А.Санжмятав: “Алма матер” шагналыг авснаар карьерт хүрнэ гэхээсээ илүү өөрийгөө нээсэн

2016 оны 11-р сарын 24 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Зураг.“Соёмбо” академийн ерөнхий захирал А.Санжмятав

Монголын Залуучуудын Холбоо 1996 оноос эхлэн их дээд сургууль, коллежид суралцагч залуусын дунд оны шилдэг оюутнуудыг шалгаруулах “Алма матер” ёслолын ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд завсарлаад байсан “Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааг ахин сэргээж, 16 дахь жилдээ зохион байгуулахаар болоод байна. Тус шагналыг 2004 онд хүртэж байсан шилдэг оюутны нэг болох “Соёмбо” академийн ерөнхий захирал А.Санжмятавтай цөөн хором ярилцаж, тухайн үеийн дурсамжаас нь хуваалцлаа.

 Оны шилдэг оюутан шалгаруулах “Алма матер” ёслол 4 жил завсарласны эцэст  ирэх 12 сард болох гэж байна. Та бол 2004 оны “ Алма матер” шагналын эзэн. Энэ шагнал танд ямар өөрчлөлт авчирч байв?

Оюутан болно гэдэг бол хамгийн аз жаргалтай мөч байдаг. Яагаад гэвэл амьдралынхаа ирээдүйн зөв замыг тодорхойлж, сурсан мэдсэн зүйлээрээ ирээдүйгээ бүтээдэг учраас их сайхан үйл явдал. Миний хувьд олон нийтийн ажилд байнга оролцдог, их идэвхитэй оюутан байлаа. Гол нь сурч байх хугацаандаа хичээл номоо давтахаас гадна нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэг бол бусад оюутнуудаасаа илүү их зүйлийг сурч, тэр сурсан мэдсэнээ ажил амьдрал дээр цаг хугацаа алдахгүйгээр мэргэшээд явах боломжийг болгодог.

Энэ шагнал миний хамгийн үнэ цэнэтэй шагналуудын нэг байлаа. Оны шилдэг оюутан болно гэдэг нэг талдаа маш том хариуцлага үүрүүлсэн. Би өөрөө шилдэг оюутан болсон учраас энэ нэр хүндийг дааж явах ёстой, үүнээс илүү нөөц бололцоо надад бий гэдэг зүйл тухайн үед мэдрэгддэг юм билээ. Тиймээс би боловсрол судлалаар докторын зэрэг хамгаалах гэж байна. Мөн “Соёмбо” академи гээд үндэсний хэмжээний мэргэшүүлэх сургалтыг байгуулаад олон залуучуудыг мэргэжилтэй, олон багш нарыг баг хамт олон болгоод байна. Хүн өөрөө хичээгээд, өөрийгөө дайчлахын бол ямарч амжилтад хүрч болдог гэдгийг харуулж байсандаа бахархалтай байдаг.

Таны олон нийтийн ажилд оролцох идэвх сайн байсан нь “Алма Матер” шагналын эзэн болоход нөлөөлсөн үү?

Нөлөөлөлгүй яахав. Ер нь олон нийтийн ажилд оролцож байсан тэр идэвх зүтгэл маань ирээдүйн карьер, амжилтыг бүтээхэд нөлөөлсөн.  Би  дээд сургуулиа төгсөөд 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд харж байхад оюутнууд маань дөнгөж сургуулиа төгсөөд л ажил дээрээ дадлагажих гэж байхад олон нийтийн ажилд оролцож байсан оюутнууд илүү албан бичих боловсруулах, харилцааны хувьд ч өөр хандлагатай байдаг. Энэ бол сурч байх хугацаандаа олон нийтийн ажлаар явж байсны минь нэг давуу тал.

Тухайн үед тантай хамт хэн хэн шилдэг оюутнаар тодорч байсан бэ? Шагнал эзнээ олно гэдэг их чухал юм шигээ…?

Тэгэлгүй яахав. Шагнал нүдээ олно гэдэг маш чухал.  Тухайн үед надтай хамт шагнал авч байсан оюутнууд дотор НЗДТГ-ын орлогч Батбаясгалан зэрэг манлайлагч оюутан залуучууд олон байлаа. Тухайн үеийн оюутнууд маань идэвхтэй ч байж. Мөн энд шалгарснаар карьерт хүрнэ гэхээсээ илүү хүнлэг чанараа, өөрийгөө илүү олж хардаг байж. Одоо цагт нэг талдаа шагнал утгаа алдаад хүн болгон шагнал авдаг болсон байна. Хүн болгонд өгдөг юм чинь гээд шагналын үнэ цэнэ утга учрыг ухамсарлаж чаддаггүй болсон байна. Тийм учраас энэ “Алма матер” гэдэг шагнал тухайн цаг үедээ залуучуудад итгэл, үнэмшил үнэ цэнэ гэдэг зүйлийг мэдрүүлдэг байсан. Шалгарсан залуучууд түүнийг нь дааж ирээдүйд ихийг бүтээж чадсан гэдэгт итгэлтэй байдаг.

Таны хувьд энэ шагналыг хүртэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл юу байсан гэж хардаг вэ? Ер нь тухайн үед ямар шалгаруулалтаар шилдгийг тодруулж байв? 

Нийгмийн идэвх, хичээлдээ сайн байх шаардлагатай дээр нь олон нийтийн ажилд манлайлагч байх хэрэгтэй байсан байх. Тухайн үед би Залуучуудын Холбооны салбар зөвлөлийг сургууль дээрээ байгуулж байлаа.  Баянзүрх дүүрэгт манай сургууль байрладаг байсан болохоор “Хоггүй хот” аяныг санаачлан өрнүүлж байлаа. Мөн амьдралын боломжгүй оюутан залуучуудыг сургах, ажил мэргэжилтэй болгож зуучлах гэх мэт  ажлууд маань оюутан залууст бодит хувь нэмрээ өгсөн нөлөөлсөн болов уу. Нөгөө талаасаа дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгчлэн манай баг хамт олон хийж буй ажилдаа тулж ажилладгийн  зүтгэл гэж харж байна. Би, би л гэж бодоод яваад байвал нэг хүн хөгжөөд, нэг л хүн амжилтанд хүрээд бусад нь орхигддог. Тухайн үед бид хамт олноороо явж байсан нь илүү үнэ цэнэтэй байсан.

Энэ шагнал нь малчны хүүхдээс эхлээд ямар ч хүн шалгарч болдог шударга наадам гэж яригддаг юм билээ?

Тийм шүү. Би өөрөө Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх. Ямар ирээдүй хүлээж байгаагаа ч мэдэхгүй. Сайн сайхан явж аав ээжийнхээ ачийг хариулах ёстой л гэсэн бодол тээн хөдөөнөөс орж ирж байлаа. Ер нь хүн хүсэл мөрөөдлөө дагаад л хөдөлмөрлөх хэрэгтэй. Оюутан байхдаа ээж ааваасаа мөнгө авахгүйгээр болгоод яваад байдаг байсан. Хоолгүй хонох ч өдөр байна. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр  хүн болно бүтнэ гээд яваад байвал бүх зүйл болоод л бүтээд л байдаг. Харин би аав ээж надад өгөх ёстой гээд л аваад байвал аваад л байна. Хүн гэдэг өөрөө сайн сайхан руу тэмүүлдэг учраас сайн сайханд хүрнэ гэдэг итгэлээр, хөдөлмөрлөхөд л жимээ дагаад явчихдаг. Тэр ч утгаараа “Алма Матер” шагнал бол хамгийн их хөдөлмөрлөсөн, хамгийн их амжилт гаргасан хүмүүс хүртдэг шударга шагнал гэж хардаг.

Өнөөдрийн нийгэмд үнэхээр манлайлагч, өмнө тавьсан зорилготой хийж бүтээе гэсэн бодолтой оюутнууд олон байна. Эдгээр залуусаа гаргаж ирэх, алдаршуулах зорилгоор “ Алма Матер” дахин сэргэж байна.  Энэ талаар таны бодол?

Одооны оюутнуудын сэтгэлгээ маш өндөр болсон байна. Сэтгэлгээгээ дагаад олон шинэ санаа гаргадаг болсон. Гол нь өөрийгөө зөв олоод, зөв замаар зүтгэх юм бол оюутан болгон л шилдэг болж чадна. Тийм учир би одооны оюутнуудаар бахархаж байна. Яагаад гэхээр өөрийнхөө зорилгыг зөв тодорхойлж ирээдүйд хүрэх арга замаа өөрсдөө харж чаддаг болж. Энэ нь маш том давуу тал. Гэхдээ хурдан аргаар хүрэхийг хүсээд байгаа нь сул тал нь болоод байна. Илүү их сурч хөдөлмөрлөж бусдын зовлонг ойлгодог болсноор манлайлагч болж төлөвшдөг. Тийм учир зөв хандлагыг бий болгож, амьдрал дунд орж суралцаж чадвал илүү амжилтад хүрнэ. Мэдээж бүх зүйл цаг хугацаатай. Чиний үе ирэхэд л чи бэлэн байх хэрэгтэй. Оюутан байх хугацаандаа л манлайлах чадвар, сурлагын амжилт, нийгмийн идэвхи гээд олон талын чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна  хүнлэг чанараа олж чадвал энэ бүхэн нийлээд цогц манлайлагч болж чадах юм.  Үнэхээр чадвартай байгаад түүнийгээ бусдад хүргэж чадахгүй байна гэдэг нь манлайлагчийн чадвар биш. Төгс хүн гэж байхгүй ч аль болох хүнлэг зүйлс хийж үр дүнг нь үзэж чадсан байх нь чухал.

Харж байхад арав гаруй жилийн өмнөх оюутан, одоо үеийн оюутан хоёрын хооронд хэр их ялгаа харагдаж байна вэ?

Миний үед мэдээлэл олж авах гэж их цаг хугацаа алддаг байсан. Харин одоо бол маш хурдан нөхцөл байдалтай танилцаад илүү хурдан хийж, илүү хурдан амжилтад хүрэх боломжтой юм шиг. Тухайн үед утас ч барьдаггүй байсан учир мэдээлэл хомс, ямарваа нэг ажиллагаанд орж чаддаггүй байлаа. Нийгмийн харилцаанд оролцоод байгаа боловч мэдээлэл олж авч чаддаггүй байсан. Одоо бол мэдээллийг хурдан авч байна. Иймдээ ч одооны оюутнууд цаг хугацаа алдахгүйгээр зөв алхам хийх боломж нь байна. Тухайн үед багш л бүгдийг заана гэж боддог байсан. Одоо өөрөө бүгдийг бүтээнэ гэдгээ мэддэг, бие дааж чаддаг болсон байна.  Цаг хугацаа техник технологи  маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгааг дагаад хурдан хувьсах чадвартай болсон нь маш том давуу тал  гэж харж байна.

“ Алма матер” ёслол маань арван хоёр төрлөөр шалгаруулна гэж байгаа. Таныг шагнал авч байх үед яаж шалгаруулдаг байсан бэ?

Эрүүл мэнд, нийгмийн ухаан,  спорт, урлаг гэх мэт цөөн хэдэн салбар байсан. Сургуулиудаас материалаа аваад,   бүх материалтай танилцаж,   шалгуурт тэнцэж байна уу үгүй юу гэдэг анхны шалгуурыг Залуучуудын холбоон дээр хийдэг байсан. Хоёр дугаар шат нь тухайн үеийн “Залуу удирдагч сан”-ийн зөвлөлийн гишүүдийн хурлаар  оруулж хэлэлцэж шийддэг байсан. Тухайн үед 8 оюутан хурлаар нь ороод, 4 оюутныг шилдэг оюутан гэж шалгаруулж байсан. Шалгаруулалт хийж байхдаа эрүүл мэнд, спорт гэх мэт чиглэлийг түлхүү харж байсан.

Та энэхүү үнэ цэнэтэй шагналыг авч байсан хүний хувьд оюутан залуучууддаа хандаж юу хэлмээр байна?

Шилдэг оюутан болсон хүн шилдэг л байхыг хүсдэг. Цаашлаад шилдэг боловсон хүчин байхыг зорьсон учраас би одоо ч сайн явж шагналынхаа үнэ цэнийг хадгалж яваа гэж боддог. Шагнал авахаас гадна тэр үнэ цэнийг дааж явна гэдэг нь маш чухал. Тэр утгаараа энэ шагнал их үнэ цэнэтэй санагдаж байсан.

Би “Өөрчлөлтийг хүсэх юм бол тэр өөрчлөлт нь та өөрөө бай!” гэж хэлэх дуртай. Хүн олон зүйлийг өөрчлөхийг хүсээд хүлээгээд байдаг ч бүх зүйлийг өөрөөсөө л эхлэх ёстой. Өөрийнхөө төлөө цуцашгүй явж чадвал амжилт таныг хүлээж байгаа. Эцэст нь хэлэхэд амьдралын хором бүрийг ашиглаж чадвал боломж үргэлж байдаг. Өдөр бүр үр дүнтэйгээр боломжоо ашиглаад байх юм бол амжилт өөрөө ирнэ гэж хэлмээр байна.

За баярлалаа.

Ярилцсан: Ч.Гантуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх