Author Archives: baaska baaska

Гол, усны ойролцоо байрлахгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэдийг үер усны ослоос урьдчилан сэргийлж голын эрэг орчимд аялаж зугаалахгүй байх, аюулгүй байдлыг хангуулж эрэг орчимд хонож байрласан, байрлах гэж яваа амрагчдад зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэн холдуулах арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, Улаанзагалмайн хороонтой зохион байгуулж байна.
Иймд гол, усны ойролцоо байрлахгүй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Бурхан буудай хайрхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр Бурхан буудай хайрхан уулын Тахилгат овоонд боллоо.

Бурхан хэмээн хүндэтгэн, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрханы нэг Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гарган, төрийн тахилгатай болгож, анхны төрийн тахилгыг үйлдлээ.

Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тэмдэглэв. Байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгов.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Говь-Алтайчууд дэмжин 108 сая мод тарих амлалт өгч, бусад аймгаа манлайлсанд төрийн тэргүүн талархал илэрхийллээ.

Хүн төрөлхтний өв соёлыг хадгалсан онгон дагшин байгальтай, эрдэнэс баялгийн арвин сан хөмрөгтэй алтайчууд нутаг орноо улам бүр хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхийг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Бурхан буудай хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.

Лам хуврагууд Буман цагаан судар, Бурхан буудай хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Говь-Алтай аймгийн Бугат сумын “Засагт хан” клубын харваач, Монгол Улсын мэргэн Б.Дашзэвэгт хүлээлгэн өгч, Говь-тус аймгийн Цогт сумын Төгрөг багийн малчин С.Мандахнарангийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.

Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутгийг дамнан орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистой явуулах зорилгоор 1996 онд улсын тусгай хамгаалалтанд авсан түүхтэй.

Уулын ноён оргил нь 3,765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх, асга нуранги ихтэй. Уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран гол эх авч урсдаг.

Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс, жимсгэнэ ургадаг.

Аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувуу элбэгтэй. Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр  байц хад, хадан хавцал байдаг.

Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж иржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан нохой өдөр

-Аргын тооллын 7 дугаар сарын 21. Ням (Адьяа) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 15, улаан нохой, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, элдэв тэнгэртэн-20 од, түлэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:15-20:41.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин луу, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
–Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, сайн үйлийг эхлэх, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, мал хөнгөлөх, нохой тэжээх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, үхэгсдийн үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 23 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 07-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27…+32 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19…+21 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг батлав

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг батлав. Үүнийг сургуулиудад даруй хүргүүлнэ. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно. Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм. Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхыг анхаарч ажиллана.

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн нэг онцлог нь бие даалтыг оруулж ирсэн явдал болно. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна.

Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгож байгаа. Гэсэн хэдий ч баяр наадмын өдрүүдэд хүрээлэнгийн чанх ард 7 мянган ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан. Зогсоолд нийт 220 автомашин зогсох боломжтой бөгөөд үүний найм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бол тав нь том оврын автобусны зогсоол байхаар төлөвлөсөн. Уг зогсоолыг томоохон арга хэмжээ болох үед л авто зогсоол хэлбэрээр ашиглана. Бусад үед 80 хувьд нь автомашингүй бүс байхаар зохицуулалт хийх юм. Мөн хүрээлэнгийн чанх ард 40 гаруй машины авто зогсоол шийдэж өгсөн бөгөөд баяр наадмын үеэр эл зогсоолд хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулна гэлээ.

Мөн өмнө нь цэнгэлдэх хүрээлэнг тойруулан байршуулсан 150 мВт-ын лед гэрэл нь зөвхөн тухайн орчмоо л гэрэлтүүлдэг байсан бол шинээр барьсан 16 цамхагт гэрэл нь хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлэх боломжтой аж. Нэмээд есөн жил болсон хиймэл зүлгийг сур, шагайн талбайд шилжүүлэн дэвссэн. Ийн төв талбайд шинээр тоглолт болон спортын тэмцээнд ашиглах боломжтой FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилжээ.

Энэ жил баяр наадмын зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд хүрээлэнгийн нэгдсэн газрын зургийг гарган, нийгмийн сүлжээ болон хүрээлэнгийн ойр орчимд байршуулахаар төлөвлөжээ. Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүс бий болгон дотор нь олон төрлийн тоглоом байршуулж, тайзны цагийн хөтөлбөртэй арга хэмжээ зэрэг олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Тэрчлэн баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэхээр төлөвлөсөн юмТүүнчлэн гадна, дотор талбайн засварын ажлын хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан. Өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны дараа хяналт шалгалт хийхэд хэвийн ажиллаж байсан аж. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварласан байна. Нэмээд ногоон байгууламж бий болгох, орох, гарах хаалганы шатыг стандартжуулах, хаягжуулалтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлсэн.  Энэ жил шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулна гэдгийг онцолж байлаа.

Ташрамд, хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд долоодугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар зөвшөөрөл олгож буй. Наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.enaadam.mn сайтаар авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Л.Оюун-Эрдэнийг 99 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 103 нь Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, гишүүдийн 99 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Эрхэм монголчууд аа,
Юуны өмнө ардчилсан Монгол Улсын иргэн Танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.
Монголчууд бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын энэхүү сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон “жаазлан” үлдээж, олон нам, нийгмийн  бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна.
Сонгуулийн өглөөг 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах өдрүүдтэй, ШИНЭ ӨГЛӨӨТЭЙ ард түмэн маань зүйрлэн ярилцаж угтлаа.
Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа.
Мөн хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн профессор, мэргэжлийн эксперт, эмч багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон дөрөв дэх засаглалын дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч бүрэн хангагдсан байна.
Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг бүрдүүлж байна.
Тийм ч учраас энэ бол АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ, ШИНЭ 30 ЖИЛИЙН ЭХЛЭЛ болж чадлаа.
1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатай ч, ирээдүйдээ итгэлтэй байсан.

Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг
·      Улсын эрх ашиг нэгдүгээрт
·      Улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт
·      Эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой хэмээн эрх ашгийг эрэмбэлж байсан билээ.
Харамсалтай нь С.Зоригийн хүсэж мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм.

Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан.
Харин өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсэж л энэ сонголт хийгдсэн билээ.
Тангараг өргөж, бүрэн эрх бас үүргээ хэрэгжүүлж эхэлсэн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, шинэхэн Улсын Их Хурлын дарга, журмын нөхөр Дашзэгвийн Амарбаясгалан  Танд баяр хүргэж, амжилт хүсье.

 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Энэ удаагийн сонгууль зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус нийгэм, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал цаг хугацаа байна гэдэгт итгэж байна.
Улс орон бол хүний биетэй адил амьд организм билээ. Эд эс, эрхтэн бүхэн эрүүл байж, цусны эргэлт хурдсаж, дархлаа хэвийн байж эрүүл, эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмыг доголдуулж буй шалтгааныг зөв оношилж, суурь РЕФОРМхийх ёстой.

Энэ дөрвөн жил бид боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслөө хэрэгжүүлж дуусгахаас гадна
·      30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын либералчлалыг цаг алдалгүй хийхэд улс төржилгүй хамтран ажиллахыг Та бүхнээс хүсье. Эрчим хүчний салбарыг эргэн сэргээхгүйгээр хот байгуулах, эдийн засгийг тэлэх гэдэг бол хоосон мөрөөдөл юм.

·      Бүсчилсэн тойргоор анх удаа сонгууль явагдсан тул асуудлыг зөвхөн аймгийн түвшинд биш, бүсийн хэмжээнд харах, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “ТАВАН ТОЙРОГ” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг илүү эрчимжүүлэх болно.

·      Бид “аж үйлдвэр, уул уурхайн”, “сэргээгдэх эрчим хүчний”, “эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн”, “түүхэн болон байгаль, соёлын аялал жуулчлалын” төрөлжсөн бүсүүдийг бий болгож, бүс бүхэн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

·      Уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй, иргэдэд хүртээмжтэй, хөрөнгө оруулагчдад тодорхой болгох Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно.

·      Нүүрс, байгалийн баялгийн экспортын дараа манай улсын экспортлох бүтээгдэхүүн, эдийн засгийн салбар юу байх вэ гэдэгт шийдэл гаргаж эдийн засгийн бусад салбараа дэмжиж ажиллах шаардлагатай байна.

·      Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс улбаалж, нүүдлийн мал аж ахуйд томоохон хэмжээний сорилт үүсэж байна. Хоршоолох, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, гамшгийн эсрэг менежмент, онцгой байдлын салбарын шинэчлэлийг нэн шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь ч эдгээр асуудал бүх нийтийн асуудал болсныг харуулж байна.

·      Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн “их, бага тойруу” буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, эрх мэдэл салангид байх сонгодог парламентын нийтлэг зарчмын дагуу Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тухай 30 жилийн улс төрийн мэтгэлцээн шийдлээ олж чадна гэдэгт итгэлтэй байна.

·      Ингэснээр иргэдэд ээлтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг
20 минутын дотор авах гэр бүл, хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлт хийх боломж үүснэ.

·      Бид Нийслэл болон Богд уулыг тойрсон хурдны замыг барьж, Нийслэл-Хөшигийн хөндийг холбосон гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаан эхлүүлэх шаардлагатай.

·      Хот байгуулалтын төлөвлөгөөг бүсчлэн эрчимжүүлж, Хархорум, Шинэ Зуунмод зэрэг шинэ хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх болно.

Бид тавьсан зорилго зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.
Эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил бүхэн эдийн засгийн өсөлт багадаа 6-7 хувийн өсөлттэй байх шаардлагатай бөгөөд аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно.

Энэхүү эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлага бий. Сонгодог парламентын засаглалыг бүрдүүлэхэд эрс шинэчлэл хийгдсэн энэхүү суурин дээр Төрийн бүтцийн дахин төлөвлөлтийг сонгодог парламентын засаглал хөгжсөн улс орнуудын нийтлэг жишигт уялдуулах зүй ёсны шаардлага урган гарч байна.
Нэг үгээр хэлбэл төрийн байгууллагуудын бүтэц ерөнхий биш, тухайлсан асуудлыг нарийвчлан хариуцах, хариуцлага хүлээх, үнэлэлт дүгнэлт өгдөг байх тогтолцоонд шилжихэд энэ парламент чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Ерөнхий сайдын хувьд сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандаж, дэмжигдсэн хөтөлбөр бүрийн давхцлыг олж, товч, тодорхой, үр дүнтэй хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгох болно.
Энэхүү хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, олон улсын геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан зарчим, хөтөлбөрийг дэмжсэн тохиолдолд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.
Бид тэрбумуулаа биш ээ. Бид хэдэн зуун саяулаа ч биш.
Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихөд монгол хүн бүрийн идэвхтэй ОРОЛЦОО чухал билээ.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох санал орууллаа

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.

Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд орууллаа.

Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа

Өнөөдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа. Гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Захирагч Х.Нямбаатар, БНСУ-ын “Дова инженеринг” ХК-ийн Ерөнхий захирал Пак Сүн Ү нар үзэглэсэн юм.

“Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтаж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот метротой болох олон жилийн яриа бодит ажил хэрэг болж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний бие Нийслэлийн Засаг даргын хувиар Улаанбаатарын метро төслийн зөвлөхөөр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” компани удирдах “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд түншлэлтэй метрог 75 сарын хугацаанд барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Үндсэндээ 20-иод жилийн өмнө эхэлсэн метроны төслийн бичиг баримтыг зургаан сарын дотор шинээр эмхэтгэн боловсруулж, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн олон улсын компаниудтай хийх гэрээ хэлэлцээрийг амжилттай дуусгаж байгаа төслийн багт талархал илэрхийлье. Метроны төслийг Улаанбаатар хот 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Миний бие үүнийгээ өмнө нь ч хэлсэн. Төслийн хувьд 2024 оныг дуустал бэлтгэл ажил нь явагдаад, 2025, 2026 онд үндсэн ажилдаа орно. Тиймээс нийслэлчүүд Та бүхнийг хэдхэн жилийн дараа биднийг хөл залгуулах гол унаа болох “Улаанбаатар метро” төслийг дуусан дуустал дэмжээрэй гэж хүсье. Толгойтоос Амгалан хүрэх 17.7 км үргэлжлэх, нийт 14 буудалтай энэхүү чиглэл нь Улаанбаатар хотын метроны анхны буюу нэгдүгээр шугам байх болно. Цаашид Засгийн газар, хотын Захиргаанаас баримталж буй төлөвлөлттэй уялдуулан дагуул хотууд болон дэд төвүүдтэй уялдуулан хөгжүүлнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Зөвлөх үйлчилгээний гэрээний хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын түншлэлийн зүгээс “Улаанбаатар метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулаад байгаа. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой аж. Энэ хүрээнд Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 буюу Монгол Улсад хоёр, БНСУ-д хоёр, нийт дөрвөн жил суралцуулан, БНСУ-д нэг жил дадлагажуулах хөтөлбөрөөр дамжуулан метроны мэргэжилтэн бэлтгэнэ. Мөн БНСУ-ын түншлэл Улаанбаатар хотын метроны төслийг боловсруулахаас гадна автобусны чиглэлийг оновчтой болгох төлөвлөгөө, метроны буудлуудыг даган бий болох газар доорх худалдааны төвүүдийг барьж байгуулах юм.

Мөн төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

Дашрамд, Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг Монголд анх удаа хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр 11 улсын 20 компаниас ирүүлсэн техникийн саналыг хүлээн авсан. Хоёрдугаар үе шатыг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд, дөрвөн компани өрсөлдсөн. Тодруулбал, ОХУ-ын “NPS Engineering”, БНХАУ-ын “China Railway Design Coorporation”, “Guangzhou Metro Group”, БНСУ-ын “Dohwa Engineering” сүүлийн шатанд өрсөлдсөн. Үнэлгээний хорооноос БНСУ-ын түншлэл хамгийн өндөр үнэлгээ авч, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ дахь намын бүлгүүд байгуулагдсаныг танилцуулж, УИХ-ын дэд дарга нарыг сонгов

Улсын Их Хурлын 2024 оны анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.05) хуралдаан 10 цаг 09 минутад гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Улсын Их Хурал дахь намын бүлгүүд байгуулагдсаныг танилцуулав

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.1-т заасан суудал авсан нам, эвслийн гишүүд бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлэг байгуулсанд тооцно” гэж, 20.2-т “Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүний бүрэлдэхүүнд орсон гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулна” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Бүлэг даргаа гишүүдийн олонхын саналаар сонгож, бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ” гэж тус тус заасан байдаг.

Энэ дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр бүлэг байгуулах хэмжээний суудал авсан улс төрийн намууд Улсын Их Хурал дахь намын бүлэг байгуулж, бүрэлдэхүүн болон даргыг сонгосон тухай шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлсэн байна.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгосон бол Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдааны эхэнд уншиж танилцуулан, намын бүлгийн гишүүд, дарга нарт амжилт хүслээ.

Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо

Дараа нь Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-т “Улсын Их Хурлын дэд даргыг тухайн Улсын Их Хурлын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, ил санал хураалтаар сонгоно” хэмээн заасан байдаг.

Хуульд заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл нар танилцууллаа.

Дараа нь санал хураалт явуулахад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 110 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг Улсын Их Хурлын дэд даргаар тус бүрд нь сонголоо. Иймд холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдаж, Д.Амарбаясгалан дарга хуралдаанд бүрэн эхээр нь уншиж танилцуулсан.

Үргэлжлүүлэн Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авч буйг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдэж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг түр завсарлуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наадмын өдрүүдэд Хэрлэн гол үерийн түвшинг давах эрсдэлтэй байна

7 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 60 см давсан байдалтай байна. Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10, 11-ны үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна.

Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татамаас холдож нүүхийг анхааруулж байна. Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 15-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна. Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев-тай уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжин Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа идэвхжиж буйг онцлон тэмдэглэв.

Хоёр улсын төрийн тэргүүн хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох замаар хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Казахстан Улсад шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учрахад Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байж, Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд Ерөнхийлөгч Ж.Токаев чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэрбээр мөн цаашид дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг болон НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв.

Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг хэлэв.

Цаашид ч ШХАБ-ын оролцогч нийт улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол тохиож байгааг хэлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал байгааг онцлов.

Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглэв.

Далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй нийтлэг сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын оролцогч орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл байр суурь нэн чухал байгааг онцолж, Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-тэй хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлогтоо тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн  урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ.

Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Туркменистан зэрэг улсын төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Исламын орнуудын хүнсний аюулгүй байдлын байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евроазийн эдийн засгийн комисс зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийт 2216 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1722, гэмт хэргийн шинжтэй 125 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
91

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа