Author Archives: baaska baaska

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 18-ны өдөр 10 хэргийг нөхөн илрүүллээ.

102 тусгай дугаарт 2139 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 842, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

tsagdd

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

19-ний өдөр Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

19-ний өдөр Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 08-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бус нутгийн хойд хэсгээр +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

–Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

–Өнөөдөр Монгол Улс халдварт бус өвчний томоохон сорилттой нүүр тулж байна. Эрүүл мэндийн яам болон Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан нь олон жилийн турш зүрх, судасны тогтолцооны өвчин хэвээр байна. Үүний дараа хавдар, осол гэмтэл, амьсгалын тогтолцооны өвчин зэрэг шалтгаанууд ордог.

Үүний зэрэгцээ сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж байна. Монгол Улсад амиа хорлолтын түвшин дэлхийн олон орны дунд өндөрт тооцогддог бөгөөд жил бүр хэдэн зуун хүн амиа хорлон нас барж, үүнээс хэд дахин олон хүн оролдлого хийдэг. Стресс, ажлын ачаалал, хотжилт, хөдөлгөөний дутагдал, нийгмийн дарамт зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлж байна.

Өөрөөр хэлбэл бид зөвхөн өвчнийг эмчлэх тухай биш, өвдөхөөс нь өмнө хэрхэн сэргийлэх вэ гэдэг үндэсний хэмжээний бодлогын талаар ярих цаг болсон.

–Энэ асуудлыг явган алхалттай хэрхэн холбож ойлгох вэ?

–Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хөдөлгөөний дутагдлыг нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг гэж тодорхойлсон. Өнөөдөр дэлхий даяар 1.8 тэрбум насанд хүрэгч хангалттай хөдөлгөөн хийдэггүй байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл 2030 он гэхэд хөдөлгөөний дутагдалтай хүний эзлэх хувь 35 хувьд хүрнэ гэж ДЭМБ анхааруулсан.

Монгол Улс ч үүнээс ангид биш.

Бид автомашинд илүү түшиглэсэн, суурин хэв маягтай нийгэм болж байна. Хүүхдүүд дэлгэцийн өмнө, залуус оффист, ахмадууд гэртээ илүү их цагийг өнгөрөөж байна. Үүний үр дүнд таргалалт, даралт ихсэх, чихрийн шижин, сэтгэл гутрал, стресс улам нэмэгдэж байна.

Харин явган алхалт бол энэ бүхний эсрэг хамгийн энгийн бөгөөд хамгийн хүчтэй “эм” юм.

9c18c783-43b6-4e75-a30d-728b913944e0– Яагаад заавал явган алхалт гэж? Өөр спорт байж болохгүй юу?

– Спорт бол гайхамшигтай. Гэхдээ бүх хүн спортын клубт явж чаддаггүй.

Харин явган алхалт бол хүн бүрийн нийтлэг ард нийтийн спорт.

Тусгай хувцас хэрэггүй. Тусгай ур чадвар хэрэггүй. Өндөр зардал шаардахгүй. Нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, орлогоос үл хамааран хүн бүр оролцож чадна.

Энэ утгаараа явган алхалт бол зөвхөн спорт биш, нийгмийн хамгийн хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ юм.

Дэлхийн олон улс алхалтыг эрүүл мэнд, хот төлөвлөлт, байгаль орчин, боловсрол, аялал жуулчлалын бодлоготой уялдуулан хөгжүүлж байна. Учир нь алхдаг хотууд илүү эрүүл, илүү аюулгүй, илүү аз жаргалтай байдаг нь судалгаагаар батлагдсан.

–Монголд юу хамгийн их дутагдаж байна гэж та үзэж байна вэ?

–Бидэнд явган хүний зам байдаг. Гэхдээ алхалтын бодлого хангалтгүй байна.

Явган хүний зам барих, мод тарих хоёр өөр ойлголт. Харин “алхахад ээлтэй хот” бий болгох нь бүр өөр түвшний бодлого.

Өнөөдөр Монгол Улсад маань “Үндэсний хэмжээний явган алхалтын бодлого” байхгүй.

Алхалтын замын стандарт, тэмдэглэгээ, чанарын нэгдсэн тогтолцоо хангалтгүй. Мөн иргэдийн өдөр тутмын алхалтыг дэмжих хот төлөвлөлтийн шийдэл цөөн.

Ажлын байр, сургууль, төрийн байгууллагуудад алхалтыг дэмжсэн соёл төлөвшөөгүй байна. Энэ бол зөвхөн спортын асуудал биш. Эрүүл мэндийн асуудал. Хот байгуулалтын асуудал. Байгаль орчны асуудал. Нийгмийн хөгжлийн асуудал юм.

–Тэгвэл таны хувьд ямар өөрчлөлтийг хүсэж байна вэ?

–Бид “алхалтын соёл”-ыг төлөвшүүлэх хэрэгтэй. Үүнээс цааш “алхалтын хөдөлгөөн”-ийг өрнүүлэх хэрэгтэй. Эцэст нь Монгол Улсад “алхалтын хувьсгал” хэрэгтэй.

Энэ хувьсгал жагсаал биш. Өдөр бүрийн 30 минутын алхалт. Ажилдаа алхаж очдог иргэн. Амралтын өдрөөрөө гэр бүлээрээ алхдаг соёл. Хүүхдээ машинаар биш алхуулаад сургуульд хүргэдэг эцэг эх, ахмад настнуудад аюулгүй алхах орчин. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй явган зам. Ийм өөрчлөлтүүд нийлээд эрүүл үндэстнийг бий болгодог.

–Энэ нь төрийн бодлогын хэмжээнд хэрхэн тусах ёстой вэ?

–Миний бодлоор Монгол Улс “Үндэсний алхалтын бодлого”-той болох цаг болсон.

Энэ нь зөвхөн Эрүүл мэндийн яамны асуудал биш.

Хот байгуулалт, Зам тээвэр, Боловсрол, Соёл, Байгаль орчин, Аялал жуулчлал, орон нутгийн удирдлага гээд бүх салбар хамтран хэрэгжүүлэх үндэсний хөдөлгөөн байх ёстой.

Алхалтыг хөгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө бол зардал биш.

Энэ бол эрүүл мэндийн зардлыг бууруулах хөрөнгө оруулалт. Энэ бол бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт. Энэ бол ирээдүйн эрүүл Монголд хийж буй хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт юм.

–Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу хэлэх вэ?

–Монголчууд бид эрүүл мэндийн тухай зөвхөн эмнэлэг, эм тариагаар төсөөлөхөө болих хэрэгтэй.

  • Эрүүл мэнд гудамжнаас эхэлдэг.
  • Явган хүний замаас эхэлдэг.
  • Ногоон байгууламжаас эхэлдэг.
  • Өдөр бүрийн алхалтаас эхэлдэг.
  • Бид өнөөдөр алхалтын соёлыг бүтээж чадвал маргааш эрүүл үндэстнийг бүтээнэ.
  • Алхалт бол хувь хүний сонголт биш. Алхалт бол төрийн бодлого байх ёстой.

Монгол Улсад “Алхалтын хувьсгал”-ыг эхлүүлэх цаг болсон.

–Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж : Монголын явган алхалтын холбоо

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/-ыг зохион байгуулах Үндэсний хорооны XIX хуралдаан (2026.08.12) боллоо.

Үндэсний хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт КОП17 бага хурал эхлэхэд дөрөв хоног үлдээд байгааг онцлоод, үлдсэн хугацаанд бэлтгэл ажлыг бүрэн хангаж, бага хурлыг амжилттай зохион байгуулахаас гадна Монгол Улсад бодит үр дүн, үр өгөөжтэй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Тэрбээр КОП17 бага хурлыг зөвхөн олон улсын арга хэмжээ зохион байгуулах хэмжээнд бус, Монгол Улсын цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн хомсдол, усны асуудлыг дэлхийн анхаарлын төвд хүргэж, эдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөр, санхүүжилт татах чухал боломж хэмээн тодотгов. Тухайлбал, говийн бүсийн усны хангамжийг нэмэгдүүлэх тэргүүтэй олон жил яригдсан томоохон төслүүдийг олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдэд танилцуулж, бодит хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад онцгой анхаарахыг чиглэл болгосон юм.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын 12 хоногийн үйл ажиллагаагаар КОП17-гийн цар хүрээг хязгаарлахгүйгээр, ирэх хоёр жилийн хугацаанд Монгол Улсын ус, бэлчээр, цөлжилт, газрын доройтлын асуудлаар тодорхой шийдэл, санхүүжилт бий болгох ажлыг үргэлжлүүлэх шаардлагатайг онцлов.

Түүнчлэн КОП17 бага хуралд оролцох олон улсын парламентын гишүүд, өндөр түвшний төлөөлөгчидтэй хийх уулзалт, яриа хэлэлцээг үр дүнтэй зохион байгуулж, Монгол Улсын бодлого, санаачилгыг олон улсад таниулах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн.

Монгол Улс КОП17 бага хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс 250 тэрбум төгрөгийн зардал гаргаж буйг Улсын Их Хурлын дарга дурдаад, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, зарцуулалт, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд ил тод тайлагнахыг Үндэсний хороо, ажлын албанд үүрэг болголоо.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд НҮБ-ын албан ёсны хурлууд болж, талууд хэлэлцээ хийж, шийдвэр гаргах албан ёсны хэлэлцээний Цэнхэр бүс, үзэсгэлэн, хэлэлцүүлэг, соёлын нээлттэй арга хэмжээ болох Ногоон бүсийн зохион байгуулалттай болох юм. Цэнхэр бүсэд албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоор бүртгүүлсэн, магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэвтрэх бол иргэд, сонирхогч, оролцогчид Ногоон бүсээр нээлттэй зочилж, олон улсын байгууллага, улс орнуудын эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөлөлтэй уулзан, үзэсгэлэн, шинэ технологи, инновац, газрын нөхөн сэргээлтийн бодит шийдлүүдтэй танилцаж, үндэсний болон олон улсын соёлын арга хэмжээнүүдийг үзэх боломжтой.

Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэнхэр бүс болон Ногоон бүсийн зохион байгуулалт, холбогдох тогтоолын төслүүд, зочид төлөөлөгчдийн бүртгэл, үйлчилгээ, шуурхай штабын бүтэц, зохион байгуулалтын талаар хэлэлцэж, мэдээлэл сонсоод, төслийн талбайтай танилцлаа.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XIX хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, Б.Найдалаа, Ц.Идэрбат, Р.Сэддорж нар оролцсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 2026 наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд бүртгүүлээд байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 126,827 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас өнөөдрийн байдлаар 48 хувь нь бүртгэлээ хийлгэсэн байгаа юм.
Цэцэрлэгийн бүртгэлийг цахим болгосноор эцэг эхчүүд заавал цэцэрлэг дээр ирэх шаардлагагүй болсон. Бүртгэлийн явцын мэдээлэлтэй https://parent.edu.mn/login-д хандаж танилцах боломжтой. Цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт дуусна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ үеэр нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээлэл өглөө.

Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд “Тус хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд нийтийн тээврийн 100 автобусаар 17 чиглэлд үйлчилнэ. Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Дүнжингарав, Нарантуул худалдааны төв орчмын зарим автозам, зогсоолыг түр хаахаар болсон. Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд болон зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах үүднээс богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тухайлбал, 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв- Нарантуул худалдааны төв, Офицеруудын ордон- Нарантуул зах- Дүнжингарав худалдааны төв чиглэлд үйлчилнэ. Тус худалдааны төвүүдээр нийтийн тээврийн 13 чиглэлийн 120 тээврийн хэрэгсэл дайран өнгөрдөг бөгөөд тоо болон чиглэлд өөрчлөлт орохгүй” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ.
Хоногийн хугацаанд 102 тусгай дугаарт 2101 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 760, гэмт хэргийн шинжтэй 93 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
69

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

 2026 оны 08-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.05/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 

Засгийн газрын ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.

Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийлээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан нефтийн үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүйгээс шалтгаалан 8 дугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1200-2000 ам.долларт хүрчээ. Тиймээс дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулах үүднээс Гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Шатахуун түлш бол айл өрх бүрийн асуудал. ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс орохгүй. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохирлоо. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсад ирэх сөрөг нөлөөг бага байлгахын төлөө Засгийн газар бүх шатанд ачаа үүрнэ. Шатахуунаа хэрхэн нөөцөлж, түгээж байгаагаа иргэдэд ил тод мэдээл. Мэдээлэлтэй иргэд ажил, амьдралаа төлөвлөнө” хэмээлээ. 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулах барих ажлын явцын талаар иргэдэд болон Засгийн газарт тогтмол мэдээлэл өгөхийг мөн үүрэг болголоо.

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор, 

-Газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг түргэн шуурхай хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах

-Бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварын хувь, хэмжээг 2027 оны 02 дугаар сарын 01 хүртэл /0/ тэг хувиар тогтоох

-Гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх

-Хуульд заасан нөхцөл, шалгуурыг бүрэн хангасан зөвшөөрлийн хүсэлтийг хурдан, шуурхай шийдвэрлэж, зөвшөөрөл олгох

-Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн жагсаалтад тулгарч буй саадыг арилгах

-Шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг тус, тус холбогдох сайдуудад үүрэг болгов.

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй 

“Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Хэмнэлтийн горимд шилжсэн Засгийн газрын тогтоолоор, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилт зэргийг хэвийн олгохоор шийдвэрлэв.

Харин, 

-Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдрийн арга хэмжээ, найр наадам, соёлын арга хэмжээ /хувийн болон хандиваар зохион байгуулахыг хориглохгүй/

-Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадны зочин хүлээж авах зардал

-Зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин

-Батлан хамгаалах, хуульзүйгээс бусад сургалт, дадлагын бэлтгэл

-Зайлшгүй мэдээлэх хууль тогтоомжоос бусад кино, контентын хэвлэлийн зардал

-Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшууллыг тус, тус хориглолоо.

Хэмнэлт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, ханиад томуутай тэмцэх гэх мэт зайлшгүй ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлов.

Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүртээ 20 хувийн урсгал зардлын хэмнэлт гаргах, нөхөн томилгоо хийхгүй, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээнээс татгалзах, төрийн албанд шинэ албан тушаал үүсгэхгүй байх, тог цахилгаан, дулаанаа хэмнэх, хурал, сургалтаа цахимд шилжүүлэхээс гадна төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах хэмнэлтээ үргэлжүүлэхийг үүрэг болголоо. Төсвийн сахилга бат сайжирч, нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд хязгаарлалтыг үе шаттай сулруулна.

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно 

“Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдаж, хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Нөөцийн махны гол асуудал нь бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэл бүх шатанд хяналтын тогтолцоо сул явжээ. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр ААН-үүдтэй гэрээ хийж, зээлийн хүүгийн хөнгөлөлт өгсөн. Гэсэн ч хаврын улиралд зах зээлд гаргахаар төлөвлөсөн 720 тонн махны нийлүүлэлт хийгдээгүй, 3203 тонн мах цахим төлбөрийн баримттай, үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ. Тиймээс бүртгэлийг цахимжуулах Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Бүртгэл, хяналтын тогтолцооны нэгдсэн системийг наймдугаар сардаа багтаан Сангийн яамнаас бэлэн болгож, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэн бүртгэлжүүлж, ил тод болгох юм. 2026 оны намар бэлтгэгдэж, 2027 оны хавар тараагдах нөөцийн махны нөөц бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг өөрийн биеэр онцгойлон анхаарал хандуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгосноор мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Хөнгөлөлттэй зээл аваад зориулалтын бусаар зарцуулдаг байдлыг арилгахаас гадна хүртээмж нэмэгдэх, өрсөлдөөн бий болох давуу талтай. Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулахаас гадна төр нөөцийн мах бэлтгэж зах зээлд тодорхой бус байдал үүсгэх бус тогтолцоог ил болгож, олон оролцогч бүхий, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоно гэлээ.

Түүнчлэн, стратегийн бусад бараа, бүтээгдэхүүн буюу түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих ААН-д хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт эдлүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар /COP17/ бага хуралд Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бага хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм. Тус төлөвлөгөө нь,

-Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

-Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга

-Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн 3 үндсэн санаачилгаас бүрджээ. Нийт 292 төсөлд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж буй бөгөөд нэг төслийн дундаж санхүүжилт 700 мянган ам.доллар байх юм.

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах” журмыг Засгийн газраас баталлаа. Олон улсын байгууллага болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн гадаад үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм, 4 нэрийн гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX факторыг худалдан авснаар улсын төсвөөс 3.15 тэрбумын хэмнэлт хийж, 10+1 хувийн ашигтай худалдан авалт хийжээ.

Нэгдсэн худалдан авалт нь олон улсад өргөн хэрэглэгддэг загвар бөгөөд БНСУ, Япон, Сингапур, Шинэ Зеланд улс гэхэд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эмээ худалдан авдаг аж. Нэг эх үүсвэрийн худалдан авалтын гол давуу тал нь бөөний үнийн хөнгөлөлт эдэлж, улсын төсвийг хэмнэх, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай үйлдвэрээс боломжийн үнээр авах, зах зээлд ховорддог эмийн хангамж тасрахгүй байх давуу талтай. Хамгийн чухал нь чанаргүй болон хуурамч эмийн эрсдэлээс бүрэн хамгаалж, эмийн үнийн өсөлтийг бууруулснаар иргэдээ санхүүгийн дарамтаас чөлөөлөх боломжийг бий болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын ажил үргэлжилж байна. 2024 онд мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж дүгнэсэн тул тус сургуулийн хуучин барилгыг нураахаар шийдвэрлэсэн. Ингээд 2025 оны хоёрдугаар сард ажлын зураг батлагдаж, шинэ барилгын ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Вишн Девелопмент” ХХК ажиллаж байна. 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга зоорьтой гурван давхар бөгөөд хоёр спорт заал, нэг урлаг заалтай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд Улаанбаатар хотод нийт 52 сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж ашиглалтад орно. Үүнээс 20 сургууль, 23 цэцэрлэг, хоёр спорт цогцолбор ашиглалтад орох юм. Зургаадугаар сарын 17-нд нийслэлийн төсөвт тодотгол хийж, 2027 онд ашиглалтад орох байсан барилга, байгууламжуудыг энэ хичээлийн шинэ жилд бэлэн байлгах зорилгоор нэмэлт хөрөнгийг тусгасан. Ингэснээр дахин нэг жил хүлээгдэх байсан сургууль энэ хичээлийн жилээс ашиглалтад орно. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 30 дугаар сургууль юм. Нийслэлийн нягтаршил ихтэй хэсгүүдэд хотхоны бага сургууль байгуулахаар объектуудын судалгааг хийж байна. Наймдугаар сарын 15-ны дотор ерөнхий боловсролын сургуулиудад хийж буй засварын ажлуудыг дуусгах чиглэл өгсөн” гэв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ.
102 тусгай дугаарт 2321 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 801, гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
102

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар хулгана өдөр

Аргын тооллын 8 сарын 6. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
Зуны адаг хөхөгчин хонь сарын 23, хар хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, од гоё хүүхэн-1, хүчин төгсөх барилдлагат. Лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:20.
Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
Үс засуулах, гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, равнай үйлдэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 08-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34…+39 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа