Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

09-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Архангайн зүүн, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Алтайн өвөр говиор +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөсөө 8-10 градусаар хүйтэрч +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөсөө 7-9 градусаар хүйтэрч +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөсөө 6-8 градусаар хүйтэрч +2…+4 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ирэх долоо хоногийн Даваа гарагт /28-ны өдөр/ тохиож байна. Энэ өдөр хурим найр, ёслол хүндэтгэл болон бусад олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буй иргэд цөөнгүй байгаа билээ.
🌥️Гэвч тухайн өдөр цаг агаар сэрүүхэн, гадаа арга хэмжээ зохион байгуулахад төдийлөн таатай бус байх төлөвтэй байна.
Иймд та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч, цаг агаарын нөхцөлөө тооцон арга хэмжээ, ажил үйлсээ төлөвлөхийг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ

ОХУ-аас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол” гэдэг газар есдүгээр сарын 15-нд орж ирсэн ойн түймрийг өнөөдөр (2026.09.25) 09:30 цагт бүрэн унтраалаа.
Түймрийн голомтод ажилласан алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэгээр тэргээр тээвэрлэн хүргэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.
Алба хаагчид 4 бүлэгт хуваагдан ажилласан бөгөөд урьдчилсан байдлаар 80 орчим га талбай өртсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ.

Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ.

Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж,  хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.

Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо.

Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.

Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.

Өдгөө:

  • “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
  • “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
  • “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
  • “Бичиг үсгийн боловсролын тухай”,
  • “Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.

Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй албан ёсны анхны айлчлал юм.  Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй”  харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт тус тус бараалхана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй тус тус уулзалт зохион байгуулна.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохионо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалт, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын гар дээрээс шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд– Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцож, тариаланчидтай уулзлаа.

21 дэх жилдээ болж буй энэхүү “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.

Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд нийт 152 цэгээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Намрын ногоон өдрүүд бол бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шим, шинэ ургацынхаа дээжийг нийслэлчүүддээ хүргэдэг тариаланч, үйлдвэрлэгчдийг хэрэглэгчидтэй шууд холбодог чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Нийслэлийн хүнсний хангамж гадаад зах зээл, хил боомт, тээвэр логистикийн нөхцөлөөс хамааралтай байна. Өнөөдөр нийслэлчүүдийн хэрэглэж буй хүнсний ногооны 43 хувь, жимс жимсгэнийн 97 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Тиймээс бид Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Энэхүү стратегийн зорилтын хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ бүсэд дөрвөн улирлын хүлэмж, төрөлжсөн агуулах, боловсруулах үйлдвэр, тээвэр логистик, инновацын төвийг нэг дор цогцлоохоор төлөвлөөд байна. Нийслэлийн 1.8 сая иргэний хүнсний хангамжид үнэтэй хувь нэмэр оруулдаг нийт тариалан эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улаанбаатар хотын нийт оршин суугчид, иргэд та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдаа дэмжиж, эх орныхоо хөрсөнд ургасан шинэ ургацын дээжээс өргөнөөр худалдан авахыг уриалж байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо,уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2026 оны 09-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Дундговь, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Алтайн өвөр говиор +22…+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +9…+11 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бүгд Найрамдах Хаити Улсын Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме-тэй уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Хаитийн харилцаа, НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаа болон Хаити Улс дахь энхийг дэмжих ажиллагааны талаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол ба Хаити улс газар зүйн хувьд алслагдмал хэдий ч олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх нийтлэг зорилго, НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаанд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлов.

Хаити Улсад явуулж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагаанд Монгол Улс оролцож байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг тэмдэглэлээ.

Мөн тус улсад үүрэг гүйцэтгэж буй монгол энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, энэ чиглэлээр Хаитийн талтай нягт хамтран ажиллахаа хэллээ.

Монгол Улс цэргийн багаа алс холын оронд, өөр тивээс өөр тивд илгээж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг зэвсэгт халдлагаас хамгаалах, гэмт бүлэглэлтэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Манай цэргийн баг энэ сараас Эль Сальвадор, Гватемал, Чад, Ямайка, Шри-Ланка зэрэг улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн Хаити Улсын нийслэл Порт-о-Принс хот дахь ‘’Вертиерес’’ баазын аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.

“Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар хошууч генерал Б.Эрдэнэбат ажиллаж байна.

Тэрбээр өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан. 2024-2026 онд НҮБ-ын Кипр дахь Энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генерал юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан.

Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарынхантай уулзлаа.

Эдийн засгийн хүндрэлтэй үед хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодлогыг нийслэл хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлсөн юм.

Бизнес эрхлэгчдэд учирч буй дарамтыг бууруулах, хэрэглэгчдийн худалдан авалтыг дэмжих зорилгоор Нийслэл хотын хоёр хувийн албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болсноо НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр зарлалаа. Уг татварыг хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авагч төлж, борлуулагч суутган төсөвт төвлөрүүлдэг. Иймээс татварын хувь хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн худалдан авалтад төлөх татварын хэмжээ багасаж, хэрэглээг дэмжих ач холбогдолтой юм.

Түүнчлэн хувийн хэвшлийн хэрэгжүүлэх боломжтой бизнес, үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй байх зарчмыг баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 09 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан мэндчилж, дурсгалын зураг авхуулав.

Ерөнхийлөгч дараа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлнэ.

Ерөнхий санал шүүмжлэлээр улс орнууд үндсэн сэдвээс гадна “Бүс нутгийн мөргөлдөөн ба геополитик”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ ба тогтвортой хөгжил”, “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба шинээр гарч ирж буй сорилтууд”, “Хиймэл оюун ухааны засаглал”, “Хүний эрх ба нийгмийн оролцоо” зэрэг сэдвээр өндөр түвшний хуралдаан, хэлэлцүүлэг хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна.

Тухайлбал, цөмийн зэвсгийг бүрэн устгах, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын санхүүжилтэд шилжих явц, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, COVID-19 цар тахлын сургамж, хариу арга хэмжээ, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хиймэл оюун ухааны аюулгүй, найдвартай, хариуцлагатай хөгжлийг хэрхэн дэмжих зэргийг хэлэлцэнэ.

Мөн Хөгжих эрхийн тухай тунхаглал батлагдсаны 40 жил, Арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, үзэн ядах шинжтэй  үзлийн эсрэг Дурбаны тунхаглал болон Үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ойд зориулсан хурал болох юм.

Түүнчлэн НҮБ-ын үйл ажиллагаа, ил тод байдал, үр ашгийг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “НҮБ-80” санаачилгыг урагшлуулах, Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэг ч хэлэлцэх асуудалд багтжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусгавар болно.

Шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Чили Улсын Ерөнхийлөгч асан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан, Сенегал Улсын Ерөнхийлөгч асан Маки Саль, Ерөнхий Ассамблейн дарга асан Мария Фернанда Эспиноса нар нэр дэвших талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.

Нэр дэвшигчийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал болгосны дараа Ерөнхий Ассамблей батална.

Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг Бангладеш Улсын Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалж байгаа бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 15 орлогч даргын нэгээр ажиллаж байна.

Халилур Рахман олон талт байгууллагуудад итгэх итгэлийг бэхжүүлэх, НҮБ-ын үр нөлөөг дээшлүүлэх, дэлхий дахинд тулгарч байгаа шинэ сорилтуудад  нийцүүлэн тус байгууллагыг шинэчлэх зэрэг зорилт тавьжээ.

788574548_1729640848114309_3605045059426213951_n-1024x681Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй.  Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.

Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулсан юм.

НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт (2026.09.22) Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав.

Ерөнхий сайд Н.Учрал, Австрали Улс ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй манай чухал гуравдагч хөрш, Номхон далайн бүс нутаг дахь ойр дотно түншүүдийн нэг юм. Уул уурхай, эрдэс баялгийн салбар нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бодит үр дүнтэй чиглэлүүдийн нэг. Үүний гол илэрхийлэл нь “Оюутолгой” төсөл. Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээгээр төслийн зардлыг бууруулах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрээд байгааг онцлов. Цаашид төслөөс Монгол Улсад үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлтийн оролцоог өргөжүүлэх, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг илүү тэнцвэртэй, төрөлжсөн, харилцан ашигтай болгох, ялангуяа Монгол Улсаас Австрали Улсад нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр цогц шинэчлэл хэрэгжүүлж байна. Тухайлбал, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг Засгийн газрын бодлогын түвшинд үргэлжлүүлж, хүнд суртлыг бууруулах, төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хөрөнгө оруулалт, инновацыг дэмжихэд анхаарч ажиллаж байгааг тодотголоо. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Австрали Улстай хамтарч, хөрөнгө оруулалт, технологи, стандарт, магадлан итгэмжлэл, мэргэжилтэн бэлтгэх туршлагыг татан оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, дээврийн нарны цахилгаан үүсгүүрийн суурилуулалт, ашиглалтын аюулгүй байдал, чанарын баталгааг хангах чиглэлээр Австралийн “PV” суурилуулагч, зураг төсөл боловсруулагчдыг магадлан итгэмжлэх тогтолцооны туршлагыг судалж, мэргэжилтэн бэлтгэх, гэрчилгээжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв.

2025 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 66.8 сая ам.долларт хүрсэн. Монгол Улсын 28 мянга орчим иргэн Австралид амьдарч байна. Ерөнхий сайд Австрали Улсад суралцах монгол оюутнуудын визийн нөхцөл, төгсөлтийн дараах ажиллах боломжийг илүү таатай болгох асуудалд онцгой анхаарч өгөхийг хүслээ.

Талууд хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх ажлыг урагшлуулж, дээд түвшний харилцан айлчлалын үеэр ярьж тохирсон асуудлыг бодит үр дүнд хүргэхийг зорьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар /2026.09.22/ томилж, батламжиллаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг төлөвшүүлэх, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал.

Үүний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан, ил тод, хариуцлагатай болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох, иргэдэд үзүүлэх хууль зүйн болон төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох нь тэргүүлэх зорилт болж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг эдгээр бодлого, зорилтыг хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудад бодит шийдэл гаргах чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү хариуцлагатай албан тушаалд томилж буйгаа Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Мөн Засгийн газрын бүх гишүүдэд хандан “Төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, танхимын зарчмаар хамтран ажиллах зарчмыг хатуу шаардаж ажиллана” гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудлыг танилцуулж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлсэн.

Ерөнхий сайд:

 “Улсын Их Хурлын гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульд заасан Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байна. Энэхүү асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр урьдчилан танилцуулахаар хүргүүлсэн болно.

Сайнбуянгийн Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Улсын Их Хуралд үүгээр танилцуулж байна.

temuulen huuli zuinХууль зүй, дотоод хэргийн салбарын хэвийн үйл ажиллагаа, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг, төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн нөхцөл байдлыг таслан зогсоох шаардлагад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдохоор нэр дэвшигч Ганзоригийн Тэмүүлэнгийн дэлгэрэнгүй намтрыг Улсын Их Хуралд 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Ганзоригийн Тэмүүлэн олон улсын харилцааны мэргэжилтэй, улсад 20 жил ажилласан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй, салбарын бодлогыг удирдан чиглүүлэх чадавхтай боловсон хүчин юм.

Эрхэм гишүүд ээ,

Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол Улсын дотоод аюулгүй байдал, хүний эрх, хууль дээдлэх зарчим, төрийн иргэдтэй харилцах итгэлцэл, шударга ёсны баталгаа болсон онцгой салбар.

Засгийн газар эдийн засгийн сорилтыг туулж, төсвийн сахилга бат, төрийн хэмнэлт, иргэдийн ахуй амьжиргааг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль зүйн салбарт бодлогын шинэчлэл хийж, бодитой үр дүн гаргах нь нэн чухал зорилт болоод байна.

Монгол Улсын Их Хурал 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй зарим зөрчил нь тухайн нэг тохиолдлын алдаа бус, системийн шинжтэй доголдол болохыг тэмдэглэж, өмгөөлөгчийн оролцоог хангах, цагдан хорих арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэглэх, хяналт-шинжилгээ, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газарт үүрэг болгосон.

Иймээс хууль зүйн салбарын шинэ удирдлагын өмнө хууль зүйн салбарт үүссэн асуудлын үнэн зөвийг тогтоолгох, хууль сахиулах байгууллагуудын хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалсан, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тавигдаж байна.

Ганзоригийн Тэмүүлэнгийн Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон, төсөв, эдийн засгийн бодлогын асуудлаар олон жил ажилласан туршлага, улс төрийн манлайлал, мэдлэг, ур чадварнь хууль зүйн салбарын шинэчлэлийг төсвийн сахилга бат, төрийн байгууллагын удирдлага, үр ашигтай зарцуулалттай уялдуулан хэрэгжүүлж чадна гэж үзэж байна.

Иймд шинээр томилогдох сайд салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, байгууллагын дотоод хяналт, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Эрхэм гишүүд ээ,

Ганзоригийн Тэмүүлэнг Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болон тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгийг нь харгалзан энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд итгэл хүлээлгэн танилцуулж байна.

Сайдын алба бол ард иргэдийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага юм. Иймд Ерөнхий сайд миний бие Засгийн газрын бүх гишүүнд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, хүний эрхийг дээдлэн сахиж, Танхимын зарчмаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллахыг хатуу шаардаж ажиллах болно” гэлээ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа