Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

                                   Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4, 5-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, уруйн үер, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 07-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +15…+20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +26…+28 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч, 

Монгол Улсын Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

   Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль амжилттай явагдаж, шинэ гишүүд сонгогдлоо. Шинэ Улсын Их Хурал нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна.

   Өнөөдөр Улсын Их Хуралд улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход Улсын Их Хурлын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалаас зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо.

   Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан. Иймд улс төрийн намууд Улсын Их Хуралд суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал салбаруудад цогц реформ, шинэчлэл хийх хариуцлагатай үүрэг Та бидэнд ноогдож байна.

   Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана.

   Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана.

   Энэ удаагийн Улсын Их Хурал дахь тусгай хэрэгцээт иргэд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувь буюу олон улсын дунджийг давж байгаа нь хууль тогтоомж, бодлогын бичиг баримтууд дахь хүний эрх, эрх чөлөөний хамгааллын түвшинд томоохон ахиц, дэвшлийг бий болгох нэг хөшүүрэг болно гэж үзэж байна.

   Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Иймд Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна. Тухайлбал, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны тэмдэглэл, санал хураалтын үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж, хууль тогтоомж батлах явц дахь иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлнэ. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах нөхцөл боломжийг дээшлүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана. Залуучууд, өсвөр насныханы дунд парламентат ёс, Монгол Улсын төрийн тогтолцоо, ардчилсан үнэт зүйлс болон улс төрийн мэдлэгийг ахиулж, Үндсэн хуульд заасан улс төрийн эрхээ бодитой эдлэх, эргэцүүлэн тунгаан шийдвэр гаргахад туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.

Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн идэвх санаачилгатай, илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.

   Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд Улсын Их Хурлын гишүүд Та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно.

   Энэ удаагийн Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана.

   Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт Та бидний өмнө тавигдаж байна.

   Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна. Эрхэм гишүүд Та бүхнийхээ эх орноо хөгжүүлэх хүсэл зориг, хичээл зүтгэл бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ ТӨРИЙН АЛТАН СОЁМБОТ ДАЛБАА ҮҮРД МӨНХӨД МАНДАН БАДАРТУГАЙ.

2024.07.02

Улаанбаатар хот

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр (2024.07.02) 10 цаг 00 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчдэд өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо гишүүний үнэмлэх олгосон юм.

Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол төрийн өндөр босгыг давж ард түмнийхээ итгэл, найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг дээдэлж, эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхээр төрийн түшээгээр сонгогдсон гишүүдэд амжилт хүсээд, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг бататган бэхжүүлж, парламентын ес дэх удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны Улсын Их Хурал байгуулагдсаныг онцолсон.

Ард, иргэдийнхээ халуун итгэл, их хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдож буй Та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал ард иргэдээсээ уучлалт гуйн, нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав.

Мөн тэрбээр “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж манай ард түмэн ярьдаг. Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч ард түмний төлөөлөл болон энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй. Иймд энэ удаагийн Улсын Их Хурал ёс зүй, сахилга хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс ангид байж, сонгогч олныхоо итгэл найдварыг дааж, нэр төртэй ажиллахыг Төрийн тэргүүн онцгойлон сануулж байлаа.

Энэ удаагийн Улсын Их Хурал аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол төрийн бодлогын залгамж чанарыг сайтар хадгалан, ард түмнийхээ санал бодлыг сайтар судалж, шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг, хэлсэн үгэндээ эзэн болж, эв эе, эвлэрэл зохицлыг эрхэмлэн, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, уян хатан байж, уур уцаараар бус ухаан бодлоор асуудалд хандаж шийдвэр гаргаж байхыг онцгойлон анхаарах ёстой гэв.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж нэмэгдэж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой он жилүүд байлаа. Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой. Аюулгүй байдал, гадаад харилцааг улстөржүүлж огт болохгүй. Улсын аюулгүй байдал, гадаад бодлого гэж байхаас Улсын Их Хурлын гишүүний бие даасан гадаад бодлого гэж огт байхгүйг сануулъя гээд Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэхэд Төрийн дуулал эгшиглэж, шинээр сонгогдсон гишүүд босч хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу Дүгэрийн Рэгдэл чуулганыг даргалсан юм.

Дараа нь  Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнгийн талаарх илтгэлийг тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурлын 2024 оны энэ удаагийн ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа Улсын Их Хурлын 126 гишүүнийг, сонгуулийн хосолсон тогтолцоогоор зохион байгуулж явуулсан нь сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлогтой болсныг цохон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоор нийт 19 нам, хоёр эвсэл, нийт 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцсон сонгууль боллоо. Тухайлбал, 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт 927, жагсаалтаар 372, бие дааж 42 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 61.3 хувь буюу 821 нь эрэгтэй, 520 буюу 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байсныг тодотголоо.

Мөн тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс болон 47 салбар  комисс, 2198 хэсгийн хороонд нийт 21943 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 2763 албан хаагч ажилласнаас гадна, онцгой нөхцөл байдалд сонгогчдынхоо санал авах ажилд онцгой байдлын 530 гаруй албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын 1000 гаруй ажилтан ажиллалаа.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг дэлхий дахин анхааралтай ажиглаж, гадаадын болон олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн нийт 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч ажилласан бол сонгогчдыг мэдээллээр хангах, сонгуулийн үйл явцын талаар дотоодын 434 хэвлэл мэдээллийн байгууллагын 4600 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтнууд ажилласан хэмээн илтгэлд дурдсан байв.

Мөн энэ удаагийн сонгуулийг ажиглахаар 29 орны тусгай багийн  нийт 249 ажиглагч оролцсон  байна.

Монгол Улсын иргэдээсээ санал авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд Монгол Улсын сонгуулийн түүхэнд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгуулийн идэвх, оролцоо нэмэгдэж саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт сонгогчийн 73.2 хувь нь сонгуульд оролцсон эерэг нөлөөг үзүүлснийг П.Дэлгэрнаран дарга илтгэлдээ онцолсон.

Сонгуулийн дүнгээр Монгол ардын намаас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18 нийт 68, Ардчилсан намаас сонгуулийн тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42, ХҮН намаас сонгуулийн тойрогт хоёр, намын жагсаалтаар зургаа нийт найм, Үндэсний эвслийн жагсаалтаар дөрөв, Иргэний зориг ногоон намаас жагсаалтаар дөрөв нэр дэвшигч тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон нийт Улсын Их Хурлын гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан байна. Мөн шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай байна. Мэргэжил боловсролын байдлаар ангилан авч үзвэл инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогджээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7, 71.14-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн болон бүх хэсэгт хийгдсэн хяналтын тооллогын хүчин төгөлдөр үр дүнд хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 126 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо үзэж буйгаа илэрхийлэв.

Ийнхүү шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлсэн юм. Хуралдаан даргалагч Д.Рэгдэл Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар нь дуудахад гишүүн тус бүр хуульд заасны дагуу “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авлаа.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав.

Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-т заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын гишүүн, хуралдаан даргалагч Д.Рэгдэл танилцуулсан юм. Энэ дагуу Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх болсон Монгол Ардын намыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг мөн Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр санал болгож байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер, мэдээлэл хэмжлийн электроникийн инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2007 онд “Соёмбо Принтинг” компанийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын ХМОНХХ-ийн дарга, 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч бүлгийн дарга, 2015-2016 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2022 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа хэмээн Л.Мөнхбаатар гишүүн танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.

Ингээд Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг уншиж, танилцуулав. Тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлсэн.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өгснөөр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монгол Улсын Их Хуралд шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Монгол төрийн өндөр босгыг давж ард түмнийхээ итгэл, найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг дээдэлж, эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхээр төрийн түшээгээр сонгогдсон Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, амжилт хүсье.

Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг сонгон байгууллаа.

Монголчууд бид өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халж, Бүгд найрамдах засгийг сонгон, эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй байж, сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж байсан бахдам түүхтэй ард түмэн билээ.

Улмаар 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг бататган бэхжүүлж, парламентын 9 дэх удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны УИХ байгуулагдлаа.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвсэл, 42 бие даагч иргэн буюу нийт 1,341 нэр дэвшигч өрсөлдөж, ардчилсан Монгол Улсын сонгуулийг ажиглахаар гадаадын 21 байгууллагын 40 гаруй орны 259 ажиглагч, мөн дотоодын 30 орчим мянган ажиглагч сонгуулийн үйл явцад хяналт тавин ажиллалаа.

УИХ-ийн ес дэх удаагийн энэ сонгуульд манай ард иргэд ардчилсан Монгол орныхоо бүрэн эрхт эзэн нь байж, урьд өмнөхөөсөө илүү өргөн оролцоотойгоор сонгох, сонгогдох эрхээ эдэллээ.

Төрт ёсны аугаа түүхтэй, Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улсын төрийн сонгууль хуулийн хүрээнд, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг ханган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ баталгаажуулан, төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөгчдөө сонгох сонгуульд идэвхтэй оролцсон нийт иргэд, сонгогчдодоо болон хилийн чанадад суугаа монголчууддаа гүн талархал илэрхийлье.

Мөн ард иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг эдлэх нөхцөл, боломжийг хангаж, хуулийн хүрээнд ажилласан СЕХ,  сонгуулийн бүх шатны хороодод ажилласан 40 гаруй мянган төрийн алба хаагч болон сонгуулийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай, ил тод, цаг алдалгүй түгээн ажилласан гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнуудад гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,

Өргөн түмнийхээ итгэлийг хүлээж, өндөр төрийнхөө түшээгээр сонгогдсон Та бүхэн Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу төр засгаа эмхлэн байгуулж, түмэн олныхоо төлөөх эрхэм үйл хэрэгтээ цаг алдалгүй шамдан ажиллах шаардлагатай байна.

Энэ мөчөөс эхлэн төрийн түшээд Та бүхэн хувийн ашиг сонирхлоос ангид байж, нийт ард иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төр, түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, амласан амлалтаа биелүүлэх цаг хугацаа ийнхүү эхэлж байгааг цохон тэмдэглэе.

УИХ-ын энэхүү эрхэм танхимд хувь хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу эрх ашиг биш, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай. Үүнийг ч ард түмэн Та бүхнээс хатуу шаардаж байна.

УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж нь ард түмнээс эхтэй гэдгийг Та бүхэн ямагт санаж яваарай.

Парламент бол ард түмний хураангуй, Та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр, засаг, түмэн олныг холбох гүүр юм шүү.

“Хүн нэрээ, тогос өдөө” гэж ардын сайхан үг байдаг. УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэсэн энэхүү эрхэм хүндтэй нэр хүндийг Та бүхэн нэр төртэй, өндөрт өргөн, хариуцлагатай авч явахыг хүсье.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ цар тахал, геополитикийн зөрчил, мөргөлдөөний амаргүй цаг үеийг хамтдаа туулж, монголчууд биднээс үл хамаарах хүндрэл, бэрхшээлүүд улс орны эдийн засаг, ард түмний амьдрал ахуйд хүндээр тусаж ирлээ.

Хэдийгээр нөхцөл байдал амаргүй байсан ч гэсэн манай төр, засаг, ард түмэн, баялаг бүтээгчидтэйгээ хамтран энэхүү хүнд үеийг хохирол багатай даван туулж, энэ оны эхний улирлын байдлаар улсынхаа эдийн засгийг 7.8 хувиар өсгөж чадлаа.

Шинээр бүрдэж буй УИХ, Засгийн газар энэхүү эдийн засгийн өсөлтийг улам баталгаажуулан, үр шимийг нь өрх бүрд хүргэж, монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай.

Монгол хүн, монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй.

Эх орондоо эзэн байна гэдэг бол байгалийн баялагтаа эзэн байна гэсэн үг. Баялагтаа эзэн монголын төлөө төр засаг түмэн олноороо хамтран ажиллах учиртай.

Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиас эхтэй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж чадсан нь байгалийн баялгаа төр, ард түмнийхээ мэдэлд байлгаж, үр шимийг нь иргэн бүр тэгш хүртэх эрх зүйн шинэчлэл, тогтолцооны өөрчлөлтийн эхлэл боллоо.

Энэхүү Баялгийн сангийн үр өгөөжийг нэн тэргүүнд ард иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, орон байрыг шийдэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглүүлэх учиртай.

Энэ нь харьцангуй залуу ард иргэдтэй манай улсын хувьд ирээдүй хойч үедээ оруулж буй үнэт өв, өвлүүлэн үлдээх бодит хөрөнгө оруулалт болох юм.

Өнгөрсөн 100 жил монголчууд бидний хувьд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байсан.

Харин энэ зуун бол монголчууд бидний хувьд ардчилсан төр улсаа улам хөгжүүлж, “Их бүтээн байгуулалт, эдийн засгийн аюулгүй байдлаа ханган бэхжүүлсэн зуун” байх учиртай.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгыг дэвшүүлснийг Та бүхэн мэдэж байгаа.

Энэ хүрээнд улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн үндэс болсон байгаль орчин, үндэсний үйлдвэрлэл, стратегийн ордууддаа онцгой анхаарч, хүнс, эрчим хүч, нефть, шатахуунаар дотоодын хэрэгцээг хангах аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Нэн ялангуяа хүнд болон хөнгөн үйлдвэрийн цогцолборуудыг ашиглалтад оруулах, дэд бүтэц, төмөр зам, транзит тээвэр, хил боомтоо хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ шуурхайлах шаардлагатай.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” зэрэг өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой үндэсний хөтөлбөрүүд, Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг шинэ УИХ, Засгийн газар бодит ажил хэрэг болгох ёстой.

Төрийн тэргүүн ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхний үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж, шахаж, шаардаж, бодит үр дүн нэхэж ажиллах болно гэдгээ анхдугаар чуулганы энэ хүндэт индрээс сануулж байна.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан, шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэхээ ард түмэндээ хэлснийг Та бүхэн мэдэж байгаа.

Нийгэмд шударга ёсыг тогтоох нь УИХ, Засгийн газрын үндсэн чиглэл, ард иргэдийн итгэл найдвар, Та бүхний хүлээх үүрэг, даалгавар байх учиртай.

Нийгэмд шударга ёс тогтоох үндсэн суурь нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байж, хууль ёс хүн бүрд тэгш үйлчлэх явдал юм.

Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч, төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой.

Ард түмний төлөөлөл болсон Та бүхэн ёс зүйн дээд манлайллыг ямагт үзүүлж байх ёстой.

Ард иргэдийнхээ халуун итгэл, их хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдож буй Та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал ард иргэдээсээ уучлалт гуйн, нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстойг анхааруулж байна.

“Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж манай ард түмэн ярьдаг.

Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч ард түмний төлөөлөл болон энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй.

Иймд энэ удаагийн УИХ ёс зүй, сахилга хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс ангид байж, сонгогч олныхоо итгэл найдварыг дааж, нэр төртэй ажиллахыг Төрийн тэргүүн онцгойлон сануулж байна.

Хууль хяналтын байгууллагын удирдлагууд ч хуульд захирагдан, бурууд нүд хурц байж, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт хэрэгтэнд ял завшуулж болохгүй гэдгийг хатуу сануулан хэлье.

Та бүхэн өнөөдрөөс эхлэн ард түмний элчийн хувиар нийт иргэн, улсын ашиг сонирхол, Үндсэн хуульд захирагдан ажиллахаар эх орон, ард түмэндээ тангараг өргөж байна.

Монгол төрийн алтан соёмбот далбаанд тангараг өргөсөн энэ цаг мөчөөс эхлэн дараах зүйлсийг онцгой анхаарч, хүлцэн тэвчих учиртай.

Сонгуулийн үеийнх шиг намчирхан талцаж, хий хоосон улс төржиж, хийрхэлгүйгээр эвийг эрхэмлэн, зөвийг дэмжин, эвлэн нийлж эх орон, ард түмнийхээ төлөө итгэл дааж, сэтгэл гаргаж, хичээн зүтгэвэл зохилтой.

Иймд энэ удаагийн УИХ аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ монгол төрийн бодлогын залгамж чанарыг сайтар хадгалан, ард түмнийхээ санал бодлыг сайтар судалж, шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг, хэлсэн үгэндээ эзэн болж, эв эе, эвлэрэл зохицлыг эрхэмлэн, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, уян хатан байж, уур уцаараар бус ухаан бодлоор асуудалд хандаж шийдвэр гаргаж байхыг онцгойлон анхаарах ёстой.

Энэ бол өргөн олон түмний сонголтоос урган гарч байгаа ард түмний зүй ёсны бодит шаардлага юм.

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж нэмэгдэж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой он жилүүд байлаа.

Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой.

Аюулгүй байдал, гадаад харилцааг улс төржүүлж огт болохгүй.

Улсын аюулгүй байдал, гадаад бодлого гэж байхаас Улсын Их Хурлын гишүүний бие даасан гадаад бодлого гэж огт байхгүй гэдгийг сануулъя.

Монгол Улсын Ерөнхийлөгч үзэл санаа, үйл хэрэгтээ ямагт баримталж, цаг ямагт сэтгэлээ чилээдэг улс үндэстний оршин тогтнохуйн тулгуур гурван үнэт зүйл байдаг.

Энэ бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, манай ард түмний эв нэгдэл юм.

Эрхэм төрийн түшээд Та бүхэн ч бас энэхүү гурван үнэт зүйлийг төрийн үйл хэргийг шийдэхдээ ямагт санаж, эрхэмлэн дээдэлж, чандлан баримталж, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах учиртай.

Монгол төрийн эрхэм түшээд Та бүхэн үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн сахиж, эзэн Чингис хааны билиг сургаалыг даган мөрдөж, ард түмнийхээ эв нэгдлийг сахин бататгаж, халуун зуураа эе эвээ хичээн, эх орныхоо хөгжил дэвшил, улс монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө хичээн зүтгэх ёстой.

Бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орноо хамтдаа хөгжүүлцгээе.

Төр түвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын хилийн боомтуудын долоодугаар сард ажиллах цагийн хуваарь

Монгол Улсын хилийн боомтуудын 2024 оны долоодугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Уншигч та бүхэн хилийн боомтуудын ажиллах болон түр хаах өдрийг дараах хуваариас харна уу гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. 

 

huv

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 2, 3-ны өдрүүдэд бороо орохгүй. Агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь арав хоногийн өмнөх урьдчилсан мэдээ учраас нарийвчилсан мэдээллийг бид цаг алдалгүй гаргах болно. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 07 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр долоодугаар сарын 03-04-нд нутгийн баруун хагаст, 05-нд нутгийн төв хэсгээр, 06-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наадмын өдрүүдэд зохион байгуулах соёл, урлагийн бусад арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн бусад арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

1

2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цагдаагийн байгууллагад согтуурал тандагч, шалгагч төхөөрөмж гардууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад согтуурал тандагч, шалгагч (200 ширхэг) төхөөрөмжийг гардуулж өглөө. Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд оногдуулах ялын бодлогыг чангаруулсан. Үүнтэй холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт, хэрэг зөрчил 70 гаруй хувь буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Энэ үеэр Б.Энхбаяр сайд хэлэхдээ “Энэхүү орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашигласнаар нэгдүгээрт, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хоёрдугаарт, гэмт, зөрчил гаргасан этгээдэд ял завшуулахгүй байх, гуравдугаарт, цагдаагийн алба хаагч авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм” гэлээ.
Тус төхөөрөмж нь олон улсын стандарт шаардлага хангасан бөгөөд танил талаараа “яриулах”, үр дүнг нь “засуулах”, өөрчлөх боломжгүйгээр ашигласан даруйд хэдхэн секундэд мэдээллийг төв датад дамжуулж буйгаараа онцлогтой. Согтуурал тандагч, шалгагч нь өөр дээрээ камертай, GPS болон хуруу мэдрэгчтэй, 100.000 үр дүнг шууд хадгалах санах ойтой, согтуурлын зэргийн мэдээллийг төв сан руу шууд өгөхөөс гадна газар дээр нь хэвлэх хүчин чадалтай юм.
Ингэснээр замын цагдаагийн алба хаагчид орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар ажлаа бусдаас хараат бусаар хийх, шуурхай байх, иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх хяналтыг сайжруулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийт 2433 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1921, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 24 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
2024-07-02

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин туулай өдөр

-Аргын тооллын 7 дугаар сарын 2. Мягмар (Ангараг) гараг (2024)
–Билгийн тооллын 26, улаагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал хий, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, арвидах барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:54.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Харин тахиа, бич, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Гахай, туулай, хонь, могой, морьжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, тээрэм босгох, андгай тавих, чуулах, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, замд гарах, мал худалдах, хүнийг ханаж, төнөх, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 28 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, уруйн үер, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 07-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Тэрэлж голын хөндийгөөр +21…+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. +24…+26 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн зарлигаар товлон зарлаж хуралдуулна” гэж заасан.

Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч энэ хуулийн 17.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа