Сайхан түүхийн улбаатай саруул нутгийг Ордосын их хээр гэнэм. Саган Сэцэнээс эхлэн “нохой” Бадрахын тухайд ч энэ цагийн монголчуудад дуулгаж байна эл нутаг. Зөвхөн тэдний талаар дурьдах биш орчин үеийн хөгжлөө харуулах гэж олон хүнийг урин дуудаж байна тийшээ.
Бас Гандирын талдаа зочлуулах гэж, Онгон цогцолбортоо ойртуулах гэж хичээнэм.Тэрхүү хичээл зүтгэлийг нь дэмжсэн аялалд хамран Эртний Их зуу аймгийн эдүгээгийн дүр болох Ордос хотод хүрэв. Монгол-Хятад хоёр орны сэтгүүлчдийн “Нэг бүс, нэг зам” хамтын сурвалжлагын аян замын өлзий хишгийн нэг нь энэ байв.Баяннуураас эртлэн довтлогсоор одоогийн өвөрлөгч зоны нэгэн бахдал болсон их том суурин- байран газарт баяр хөөртэй бууцгаасандаа бид. Хятад гүрний хувьд шинэ суурьшлын нэг бүс нутгаа болгон төвхнүүлэхээр зорьсон энэ газар орон хөгжлийнхөө замд хөтлөгджээ. ӨМОЗО-ны тухайд үзэмж таатай энэ томоохон хотоо өргөжүүлж, шинэлэг иргэншлийн үлгэрлэлийг харуулах гэж чармайж буй бололтой. Томоохон гэхээс аргагүй аймгийн дайтай хот гэгдэнэ. Зэрэглэлээрээ тийм юм билээ.
Бидний буусан их буурчийн газраас эхлээд л Ордос үнэндээ Өвөр Монголдоо өвөрмөц байсан. Тус хотын Агаарын тээврийн боомтод сурвалжлага хийсэн тул Нисэх буудалтай нь танилцсан юм. Хэрэв тэр буудлыг дээрээс нь онгоцноос харах аваас бүргэд шувуу нисч байгаа юм шиг дүр төрх үзэгдэх гэсэн. Харин бид автобусаар тэр зүгт хүрэн дотор нь орсон. Барилгыг дотроос нь ажихад монгол гэрийг нэлээд дуурайлган дээвэр юуг нь зураглан чимсэн байх юм билээ. Мөн дээд талаа тооно маягтай хийж, байгалийн гэрэл орохуйц шийдэж өгсөн нь таатай. За тэгээд чимэг зурагтаа монголын түүхийн өгүүлэмжийг олонтоо оруулсан байв.Тэр нисэх буудлаар үйлчлүүлэгчид олон. Цаашид улам олон зорчигч-зочныг угтан авч, үдэн мордуулахаар өчүүхэнч завгүй ажиллах нь энэ нисэх буудлынхны үндсэн өнгө бололтойдог. Ариун цэврийн өрөөнүүдийнх нь шал юуг амны самбай хаалт зүүсэн хижээл эрс уйгагүй арчиж цэвэрлээд л… 2013 онд ашиглалтад орсон шинэ цогцолбор барилга бүхий тус нисэх буудлынхны ажил үүргийг Албан гэрийн дарга Гү Минь нь яв цав зохицуулж, чиглүүлдэг гэнэм. Ерөөс өмнөд хөршид удирдах, удирдуулах зарчим хатуу мөрдөгддөг болохыг нь олон зүйлээс харж болно.
Энэхүү шинэ цагийн уур амьсгалыг илтгэхдээ хуучин түүхийн ул мөрийг бас ойролцоо дагуул суурин газартаа авч үлдсэн хотыг Кан Ба Ши гэж хятадууд нэрлэдэг гэх. Өвөрлөгчид маань болохоор Хиа багшийн дүүрэг гэлцэнэ. Дан авиа-үсэг гэхээсээ үеэр дуудах нь их хятад хэлнийхээ онцлогоос болоод цаадуул нь Ка Ба Ши гэж галигласан аж. Хэн юу гэж дуудлаа ч шинэ Ордос хотоо л өвөрлөгч нөхөд маань бусдад танилцуулахдаа тэр тусмаа бидэнд тайлбарлахдаа Хиа багшийнхаа талаар ярих нь элбэг юм шигээ.
Ордосын шувууны үүр мэт өвөрмөц барилга, дэлгэмэл ном шиг байшинтай номын сан… орчин цагийн уран барилгад шинэчлэл хийсэн содон загвар бүхий барилгажилтыг очсон хүн бүр үзээд таашаан буй. Тэдэн лүгээ адилаар Монголоос маань зорьсон хүн бүр таашаан сүсэлдэг нэгэн газар нь Чингисийн онгон гэж нэрлэсэн цогцолбор юм. Эл цогцолбор нь Тахилгын хэсэг, Хааны дурсгалын музей гэсэн хоёр бүрэлдэхүүнийг агуулсан хийгээд томоохон эзэмшил талбай бүхий хотхон юм билээ. Хэдэн зуун жилээр зул хүж таслалгүйгээр онгоныг үе улиран сахиж ирсэн гэдгээрээ үнэнхүү бахархан суугаа хэдэн дархад тэндээ бүрэн эрхтэй. Тиймээс Тахилгын өргөө сүмдээ бараалхсан хэнийг ч гэрэл зураг дарах, дүрс бичлэг хийхийг тас хориглоно.
Биднийг залж чиглүүлж явсан ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Д.Баянжаргал, мөн газрын Гадаад суртал ухуулгын газрын ажилтан Ван Мин, Боомтын газрын ажилтан Аянга нар урьдчилан тэр талаар цөмд нь сануулан тайлбарлаж өгсөн тул мөнөөх дархдуудын тахилыг нь буруу өргөх сурвалжлагч гарсангүй. Тухайн Онгон-цогцолборын хөтөч тайлбарлагч эмэгтэйн хувьд өгүүлэн таниулах урлагийг чамгүй сайн эзэмшсэн, Их хааны маань түүхтэй ихэд холбоотой ариун дагшин газар орон хэмээн хэнд ч ойлгуулах увдистай бололтой. Өөрөө ч ихэд сүсэг бишрэлтэй юм шиг сэтгэгдэл төрүүлэх авч дуун цацруулагчийнхаа өсгөгч -нэвчин түгээгчээ хондлой өгзөг орчимдоо байршуулсан нь нэг л тийм. Угтаа тэр эмэгтэйн амнаас биш хонго хавиас л Их хааны онгоны болон тахилга шүтээний талаар үгс хөврөөд байх шиг нь хэн нэгний сүсгийг үргээж алдуулмаар ажээ.
Үүнээс гадна эл нийтлэлийг тэрлэгчийн хувьд Чингисийн онгонд хамааруулан таниулан ухуулж буй яриа тайлбараас нь сонсоод эргэлзэх юм олон байна билээ.Гэхдээ түүнд хэн эргэлзэх нь хамаа алга гагцхүү олны анхаарлыг тийш татан жуулчин гийчдийг урин дуудаж, ялангуяа монгол туургатны бишрэл хүндэтгэлийг төрүүлэхийг хичээн тэр далимдаа валют, мөнгө сааж чадаж байгаа нь өмнөд их хөршийн бага биш бодлого, баширч бай арга ухаан юм даа.
Хүндэт түүхтэй Хөх Монголын маань нэгээхэн хэсэг Өвөр Монголын нийслэл Хөх хотоос баруун тийш алдарт Шар мөрний хөндийн хойд захын элсэрхэг цөлдүү газрыг хөгжлөөр хөтөлж буй Ордосын талаар олныг хэлж болох ч шинэ хотынх нь шимтэй сайхан бүхнийг очиж үзэхийг уншигч нөхөртөө дуулгая даа. Тэрхүү хотын Засгийн ордон болон удирдах дээд байгууллагуудынх нь байр байшингаас өмнө чигт нэгэн сайхан өргөн чөлөө буй. Уг өргөн чөлөөнд урамтай сайхан учрал тохиол уу гэмээр үйлс өдөрч, шөнө ч өрнөх төлөвтэй байв. Өглөөд нь ахмадууд дасгал хийдэг талбайд үдэш нь залуус нийтийн бүжиг хийж байх жишээтэй. Үдэш шөнөдөө Ордос хотоор алхахуй ёстой урьдын “Улаанбаатарын үдэш намуухан , намуухаан “ гэдэг шигээ. Агаар нь аятайхан. Одоохондоо хүн ам нь харьцангуй сийрэг ч алсдаа Хятадын нутгийн гүнээс шилжин ирж, суурьшин тухлах ирээдүйн эзэд нь хэн бэ гэдгийг хүлээсэн орон сууцны орчин үеийн хороолол энд цөөнгүй гэдэг.
Ноён Майкл Кристофер Брауны дэлгэсэн гэрэл зургуудаас дэлхий энэ шинэ залуу хотыг хэдийнэ таньж эхэлсэн дээ.
Монгол, хятад, манж, хотон, төвд гээд үндэстэн ястан Ордост аж төрдөг гэх. Цаашид цагийн эрхээр өөр ч олон ястан үндэстэн амьдран суухад улам л тааламжтай байхаар хэтийн төлвийг нь хэтээсээ тооцоотой урд хөршийнхөн товлосоор буй гэсэн. Өнөөхөндөө Өвөр Монголын нэгэн нэрийн хуудас болж буй Ордос нь он жилүүдийн хойно буюу ирээдүйдээ Их Хятад гүрний өвөрмөц нэгэн нэрийн хуудас болох ч байж мэднэ.
Монголчуудынхаа ой тойнд хүргэхэд “Хаадын үндэсний Эрдэнийн товч”-ийг туурвисан Ордос нутгийн түүхэн их хүмүүн Саган Сэцэний “Шалгарсан ухаантныг хичнээн даравч
Шулуун эрдэм нь нэгэнт тодорно
Шатаамал зулыг урвуу хандуулан баривч
Шатах гол нь дээшээ дүрэлзэнэ.
Эрдэм ухаантай хүнийг үл хэрэгсэх нь мунхаг явдал” гэснийг санагалзан нэг тунгаавал айл хөршийн хөгжил нүдэн дээр чинь хөврөн дэгжиж байна. Аль ч талаас нь харсан манай түүхийн ололт бүхнээс олборлон хүний улс хөгжилдөө эрч нэмж байна гэдгийг басхүү бодолтой доо.
Б.Цогзаяабаатар