Author Archives: baaska baaska

Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтсээс энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.

Агаарын дундаж температур: IV, V, VI саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадас: IV сард баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, V сард зүүн аймгуудын нутгаар олоон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байх магадлал өндөр ба огцом дулааралтаас шалтгаалан хуурайшилт нэмэгдэж ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.

Дөрөвдүгээр сард. Агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөлийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Говь-Алтай, Хэнтийн баруун, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тавдугаар сард. Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорно хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Зургаадугаар сард. Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төв аймгийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 3 сарын 9. Даваа (Сумьяа) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 21, өдөр хар морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, од гар од-16, идэр барилдлагат. Лусын буулт, их хар өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:18-18:48.
Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
Замд явах, даллага авах, газар хагалах, тариа ногоо тарих, эд, мал худалдан авахад сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, малын үс, ноос хяргахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна

                                        Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ:

03-р сарын 09-нөөс 11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.

                                                2026 оны 03-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                            цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -7…-12 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр.

+1 …+3 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ:

Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

Энэ хорвоод өнгө нэмсэн охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд ээ,

Айл гэрийн багана, алаг үрсийн эх, эрийн түшиг, амьдралын хань, улс үндэстний маань түшиг тулгуур болсон элбэрэлт ээжүүд, эрхэмсэг саран гоо сайхан бүсгүйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголчууд бид эрт цагаас эх хүнийг ижий бурхан хэмээн хүндлэн дээдэлж, үг сургаалыг нь сонсож, суу билиг, хатан ухаан, хайр энэрэл, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргээр нь бахархаж ирсэн сайхан уламжлалтай.

Тийм ч учраас Монголын сайхан үрсийг энэрэл хайраараа өлгийдөн өсгөж байгаа одонтой ээж нараа жил бүрийн энэ өдөр төрийн тэргүүн хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг билээ.

Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордонд ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.

Та бүхний энгэрт гялалзаж байгаа Алдарт эхийн одон хамгийн хүндтэй эрхэм дээд шагнал юм шүү.

Энэрэл хайрын бурхад болсон Алдарт эхийн одонт ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол ээжүүд бол бадрангуй хүсэл тэмүүлэлтэй, идэвх санаачилгатай, нийгмийн хариуцлагатай, ар гэрийнхээ төдийгүй нийгмийн амьдралд санаа тавьж, улс орны хойч ирээдүйг өсгөн хүмүүжүүлдэг үндэстний маань эх булаг юм.

Наран, саран ээлжлэн манддаг энэ ертөнцөд энхрий үрсээ бүүвэйлэх эхийн зөөлөн бүүвэйн дуунд эх дэлхий уяран тайтгарч, эх орны ирээдүйн эзэд сэтгэл тайван өсөн торнидог билээ.

Эрдэнэт хүмүүний сэтгэлийн нандин орон зайд өнө мөнхөд нөлөөлж ирсэн эмэгтэйчүүдийн маань хатан зориг, торгон мэдрэмж, эелдэг зан, өрөвч сэтгэл, уран ухаан нь зөөлөн бүхний үндэс юм.

Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр хүн бүр ачлалт эх, элбэрэлт хань, энхрий охидоо баярлуулах гэж хичээдэг юм.

Энэ хорвоод ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг эрчүүд бид өдөр бүр хайрлаж, өдөр бүр баярлуулж, аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой.

Эрхэм хүндэт саран гоо бүсгүйчүүд ээ,

Монголчууд бид ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэдэг өнө эртний уламжлалтай бөгөөд төрийн үйл хэрэг, улс хоорондын дипломат харилцаанд бүсгүй хүний цэцэн ухаан, торгон мэдрэмж, нинжин сэтгэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай түүх шастирт тэмдэглэн үлдээсэн байдаг.

Манай улс энэхүү түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг тунхаглан, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулснаар Ази тивийн анхны дэвшилтэт, ардчилсан үзэлтэй улс болсон түүхтэй.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор олон улсын чуулга уулзалтуудыг эх орондоо тогтмол зохион байгуулж байна.

Тухайлбал, Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг 2022 онд, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 2023 онд, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд, Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2025 онд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан.

Мөн энэ жил Эмэгтэй парламентчдын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Монгол төрөөс эмэгтэйчүүдийн оролцоог нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л түвшинд нэмэгдүүлэхийг төрийн бодлогынхоо нэгэн чухал зорилт болгосоор ирснийг онцлон тэмдэглэж байна.

Монголын сайхан ээжүүд ээ,

Монгол Улсын хөгжлийн эрхэм нандин үнэт зүйл бол эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм боловсролтой, хөдөлмөрч бүтээлч монгол хүн билээ.

Нийгэм, улс орны хөгжил дэвшил, боловсрол хүмүүжлийн тулгуур болдог Та бүхэн бол энхрий хонгор үрсээ энхрийлэн өсгөж, эрдэм номтой, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд сэтгэл зүрх, хайр халамжаа бүрэн зориулж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг гавьяатнууд юм.

Ачтай буянтай ээжүүд та бүхний маань  халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүйн наран мандаж байдаг.

Монголын үзэсгэлэнт сарангоо, биднийг төрүүлсэн ижий Та бүхэн бол энэ хорвоогийн амьд бурхад юм шүү.

Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

20 дахь жилдээ зохион байгуулсан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд Э.Оюунболд арслан түрүүлэв

“Хангайн Ган-Эрдэнэ” ХХК-аас зохион байгуулсан Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, Эрдэнэс Критикал Минералс ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ 0108-р анги, Нью Прогресс групп, “Ховд” дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан М.Лхагвагэрэл, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан С.Ган-Эрдэнэ, аймгийн арслан М.Баасанжав нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй Монгол улсын начин У.Балжиннямд МҮБХ болон хамт барилдаж явсан бөхчүүд, найз нөхөд, нутаг усныхан, ах дүүс зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.
Дараагийн барилдаан гуравдугаар сарын 13-ны Баасан гарагт 11:00 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, 14-ний Бямба гарагт 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан, 15-ны Ням гарагт 13:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Өмгөөлөгч эмэгтэйчүүд” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөл болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүдийн санаачилгаар “ӨМГӨӨЛӨГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД” үйл ажиллагааг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10:00–14:00 цагийн хооронд Улаанбаатар галлерейд амжилттай зохион байгууллаа.

um4
Үйл ажиллагааг нээж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар нийт эмэгтэй гишүүн, өмгөөлөгчдөдөө болон салбарын үе үеийн төлөөлөл болсон хүндэт зочдодоо “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, эмэгтэй өмгөөлөгчдийн нийгэм, хууль зүйн салбарт оруулж буй үнэтэй хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ.
Энэ үеэр өмгөөллийн салбараас төрөн гарсан эмэгтэй гавьяат хуульчдадаа болон үе үеийн ахмад өмгөөлөгчдөдөө хүндэтгэл үзүүлж, дурсгалын бэлэг гардуулан талархал илэрхийлэв.
Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган, идэвх зүтгэлтэй ажиллаж буй эмэгтэй өмгөөлөгчдийг Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Монголын Залуучуудын Холбооны шагналаар тус тус шагнаж урамшууллаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд Монголын Менежментийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх үйлчилгээний ИМАКО институтийн захирал, үндэсний сургагч багш Р.Лхагвадулам “Эмэгтэй хуульчийн нийгмийн нэр хүнд, имидж бүрдүүлэлт, зарим асуудал” сэдвээр, сэтгэл судлаач, хуульч, өмгөөлөгч А.Баялагмаа “Мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх нь” сэдвээр тус тус сургалт орсон юм.
Энэхүү үйл ажиллагаа нь эмэгтэй өмгөөлөгчдийн манлайлал, туршлага солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн үнэ цэн, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой уулзалт болж, халуун дулаан уур амьсгал дунд амжилттай өрнөж, өндөрлөлөө.

um2

um3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дуучин С.Бичүү ээждээ зориулж “дуун суварга” бүтээлээ

Олон жилийн турш тасралтгүй уран бүтээл туурвина гэдэг уран бүтээлчээс асар их тэвчээр, хөдөлмөр, зүтгэл шаарддаг. Ялангуяа чөлөөт уран бүтээлчийн хувьд тогтмол уран бүтээл туурвих нь амаргүй сорилт байдаг.

Поп дуучин С.Бичүү 22 жилийн өмнөөс урлагийн тайзнаа дуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд сонсогч, фенүүддээ олон уран бүтээл хүргэсээр иржээ. Тэрбээр энэ удаад бурхан болсон ээждээ зориулан “дуун суварга” бүтээж, сэтгэлийн гүнээс ургасан шинэ уран бүтээлээ олонд хүргээд байна.

Дуучин С.Бичүү “Ээжгүй энэ орчлон ямар эх эзгүй, хоосон орон зай байдгийг би ойлгосон. Энэ дуугаа бурхны оронд байгаа ээждээ зориуллаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр өмнө нь ч ээжийн тухай уран бүтээл туурвиж байсан бөгөөд энэ нь ээждээ зориулсан хоёр дахь бүтээл болж байгаа аж. Ийнхүү дуучин С.Бичүү ээжийн хайр, дурсамжийг хүндэтгэн мөнхжүүлэх зорилгоор шинэ уран бүтээлээ сонсогчдодоо өргөн барилаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин туулай өдөр

Аргын тооллын 3 сарын 6. Баасан (Сугар) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 18, өдөр шарагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал огторгуй, од тэргүүн дагуул-13, үл тохирох барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:24-18:43.
Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
Гал тахих, буяны үйл, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, хөрөнгө оруулахад сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд явах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйлд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 

 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2026 оны 03-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -4…-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -7…-9 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -17 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Улаан загалмайн нийгэмлэгт зочиллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувиар Норвегийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Улаан загалмайн нийгэмлэгт зочилж, тус нийгэмлэгийн тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга Грете Херлофсонтой уулзалт хийлээ.
Тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, цаг агаарын эрс тэс үзэгдэл, байгалийн гамшгийн давтамж, цар хүрээ эрс нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар яригдсан зүйлийг бодит ажил хэрэг болгох үүднээс Монгол, Норвегийн улаан загалмайн нийгэмлэг хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохирч, Ерөнхий нарийн бичгийн дарга Грете Херлофсоныг Монголд айлчлахыг урилаа.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэх, хэрэгжүүлэх, авран хамгаалах, мөн өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах чиглэлээр Норвегийн улаан загалмайн нийгэмлэг асар их туршлага хуримтлуулсан бөгөөд энэ хүрээнд мөн хоёр талын байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.
Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, сайн дурын ажилтнуудыг бэлтгэх чиглэлээр норвегийн талтай хамтран ажиллах санал тавилаа.
m1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 байна

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.1 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна. 2025 онд төрсөн нийт хүүхдийн 48.3 хувь нь эмэгтэй. Улсын хэмжээнд хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай ахмад байна.
Түүнчлэн ААНБ-ын удирдах албан тушаалд ажиллаж буй нийт ажиллагчдын 41.0 хувь нь эмэгтэйчүүд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
т1
т2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ

21 аймагт хүрч ажиллахаар гарсан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн ажлын томилолт өнөөдөр Говь- Алтай аймагт үргэлжилж байна.
Эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн болон улсын 96 байгууллагын 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймгийн 57 мянга гаруй иргэнд хүргэж байна.
Говь-Алтай аймгийн ард иргэдийн дундаж наслалт 73.1 байна. Эмэгтэйчүүдийнх нь 77.3 байгаа бол эрчүүдийн дундаж наслалт 68.3 байна.
Аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын эхний гурван шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар болон осол гэмтэл орж байна. Сүүлийн жилүүдийн дунджаар жил бүр зүрх судасны өвчний улмаас 120-130, хорт хавдрын шалтгаантайгаар 90 орчим хүн нас барж байна. Өнгөрсөн онд хорт хавдрын 121 шинэ тохиолдол бүртгэгдэж, 65 хүн уг өвчний улмаас нас барсан. Өнөөдрийн байдлаар 676 хүн манай аймагт хорт хавдартай гэж оношлогдоод байгаа гэдэг мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун танилцуулав.
Хавдрын өвчлөлийг эрхтнээр нь авч үзвэл элэгний хавдар 39, ходоодны хавдар 20, уушгины хавдар 10, улаан хоолойн хавдар 8, бүдүүн гэдэсний хавдар 6 тохиолдол бүртгэгджээ.
Мөн зүрх, судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байгаа бөгөөд амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, архаг өвчний хяналт сул байх зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагууд онцлов. Үүнээс гадна осол гэмтлийн шалтгаант өвчлөл, гэмтэл тодорхой хувийг эзэлж байгаа тул зам тээврийн осол, ахуйн осол, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдлаа.
Орон нутаг, эрүүл мэндийн байгууллагаа дэмжиж хамтран ажиллах нь тухайн орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд маш чухал эерэг нөлөөг үзүүлдэг гэдгийг цөөнгүй аймгийн жишээ харуулж байна гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв. Говь-Алтай аймаг жил бүрийн төсөвтөө 1.7 тэрбум төгрөгийг суулгаж Нэгдсэн эмнэлгийнхээ урсгал зардлыг төлдөг нь орон нутгийн эмнэлэг тусламж, үйлчилгээндээ төвлөрч ажиллах боломжийг бүрдүүлдэг ийм жишгийн тогтоосон аймгуудын удирдлагуудад Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийлэв. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн удирдлага нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн чиглэлд анхаарч тогтмол ажиллаж өнгөрсөн жилийг Эрүүл мэндийг дэмжил жил болгосон нь үр дүнгээ өгч хавдрын болон осол гэмтлийн шалтгааант нас баралтыг бууруулсан бодит үр дүнг үзүүлжээ.
Говь-Алтай аймгийн 14 сум шүдний кабинеттэй болсон байна. Гол нь хүний нөөц, эмчийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ заавал эмчтэй байх шаардлагагүй бөгөөд цөөн тооны эмчийг сумдын дунд ажиллуулж болох зэрэг чиглэл өгч эрүүл мэндийн байгууллагын сайн менежерийн ур чадвар чухал гэв.
Өнөөдөр үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчидтай уулзаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар төлөвлөөд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Монгол орны нийт газар нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 14.2 шоо.км байна.

Жишээлбэл,Ерөө, Халх, Хараа, Хэрлэн, Улз гол-Хөх нуур, Мэнэнгийн тал, Булган, Онон, Шишхэд, Туул, Сэлэнгэ мөрөн, Хөвсгөл нуур-Эг гол, Идэр, Увс нуур-Тэс голын сав газруудын  90-99 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.59 шоо.км бол Үенч-Бодонч, Орхон, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан, Хануй, Чулуут, Умард говь, Хар нуур-Ховд гол, Хүйсийн говь-Цэцэг нуур, Таац, Бөөнцагаан-Байдраг зэрэг голуудын савын 45-80% орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.51 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурьдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үргэлжиллээ.

Парламент болон Засгийн газрын төлөөлөл орон нутагт ажиллаж хөдөөгийн хөгжлийг хурдасгах зорилтот санаачилга, хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал, бодлыг сонсохоос гадна УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг танилцуулсан юм. Эрх чөлөөний дөрвөн замын эхнийх нь эдийн засгийн чөлөөлөлт гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Энэ чөлөөлөлтийг эхлүүлэх болсон үндэслэл нь бүх шатанд хариуцлага, ил тод байдал нэхсэн олон нийтийн бодит шаардлага болон улсын төсвийн хэт тэлэлт, урсгал зардлын өсөлтөөс улбаатай аж. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн талаар макро эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцуулахдаа тэрбээр дурдлаа.

Харин нэгдсэн төсвийн нийт зарлага 2022 онд 16 хувиар, 2023 онд 24 хувиар, 2024 онд 36 хувиар нэмэгджээ. Иймд төсвийн урсгал зардлын хэт тэлэлтээс үүдэн төсвийн бодлогын орон зай хумигдаж байгааг онцлоод, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар урсгал зардлыг бууруулахаар төлөвлөж байгаагаа дурдлаа. Тухайлбал, энэ оны улсын төсвийн батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж,татвар төлөгчдийн ачаа, дарамтыг бууруулж төрийн хэт оролцоог хумисан гэдгийг тодотгов. Улмаар улсын төсвийн орлого, зарлагын ДНБ-д эзлэх хувь, хэмжээг бууруулж, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэл хийхээр зорьж байгаа гэлээ. Цаашид төрөөс татаас олгодог салбаруудыг чөлөөлж, зах зээлийн зарчим шилжүүлэх, нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зорилтот бүлэгт нь чиглүүлэх талаар тодотгож байв. УИХ-ын дарга хэлэхдээ, орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд эрх мэдэл болон хөрөнгө оруулалтын төвлөрлийг сааруулж, аймаг, сумдад шилжүүлэх ёстойг онцлов. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төсөл, хөтөлбөрүүдийг орон нутаг бие даан хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгийг дурдлаа. Бизнесийн орчныг бодитоор тэлэхийн тулд хэт төвлөрсөн, олон шатлалт зөвшөөрлийн тогтолцоог халж, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлийн өрсөлдөөнд саад болж буй төрийн хэт оролцоог багасгах хуулийн шинэчлэлийг эхлүүлсэн талаар жишээ татаж тайлбарлав.

Түүнчлэн нийгмийн даатгалын шинэчлэл, татварын реформын хүрээнд хэрэгжүүлэх ажлаас ч танилцуулсан юм. Удаах санаачилга болох Эрх зүйн чөлөөлөлтийн хүрээнд, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ хийхэд шинэчлэх ажлын эхлэл болгож Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдах 90 орчим хуульд оруулсан өөрчлөлтийн хамт өргөн мэдүүлсэн гэлээ. Мөн банкны салбарын реформыг эрчимжүүлж, гадаадын банк дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг салбарын хуулийн шинэчлэлээр бүрдүүлнэ гэдгээ тодотгов. Ногоон хөгжлийн чөлөөлөлт буюу түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах 3х100 санаачилга амжилттай хэрэгжиж эхэлснийг УИХ-ын дарга хэллээ. Айл, өрхийн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг суурилуулж, төвийн шугамд холбох процессыг хялбаршуулж, журмыг шинэчилснээр ердөө 11 өдөрт шийдвэрлэх боломжтой болжээ. Ингэснээр нарны хавтан, батарейн системээр хэрэглээний цахилгаанаа хялбархан шийдвэрлээд зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлснээр орлого олох боломжтой болж байгаа аж. Цаашид энэ жишгээр орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсгүүрийг олноор байгуулахад аймаг, сумдын удирдлагууд газар олголт болон холбогдох асуудлыг хүндрэлгүйгээр шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийлэв. Эдгээр жижиг станцуудыг түшиглээд цахилгаан машин цэнэглэх цогцолборыг 100 байршилд байгуулахаар төлөвлөжээ. УИХ-ын даргын зүгээс “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг санаачилж, малчдын орлогыг төрөлжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх зорилтот ажлуудыг эхлүүлснээ дурдав. Эрх чөлөөний дөрвөн замын сүүлийнх нь Авлигын эсрэг чөлөөлөлт байх болно гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо.

“Транспаренси интернэйшнл” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексээр  манай улс 31 оноо авч, 182 улсаас 124 дүгээр байранд жагсчээ. Улмаар уул уурхайн салбарын ил тод байдлыг сайжруулах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ёстой гэсэн зөвлөмж гаргасан талаар дурдлаа. Энэ хаврын чуулганаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн санаачлан, өргөн мэдүүлсэн Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Иргэдийн зүгээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байгааг хөндөж, төрийн албаны цомхотгол зарим газар “байгаа онохгүй” байгааг шүүмжлэв. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн, ахмадын хөгжлийн төв байгуулах, иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж өгөхийг захилаа. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих болон ахмадын орон сууц, залуучуудад чиглэсэн ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах зэрэг саналуудыг дэвшүүлэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг сайжруулж, парламентын танхимд бодлогоороо мэтгэлцдэг байхыг уриалж байлаа. УИХ-ын даргаас гадна төвийн бүсээс сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батбаяр, Ц.Туваан, С.Лүндэг нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа