Author Archives: baaska baaska

Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон юм. Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Харин нийслэл 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байж 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой болж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно” гэв.

Тодруулбал, нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  4. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
  5. Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал,

  • Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал,

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно.

Ташрамд, автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох журмын дагуу гурван жил болон түүнээс дээш хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 57 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан ба эдгээрийн дугаарыг шалгуур үзүүлэлт хангасан автотээврийн хэрэгсэлд шилжүүлэн өгөх боломжтой. Мөн Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр нийслэл хотод техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орох хугацаа хэтэрсэн Улаанбаатар хотын бүртгэлийн дугаартай 81,961 тээврийн хэрэгсэл байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар нохой өдөр

-Аргын тооллын 10 дугаар сарын 25. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 24, хар нохой, мэнгэ 9 улаан, суудал төмөр, од үнэг-8, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:26-17:45.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, равнайлах, малын үс, ноос хяргах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 4 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч 0…+2 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн төлөө сангийн мөнгийг хүүхдэд зориулсан барилга байгууламж барихад зарцуулна

Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг батлан хэрэгжүүлсэн. Тус журам хэрэгжсэнээс хойших хугацаанд автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос 16,9 тэрбум, “Хүүхдийн фонд” ТББ-аас буюу соёл, урлаг, спортын тоглолтын орлогоос 2,1 тэрбум, байгууллага, иргэдээс ирүүлсэн хандив 17,2 сая төгрөг, нийт 19,0 тэрбум төгрөгийн орлого тус санд төвлөрчээ.
Үүнээс олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцож тус журамд заасан болзол шалгуур хангасан 217 хүүхдийн шагнал урамшуулал, дэмжлэгийг олгоход 490,9 сая төгрөг зарцуулагдаад байна.
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталлаа.
Журмын шинэчлэлээр сангийн хөрөнгөөс санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ буюу хүүхдэд зориулсан барилга байгууламж шинээр барих, хүүхдэд зориулсан барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зохицуулалт тусган, хүрээг тогтоосон.
Мөн тус сангаас санхүүжилтээр дэмжих төслийн саналыг тухайн жилийн төсвийн хуулиар батлагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгуулах хүртэлх үе шат, хугацааг нарийвчлан тусгалаа.
Хүүхдийн төлөө сангаас олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдэд олгож буй шагнал урамшууллыг Засгийн газраас олгох шагнал урамшуулалтай давхардуулан олгохгүй байх зохицуулалтыг тусгаж, уралдаан тэмцээн, наадам, олимпиадын жагсаалтыг шинэчлэн баталлаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж, баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хамт олонд нь баяр хүргэлээ.
Нэгдсэн Үндэстний байгууллага 1945 оны аравдугаар сарын 24-нд олон улсын хууль, эдийн засаг, нийгмийн хөгжил болон хүний эрхийг ханган ажиллахаар байгуулагдсан, энэ нь дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших томоохон дэвшил болсон юм. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж НҮБ-д төрийн далбаагаа мандуулжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 60 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хангах, олон улсын тавцанд өөрийн орны байр суурийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон чиглэлд анхаарал хандуулж ажиллаж ирснийг онцлоод НҮБ Ковид-19 цар тахлын хүнд үед хүн амын 80 хувийг вакцинжуулахад, 2023-2024 оны зудын үед 12,000 малчин өрхөд тусламж үзүүлж, 1.5 сая ам.долларын хандив, тусламж үзүүлсэн зэргээр Монгол Улсын хөгжил дэвшилд олон жилийн турш хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй НҮБ-ын түншлэл, НҮБ-ын удирдлага, албан хаагчдад талархал илэрхийллээ.
Монгол Улсын “Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэлхий дахины дэвшилтэт үзэл баримтлалыг үндэсний онцлогтойгоо уялдуулан хэрэгжүүлж байна. Үүнд НҮБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичиг чухал дэмжлэг болж буйг Ерөнхий сайд хэллээ.

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хүний хөгжил, ногоон хүртээмж, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийн асуудлыг стратегийн тэргүүлэх чиглэл болгон хамтран ажиллаж байна.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн цагаас бидний харилцаа өргөжин тэлж, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван салбарт Монгол Улс багагүй ахиц дэвшил гаргаж буйг тэмдэглээд эдийн засгийн салбарт хурдацтай өсөлт бий болгож чадаж буйг онцоллоо.

Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой байлгах, хурдтай хөгжихийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулж, хөгжлийн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнууд, хөгжлийн түнш байгууллагуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр зарлаад байна. “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн 17 зорилтыг хангахад чухал хувь нэмэр болох 14 мега төсөл, 14 реформ болон “Алсын хараа-2050” үндэсний хорооны үйл ажиллагааг уялдуулан ажиллахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын баг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд шинэ түвшинд ахиж, “хөгжлийн тусламж”-аас илүүтэй “хөгжлийн хамтын ажиллагаа”-нд төвлөрч буй. Цаашид хүний нөөц, хиймэл оюун ухаан, ногоон шилжилт зэрэг гурван том асуудалд анхаарч ажиллах нь зүйтэйг Ерөнхий сайд онцолж НҮБ-ын дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, агуулга, цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа дахин илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эмгэнэл

Бидний анд нөхөр, Өмнөговь аймгийн Говь HD телевизийн захирал, найруулагч, сэтгүүлч Мөнхтогоогийн Мөнхбат 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж, ачлалт ээж, ахан дүүс, анд нөхөд, хэвлэл мэдээллийн салбарын хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
М.Мөнхбат нь 1981 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд айлын 5 дахь хүү болон мэндэлжээ.
1998 онд Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, Харцага дээд сургуульд элсэн суралцан, Тайз дэлгэцийн найруулагч мэргэжил эзэмшсэн билээ. Ажил амьдралын анхны гараагаа “Сурагч” сонины менежер, сурвалжлагчаар ажиллаж эхэлснээр хэвлэл мэдээллийн салбартай салшгүй холбогдсон түүхтэй.
Тэрээр Улаанбаатар хотод өдөр тутмын сонинд сурвалжлагч, УИХ-ын гишүүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2008 онд төрж өссөн Өмнөговь аймагтаа ирж, 21-р суваг телевиз, UCTV, Говь HD телевизийн захирал, найруулагч, сэтгүүлчээр ажиллаж, говь нутгийн зон олондоо мэдээ мэдээллийг шуурхай хүргэн, ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
М.Мөнхбат нь сайн сэтгүүлч, найруулагч, менежер төдийгүй олон залуусыг сургаж хөгжүүлсэн чадварлаг “багш” билээ. Түүний бэлтгэсэн сэтгүүлч, зураглаач, найруулагч олон залуус хэвлэл мэдээллийн салбартаа амжилттай ажиллаж байна.
М.Мөнхбат нь МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж, бүх л арга хэмжээнд хэвлэл мэдээллийн салбарын хамт олноо манлайлан оролцдог идэвх санаачилгатай анд нөхөр минь байлаа.
Хэвлэл мэдээллийн салбарт ажилласан хорь гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлж МСНЭ-ийн дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн”, Өмнөговь аймгийн оны шилдэг сэтгүүлчийн “Мөнгөн үзэг” цомын эзэн болсон шилдэг гишүүн минь байсан юм.
Түүний минь өрөвч нинжин, хүнлэг элгэмсүү, тусч нөхөрсөг, ажилч хичээнгүй, зарчимч тууштай зан чанар бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдлээ.
Хайртай ээж, гэр бүл, ахан дүүс, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МСНЭ-ИЙН ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХАМТ ОЛОН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Монгол гэр бүл” өдөрлөгийн үеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ

БНСУ-д оршин сууж, ажиллаж амьдарч буй гэр бүл, иргэдэд зориулсан “Монгол гэр бүл” нээлттэй өдөрлөг 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр /бямба гарагт/ зохион байгуулагдана.
Өдөрлөгийн үеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс “ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” үзүүлэх тул БНСУ-д оршин суугаа иргэд Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
– Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
– Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
– Гадаад паспорт захиалга
– Төрсний бүртгэл
– Гэрлэлтийн бүртгэл
– Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
– Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
Консулын хэлтэстэй холбогдох утасны дугаар: 010-9595-3464
Анхаарах зүйл: Иргэд Та бүхэн үйлчилгээ авахаар хүрэлцэн ирэхдээ цахим иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспорт болон холбогдох бусад бичиг баримтаа авч ирэх шаардлагатайг анхаарна уу.
Хаяг, байршил: Сөүл хот, Солонгос дахь Монгол сургууль
서울 광진구 광장로 1 (광장동) 재한몽골 학교
1 Gwangjang-ro, Gwangjin District, Seoul
(Zip code) 04982
Лавлах утас: 02-2266-8228, 02-2266-9229 /Зохион байгуулагч ГБХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн утас/
464334511_1114052713416963_3393200083132027904_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв жилд 5000 орчим хүнд үйлчилгээ үзүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулахаар шийдвэрлэлээ.

Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, түгээмэл загвар бүхий 4112 м.кв талбайтай 8 давхар барилгыг барьж ашиглалтад оруулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогчдод үйлчилгээ үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, инновацийг нэвтрүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн:

–       Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх;

–       Ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах;

–       Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх;

–       Эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхлэхэд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;

–       Сэргээн засах /хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал гэх мэт/ үйлчилгээ үзүүлэх;

–       Ажилд зуучлах;

–       Ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээ;

–       Бизнес инкубацийн үйлчилгээ.

Ажил олгогчдод чиглэсэн:

–       Ажлын байрны хүртээмжийг сайжруулах, тохируулга хийх;

–       Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн зохицуулалт, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө өгөх;

–       Хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах.

Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд:

–       Хөгжлийн бэрхшээл судлал;

–       Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, статистик;

–       Туслах технологи, мэдээллийн технологи, инновацийг хөгжүүлэх гэх мэт.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ нь цогц дэмжлэг, нийтлэг үйлчилгээ гэсэн үндсэн хэлбэртэй байх ба мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Жилд 5000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн, ажил олгогчид үйлчилгээ үзүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Техникийн хяналтын үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Зөрчлийн хуульд торгуулсан жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө. Харин Зөрчлийн хуульд заасан 15 хоногоос хэтрүүлбэл торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зохицуулалт орсон. Хугацаандаа торгуулиа төлөөгүй тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан шүүхэд хүсэлт хүргүүлээд торгох шийтгэлийг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулахаар өөрчлөх боломжтой.

Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Улсын Ерөнхий Прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал гарч жолоодох эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан шүүх болон эрх бүхий байгууллага хоорондын үйл ажиллагааг зохицуулах, мэдээлэл солилцох журам, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлалыг баталсан.Энэ журмаар шийтгэл оногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөрүүлнэ. Харин хугацаа дууссан буюу 16 дахь хоногоос сар бүр үндсэн торгуулийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж оногдуулахаар журамд тусгасан. Мөн хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулахаар журамд тусгаад буйг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ талаар ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан ” Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгасан. Үүнээс гадна хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулах журам батлагдсан. Тиймээс 12 дугаар сарын 01-ний өдрөөс техникийн хяналтын үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөн оролцохыг хязгаарлана” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин тахиа өдөр

-Аргын тооллын 10 дугаар сарын 24. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын 23, цагаагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал шороо, од найралт эх-7, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:24-17:47.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай маш сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, мал гаргах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж,ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2024 оны 10-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн.

2009 онд УИХ-аас баталсан Цөмийн энергийн тухай хууль нь 8 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 8 бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулж байжээ. Хууль хэрэгжих хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийг харгалзан холбогдох өөрчлөлтийг эдгээр хууль тогтоомжид оруулах зүй ёсны шаардлага үүссэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ

“Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдүгээрт, цахимжуулалт, хиймэл оюун ухаан, технологийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт хийх чиглэлээр стратеги, төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бүх байгууллагуудад уриалах, стратеги, төлөвлөгөөг салбар, улсын хэмжээнд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд 2025 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт танилцуулах, албан даалгаврыг биелүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжийн хүрээнд зохих хариуцлага тооцохыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгав.

Товч мэдээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөлд багтсан Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөр ахлуулан шинэчлэн зохион байгуулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдэд байгаль орчин, экологийн боловсрол олгох төгөл байгууллаа

Монголын явган алхалтын холбоо нь БНЧУ-ын ЭСЯ, Czech Aid байгууллага, Менделийн их сургуультай хамтран “Хүүхэд-гэр бүлийн экологийн боловсролын төгөл” (Kids Eco-Zone) -г Богдхан уулын Зайсангийн амны Дугуй цагааны чиглэлд, ойн чөлөөнд байгуулж албан ёсоор (2024.10.19) нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, БНЧУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Ноён Ян Вытопил, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, Чех улсын Менделийн сургуулийн доктор, профессор Вацлав ПЕЦИНА, Монголын явган алхалтын холбооны тэргүүн Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ, салбар холбоодын гишүүд, тэр дундаа бяцхан гишүүд, хүүхдүүд оролцлоо.
Арга хэмжээний үеэр “Өсвөрийн алхагчид” клуб албан ёсоор нээгдэж, үүсгэн байгуулагч хүүхдүүд албан ёсоор туг, гэрчилгээгээ гардан авч, мөн өсвөрийн байгаль хамгаалагчдын эгнээнд нэгдэцгээлээ. Монголд анх удаа хүүхдүүд нийлж, алхалтын клубээ ийнхүү байгуулснаар байгаль эх дэлхийгээ танин мэдэх, хайрлан хамгаалах, эрүүл зөв амьдралын дадал хэвшлийг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа бүтээлч үйл хэрэг болж байна.
Тус төгөлийг Forests for Life төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хүүхдийн нас, бие, сонирхолд нийцүүлсэн бүтээлч орчин болгон тохижуулж, мэдээллийн самбар, тоглоомуудыг Чех улсад үйлдвэрлүүлэн авчирч байршуулсан юм. Хүүхэд багачууд танхимд бус байгальд тоглоомын идэвхтэй аргаар суралцах, анги хамт олон, гэр бүлээрээ экскурс явган аяллаар очиж байгаль орчин, экологийн талаарх мэдлэг олж авах, сонирхолтой тоглоомуудаар тоглонгоо олж авсан мэдлэгээ баталгаажуулах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцох боломжтой болжээ. Унасан мөчрийг ашиглан босгосон урц, ургаа том хад бүхий байгалийн тайз, хус, хуш, нарс, хар модон ой, олон зүйлийн өвс ургамал, уулын горхины хоржигнох чимээ, шувуудын жиргээ энэ бүхний цогц нийцэл бүхий байгальд хүүхэд багачууд маань амьдралынхаа аз жаргалтай мөчийг бүтээх боломжтой болсонд олон эцэг эх, эмээ өвөө нар баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Хүүхэд, багачуудын маань баярт мөчийг хуваалцаж МонКонди брэнд, Гудвилл брэнд хамтдаа байж, ирсэн хүн бүрд бэлэг гардуулсан нь байгаль, экологийн боловсролыг дэмжсэн сайн үйлс болжээ.
Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо чухал бөгөөд олон нийтийн байгууллагын санаачилга бодит биелэл болж байгаа нь сайшаалтай. Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон хүүхдийн төлөө хамтдаа хичээцгээе! Зайсангийн амны ойн бяцхан чөлөөнд “Хүүхдийн эко-боловсролын төгөл”-ийг зорьсон эцэг, эх, хүүхэд, гэр бүлүүд олон байх нь дамжиггүй юм.
01
03

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Загасны уурга нь цахилгааны утсанд хүрснээр тогонд цохиулж амиа алджээ

Өчигдөр буюу /2024.10.22/ өдөр Ховд голын эрэг дээр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал Ховд голоос загас барихаар очсон 35 настай иргэн өндөр хүчдэлийн шугамд өлгөгдсөн загасны уургыг татаж буулгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж, амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 17 цаг орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Иймд иргэд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа