлдөр хуур хальт харагдаад л гулдайгаад уначихсан гэж ярьдаг юм. Хэмжээ сайтай, эгшиглэнтэй, ямар ч дууны эвийг олж сайхан дуулдаг, сайн дуучин даа миний шавь.

-Таны хэд хэдэн дууны клипэнд ээж тань гардаг. Гэтэл хүмүүсийн сэтгэлд “Ээжийн бор аяга” дууны клипэнд таны аманд аарул хийж өгч байгаа нь тод үлдсэн байдаг юм билээ?

-Тийм ээ, клипэнд тоглох ч юу байхав. Зураг авч байх үед ээж минь миний аяганаас ааруул аваад өгөхөд би үмхчихсэн нь хүмүүсийн сэтгэлд ойр буусан хэрэг.

-Ихэнх цомгууд тань төрөлжсөн байдаг юм билээ?

– 10 гаруй CD, 3DVD гаргасан байна. Монгол хүн морио дээдэлдэг учраас зөвхөн морины тухай дуунуудаас бүрдсэн “Соёолон хүлгийн тоос” нэртэй цомог, өөрийн дуулсан ардын дуунуудаас бүрдсэн дабль цомог гаргасан. Учир нь 20 гаруй настай Чулуунхүү,одоогийн Чулуунхүү хоёрын хэрхэн дуулж байг харьцуулж сонсог гэж бодсон юм. Байлдагчаас хурандаа хүртэл армид алба хаасных “Цэрэг эрсээ дуулья” нэртэй цэргийн сэдэвт дууны цомог, “Намайг аргадсан ардын аялгуу” нэртэй цомгоо дүрсжүүлэн монгол туургатанд зориулан гаргасан нь нэлээд эрэлттэй байсан шүү. Ямар ч хүн нутаг усаа гэдэг нь жам учраас “Очирваань хайрханы дуулал” нэртэй цомгийг гаргасан. Энэ цомог Мөрдорж, Жанцанноров, Шарав, Цэвээнравдан, Жамьян нарын уран бүтээлээс найм есөн гавьяат дуулсан сайхан бүтээл болсон. Одоо эргээд бодоход би ээжийн тухай 100 гаруй дуу зохиосон байна. Үүнээс 21 дарь эхийн бэлгэдлийг бодож 21 дуугаар нь “Зуу наслаарай ээжээ” цомгоо гаргасан.”Хүмүүс минь амьдрах сайхан” дууны түүвэр маань хэвлэгдсэн нь олны таашаалыг их хүртсэн.

 -“Жаргалтай айл манайх” дууг тань Б.Болд, Э. Чулуунчимэг нар албан ёсоор дуулах эрх авсан гэж сонссон. Энэ талаар?

-СГЗ Бя. Хүрэлбаатарын шүлэг “Санах л юм даа” дууг маань тэд дуулдаг л даа. Тэгээд Д. Цоодолын шүлэг “Жаргалтай айл манайх” дууг дуулах зөвшөөрлөө албан ёсоор аваад энэ дуугаар нэрлэгдсэн тоглолтоо хийлээ.

chuluunhuu01

Б.Чулуунчимэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх