Author Archives: baaska baaska

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна..

Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх Шүүхийн тусгай архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Өмгөөллийн “Компасс консалтинг”, “Эм Жэй Эл Атторнэйс” ХХН, “Цогц өмгөөлөл” ХХН, “Алтаргана” хуулийн товчоо, “Тэргүүн өндөр” ХХК, “Нөмөрт партнерс” ХХК, “Агууч Лоу фирм” ХХК, “Эв эе партнерс” ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.

​Иргэд та бүхэн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн энэ үеэр орон сууцны захиалгын гэрээ хийж хохирсон иргэдэд мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгөх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина. Тодруулбал, иргэдийн мэддэгээр Агарта болон Марал аялал хотхоны дунд талаар хоёр эгнээ бүхий авто зам барих юм. Мөн энэ хүрээнд хоёр талдаа явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг хийнэ.

Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Уг авто замыг барих гүйцэтгэгчийг ирэх тавдугаар сарын 15-нд шалгаруулж, гэрээ байгуулна. Ийнхүү хоёр сарын хугацаанд авто замыг барих юм. Тус авто зам нь шинэ суурьшлын бүсэд барьж буй Яармагийн авто замаас Нисэхийн авто зам хүртэлх авто замтай нийлэх ач холбогдолтой” гэлээ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Сүхбаатар дүүрэг нь орон сууц, гэр хороолол, зуслангийн бүс хосолсон газар нутагтай, төр, захиргаа, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, худалдаа, үйлчилгээний олон байгууллага төвлөрсөн дүүрэг юм.

Сүүлийн таван жилд иргэдийн ая тухтай, аюулгүй амар тайван ажиллаж, амьдрах орчныг сайжруулах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 800 гаруй төсөл, хөтөлбөр бүхий цогц ажил хийжээ.

Тухайлбал, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 сургууль, цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөл барьж, дүүргийн хөрөнгөөр Ахмадын хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан байна.

2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, таван хороонд 800 хүүхдийн ортой цэцэрлэг, жилийн турш үйл ажиллагаа явуулах “Хүүхэд хөгжлийн төв” барихаар төлөвлөснийг Засаг дарга М.Алтангэрэл хэллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд анх удаа орон нутгийн хөрөнгөөр 200 ор, 100 автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий Сэлбэ нэгдсэн эмнэлэг барьж байна.

Энэ эмнэлэг дүүргийн 140 гаруй мянган иргэнээс гадна Чингэлтэй, Баянзүрх дүүргийн, төвөөс алслагдсан хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж, эмчилгээ   үзүүлнэ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Богд Зонхова”, “Гүнжийн булаг” зэрэг газарт 60 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.

Дүүрэг иргэдийнхээ амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, хүүхэд, залуусыг нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл, зөв хүн хандлагатай болж төлөвшихөд зориулж 3 га талбайд цэцэрлэгт хүрээлэн бүхий Спорт цогцолборыг дүүргийн хөрөнгөөр барьж энэ онд ашиглалтад оруулна.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 41 нь Сүхбаатар дүүргийнх юм.

Тэд 11 улсын их, дээд сургуульд мэдээллийн технологи, инженер, барилга архитектур, байгалийн ухаан, эдийн засгийн чиглэлээр суралцаж байна.

Эдгээр хүүхдүүд сургуулиа төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Цаашид ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч мөн салбарын ахмад ажилтан Сүнрэвийн Бямбажав, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв” ТББ-ын сургагч багш Адъяагийн Нарангэрэлд Гавьяат багш, цагдаагийн хурандаа Дугаржавын Майсүрэнд Гавьяат хуульч, төр, захиргааны ахмад ажилтан Тогтохын Шархүүд Үйлчилгээний гавьяат ажилтан, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн багш, доктор, профессор Дүнгэрдоржийн Зоригт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа

Үйлчлүүлэгчдийнхээ тайвширсан харц, талархал дүүрэн байгааг харах мөч хамгийн сайхан…Ажилдаа дуртай, сэтгэлтэй, зүтгэлтэй, санаачлагатай хуульч, өмгөөлөгч Ц.Баярмаа эдүгээ мэргэжлээрээ 19 жил, харин өмгөөлөгчөөр 12 дахь жилдээ ажиллаж яваа нэгэн билээ. Тиймдээ ч өмгөөлөгч бүсгүй өөрийн хүсч мөрөөдөж явдаг зорилгууддаа эхнээсээ хүрээд буй. Түүнтэй уулзахад цогтой золбоотой, хүсэл мөрөөдөлтэй, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон нь мэдэгдэж байсан ба түүгээр бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.   

-“Амьдралд хөл тавих сайхан, амжилттай хөл тавих сайхан” хэмээн нэгэн найрагчийн хэлсэн үг бий. Энэ мэргэжлийг сонгож, хууль зүйн салбарт хөл тавин, өнөөдрийг хүртэл тууштай ажиллах болсон шалтгаан юу байсан бэ?

Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрж өсөж, тэндээ Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. 8 дугаар ангид сурч байхад Долгор багш маань Түүхийн олимпиадад бэлдэж, тэр жилдээ би улсын олимпиадад хоёрдугаар байр эзэлж байсан. Тэр  үеэс нийгмийн ухааны хичээлийг улам бүр шимтэн судалж дурлах болсон түүхтэй. Ингээд аравдугаар анги төгсөхдөө Нийгмийн хичээлээр уралдаант шалгалтаа өгч, МУИС-ийн Хууль Зүйн сургуульд элсэн орж, Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөж байлаа.

2007 онд их сургуулийн үйлдвэрлэлийн дадлагаа Сүхбаатар аймгийн шүүхэд хийгээд буцах болоход тухайн үед Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан С.Өлзийсайхан шүүгч “сургуулиа төгсөөд нутгийнхаа шүүхэд ирж ажиллаарай” гэсэн сайхан үгээр үдэж байсанд одоо ч талархаж явдаг даа.

Ийнхүү Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлаас анхны  гараагаа эхэлж байсан бол өдгөө  мэргэжлээрээ хориод жил тасралтгүй ажиллажээ.

Энэ мэргэжлээрээ тууштай ажиллахад миний суурь хүмүүжил их нөлөөлсөн байх.  Би чинь өвөө, эмээ хоёр дээрээ өссөн хүн. Өвөө маань зохиолч, сэтгүүлч хүн байсан учраас багаасаа бичгийн хүний хажууд номтой ойр өссөн. Эмээ маань аливаа зүйлд тууштай, дайчин эмэгтэй бий. Одоо 93 насыг зооглож байна. Хоёр буурайгийн маань аливаа зүйлд хариуцлагатай, тууштай, зарчимтай, хэлсэн үгэндээ хүрдэг байх гэх мэт сургаалиуд миний гэрийн хүмүүжил болж төлөвшсөн. Бичгийн хүний хажууд өссөн маань бичих, ярих, илтгэх ур чадварыг суулгаж өгчээ гэж талархдаг.

Дээр дурьдсанчлан аливаад тууштай, хариуцлагатай, мэдрэмжтэй байх чадварууд бол хуульч хүнд заавал байх ёстой үнэт зүйл гэж үздэг. Мэдээж мэргэжлийн ур чадвар чухал байлгүй яахав. Гэхдээ өөрийн гэсэн зарчим, үнэт зүйлтэй хүн хаана ч бусдаас ялгарч, сайн, сайхан амьдардаг гэж боддог.

-Та ямар үед эзэмшсэн мэргэжил, хийж буй ажлаасаа сайхан мэдрэмжийг авдаг вэ?

 Өмгөөлөгч хүний ажлын онцлог нь  асуудалд орсон, тусламж хүссэн хүмүүстэй ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлэхээс гадна сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг гэхэд хилсдэхгүй.

Өмгөөлөгчтэй уулзаж, асуудлаа хэлээд  хууль зүйн гарц гаргалгаа, процессын талаар  ярилцсаны дараа тухайн хүн тайвширч байгаа нь мэдэгддэг. Тэр цагаас эхлэн өмгөөлөгч хүний ажлын сайхан нь эхэлдэг болов уу.

Сурч, мэдсэн, чаддаг зүйлээрээ бусдад тусалсаны дараа “баярлалаа” гэдэг үгийг сонсож, талархсан, гэрэлтсэн харцнаас  дараа дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе  хамгийн сайхан байдаг даа.

Хүний эрхийг хамгаалах үйлсэд зүтгэдэг, аль ч улсад, аль ч нийгэмд үнэ цэнээ алдаггүй, нэр хүндтэй мэргэжлээрээ үргэлж бахархаж явдагаа хэлэх нь зүйтэй болов уу.

– Ороо бусгаа энэ цаг үед гэмт хэргийн тоо  олширч, арга нь нарийсч байна. Үүнтэй зэрэгцээд өмгөөлөгч, прокурор, шүүгч нарыг буруутгах хандлага ажиглагдах юм. Энэ тал дээр таны бодол?

 Сүүлийн үед хавтаст хэргийн материалаас нэг ч хуудас уншаагүй хүмүүс сошиал орчинд бусдыг яллах, өөрсдийн харж байгаа өнцгөөс шүүхийн шийдвэр гаргахыг шаарддаг, үгүй бол өмгөөлөгч, прокурор, шүүгч нарыг шударга бус ажилладаг, авлигач, ёс зүйгүй гэх мэтээр бичиж, ярьдаг  сөрөг үзэгдэл бий болоод байна.

Шүүхийн дэнсний хоёр талд улсын яллагч, өмгөөлөгч нар өөр өөрийн хэргийн онолоор мэтгэлцэж, харин шүүгч цагаан дээр хараар бичсэн хуулийг баримтлан, хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрээ гаргадаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй эсэхийг давж заалдах болох хяналтын шатны шүүхүүд хянадаг учраас бид шүүх засаглалд итгэх л ёстой.

Харин эсрэгээрээ хэн дуртай нь шүүх засаглал руу дайрч, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулах нь алсдаа Үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх нөлөөтэй гэж миний хувьд үздэг.

Нөгөө талаасаа хуульчид маань хувь хүний болоод мэргэжлийн ёс зүй дээрээ анхаарч, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ, ур чадвартай, хариуцлагатай хандаж, зөв,  эерэг нөлөөлөлтэй байвал нийгэмд мэргэжлийн нэр хүнд өснө.

Түүнчлэн иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд аливаа хэрэг маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрлэхэд анхаарч, процессын хуульд өөрчлөлт оруулах, нэг мөрдөгч, прокурор, шүүгчид оногдож байгаа ачааллыг бууруулахад анхаарч, бодитой ажлуудыг хийх ёстой гэж боддог.

Учир нь хэргийн оролцогчдын хувьд шүүхээс гарах шийдвэрээс илүүтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа олон жилээр удааширахад бухимддаг, шударгаар, үнэн зөвөөр шийдвэрлэгдэнэ гэдэгт эргэлздэг нь ажиглагддаг.

-Таны хэлэх дуртай үг тань?

–“Өөрийн гэсэн үнэт зүйлтэй, зөв бодолтой амьдарч байхад бүх зүйл сайхан болно доо” гэж бодож бас үр хүүхдүүддээ хэлдэг дээ. Зөв амьдарсны үрээр би олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж, хайр, хүндэтгэл, итгэлцэл дунд амьдардагтаа баяртай явдаг.

-Та бүхнийг төлөөлөх байгууллага болох Монголын Өмгөөлөгчдийн Холбоо удахгүй 100 нас хүрнэ. Энэ талаархи бодлоосоо хуваалцахгүй юу?

-Нэгэн зуун жилийн түүхтэй байгууллагын эд эс болж, хүний эрхийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаадаа бахархалтай байна. Холбоо маань цаашид улам бүр өргөжиж, бусад улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гишүүн өмгөөлөгч нартаа  гарцыг нээн өгч, өмгөөлөгчдийнхөө нэр хүндийг хамгаалах, эрх ашгийг тууштай хамгаалахад чиглэсэн олон, олон ажлуудыг хийгээсэй гэж хүсдэг.

Бүх өмгөөлөгч нартаа ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Алтайн өвөр говиор бороо, нойтон цас орж, тал, хээрийн нутгаар салхитай байна.

2026 оны 05-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +3…+8 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +10…+12 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна. 

01 Баасан, 10:00
Жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан,
✅ 02 Бямба, 13:00
“Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
✅03 Ням, 10:00
Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан “нахиу” хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаан
✅09 Бямба, 13:00
Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
✅10 Ням, 13:00
Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаан,
✅10 Ням, 11:00
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Аймгийн Морин спорт уяачдын “Жавхлант шарга” холбооны 30 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
✅15 Баасан, 10:00
МҮБХ-ны аравдугаар Их Эе хурал,
✅16 Бямба, 13:00
Даншгийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
✅17 Ням, 13:00
“Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан,
✅23 Бямба, 13:00
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
✅24 Ням, 12:00
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
✅24 Ням, 11:00
Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, БНМАУ-ын начин Балын Шоовдорын нэрэмжит Аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
✅31 Ням, 13:00
Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө. Мөн буухдаа картаа дарах шаардлагагүй болж байна. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна.
Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.
UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д заасан байдаг. Иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлд цэрэг татлагын түр товчооны байруудаар хамрагдаж болно. Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих ёстой. Ингээд эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгт орно. Хэрвээ иргэн цэрэг татлагад хамрагдах боломжгүй бол шалтгаанаа тодорхойлсон баримт бичгээ бүрэн бүрдүүлж ирэх хэрэгтэй. Тухайлбал, ар гэр, дүү нараа асран хамгаалдаг бол хорооныхоо тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмчид үзүүлсэн зэрэг баримтыг авч очих нь зүйтэй. Мөн гаднын улсад сурч, ажиллаж байгаа бол холбоотой гэрээ, баримт бичгүүдийг хамгийн сүүлийн он сараар нь нотолгоо болгон авчрах хэрэгтэй. Бичиг баримт дутуугаас болж асуудал үүсдэг. Харуулах баримтгүй хүнийг бид нотолж цэргийн албанаас чөлөөлнө гэдэг тун хүндрэлтэй. Иргэд холбогдох баримт, өргөдлөө бүрэн бүрдүүлээд албанаас чөлөөлөх хүсэлтээ өгнө. Бид бичиг баримтад үндэслэн хуулийн дагуу авч үзэн, тухайн иргэнийг тус цэрэг татлагаас чөлөөлөх боломжтой байдаг.

2026 оны I ээлжийн цэрэг татлагад татагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн ангид алба хаана. Энэ төрлийн цэргийн байгууллагад алба хаахад давуу талууд бий. Тухайлбал, хилийн цэрэгт татагдсанаар тухайн иргэн эх орныхоо хамгийн үзэсгэлэнтэй газруудад байрладаг застав, отрядуудад дархан хилээ манах үүрэг хүлээнэ. Харин дотоодын цэргийн анги салбарт цэргийн албаа нэр төртэй хаавал улираах урилгыг алба хаагчдад хүргүүлдэг. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дотоодын цэрэгт алба хаасан залуус маань халагдана. Тавдугаар сарын 1-ний өдөр хилийн цэрэгт алба хаасан байлдагч нар халагдана. Энэ өдөр албаа сайн хаасан эх орны залуучууд халагдаж, мөн хүсэл эрмэлзэл дүүрэн залуус цэрэгт татагдана” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дэлхий нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих уриан дор дуу хоолойгоо нэгтгэдэг.

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүх орчинд хориглож, энэ чиглэлд бодит ахиц гаргасан. Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлсэн дэлхийн 49 дэх улс болсон юм. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.

Энэ өдөр улс орнууд эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхэдтэйгээ зөв харилцах, хүмүүжлийн эерэг аргыг хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бодохыг уриалдгаараа онцлог. Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн зөв арга биш бөгөөд сэтгэлзүй, бие бялдарт сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс хүүхдийг ойлгож, сонсож, урамшуулалд суурилсан харилцааг төлөвшүүлж, эерэг хүмүүжлийн арга барилыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг эхнээс нь дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Чингэлтэй дүүрэг өнгөрсөн онд 93 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож, ирэх онд 500 гаруй өрхийг хамруулна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 150 гаруй мянган мод, түүний дотор гэр хороололд 10 мянга гаруй мод тарьж ургуулсан тухай Засаг дарга Н.Мандуул танилцууллаа.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Чингэлтэй дүүргийнх юм.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, хичээл зүтгэлтэй өсгөн хүмүүжүүлсэн эцэг, эх, бүх талаар дэмжсэн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн ахмад багш Бямбажавын Дэмбэрэлсанд Гавьяат багш, “Топ зам” ХХК-ийн зөвлөх инженер Цагаачийн Бат-Очирт Гавьяат барилгачин, “Эм эм би холдинг” ХХК-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч Дэшигжавын Нацагмаад Хүний гавьяат эмч, Төр, захиргааны ахмад ажилтан Пэрэнлэйн Төвсанаад Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх нохой өдөр

Аргын тооллын 4 сарын 30. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
Хаврын адаг хар луу сарын шинийн 14, өдөр хөх нохой, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, од тэргүүн дагуул-13, хотол чуулган барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:03.
Өдрийн сайн цаг:
Луу(07:40-09:40),
могой(09:40-11:40),
бич(15:40-17:40),
тахиа(17:40-19:40),
гахай(21:40-23:40),
бар(03:40-05:40) болой.
Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн.
Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
Энэ өдөр үс засуулах, хувраг тойн болох, номын авшиг хүртэх, бүтээл туурвил эхлэх, ном судар хэвлүүлэх, шинэ гэрт орох, ажил үйлс эхлүүлэх, бизнес эхлэх, худалдаа наймаа хийх, зээл авах, өгөх, хөгшид, хүүхдэд хандив тусламж үзүүлэх, замд гарах, өвчин эмнэж эхлэх, угаал үйлдэх, тангараг буцаах зэрэг аливаа үйлс сэтгэлчлэн бүтэх сайн.
Хурим хийх, бэр гуйх, хурал зөвлөгөөн хийх, нүүдэл хийх, хүүхэд хөлд оруулах, зарга заалдах зэрэг үйлд муу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулах зорилгоор нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тус хуулийн төсөлд тусгалаа.

Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.

  1. Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно.
  2. Татварын шударга байх зарчмыг хангах зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг нэг тэрбум  төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно.
  3. Иргэдийн амьдран сууж буй орчноо сайжруулахыг дэмжих зорилгоор татвар төлөгч өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлнө.
  4. Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.

Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулна.

  1. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө.
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлнэ.
  3. Бизнес эрхлэгчдийг бизнесээ идэвхжүүлэх, тэлэх бололцоогоор хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно.
  4. Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулна.
  5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ.

Мөн энэ тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг 2026 онд багтаан нээлттэй компани болох бэлтгэл ажлыг хангах нөхцөл болж байна.

Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийн хөгжүүлэлт, туршилт тохируулгын ажлыг хийж, бэлэн болгожээ. Оролцогч байгууллагуудын харилцан мэдээлэл солилцож, бүрдүүлэх, иргэдэд хувьцаа, ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, сурталчлан таниулах зэрэг бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ тогтоолыг 2026 оны зургадугаар сарын 01-нээс дагаж мөрдөнө.

Өнөөдрийн байдлаар тус компанийн гаргасан 12.0 тэрбум ширхэг хувьцааны 8.8 тэрбум ширхэг буюу 73.50 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 7.1 сая ширхэг буюу 0.06 хувийг үндэсний 488 аж ахуйн нэгжүүд. 3.1 тэрбум ширхэг буюу 26.44 хувийг Монгол Улсын 3,408,021 иргэн эзэмшиж байна.

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

2026 оны зургадугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлахаар тогтов.

Олон улсын геополитикийн хурцадмал байдал болон том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, түүхий эд, эрчим хүчний үнэ огцом хэлбэлзэж байна. Гадаад орчны тодорхой бус байдал нь импортын өртгийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг өсгөх замаар Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд шууд болон шууд бус сөрөг нөлөөллийг үзүүлэх эрсдэлтэй байна.

Иймд төсвийн бодлогыг оновчтой болгож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц бүрдүүлэх нь төрийн байгууллагуудын нэн тэргүүний зорилт болоод байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу төсвийн үр ашиггүй зардлыг танаж, нөөцийг стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаанд төвлөрүүлэх замаар эдийн засгийн дархлааг дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. “Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдэл” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ.

Ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, төвлөрсөн шугам сүлжээний ачаалал, алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2026-2027 оны өвлийн их ачааллаас өмнө буюу арван хоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад даалгалаа.

“Ногоон технологи, ногоон шийдэл, ногоон дугаар бүхэн эх байгалиа хамгаалж, эрчим хүчний тусгаар тогтнолоо бататгаж, түлш шатахуун, зардал мөнгөө хэмнэх эко шийдэл юм” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Тогтоолыг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний импортын хамаарал буурч, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал багасах, цахилгаан тээврийн хэрэглээ болон дэд бүтэц эрчимжих, ногоон санхүүжилтийн хүртээмж сайжрах, улмаар Монгол Улсын урт хугацааны ногоон хөгжлийн зорилтын хэрэгжилтэд бодит ахиц гарна гэж үзэж байна.

Тогтоолд тусгасан арга хэмжээнүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, дотоод болон олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ.

Засвар, шинэчлэлийн ажлыг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэн, 2026 оны гуравдугаар улиралд багтаан дуусгахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 69 зуухнаас ажилд 39, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 10 зууханд засварын ажил хийгдэж байна. 49 турбогенератороос ажилд 34, бэлтгэлд 8 байгаа бөгөөд долоон турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн байна.

Товч мэдээ

  • Гадаад, дотоодын олон хүчин зүйлсийн улмаас инфляцын дарамт нэмэгдэж байгаа энэ үед экспортын үйл ажиллагааг өндөр эрчимтэйгээр тасралтгүй хэрэгжүүлж, гадаад валютын орлогын тогтвортой урсгалыг хадгалах шаардлагатай байгаа тул экспортын орлогыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж,

Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна.

2026 оны 04-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Сэрүүсэж Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс 11 градусаар сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөх өдрөөс 12 градусаар сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх өдрөөс 11 градусаар сэрүүсэж +8…+10 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.04.20-2026.04.26/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 51 суманд аюулт үзэгдэл, ослын 119 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 233 иргэнийг гаргалаа.
Нийт дуудлагын 99 нь обьектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, 2 нь газар хөдлөлт, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа