Author Archives: baaska baaska

Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа.

Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийг арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн засварлах үүрэг даалгаврыг гүйцэтгэгч нарт өгсөн. Үүний дагуу нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлийг наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд хийсэн. Тус ажлын хүрээнд 1.6 км авто замыг шинэчилж, явган зам, дугуйн замын ажлыг гүйцэтгэж дууслаа” гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах “Хоосон таваг” аян эхэллээ

Хот байгуулалт, хотын стандартын газраас нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газартай хамтран 2022 онд НИТХ-аар баталсан “Хог хаягдлын менежмент” бүлгийн хотын стандартыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилгоор “Хоосон таваг” аяныг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Өнгөрсөн онуудад “Хог хаягдлын менежмент” бүлгийн UCS 1701A:2022 хотын стандартын хэрэгжилтийн хангах чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж байсан. Харин энэ онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд руу чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Хүнсний органик хаягдал нь хурдан хугацаанд муудаж өөрөөсөө үнэр, шингэн ялгаруулдаг бөгөөд бусад хог хаягдлыг урвалд орох, ялзрах химийн хорт бодис ялгаруулах үндсэн шалтгаан нөхцөл болдог. Иймээс хүнсний органик хог хаягдлыг тусад нь хадгалах, эх үүсвэр дээр нь бууруулах нь өндөр ач холбогдолтой гэдгийг Хот байгуулалт, хотын стандартын газрын Агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Болороос онцолж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин могой өдөр

2024 оны 11 сар.
Намрын адаг хөх нохой (их) сар, 6 цагаан мэнгэ, төмөр суудал.
-Аргын тооллын 11 дүгээр сарын 1. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 30, шарагчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, од салхины эх-14, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:37-17:34.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, суурь тавих, угаал, залбирах талбих, өс дарах, амраг садан бололцох, багш шавь барилдах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, арилжаа наймаа хийх, заргалдах, замд гарах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн хуучин буюу зүүн талын гүүрний хөдөлгөөнийг хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх юм. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “2022 онд Зайсангийн хос гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар баруун талын шинэ гүүрний барилгын ажлыг дуусгаж хөдөлгөөнийг нээсэн. Харин зүүн талын хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барина. 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар луу өдөр

-Аргын тооллын 10 дугаар сарын 31. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын 29, шар луу, мэнгэ 3 хөх, суудал гал, од тэргүүн дагуул-13, хотол чуулган барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:35-17:35.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Санасан зөв ажил хэрэг бүтэх маш сайн. Муу нь:газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах, эсгэх, үс засуулах, хурим хийх, морь уралдах, эд, мал худалдах, малын үс, ноос хяргах, арилжаа хийх муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 2 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад уулархаг нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

                         2024 оны 10-р сарын 30-ны 20 цагаас 10-р сарын 31-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +7…+12 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монголын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр” арван долоодугаар жарны Модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны Бямба гарагт тохионо.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан энэ Бямба гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургааль, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлнэ.

Мөн энэ өдөр Монголын түүх судлалыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурах, гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг дэмжих, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг эмхэтгэн хэвлүүлэх, олон нийтийн түүхийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх цогц арга хэмжээг тусгана гэдгийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал тэмдэглэв.

Мөн өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа болж, төр, засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Түүнчлэн “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг анх удаа гардуулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Богд хааны Ордон музейд тууль хайлна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан”  одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өглөө.

Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж байна.

“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-д “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-ийг шагнаж болохоор заасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулна.

Бан Ги Мүн-ий Монгол Улс, БНСУ-ын харилцаанд оруулсан хувь нэмэр  

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

Тэрбээр 2004-2006 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдаар ажиллаж байхдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хёны 2006 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг хэрэгжүүлсэн.

Айлчлалын дүнд:

  • 1999 онд тунхагласан Монгол Улс, БНСУ-ын “бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан харилцааг “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл” болгон шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон,
  • Хоёр улсын хамтын ажиллагааг мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, барилга, зам, тээврийн салбарт өргөжүүлж, яам, байгууллага хоорондын харилцаа холбоо бэхэжсэн,
  • Хоёр улсын Засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, хоёр улсад оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн солилцоог эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2009 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.    

Энэ айлчлал Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн  баталгаа болохыг дэлхий дахинд нотлон харуулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм.

Мөн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага болон Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж байсан төр, засгийн үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг олон улсад таниулсан түүхтэй.

Хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн юм.

Бан Ги Мүн “Монгол Улс нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй үлгэр жишээ цөөхөн орны нэг” гэж үнэлсэн.

Энэ нь манай улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг сайшаасан, олон улсын түвшинд таниулах ач холбогдолтой байлаа.

Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудын дийлэнхийг амжилттай хэрэгжүүлсэн. Найман зорилгоос гадна Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай 9 дүгээр зорилгыг нэмж батлан хэрэгжүүлээд байна.

Бан Ги Мүн айлчлалынхаа үеэр:

  • “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй” сэдвээр лекц уншсан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болсон,
  • Зэвсэгт хүчний энхийг дэмжих сургалтын төвд зочилж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй Монгол Улс, хүлээсэн үүргээ нэр төртэй, сахилга баттай гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад НҮБ бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотолсон,
  • Улаанбаатар хот дахь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийг нээж, Монгол Улс далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт манлайлах үүрэгтэй оролцох үндэс суурийг тавьсан. Дамжин өнгөрөх тээврийн үр ашигтай тогтолцоо бий болгох, зардлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр энэ төвийг НҮБ бүх талаар дэмжиж, туслахаа мэдэгдсэн.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээндээ, “Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Олон улсын 140 гэрээ, конвецид нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй ажиллаж байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд энх тайван замаар дэвшин орсонд бид бахархдаг” гэж онцолж байлаа.

Бан Ги Мүн-ий санаачилсан болон тэргүүлдэг төрийн бус байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр манай улсад хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хамтран ажиллаж байна.

Тухайлбал “Ногоон хөгжлийн сан” 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж, “Global green growth” институт нь 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь АНУ-ын Стэнфорд их сургуультай хамтран Улаанбаатар хотноо 2003, 2004 онд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн юм.

Мөн “Азийн төлөөх Боао форум”-ын тэргүүний хувиар 2019 онд Улаанбаатар хотноо болсон Боао форумын бага хуралд оролцсон бөгөөд “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Солонгос, Монголын ирээдүйн стратеги” форумыг 2023 онд Сөүл хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад  дэмжиж оролцжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  /2007-2016/

Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь, Ази, Номхон далайн орнуудаас сонгогдсон хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга.

Бан Ги Мүний анхны томоохон санаачилгуудын нэг нь 2007 оны Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт юм. Түүний дипломат хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд орсон.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, засгийн тэргүүнүүдийг улс төрийн зориг гаргахыг уриалж, ирээдүй хойч үе, олон тэрбум хүний амьдрал, хүсэл тэмүүлэл тэдний гарт байгааг сануулж байсан удаатай.

Энэ нь биеллээ олж, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой “Парисын хэлэлцээр” батлагдсан юм.

190 гаруй орон, түүний дотор Монгол Улс хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан энэ хэлэлцээр дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан, том урам, зориг өгсөн үйл явдал болж байлаа.

Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарсан

  • Мянганы хөгжлийн зорилтуудын асуудлаарх дээд хэмжээний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан хугацааныхаа сүүлийн жил хүртэл зохион байгуулсан. Энэ хүч чармайлтын дүнд Мянганы хөгжлийн зорилтуудын ихэнхийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргаж чадсан,
  • Дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст дуу хоолойгоо хүргэж, НҮБ-ыг бэхжүүлэхийн тулд гүүр нь байхыг эрмэлзэж ирсэн,
  • Африк тив болон эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн дэлхийн шинэ стратегид 60 тэрбум гаруй ам.долларын хандив босгож чадсан. 2008 оны хүнс, эрчим хүч, эдийн засгийн хямралын оргил үед хөгжиж буй орнуудад нэг их наяд ам.долларын санхүүжилт олгохыг Их-20-д уриалж, олон улсын хариу арга хэмжээг удирдан чиглүүлэх, эмзэг бүлэг, ядуу хүмүүсийг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн,

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлсэн

  • Өвөрмөц дипломат арга барил, гүйцэтгэсэн үүргээрээ даян дэлхийн амар амгалан байдал, эв нэгдлийг илэрхийлсэн,
  • НҮБ-ын 120,000 цэнхэр дуулгатны нөлөөллийг сайжруулахад чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжих зэрэг багц арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн,
  • Зэвсэг хураах асуудлаарх төлөвлөгөө, Зэвсэг хураах бага хурлыг гацаанаас гаргах хүчин чармайлт, Фүкүшима атомын цахилгаан станцад болсон эмгэнэлт явдлын дараах цөмийн аюулгүй байдалд дахин анхаарал хандуулах замаар зэвсэг хураах асуудлыг шинэчлэхийг эрмэлзсэн.

НҮБ-д шинэчлэл хийсэн  

  • НҮБ-ын Ёс зүйн албыг бэхжүүлж, байгууллагаа ил тод, үр дүнтэй, үр өгөөжтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, тэр дундаа санхүүгийн ил тод байдлын шаардлагуудыг нэмэх, бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний нөхцөлийг уялдуулах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан,
  • Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын төлөө олон ажил, санаачилга дэвшүүлж ажилласан. Ялангуяа НҮБ-ын хүрээнд удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог 40 гаруй хувиар нэмэгдүүлж, байгууллагын түүхэнд хамгийн өндөр түвшинд хүргэжээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:

  1.  2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  4. 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
  6. 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
  9. 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
  12. 2019 онд The Hu хамтлаг
  13. 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
  14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
  15. 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
  16. 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө.

Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев нар үдэж мордууллаа.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ тунхаглан зарлалаа. Ингэснээр Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.  Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч К.Токаевт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо. Хүндэт зочныг Соёлын сайд Ч.Номин, музейн захирал С.Чулуун нар угтан авч, музейн үйл ажиллагаа, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхийг товч танилцууллаа.

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа боллоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Казахстан Улсад ажиллаж буй 3000 гаруй монгол иргэд монгол улсдаа тэтгэврээ тогтоолгох боломжтой боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд ноён Скляр Роман Васильевичтэй “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу иргэдийнхээ тэтгэврийг тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх асуудлыг зохицуулсан.

Тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 3 мянга гаруй Монгол Улсын иргэд хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах чухал ач холбогдолтой хэлэлцээр боллоо.

Хэлэлцээрийг хоёр улсын парламентаас соёрхон баталснаар хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтөчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал болон удирдлагын багийг нээлттэй сонгон шалгаруулна
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр олон улсын сайн туршлага, олон улсын мэргэжлийн түвшний хүний нөөцийн хэрэгцээ нэмэгдэж байна. МХБ-ийн хувьд дэд бүтцийн системийг шинэчлэх, зах зээлийг тэлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагад үндэслэн компанийн үйл ажиллагааны үр ашиг, орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хадгалах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцийн эрсдэлийг зохистой түвшинд тогтмол байлгах зэрэг зах зээлийн шаардлага үүсээд байна.
Гүйцэтгэх захирал болон удирдлагын багийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах ажлыг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна. Компанийн удирдлагын багийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, олон улсын сайн туршлагатай, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх боломжтой юм.
Нээлттэй сонгон шалгаруулалтын урилгыг энэ онд багтаан Хөрөнгийн биржийн цахим хуудаст нийтэлнэ. Мөн олон оролцогчийн оролцоог хангах үүднээс дотоодын болон олон улсын мэдээллийн агентлагуудаар дамжуулан зарлах ажээ.

Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтөчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нэвтрүүлж буй талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард”-ын мэдээллийг Улсын Их Хурал, түүнээс удирдлага нь томилогддог байгууллага болон төрийн захиргааны байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан танилцах боломжийг бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега-төслийн хэрэгжилт, түүний явцын талаарх мэдээллийг төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/ хуудсаар дамжуулан танилцуулж, иргэдийн саналд хүсэлтийг авах, хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Мөн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн системд дахин давтагдах шинжтэй болон өмнө нь шийдэгдэж байсан асуудлаар иргэдийн хандалтад шууд хариулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, зааварчилгаа өгөх боломжийг хиймэл оюун ухаанд суурилж бүрдүүлэх нь зүйтэй гэлээ.
 
Товч мэдээ
·      “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг хамтран барихтай холбоотойгоор БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас ирүүлсэн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн
хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлтийг судалж Улсын Их хурал, Засгийн газарт танилцуулж, холбогдох хуулиуд, мөн УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд тусгайлсан хуулийн төсөл боловсруулж энэ оныарваннэгдүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт тус тус даалгалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сайжруулсан шахмал түлшний 88 мянган тонн нөөц бүрдүүлээд байна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван рейсийн давтамжтайгаар сайжруулсан түлшийг тээвэрлэж байна. Нийт 650 борлуулалтын цэг ажилладаг.

2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг 8 удаа, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 3 удаа хийгээд байна. Хяналт шалгалтаар сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч, мидлингээс дээж авч лабораторийн 24 дээж шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн 10 дүгнэлт гарган хүргүүлжээ. Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан” хэмээн гарчээ. Одоогийн байдлаар 2024 оны хагас жилийн хугацаанд 15 дээжийг шинжилгээнд өгч, дүгнүүлжээ.

Нэмэлт мэдээлэл дурдахад, Таван толгой түлш” ХХК-ийн Төвийн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Халаалтын улиралд дунджаар 2 шугам ажиллаж, 600-800 тонн түлш үйлдвэрлэж байна. Зүүн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар хоногт 3 шугам ажиллаж, нийт 2100-2300 тонн түлш үйлдвэрлэж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин туулай өдөр

-Аргын тооллын 10 дугаар сарын 30. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын 28, улаагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал хий, од тугчин-12, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:33-17:37.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлдөрх, цонхонд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

“СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев нар гарын үсэг зурлаа.
  • Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсоныг төрийн тэргүүнүүд тунхаглан зарлалаа. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн: 

1. ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
  1. Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,
  • Хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх асуудлыг зохицуулсан. Хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, одоогоор тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 3 мянга гаруй Монгол Улсын иргэд хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах чухал ач холбогдолтой. Хэлэлцээр шинээр байгуулах чиглэлээр 2018 оноос хойш ажиллан, 17 удаа хэлэлцээ хийсний үр дүнд хэлэлцээрийг ийнхүү эцэслэн байгууллаа.
  1.  “МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХООРОНД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ТУХАЙ 2025-2027 ОНУУДЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ”-д

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,

  • Худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарт 2025-2027 авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.
  1.  “НИСЭХИЙН ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

    Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,

  • Эрэн хайх, авран туслах байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын нутаг дэвсгэрт аюулд нэрвэгдсэн иргэдийг богино хугацаанд эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх зорилгоор яаралтай мэдээлэл солилцох, өөрийн харьяаллын бүсэд нөгөө талын агаарын болон газрын эрэн хайх, авран туслах байгууллагыг ажиллуулж, иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдлээ.
  1.  “МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

    Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,

  • Олон улсын хоёр талын болон дамжин өнгөрөх тээврээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах замаар хоёр улсын хоорондын авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, хуурай боомтын үйл ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монгол-Казахстаны чиглэлийн тээвэрлэлтийг хөгжүүлнэ. Энэ нь тээвэрлэлтийн түргэн шуурхай, тогтвортой байдлыг хангах, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.
  1. “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2025-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мурат Нуртлеу,

  • Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд 2025-2027 онд хоёр улсын Гадаад харилцааны яам тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгалаа. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулах, харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах зэргийг харилцан тохиролцлоо.
  1.  “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СОЁЛ, МЭДЭЭЛЛИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева,

  • Соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр хамтран зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр судалдаа хийж, соёлын солилцоог нэмэгдүүлнэ. Түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой улсуудын хувьд соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ.
  1. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев,

  • Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээ хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ. Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

  1. “ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ БОЛОН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

    Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров,

  • Арьс шир, ноосны боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, талуудын инженер, техникийн ажилтан, төрийн болон аж ахуйн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэх болон арьс шир, ноос гүн боловсруулахад хөрөнгө оруулалт татах, технологи нутагшуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарч ажиллана. Малын арьс шир, ноос боловсруулах хяналтын тогтолцоо, стандарт, лабораторийн байгууламжийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Цаашид хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юм.
  • Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн систем үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлж, энэ салбарт мэдээлэл солилцохоор тохиролцлоо. Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээгээр мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн шаардлагыг харилцан тохиролцох замаар мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.
  1. “МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, САНСРЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

    Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Цэндийн Баатархүү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрлэлийн сайд Жаслан Мадиев,

  • Үндэсний хэмжээнд тулгамдсан асуудлуудыг мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чиглэлээр туршлага хуваалцана. Энэ салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, гарааны бизнес эрхлэлтийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах, хиймэл оюун ухаан дээр түшиглэсэн шийдлийг улсын байгууллагуудад нийлүүлдэг платформыг харилцан туршлага судлахаар тохиролцлоо. Мөн хоёр улс мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо хөгжилд шинэ үеийн технологи, шинжлэх ухаан, өндөр технологийг түлхүү ашиглах чиглэлээр хамтран ажиллана.
  1. “ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-т

    Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Гун-Аажавын Манлайжав, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев нар гарын үсэг зурлаа.

  • Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хүрээнд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагаа зэргээр туршлага солилцох, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтарсан онол, практикийн сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах зэргээр хамтарч ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа