Author Archives: baaska baaska

Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ

Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын орчимд /2026.04.18/ монгол гэр, хашаа шатаж байх үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Баярхүү, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Даваадаш нар харж, гэрт унтаж байсан хоёр иргэнийг галын голомтоос гаргаж, амь насыг нь аварлаа.
Дээрх иргэдийг сумын эрүүл мэндийн төвд хүргэж, галыг иргэдийн хүчээр түргэн шуурхай унтраан нурманд оруулаад байна.
Цаг агаарын хувьд хүчтэй салхитай байсан бөгөөд хажуу айлын хашаа, гэр шатах эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна.

2026 оны 04-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар  хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +7…+9 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ

 Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой дотоод, гадаадын иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг долоо хоног бүрийн мягмар, лхагва, пүрэв, баасан гарагт тогтмол зохион байгуулдаг.

    2026 оны 04 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд тус танилцах аяллаар 937 иргэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим, чуулганы нэгдсэн хуралдааныг үзэж сонирхон, хууль тогтоох үйл явцын талаар мэдээлэл авлаа. Мөн Төрийн ордон дахь хосгүй үнэт урлагийн бүтээлүүд, түүхэн баримтуудтай танилцаж Төрийн ордны талаар мэдээлэл авсан юм.  

сурагчи

Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут оюутнуудад УИХ-ын гишүүн хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал хураалтад оролцдогыг тайлбарлав

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам сурагчдын хамт

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай сурагчдад Улсын Их Хурлын гишүүн ямар ажил хийдэг талаар ярьж өглөө

Сурагчдыг Төрийн ордон дахь хосгүй үнэт урлагийн бүтээлүүдтэй танилцуулав

Сурагчид “Төрийн мэдээлэл” эмхэтгэлтэй танилцдаг

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд сурагчдын хамт

    Тухайлбал, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Төв аймгийн Эрдэнэсант сум, Нийслэлийн ерөнхий боловсролын 9, 30, 14, 93  дугаар сургуулийн 9-12 дугаар ангийн багш, сурагчид, Өвөрхангай аймгийн Уянга сумын 1, 2 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид, Орхон аймгийн Социал демократ Монголын оюутны холбооны оюутан залуучууд, Увс аймгийн Улаангом, Баянхонгор аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид зэрэг хүрэлцэн ирсэн иргэд сонгогчид, багш сурагчид тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ уулзан, санал бодлоо солилцож, дурсгалын гэрэл зургаа авахуулан дурсамжтай хугацааг өнгөрүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд (2026.04.17-19) ихэнх нутгийг хамран онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдаж, агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар эрс хүйтрэх нөхцөл бүрдэнэ.

Мөн хальтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон зөвлөж байна.

Үүнд:

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Малаа ойрын бэлчээрт, нөмөртэй газарт бэлчээх

Төл малыг осгохоос хамгаалах, ямаа самналтыг хойшлуулах

Төллөх дөхсөн малаа хотондоо байлгаж, төллүүлэх

Төл, тарга хүч муутай мал, самнасан ямааг даарах, цасан шуурганд уруудах, осгохоос сэргийлэх

Бэлчээр, өвс тэжээл багатай бүс нутагт малд нэмэгдэл тэжээл урьдчилж өгөх

Отор нүүдлийг хойшлуулах, хол замд мал тууварлахгүй байх

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, мал шуурганд уруудах эрсдлийг онцгойлон анхаарах

Иргэд, малчид та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж буй авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг сурталчлан таниулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Auto service – Open day” арга хэмжээг тавдугаар сарын 8-10-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Нийслэл болон төвийн зургаан дүүргийн ЗДТГ, Нийтийн тээврийн бодлогын газар хамтран анх удаа зохион байгуулж буй уг арга хэмжээ нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Б.Ширэндэвийн гудамж буюу хуучнаар Монтелын гудамжинд болно.

Тус арга хэмжээний үеэр авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд чанартай, найдвартай, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг хямдралтай, урамшуулалтайгаар хүргэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг өчигдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Уг хоолны өдөрлөгт ресторан хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгж Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг 18 улс үндэстний хоол болон зууш, кофе, дессерт амттанаар үйлчилж байгаа юм. Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт, хоолны тэмцээн, уралдаан зохион байгуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё

Сэргэлэн цовоо, эрч хүч манлайлал, идэвх зүтгэл, гэрэл гэгээ, итгэл найдвараар бялхсан залуу  өмгөөлөгч Х.Цэрэндолгорыг энэ удаагийн ярилцлагандаа урилаа. Монголдоо болон хөгжингүй улс оронд эзэмшсэн мэдлэг мэргэжлээ гүнзгийрүүлэн хөгжил дэвшилд хүрэх итгэл ирээдүй зорилгон дор гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар байгуулсан Өмгөөллийн “Atnena advocatesl” хуулийн фирм нь эдүгээ гурван нас хүрээд буй.

Тус фирмийн гар сэтгэл нийлсэн залуу баг хамт олон өглөөг гоё эхлүүлж, ажлаа шуурхайлдаг гэх үг сэтгэл сэргээсэн билээ. Бидний яриа ирээдүйн зорилго, залуу нас, гадаадын хөрөнгө оруулагчдыг монголын хуульд итгэх итгэлийг бий болгохыг туйлаас зорин ажиллаж байгаа нь давуу тал онцлог гээд олон сэдвээр өрнөсөн юм.

Дашрамд дурьдахад тэрбээр  Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөөд БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр тус улсын Ардын их сургуулийг хууль зүйн бакалавраар,  Монголдоо  Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн  сургуулийг магистраар дүүргэсэн эрдэмд шимтсэн нэгэн билээ.

 “Амьдралд хөл тавих сайхан, амжилттай байх нь бүр ч гоёхон”. Иймд сурч мэдсэнээрээ өдөр бүхэн оч мэт гийж яваа залуу үеийн төлөөлөл Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Хоёулаа яриагаа хуульч болсон талаараа эхэлье. Богино хугацаанд хуулийн фирмээ байгуулаад ирээдүйн алхмаа тодорхойлсоор байгаа нь илүү бахдал төрүүлж байх юм? 

 – Баярлалаа. Хятад улсад сурч боловсорсон С.Оджаргал найзын хамт Өмгөөллийн “Atnena advocates” хуулийн фирмээ 2023 оны 1 дүгээр сард үүсгэн байгуулж байлаа. Учир нь, бид Монгол улсад хөрөнгө оруулахаар  ирж байгаа Гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хууль эрх зүйн орчны талаар зөвлөгөө өгье, Монгол Улсад үйл ажиллагаа нь хууль ёсоор явахад нь тус дэм болъё гэсэн зарчмыг анх баримталж хуулийн фирмээ үүсгэн байгуулсан. Манай залуу баг хамт олон хоёр зөвлөх, 5 өмгөөлөгчийн хамт үйл ажиллагаа явуулж байгаа. Гурван жилийн хугацаанд 100 давсан Хятадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажилласан байна. Тодруулбал, хөрөнгө оруулалтын зөвлөгөө үзүүлэх, хууль зүйн нарийвчилсан дүн шинжилгээ хийх, монголын хууль эрх зүйн орчны судалгаануудыг тухайлсан салбарт хийж өгөх зэрэг академик чиглэлд илүү төвлөрч ажилладаг. Мөн түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид болон хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөн өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж байна.

-Сэтгүүлч хүний сониуч зангаар асууж байна л даа. Үүдээр оруут л цэмцгэр ганган, саруулхан  тасалгаанд залуусын дулаан уур амьсгал угтсан нь эерэг сэтгэл төрүүллээ. Тиймээс  та бүхний маань нэг өдөр хэрхэн өрнөдөг бол?

– Бид 7 хоног бүр амьд цэцэг авдаг. Тэрхүү цэцгээ усалж ваарандаа хийгээд пянзаа тавьж дуртай дуугаа сонсоод, шинэхэн чанасан кофегоо уугаад өглөөний ажлаа эхэлдэг дээ.  Ажлаа улам бүр чанаржуулахын тулд монголынхоо болон олон улсын хуульчдаас туршлага судлах дуртай. Хятад улс 1,4 тэрбум хүн амтай. Энэ хэмжээгээр  хуулийн фирм, хууль эрх зүйн зөвлөгөө хөгжсөн учраас тэднээс суралцах зүйл маш их бий. Тэрхүү олон хүн амын дундаас шалгаран хуульч өмгөөлөгч болсон хүмүүс маш их бэлтгэгдсэн чадварлаг шилдэг байдаг нь мэдээж. Нөгөө талаар мэдээлэл, технологийн эрин үе, хиймэл оюун ухааныг хятад өмгөөлөгчид хэрхэн өмгөөллийн үйл ажиллагаандаа ашиглаж байна вэ гэдэг маш давуу тал. Хиймэл оюуны салбарт Монгол улс хөгжлийн анхдагч үе шатандаа яваа бол тэд хөгжүүлэлтээ аль хэдийн хийж чадсан. Үүнтэй  холбоотой гэрээ эрх зүйн  баримт бичиг боловсруулах, зөвлөгөө өгөх энэ бүхэндээ хиймэл оюун ухааныг хэрхэн эергээр ашиглан хэрхэн төгс зүйл рүү тэмүүлэх вэ гэдгээ тодорхойлоод суралцаад явж байгаа  гэж хэлж болно.

-Гадныхантай ажиллаж байгаа хуульчид олон талаар хөрвөж ажиллах чадвартай маш их бэлтгэгдсэн байдаг болов уу гэж бахархаж байна?

-Манай хуулийн фирмээр ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай компани иргэд үйлчлүүлдэг. Иймд мэргэжлийн өмгөөлөгчдийн  зүгээс тэдэнд тухайн орных нь хэлээр ямар нэг ойлголтын зөрүүгүйгээр хууль эрх зүйн зөвлөгөө өгч байгаа. Хэрэв зөрүү үүсвэл маш том эрсдэлүүд гарна. Маш олон гэрээ хэлцэл бүтэлгүйтэх, хүссэн ойлголтуудаа бүрэн аваагүйгээс олон Шүүх хурал дээр үйлчлүүлэгчдийн хүссэн үр дүн гарахгүй байх тохиолдол бий. Ийм байдал гаргахгүй, эхнээсээ аливаа ойлголтын зөрүүгүйгээр ажлыг эхлүүлж, өрнүүлж, дуусгаад сурчихвал тэдэнд монгол өмгөөлөгчдийг үнэлэх эерэг сэтгэгдэл төрнө. Энэ л  бидний давуу тал гол онцлог юм даа.

– Өдрөөс өдөрт өмгөөллийн ажилдаа өнгө нэмж яваа та бүхний баримтладаг зарчим тань юу байдаг бол?

-Бид өмгөөллийн тухай хууль болон хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульдаа захирагдаж, дагаж мөрдөн ажилласаар ирсэн. Хүний эрхийг хамгаалж, шударга ёсыг тогтоох үйлсдээ үнэнч байна гэсэн зарчмаасаа хазайхгүй. Тухайн үйлчлүүлэгчдээ хамгийн үнэн бөгөөд зөв бодит мэдээллийг хүргэх ёстой. Гэвч амлалт өгч болохгүй. Ойрын жилүүдэд Монгол Улсад гадны хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдөөд байна, хөрөнгө оруулалтын орчин муу байна гэсэн мэдээлэл маш тархаад байгаа. Тиймээс бид тэрхүү эрсдэлийг багасгаснаар  гадны иргэд Монгол Улсад итгээд хөрөнгө оруулалт нэмэгдэх итгэлцэл бий болно гэсэн үг. Энэ мэтээр таатай хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд түүн дээр хуулийн дэмжлэгийг нь сайн үзүүлээд явах нь эргээд эх орныхоо хөгжилд бага ч атугай хувь нэмэр оруулж ажиллаж байгаа болов уу гэж боддог. Энэхүү  хүсэл зорилгынхоо  төлөө тууштай хичээж мэргэжилдээ болон өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллана гэдэгтээ итгэлтэй явдаг.

-Хамгийн их сэтгэл ханамж авдаг зүйл тань юу вэ?

–Худалч хүнд гэдэг шиг хоногийн 24 цагийн 20 цагт нь дуу хөгжим сонсдог. Үүнээс маш их эрч хүч, урам зориг  авдаг. Үйлчлүүлэгчидтэйгээ уулзаад дууссаны дараа ихэвчлэн ганцаараа төвлөрч суугаад өөрөө өөртэйгөө ажиллах зураг авах, амралтын өдрөөрөө гэр бүл,  хүүхдүүдтэйгээ хамт байж  ажлаа түр мартан алжаалаа тайлах боломжуудыг өөртөө олгохыг хичээдэг. Мөн партнертайгаа ярилцаж, чиний хажууд үргэлж байна гэдэг мэдрэмжээс хамгийн их сэтгэл ханамжийг  авдаг.

-Залуучуудын санаачилга үнэ цэнэтэй. Иймд та бүхэн дээд байгууллага буюу Монголын Өмгөөлөгчдийн холбооноосоо та бүхний өөрчлөлт, хөгжил рүү чиглэсэн  ямар ажлууд хийгээсэй гэж хүсдэг вэ?

-Тиймээ, Манай Өмгөөлөгчдийн Холбооны гадны байгууллагуудтай  харилцах хамтын  ажиллагаагаа улам өргөжсөөр  байгаад баяртай байдаг. Энэчлэн бидэнд  гадны улс орны  хуульчдаас туршлага судлах, сайн туршлагуудаас нь нэвтрүүлэх хэрэгцээ байна гэж хардаг.  Боломж бүрдвэл бусад улсын хуульч, өмгөөлөгчдийг монголдоо урьж авчраад туршлагаас нь хуваалцах солилцох боломжоор залуу өмгөөлөгчдөө хангавал үр өгөөжтэй байх болов уу. Учир нь, олон сая  хүн амтай улс байх тусмаа тухайн оронд гарч байгаа хэрэг маргааны кейсийн төрөл илүү нарийн болж ирдэг. Наад захын хулгай дээрэм гэхээс илүү  нарийн хууль зүйн  зохицуулалт шаардсан төвөгтэй кейсүүд байх нь бий. Тэдгээрээс бид мэдээлэл авч, хэрхэн шийдэгддэг, өмгөөлөгчид хэрхэн холбогдох хуулиа тайлбарлаж хэрэглэдэг зэргийг судалбал хөгжиж буй манай улсын хувьд ч  гурваас таван жилийн дараа тэр замыг туулахад суурь туршлага болж өгнө гэж боддог.  Олон улсын нүд нээх туршлагуудаас монгол өмгөөлөгчдөдөө суулгахын тулд олон улсын өмгөөлөгчидтэй хамтарч ажиллах гүүрийг нээх ажлыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

-Аливааг таньж мэдэхэд өөрийгөө сорих дуртай байсан хүүхэд насны зам алсдаа холыг зорьдог. Тэр дундаа та балчир наснаасаа хуулийн салбартай ойрхон өссөн гэдэг?

– Миний аав өмгөөлөгч Д.Халзан гэдэг хүн байдаг. Намайг төрөх үед Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад шүүгчээр ажиллаж байсан. Иймд миний бие ухаан орсон цагаасаа шүүх танхимд тоглож өссөн. Нэг зүйлийг тодоос санадаг юм. Аав маань намайг харах хүн байхгүй болохоор Шүүх хуралдаа хажуудаа суулгаад, би дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё.

-Аливаа салбарыг ахмад, залуу үегүйгээр төсөөлөхийн аргагүй, тэдний үлгэрлэлээр бид урагш тэмүүлж хөгжинө. Энэчлэн  ахмад үеэсээ сонсч байсан үнэт сургаалаасаа хуваалцахгүй юу?

-Хятад улсын  нэгэн өндөр настай өмгөөлөгч “залуустайгаа ойр байна гэдэг ирээдүйтэйгээ хамт байна гэсэн үг, тийм учраас хэдийгээр би нас өндөр болсон ч залуусаа сонсох ёстой гэж хэлж байсан нь” санаанаас гардаггүй юм. Энэ үг надад  маш их урам өгч билээ. Энэ хүнд надаас аль талаараа илүү байна вэ, надад бас энэ хүнд өгч болохоор юу байна гэдгийг харилцан харах ёстой юм болов уу гэж боддог.  Цагийн аясаар бид нарын цаг үе ирэхэд тэд хаана байх вэ гэдгийг эргэцүүлэхэд илүүдэхгүй. Залуусынхаа дуу хоолойг сонсож ойлгоод  олон жилийн туршлагаасаа зөвлөгөө өгч байхад  ахмад, залуу үеийн гинжин холбоо оршдог болов уу.

-Таныхаар “Амжилт” гэж юу вэ?

 -Дотроо зураглаж бодсон эерэг үр дүн авч ирэх, намайг нэг шат ахиулах зүйлээ зоригтойгоор хийж, өөрийгөө сорьж чадахыг амжилт гэж ойлгодог. Тухтай бүсээсээ гарч, өөрийгөө сорих зүйлийг зориг гаргаж хийх нь дотоод итгэл үнэмшлийн хамгийн том амжилт гэж хардаг даа.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дашнямтай өдөр

Аргын тооллын 4 сарын 18. Бямба (Санчир) гараг (2026)
Хаврын адаг хар луу сарын шинийн 1, өдөр хар нохой, мэнгэ 9 улаан, суудал мод, од гоё хүүхэн-1, түлэх барилдлагат. Дашнямтай, их хар өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:58-19:46.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, морь, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
Дашнямтай өдөр. Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч Д. Цогтбаатар.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж хүчтэй шороон шуурга шуурна.

 Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Хүчтэй салхи: Ховд, Увс, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Шороон шуурга: Төв болон Дундговийн баруун хэсгээр шороон шуурга шуурна.

Цасан шуурга: Увсын зүүн, Завхан, Өвөрхангайн хойд, Архангай, Булганы өмнөд, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

2026 оны 04-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, говийн бүс нутгаар секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтэрч -1…-6 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +24…+29 градус, говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Хэрлэн, Туул голын хөндийгөөр +16…+21 градус, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +16…+18 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +14…+16 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа

Ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах боломжоор хангах зорилгоор “Төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 119 дүгээр тогтоол гарсан.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчдыг зайнаас ажиллуулах журам, зайнаас ажиллах хуваарийг баталлаа.

Яамны албан хаагчид ажлын зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд зайнаас ажиллах журмыг мөрдөж ажиллана.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн Монгол-Казахстаны бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концер толилуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө

Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна.  Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.

Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.

“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал:

  • 2022 онд – 50
  • 2023 онд – 305
  • 2024 онд – 532
  • 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 73% (35) нь эрэгтэй, 27% (13) нь эмэгтэй байна.

  • Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй, хэрхэн оролцож байсныг харьцуулж үзвэл:
  • Мопедтой зорчих үедээ: 51.8 хувь (27) нь онхолдсон, 37 хувь(10) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн, 3.7 хувь (1) унадаг дугуйтай мөргөлдөж гэмтсэн
  • Скүүтертэй зорчих үедээ: 63.6 хувь(7) нь онхолдсон, 36.3 хувь(4) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • Сурронтой зорчих үедээ: 66.6 хувь (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • Цахилгаан дугуйтай зорчих үедээ 66.6 хувь(2) нь онхолдсон, 33.4 хувь (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • Явган зорчих үедээ: 50 хувь (3) мопедод мөргүүлж гэмтсэн, 50% (3) сурронд мөргүүлж гэмтсэн байна.
  • Гэмтэж, бэртсэн хүмүүсийн 12.5 хувь (6) нь хамгаалах малгай өмссөн, 87.5 хувь (42) нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
  • Мөн 4.2 хувь(2) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртжээ.

Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27.0 хувь (13) толгойн гэмтэл, 25.0 хувь (12) өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6 хувь ( шагай болон тавхайн гэмтэл, 8.3 хувь (4) бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3 хувь (4) тохой болон шууны гэмтэл, 6.3 хувь (3) хэвлийн гэмтэл, 6.3 хувь (3) мөр болон бугалганы гэмтэл, 2 хувь (1) түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026-04-16/ Нийслэлийн ерөнхий боловсролын 39, Хоёрдугаар сургуульд ажиллаж, ЕБС-ийн багш, ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Он гарсаар залуу багш нарын цалин 35 орчим хувиар нэмэгджээ. Тухайлбал, 39 дүгээр сургуулийн англи хэлний багш А.Норовцэрэнгийн цалин 29 хувиар нэмэгджээ. Нэмэгдэл цалин авахын тулд тогтмол илүү цагаар ажилладгаа тэрбээр хэллээ.

Ипотекийн зээлд хамрагдахад хүндрэлтэй, банканд хүсэлтээ гаргахад орлого нь хүрэлцэхгүй байгааг, нэмэгдэл хөлсийг нэмэгдсэн цалингаас нь тооцож олгохгүй байгааг, цалин болон нэг сурагчдад ногдох хувьсах зардлын ойлгомжгүй байдлыг бий болгосон Засгийн газрын 53, 225 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг багш нар Ерөнхий сайдаас хүсэж байлаа.

Боловсролын салбарт “албан тушаалын цалин”, “үндсэн цалин” гэсэн цалингийн хоёр өөр ойлголт бий болсныг өөрчилж, цалингийн нэг сүлжээтэй болгох, нэмэгдэл хөлс, нөхөх төлбөр, урамшууллыг нэмэгдсэн цалингаас тооцож олгох зэрэг асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал Боловсролын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

“Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана, хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөхөд багш нарын цалин, сэтгэл ханамж сайн байх нь чухал нөлөөтэйг Засгийн газрын тэргүүн онцлоод сургууль барих гэхээс илүү одоо ажиллаж буй багш нарынхаа цалин хөлс, нийгмийн баталгаанд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

– “Google-ийн сурган хүмүүжүүлэгчдийн дэлхийн сүлжээ”-нд монгол багш нар нэгдлээ –

Нийслэлийн Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль дэлхийн боловсролын стандарттай нийцэх Google reference сургуулийн эхлэлээ тавьж, гурван сарын эрчимжүүлсэн сургалтын үр дүнд 106 багш Google-ийн дунд түвшний, 66 багш ахисан түвшний олон улсын гэрчилгээ авах болзол хангажээ.

Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар тус сургуулийн багш нарт Google Certified Educator Level 1, 2 болон Gemini Educator гэрчилгээг гардуулан өглөө. Эдгээр багш нар дэлхийн өнцөг булан бүрд байгаа шилдэг багш нартай туршлагаа хуваалцах, хамгийн сүүлийн үеийн заах арга зүйг цаг алдалгүй сургуульдаа нэвтрүүлж ажиллах юм.

Энэхүү хамтын ажиллагааны дараагийн томоохон алхам нь сурагчдын гарт очих зөөврийн 570 компьютер юм. Компьютер техник хангамж нийлүүлэгдсэнээр хүүхэд бүр хиймэл оюун ухааныг суралцахуйдаа зохистойгоор ашиглах боломж нээгдэж, сургалт дэлхийн түвшний хосолсон сургалтад шилжих ач холбогдолтой юм байна.

Ерөнхий сайд тус сургуулийн багш, сурагчидтай уулзах үеэрээ хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос, багш нарыг олон давхар тайлангаас чөлөөлж ажиллахаа илэрхийллээ.

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа