Author Archives: baaska baaska

“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран 2026 оны зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд “Тэнгэр” олон улсын наадмыг зохион байгуулах гэж байна.

Монгол уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох тэнгэр, газар шүтлэгийн зан заншлыг тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилгоор “Тэнгэр” олон улсын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Наадмын хүрээнд өнөөдөр дэлхийн олон улсын бөөгийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. “Тэнгэр” наадмыг угтсан энэхүү эрдэм шинжилгээний хурал нь бөөгийн үүсэл хөгжил, тэнгэр шүтлэгийн хүн төрөлхтөнд үзүүлэх ач холбогдол, байгалийнхаа төлөө хийх зан үйл болон дэлхийн цэнгэг усны нөөц, хомсдолын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлаа танилцуулав. Энэ үеэр язгуур урлагийн тоглолт, морьт харвааны үзүүлбэр, морин циркийн үзүүлбэр болон орон орны бөөгийн өв соёлтой танилцан отгуудаар зочлох, морь унах, зэрэг олон арга хэмжээ болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-тай 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Гадаад харилцааны сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд Иж бүрэн стратегийн түвшинд эрчимтэй урагшилж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаа гэдэгт санал нэгдэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-тай найрсаг хөршийн өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал тогтворгүй энэ цаг үед харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад хамтын хүчин чармайлт гаргах нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Талууд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох болон өөрсдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ дахин нотлов.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, газрын тосны олборлолт, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэв.

Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ Монгол Улстай харилцахдаа “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх гадаад бодлогыг баримталж, сайн хөршийн найрсаг харилцааг тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын дипломат харилцаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох чухал үүрэгтэйг онцолж, төрийн тэргүүн нарын хүрсэн нэгдсэн ойлголцол, тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа тэмдэглэв.
Тэрээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн буйг илэрхийлэв. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын тохирсон талуудын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт удахгүй биелнэ гэдэг итгэлтэй байгаа бөгөөд цаашид худалдааны хэмжээг нэмэгдүүлэх илүү том зорилт тавин ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.
Хятадын тал энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын баруун аймгуудад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч буйтай холбогдуулан вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйг мэдээлэв.
Энэ үеэр талууд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар илэн далангүй санал солилцсон болно.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2026-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзалтын дараа хэвлэл, мэдээллийнхэнд хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн онд БНХАУ-д болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцон, нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэв.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Ван И сайдаас хүслээ.

received_1294393939432623-1024x683Гадаад хэргийн сайд Ван И, хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцолж, цаашид ч хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн албан захидлыг гардууллаа.

Уг мэндчилгээнд “Урт хугацааны, тогтвортой хөгжлийг цогцлоох нь хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцэх нь дамжиггүй. Харилцан итгэлцлээ бэхжүүлэн, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэдгээ тэмдэглэжээ.

Уулзалтын үеэр худалдааны эргэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, төмөр замын холболт, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, газрын тос, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, цахим худалдаа зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2022 онд манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  “Усыг бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
Тус аян нь хүүхэд, залуус, иргэд олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” 7 өртөөт аялалын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, хүүхдүүдийн флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцлаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ч.Урангоо, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын сургалт судалгаа мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн нар оролцож,  үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг олон нийтэд уриалсан юм.

“Усыг бүү бас” аян нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45.446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь хүүхэд байна. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн тоо баримт бүртгэгдсэн нь маш том сургамжийг өгч, хүн бүр урьдчилан сэргийлэгч байхыг сэрэмжлүүлж буй дохио юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 6 сарын 14. Ням (Адьяа) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын 29, жил өдөр шарагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал хий, од чөлөөт эх-3, түлэх барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:52.
Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
Луу жилтний сүлд гараг.
Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
Дайсныг номхтгох, ад зэтгэр дарах, гүү барих, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Үс засуулах, хурим хийх, морь уралдаж эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, эд, мал худалдах, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, арилжаа хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 06-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +16…+18 градус дулаан байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Үйлчилгээний стандартаа баримталж, иргэдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэн, олон мянган ажлын байрыг тогтвортой хадгалж, татвараа төлж байгаа нийтийн аж ахуйн салбарынхан, үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгч нарт Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
u002
Нийтийн ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсдын олонх нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг. Иймээс иргэдийг албан ёсны хөдөлмөрийн харилцаанд шилжүүлэх, ажлын байрыг нь албажуулах, нийгмийн баталгааг нь хангах цогц ажил хийнэ гэдгээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ.
2010 оноос хойш улсын хэмжээнд хөдөө аж ахуйн бус албан бус хөдөлмөр эрхлэлт 40 хувиар өсөж 215 мянга, Улаанбаатар хотод 80 хувиар өсөж 124 мянгад хүрчээ.
Салбарын яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна.
Цаашид:
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлөх,
5 хүртэлх ажилтантай гарааны бизнес эрхлэгчдийн 3 хүртэлх ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сарын хугацаанд чөлөөлөх,
Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй хоёр хүртэлх гэрээнээс сонгон нийгмийн даатгалд даатгуулах,
Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтоох,
Ажил хийж байгаа оюутан, суралцагчид, тэднийг ажиллуулж байгаа бизнес эрхлэгчдийг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлөх бодлого хэрэгжүүлэх юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, “Хос шагай” салоны захирал, Дэлхийн цомын аварга, Ази, Европ тивийн аварга, мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагайд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий үсчин, гоо засалчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.
u2 u3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэлх авто замыг зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Зам хаах өдөр: 2026 оны 06-р сарын 12-ны 23:00 цагт хаана.
Зам нээх өдөр: 2026 оны 06-р сарын 15-ны 05:00 цагт нээнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

“Дэлхийн хортон шавж, устгалын өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэнг зургаадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөгийг зохион байгуулж буй.
“Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөгөөр
Хортон шавж, мэрэгчээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх,
Ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авах,
Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах,
Салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, өөрт тулгамдсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 06-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн баруун хэсгээр баруунаас, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +17…+19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.  Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ” гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн.

Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа.

Үүнд:

– Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх

-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох;

– Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааг хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох;

 -Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг болно.

Тэтгэврийн шинэчлэлээр:

-Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100,000-300,000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмад настан бүрд шинээр олгоно.

-504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ.

-Өмнө, хойно тэтгэвэрт гарсан иргэдийн шударга бус зөрүүг арилгаж, итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчлэл хийнэ. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.

-Нэр төдий, үр өгөөжгүй нэрийн дансны тогтолцоог өөрчилж, бодит мөнгөн хуримтлал хийх сонголтыг бий болгоно.

-Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлнэ.

-Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ.

-Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ.

-25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг 2 хувь болгож өсгөнө.

-Тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.

-Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.

-Сүүлийн 5 жилд бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 хүртэлх сараар чөлөөлөхөөр тусгажээ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нийт 2139 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 765 гэмт хэргийн шинжтэй 137 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 59 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
723716418_1307577998202272_6866267630688734405_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 10 дугаар хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тодруулбал,

  • Боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн асуудлын тухай,
  • “Хотхоны бага сургууль” арга хэмжээний танилцуулга,
  • “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” аяны хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын явц,
  • “Чөлөөлье” аяны хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын явц,
  • Барилга байгууламжийн зөвшөөрөл норм, стандартад нийцсэн эсэх тухай танилцуулга,
  • Хүн амын тооцоот нягтрал ихтэй бүс дэх хот байгуулалтын үйл ажиллагаанд авах арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулга сонсож, өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл сонсов.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх зорчилт түгжрэлийн нэг шалтгаан болдог. Тиймээс бид хүүхэд бүр гэртэйгээ ойр сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарсан бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Үүнд “Хотхоны бага сургууль төсөл”  чухал ач холбогдолтой. Энэ төслийн зохион байгуулалт, гүйцэтгэлийг нэн яаралтай хангуулан ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна.

Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлого баримтална. Эхний алхам болгож ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг нийслэлийн өмчит ААН гүйцэтгэж байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ энэ чиглэлийн бизнест орон зай олгоно. Ингэхдээ нийслэлийн Боловсролын газар нийлүүлэлтийн чанар, стандартад хяналт тавьж, сурагчдын үдийн хоолыг чанартай байлгах тал дээр бүрэн хүчин чадлаараа анхаарч ажиллахыг анхааруулж байна. Цаашид хүүхдийн үдийн хоолны хүнсний бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийн барилга, агуулах барих асуудлыг төсөвт тусгахгүй бөгөөд ТХХТ-ээр хэрэгжүүлэх гэж байгааг зогсооно. Өмчийн харилцааны газраас дээрх байгууллагуудыг татан буулгах, хөрөнгө, өмчийн асуудлыг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах саналаа танилцуулахыг үүрэг болгож байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин могой өдөр

Аргын тооллын 6 сарын 12. Баасан (Сугар) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын 27, жил өдөр улаагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал уул, од гоё хүүхэн-1, түлэх барилдлагат. Овоо тахих өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:51.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Харин гахай, бар, туулай, нохой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Үхэр, тахиа, могой, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
Үс засуулах, замд гарах, үхэгсдийн үйл, газар хагалах, тариа ногоо тарих, хөрөнгө оруулахад сайн. Анд бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа