“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын даргаар У.Бямбасүрэн удирдахаар боллоо

2016 оны 11-р сарын 03 өдөр, 15 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Эрдэнэтийн 49 хувь Худалдаа хөгжлийн банкинд очиж, төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй болсон гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байсан. Өөрөөр хэлбэл, 51 хувь ажилдаа орохгүй байна, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд тархаад байсан.

Тэгвэл энэ асуудал шийдэгдэж, энэ оны зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 100 хувь Монголын мэдэлд шилжсэн Эрдэнэт үйлдвэрийн Шинэ ТУЗ нь нийтдээ долоон гишүүнээс бүрдэх бөгөөд тэдний дөрөв нь үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа Засгийн газрын төлөөлөл, гурав нь 49 хувийг оросуудаас худалдаж авсан “Монгол зэс” / Mongolian Copper Corporation/ компанийн төлөөлөл байх шийдвэр гарсан байна.

Тодруулбал,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д Төрийг төлөөлөх гишүүдээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У. Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Г. Нандинжаргал, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд, Төрийн бодлого зохицуулалтын газрын орон тооны бус зөвлөх Д. Дэмбэрэл нарыг томилжээ. Харин цөөнхийн хувьцаа эзэмшигч буюу “Монгол зэс” /Mongolian Copper Corporation/ талаас ТУЗ-д төлөөлөх гишүүдээр Да.Ганболд, О.Орхон, М. Мөнхбаатар нарыг тус тус дөрвөн жилийн хугацаатайгаар томилжээ. Харин ТУЗ-ийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн удирдахаар болсон байна.

Ингэснээр, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ бүрдлээ. Одоо ТУЗ нь хуралдаж ерөнхий захирлаа томилох бөгөөд нийт ТУЗ-ын гишүүдийн дийлэнх олонхи буюу 66 хувийн саналаар томилох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх