Author Archives: baaska baaska

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 65 нь обьектын гал түймэр, 3 нь ой, хээрийн гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчидтай уулзлаа.

Тэрбээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад талархал илэрхийллээ.

Сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багш, ажилтнуудын үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэлэв.

Мөн сурагч хүүхдүүдтэй уулзаж, төрөлх монгол хэлээ сайн сурахыг захилаа. Эх хэлээ сайн сурвал ирээдүйд хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, өсөн дэвжих,  улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах илүү олон боломж байгааг тодотголоо.

Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурах нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын нэг баталгаа гэдгийг хэлж, сурлагын амжилт хүсэн ерөөв.

u2

u3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг

Хүндэт ард иргэд ээ!

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Ерөнхий сайд аа!

Хүндэт зочид оо!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье.

Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, эдүгээ Та бид түүний үргэлжлэл болон 36 дахь жилийнхээ түүхийг хамтдаа бичилцэж байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна.

Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна.

Ирэх 2027 онд геополитикийн зөрчил мөргөлдөөн үргэлжилж, улс орнуудын  эдийн засаг зогсонги байдалд орж, үнийн өсөлтөөс үүдэлтэй хямрал даамжирч болзошгүйг олон улсын байгууллагууд сэрэмжлүүлж байна.

Хэдийгээр гадаад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа ч манай улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд өсөлттэй, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байгаа.

Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар баталсан татвар, нийгмийн даатгал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн реформ ирэх оны эхнээс нэг мөр хэрэгжиж эхэлнэ.

Тухайлбал, татварын багц хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 1.3 сая иргэний татварт өгдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, 1.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой, жижиг дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь, 10 тэрбум хүртэл төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татварыг 10-15 хувь болгож бууруулснаар иргэд, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал нийтдээ 1 их наяд орчим төгрөгөөр буурна.

Энэ онд нүүрсний экспорт анх удаа 100 сая тонн, 2027 онд 110 сая тонн болж нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсны зэрэгцээ гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрлээ.

Уул уурхайн салбарын орлогын энэхүү өсөлтийг ард иргэдийн бодит орлого амьжиргааг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих үүднээс төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ноогдол ашгийн дийлэнхийг анх удаа улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш арван долоон жилийн турш “энэ ордын өгөөжийг монгол хүн бүр хэзээ хүртэх вэ” гэсэн асуулт байнга хариултаа нэхэж ирсэн.

Үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газрын тууштай зүтгэлийн үр дүнд  Монголчууд Оюу толгойн ордоос анх удаагаа ногдол ашиг хүртэх түүхэн боломж бүрдлээ.

Энэхүү хэлэлцээрийг амжилттай хийж, Монголын ард түмэндээ баялгийн үр өгөөжийг авчирсан  Н.Учралын Засгийн газарт талархал илэрхийлье.

Одоо харин Үндсэн хуульд заасан “Байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх” заалтыг амь оруулж, монголчууддаа яаж хүртээх вэ гэдэг оновчтой шийдэл гаргах нь чухал байна.

Эрхэм гишүүд ээ!

Энэ намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт, урт дараалал үүсгэсэн орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шинэчлэн, хүн бүрд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх нь туйлын чухал байна. Ингэж байж ипотекийн зээл тойрсон авлигыг арилгаж, иргэдийнхээ цөхрөлийг эцэс болгож чадна.

Өнөөдөр иргэдийн хамгийн их санаа зовниж буй нэг гол асуудал бол өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүчний найдвартай байдал.

Эрчим хүчний салбарын доголдлыг гал унтраах байдлаар биш, үндэс сууриар нь шийдвэрлэх цаг болжээ. Юуны өмнө түлш шатахууны хангамжаа сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай.

Миний бие Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц барих асуудлыг 2012 оноос хойш ярьж, 2014 онд төслийн нэгжийг нь байгуулан, 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар төслийн санхүүжилтийг шийдвэрлэснээр өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь 40 хувьд хүрээд байна.

Эрчим хүчний хангамж, аюулгүй байдал бол эдийн засгийн тусгаар тогтнолын суурь нь бөгөөд айл өрх бүр, аж ахуйн нэгж болгон, сум суурин газрууд эрчим хүчний тархмал үүсгүүрүүдтэй болсон цагт эрчим хүчний хараат бус байдал бодит болно.

Хүндэт ард иргэд ээ!

Парламент бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Тийм учраас иргэддээ үргэлж ээлтэй, нээлттэй байж, үгийг тань сонсож, дуу хоолойг тань төрийн бодлого шийдвэрт тусгадаг байх нь бидний хамгийн анхдагч бөгөөд эрхэм үүрэг юм.

Парламентын баталж буй хууль болгон, гаргаж буй шийдвэр бүхэн ам ажлын зөрүүгүй, иргэн таны оролцоо, таны хяналт дор байх нь иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, шударга ёс оршин тогтнох эрүүл хөрсийг бүрдүүлнэ.

Миний бие Улсын Их Хурлын даргаар сонгогдсон эхний өдрөөсөө л хууль тогтоох дээд байгууллагыг илүү нээлттэй, иргэдэд ээлтэй, ил тод болгож, гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрс дээшлүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт тавин ажиллаж байна.

“Нээлттэй парламент” гэдэг нь зөвхөн индэр дээрээс тунхагладаг уриа лоозон, хоосон нэршил биш ээ. Энэ бол иргэн, төр хоёрыг холбосон итгэлцлийн амьд гүүр байх ёстой.

Энэ зарчмын хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 30-нд “Нээлттэй парламент” танхимаа албан ёсоор нээсэн. Өмнө нь иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд шат дамжлага, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг байв. Тэгвэл өнөөдөр иргэд маань өөрсдийн сонгосон төлөөлөлтэйгөө болон Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй ямар нэгэн саадгүй, чөлөөтэй уулздаг танхимтай боллоо.

Уг танхим нээгдсэнээс хойш Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа, Х.Болормаа, Б.Баярбаатар, П.Наранбаяр, Б.Хэрлэн, М.Нарантуяа-Нара нарын зэрэг гишүүд 300 орчим иргэнийг биечлэн хүлээн авч уулзжээ.

Иргэдээ хүлээн авч үг саналыг нь сонсож, идэвхтэй ажилласан гишүүддээ талархал илэрхийлье ээ.

Бид өнгөрсөн хаврын чуулганаар гишүүдийн ирц, санал хураалтын үр дүнг бүрэн цахимжуулж, олон нийтэд нээлттэй болгосон. Улсын Их Хурлын гишүүн хэзээ, хэдэн цагт ажилдаа ирсэн, хэн нь хоцорч, хэн нь тасалж эсвэл томилолттой байгааг, мөн хэрхэн санал өгснийг иргэд бодит цагийн горимоор шууд хянах боломжтой болсон.

Түүнчлэн санал хураалтын оролцоо, хуулийн хувийн хэрэг, гишүүдийн тайлан, асуулт, асуулга, хяналтын сонсголын мэдээлэл зэрэг хуулийн хүрээнд ил байх бүхий л мэдээллийг иргэддээ нээлттэй болголоо.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд “И-Монгол” цахим хуудас дахь “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсээр дамжуулан нийт 700 гаруй иргэнээс санал, хүсэлт ирсэн байна. Үүний дийлэнх нь зээлийн хар жагсаалт, орон сууцны болон цахим залилан, хуулийн хэрэгжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын чанар, гүйцэтгэлийн талаар байсныг энд онцлон дурдах нь зүйтэй.

Бид иргэдээ сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажиллах шаардлагатай.

Иргэний хяналт бол парламентын ажлыг хүндрүүлэх ачаа биш, алдаагаа илрүүлж засах хамгаалалт юм.

Ард түмнээсээ сонгогдсон Улсын Их Хуралд ард түмнээсээ нуух зүйл байхгүй.

Чуулганы завсарлагаанаар Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж Улсын Их Хурлын даргын хувиар гадаад албан ёсны айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад 24 жилийн дараа хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд  Монгол Улсын иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт нэг тэрбум хүртэлх еврогийн санхүүжилт авах талаар бодит үр дүнд хүргэхээр тохиролцлоо.

Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга 23 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын парламент хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэлээ.

Эрхэм гишүүд ээ!

Бид үзэл бодлоороо өрсөлдөж болно. Харин Монголын эрх ашгийн төлөө хэзээд нэгдэх учиртай бөгөөд ард түмэн Та биднээс өндөр ёс зүй, сахилга бат, хариуцлагыг нэхэж байна. Хурал чуулганаа таслахгүй, худал ярихгүй амласнаа хэрэгжүүлдэг, төрт ёс, түмэн олноо хүндэтгэдэг байхыг хүсэж байна.

Тийм ч учраас Улсын Их Хурал хариуцлага, сахилга бат, ёс зүйгээ өөрөөсөө, гишүүдээсээ эхлүүлэх Улсын Их Хурлын тухай багц хуулиа энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахыг  хүлээж, бас шахаж шаардаж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Иймд чуулганы болон байнгын хороодын хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, хэлэлцэх ёстой асуудлаа хойш тавилгүй, цаг наргүй шийдвэрлэж ажиллахыг сануулъя аа. Бидний ажлын цаг бол хувь гишүүний бус иргэдийн төлөөх цаг гэж үзэн ажиллацгаая.

Олон жил бугшсан намчирхал, талцлыг эцэс болгож, шударга ёсыг тогтоож, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, засаглалыг сайжруулах, шударга шүүхийг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудаа нэн тэргүүнд эрэмбэлэн батлах ёстой.

Энэ намрын чуулганаар Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах,  Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт төслүүдийг хэлэлцэхээр тооцож эрэмбэлсэн. Бидний өмнө хийх ажил их, цаг хугацаа харин хязгаартай байна.

Энэ намрын чуулганы бас нэгэн онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм.

Нийгмийн сүлжээнд ардчилал, шударга ёсыг уландаа гишгэж, хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэл өдөр алгасалгүй цацагдаж, олон нийтийн сэтгэл зүйг айдас түгшүүрт автуулж, хагалан талцуулж байгаад Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя.

Засгийн газар Хууль бус хөрөнгө хураах хуулийг 9 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэсэн боловч өнөө хэр өргөн бариагүй байна. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурал хүлээн авсан даруйдаа хэлэлцэнэ гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Энэхүү танхимд олон намын, олон байр суурь бий. Улсын Их Хурлын даргын хувьд би аль нэг намын бус, нийтийн эрх ашигт нийцсэн зөв санал, санаачилга бүрийг нам харгалзахгүй, хүн ялгахгүй дэмжин ажиллах болно. Гагцхүү хэлэлцэж, баталсан шийдвэр бүхэн айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжихэд чиглэх ёстой.

Бид олон хууль батлах нь чухал биш, харин ард түмний амьдралд хэрэгтэй, хийдэлгүй, чанартай хууль баталж, баталсан хуулиа заавал хэрэгжүүлдэг байхад анхаарал хандуулж ажиллацгаая.

Эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжлийн тулгуур баганаа тэгшитгэн засаж, иргэний оролцоо, хяналттай төрийг цогцлоох үүрэг хүлээсэн Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2026.09.15) Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 10 цаг 01 минутад 87 гишүүн хүрэлцэн ирж, ирц 69 хувь бүрдсэнээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, 36 дахь жилийнхээ түүхийг бичилцэж байна. Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна. Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна. Намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт, урт дараалал үүсгэсэн орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шинэчлэн, хүн бүрд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх нь туйлын чухал. Хамгийн их санаа зовоож буй нэг асуудал нь эрчим хүчний найдвартай байдал юм. Айл өрх бүр, сум, суурин газарт эрчим хүчний тархмал үүсгэвэртэй болсон цагт хараат бус байдал арилна. Төрийн бодлого ард түмний сонор, соргог, иргэдийн оролцоотойгоор ам, ажил зөрүүгүй, хариуцлагатай байх нь чухал хэмээн онцоллоо. Мөн тэрбээр УИХ-ын даргаар томилогдсон цагаасаа нээлттэй парламентын бодлогыг баримталж, сахилга бат, хариуцлагыг чухалчлан ажиллаж, УИХ-ын гишүүд иргэдтэй чөлөөтэй уулзах танхимыг нээсэн талаараа дурдав.

Чуулганы эхний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тэрбээр тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцлоо.

“Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм. Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан” гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэнд ерөөл бэлгэ, өлзий учрал тэгш дүүрэн бүрдсэн энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Уудам сайхан эх орныхоо алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байрлах Монгол Алтайн нурууны салбар уулсад хамаарах Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залж, далай их өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Та бид өнөөдөр хуран цуглаад байна.

Энэ жил Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай монгол төрийн ариун гал голомтыг бадраан Их Монгол Улсыг байгуулсан түүхт 820 жилийн тэгш ой тохиож байна.

Монголчууд бид ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ.

Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, эв нэгдлийн бэлгэдэл, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.

Их Эзэн Чингис хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан билээ.

Эзэн Богд Чингис хаан, түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан.

Их хааныхаа музейг байгуулж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгон, үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залж, монгол түмнийхээ их шүтээн болгосон.

Тэгвэл энэ удаа Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлиг буулгаж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монгол хүн, Монгол Улсын иргэн бүрд уриалж байна.

Эрхэмлэн дээдлэх үнэт зүйл, дээдлэн шүтэх шүтээнтэй улс үндэстэн хөгжин манддаг жамтай.

Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм.

Эзэн Богд Чингис хаан бол хаан хүний эрдэм чадлыг цогцлоон мэндэлж, өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг залгамжилж, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо сэтгэлийг хурааж, итгэлийг олсон аугаа их хүмүүн юм.

Дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан их хааны түүхэн үйл хэрэг, алдар гавьяаг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг билээ.

Их Эзэн Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.

Тиймээс дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их Эзэн Чингис хааны үйл хэргийг судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Их хаанаараа овоглосон монгол хүн, иргэн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил бол монгол түмэнд ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.

Нэгэн жаранд ганц тохиох энэ гал морин жилд Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг улс Монголынхоо баруун хязгаар Баян-Өлгий аймгаас эхлэн бүтээн залж, алдаршуулан мөнхжүүлж байна.

Цаашид аймаг бүр байгалийн тогтоц, түүх соёлын өв уламжлал, нутгийн онцлогтой уялдуулан шүтээн хөргийг бүтээн залж, эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт өвийг алдаршуулан мөнхжүүлэх учиртай.

Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан дэлхийн мянганы суут хүмүүн, хаадын хаан-Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг ийнхүү ёслол төгөлдөр нээж байна.

Их Эзэн Чингис хааны “Алтан бие минь алжааваас алжаатугай, Аху төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай” хэмээн амь биеэсээ илүү аху их төр улсаа ашид эрхэмлэн дээдлэх учиртайг гэрээслэн сануулсан билиг сургаал монгол түмний минь сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших учиртай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Их Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ.

Ерөнхийлөгч мөн Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг бүтээн байгуулах тухай гаргасан зарлигийг Баян-Өлгий аймагт үүрд хадгалуулахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыст гардууллаа.

Шүтээн хөргийг Ерөнхийлөгчийн санаачилгаар Зэвсэгт хүчний дугаар ангиудын алба хаагчид бүтээсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

2026 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 15-НААС 18-НЫ ӨДРИЙН

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 

МЯГМАР ГАРАГ /2026.09.15/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·         Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нээлт

10.00

“Их хуралдай”

·    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

14.00

ЛХАГВА ГАРАГ /2026.09.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэх хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

УИХ-ын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

·       Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

·     Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ

·    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·       Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·    Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүн 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

–

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

·     Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх

·    Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

13.30

“Үндсэн хууль”

5

Хууль зүйн байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай/

14.00

“Их эзэн

Чингис хаан”

6

Өргөдлийн байнгын хороо

·     Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийх талаар хуулийн төсөл санаачлах/

15.00

“Их эзэн

Чингис хаан”

 

ПҮРЭВ ГАРАГ /2026.09.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Хууль зүйн байнгын хороо

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

·       Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ

·       Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

·       Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

–

“Их засаг”

3

Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан

хуралдаан

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·     Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/

14.00

“Их хуралдай”

БААСАН ГАРАГ /2026.09.18/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их эзэн

Чингис хаан”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлт /Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·    Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

·      Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

·    Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн  П.Сайнзориг нарын 28 гишүүн 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

10.00

“Их хуралдай”

                                     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2026 оны 09-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17…+22 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нартай уулзлаа.

Ерөнхийлөгч тодорхой асуудлуудаар үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
  • “Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой.
  • Эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын баталгаа мөн. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол хэлээ хүүхэд бүрд багаас нь зааж сургахад төр засаг, аймаг орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой.
  • Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлынхаа хойчийг хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Энэ хууль эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно.
  • Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Энэ бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа юм. Тиймээс төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдээ хамгаалж ажиллахыг үүрэг болгож байна.
  • Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал. Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай.
  • Төрийн албанд хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах ёстой. Түүнээс биш нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй. Тиймээс төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой иргэдэд хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой.
  • Эцэст нь хэлэхэд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой. Үүнийг төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. Эс тэгвээс төрийн хууль таныг дуудах болно” гэлээ.

Ерөнхийлөгч дээрх үүрэг, даалгаврын хүрээнд аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох газруудтай хамтран ажиллахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга A.Бямбажаргалд үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Нийгмийн түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт Монголын Үйлдвэрчний эвлэлийн өдөрлөгийн нээлтэд /2026.09.14/ оролцож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэр, бодлогоо танилцууллаа.

Ерөнхий сайд суурь тэтгэврийг 2026.11.01-нээс олгоно. 769,000 төгрөгийн тэтгэвэр 1,000,000 болно. Дунджаар тэтгэвэр 380,000 төгрөгөөр нэмэгдэнэ.  Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй. Төсвийн тодотголоор эрчим хүчний салбарт 200 тэрбум хуваарилсан, 50 хувийг нь засвар шинэчлэлд, 100 тэрбумыг нь татаас хэлбэрээр олгоно. ТӨК-иудаас ногдол ашиг 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж иргэдийн тэтгэвэр, цалин нэмж, ард түмнийхээ ахуй амьдралд нэмэр болъё гэж зорьж байна. Хэрвээ үүнийг төсөвт тавихгүй бол ТӨК-иудын ТУЗ-өөр дамжин зах зээлд нийлүүлэгдэх байсан гэдгийг тодотгов. 2026 оны төсвийн тодотголоор төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсийг 50 хувь нэмнэ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрт 16,000 өрхийг хамруулна. Дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэдийн цалин, тэтгэвэр нэмэх, ипотек орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна. Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хэн бүрийг дэмжих нь Засгийн газрын гол бодлого.  Монголчууд 17 жилийн хугацаанд Оюу толгойгоос нэг ч удаа ногдол ашиг аваагүй. Засгийн газар Оюу толгойгоос ногдол ашиг авахыг албан ёсоор баталгаажуулсан. Ногдол ашгийг гурван их наядаар төлөвлөж байна гэлээ.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогыг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, цаашид ч цалин хөлс нэмэх хэрэгцээ шаардлага бий гэлээ. Мөн бүс бүрд төрөлжсөн ахлах сургууль байгуулах, Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх, орон сууцжуулалтын бодлого зэргийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 86.8 хувьтай байгааг танилцууллаа.

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт ирсэн 3517 хүсэлтийг шийдвэрлэв

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. 150150 тусгай дугаарт нэг сарын хугацаанд иргэдээс нийт 5479 хүсэлт бүртгэгдэж, 427 албан хаагч шийдвэрлэж, 3517 иргэнд хариу хүргэж, хүсэлтийг хаасан. Шийдвэрлэлт 64.2 хувьтай байна. Иргэд 150150 тусгай дугаарт зам, тээвэр, инженерийн шугам, газар, барилгатай холбоотой асуудлаар хамгийн их буюу 61.7 хувьтай хандсан байна. Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрээс сургууль хүртэлх аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах зорилгоор “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд НЕБ-ын 105 дугаар сургууль орчмын авто замын явган хүний гарцыг сайжруулж, шинээр тавихаар төлөвлөлөө.

Нийслэлд барилга угсралт, их засварын 491 ажил хэрэгжиж байна

2026 онд нийслэлд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан танилцууллаа. Энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 544 ажил хэрэгжиж байна. Үүнээс барилга угсралт, их засварын 491 ажил 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025-2026 онд он дамжин хэрэгжиж буй 305 ажил, 2026 оны шинэ 186 ажил хэрэгжиж байгаа юм. Энэ онд шинээр есөн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Орон сууцны фасад засварын 61  төсөл, арга хэмжээ дунджаар 66 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ онд нийт 32.14 км авто замыг засаж, шинэчилж байна

Нийслэлд хэрэгжиж буй авто замын засвар, шинэчлэлийн ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа. 2026 онд нийт 32.14 км авто замыг засаж, шинэчилж байна. Тодруулбал, Сэлхийн авто зам, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс, Монелийн авто зам гэсэн гурван байршилд 14.54 км гол болон туслах гудамж замын засвар шинэчлэлтийг бүрэн гүйцэтгэж дууссан.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 17.6 км орон сууцны хороолол доторх замыг засаж, шинэчилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сэлбэ ухаалаг хотын бүтээн байгуулалттай холбоотойгоор 100 айлын торлог зам, орон сууцны хороолол доторх замууд, олон түвшний уулзвар төслийг эрчимжүүлэхэд анхаарч, 2027 оны авто замын засвар, шинэчлэлийн ажлуудыг сайтар төлөвлөхийг үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва цаг үеийн асуудлаар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  1. Өвөлжилтийн бэлтгэл, агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт, угаарын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар төлөвлөх,
  2. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлж, хичээл эхлэх болон тарах цагийн оргил ачааллыг тооцон чиглэл, давтамж, автобусны тоог нэмэгдүүлж, чиглэлд нэмэлт зохицуулалт хийх,
  3. Эмнэлгүүдийг бэлэн байдалд ажиллуулах, үйлчилгээг чанаржуулах, төрөлжсөн эмнэлгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
  4. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний урсгалын судалгаа, тооцоонд үндэслэн ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, гэрлэн дохионы ухаалаг зохицуулалтыг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  5. Сургуулийн автобусны үйлчилгээг яаралтай жигдрүүлж, маршрут, чиглэл, өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлэх,
  6. Захиалагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд чанар, стандартын дагуу гүйцэтгүүлэн, хяналт тавих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Дараа нь Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Үүнд Ховд аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүч чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 50 гаруй нь Ховд аймгийнх юм.

Оюутан залуус төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Станц 2030 онд ашиглалтад орсноор баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, төвийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм.

ХX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан зуун байх учиртайг хэллээ.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, шинээр 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь амжилт гэж үздэгээ хэллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн 330 сая ам.долларын үнэ бүхий самнасан ноолуур экспортод гаргасныг дурдлаа.

Цаашид улс орны хөгжилд чухал ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрийг жадлан эсэргүүцдэг, гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байх нь чухал гэдгийг онцоллоо. Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үүнээс болж саатан, 2-3 жилийн хугацаа алдсаныг жишээ болголоо. Гэхдээ тухайн үед эсэргүүцэж байсан иргэд одоо зөвөөр ойлгон, дэмжиж байгааг хэллээ.

Цаашид ард иргэдийг эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, хичээн зүтгэхийг уриаллаа.

Ховд аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 оны байдлаар 1 их наяд 554 тэрбум төгрөгт хүрч, баруун бүсийн Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг орчмыг дангаараа бүрдүүлсэн байна. Мөн нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 17,1 сая төгрөгт хүрчээ.

Эдгээр үзүүлэлтээрээ баруун бүсдээ тэргүүлж, улсын хэмжээнд Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн дараа дөрөвдүгээрт орж байна.

h2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

14,15-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна.

 2026 оны 09-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгааар +17…+22 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж, аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулна.

Ерөнхийлөгч 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллахдаа Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно.

Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын 2 дугаар дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа