Гадны банкуудын салбар Монголыг сонирхож эхэллээ

2016 оны 12-р сарын 24 өдөр, 15 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Засгийн газрын энэ  сарын  21-ний өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

Төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагааных нь чиглэл, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгажээ. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх, зах зээл дээр өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглохоор төсөлд тусгажээ.

Тэгэхээр гадны банкны салбарыг Монголд нээх эсэх асуудал нэгэнт жигдэрсэн, холбогдох эрх зүйн орчноо шинэчлэх, өөрчлөх ажилд шуурхай орж эхлэв бололтой. Харин олон нийтийн айдас хүйдсийн тухайд хамгаалалт талаа одоогийн УИХ, Засгийн газар, Монголбанк сайтар хийхээ бүрэн хариуцаж байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Энэ шийдвэр дөрвөн жилийн настай юу, түүнээс урт хугацаанд үргэлжлэх үү, аюул, айдасын алиныг нь авчрахыг цаг хугацаа харуулах биз.

Ямартай ч олон нийт монопольчлоод байгаа өндөр хүүтэй арав гаруй банкныхаа дарамтаас салах, ачаагаа хөнгөвчлөхийн тулд “чөтгөртэй” ч эвлэрэхэд бэлэн байгаа дүр зураг ажиглагдаж байна. Хадгаламж төвлөрүүлэхгүй, томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гэдэг анхны чиг хандлагаараа явж чадвал арилжааны банкууд оршин тогтнохын тулд иргэддээ ойр, дарамт багатай хүү оноож ажиллаж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байна. Гэвч энэ бүхэн эцэслэн шийдэгдээгүй, Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь олон улсын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдад эерэг дохиог өгч эхлээд байгааг дурьдах нь зүйтэй болов уу.

У. Оргилмаа

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх