Author Archives: baaska baaska

УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Москва хотноо болж буй “Монгол-Оросын бизнес форум”-д (2026.02.11) оролцлоо. Уг форумд Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим төлөөлөл оролцсон бол Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цуглажээ.

Монгол Улсын Их Хурлын дарга уг форумыг нээж хэлсэн үгэндээ, хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор урагшлуулах боломж нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр болохыг тодотгов. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлтэй институцийн түвшинд ойртож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг илүү тогтвортой, урьдчилан таамаглахуйц болгох эхлэлийг тавьж байгааг онцоллоо. Угтаа энэ хэлэлцээр нь зөвхөн тарифын асуудал бус, харин бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хөнгөвчлөх, гааль, техникийн зохицуулалт, стандартын уялдааг сайжруулах, улмаар аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байгааг хэллээ. Ялангуяа Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хувьд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх, үйлдвэрлэл, логистикийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж болохыг тодотгосон юм.

Форумын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга бизнес эрхлэгчдэд бодитоор тулгардаг зарим бэрхшээлийг дурдлаа. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудад стандарт, техникийн зохицуулалт, гарал үүслийн дүрэм, тохирлын баталгаажуулалтын тайлбар нь харилцан адилгүй хэрэгжих, Монгол Улсад олгосон сертификат, лабораторийн шинжилгээг зарим тохиолдолд дахин шаардах зэрэг нь экспортын хугацаа, зардлыг ихэсгэдэг байна.

Мөн мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлагын тайлбар жигд бусаас гадна хил, гаалийн шатанд бичиг баримтын давхардал үүсэх, дамжин өнгөрөх процесс удаашрах зэрэг хүндрэл бизнесийн салбарт бодитоор мэдрэгддэг. Иймд энэ удаагийн форум зөвхөн боломжийг ярих талбар бус, харин тулгамдаж буй асуудлыг ил тод хөндөж, шийдлийн гарцыг хамтдаа эрэлхийлэхэд чиглэх ёстойг онцоллоо. Тэрбээр, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч, харилцан ойлголцол бэхжсэн тохиолдолд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа илүү гүнзгий, тогтвортой хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тодотгов.

Энэ удаагийн форумд Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам, агентлагуудын төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин, Эдийн засаг хөгжлийн дэд сайд В.Е.Ильичев, Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд А.А.Слепнёв нарын албаны хүмүүс оролцсон юм.

Түүнчлэн хоёр талын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагуудын  илтгэлээс гадна хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл тэр дундаа ноос ноолуур, нэхмэлийн салбарын өнөөгийн байдал, зах зээлийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуусан юм. Монгол-Оросын бизнесийн форум B2B уулзалтаар үргэлжлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нийт 1994 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 648 гэмт хэргийн шинжтэй 96 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 139 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
36

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин могой өдөр

Аргын тооллын 2 сарын 12. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
Өвлийн адаг шарагчин үхэр сарын билгийн 25, өдөр улаагчин могой, мэнгэ 2 хар, суудал уул, од онгоц-18, үл зохилдох барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:04-18:09.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
Гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, арилжаа наймаа хийхэд сайн. Үс засуулах, ажилчин шүтүүлэхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө -1 градус хүйтэн

                                      Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

                            2026 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                           цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -13…-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, Говь-Алтайн нуруу, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0…+5 градус дулаан , бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0…-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -3…-5 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -3…-5 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ

Аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн сар шинийн барилдаанд 176 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, ХЦ-ийн 0277-р анги, Эв Монгол клубын бөх, аймгийн харцага Болдбаатарын Ренчинжүгдэр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-326 анги, “Сэлэнгийн Бодонгууд” клубын бөх, аймгийн начин Оюунчимэгийн Пүрэв-Очир үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх, аймгийн начин М.Өгөөдэй шалгарсан бол дунд шөвгийн зургаад аймгийн харцага Б.Өнөржаргал, аймгийн өсөх начин Г.Ганзориг, аймгийн начин Г.Батзориг нар шалгарлаа.
Бага шөвөгт аймгийн начин П.Алтанхуяг, А.Ширнэндагва, О.Бат-Эрдэнэ, М.Баяржавхлан, Д.Дашням нар үлдэв.
Маргааш 12:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан “Майдар бурхны авшиг” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 35-165 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.

Харин Гичгэнэ, Суман Хойттамир болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-20 см нимгэрсэн. Иймд зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа ба нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Тиймээс иргэд, малчид, жолооч, аялагч та бүхнийг цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүллээ. Тодруулбал, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтын орох чиглэлд Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий гурван иргэн нь гадаадын иргэний мэдээллийн санд бүртгэлгүй, хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан нь тогтоогдсон. Тухайн иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад 5 жилийн хугацаанд оруулахгүй байх хориг тогтоож, уригч аж ахуйн нэгж, байгууллагыг үргэлжлүүлэн шалгаж байна.  

Мөн өнгөрөгч оны аравдугаар сард Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгогдсон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдож байсан.

Дээр дурдсанчлан хууль бус үйлдэл удаа дараа давтагдвал Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэдэд цахимаар виз олгох зохицуулалтыг дахин авч үзэх, шаардлагатай тохиолдолд визийг уламжлалт байдлаар биечлэн мэдүүлэх хэлбэрт шилжүүлэх болно.  

Мөн гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Бангладеш Улсын 300 орчим иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурлагын өндөр амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.

Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглан, ажил, амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь гагцхүү оюутан залуусын хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.

Олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшиж, эх орондоо оюуны ганзага дүүрэн эргэж ирэх оюутнууд эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг тодотголоо.

“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 1,052 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан гэсэн 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна

Аутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр санаачилсан. Энэ хүрээнд НЕБ-ын 172 сургуулийн бага ангийн сургалтын менежерүүд, 12 цэцэрлэгийн арга зүйч нартай хотын дарга Х.Нямбаатар болон албаны хүмүүс уулзаж, аутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг сурч боловсрохыг дэмжихээ илэрхийллээ.

Мөн үеэр багш, сургалтын менежер, арга зүйч нарын санал хүсэлтийг сонсож, хөтөлбөрийг илүү бодитоор хэрэгжүүлэх болон аутизмын талаарх үндэсний хэмжээний судалгаа явагдаж байгаа талаар хэлэлцлээ.Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санал санаачилгуудыг дэмжиж, эхнээсээ ажил хэрэг болж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдэд хамран сурах тойрогтоо хүртээмжтэй боловсрол олгохыг зорьж, сургууль, цэцэрлэг барихад нэлээд анхаарсан. Өнөөдөр бид материаллаг байдалд анхаарахаас гадна хүний хөгжил, тэр дундаа монгол хүний эрүүл мэнд, боловсрол, ёс суртахууны үндсэн асуудлыг орхигдуулж болохгүй. Нийгмийн сүлжээнд хүртэл ёс суртахууны хэмжүүр хэрэгтэй болж байна. Хүүхдүүд багаасаа дэлгэцийн хэт их хэрэглээтэй болж байна. Аутизмтай хүүхдүүдийг сурч боловсроход хандлагаа өөрчилж, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, нийслэлээс хамтран ажиллая. Боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, аутизмтай хүүхдүүдэд сурах боломжийг нээж өгөх чиглэлд бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байна. Нийслэл төдийгүй улс оронд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн хөгжил чухал байдаг. Энэ бүх зорилгыг биелүүлэхийн төлөө хамтарч ажиллая” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Өнөөдөр дэлхий дахинд төдийгүй Монгол Улс, нийслэлийн хэмжээнд боловсролын тэгш, хүртээмжтэй байдалд ач холбогдол өгч байна. Нийслэлээс аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэх хөтөлбөрийг энэ жилээс эхлэн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж, суурь судалгааг эхлүүлсэн. Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна. Мөн НҮБ болон олон улсын байгууллагуудын судалгаагаар 32 хүний нэг нь аутизмтай байх магадлалтай гэсэн тоо баримт байдаг. Аутизмтай хүүхдүүд энгийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд суралцахад нийгэмших, суралцах чадвар нь 20–40 хувиар нэмэгддэг ч гэж үздэг. Тиймээс энэхүү уулзалт, мэдээллийн үр дүнд бидний ирээдүй болсон хүүхдүүдийг боловсролд хэрхэн хамруулах, ямар орчинд сурч хөгжих вэ гэдэгт хамтран ажиллаж, туршлага солилцож, цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодит арга зүйн суурийг тавихыг зорьж байна” гэлээ.Уулзалтаар аутизмтай хүүхдийг боловсролд тэгш хамруулахын тулд зориулалтын анги танхимыг бий болгож хөгжүүлэх, аутизмыг аль болох эрт оношлуулах, багш, эмч, нийгмийн ажилтан, сургалтын менежер, сэтгэл зүйч, хоол зүйч нар аутизмтай хүүхэдтэй чанартай харилцах арга зүйг боловсруулах, мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хандлагыг эерэг болгох тал дээр хамтран ажиллана гэдгээ сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд илэрхийлсэн юм.

Түүнчлэн “Монголын аутизмын холбоо” НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл “Монголын аутизмын холбооны танилцуулга, хэтийн төлөвлөгөө, хамтын ажиллагаа”, ХААИС-ын багш, доктор, дэд профессор, Үндэсний судалгааны багийн ахлагч Д.Мөнгөнцэцэг “Аутизмын талаарх үндэсний судалгааны тухай” илтгэл хэлэлцүүллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль тогтоомжид нийцүүлэн дотоодын зах зээлд 2026 онд багтаан төслийн хэрэгжилттэй уялдуулан үе шаттай арилжаалах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо.

Тус төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагууд болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг баталгаажуулсан байх зэрэг шаардлагыг хангажээ.

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзэж буй юм.

Төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангах, одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийг найдвартай байлгах ач холбогдолтой. Мөн станц ашиглалтад орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана.

Төслийн барилга угсралтын явцад 1600, ашиглалтад орсноор 370 гаруй байнгын ажлын байр бий болно.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ

Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа юм.  Түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүддэг байна.

Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд:

Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх

Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх

Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх

Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх

Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх

Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх

Үнс нурмаа ил задгай асгахгүй байх

Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх

Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.  Энэ удаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж  байна.

02Уг хууль нь албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг оновчтой тодорхойлж, иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулахад чиглэжээ. Тухайлбал, 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал иргэн бүрийн сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 50 хувиар хөнгөлж, түүнээс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж, буцаан олгох зохицуулалтыг тусгаж, 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, 500,000-1,000,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн уг албан татварыг 50 хувиар хөнгөлж, 1,000,001 төгрөгөөс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж, буцаан олгох зохицуулалтыг тусгасан байна.

03Ингэснээр иргэний бодит орлого нэмэгдэж, татварын тэгш бус байдал буурахаас гадна иргэний өрхийн хэрэглээндээ төлдөг татварын ачаалал буурч, татварын хамрагдалт нэмэгдэх ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нийт 2151 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 775 гэмт хэргийн шинжтэй 110 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 170 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
6nn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа