Author Archives: baaska baaska

Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа

Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдара шүтээн, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлалтай билээ.

Энэхүү уламжлал ёсоор билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн шинийн нэгний өглөө /2026.02.18/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд нар Гандантэгчэнлин хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдара бурханд мандал өргөлөө.

Мандал өргөх нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм.

Энэхүү ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг “Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг” сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд “Шимийг авах” гэсэн утгатай билээ.

Мандал өргөснөөр эд баялаг хураах, сүсэг бишрэлийг арвитгах, хилэнц бүхнийг арилах, буяны чуулганыг агуу ихээр хураах, бясалгал тэргүүтэн онолын эрдэм төрөхийн уг шалтгаан болох, багш дээдсүүд болон бурхад бодисадва нарыг баясгах, туулсан бурханы хутгийг олох зэрэг агуу их тус эрдэмтэй хэмээн бурханы номд айлджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2026 оны хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэ удаагийн барилдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Улсын дархан аварга А.Сүхбат, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.

XVII ЖАРНЫ “СҮРЭЭР ДАРАГЧ” ХЭМЭЭХ ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААНД:
  • Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл найм давж түрүүллээ.
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын заан Оргихын Хангай долоо даван үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны наймын давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Хөвсгөлийн их тайгаас Өмнийн шаргал говь, Дорнын их талаас Алтайн их уулс хүртэл өргөн уудам эх орондоо аж төрөн суугаа азай буурлууд, алдрай бяцхан үрс, идэр чийрэг залуус, хотол олон Та бүхэн минь өвлийг өнтэй давж, хаврыг өнгөтэй угтаж, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголын цагаан сар бол Хүннү гүрний үеэс хүндэтгэн ёсолж ирсэн, монголчууд бидний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын бэлгэдэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалын охь шим болсон өнө эртний түүхтэй билээ.

Монголчууд бид энэ их баяр ёслолоороо эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, азай буурал, ахас ихсээ хүндлэн золгож, ураг төрөл, удам судраа мэдэлцэн, ёсыг даган журмыг сахиж, сайныг эрхэмлэн саарыг тэвчиж, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайхныг урладаг бахдам сайхан уламжлалтай.

Энэхүү өв соёл, үнэт зүйл, зан заншил, түүхэн уламжлалаа үеийн үед эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн сургаж үлдээх нь монгол үндэстний бахархал, монголчууд бидний эрхэм үүрэг юм.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй Модон могой жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 60 гаруй мянган хүүхдээр ам бүлээ нэмж, бид гурван сая 592 мянгуулаа боллоо.

Малчин, тариаланч түмнийхээ нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, хангай дэлхийн хишиг буянаар эрдэнэт мал сүргийн тоо толгой 60 саяар тоологдож, 745 мянган тонн үр тариа, ургац хураан авлаа.

Манай улсын эдийн засаг зургаан хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц зургаан тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.

Улиран одож буй Могой жилд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.

Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.

Миний Монголын ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эзэн Богд Чингис хаан бол Монгол төр, монгол түмний эрхэм дээд шүтээн билээ.

Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа бидний эрхэм үүрэг мөн.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гарган хэрэгжүүлж байна.

Их хааныхаа музейг байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн хүндэтгэн залсны зэрэгцээ монгол түмний бахархал монгол морио алдаршуулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа.

Ингэснээр дэлхийн улс орнууд энэ өдрийг манай Үндэсний их баяр наадмын өдөр тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож байна.

Ирж буй Гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.

Энэ тэгш ойг тохиолдуулан Их хаанд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг Гал морин жилийн босгон дээр төрийн тахилгатай болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа.

Мөн чандмань эрдэнэ усыг гамнах, эх ундаргыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галавын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонордуулахад таатай байна.

Ийнхүү Монгол төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай боллоо.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн Морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.

Ирж буй Гал морин жилдээ төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.

“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь галын дөл шигээ өөдөө байж, өтгөс буурлууд маань энх тунх, идэр залуус маань цог жавхаатай, хүүхэд багачууд маань цовоо сэргэлэн, төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

18, 19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч

20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 02-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Говийн аймгуудын нутгаар их төлөв цэлмэг, бусад нутгаар үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр –19…-24 градус, Дархадын хотгор, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр –13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар –3…+2 градус дулаан, бусад нутгаар –1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -2…-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -1…-3 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Биеийн тамир, спортын салбарт хүч хөдөлмөрөө зориулж, олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, олон зуун шавиа сурган дадлагажуулж, шилдэг тамирчид бэлтгэн, олимпизмыг дэлгэрүүлэх, үндэсний болон чөлөөт бөхийг хөгжүүлэх үйлсэд оруулсан гавьяа зүтгэл, үндэсний бөхийн түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ардын багш, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимп, дэлхийн хүрэл медальт, Улсын харцага, профессор, бэлтгэл хошууч Данзандаржаагийн Сэрээтэрт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
  • Сэтгүүл зүй, соён гэгээрэл, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж олон зуун өгүүллэг, тууж туурвин, сэтгүүл зүйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд хичээл зүтгэл гарган, ард олноо соён гэгээрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Эрдмийн их сургуулийн ахмад багш, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тугалхүүгийн Баасансүрэн,
Ардын жүжигчин цолоор:
  • Монголын балетын урлагийг хөгжүүлэх үйлсэд авьяас билиг, ур чадвараа зориулж, дэлхийн сонгодог болон үндэсний олон арван балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээж, балетын урлагийг хөгжүүлэн, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж, балетын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол жүжигчин, балетмейстр  Хоролдаваагийн Гэрэлчимэг,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Завхан аймгийн “Улиастай ирээдүй хоршоо”-ны дарга Алтангэрэлийн Дашдорж,
Гавьяат хуульч цолоор:
  • Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн Алтанчимэг,
Гавьяат багш цолоор:
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн ахмад багш Цэрэндэндэвийн Дамба,
  • АШУҮИС-ийн Дотрын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Сэр-Одын Хишигжаргал,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал, клиникийн профессор Шаравын Мэндсайхан,
  • Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн эрхлэгч Бадамжавын Эрдэнэбулган,
Гавьяат барилгачин цолоор:
  • “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-ны зөвлөхүүдийн танхимын гишүүн, “Сонголт дизайн” ХХК-ийн зөвлөх Батсүхийн Бямбажав,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Ахмад тээвэрчин Цэдэндагвын Мигиддорж,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • Ховд аймгийн Булган сумын өндөр настан Мухаавайн Баатар,
Гавьяат малчин цолоор:
  • Өмнөговь аймгийн Манлай сумын ахмад малчин Должинсүрэнгийн Бямбажав,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Багануур дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Арчихарын Лхамсүрэн,
  • “Траст трейд” ХХК-ийн ерөнхий захирал Мандахын Мөнхбат,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн ахлах тогооч, хоол зүйч Гаваагийн Сэлэнгэ,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Үндэсний бөхийн тайлбарлагч Ойдовын Батмөнх,
Гавьяат жүжигчин цолоор:
  • “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Сүрэнхорлоогийн Нэргүй,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • “Монголын гимнастикийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Галбадрахын Ерөөлбат,
Гавьяат тамирчин цолоор:
  • Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, “Аваргууд академи”-ийн тамирчин Түмэнбилэгийн Түвшинтулга,
Сүхбаатарын одонгоор:  
  • “Шанд ургац” ХХК-ийн ерөнхий захирал Булданаагийн Ганболд,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Пүрэвдоржийн Мягмардорж,
  • “Монгол ванн констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жадамбын Мөнхцэцэг,
  • “Юнитра” ХХК-ийн гагнуурын зөвлөх багш Доржийн Алтантулга,
Алтан гадас одонгоор:
  • Төрийн банкны ахлах мэргэжилтэн Загдаагийн Оюунчимэг,
  • “Бүтээлч үйлс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дамдиндоржийн Эрдэнэбилэг,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн физикийн багш Пагвагийн Эрдэнэбат,
  • “Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-ны тэргүүн Бямбаагийн Нарандэлгэр,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Нямдоржийн Сансар,
  • “Увертюра” хамтлагийн ахлагч, “Анир” студийн гүйцэтгэх захирал Гочоогийн Пүрэвдагва,
  • “Монголын тэмээ поло спорт, уралдаан, аяллын холбоо”-ны тэргүүлэгч гишүүн Халзангийн Бямбазориг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Эдийн засаг, хөгжлийн яамны ахлах шинжээч Эрдэнэбилэгийн Ган-Эрдэнэ,
  • Оюуны өмчийн газрын Бараа тэмдэг, газар зүйн заалтын шинжээч Ганы Буяндэлгэр,
  • “Их үрчин” ХХК-ийн захирал Цэвэгмидийн Ганзориг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн удахгүй тохиох XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

Сар шинийн баярыг угтсан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөн зохион байгуулалтын ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баярын гаргасан уриалгын дагуу нийслэлийн есөн дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд хашаа, талбайгаа нээж, автомашины түр зогсоол гаргаж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй нэвтрүүлнэ.

Уг ажлын хүрээнд Урт цагааны 100 машины далд зогсоолыг цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдэд 08:00-00:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. Тус зогсоол руу Урт цагааны барилгын чанх араас буюу “Тэди” төвөөс урагш чиглэсэн замаар яваад баруун эргээд орно. Иймд иргэд та бүхэн зогсоолоор цэвэрхэн үйлчлүүлж, машинаа байрлуулж хонуулахгүй байхыг хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт захиалагчийн хяналт хэрэгжүүлэх эрх шилжсэн 130 төсөл арга хэмжээний явц болон Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын цогц системийн талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг удирдан явуулж, сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өглөө. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 81.3 хувьтай байв.

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-ныг дуустал инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдах албан тушаалтан “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-д жижүүрлэн ажиллана. Мөн Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг олон нийтэд нээлттэй ажиллуулах юм.

Шуурхайн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн ажлуудыг цахим системд холбож байгаа талаар УБЗАА-ны Мэдээлэл, технологи, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Хишигбадрах танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын цогц систем “UB engineering” төслийг 4 үе шаттай хэрэгжүүлж байна. Системийн интеграцийн ажлын хүрээнд 11 байгууллагаас 10 байгууллагатай уулзалт зохион байгуулж,  зөвшилцсөн, дата холболтын ажлууд үргэлжилж байна. Тус системээр нийслэлийн хэмжээнд хэрэгжих хөрөнгө оруулалт, тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд, инженер хангамжийн байгууллагууд болон хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаанд мэдээлэл технологийн шинэ шийдлийг нэвтрүүлэх юм. Ингэснээр тухайн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжрах, цахим системд холбогдох, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих боломжтой” хэмээлээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт захиалагчийн хяналт хэрэгжүүлэх эрх шилжсэн 130 төсөл арга хэмжээний явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат танилцууллаа. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2026 онд захиалагчийн хяналт хэрэгжүүлэхээр эрх шилжсэн 130 төсөл арга хэмжээнээс 92 төсөл, арга хэмжээг тендер зарлуулахаар эрх шилжсэн байгууллагад хүргүүлсэн гэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өглөө.

  • Гал түймэр, ахуйн болон цаг агаарын гаралтай ослоос урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол, эрсдэл өндөр бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмэгдүүлж, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэх,
  • Дүүргийн эмнэлгүүдийг нэмэлт эмч, түргэн тусламжийн автомашинаар хангаж, хоол хүнсний хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой эрсдэлээс сэргийлэх,
  • Нийслэлийн хэмжээнд гэр, орон сууцны хулгай, дээрмээс урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх,
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх,
  • Инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, аваарын бригад, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулахыг үүрэг болгов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа.  Нийт дуудлагын 76 нь обьектын гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын 2 сарын 16. Даваа (Сумьяа) гараг (2026)
Өвлийн адаг шарагчин үхэр сарын билгийн 29, өдөр цагаагчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал шороо, од яруу эгшигт-21, идэр барилдлагат. Хутганы ир, модон хохимой өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:57-18:15.
Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Могой, үхэр, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
Модон хохимой өдөр. Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2026 оны 02-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

  Нутгийн зүүн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын хөндий, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…-3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг -3…-8 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -9…-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -10…-12 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар морь өдөр

-Аргын тооллын 2 сарын 13. Баасан (Сугар) гараг (2026)
Өвлийн адаг шарагчин үхэр сарын билгийн 26, өдөр шар морь, мэнгэ 1 цагаан, суудал мод, од онгоц-18, идэр барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:02-18:11.
Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Нохой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
Үс засуулах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, хөрөнгө оруулахад сайн. Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийхэд муу.
 Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  

13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхилан зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2026 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусд нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өчигдөр өдрөөс хүйтний эрч -6 градусаар чангарч -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдөр өдрөөс хүйтний эрч -5 градусаар чангарч -8…-10 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд он гарсаар  хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Мөс цөмөрсөн дуудлагын 5 нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Завхан, Дархан-Уул, нийслэлийн Багануур дүүрэгт тус бүр нэг тохиолдсон байна.

Мөс цөмөрсөн дуудлага нь нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад хамгийн их бүртгэгддэг бөгөөд голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа ба нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Тиймээс иргэд, малчид, жолооч, аялагч та бүхнийг цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байж, өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад амь насыг эрсдэлд оруулахыг байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа