Author Archives: baaska baaska

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо

“Хотула” аппликейшнээр дамжуулан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн тус аппликейшнийг ашиглан үйлчилгээний шимтгэлгүйгээр зөвхөн банкны гүйлгээний шимтгэл 200 төгрөг төлж, төлбөрөө бөөнд нь төлөх боломж бүрдсэн юм.

Ташрамд, “Хотула” аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан харилцаа холбоо, төлбөр тооцоо, цахим худалдааг нэг дор багтаасан дижитал платформ юм. Иргэд тус аппликейшнийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.

  • Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлөх;
  • Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаар хийх;
  • QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх;
  • Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах;
  • Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ хянах зэрэг давуу талтай юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна

2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчдын бүртгэл үргэлжилж байна. Энэ жил оюутан, суралцагчид цэргийн 13 төрлийн мэргэжлээс сонгон суралцах боломжтой юм. Бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхэлж, гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын I, II, III дамжааны оюутан төрийн мэдээллийн нэгдсэн систем E-Mongolia-аар цахимаар бүртгүүлэх боломжтой. Харин мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын байгууллагын тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгт зэрэг баримт бичгийг бүрдүүлэн харьяа аймаг, дүүрэг /нийслэл/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн очиж бүртгүүлэх юм.

Сургалтад хамрагдах оюутан, суралцагчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын I, II, III дамжаанд, эсвэл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх,
  • Тухайн жилийн зургаадугаар сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн байх,
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн нэг жил төлсөн байх,
  • Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байна.

Сургалтын онолын бэлтгэл дөрвөн төрлийн хичээлээр явагдана. Үүний дараа оюутнууд ерөнхий шалгалт өгч, 60-аас дээш оноо авсан тохиолдолд мэргэжлийн бэлтгэлд хамрагдах боломжтой. Ингэснээр өөрсдийн суралцаж буй мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмшинэ. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлийн хичээлүүдийг түлхүү орно.

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан бол энэ онд хөтөлбөрийн жилийн квотыг нэмэгдүүлж 2000 оюутан, суралцагчийг хамруулах юм. Мөн  “Оюутан цэрэг” хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол өнгөрсөн онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал сонслоо.

Энэ онд нийт 1.6 га талбайг чөлөөлж, цаашлаад үе шаттай чөлөөлөлтүүд хийгдэж, Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг Гандантэгчэнлин хийдийг тойруулан барихаар төлөвлөсөн. Аливаа хот түүхэн дурсгалт барилга байгууламжаа тойрсон цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг жишгүүд ч бий. Энэхүү Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор аялал жуулчлалд ээлтэй төдийгүй иргэд амарч, зугаалах, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Иргэдтэй уулзах үеэр хотын дарга Х.Нямбаатар “Гандан орчмыг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно. Газар чөлөөлөлтөөс татгалзсан гурван айлтай уулзаж, дахин үнэлгээ хийхээр тохиролцлоо. Газар чөлөөлөлтийг иргэдэд илүү хүргэх үүднээс тухайн орчимд тогтмол үйл ажиллагаатай байр гаргаж, мэдээллээ иргэдэд түгээх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын дундуур НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Гандан” нэртэй тогтоолын төслийг хэлэлцүүлнэ. Тогтоолын төслийн нэрийг дахин авч үзнэ. Харин төслийн тухайд нийслэлийн ИТХ-ын долоон төлөөлөгч санаачилсан. Энэхүү тогтоолоор ойрын жилүүдэд Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьж байна. Гандан орчимд дахиж барилга байгууламж бариулахгүй. Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулахгүй. Харин зах зээлийн жишигт нийцсэн үнээр жил бүр хэсэгчлэн газрыг чөлөөлнө. Гандан орчимд 55 га газарт 1800 айл амьдарч байгаа бөгөөд нийт 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлнө. Гандан тойрсон худалдаа, үйлчилгээний төвүүд ч мөн газар чөлөөлөлтөд хамарна. Гэхдээ иргэдэд урьдаас мэдээлэл өгч газрыг чөлөөлөөд явна. Гандан орчим ирэх жилүүдэд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон цэцэрлэгт хүрээлэн болно” гэдгийг онцоллоо.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Гандангийн хэсэг суурьшлын бүс болоод удаж байна. Хөрсний бохирдол зэрэг асуудал ихтэй бүс. Иргэд газар чөлөөлөлтийг дэмжиж байгаа. Эхнээсээ зөвшилцөлд хүрээд явж байна. Иргэдэд мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллана” гэлээ.

НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Гандан орчимд амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ээлтэй байдлаар тохижилтын ажлуудыг төлөвлөөд явна. Дөрөвдүгээр сарын дундуур тогтоолын төслийг танилцуулахаас өмнө иргэдээс тогтоолын төсөлтэй холбоотой саналуудыг авна. Ямар цэцэрлэгт хүрээлэнтэй болох талаар иргэд саналаа өгөх нь нээлттэй” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин үхэр өдөр

Аргын тооллын 3 сарын 4. Лхагва (Буд) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 16, өдөр улаагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал шороо, од харцага-11, үл зохилдох барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:28-18:40.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
Анд нөхөр бололцох, багш, шавь болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийх, газар хагалах, тариа ногоо тарих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргахад сайн. Үс засуулах, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, равнайлах, ан гөрөө хийх, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:   

Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2026 оны 03-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12…-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан өөрчлөлт багатай байсан бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.

Тухайлбал: Эг гол Хатгал тосгон орчимд харз гүйх үзэгдэл ажиглагдсаны улмаас мөсний зузаан 4 см нимгэрсэн байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см нэмэгдэж, 105-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см ахиу, харин олон жилийн дунджаас 5-10 см нимгэн байна.

Буйр болон Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногт төдийлөн өөрчлөгдөөгүй ба 100-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10-20 см ахиу харин олон жилийн дунджаас 15-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Хяргас, Увс нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгдэж, 60-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх  оны мөн үеийнхээс 20 см ахиу, олон жилийн дунджаас 10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цмөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх  сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн олон улсын монгол уран бичлэг, визуал урлагийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр 17:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно. Энэхүү үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдана. “Бичиг соёл” төвөөс санаачлан хэрэгжүүлдэг уг үзэсгэлэн нь зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус монгол хүний үндэсний ижилсэл, бахархлыг залуу үедээ өвлүүлэх соёлын томоохон хөдөлгөөн юм. Энэ жилийн үзэсгэлэн нь мянганаар хэмжигдэх уламжлалт бийрийн урлагийг XXI зууны дижитал шийдэл, визуал арттай хослуулж, Монгол өв соёлыг дэлхийн соёлын зах зээлд өрсөлдөхүйц үнэ цэнтэй харуулах онцлогтой. Монгол бүсгүй хүний ухаан билиг, уян налархай хөдөлгөөн бүр уран бичгийн зураас, тиг бүрд шингэж, бичиг соёлоо хадгалан үлдэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Шагналын сан: Шилдгийн шилдэг бүтээл 2,000,000 төгрөг, шилдэг хоёр бүтээл тус бүр 1,000,000 төгрөгийн шагналтай.

Нийгмийн оролцоо: Олон нийтийн хандалтаар “Тусгай байр”-ын эзнийг тодруулж, үндэсний бичгээ нийгэм даяар сурталчилна.

Нээлтийн ёслол: Монгол бичгийн уран гоо, эмэгтэй хүний нандин мэдрэмжийг нэгэн дор тольдох “Гоо Бэхи – 2026” үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 17:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно. Тус үзэсгэлэнг “SPR Rising Group”, “Бичиг соёл” төв санаачлан, “UGC Mongolia” ерөнхий зохион байгуулагчаар, “Хүүхдийн урлан бүтээх төв” дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж байна. Монгол хүн бүрийн зүрхэнд орших эх хэл, бичиг соёлынхоо гайхамшгийг бахархан тольдохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99978546, 80088377

И-мэйл: bichigsoyol2020@gmail.com Facebook хуудас: Bichig Soyol

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан арав хоногийн сүүлийн өдөр хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 65 хувьд цастай байна.

Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулагийн хойд, Цагаанхайрхан), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат), Говь-Алтай (Тонхил, Бугатын баруун), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Хүдэр, Хушаат, Сант, Жавхлант), Төв (Эрдэнэ, Мөнгөнморьтын хойд), Дархан-Уул (Хонгорын зүүн хойд)-т 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.39 г/см3 нягттай.

Баян-Өлгий (Сагсайн өмнөд, Булган), Увс (Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд), Ховд (Булган), Завхан (Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон), Хөвсгөл (Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ), Булган (Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур), Сэлэнгэ (Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол, Орхонтуул, Орхон, Мандал, Түшиг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Сайхан), Дархан-Уул (Дархан, Шарынгол, Орхон), Төв ( Заамар, Жаргалантын хойд, Батсүмбэр), Өвөрхангай (Сант болон Баянголын өмнөд, Гучин-Усын өмнөд), Хэнтий (Баян-Адрага, Жаргалтхаан, Баянмөнх, Хэрлэн, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Дадал, Гурванбаян), Дорнод (Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овооны зүүн, Сэргэлэн, Чойбалсан, Хэрлэн)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байна.Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баян-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Хушаат, Хүдэрт 31-45 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа

Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсгийг 2024 онд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсны нэг нь Иргэний хуулийн асуудлаарх ажлын хэсэг юм. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгийн ахлан ажиллаж байгаа тус ажлын хэсэг өнөөдөр (2026.03.03) хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг танилцуулж, онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Иргэний хууль бол зах зээлийн эдийн засгийн суурь харилцааг зохицуулж, иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулсан, өмчийн эрх, гэрээний чөлөөт байдал, үүргийн эрх зүй, өв залгамжлал, гэм хор, олон улсын хувийн эрх зүй гээд иж бүрнээр системчлэн зохицуулсан, эрх зүйн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын хамрах хүрээгээрээ хувийн эрх зүйн “Үндсэн хууль” болохыг онцолсон юм. Иймд Иргэний хууль болон хувийн эрх зүйн салбарын бусад хууль тогтоомжийн харилцан хамаарлыг нарийвчлан судалж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар төрөөс хувийн эрх зүйн харилцааг нийтийн эрх зүйн аргаар зохицуулж, харилцан уялдуулах замаар бизнесийн эрх зүйн харилцааг эрүүлжүүлэн “чөлөөлөх” нь шинэчлэлийн нэгэн том зорилт гэдгийг тэрбээр дурдсан юм.

Мөн Улсын Их Хурлын дарга иргэд хоорондын, эсхүл иргэн-аж ахуй эрхлэгч хооронд үүсэх арилжааны харилцааг ялган зохицуулах, бизнесийн онцлог шинжийг тодруулж, мэргэжлийн, илүү хариуцлагатай, шуурхай байх агуулгаар баяжуулах, тодорхой болгох, хэрэглэгчдийн эрх олон салбарт зөрчигдөж, хэрэг маргаан үүсэж буйг богино хугацаанд зардал багатайгаар шийдвэрлэх олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах (class action) зохицуулалтыг бий болгох, түүнчлэн хуулийн уламжлалт зохицуулалтыг технологид суурилсан шинэ нөхцөлд нийцүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжиж, итгэлийг хамгаалахад эрх зүйн шинэчлэлийн бодлого чиглүүлэх шаардлагатайг чиглэл болгосон юм.

2002 онд баталснаас хойш Иргэний хуульд 29 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Улсын дээд шүүхээс 16 удаа тайлбар хийжээ. Иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой суурь харилцааг зохицуулдаг энэ хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд ажлын хэсгээс 45 судлаач эрдэмтэдийг татан оролцуулж, иж бүрэн судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна. Эрдэмтэн судлаач нар таван дэд хэсэгт хуваагдаж, иргэний эрх зүйн ерөнхий анги, өмчийн, гэрээний эрх зүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэм хороос үүсэх үүрэг, өв залгамжлал болон олон улсын иргэний эрх зүй гэсэн чиглэлээр ажилласныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулсан юм. Судалгааны багууд Иргэний хуульд ажиллахгүй болон дутуу байгаа зүйлс юу байгааг тогтоож, дутуу байгаа харилцааг бие даасан хуулиар салбарлуулан зохицуулахдаа, тухайлбар Арилжааны хууль баталъя гэвэл ямар цар хүрээтэй байх вэ гэдгийг тодорхойлох чиглэлийн дагуу ажилласан байна.

Дэлхий дахинд гарч байгаа эрх зүйн шинэ харилцаа, нөхцөл байдлыг харьцуулан судлах шаардлагын үүднээс ажлын хэсэг Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хоёр жилийн судалгааны төсөл хэрэгжүүлж эхэлснийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг мэдээлсэн юм. Тус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, ноён Мияги Кэнсүкэ энэхүү хамтын ажиллагаа амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр Монгол Улсын Иргэний хуулийн хэрэгжилтийг анх удаа үндэсний хэмжээнд иж бүрэн судалсныг онцлон сайшааж, цаашид улам нарийвчлан шүүн тунгааж, хувийн эрх зүйн шинэчлэлийг төгөлдөржүүлэхэд бодитой үр дүн гаргана шэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Иргэний хуулийн Ерөнхий ангийн судалгааг судлаач Н.Отгончимэг ахлагчтай баг хариуцан гүйцэтгэжээ. Тэрбээр энэ талаарх хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг тавив. Ерөнхий анги дахь тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаарх илтгэлдээ тэрбээр хуулийн ерөнхий үндэслэл, 1-9 дүгээр бүлгийн 1-82 дугаар зүйлийг хамруулсан судалгаандаа тус баг Монгол Улсын шүүхийн болон олон улсын практик зэргийг харьцуулан харгалзсанаа дурдав. Тус багийн судлаач нар хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагагүй, тодорхой хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсний зэрэгцээ Иргэний хуулийн нөөц боломж шавхагдаагүй байна гэж үзжээ.

Иргэний хуулийн Ерөнхий ангид хийсэн судалгаа, түүний дүгнэлтүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мэндсайхан, Б.Буянхишиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Г.Давааням, Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа нар асуулт асууж, саналаа илэрхийлэв. Т.Мэндсайхан багш Иргэний хуулийг давуу байдлаар хэрэглэх зарчимтай санал нийлэхгүй байгаагаа хэлж, талуудын чөлөөт байдлын зарчим, төсөөлөгдөх нөхцөл байдал, заншлын хэм хэмжээ, тогтсон практик гээд эх сурвалжийн эрэмбийн асуудал байгааг сануулсан юм. Мөн хуулийн этгээдийн өөр өөр хэлбэрүүд, тэр дундаа нийтийн өмчид түшиглэсэн буюу төрийн байгууллагуудын асуудал ойлгомжгүй байгааг ярьж, үүнийг Иргэний хуулийн хүрээнд оруулах асуудлыг хөндөв. Түүнчлэн хуулийн 56.1.9 дэх зүйл, 5-6 дугаар бүлгүүд, 40.1 дэх хэсэг, 7 дугаар бүлгийн төлөөлөх эрхийн асуудлуудад анхаарах шаардлагатайг тайлбарласан юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Г.Давааням мөн Иргэний хуулийг давуу байдлаар хэрэглэх зарчмын талаар асууж, хариулт авсан бол Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Б.Буянхишиг тусгайлсан хэм хэмжээ нь Иргэний хуулиас давуу үйлчлэлтэй байх талаар тодорхой тайлбарласан юм. Гэхдээ Иргэний хуулийн этгээдүүдийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг тусгай зохицуулалт гэж ойлгохоор бус нийтийн эрх зүйн бодлогын шинжтэй баримт бичиг, эсвэл төрийн байгууллагын түвшинд гаргаж байгаа захиргааны акт зэрэг нь Иргэний хуулийг эвдэх ёсгүй гэлээ. Мөн Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа Иргэний хуулийг 2002 онд анх батлахдаа эдийн болон эдийн бус харилцаа, амины харилцааг зохицуулах маш нарийн хууль байна гэж төсөөлж боловсруулсан кодексийн шинжтэй хууль болохыг дурдаад, гэвч субъектив эрхийг зохицуулсан Санхүүгийн түрээсийн, Франчайзингийн, Хөдлөх болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гээд бусад хуулиуд гарч эхэлснээс үүдэн систем эвдэгдсэн гэдгийг дүгнэсэн юм. Иймд Иргэний хуулийг давуу байдлаар хэрэглэх зарчим зөь гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлэв.

“Хувийн эрх зүйн шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг судалгааны бусад багуудын илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үс засуулахад өлзийтэй маш сайн

Аргын тооллын 3 сарын 3. Мягмар (Ангараг) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 15, өдөр улаан хулгана, мэнгэ 1 цагаан, суудал гал, од бага морь-10, арвидах барилдлагат. Хутганы ир өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:30-18:39.
Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин морь, бич, тахиа, могой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
Үс засуулах, буян номын үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шүтээн босгох, равнайлах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, өгөх, хишиг даллага авахад сайн. Нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, мал хөнгөлөхөд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн

                                    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:   

Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурч, зам даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж,халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 03-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх хоногоос 4 градусаар хүйтэрч -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх хоногоос 3 градусаар хүйтэрч -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх хоногоос 6 градусаар хүйтэрч -17…-19 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гуравдугаар сарын 4-7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулна. Ингэхдээ хонины махыг гулуузаар, 1 кг нь 13 мянган төгрөгөөр худалдан борлуулах юм. Тодруулбал,

  1. Жуковын талбай
  2. Жанжингийн гэрийн буйр
  3. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
  4. Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд
  5. Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
  6. Орбитын тойрог
  7. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
  8. Титан центрийн авто зогсоол
  9. Тусгаар тогтнолын талбай зэрэг есөн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.

nuuts

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 20 дахь жилдээ гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас нийт 29 бүргэдчин оролцох бол Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Испани, Унгар, ОХУ-аас 16 тамирчин оролцоно.

“Бүргэдийн баяр-2026” наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Дэмжигч байгууллагаар Соёл, спорт аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар ажиллаж байна.

Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг. Арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг юм. Мөн энэ үеэр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ, казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой.

Ташрамд, махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хөх сувд” мөсний баяр эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Иймд улирлын хамаарлыг бууруулахын тулд жуулчдын зорин очих бүс нутагт эвент арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулж байгаа юм.

“Хөх сувд” мөсний баяр нь 2026 оны 03 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгой гэх газар буюу Хөвсгөл нуурт “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана.

Энэ жил мөсний зузаан бага, нуурт усан хил ихээр гарч байгаа тул аялагч, жуулчид та бүхэн аюулгүй байдлаа сахин, ХАРИУЦЛАГАТАЙ-СОЁЛТОЙ аялахыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа