Author Archives: baaska baaska

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2025 онд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 5.7 хувиар буурчээ. Төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) нь нэг эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 оны байдлаар 2.4 байна.
Улсын хэмжээнд 2025 онд 19.1 мянган хүн нас барсан нь өмнөх оноос 2.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Нас баралтын ерөнхий коэффициент нь тухайн жилийн 1000 хүн тутамд ногдох нас баралтын тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 онд 5.4 байна.
sta1
sta2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан улирлын буюу ирэх саруудын ерөнхий төлөвөөр VI сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, VII болон VIII сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас VI сард баруун болон говиор, VII сард ихэнх нутгаар, VIII сард баруун болон зүүн хэсгээр оолон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Иймд агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт нэмэгдэх хандлагатай байх тул болзошгүй ой хээрийн түймэр, цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Зургаадугаар сард. Агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Долоодугаар сард. Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төвийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сард. Агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй  уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Цаашид ололт амжилтаа бататгахын зэрэгцээ бүх шатанд ёс зүйтэй, сахилга, хариуцлага, эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Хан-Уул дүүрэг 82 орчим мянган өрх, 330 орчим мянган иргэнтэй, нийслэлийн хүн амын 19.5 хувь нь оршин суудаг томоохон дүүрэг юм.

Дүүрэг “Амьдралын чанараар тэргүүлэгч Эко хот” болох алсын харааны хүрээнд нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлсэн байна. 

 Энэ онд дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхээр улс, нийслэл, дүүргийн төсвийн 268 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 197 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллаж байгааг Засаг дарга Б.Цэрэн хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж, ургуулаад байна. Хан-Уул дүүрэг гэхэд л сүүлийн таван жилд нийтийн эзэмшлийн зам, талбайд 740 орчим мянган мод тарьж ургуулсан.

Зайсангийн амны Дугуй цагаан, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын хойд хэсэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2.8 м.кв-аар нэмж чаджээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй Хан-Уул дүүргийнх. 

Тэдний нэг болох Т.Мөнгөнзул Бүгд Найрамдах Польш Улсад суралцаж төгсөөд, одоо Гадаад харилцааны яаманд ажиллаж байна.

Боловсролд зарцуулсан хөрөнгө эргээд улс, орон нутгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болно гэдгийг Ерөнхийлөгч хэлж, хүүхдүүдээ эрдэм номд шамдсан, хичээл зүтгэлтэй болгон хүмүүжүүлсэн эцэг, эх, бүх талаар дэмжсэн багш нарт талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч “Урлах эрдэм” дээд сургуулийн захирал, “Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Гомбын Тунгалагт Гавьяат багш, усны аж ахуйн салбарын ахмад инженер Дашцэрэнгийн Балсанжавд Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, “Хан-Уул” эрүүл мэндийн төвийн чих, хамар, хоолойн ахмад эмч Ганданбалсангийн Мөнхтогоод Хүний гавьяат эмч, Нийслэлийн Цагдаагийн газрын Ахмадын хорооны ахлах нягтлан бодогч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Маналсүрэнгийн Лхамдоржид Үйлчилгээний гавьяат ажилтан, банк, санхүүгийн салбарын ахмад ажилтан Дэчинпилийн Өнөрцэцэгт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нийт 2172 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 707, гэмт хэргийн шинжтэй 131 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 6 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
76-5005

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2026 оны 05-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 9 градусаар сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 13 градусаар сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс 11 градусаар сэрүүсэж +8…+10 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.04.27-2026.05.03/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  7 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргалаа.
Нийт дуудлагын 124 нь обвектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нийт 1987 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 844, гэмт хэргийн шинжтэй 122 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 1 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
687741115_1275138854779520_1420299022785122493_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр км урт авто зам барина. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг хоёр эгнээтэй, хоёр талаараа явган хүний замтай барина. Мөн борооны ус зайлуулах шугам болон гэрэлтүүлэг хийнэ. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан. Уг замыг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэнэ. Нийт 18 нэгж талбарт газар чөлөөлөлт хийх бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт үргэлжилж байна. Уг зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбосон шинэ холбоос зам бий болно. Мөн Офицеруудын тойрог болон Нохойтой хөшөө орчмын замын ачааллыг бууруулах юм” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Цар тахлын үед цаг наргүй ажиллаж, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч  ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хүн ам өсөж, дундаж наслалт нэмэгдэх, өвдсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилсан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт салбарынхны оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг тэмдэглэлээ.

Мөн эмч, ажилтны цалин хөлс, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулах зэрэгт бүх талын дэмжлэг үзүүлж байгаагаа хэллээ.

Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, тэр дундаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Хоорондоо харилцан уялдаатай дээрх хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг, боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Цаашид бүх шатанд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хүчин зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгчийн ивээл дор эмч, сувилагч нар улсын зөвлөгөөнөө тогтмол хийн, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, гарц, шийдлээ төр, засагт хүргэж, үр дүнд хүрч байна.

Тухайлбал өнгөрсөн онд зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөний үеэр бүтээн байгуулалт нь эхэлсэн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ойрын өдрүүдэд ашиглалтад орно.

Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу барьж байгаа энэ төв сувилагчдыг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх юм.

Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэх  тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан.

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвчилсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.

Иймээс Ерөнхийлөгч захирамж гарган хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.

Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орсон бол Уламжлалт анагаах ухааны үндэсний төвийн бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гаргасан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр уламжлалт анагаах ухаанд суурилсан цогц арга хэмжээ авахад чиглэсэн төрийн бодлогын нэг юм.

Төр, засгаас Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг боловсронгуй болгож, цахим шилжилтийг эрчимжүүлж байна.

Энэ хүрээнд эмийн үнэ, чанарт онцгой анхаарч эм, эмнэлгийн хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх, эмийн нэгдсэн худалдан авалт хийх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарч байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.

Энэ онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувь нэмэх бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4,900 гаруй байгууллагад 67 мянга гаруй хүн ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг.

Нийт ажиллагсдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний 60 гаруй хувь нь 40 хүртэлх насныхан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдар судлалын үндэсний төв”-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Дүнтээгийн Жаргалсайхан, Нийслэлийн “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч Баянзулын Цэнгэлмаад Хүний гавьяат эмч, “Монголын эмгэг эд эс судлалын нийгэмлэг”-ийн тэргүүн, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Готовын Уянга, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Тусгай тасгийн сувилагч Бямбаагийн Лхагваад Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 5 сарын 4. Даваа (Сумьяа) гараг (2026)
Хаврын адаг хар луу сарын билгийн 18, өдөр шар бар, мэнгэ 2 хар, суудал мод, од хонгорцог-17, идэр барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:30-20:08.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
Гал тахих, буяны үйл, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, хөрөнгө оруулахад сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд явах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйлд муу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт +22 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2026 оны 05-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр  агаарын температур нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар орох төлөвтэй байна.

Энэ сард нийт нутгаар салхи шуурганы давтагдал их байх магадлалтай ялангуяа зүүн аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайшилт нэмэгдэх  тул цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх, мөн болзошгүй ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Завханы ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол  хур тунадас Сэлэнгэ, Төвийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан бол хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.  Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олоон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нийт 1981 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 752, гэмт хэргийн шинжтэй 118 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 50 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
102 dugaar

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ

Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд дараах байруудад зохион байгуулж байна.  Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих юм.

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр -96 дугаар сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр -14 дугаар сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр -Гуравдугаар сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр -83 дугаар сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр -Тавдугаар сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр -34 дугаар сургууль дээр зохион байгуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа