УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 2014 онд байгуулагдсан Шийдлийн Засгийн газрын танхимд Аж үйлдвэрийн сайдаар ажиллах мандатыг намын гишүүдээсээ авч байсан үе. Тэгэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинээр байгуулсан яамыг чухам яагаад Д.Эрдэнэбатад өгсөн талаар намын гишүүдээс гадна, сөрөг хүчний гишүүд ч элдвээр хардаж, таамаг өрнүүлж байсан гэдэг. Би Д.Эрдэнэбатаас илүү авч явна гэх битүүхэн хар хор ч намын лидерүүд дунд явж байсан гэнэ лээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч тухайн үед дөнгөж байгуулагдсан яамаа олон удаа гүйцэтгэх засаглалд ажиллаад үзчихсэн сайдаар ажиллаж байсан нэгэнд хариуцуулж болох байсан. Гэхдээ Монгол Улсын хөгжлийн томоохон гарцыг нээх учиртай Аж үйлдвэрийн салбарын хөгжлийг түүнд даатгахыг илүүд үзсэн юм. Намаа ялалтад хүргэж байсан шигээ энэ яамыг ч хөл дээр нь босгож чадна хэмээн итгэснийх биз. Тэр ч итгэлийг нь алдаагүй юм. Д.Эрдэнэбат сайд концессийн гэрээгээр зам барих ажлыг хариуцаж авчихаад Ховд аймагт томилолтоор ажиллаж байх үеэр нь нэгэн сумын Засаг дарга хурдны замыг заавал сумаараа дайруулж явуулах гэж замын компанитай маргалдаж, улмаар өчнөөн сар ажлыг нь гацаачихсан тохиолдол таарчээ. Тэгэхэд Д.Эрдэнэбат сайд “Зам дагаж хөгжил ирдэг болохоос, зам та нарыг дагахгүй ээ” хэмээн замын компанийн зурсан зургаар явуулахаар асуудлыг газар дээр нь шийдэж, хэдэн сараар гацчихсан замын ажлыг тэр дор нь эхлүүлэн улмаар машинд нь бензин хийлгэн, замаа тавьж эхлэхийг нь харчихаад давхиж одсон тухай нэгэн танил маань ярьж билээ.
Д.Эрдэнэбат гэж хувь хүний мөн чанар өөрөө ийм юм. Тэр хэзээ ч асуудлыг хойш тавьж, дараа болъё, судлаж үзье гэх мэтээр хойшлуулдаггүй. Мэргэжлийн хүн зөв ярьж байгаа бол тэр зөв замаар л урагшлуулах ёстой гэдэг байр суурьнаасаа ухрахгүй. Ятгалаг, сүрдүүлэг, авлигад ч автахгүй. Хэрвээ буруу бол шууд л түүнийг нь хэлчихдэг. Чадна гэвэл чадна, чадахгүй ээ гэвэл чадахгүй л гэдгээ хэлчихнэ. Ямартай л Заамарын зөгийн аж ахуй эрхлэгчидтэй уулзаж байхад нь нутгийн үйлдвэрлэл эрхлэгч “Сайдаа та бусад дарга нар шиг судлаж үзье. Дараа ирэхдээ анхааръя гэж хэлж болдоггүй юм уу. Шууд боломжгүй гээд хэлчихээр ярих зүйл олдохгүй болчихлоо” хэмээн инээж байх билээ. Энэ нь ч амар юм билээ. Хэн нэг дарга даамал орж ирж сэнхрүүлэх гэж цаг алдахгүй. Тэдэнд ч дэмий найдлага төрүүлэхгүй. Түүний энэ чанар Аж үйлдвэрийн яамыг хөл дээр нь босгоход, олон мянган үйлдвэрлэл эрхлэгчдэд их түшиг болсон доо. Үйлдвэрлэл эрхлэгчээ гараас нь хөтлөөд хөрөнгө оруулаад өгөөч хэмээн гуйж явдаг сайд Д.Эрдэнэбатаас өөр хараагүй гэдгээ ч баялаг бүтээгчид хэлдэг юм билээ. Шийдлийн Засгийн газрын хийсэн, бүтээсэн цөөхөн сайн ажлын нэг яах аргагүй энэ яамыг байгуулсан явдал гэдэгтээ өдгөө хэн ч маргадаггүй. “Д.Эрдэнэбат байгаа газар ажил үйлс үргэлж гялалзаж, өөдөө явж байдгийг олон жилийн өмнөөс мэднэ” хэмээн нэгэн уншигч түүнийг үнэлсэн байх аж. Нээрээ ч энэ эрхмийн очсон газар бүрт ажил гялалзаж байдаг нь гайхмаар. Багануурын уурхайд засварчнаас эхэлж хэлтсийн дарга хүртэл явахдаа тэр уурхайн ажлыг улам л өнгөлж явсан. Намын ажилд оролцож Багануурын Засаг даргаар ажиллахдаа ч тэр тус дүүргийг танигдахын аргагүй өөрчилснийг өдгөө ч багануурчууд талархан дурсдаг юм билээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан дөрвөн жилд энэ намын ажил ёстой л гялалзаж, гэрэлтэж байлаа. Тэр дөрвөн жилд 21 аймаг, есөн дүүрэг, 360 гаруй сумаар “тэнэж” намын бодлого үйл ажиллагааг олон түмэнд хүргэх ажлыг хийсэн. Жирийн нэг инженер аймгийн Засаг даргаас намын генсек, бүлгийн дарга, салбар хариуцсан сайд болтлоо нэр дэвшихэд гайхах, нөгөө талаар атаархах хүмүүс олон байсан нь дамжиггүй. Гэвч тэр үзэл бодол, үнэт зүйлээсээ өнөөдрийг хүртэл ухарч, намын нэрээр, эсвэл фракцийн улс төр хийж шантаажилж байсан удаагүй юм. Тиймдээ ч нам нь ямагт түүнд итгэл үзүүлж иржээ. Нэр хүнд нь тартагтай тулчихсан, 20 жил гудамжинд “лааз өшиглөсөн” АН-ынхан 2012 онд үнэмлэхүй ялалт байгуулахад энэ хүний үүрэг оролцоо маш их байлаа.
Хөдөө, хотгүй бүтэн жил тэнэхдээ гаргасан бодлого, хэрэгжүүлэх ажлынхаа тайланг нэгбүрчлэн иргэдэд хүргэж, үүний үр дүнд 2012 онд АН ялалт байгуулж чадсан. Эрх барьсан дөрвөн жилдээ АН-ынхан Д.Эрдэнэбат ба түүний багийн явж, цуглуулж, зүтгэж гаргасан мөрийн хөтөлбөрөөр бодлогоо хэрэгжүүлж, дахиад ч дөрвөн жил уг бодлогыг хэрэгжүүлэхээр амалж байлаа. АН ба Д.Эрдэнэбат хоёр ахиад олон жил нөхөрлөх нь тодорхой. Энэ удаад тэр намынхаа бодлого шийдвэрийг зөв чиглүүлж, өмнөхөөс хавь илүү энэ намыг гялалзуулна. Тэгж чадахаа ч харуулчихсан. Намдаа хийсэн ажилтай, хэлэх үгтэй, тэр хэрээрээ хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч болж чадсан юм, тэр. Тийм ч учраас би түүнийг дэмждэг. АН-ын мянган мянган гишүүд түүнд итгэл үзүүлдэг, цаашдаа ч итгэсээр байх билээ. Харин Д.Эрдэнэбат хэзээ ч хүний итгэл алдаж явсан удаагүй.