Author Archives: bobula boloroo bobula boloroo

Ч.Ариунболор: Скаут бид өдөр бүр сайн сайн үйл хийх зарчимтай байдаг

АСЕМ-д 1200 гаруй сайн дурын залуус ажилласан бөгөөд Монголын гэрэлт ирээдүй  болсон үеийн залуусдаа үлгэр дууриал болохуйц  залуучууд олон байсан учраас хэд хэдэн сайн дураар ажилласан залуустай ярилцсан билээ. Тэдний нэг болох скаутын гишүүн, олон улсын хурал сургалтуудад нэг биш удаа Монголоо төлөөлж байсан мундаг  охин Ч.Ариунболортой ярилцлаа.  

Энэ өдрийн мэнд хүргэе!

Баярлалаа, танд ч гэсэн. Миний нэрийг Ч. Ариунболор гэдэг. Монголын Охид, Эмэгтэй Скаутын гишүүн.

Яагаад ACEM.д сайн дураар ажилласан бэ?

Би охид эмэгтэй скаутын гишүүн. Дараа онд Скаутын холбооноос Ази номхон далайн бүсийн томоохон зуслан цугларалт буюу жамборий болох гэж байгаа бөгөөд энэ жил бид бэлтгэл болгож олон улсын зуслан цугларалт jamboree хийх бэлтгэлээ хангаж байгаатай холбогдуулан зохион байгуулагч хүүхэд залуусыг АСЕМ-н сайн дурын ажилтнаар ажиллах санал тавьсан. Бид хагас цэрэгжилтийн бэлэн байдалд байдаг хэзээд бэлэн гэсэн уриатай болохоор бүгд улс эх орныхоо нэрийг гаргах энэхүү хуралд өөрсдийн гар биер оролцох чин хүслээр сайн дурын ажилтнаар бүртгүүлсэн.

Өмнө нь сайн дурын ажилд оролцож байсан уу?

Өмнө нь сайн дурын ажлууд хийж байсан. Мэдээж скаут хүн болохоороо байнга л сайн дурын ажил хийхийг эрмэлздэг. Олон сайн дурын үйл ажиллагаанд оролцож бас зохион байгуулж байсан. Бусдад туслах нь скаут бидний байнга хийх ёстой зарчим шүүдээ.

13694144_1049279961786388_1296789013_o

Сайн дурын ажлын ач холбогдол нь юу вэ?

Бусдад баяр баясал бэлэглэж тэдгээр хүмүүсийн амьдралд жаахан ч гэсэн өөрчлөлт авчирна гэдэг хамгийн жаргалтай өөртөө итгэлтэй болгодог. Зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө санаа тавих нь хариуцлагатай итгэл даах чадвартай болгодог гэж боддог.

Өмнө нь оролцож байсан сайн дурын үйл ажиллагаанаас энэ удаагийнх юугаараа онцлог байв?

Өмнө нь хүүхдэд залуусын хөгжилд чиглэсэн сайн дурын ажлууд хийж байсан бол энэ удаад өөрийн орны нэрийг олон улсад гаргахад дээд түвшний уулзалтад гар бие оролцлоо. Мэдээж урьд өмнө харж байгаагүй нөр их хөдөлмөр, зохион байгуулалт нь сүрдмээр сайхан байлаа. Анх удаа ийм олон сайн дурын ажилтан нэг дор нэг зүрх сэтгэлээр цугларсан байгааг хараад монгол залуусаараа маш их бахархах сэтгэл төрсөн. 1000 гаруй залуусыг нэг хүн шиг болтол сургасан энэ баг хамт олон д маш их талархаж байна. Залуусаасаа маш их зүйлийг сурлаа.

Монголын Охид, Эмэгтэй Скаутын гишүүн гэлээ энэ тухай дэлгэрүүлж ярихгүй юу, ямар үйл ажиллагаа явуулдаг, хэдэн насны хүмүүс хамрагддаг вэ?

 Манай байгууллага нь охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхтэй байх зөв хүн төлөвшүүлэхэд зорьдог. Дэлхийн 145 гишүүнчлэлтэй 10 сая охидын дуу хоолойг нэгтгэсэн, НҮБ-тэй ойр ажилладаг байгууллага.  Хүүхэд залуучуудын мэдлэг чадварыг дээшлүүлж, тэдэнд мэдлэг дадал чадварт сургах бэлтгэх төрөл бүрийн сургалтууд явуулдаг ба хүүхэд залуучууд, насанд хүрэгчид бүхий л хүмүүс хамрагдах боломжтой. Миний хувьд скауттай холбогдоод найман жил болж байна. Анх скаутад гишүүн болж элсэж байсан бол одоо бүлэг удирдаад, сургагч багш хийгээд ажиллаж байна. Тэгэхээр бүх насныхан оролцох боломжтой, дунд сургуулийн сурагчид скаутын гишүүнээр, залуус болон ахмадууд удирдагч, сургагч багш, сайн дурын ажилтнууд гээд бүгдэд нээлттэй.

11219370_862897240424662_1256903871577847140_n

Олон улсын үйл ажиллагаанд оролцож байсан уу?

Олон улсын хэмжээний сургалт, цугларалт, хурлуудад хамрагдаж байсан. Үүнээс дурдвал 2014 он Хонконг хотод болсон Дэлхийн эмэгтэй скаутын 35 дугаар хуралд Монгол улсаа төлөөлж нийт 145 орны 600 гаруйн бүсгүйчүүдийн хамт Дэлхийн охид эмэгтэйчүүдийн хөгжил, боловсрол, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцаж хэлэлцэж байсан. 2015 он Солонгос улсад Олон улсын охид эмэгтэй скаутын Free being me хэмээх уриан дор явагдсан зуслан цугларалтанд мөн охид бүсгүйчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь нийгмийн оролцоонд ороход саад учруулдаг учир өөртөө итгэлтэй байдалд охид бүсгүйчүүдийг сургах зорилго бүхий сургалтад оролцож байсан.  Ирэх 8 сард Непалд  болох Ази номхон далайн бүсийн эмэгтэй скаутын хуралд оролцохоор сонгогдсон байгаа бөгөөд маш их хүлээлттэй байна.

Суралцдаг уу, ажилладаг уу?

Интермед эмнэлэгт статистикчаар 2 жил ажилласан. Мэргэжилээ дээшлүүлж суралцах бодолтой байгаа учраас хэд хоногийн өмнө ажлаасаа гарсан байгаа. Намар сургуульдаа явах учраас зун скаутын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцох бодолтойгоор эрт ажлаасаа гарсан. Эрүүл мэндийн салбарт ажиллах ачаалал ихтэй жаахан хүнд болов ч амьдрал бэлгэддэг хамгийн буянтай сайхан салбар. Бас бүх эмч эмнэлгийн ажилчид даа удахгүй болох эмч эмнэлгийн ажилчдын баярын мэнд хүргэе /инээв/

ariunbolorrr

Амьдралдаа мөрдлөгө болгодог зарчим байдаг уу ? хэлэх дуртай үг

Скаут бид Өдөр бүр сайн үйл хийх зарчимтай байдаг. Хэлэх дуртай үг: Хэзээд бэлэн Be prepared

Энэ удаагийн АСЕМ-д хамт сайн дурын залуучууддаа хандаж хэлэх үг байна уу?  

Өөрт оногдсон ажлаа хариуцлагатайгаар хийж гүйцэтгэж байсныг хараад маш их урам зориг авсан. Монгол залуус хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байгааг ихээр мэдэрсэн. Орчин үеийн залуус хойш сууж залхууралгүй өглөө 8 аас шөнө 3 хүртэл тасралтгүй ажиллаж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн. Залуустаа цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

Эцэг эхчүүд хүүхдээ скаут болгохоор болвол хаана хэнд хандах ёстой вэ?

Өөрийн сургууль дээр нь Скаутын бүлэг байвал тухайн бүлэгт хүүхдээ бүртгүүлж болно. Хэрэв байхгүй бол штабын байран дээр ирж бүртгүүлэх боломжтой.

13442226_1030004460380605_5497489467419458339_n 

Непалд болох Монголоо төлөөлөх үйлсэд тань амжилт хүсье! Олон олон хүүхэд залуучуудыг скаутын гишүүн болгоорой.

Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бид өдөртөө Монголын тухай 3-4 удаагийн мэдээ мэдээллийг бэлтгэж байна

 АСЕМ-ын үеэр ажилласан Хятад улсын иргэн боловч Макаогийн Масс телевизид сэтгүүл, зураглаачаар ажилладаг залуутай хэдэн хором ярилцсанаа хүргэж байна. 

Өөрийгөө танилцуулна уу?

Намайг Как Хэй гэдэг , Хятад хүн л дээ. Гэхдээ Макаогийн масс телевизод зураглаачаар ажиллаж байна

Өмнө нь Монголд ирж байсан уу?

Үгүй ээ анх удаа ирсэн. Монгол үнэхээр сайхан орон юм байна, хүмүүс нь их найрсаг юм. Бас ноолуур нь их сайн хэрнээ боломжийн үнэтэй юм байна.

13720662_1299626883388780_1919834558_o

АСЕМ-ын үеэр зураглаач хийх хэр хүнд байна? Өдөрт хэдэн цаг ажиллаж байна вэ?

АСЕМ-ыг сурвалжлах амархан бол биш байна. Бид өдөртөө Монголын тухай 3-4 удаагийн мэдээ мэдээллийг бэлтгэж байгаа учраас их шахуу завгүй ажиллаж байна. Өглөө 6 цагаас эхлэн орой 8, 9-н цаг хүртэл ажиллаж байгаа.

Яагаад зураглаач болсон бэ?

Багаасаа зураглаач болохыг хүсдэг байсан болохоор энэ надад илүү сонирхолтой санагддаг. Өмнө нь Хятадад зураглаач хийж байсан ч одоо  Макаогийн телевизод сэтгүүлчээр ажиллаж байгаа. Харин Монголд болж буй энэ хурлын үеэр бол зураглаач, зурагчингийн ажил хийж байна.

Зураглаачийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Энэ их сонирхолтой ажил, бид хөдөлгөөн бүрийг маш зөв талаас нь алдалгүй авах хэрэгтэй болдог учраас энэ их чадвар шаардсан ажил, сайн бүтээл гаргасны дараа тэрнээсээ урам авч ажиллах нь сайхан байдаг.

13692218_1299626496722152_1799913436_o

Монголын тухай төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

Ажил ихтэй учраас гадуур гарч амжаагүй л байна. Гэхдээ монгол залуучууд их соёлтой, бусдын төлөө санаа их тавьдаг, нээлттэй залуучууд байгааг харсан, бас охидууд нь их загварлаг хувцаслалттай харагдсан.

Ярианы сэдвээ жоохон өөрчлөөд Хятад залуучууд, Монгол залуучуудын хооронд ялгаа байна уу?

Хятад залуучууд юун түрүүнд мөнгөний асуудал бодож үйл хөдлөл, амьдралынхаа төлөвлөгөөг гаргадаг. Харин миний уулзсан Монгол залуучууд их чөлөөтэй, өөрийнхөөрөө байгааг хараад ялгаа нь тэнд байна уу даа гэж харсан.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Б.Болор

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

София Жакман: Хүмүүс мэдээ мэдээллээр өлсөж байна

АСЕМ 11-ын үеэр 700 гаруй гадаад сэтгүүлчид ирж ажилласнаараа дэлхийн дахинд Монголын тухай мэдээллийг хүргэж чадсан билээ. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хэд хоногт интернэтэд Монголын тухай хайлт  1,5 тэрбум хол давсан тухай албан ёсны мэдээ гарсан. Энэ олон сэтгүүлчид маш завгүй ажилласан бөгөөд Япон улсын ерөнхий сайдын хэвлэлийн албаны сэтгүүлчтэй ярилцсанаа толилуулъя.

Сайн байна уу, та өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг София Жакман гэдэг. Японы Токиогоос ирсэн сэтгүүлч байна. Шинэ Зеланд хүн лдээ.

Сэтгүүлчээр ажиллаад хэр удаж байна вэ?

Дөрвөн жил болж байна.

Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

Японд нэг жил их сургуульд суралцаж байгаад тэрнээс хойш ажилдаа ороод ажиллаж байна. Одоо бол Японы Ерөнхий сайдын хэвлэлийн албанд харъяалагдаж ерөнхий сайдтай хамааралтай бүхий л асуудал, хэвлэлийн бага хурал, бусад улс орнуудын засгийн газруудтай холбогдож ажиллаж байна.

Японоос энэ удаагийн АСЕМ-ыг сурвалжлахаар хэдэн телевиз, мэдээллийн агентлаг, сайтуудын сэтгүүлчид ирсэн бэ?

Би яг нарийн мэдэхгүй байна. Ерөнхий сайдын хэвлэлийн албаны хүрээнд 10 гаруй агентлагууд ирсэн. Нийтдээ Япон улсаас ирсэн хэвлэлийнхний тоо тэрнээс их байгаа.

13699539_1299626170055518_1906867795_o

Сэтгүүлч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

Өнөө үед сэтгүүлч байна гэдэг их сонирхолтой зүйл. Интернэтэд бүх зүйлүүд байж мэдээллүүд байнга шинэчлэгдэж байна. Зарим хүмүүс мэдээ мэдээлэлд живж байна, мэдээллүүд үхэж байна гэсэн зүйл ярьдагтай би санал нийлдэггүй. Одоо л хүмүүс сэрж байна. Өглөө босоод л хүмүүс бүгд эргэн тойронд юу болж байгааг мэдэхийг хүсдэг. Хүмүүс мэдээ мэдээллээр өлсөж байна, тэд зөвхөн эргэн тойрноо биш, хөршөө биш дэлхийн дахинд юу болж байгааг мэдэхийг хүсэж байдаг болсон цагт технологийн дэвшлийн ачаар тэд ч ийм боломжтой болсон. Бидний ажил бол мэдээ мэдээллийг үнэн зөвөөр нь тэдэнд хүргэх үүрэгтэй. Сэтгүүлч бид ч бас хүн юм чинь мөнгө хэрэгтэй, одоо үед мөнгөтэй хүнд хэвлэл мэдээлэл илүүтэйгээр ажилладаг. Гэсэн ч бид тэнцвэрийг хадгалж ажиллах хэрэгтэй санагддаг. Ямар ч үед мэдээлэл үнэн зөв бөгөөд хурдтай байх гэдэг зүйл хэзээ ч үгүй болохгүй.

Өдөрт тэдэн мэдээ оруулах ёстой ч юмуу ажлын норм байдаг уу?

Яг тэд гэсэн норм байхгүй ч ерөнхий сайд өдөрт юу хийнэ тэр бүгдийг л оруулах хэрэгтэй болдог. Барагцаагаар өдөрт 10 гаруй  мэдээллийг оруулдаг байх шүү. Зарим үед маш их мэдээллийн урсгалтай үед богино хэмжээний мэдээнүүдийг оруулах шаардлагатай болдог. Мэдээллийн төвөөс бидэнд маш шуурхай ажиллахыг шаарддаг. Гэхдээ алдаагүй, тэгээд маш хурдтай байх шаардлагатай байдаг. Ер нь л ерөнхий сайдын хөдөлгөөн бүрийг оруулдаг гэхэд болно доо.

Улаанбаатартай танилцаж амжсан уу?

Одоохондоо амжаагүй л байна. Бид өдөр шөнөгүй ажиллаж байгаа учраас энэ хурлын тухай мэдээллээ бичээд дуусгаад цаг гарах юм бол гадагшаа гарч гадуур хооллож, дурсгалын зүйлүүд худалдаж авна даа. Хоол гэснээс хонины мах нь үнэхээр амттай юм байна лээ. Шинэ Зеландад бид нар хонь иддэг ч гэсэн эндэхийн мах нь илүү чихэрлэг, амттай санагдсан шүү.

13720495_1299626140055521_1612250042_o

Монголд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Янзтай, Би чинь Шинэ Зеланд хүн болохоор одоо зуны байдал, цаг агаар гээд надад их дотно гэр шиг минь санагдсан.  Бас ширээн дээр байсан шагай гэж зүйлийг Япончууд хараад их гайхаж байсан. Миний хувьд манай улсад ч бас шагайгаар тоглодог хүүхэд байхаасаа  шагай харж өссөн болохоор надад  бол хэвийн зүйл байсан.

Шагайгаар ямар төрлийн тоглоом тоглодог вэ? Бидэнтэй адилхан морь, тэмээ, хонь, ямаа гэж талуудыг нь нэрлэдэг үү?

Маш олон төрлөөр л тоглодог. Гэхдээ бид тэгэж нэрлэдэггүй, тэр бол Монголчууд л нэрлэсэн байх.

Миний асуугаагүй боловч танд хэлэхийг хүсч байсан зүйл байна уу?

Монгол Шинэ Зеландтай харьцуулахад хүн ам багатай улс хэрнээ манай улс зохион байгуулаагүй ийм тоо хэмжээний олон улсын хурлыг ийм түвшинд зохион байгуулж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Бас Монгол их урт хугацааны баялаг түүхтэй орон ч бид тэр болгоныг мэддэггүй байсан бол энд ирээд түүх соёлтой нь танилцах боломж гарсанд их баяртай байгаа.

Ажил ихтэй байсан ч цаг гаргаж яриа өгсөн танд баярлалаа.

Баярлалаа

Б.Болор

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ө.Уранцэцэг: Мэтгэлцээний ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн

2016.07.6-10-ны хооронд нийт 51 улс 2 олон улсын байгууллагын төлөөлөгч болох 150 залуучууд Модел АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалтанд оролцож асуудлууд дэвшүүлж хэлэлцсэн билээ. Хуралдаанас гарсан шийдвэр, санал зөвлөмжийг АСЕМ 11 дээд хэмжээний чуулга уулзалтанд хүргүүлэхээр тунхаг бичиг гаргасныг төлөөлөгч болох дөрвөн залуу Монгол, Словак, Мянмар, Швейцарын  төлөөлөгчид уншиж танилцуулсан. Энэхүү том үйл ажиллагаанд олон орны  залуучуудыг төлөөлж оролцсон Монголын төлөөлөгч Ө.Уранцэцэгтэй ярилцсан юм.

Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе! АСЕМ11 дээд хэмжээний чуулга уулзалтанд Монголоос сонгогдож оролцсонд тань баяр хүргэе!

Сайн байна уу, Баярлалаа.

Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Намайг Өлзийхүүгийн Уранцэцэг гэдэг. Түрүү жил Истанбул хотын их сургуулиас бакалаврын зэргээ амжилттай хамгаалсан бөгөөд 2011 оноос хойш Их Британий Global Changemakers-ын гишүүн, 2012 оноос Улаанбаатарт “Байгалийн Эхийн Хүүхдүүд” төрийн бус байгууллагыг хариуцан ажилллаж байна. Энэ удаагийн АСЕМ-ын Залуучуудын загвар чуулганд гадаад дотооодын 1300 хүүхэд бүртгүүлснээс 50 Монгол оюутан шалгарсаны нэг нь болсондоо баяртай байна.

Яагаад АСЕМ-д оролцохоор шийдвэрийг гаргасан бэ?

АСЕМ бол 2 жил д нэг удаа зохион байгууллагаддаг олон улсын дээд хэмжээний албан бус уулзалт гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн 11 дэх АСЕМ-ийг дагалдах уулзалтууд мөн манай оронд зохион байгууллагдаж байгаагийн нэг нь АСЕМ-ын Загвар Чуулган. Энэ уулзалтанд залуу үеийн төлөөлөл манлайлагч оюутанууд оролцсон бөгөөд дээд хэмжээний АСЕМ -ын дипломат яриа хэлэлцээрүүдийг яг бодитоор нь туршиж санал бодлоо хуваалцсан. Энэ загвар чуулганд оролцох нь олон улсын улс төр, харилцааны талаарх туршлага судлах гайхалтай боломж учраас оролцох хүсэлтээ гаргасан юм.

13720399_914379435338759_1485046412_o

Модел ACEM-ын Залуучуудын хуралд аль улсыг төлөөлсөн бэ? Салбар хэлэлцүүлэгт аль асуудалд оролцсон бэ?

АСЕМ-д Португал улсыг төлөөлөн оролцсон. Улс төрийн салбар хэлэлцүүлэгт бусад орны төлөөлөгч нартаа хамт оролцсон. Анх Португал улсыг төлөөлөх болсноо мэдээд энэ улсын тухай өнгөц төдий л мэддэгээ ухаарсан. Хурал болохоос өмнө бид нар 4 төрлийн даалгавар хийх ёстой байсан ба даалгавар судалгаа хийх явцдаа энэ улсын тухай мэдлэг маань асар их дээшилсэн. Өөрийнхөө улсаас өөр улс төлөөлнө гэдэг хүнд даалгавар, өөр орныг өөрийнх мэт эрх сонирхолыг нь хамгаалж ярина гэдэг бол илүү хүнд соирлт. Гэхдээ энэ бол АСЕМ-ын загвар чуулганы давуу тал юм. Ганцхан цааснаас уншаад зогсохгүй Португалаас ирсэн оролцогчтой үзэл бодлоо хуваалцаснаар энэ орны тухай мэдлэг маань цогц болж өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэгдэл төрсөн. Энэ бол жинхэнэ “Connectivity” гэж би бодож байна.

Залуучуудын хуралд оролцсон гадны төлөөлөгчид болон манай залуучуудын оролцоо хэр байсан бэ, ялгаа байв уу?

Монголоос 50 залуус буюу хамгийн олон тооны оролцогч нарыг сонгосон нь 1-т бид эх орондоо энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа 2-т Олон улсын хуралын туршлагатай туршлагагүй олон Монгол залууст ер нь олон улсын дипломат харилцаа хэрхэн явагддаг, дипломат ёс зүйг харуулах зорилготой. Чуулганы дараа Монгол оролцогч нар бид ярилцсан. Бид бүхэнд асар их оюуны нөөц байна бас туршлага судлах мэтгэлцээний ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн.

Ихэнх гадаадын ороцогчид өндөр түвшинд бэлтгэгдсэн, дээд түвшний олон арга хэмжээнд яриад сурчихсан ёстой гялалзсан залуус байсан. Манай монгол залуучуудад, залуу манлайлагч нарт олон боломж бий, хурдацтай хөгжиж буй энэ эрин цаг үед Монголын дуу хоолойг дэлхийн тавцанд хүргэх үүрэг хариуцлага бидэнд бий. Үүнд бид залуучууд л өөрсдийгөө сайн бэлдэж өрсөлдөх хэрэгтэй, өрсөлдөж ч чадна.

13692289_914379438672092_1889480942_o

Залуучуудыг төлөөлж дөрвөн залуус дээд хэмжээний чуулганд оролцсон, ямар шалгуураар сонгогдсон бэ?

Дөрвөн залуучуупын дунд нэг Монгол төлөөлөл байх нь гарцаагүй зохион байгуулж байгаа улс нь Монгол учраас, Швейцараас нэг төлөөлөл үг хэлдэг нь Модел АСЕМ-ыг Швейцарын Засгийн газар мөнгөн хөрөнгөөр туслаж зохион байгуулсантай шууд холбоотой. Бусдаар бол яг яагаад тухайн залуучуудыг сонгосон нь Ази-Европын саны багийнхан л мэдэх байх. Хувь хүний оролцоо, идэвхийг харсан боловуу гэж ойлгож байна. Ямартай ч дээд хэмжээний уулзалтанд 150 залуу манлайлагч нарыг төлөөлж дөрвөн залуугийн нэг болсондоо үнэхээр баяртай байна.

Залуучуупын хэлэлцүүлэг хурлаас гарсан тунхаг бичгийн гол дэвшүүлсэн санаа нь юу байсан бэ?

АСЕМ-ын 20 жилийн түүхэнд залуусын дуу хоолой анх удаагаа сонсогдож байгаагаараа энэ жилийн АСЕМ бол түүхэн үйл явдал болохыг бид дурдаад шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоог цаашид дэмжихийг уриалсан. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудын хамтын ажиллагаа, харилцааг чухалчлан үзэж залуучууд, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх мөн залууччуудын ажилгүйдлийг бууруулах зохистой арга хэмжээ авахыг шаардсан.

Энэ удаагийн Модел АСЕМ Залуучуудын чуулга уулзалтаас хамгийн чухал гэж бодож байгаа суралцсан зүйл тань юу вэ?

Олон талт улсын хэлэлцээр хэрхэн бодит амьдрал дээр явагддаг, мөн хэрхэн сайн дипломат байж өөрийн улс, тив хийгээд дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг өөрийн биеэр оролцож мэдлэгээ дээшлүүллээ. Өөрийн улс орны ашиг сонирхлыг бусад улсын байр суурийг хүндэтгэн дипломат аргаар хамгаалах арга барилд суралцсан нь хамгийн том ач холбогдолтой байсан.

13728420_914379695338733_1614783148_o

Төрийн бус байгууллагат ажилдаг гэж дээр дурдсан. Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг талаар илүү дэлгэрэнгүй ярихгүй юу?  

Манай “Байгалийн Эхийн Хүүхдүүд” ТББ 2012 онд байгуулагдаж Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн аюулгүй тогтвортой байдлыг таниулж суртчилах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би өөрөө үүсгэн байгууллагачдын нэг, 2013 оноос төслийн менежерээр ажиллаж байна. За байгууллагийнхаа хөтөлбөрүүдээс дурьдвал 2014 онд Баянгол дүүргийн 10 жилийн сургуулиудийн сурагч нарт Байгаль орчиноо танин мэдэхүйн 7 хоногийн аян зохион байгуулж байсан. Мөн Их дэлгүүртэй хамтран хүүхдийн баяраар “Wish Tree’ буюу дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай фактуудаар чимсэн Хүслийн мод аянг зохион байгуулж тэнд өлгөсөн хүүхдүүдийн хүслийг хандив цуглуулж биелүүлсэн байгаа. Манай ТББ одоогоор 5 хүн ажилладаг цомхон байгууллага бөгөөд үйл ажиллгааагаа цаашид өргөжүүлэхээр ажиллаж байна. Мөн Америкийн “FANG” Төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар ярилцаад байна.

Ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

Биснесийн Удирдлага Менежмент болон Хэвлэл Мэдээлэл Телевиз гэсэн 2 мэргэжил эзэмшсэн.

Байгаль орчны мэргэжлийн хүн биш боловч энэ чиглэлээр анхаарал хандуулж ажилладагт талархал илэрхийлье. Манай орны байгаль орчны гол асуудлыг юу гэж харж байна вэ?

Монгол улс байгалийн гоо үзэмжээрээ дэлхийд гайхагддаг боловч бас эрс тэс уур амьсгалаараа олны анхаарлыг бас татдаг. Хотод суурьшин буй хүмүүс ихэвчлэн өөрсдийн амьдарч байгаа орчноороо Монголын уур амьсгалийг төсөөлөх нь дутмаг. НҮБ-аас гаргасан судалгаагаар Монгол улсын онцлох асуудлуудад Цөлжилт, Зуд , Үер гэх мэт байгалийн гамшгууд орсон бөгөөд үүнийгээ дагаад цэвэр усны хүрэлцээ, нүүдэлчин ард түмний аюулгүй байдал мөн хөндөгдөж байдаг.

13689339_914376305339072_842635798_n

Энэ удаагийн АСЕМ-ын чуулганд ч мөн адил Уур амьсгалийн Өөрчлөлтйн тухай асуудлууд ихээр хөндөгдөж яригдсан. Дэлхий нийтээр дагаж мөрдөх НҮБ-ын 17 Тогтвортой хөгжлийн зорилтуудын 13-т энэ тухай дурьдсан байгаа бөгөөд 2030 хүртэл биелүүлэхээр болсон энэ хөтөлбөрийг АСЕМ тэргүүд мөн чухал хэмээн онцолж байгаа хэмээн найдаж байна.

Их Британы Global Changemakers-ийн гишүүн гэдгээ дэлгэрүүлэхгүй юу?

2007 оноос Их Британий Консул энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд олон улс, тивийн нийгэмдээ өөрчлөлт хийж байгаа залуучуудын сүлжээ нетворк юм. Одоо бие даасан байгууллага болон ажиллаж буй бөгөөд сонирхол нэгтэй залуусийг нэгтгэж санал бодлоо солилцох мөн хамтран ажиллах тавцанг бий болгодогоороо ач холбогдолтой. Мөн олон улсын арга хэмжээнд оролцоход залуучуудаа дэмжих нь ч бий.

Өмнө нь ямар нэгэн олон улсын хуралд оролцож байсан уу, байсан бол ямар?

Global Youth Summit 2011, International Students Festival in Trondhiem 2013 and 2015-д өмнө нь оролцож байсан. Global Youth Summit нь миний анхны олон улсын семинаруудын нэг бөгөөд 16-19 насны залуу хүмүүс хэрхэн нийгэмдээ өөрчлөлт хийх, дуу хоолойгоо хүргэх мөн шаардлагатай төслийн санхүүжилтийг хэрхэн бий болгох тал дээр цогц мэдээлэл өгсөн арга хэмжээ болж байсан юм. Олон улсын 60 хүүхэд сонгогдсоноос Монголыг төлөөлж би оролцож байсан. Сүүлд миний төрийн бус байгууллага байгууллах санаа ч үүнээс их үүсвэртэй.

International Students Festival in Trondheim 2013 ‘Trade Your Ideas’ гэсэн уриатайгаар Норвеги улсад зохион байгуулагдсан. Жинхэнэ үзэл бодлоо хуваалцах талбар байсан гэж хэлж болно. 2015 оных нь Discrimination сэдвийн доор болсон бөгөөд ер нь International Student Festival нөлөө бүхий олон зочин лекторүүд ирдэгээрээ онцлогтой. 2015 онд л гэхэд Далай Лам ирж бидэнтэй яриа хийж, залуучуудын төлөөллүүдтэй уулзсан байгаа. Би өөрөө Transperency International -ийн үүсгэн байгуулагч Peter Eigen уулзаж ярилцан боломж олдсон.

Залуу хүний хувьд үеийн залуучуудаа манлайлж, үлгэр жишээ болж байгаад тань баяр хүргэе! Өөрийн чинь хувьд амьдралдаа зарчим болгож явдаг зүйл юу вэ?

Залуу хүний хувьд өдөр болгоныг үр бүтээлтэй, эрч хүчтэй өнгөрөхийг эрмэлздэг. Хамгийн гол нь өөрийгөө энэ дэлхий дээр амьдарсан гэсэн ул мөрөө үлдээхийг хүсдэг. Энэ нь зүгээр хүнд туслах эсвэл хүнтэй сайхан харилцах гээд юу ч байж болно. Миний нэг үйлдэл бусад хүмүүсийн амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг учраас эргэн тойрондоо анхаарлаа хандуулж зөв үйлдэл, зөв сэтгэлгээтэй байхыг үргэлж хичээдэг.

11709891_735779373198767_7698486825317754684_o

Хэрвээ нууц биш бол өөрийнхөө мөрөөдлөөс хуваалцахгүй юу?

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны Ерөнхий Ассамблегийн анхны ерөнхийлөгчөөр монгол хүн буюу С.Оюун сайд томилогдож байсан. Миний мөрөөдөл бол олон улсын байгууллагат ажиллаж эх орондоо болон дэлхийн бусад улсуудад төсөл хэрэгжүүлж хүмүүсийн амьдралд сайн сайхан өөрчлөлтийг авчрахыг мөрөөддөг.

Мөрөөдлөөсөө хуваалцсанд баярлалаа. Үеийнхээ залуучуудда хандаж хэлэхийг хүсдэг зүйл юу байгаа юу?

 Монгол залуучууд их омголон бардам. Энэ Монгол уугуул зангаа зөвөөр ашиглаж үргэлж өөртөө итгэлтэй, үзэл бодлоо баттай хамгаалахын хажуугаар нээлттэйгээр аливаа зүйлд хандаж байгаарай гэж уриалж байна.

Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!

Б.Болор

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад ойролцоогоор 12 мянга гаруй хүн гар бие оролцсон

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож өндөрлөсөнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг арга хэмжээг дүгнэж, уулзалтын үр дүн, Монгол Улсад  үлдэж буй бодит үр ашиг, ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөл байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаанд өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах хотхон байгуулах, зочид буудлуудыг чадавхжуулах, хот тохижуулах, мэргэжилтэй ажилчид болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг олон чухал ажил хийгдсэнийг сайд Л.Пүрэвсүрэн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтын хүрээнд 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулснаас үйлчилгээний чиглэлээр 620 хүн, зочид буудлын менежментийн чиглэлээр БНСУ-д 15 хүн, хурлын менежерээр 50 хүнийг гадаадад сургасан байна. Мөн олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэгт 14, Европын холбооны зардлаар 6 хүнийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, сайн дурын 1100 гаруй оюутан залуусыг сургалтад хамруулжээ. Түүнчлэн  аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 орчим хүнийг сургаж бэлтгэсэн байна.

АСЕМ-ын уулзалтад зориулж улсын төвсөөс 2014, 2015 онд тодорхой хөрөнгө батлаагүй, харин 2016 онд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгийг уулзалт зохион байгуулах байр танхим, зочид төлөөлөгчийн унаа, хот тохижилт, дэд бүтэц, аюулгүй байдлын хамгаалалтад ашиглагдах автомашин, тоног төхөөрөмж зэрэгт зарцуулснаа мэдээллээ.

АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт, үйлчилгээ зэргээс Монголд үлдэх эдийн засгийн ач холбогдлыг одоогоор 8-10 сая ам.доллар хэмээн тоймлоод байгаа бөгөөд удахгүй нарийвчилсан тооцоо гаргах аж.

27722914723_d75c35a856_z

Түүнчлэн АСЕМ-ыг амжилттай зохиосноор улс орныхоо нэр хүндийг дэлхийн түвшинд өргөөд зогсохгүй энэ бүх бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, хүний нөөц, мэдлэг туршлага зөвхөн Монгол Улсад үлдэж, дараа дараагийн олон улсын арга хэмжээг зохион байгуулах хөрс суурь болж буй нь мөнгөн дүнгээр илэрхийлж боломгүй ач холбогдолтой болохыг сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэлдээ онцоллоо.

Гадаад хэргийн сайд мэдээллийнхээ төгсгөлд АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад ойролцоогоор 12 мянга гаруй хүн гар бие оролцсон, тэдгээр төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, бүтээгдэхүүнээрээ туслалцаа үзүүлсэн үндэсний үйлдвэрлэгч компаниуд, үүрэн холбооны операторууд, хандивлагчид, хувийн хэвшлийнхэнд болон бодит мэдээллийг шуурхай түгээж, улс орноо сурталчилсан хэвлэл мэдээллийнхэн гээд хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жан-Клод Юнкер: Монголын ард түмэн ийм аугаа гэдгийг сая бүгд харлаа

Мэдээллийн дараа хэвлэлийн бага хуралд оролцогчид сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Асуулт: –Далай, тэнгисийн эрх зүйн байдал, чөлөөтэй зорчих асуудал, ялангуяа Хятадын Өмнөд тэнгистэй холбоотой асуудлаар юу ярьсан бэ? Ямар орон энэ талаар санаа зовниж байгаагаа хэлсэн бэ?

Доналд Туск: –Хятадад болсон дээд түвшний уулзалтаар Европ, Хятадын тал энэ талаар ярилцсан. Асуудлыг олон улсын хууль тогтоомжийн дагуу явуулахаар ярилцсан. Европын холбоо энэ конвенцийн гишүүн. Бид нар бүх үйл явцыг хууль тогтоомжийн дагуу Гаагийн шийдвэрээр явах болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Шийдвэрийг шүүх гаргана. Европын холбооны дээд төлөөлөл мэдэгдэл гаргасан. Аль болох зөв шийдвэр олохын төлөө явах хэрэгтэй. Энд оролцож байгаа талуудын эрх ашгийг бодолцох нь чухал юм. Энэ бол санал нэгдэхэд амаргүй асуудал. Мэдээж бүх асуудал дээр санал нэгтэй байгаагүй чнайдвар харагдаж байгаа.

Асуулт: -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асууя. Ноён Ерөнхийлөгч өө, хаалттай хуралдаанаар хамгийн чухал ямар асуудал ярьсан бэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Олон сэдвээр ярьсан. Даргын мэдэгдлээс та энэ тухай мэдээлэл авах боломжтой. Бид үзэл бодлоо үүнд тусгасан байгаа. Хурлыг даргалагчийн хувьд бидэнд олон орон энэ асуудлыг оруулж өгөөч гэсэн хүсэлтүүд тавьж хандсан. Нэлээд нухацтай хэлэлцүүлэг явуулсан. Туршлагатай олон дипломатч санал нэгдсэний үндсэн дээр Даргын мэдэгдлийг гаргасан.

Бүх асуудал дээр санал нэгтэй байгаагүй ч хүн бүр саналаа илэрхийлсэн нь их чухал. Баярлалаа.

_MG_8211

Асуулт: – Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байна. Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хэр зохион байгуулав?

Жан-Клод Юнкер: -Би өмнөх 10 хуралд бүгдэд нь оролцож байсан. Монголд болсон АСЕМ-ын уулзалт өмнөх бүх уулзалтаас хамгийн үр дүнтэй нь байлаа гэж бодож байна. Сайн зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч ийм байх боломжийг бүрдүүлсэн гэж бодож байна. Хоёр талын уулзалтуудыг маш олноор зохион байгуулсан. Энэ үр дүнтэй байсан. Дэлхийн хэмжээний хөгжим тоглосон процесс Монголд боллоо гэж хэлж болохоор байна. Бас Монгол Улсын нэр хүндийг маш их өргөж өгсөн хоёр хоног байлаа. Би Монгол бол том газар нутагтай улс гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ Монголын ард түмэн ийм аугаа гэдгийг сая бүгд харлаа.

Асуулт: -Турктэй холбоотой асуулт байна. Турк бол Европын холбооны гишүүн болох боломжтой улс. Турктэй холбоотойгоор Европын холбооны бодлогод ямар нэг өөрчлөлт орох уу? Ерөнхийлөгч Р.Эрдоантай холбогдсон уу?

Жан-Клод Юнкер: -Туркийн хувьд бэрхшээл, сорилт тулгарч байна. Үүнийг хэзээ ч зэвсгийн аргаар шийдвэрлэж болохгүй. Цэргийн эргэлт гэдэг бол орчин үед байх ёсгүй зүйл. Ардчиллыг өөр дэглэмээр солих боломжгүй. Хуулийн засаглалыг сольж болохгүй. Ямар үр дагавар гарах бол гэдэг дээр бид ярилцсан. Станбулын одоогийн процессыг харахад Засги н газар нь байдлыг хяналтдаа оруулсан байх шиг байна. Энэ хямралын дараа Турк ямар улс болох бол гэдэг асуудал байна. Энэ нь тухайн орны удирдлага яаж ажиллахаас шалтгаалах байх. Энэ бол Турк төдийгүй нийт бүс нутгийн хувьд чухал асуудал юм. Турк, Европын холбооны харилцаанд ч хамаатай асуудал. Бид Турк Улс бүх талбарт манай сайн түнш хэвээрээ байна гэж найдаж байна.

Одоогоор энэ тухай ярихад хэтэрхий эрт байна. Саяын үзэгдлээс гарах үр дагаврыг бид мэдэхгүй байна.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Хурлын төгсгөлд би хоёр зүйл хэлье. Ажлын хэсэгт ажилласан бүх хүнд талархал илэрхийлье. Ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцсон бүх хүнд бүгдэд нь баярлалаа. Үйлчилгээ, хамгаалалтад ажилласан бүх хүнд баярлалаа. Та нар үнэхээр сайн ажиллаа.

Би Европын холбоонд талархаж байна. Бусад орны Засгийн газар, хамтарч ажилласан улс орнуудад үнэхээр их баярлалаа. Та бүхний тусламжтайгаар АСЕМ-ийг Монгол оронд  амжилттай зохион байгууллаа. Бүх монголчууддаа, бүх сайн дурынхандаа, энд ажилласан бүх хүнд баярлалаа. Бие биеэсээ олон зүйлийг сурлаа. Сурсан зүйл маань бидэнтэй хамт үлдэнэ. Энэ бол нэг төрлийн хөрөнгө оруулалт юм. Сурсан зүйл Монголд үлдэнэ. Өчигдөр нэг залуу маш бахархалтайгаар “Бид олимпийн наадмыг зохион байгуулж чадна” гэж хэлсэн. Бид 2050 онд Олимп зохион байгуулахаар мөрөөдөж байгаа. Энэ бидний зорилго. Бидэнд сэтгэлийн дэм, урам өглөө. Үүнд баярлалаа.

АСЕМ-д 2000 гаруй төлөөлөгч, хэвлэл мэдээллийн 700 гаруй төлөөлөгч ирлээ. Та бүхэн тавтай сайхан аялаарай. Баярлалаа” гэв.

Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөв._MG_8193

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт амжилттай өндөрлөлөө

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 15, 16-нд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын 53 гишүүн, үүнээс Европын 30, Азийн 21 орон, мөн хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний зочид, дагалдах албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй төлөөлөгч оролцлоо.

“АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдсан энэхүү уулзалтын эхний өдөр хоёр хэлэлцүүлэг бүхий нэгдсэн хуралдаан болсон бол хоёр дахь өдрийн хаалттай хуралдаанаар төлөөлөгчид “АСЕМ-ын гурван баганыг сайжруулах нь” сэдвийн хүрээнд албан бус хэлэлцүүлэг өрнүүлж, мөн бүс нутгийн хамтын ажиллагаа болон олон улсын терроризмын эсрэг үйл ажиллагаа, дүрвэгсдийн асуудал, цаг уурын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хүний эрх, хуулийн засаглал, эрчим хүч, хүнс тэжээл, цэвэр ус, хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг цаг үеийн халуун сэдвүүдийг хөндөж ярилцлаа.

Хурлын төгсгөлд “Хурлын даргын мэдэгдэл” болон “Улаанбаатарын тунхаглал” гэсэн хоёр баримт бичгүүдийг баталлаа. Энэхүү баримт бичгүүд нь АСЕМ-ын үйл явцыг урагшлуулах, эрх тэгш түншлэл, харилцан бие биенээ хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр Ази, Европын хооронд харилцаа холбоогоо илүү өргөн хүрээнд бэхжүүлэх, тодорхой салбар асуудлаар илүү төвлөрсөн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон хөтөч зураг болно гэж уулзалтад оролцогчид санал нэгтэй дүгнэж байна.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск нар үг хэллээ.

Дээд түвшний уулзалтын үр дүн болон батлагдсан баримт бичгүүдийн талаар  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмарын Ерөнхийлөгч Тин Киав, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо  нар гадаад, дотоодын сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр өдөр үргэлжилсэн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд оролцсон төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Хоёр тивийн удирдагчид нэгдэж чадлаа. Монгол Улс энэ удаагийн дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээж авч байгаагийн хувьд хуралд оролцогчдод өөрийн түүх, соёл, ёс заншлаа сурталчлан таниулахыг зорилоо. АСЕМ-ын дээд түвшний уулзалт хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг тул бид дараагийн АСЕМ-ын уулзалтыг эх орондоо 100 жилийн дараа хүлээн авах нь ээ. Орон орны хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд Та бүхний маань бэлтгэсэн мэдээлэл дэлхийн 1,5 тэрбум хүний сонорт хүржээ. Та бүхэндээ баярлалаа” хэмээв.

Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск “Уулзалтын үеэр хэд хэдэн газар террорист халдлага гарлаа. Бид дэлхий нийтийн хэмжээнд эв нэгдлээ илэрхийлж, энэ индэр дээрээс дуу хоолойгоо хамтдаа хүргэсэн. Террорист халдлага манай хоёр тивд аюултай. Тиймээс бид дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг ярилцсан. Мөн дүрвэгсдийн асуудал, аюулгүй байдлын талаар санал солилцсон. Ер нь ард иргэдийн аюулгүй байдалд чухал шийд гарах ёстой. Энэ талаар бид төвлөрч ярилцлаа” гэв.

Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Миний оролцсон АСЕМ-ын уулзалтуудаас энэ удаагийн уулзалт хамгийн онцлогтой, давтагдашгүй байлаа. Монгол Улс хурлыг маш сайн зохион байгууллаа. Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюсельд болно” гэв.

Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Киав “Энэ ховор боломжийг бидэнд олгосонд баярлалаа. Амьдралд нэг тохиох гайхалтай туршлага байлаа. Танай сайхан орны байгалийг биширч, монголчуудын зочломтгой занд талархаж байна. Хоёр өдрийн хурлын үеэр албан болон албан бус олон уулзалт хийлээ. Өнгөрсөн 20 жилийн ажлаа дүгнэж, олон чухал асуудлыг хэлэлцлээ. Хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах талаар бид санал нэгдлээ. Нийтлэг ашиг сонирхол бүхий  асуудлуудаар түлхүү ярилцлаа” гэв.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмарын Ерөнхийлөгч Тин Киав, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“АСЕМ-ын өдөр”-тэй боллоо

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаан хаалттай болж өндөрлөсөн. Энэхүү дээд түвшний уулзалтаас “Улаанбаатарын Тунхаглал” болон “Даргын Мэдэгдэл” гэсэн хоёр бичиг баримт гарсан билээ.

Улаанбаатарын тунхаглал нь АСЕМ-ын албан бус яриа хэлэлцээний арга хэлбэрийг дэмжихийн сацуу тус уулзалтыг бодит үр дүнд хүрэх саналуудыг тусгасан бөгөөд түүнчлэн

АСЕМ-ын ач холбогдлыг харуулах, түүний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “АСЕМ-ын өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 1-нд эсвэл 3 дугаар сарын эхний долоо хоногийн аль нэг өдөрт тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарын тунхаглал “Ази-Европын уулзалт (АСЕМ) Гурав дахь арван жилдээ”

Монгол улс, Улаанбаатар хот, 2016 оны 7 дугаар сарын 15-16

АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн тэргүүн, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга бид АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэж, АСЕМ-аас гурав дахь арван жилдээ баримтлах чиг шугамыг тодорхойлох зорилгоор 2016 оны долдугаар сарын 15-16- ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн хүрээнд зохион явууллаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ-ын гишүүнчлэл 26-аас 53 түнш болж өргөжин тэлж ирсэн нь АСЕМ Ази, Европын хамтын ажиллагаа, яриа хэлцээний чухал, өвөрмөц талбарынхаа хувьд ач холбогдолтой бөгөөд хэрэгтэй гэдгээ нотлон харуулж байгааг бид бахархалтайгаар тэмдэглэж байна. АСЕМ нь бат бэх энх тайван, аюулгүй бөгөөд тогтвортой байдал, эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулж, дэлхийн болон бүс нутгийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх замаар 21-р зууны дэлхийн хөгжлийг тодорхойлоход чухал хүчин зүйл болсоор ирсэн ба цаашид ч байх болно.

13700132_1227643130620842_550312578581979034_n

Бид АСЕМ нь :

 Ази, Европын хооронд харилцан ойлголцлыг бий болгон бэхжүүлэх,

 Улс төрийн яриа хэлцээг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх болон нийгэм-соёлын солилцоог нэмэгдүүлэх,

 Ази, Европ хоорондын уялдаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх, энх тайван ба хөгжлийн төлөөх харилцаа, харилцан ашигтай, олон талт хамтын ажиллагааг тогтоон хөгжүүлэх,

 Ази, Европын сан \АСЕФ\-гаар дамжуулах зэрэг арга замаар хүмүүс хоорондын харилцааг өргөжүүлэх боломж бий болгох,

 Бүс хоорондын болон дэлхийн түвшинд, түүнчлэн хоёр бүс нутгийн өмнө тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэх,

 Үр дүнтэй олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бусад олон талт үйл явцыг бэхжүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн гэж үзэж байна.

Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Ази, Европын хооронд илүү нягт уялдаа холбоо, илүү үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар АСЕМ-ын үйл явцыг нээлттэй, хувьсан хөгжих байдлаар урагшлуулах шийдвэр төгс байна. АСЕМ-ын үйл явц нь нийтийн зөвшилцлийн үзэл санааны дагуу эрх тэгш түншлэл, харилцан бие биенээ хүндэтгэх болон харилцан ашигтай байх зарчмуудын үндсэн дээр цааш хөгжих ёстой гэдгийг бид бататган илэрхийлж байна. Бид АСЕМ-ын ач холбогдлыг харуулах, түүний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “АСЕМ-ын өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 1-нд эсвэл 3 дугаар сарын эхний долоо хоногийн аль нэг өдөрт тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэв. АСЕМ-ыг гурав дахь арван жилд нь амжилттай залан чиглүүлэхийн тулд бид дараах үүргийг хүлээж байгаа болно: Түншлэлээ бэхжүүлнэ 2000 оны Ази, Европын Хамтын ажиллагааны зааг хүрээ болон АСЕМ-ын бусад баримт бичигт тодорхойлсны дагуу албан бус улс төрийн яриа хэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачилгууд нь бидний түншлэлийн гол цөм нь байна. Өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын байдал тогтворгүй, хувирамтгай болж байгаа өнөө үед АСЕМ нь үр ашиг бүхий олон талт хамтын ажиллагааны үйл явц, эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тогтооход тус дөхөм үзүүлэх үүргээ бэхжүүлнэ. АСЕМ нь энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжил болон баталгаатай амьжиргааны түвшинд хүрэхийг зорьж буй ард түмнүүдийн хүсэл эрмэлзлэлийг биелүүлэхийн тулд түншлэлийнхээ гол гурван тулгуураа тэнцвэртэй хөгжүүлж бэхжүүлнэ. АСЕМ нь Ази-Европын олон талт, хүн төвт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно. Бодит өгөөжийг дээшлүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлнэ Бидний санал санаачилгууд нь албан бус яриа хэлцээнээс эхлээд Ази, Европын улс түмэнд бодит үр өгөөжөө өгөх хүртэл үр дүнтэй байх явдлыг хангахын тулд АСЕМ нь нийтлэг ашиг сонирхол бүхий салбаруудад анхаарлаа төвлөрүүлэх 3 болно.

Үүнд, терроризм, түрэмгий экстремизмтэй тэмцэх, далайн аюулгүй байдал, далайн дээрэм болон зэвсэгт халдлагатай тэмцэх, хүний ба хар тамхины наймаа, кибер аюулгүй байдал ба кибер гэмт хэрэг, мэдээлэл, харилцаа холбооны технологийн болон түүний ашиглалтын аюулгүй байдал, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг дээдлэн сахих, хуулийн засаглал ба олон улсын эрх зүйг нийтээр хэрэгжүүлэх, хүний эрх, авилгатай тэмцэх, шилжилт хөдөлгөөн, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, гамшгийн эрсдлийг бууруулах ба түүний удирдлага, хүнс-ус-эрчим хүчний аюулгүй байдал, эх газрын болон далайн нөөц баялаг ба хууль бус, бүртгэгдээгүй болон хяналтгүй загас агнууртай холбоотой асуудлууд, боловсрол, ядуурлыг арилгах, цэнхэр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, либералчлах, шинжлэх ухаан, тенологи, инноваци, тээвэр, ЖДҮ-ийн хамтын ажиллагаа, чадавхийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүдийн чадавхижуулалт, залуучууд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг багтана. АСЕМ нь дорвитой хувь нэмэр оруулж чадах, хоёр бүсийн аль алинд нь ашиг тусаа өгөх салбаруудад анхаарлаа төвлөрүүлэхийг зорино. Үүнтэй холбогдуулан, хамтын ажиллагааны бүх санаачлага, механизмууд нь АСЕМ-ын үйл ажиллагаанд хүмүүсийн, ялангуяа залуучууд ба бизнесийн оролцоог нэмэгдүүлэхийг зорих ёстой. Үр өгөөжөө өгөхүйц хамтын ажиллагааны салбар, чиглэл бүрийн хүрээнд хэрэгжүүлэх санал санаачилга, төслүүд болон төрөл бүрийн салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах нь АСЕМ-ын түнш орнуудын хөгжлийн ялгааг багасгах, хөгжиж буй түншүүдийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой. Уялдаа холбоог бүхий л чиглэлээр бэхжүүлнэ Уялдаа холбоог төрөл бүрийн чиглэлд хөгжүүлэх нь чухал бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зорилт юм. Уялдаа холбоог АСЕМ-ын хамтын ажиллагааны бүх чиглэлд тусган бататгах болно. Хоёр бүс нутгийн харилцан хамаарал өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд АСЕМ-ын үйл ажиллагааны аль ч салбарт Ази, Европыг салган авч үзэх боломжгүй юм. АСЕМ нь гишүүнчлэлээ өргөжүүлэн улам харилцан хамааралтай, хамтын ажиллагааны шинж чанартай болж байгаа тул Ази, Европын хооронд энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой хийгээд хүртээмжтэй хөгжлийн төлөө уялдаа холбоог өргөжүүлэхэд хамгийн тохиромжтой тавцан болж байна. Энэ нь улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа, нийгэм, соёлын болон хүмүүс хоорондын харилцаа холбоо бүхий АСЕМ-ын тулгуур гурван чиглэлээрх бидний түншлэлийн бүх талыг хамарна. 4 Албан бус шинж чанар, сүлжээний хэлхээ холбоо, уян хатан байдлыг хөгжүүлнэ 2006 оны “АСЕМ-ын ирээдүйн талаарх Хельсинкийн тунхаглал”-ыг цохон дурдахын хамт нэг нэгнийхээ түүх, соёл, уламжлал, хүсэл эрмэлзлийг илүү сайн ойлгож, хүндэтгэлтэй хандах үүднээс бид АСЕМ-ын хүрээнд албан бус байдал, сүлжээний хэлхээ холбоо, уян хатан чанарыг бэхжүүлэхийн ач холбогдлыг дахин онцолж байна.

13654250_1227642973954191_6911241350575580655_n

Бид АСЕМ-ын үйл явцад оролцогч талуудын гүйцэтгэдэг үүргийг өндрөөр үнэлдэг бөгөөд Ази, Европын залуучуудын чуулга уулзалтыг түүнд хамруулах, Ази- Европын хөдөлмөрийн чуулга уулзалтыг АСЕМ-ын нэмэлт оролцогчийн форум болгох замаар тэдний оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх, АСЕМ-ын оролцогч талуудын хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна. Дараагийн арван жил рүү АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн тэргүүн, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга бид АСЕМ-ын 20 жилийн ойг тохиолдуулан АСЕМ-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, ард түмнийхээ тогтвортой, гэрэл гэгээтэй ирээдүйг бий болгож, өнөөгийн хийгээд хойч үеийнхэндээ амар тайван амьдрал, хөгжил цэцэглэлтийг хангах үүднээс Ази, Европын хоорондын уялдаа холбоо, харилцан ашигтай түншлэл болон хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн төлөө хамтран зүтгэх улс төрийн хүсэл зориг дүүрэн, шийдвэр төгс байгаагаа дахин илэрхийлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АСЕМ11 Дээд түвшний уулзалтаас хоёр баримт бичиг гарлаа

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаан хаалттай болж өндөрлөлөө.

Дээд түвшний уулзалтаас “Улаанбаатарын Тунхаглал” болон “Даргын Мэдэгдэл” гэсэн хоёр бичиг баримт гарсан ба  Улаанбаатарын тунхаглал нь АСЕМ-ын албан бус яриа хэлэлцээний арга хэлбэрийг дэмжихийн сацуу тус уулзалтыг бодит үр дүнд хүрэх саналуудыг тусгасан байх бол “Даргын мэдэгдэл” нь АСЕМ-ын Ази-Европын Дээд түвшний уулзалтаар хэлэлцэгдэх нийтлэг ашиг сонирхол бүхий тулгарч буй асуудлуудыг тусгасан баримт бичиг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Киприйн ерөнхийлөгч Никос Анастасиадес төлөвлөсөн хугацаанаасаа өмнө нутаг буцахаар болжээ

Хоёр хоногийн өмнө Францын өмнө зүгийн Ницца хотод ачааны автомашинтай халдлагын улмаас 84 хүн амиа алдаж олон зуун хүн гэмтсэн. Энэ хэрэг явдлын дараа АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Ази, Европын удирдагчид Францын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, терроризмтэй тэмцэхээ илэрхийлсэн билээ.

Франц улсаас АСЕМ-д оролцож байгаа гадаад хэргийн сайд Жан Марк Айроу уг хэрэг явдалтай холбоотойгоор айлчлалаа эрт дуусган Парис руу өчигдөр буцсан юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө Турк улсад цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсан нь мөн АСЕМ-ын зочдыг тайван суулгахгүй бололтой.

Киприйн засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Киприйн ерөнхийлөгч Никос Анастасиадес уг хэрэг явдалтай холбогдуулан төлөвлөсөн хугацаанаасаа өмнө нутаг буцахаар болжээ.

Турктэй ойр хөрш байдгийн хувьд, мөн тус арлын хойд хэсэгт Туркийн 30,000 цэрэг байрладаг тул Киприйн эрх баригчид Туркэд болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж, хөрш Грек улстай байнгын холбоотой ажиллаж байгаа гэнэ. Кипр арлын хойд хэсэг Туркийн дэмжлэгтэй салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан ч олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрдөггүй юм.

Киприйн ерөнхийлөгч өөрийн үндэсний армийг байлдааны бэлэн байдалд оруулах даалгаврыг Монголоос өгсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Э.Оргил: Зөвхөн англи хэлтэй амьдрахгүй юм байна гэдгийг сайн ойлгож авсан

АСЕМ 11-ын хурлын хүрээнд 1200 сайн дурын оюутан залуус ажиллаж байгаа залуус маань үнэхээр эрч хүчтэй, чин сэтгэлээсээ ажиллаж байгааг АСЕМ-ын ажлын хэсэг, болон оролцогч, удирдлагуудын зүгээс ам сайтай байгаа билээ. Шат шатны сургалтуудад хамрагдаж бэлтгэгдсэн сайн дураар ажиллаж байгаа эдгээр залуучуудыг хараад Монголын маань ирээдүй гэрэлтэй харагдаж байгаад баяртай байна.

АСЕМ-ын сайн дурын ажилтнуудын ёсдүгээр тавьтын хоёр дугаар аравтын ахлагч Э.Оргилтой уулзаж ярилцлаа.

Сайн байна уу, та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу.

Сайн байна уу, Намайг Оргил гэдэг, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн, Гадаад харилцааны ангийн дөрөвдүгээр курсийн оюутан.

Яагаад АСЕМ11-д сайн дурын ажилтнаар ажиллах болсон бэ? Өмнө нь сайн дурын ажил хийж байсан уу?

Өмнө нь сайн дурын ажилд оролцож байгаагүй. Манай сургууль дээр АСЕМ-д сайн дураар ажиллах залуучуудыг бүртгэж байна гэдгийг сонсоод шууд бүртгүүлсэн. АМанай оронд анх удаа ийм том хэмжээний олон улсын хурал болж байгааг нь олзуурхаад мөн олон улсын хурлууд хэрхэн явагддагийг өөрийн нүдээр харах энэ нь магадгүй миний мэргэжилтэй холбоотой учраас өөртөө туршлага хуримтлуулах үүднээс сайн дурын ажилд бүтгүүлсэн.

Сайн дурын ажилтнаар ажиллахад зохион байгуулагчдаас шат шатны сургалтуудыг зохион байгуулсан, ямар ач холбогдолтой сургалтууд байв?

Сургалтууд юун түрүүнд биднийг багаар хэрхэн ажиллах вэ, хүмүүстэй яаж харилцах, бид нар зөвхөн Монголчуудтайгаа ажиллахгүй, гадныхантай ажиллах учраас тэр талын сургалтуудыг маш энгийн аргаар түлхүү явуулсан, мөн сайн дурынхан дотроо ажил үүргийн олон хуваарьтай учраас нэмэлт тус тусын сургалтуудыг бас бидэнд явуулсан. Миний хувьд хэвлэл мэдээллийн хэлтэст харъяалагдаж ажиллаж байна.

Хэзээнээс эхэлж энэ сургалтууд явагдаж эхэлсэн бэ?

Дөрвөн сараас эхэлж сургалтууд явагдаад одоо нийтдээ гурван сар ажиллаж байна уу даа.

Сайн дураар ажиллахад ямар ямар шаардлагууд тавьж байсан бэ?

Ганцхан гадаад хэлний л шаардлага байсан.

13706115_1297952933556175_1729240472_n

Энэхүү хуралд сайн дураар ажиллахад өөрт чинь гарч буй дэвшил, ач холбогдол нь юу байна?

Сайн дураар ажиллахаас өмнө, энэ хүмүүстэй танилцахаас өмнө өөрийгөө ер нь болж байнаа, би сайн байна гэж боддог байсан, тэгтэл энэ хамт олон дунд ороод ирсэн чинь надаас илүү мундаг хүмүүс маш олон байгааг харсан, би зөвхөн англи хэлтэй байхад энд англиас гадна Испани, Япон, Орос, Франц хэлтэй гэх мэт гурваас дөрвөн хэл мэддэг хүмүүс байх жишээний, ажил гараад ч гэсэн гурав дөрвөн хэлтэй хүн л илүү үнэлэгдэнэ үү гэхээс зөвхөн англи хэлтэй амьдрахгүй юм байнаа гэдгийг сайн ойлгож авсан.

Сайн дураар ажиллахад цаанаас хангамж байгаа юу?

Цаанаасаа хоолоор хангаж байгаа, унаа тэрэгний асуудлаа өөрсдөө зохицуулж байгаа.

Сайн дураар ажиллахад бэрхшээлтэй зүйл гарч байна уу? Маш олон өөр өөр зан араншинтай хүмүүс баг болж ажиллаж байгаа шүү дээ.

Би бас тиймэрхүү үл ойлголцол гарах байхдаа гэж бодож байсан чинь тийм юм ерөөсөө гараагүй. Манай залуучууд их гоё болж байгаа юм байна гэдгийг харж байгаа, нэг хоёр өдөр хамт байгаад л дараа таарах найзууд шиг сайн уу гээд л юм ярих жишээний.

Үеийнхээ залуучуудад хандаж хэлэх зүйл байна уу?

Залуучуудад хандаж хэлэх гэхээсээ миний энд ажилласнаар ойлгож авч байгаа зүйл гэвэл, би болоогүй байгаа юм байна, боловсроогүй байгаа юм байна гээд өөрийгөө жоохон ч гэсэн захаас нь авахуулаад таньж эхэлж байна л даа. Энд ажиллаад дууссаны дараа надаа юу хэрэгтэй байна гэдгийг илүү сайн ойлгож авч байна. Манай сургуульд англи хэлнээс гадна нэг хэлийг нэмэлтээр үздэг, өмнө нь энэ нь нээх ач холбогдолтой санагддаггүй, ёр нь сонирхолгүй байдаг байсан бол би хүчээр ч хамаагүй суралцах ёстой гэдгээ маш сайн ойлгож авч байна.

Цаашдын хичээл, сурлагат нь амжилт хүсье ! Мундаг дипломатич болоорой!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа