Author Archives: baaska baaska

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр /2026.08.28/ эхэллээ.

Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай албан ёсны уулзалт хийлээ.

002Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер Монгол Улсад 10 жилийн өмнө айлчилж байснаа дурсаад, монголын өргөн уудам нутаг, анир чимээгүй амгалан байдлыг өдгөө ч санан дурсаж явдаг гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын олон жилийн түүхтэй оронд хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд 24 жилийн дараа айлчилж, хоёр улсын парламентын харилцааг шат ахиулах боломж тохиосонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд ардчилсан парламентын үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг баримталсаар ирснийг тодотгоод, сонгуулийн холимог тогтолцоогоор байгуулагдсан 126 гишүүнтэй парламент, эмэгтэй гишүүдийн тоогоор Ази тивийн дундаж үзүүлэлтийг давсан ололт, амжилтын талаар танилцуулсан.

Хоёр том хөршийн дунд орших далайд гарцгүй орон хэдий ч парламентын ардчиллыг бэхжүүлж, сайжруулах зорилготой гэдгийг мөн тодотгосон юм.

Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер, хоёр том гүрний дунд оршдог ч парламентын ардчиллыг бэхжүүлж, хоёр хөрш улстайгаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж буй амжилтаар бахархаж буйгаа онцолсон.

Улсын Их Хурлын дарга, Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээний хараат, экспортын 70-80 хувь нь БНХАУ руу чиглэдэг хэдий ч гуравдагч хөрштэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг. чухалчилж үздэг хэмээсэн. Европын Холбооны улс орнуудад 70 гаруй мянган монгол иргэн оршиж сууж буйн 2500 орчим нь Бельгийн Хаант Улсад амьдарч буйг тэрбээр дурдаад, Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд талархлаа илэрхийллээ.

Визийн нөхцөлийг хөнгөвчилснөөр харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж буйгаа Улсын Их Хурлын дарга илэрхийлээд, Европын Холбооны түвшинд монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер, Визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжин ажиллана хэмээн мэдэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Руверыг Монгол оронд айлчлахыг урилаа.

003Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор хангах, өвөл, хаврын улирлын хэрэгцээнд нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Тус худалдаагаар эх орны хөрсөнд ургуулсан шинэ ургацын төмс, хүнсний болон нарийн ногоо, жимс, чацаргана зэрэг өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг тариаланч, ногоочид шууд худалдаалж байна.
алтан2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.

Энэ жил АНУ, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Орос, Солонгос, Турк, Унгар, Литва, Австри, Энэтхэг гэсэн 16 улсын их, дээд сургуульд 300 оюутан суралцахаар явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залууст сурлагын амжилт хүсэн Төрийн далбаа дурсгаж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.

Тэрбээр, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, эрдмийн аянд мордож буй залууст чин сэтгэлийн баяр хүргэлээ.

Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болохыг хүсэн ерөөлөө.

Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил, мэргэжилдээ эзэн болох ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр, засаг итгэж байгааг илэрхийллээ.

Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, бие биедээ тусалж, бие биеэ хүндэтгэж, бие биеэ дэмжиж явахыг захилаа.

“Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 1,055 оюутан залуус 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Энэ жил 136 оюутан сургуулиа төгсөж ирэн, гэрээний дагуу харьяалагдах орон нутагтаа таваас доошгүй жил ажиллана.

Өнгөрсөн жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Куба гэсэн 15 улсын их, дээд сургуульд  296 оюутан суралцахаар явсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.

Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.

tet1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ.
102 тусгай дугаарт 1890 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 779, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл байна  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
788716359_2326003798167804_192370948049644885_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үс засуулахад өлзийтэй маш сайн

Аргын тооллын 8 сарын 28. Баасан (Сугар) гараг (2026)
Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 15, жил өдөр хөх нохой, мэнгэ 3 хөх, суудал төмөр, од чөдөр-23, шид барилдлагат. Лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:04-19:41.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин луу, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
Үс засуулах, буян номын үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шүтээн босгох, равнайлах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, өгөх, хишиг даллага авахад сайн. Нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, мал хөнгөлөхөд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 08-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +24…+29 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.Өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.17-2026.08.23) нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 49 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь аянга, гурав нь үер,  хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Улаанбаатар хот цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүддээ санхүүжилт босгож буй. Бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ын үеэр нийслэлд 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын дарга нарын чуулга уулзалтын үеэр бид олон санамж бичигт гарын үсэг зурж, хотууд болон олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тухайлбал, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын сувгийг нээсэн. Мөн Дэлхийн банк групптэй гурван салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт татахаар яриа хэлэлцээр хийлээ. Мөн BYD компанитай хамтран ажиллаж, нийтийн тээврийн салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх суурийг тавилаа. Түүнчлэн UNDP болон бусад олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв. Өнөөдрийн байдлаар COP17 бага хурлын үеэр нийслэл 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байна.

Өнөөдөр UN-Habitat буюу НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн төлөөлөл, Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагуудтай уулзана. 2026 онд олон улсын зах зээлд ногоон эдийн засгийн салбарт нэг их наяд ам.доллар эргэлдэж байна. Тиймээс Улаанбаатар хот энэ салбарт маш өндөр амбицтай байгаагаа олон улсын түвшинд илэрхийллээ. Улаанбаатарын тунхаглалд ч ногоон эдийн засагтай холбоотой асуудал, газрын доройтол, усны хомсдол, цөлжилтийн эсрэг өөр хотуудтай хамтран хэрэгжүүлэх ажлуудаа нарийвчилж тодорхойлсон. Мөн дараагийн COP болоход ямар үр дүнд хүрэхээ ч тодорхойллоо. Дэлхийн хотуудын ойжуулалтын нэгдсэн сүлжээг байгууллаа. Жишээлбэл, шар шороон шуурга зөвхөн манай хотын асуудал биш болсон. Бээжин, Сөүл, Токиогийн асуудал болсон учир аль хэсэгт хэдэн мод тарих вэ гэдэг эхний тооцооллуудаа хийж энэ сүлжээнд бусад хотыг урьж, хөрөнгө оруулалт босгож цөлжилтийн эсрэг бодитой арга хэмжээ авна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ.

Уулзалтын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон хүндэт зочид, сайд нарын түвшний төлөөлөгчид мод тарьж, дурсгалын зураг авахууллаа.
17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь манай улс байгаль дэлхийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буй түүхэн боломж юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтыг нээж үг хэлэхдээ, 17 дугаар бага хурлыг дэмжиж, хамтран зохион байгуулж буй НҮБ болон оролцогч бүх талд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Нэг орны бус, дэлхий нийтийн сорилт, бэрхшээл болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байгааг хэллээ.
Иймээс элсний нүүдэл, шороон шуурга, усны хомсдол, хүнсний хямрал, экологийн доройтлын эсрэг хийх тэмцэл нь нэгдмэл, уялдаа холбоотой, урт хугацааны, тогтвортой, харилцан бие биеэ дэмжсэн байх ёстойг онцоллоо.
Хэрвээ одоо л эрс шийдэмгий арга замыг сонгохгүй бол эх дэлхий цаашид  бидэнгүйгээр орших өөрийн замаа сонгох учир бүгд нэгэн зорилгын дор илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа.
СОР17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлсэн хурал байх учиртайг онцоллоо.
Сорилт, бэрхшээлээ хэлэлцээд орхих бус, шийдлээ хамтдаа тодорхойлж, энх тайван, ногоон ирээдүйн төлөө бодит шийдвэр, үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.
Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг. Эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь гэдгийг тодотголоо.


Монгол Улс өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байгааг хэллээ.
Сансрын технологи, дрон, зайнаас тандан судлал, хиймэл оюун, их өгөгдөл, цахим технологийн хөгжил нь газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, газрын нөхөн сэргээлтийн үр дүнг бодит цаг хугацаанд хянах өргөн боломжийг нээсэн.
Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн чухал шийдлийг олоход зохих хувь нэмрээ оруулна гэж үздэгээ тэмдэглэлээ.

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж ойлгох бус, хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж, цогцоор нь авч үзэх нь чухал байгааг хэллээ.

Улс, үндэстэн бүр ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах  уламжлалт арга ухаан, мэдлэг, чадвар суулгаж, энэ үйл хэрэгт оролцдог болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Цөлжилт, газрын доройтлыг зөвхөн бууруулах бус нөхөн сэргээхийн төлөө ажиллах, гангийн асуудлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, зохистой хариу арга хэмжээ авах зэрэг эрсдэлийн цогц удирдлагын тогтолцоог төгөлдөршүүлэн хөгжүүлэх нь зүйтэйг тэмдэглэлээ.

Газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоог салангид бус, нягт уялдаа холбоотой авч үзэж, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлагад суурилсан бодлого хэрэгжүүлэх нь чухал байгааг хэллээ.

Манай улс дэлхийд үлдсэн хамгийн том сэрүүн бүсийн хээрийн экосистемүүдийн нэгийг өвлөн хамгаалж ирсэн орон.

Далайд гарцгүй, хуурай болон хагас хуурай бүсэд оршдог учир уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг.

Нийт нутгийн дийлэнх нь газрын доройтол, цөлжилтөд өртөөд байгаа нь  байгаль орчин төдийгүй эдийн засаг, хүнсний хангамж, аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, нүүдлийн өв соёлын тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхийлөгч хэллээ.

Иймээс газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээр хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг тодотголоо.

 Хөгжиж буй болон хуурай, гандуу бүсийн орнуудад тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлж, санхүүжилт, технологи, чадавхыг нэн хэрэгцээтэй улс орон, бүс нутаг, иргэдэд хүргэх шударга тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа нотоллоо.

Иймээс улс орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшилд хандан, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтаа газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилт, тогтвортой амьжиргаанд илүү түлхүү зарцуулахыг уриаллаа.

Мөн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах гээд бүх шатанд малчид, тариаланчид, нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн оролцоог хангах нь шударга, үр дүнтэй, нээлттэй, тогтвортой шийдлийн үндэс гэж үздэгээ хэллээ.

Энэ хүрээнд “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум зэргээр дамжуулан олон нийтийн оролцоо, залуучуудын идэвхийг нэмэгдүүлж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Business 4 Land” санаачилгатай уялдуулан газрын тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, инновац зэрэг чиглэлийн хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулахыг зорьж байгааг дурдлаа.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална.

Манай улсын дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван чиглэлд тулгуурлаж байна.
Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Газрын тогтвортой менежмент нь усны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээтэй салшгүй холбоотой гэж үздэг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сан болон “Бүх нийтийг ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах түншлэл”-ийн хэрэгжүүлж буй “Ус ба ариун цэврийн байгууламжийн төлөөх төрийн тэргүүнүүдийн санаачилга”-ыг бүрэн дэмжиж байгааг хэллээ.

Монгол Улс олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын тогтолцоо, олон улсын эрх зүй, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, тэгш оролцоо, нийтлэг хариуцлагад суурилсан дэлхийн хамтын шийдлийг тууштай дэмждэг.

Иймээс 17 дугаар бага хурлыг геополитикийн сөргөлдөөн, харилцан адилгүй байр суурьтай талуудын маргааны талбар бус, Конвенцын зорилго, хэрэгжилтийг ахиулах олон талт хамтын ажиллагааны индэр байлгахыг зорьж байгааг хэллээ.
Энэ хүрээнд бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшилцөлд суурилсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг тууштай дэмжихээ илэрхийллээ.

Монголчуудын олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц юм.

Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн тэмдэглэсэн байдаг.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ жилийн “Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан гаргасан илгээлтдээ “Дэлхийн газар нутгийн тал хувийг эзэлж, 2 тэрбум хүний ахуй амьдрал хамаардаг бэлчээрийн 50 хувь нь доройтсон буюу доройтож эхэлсэн” тухай дурдсан.

Мөн эрүүл хөрс, усны нөөц, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоо, соёлын өвд анхаарч, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхийг уриалсан юм.

Дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтож байгаа нь 3 тэрбум гаруй хүний амьдрал, амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам. долларын алдагдал хүлээх эрсдэлтэйг олон улсын байгууллагууд анхааруулдаг.

Ялангуяа хуурай болон хагас хуурай бүс нутгийн улс орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ард иргэд, малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөнд илүү их өртөж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Хоногийн хугацаанд залилах төрлийн 6 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 08 дугаар сарын 23-ны өдөр нийт 1851 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 636, гэмт хэргийн шинжтэй 75 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
tsagdaaa

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо /2026.08.17/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг 26.3 хувиар нэмэгдүүлэн Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 5952,3 төгрөг, сард 1,000,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.

Тогтоолыг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог. Ингэхдээ дараах хүчин зүйлсийг авч үздэг.

– Хүн амын амьжиргааны доод түвшин

– Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа

– Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ

– Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин

– Инфляц зэрэг болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох сурагчдыг наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 28-ны хооронд  “Е-Mongolia” системээр бүртгэнэ. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна.

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүдийг нэгдүгээр ангид бүртгэнэ. Таван настай буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд цахимаар бүртгэхгүй, хамран сургах тойргийн сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэх юм. Харин эцэг эх асран хамгаалагчид цахим бүртгэлийн систем ашиглах боломжгүй бол өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой.

Хүүхдийн оршин суугаа хаягийн мэдээлэлд үндэслэн сургуулийн хуваарилалт хийгдэж байгаа тул 2026 оны наймдугаар сарын 24-ний 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

COP17 хурал зохион байгуулж буй талбайн цаашдын ашиглалт, зориулалтын талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш 2.4 км-ийн зайд 40 га талбайд COP17 хурлын бүтээн байгуулалт хийсэн. Энэ бүтээн байгуулалтын талбай хурал дууссаны дараа нийслэлийн өмч болон үлдэнэ. Тухайлбал, үндсэн талбай, явган зам, дугуйн зам, дэд бүтэц, 250 хүний багтаамжтай хоёр монгол гэр, нийтийн ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж үлдэж буй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн ундны усны эх үүсвэр. Тиймээс энэ газар барилга, байгууламж барихыг хориглодог. Энд байгаа бүтээн байгуулалтын дийлэнх нь түр байгууламж юм. Тиймээс үлдэх зүйлүүдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн өмчид бүртгэн авна. Энэ талбай бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй яг адилаар иргэд амрах эко орчин болох юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс COP17-ын талбай хүртэл 2.4 км дугуйн замыг тавьсан. Явган болон гүйлтийн замыг тун удахгүй ашиглалтад оруулна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа