Амингоо /Өгүүллэг/

2017 оны 09-р сарын 28 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amingoo

 Хүйтэн бороо шавхуурдсан жиндүүхэн өдөр. Ажил дээрээсээ гараад гэр рүүгээ алхах Ломбо норж, даарч байгаадаа эмзэглэсэнгүй. Тэнгэрт битүү үүл хуралдсантай адил түүний дотор харанхуйлна. Уйлагнан шиврэх бороо шиг сэтгэл, зүрхнээс нь гашуун нулимс түрж ирээд байлаа.

     Аврал эрэх мэт ам нь өмөлзөөд, хөдөлгөөн бүрийг дагуулан бүлтийтэл харж зогссон охиныхоо гар дээр цохиж, уйлуулчихаад гэрээсээ гарсан эцгийн сэтгэл өдөржин булингартан тогтворгүйтжээ. Аав нь өмөөрсөндөө булцгар жаахан гарт нь хүрсэн гэдгийг балчирхан охин яахин мэдэх билээ.

     “Урангоог газар хүргэхгүй шахам бөөцийлдөг биш билүү. Сүүлийн үед Амингоод арай ширүүлээд байна…” гэж бодохоос Ломбын нүд бүрэлзэн, алхаагаа түргэсгэв. Автобус унаанд суусангүй. Алхсаар яваад гэртээ ирлээ.

  Ирээд удаагүй байгаа бололтой, эхнэр нь гал тогооны өрөөнд харагдав.

      Том өрөөнд тоглож байсан дүүгээсээ түрүүлэн Амингоо аав руугаа нэг том харснаа гоморхсон янзтай доош тонгойлоо. Гутлаа тайлах гээд суутал Амингоо дэргэд нь ирээд, гараа сарвайв. Аавынхаа тэнийсэн алган дээр хоёр ширхэг үзэмтэй үрэл тавьжээ. Ломбо охиноо  үнсээд, эрхий хуруугаа гозойлгов. Угаалгын өрөө рүү орж нойтон хувцсаа солиод гарч ирлээ. Амдаад зогсч байсан Амингоог өхөөрдөн өргөхөд,  аавынхаа хүзүүгээр тэврэн авч, нүдээрээ инээв.

     Гал тогоонд хоол бэлтгэж байсан Бумаа “Адилхан хоёр охиныхоо нэгд нь илүү хандаад…” гэх төсөрхөн бодлоо лавшруулан, дотроо бухимдсан хэвээр. Ломбо гал тогооны өрөө рүү орж, Амингоо тоглохоор дүү дээрээ очлоо.

    Хүйтэн бороонд нэвт норж, бага зэрэг жихүүцсэн Ломбо халуун цай оочингоо:

-Ус багатай юм шиг мөртлөө хувцас нэвт норгож байна. “Шиврээ бороо хувцсанд халтай…” гэж үнэн юм даа хэмээн эхнэрээсээ үг өдлөө.

        Тоглоомоо булаацалдсан хоёр охиноосоо болж, өглөө ам мурийж, ажилдаа уван цуван гарсан хоёр орой ч дуу муутайхан байгаа нь энэ. Ломбын яриа өдөж байгааг үл анзаарсан царайлж, гурил хавтгайлан зогсох Бумаа хариу дуугарсангүй. Эхнэрийнхээ таагүй хэвээр байгааг анзаарсан Ломбо олон юм ярьсангүй. Аяга цай уусан болоод, хоёр охин дээрээ очив.

    Зурагтын суваг солин хэвтэх аавыгаа хоёр охин нь ноолон, шулганана.  Урангоо дуу дуулж, чанга, чанга ярина. Амингоо дохиж, хааяа үл ойлгогдох ч үг хэлэх шиг болно. Энэ бүгдийг ажиглаж хэвтсэн Ломбо босч суулаа. Тэгснээ Амингоог “Дуул” гэж дохингоо “Маамуу нааш ир” дууг өөрөө дуулж өглөө. Дүрлэгэр алаг нүдээ эргэлдүүлэн, нүүрээ минчийлгэн, их л хичээснээ “Маа-муу… маа- муу…” гэж бүдэг бадаг хэлэхэд аав нь баярлан толгой дохиж, алга ташин, охиноо урамшуулав. Хажууд нь зогсч байсан бага охин Урангоо нь:

-Би гоё дуулна аа…  гээд эгчийгээ арагш түлхсэнээ аавынхаа өмнө зогсч байгаад хэд хэдэн дуу хольж дууллаа.  Учир мэдэхгүй ч бага охин нь үг хэлэх гэж ядаж байгаа эгчдээ ийн дээрэнгүй хандаж буйд Ломбын сэтгэл хөндүүрлэн, хүйтэн хөлс нь чийхрах шиг болжээ. Гэлээ ч бага охиноо зандарч, “Эгчийгээ ингэж болохгүй” гээд хэлчихвэл юу дэгдэхийг сайн мэдэх тэрээр:

-Өө ёстой мундаг… хэмээн өхөөрдөн үнссэнээ Урангоог өвөр дээрээ суулгаад:

-Одоо эгч нь дуулна… гээд гартаа байсан зурагтын удирдлагыг микрофон болгон Амингоогийн урд барилаа… “Хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд ганц ч болов үг хэлээсэй” гэж хүсэх аавын мэрийлт энэ…

   Огт юм ярихгүй биш, ганц хоёр үг хэлдэг  охиноо хэлд орно гэж Ломбо итгэдэг… Энэ жил сургуульд орох нас нь боловч хэлний бэрхшээлээс үүдэн хойшлуулаад байгаа юм.

     Хоёр насны зөрөөтэй мөртлөө Урангоо бол шаазгай л гэсэн үг. Завсар чөлөөгүй шулганана. Зааж өгсөн үлгэр, оньсогыг хурдан тогтооно…

    Амингоо дүүгээ дууриаж, амны нь хөдөлгөөнөөс бүгдийг ойлгоно. Дууриах гэж оролдоно… Даанч хэлж чадахгүй… Харин хөдөлгөөний эвсэл сайтай. “Бүжиглэх магадгүй нугарах авьяастай” хэмээн аав нь Амингоогоо дотроо магтдаг, бахархдаг…

                              ***                              ***                              ***

          Хөөрхөн охин төрүүлж өгөөд бурханы орныг зорьсон ханийгаа орлох хүний тухай Ломбо бодож үзсэн удаа үгүй.

  Улаан нялзрай охиноо тэврээд хоцорсон тэрээр “Охиноо хүн болгох”-оос өөр бодол тээгээгүй…  Хэн нэгийг бараадаж, “Өсгөөд өгөөч” гэж гуйгаагүй…

          Ангир уургаа амлаагүй хоцорсон охиноо энгэртээ тэвэрч, элгэндээ наан, өдий хүргэсэн хүн бол Ломбо.

       “Эрүүл байхад болно…” хэмээн бодохоос биш, охиноо ярьж чадахгүйд санаа зовох нь бага.

         Охиноосоо илүү гарч чадахгүй ажил, гэр хоёрын хооронд шогшиж явсан Ломбод бусдаас илүү халамж, анхаарал тавьсан хүн бол Бумаа. Түүнийг охинтой нь хамт байнга бөөцийлөн, халамжилж, сэтгэл гаргах бүсгүйгээс тэгтлээ харц буруулаагүй.

       Ингэж дотноссоор нэг гэрт орсон хоёр өнөөдөр охидуудаа өмчлөн өмөөрч, ам мурийх нь олонтаа болжээ.

      “Хэл нэвтэрч чадахгүй, хүн, хүн рүү бүлтэлзэн, амыг харах нь дэндүү өрөвдөлтэй харагддаг Амингоодоо илүү санаа зовдог нь үнэн…” хэмээн Ломбо өөрийгөө буруутгана. Гэвч Бумаа өдрөөс өдөрт Амингоод ширүүлэх нь илт нэмэгдсээр байгааг Ломбо мэдрэх тусмаа шаналах нь ихэсчээ.

     Үг хэлэхгүй ч гэсэн андашгүй. Амингоогийн дүрлэгэр алаг нүд нулимсаар дүүрээд, аавыгаа бараадан, салахгүй дагах нь нэгийг хэлнэ… Охиныхоо энэ төрхийг хараад Ломбын өр зүрх  өмрөх шиг болно.

    Хэлж, ярьж чадахгүй, сонсгол муу хэдий ч Амингоо таван настай байхдаа 35 үсгээ нүдлэн, цээжлээд, бичиж сурчээ. Амингоотой дохионоос илүү бичгээр харилцах нь амар болов. Сургуульд ороогүй, цэцэрлэгт явдаггүй Амингоод аяга, таваг угаахаас эхлээд гэрийн ажил мундахгүй.

   Тэдний гал тогооны өрөөний хаалганд ягаан хавтастай дэвтэр өлгөөтэй байх. Энэ бол Амингоотой харилцах дэвтэр. Өглөө гарахаасаа өмнө Бумаа “Угаах, арчих, цэвэрлэх…” гээд баахан үүрэг даалгавар бичнэ. Ломбо охиноо магтаж өхөөрдөн, заавал нэг шинэ дуу, шүлэг бичиж үлдээнэ. Амингоог гэх тэдний сэтгэлийн ялгаа ийм.

     Хэд хоногийн өмнө ягаан дэвтэр дээрх “Чи аяга, таваг муу угаасан байна.  Дахиж сайн угаа…. Хөргөгчинд байгаа зайрмагийг идэж болохгүй шүү” гэх Бумаагийн даалгаврыг уншсан Ломбын нүд бүрэлзээд иржээ.

-Чи яагаад ингэж байгаа  юм бэ… Өдөржин гэрт байгаа хүүхэд ганц зайрмаг идэж  болохгүй юу. Энэ аяга, тавгийг чи угааж чадахгүй бол би угаая… гэсэн Ломбын үгэнд:

-Өдий болсон хүүхэд аяга, таваг угаахад яадаг юм бэ. Урангоо орой ирээд, зайрмаг нэхдэг биз дээ… Чи яагаад дандаа өөрийнхөө охиныг өмөөрч байдаг юм бэ… Би ч гэсэн охинтой хүн шүү… хэмээн Бумаа хариу өгсөн нь гал дээр тос нэмэхтэй адил хэрүүлийг хурцатгав.

-Энэ хоёр хүүхдийг “Миний… чиний” гэж яаж хэлж чадаж байна аа. Хоёулаа миний охин. “Амингоог амь шигээ хайрлана” гээд байсан үг чинь ийм хурдан алга боллоо   гэж үү. Эсвэл чи тэгж худлаа хэлж байсан хэрэг үү… гэж хэлчихээд Амингоог дагуулан гарсан Ломбын араас Бумаа гүйж  очин, аргадаж нөхөр, охин хоёроо авчирчээ.

       Гэтэл өнөөдөр дахиад л хэрүүл… Бас л нэг нь зэмлэж буруутган, нөгөө нь өмөөрсөн сэтгэлүүдээ хаацайлан, дотроо бугшицгааж байгаа нь илт.

    Өглөө ажилдаа очихоосоо өмнө өөр нэг ажил амжуулахаар шийдсэн Ломбо:

-Урангоог хүргэж өгөөд, чи шууд ажилдаа оч. Би өөр газраар орох ажилтай гэхэд Бумаа юм хэлэлгүй, бага охиноо хөтлөн гарчээ.

      Охиноо хэлд оруулах гэж сайн гэсэн эмч, бариач, лам, хуврагийг гүйцээх дөхсөн Ломбо “Миний охин уншиж, бичиж чадна. Хөдөлгөөний эвсэл сайтай. Тийм болохоор циркчин болгоё” гэж шийджээ. Гэхдээ энэ тухайгаа эхнэртээ хэлээгүй.

    “Циркийн дунд сургуульд 5-7 насны хүүхэд элсүүлнэ” гэсэн зарын дагуу охиноо хөтөлсөөр Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль дээр очив. Шалгалтын комиссын дарга эмэгтэйтэй уулзаж, охиныхоо талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

   – Ярих, сонсох муу гэдэг бол хүүхдийн авьяасыг дарах асуудал биш. Ийм хөөрхөн охиныг шалгуул… гэсэн хариу сонсоод самсаа нь шархиртлаа баярласан Ломбо:

-Амингоо, миний охин хичээгээрэй. Циркийн сайн нугараач болж чадна шүү… гэж бичээд охиндоо уншуулав. Бүжиглэж, нугарах дуртай охин нь:

-Би чадна аа, аав аа… гэсэн хариу бичжээ.

    Охиндоо авсан хувцсаа гэртээ аваачилгүй ажил дээрээсээ шууд авч гарсан болохоор бага зэрэг үрчгэр ч гэлээ яг таарч байв.

   … Шалгалт эхэллээ. Комиссын даргын дохиогоор Амингоо бүх дасгалыг сайн гүйцэтгэв. “Сонсохгүй” гэхээс аав нь хотолзож суулаа.

   … Хөгжмийн ая, хэмнэлийг яг тааруулан уран гоё хөдөлгөөн, эвслээрээ гайхуулах охиноороо улам  бахархаж, суудал дээрээ тогтож ядан, өндөлзлөө. Яг энэ үед Ломбо тэнгэрийн оронд очсон ээжид нь сүслэн залбирч, талархаж байв.

         Үдээс хойш дүнгээ сонсох аав, охин хоёр ойрхон ресторанд орж хоол идлээ. “Охиноо шалгалтанд оруулсан гэж хэлэх үү, байх уу” гэж бага зэрэг тээнэгэлзсэнээ “Хэдий болтол нуух юм бэ” гэж бодоод Бумаатай утсаар ярилаа.

-Чи тэгээд ганцаараа очоод байхдаа яах вэ дээ. За, за дүнг  сонсонгуутаа яриарай.  Бумааг ингэж хэлэхэд, Ломбын дотор  уужраад иржээ.

         Хамгийн өндөр оноо авсан охиноо дагуулаад, Бумаагийн ажил дээр очиж, баярт мэдээгээ дуулгалаа.

-Баяр хүргэе… Ийм мундаг охиноо шагнана гэсэн бичиг уншуулснаа, Бумаа гоёмсог уутан дотроос улаан цэцэгтэй, цав цагаан даашинз гаргаж ирлээ. Амингоод шууд өмсүүлэв. Яг таарчээ. Амингоо шинэ даашинзныхаа хормойг дэрвүүлэн, эргэлдээд бөөн баяр. Ломбо охиноосоо илүү  баярлаж суулаа.

      Тэр гурав гарч, Урангоог цэцэрлэгээс аваад харив…

        Бумаа нөхрийнхөө гарыг дэрлэн хэвтээд зурагт харж байвч санаа бодол нь огт өөр зүгт тэнүүчилнэ…

    “Хоёр охиныхоо нэгийг ад үзлээ” гэж намайг буруутгахдаа сайн. Тэгсэн мөртлөө өөрөө “Амингоо… Амингоо…” гээд яаж байна… Миний муу охин хүүхэд нь биш юм уу… “ гэсэн бодолдоо хатгуулан, тэсэлгүй, ухасхийн бослоо. Тэгснээ зурагтны өмнө тоглож суусан Амингоог:

-Яагаад баахан новш хөглөрүүлээд байгаа юм бэ, чи. Бос, цэвэрлэ… хэмээн зандарлаа. Ам руу нь хараад бүхнийг ойлгодог Амингоогийн дүүтэйгээ тоглоод баясгалантай байсан царай нь хувьсхийв. Нүдний нь гал хүртэл хормын зуур унтрах шиг болжээ. Амингоо бөндөгнөн мөлхөж, тоглоомоо хамж байхдаа аав руугаа нүднийхээ булангаар харах нь өрөвдмөөр.

 Хашгичаж байгааг нь сонсохгүйг мэдсээр байж:

-Хурдал, хурдал… Хүүхэд уруу татахдаа сайн шүү… Нэг юм дээш нь тавих, янзлах санаагүй байж, буулгахдаа гарамгай гэж яана… гэх Бумаагийн үг бүхэн Ломбын зүрх рүү шивж байлаа. Энэ үед Урангоо гүйж ирснээ аавынхаа гэдсэн дээр суух гэхэд нь:

-Эгчдээ тусал… Тэр тоглоомноосоо хураалц… хэмээн зандрахад Бумаагийн бүх бие зарайгаад ирсэн боловч, хүчлэн байж, чихнийхээ хажуугаар арайхийн өнгөрүүлжээ.

      Амингоог өмөөрч байгааг анзаарангуутаа Бумаа угаалгын өрөөндөө орж дотроос нь түгжсэнээ өөрийгөө толинд харлаа.

      “Хөөрхий, ярихгүй, сонсохгүй нялх амьтныг битгий адлаач…” хэмээн хаа нэгтээгээс шивнэх шиг болов… Бумаа цочлоо. Тэгснээ нүдний будаг нь буугаад, сармайн халтартаж, үс гэзэг нь сэгсийсэн түүн рүү хаа нэгтээгээс цоо ширтэх шиг санагджээ… Бумаа айв.

      Өөрөөсөө айж, цочсон бүсгүй нүүрээ хүйтэн усаар шавшлаа. Тайвшрах гэж ядаж байгаа нь энэ. Яг тэр мөчид Урангоо часхийтэл уйлах нь сонсджээ.

      Нүүр, гараа арчилгүй, нойтон чигээр нь, Бумаа шидсэн чулуу шиг сүнгэнэн орж ирэв. Юу болсныг тунгаалгүйгээр, шууд Амингоог тас хийтэл алгадах нь тэр. Омогтой хойд эхийн нударганд өртсөн хөөрхий охин ар тийш саван унахдаа  дагзаараа паар мөргөжээ. Нүүр нь хөхрөн, ээрч унасан охины ар дагзнаас цус гарч, хүзүү, хоолойг даган урсав.

         Буйдан дээр хэвтэж байсан Ломбо хөлдөө тээглэсэн ширээг дайрч унагаагаад Амингоог өвөр дээрээ авлаа. Гартаа тааралдсан цамцаараа цусыг арчиж, толгойг дарж аваад, царай нь хачин болсон охиноо орон дээр тавьтал эхэр татсанаа, чанга  орилов.

        Хүйтэн жин тавьж, толгойг нямбайлан боох зуураа Ломбо:

-Миний охин… миний охин  хэмээн амандаа бувтнан, уруул нь чичигнэв. Охиндоо нүүрээ наан, нүдээ тас аньсан Ломбын хацрыг даган нулимс урслаа.

     Ам нь хөдлөн хааяа хэн нэг хүний нэр хэлэх шиг болно. Аврал гуйж байгаа бололтой… Эхээс мэндлээд өнчирч хоцорсон охиноо аврах гэж байгаа аавын  төрх энэ.

       Нүдийг харанхуйлтал оргилоод байсан уур, омог нь ор мөргүй алга болсон Бумаа энэ бүгдийг хараад яахаа  мэдэхгүй, салгалан чичирч зогслоо. Учир мэдэхгүй бага охин нь түүний хажууд бүлтэлзэн зогсч, байн, байн ээж рүүгээ харах нь “Та буруутай…” гэх шиг санагдана…

    …  Амингоо овоо тайтгарав бололтой, аавынхаа энгэрт наалдан, унтаад өгчээ.

          Нөхрийнхөө хөдөлгөөн, харцнаас үзэн ядаж байгааг ойлгосон бүсгүй өөртөө хань татан Урангоог хөтөлсөөр, жижиг өрөөндөө орлоо…

    …”Сайн залуу… Сайхан залуу” гээд тэдний эмнэлгийнхэн Ломбыг ам хуурайгүй магтдаг байлаа. “Эхнэр нь нас барсан… Охиноо хүн болгох гэж яваа юм”. “Ийм сайн эцэгтэй байхад энэ охин алзахгүй ээ… Яг хугацаандаа ирж, хүүхдээ үзүүлнэ. Ямар чамбай гээч…” Энэ бүх магтаал, тодорхойлолт бас түүнийг дагалддаг байв.

         Тэдний хороог хариуцсан сувилагч шилжин явж, оронд нь Бумаа очоод удаагүй байсан үе. Ихэвчлэн ээжүүд  хүүхдээ авчирч үзүүлдэг болохоор тэр үү, Ломбыг охинтойгоо ирэхээр Бумаа жигтэйхэн сандарна…  Яагаад ингэж сандарч, тэвдээд байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй.

  Бумаа  энэ эмнэлэгт ирээд удаагүй болохоор үйлчлүүлэгчдээ сайн танихгүй.    Костюм өмсч, зангиа зүүсэн залуу жаахан охиноо тэврээд ирэхэд, түүнийг “Хүүхдэдээ хайртай, үнэхээр сайн аав” гэж бодно…

      Сүүлдээ зөөлөн үнэртэх ус нь хүртэл Бумаад дотно, танил болов. Анх охинд нь вакцин хийх гэж гар нь чичрэн будилж байснаа бодвол Бумаа, Ломбо хоёр ойр зуурын юм ярьдаг, нэр усаа мэддэг болжээ…

        Одоогоос яг таван жилийн өмнө дөө. Шинэ жилийн баяр дөхөх тусам Бумаад хөнгөн гуниг нэмэгдээд:

-Баяр дөхөхөөр гуниг нэмэгдэх юм. Яагаад гэвэл ганц бие учраас… хэмээн ажлынхандаа ам нээтэл, түүний энэ үгийг ажлын газрын нь олонхи бүсгүйчүүд дэмжиж:

-Энэ жил гаднаас зочид урьж, шинэ жилээ өргөн тэмдэглэе гэлцсэнээр гаднаас хэд хэдэн хүн урьсны нэг нь Ломбо.

        Эмнэлгийн шинэ жилийн баярт урилгаар очсон Ломботой Бумаа бусдаас  илүү  дотно танилцжээ…

       Өглөө, оройгүй утсаар ярина. Уулзах санал тавина. Ломбо эхэндээ бүсгүйн урилга бүрээс татгалзав. Гэвч Бумаагийн халамж, анхаарал түүний сэтгэлийн хөгийг аажим аажмаар хөндөж байлаа.

        Өөрийнхөө төрсөн өдрөөр Бумааг урьж, хэдэн найзтайгаа жаахан доргичихоод харихдаа ганцаар биш хоёул хамт очив. Охиныхоо ээжээс хойш эмэгтэй хүнтэй ойртоогүй Ломбод тэр шөнө  “Хар, цагаан сүлэлдсэн орчлонд хатууг  зөөллөж амьдрах учиртай юм байна” гэсэн бодол төржээ.

       “Охинтойгоо хоёулхнаа амьдрах” бодлоо гээсэн залууд Бумаагийн халамжийн үг, яриа дулаан, зөөлөн сонсогдох боллоо. Түүний утсаар ярихыг  хүлээхээ больж, өөрөө залгах болов.

      Аавтайгаа дэндүү адилхан, дөнгөж ой өнгөрч байгаа охиныг Бумаа  бөөцийлөн халамжлах нь түүний сэтгэлийн хаалганд таарсан түлхүүр байсан гэлтэй.

     Ломбо нэг цамцыг хоёр өдөр өмсдөг байснаа болив. Тэрээр угааж, индүүдсэн цамцнаас шилж өмсдөг боллоо. Ажлаа тарахад нь:

-Амингоод өгөөрэй… гээд  сүү, тараг, жимс авчирч өгөх  нь залуугийн бодол санааг     өөрчилжээ.

       … Өнөөдөр охиныхоо хагархай толгойг харан, дотроо мэгшиж суугаа түүний итгэлийн гал унтарсан байлаа. Охиноо энгэртээ тас тэвэрсэн Ломбо талийгаач эхнэрийнхээ зургийг  ширтэн суув.

   Шөнө дунд Амингоо халуурч, таталт өгч эхэлжээ. Түргэний эмч ирээд:

-Яаралтай хэвтүүл… гэв. Гэрийн шаахайгаа ч солилгүй, охиноо тэврэн эмнэлэгт очсон Ломбо:

-Чи миний нүдэнд харагдах хэрэггүй… гэсэн мессежийг Бумаа руу илгээх гэснээ болилоо. Хүүхдийн бие тавгүй байхад “Хэрүүл хийгээд яах вэ. Үг өмхийрч, муудах биш… ” гэж бодсон хэрэг.

       Амингоо, Ломбо хоёрын хувцсыг, халуун цай, хоолтой өглөө барьж ирсэн Бумаа   палат руу орох гэснээ чадсангүй. Зогсч байтал:

-Танай хоёр энэ өрөөнд байгаа… гээд хаалгыг онгойлгосон сувилагчийн хамт дотогш ороход Амингоо дусал залгуулчихсан, Ломбо нүд цавчилгүй хараад сууж байв.

   Бумааг ирлээ гэж тоох шинж алга.

“Би харж хоноё. Чи ажил ихтэй байгаа… Харьж амар… “ гэж хэлмээр байвч бүсгүйн үг эвлэсэнгүй. Харин Ломбо өөдөөс нь муухай харснаа:

-Яв… гэж гараараа дохижээ.

   Дуугарч чадахгүй, хэсэг зогссоноо Бумаа арга буюу гарч явлаа.

    Шөнөдөө охины бие дахиад мууджээ. Энэ үед Бумааг дуудаж, хань татмаар санагдавч, Ломбо өөртэйгөө ярьж “Үгүй” хэмээн хариулт өглөө.

      Өглөө эрт эмч нарын зөвлөлгөөн хийгээд “Тархинд яаралтай мэс засал хийх” шийдвэр гаргасныг сонссон Ломбо жолооч руугаа утасдав. Тэрээр өөрийн сайн таних лам өвгөний гэрийн хаягийг өгөөд:

– Тэр хүнийг бушуухан аваад ир… гэжээ.

   Халуун хоол, цай барьсан Бумаа эмнэлгийн хоёр давхарт цаг хэртэй зогсов. Хажуугаар өнгөрсөн нэг сувилагчийг дуудан, цай, хоолоо Ломбод өгүүлжээ.

  Гэтэл нөгөө сувилагч:

-Хэрэггүй гэнэ ээ… гэсээр савтай цай, хоолыг тэр чигт нь бариад ирлээ…

    Цаг харан суутал, ашгүй жолооч нь ярив. Ломбо яаран гарч, машин дотроо Түвдэн ламтай уулзлаа.

-Амингоо алзахгүй ээ. Эмчилгээ үр дүнтэй болно. Ивээл цаг нь таарч байна… гэснээ:

-За, би чамд их эрт хэлсэн биз. Талийгаач хань чинь чамайг тийм амархан өөр хүнд өгөхгүй ээ гэж… Тэгэхээр та хоёрын таарч тохирохгүй байгаа чинь ерөөсөө л дээрээс ирж байгаа хаалт. Цаг нь болохоор тэр хүн чамайг   их сайн ханьтай учруулна… Тэр болтол охиноо бод… хэмээн хөгшнийг хэлэхэд Ломбо хар, цагаан үг хэлсэнгүй. Харин  боож, савлаж авчирсан арц, рашааныг аваад машинаас буув.

    Ломбо дотогш орж, ламын өгсөн арц, рашаанаар охиноо ариуллаа. Охин нь аавынхаа хөдөлгөөн бүрийг дагуулан харснаа муухан мушийжээ.

-Миний охин, одоохон зүгээр болно… гэж хариу дохилоо.

     Хагалгааны өрөөний үүдний сандал дээр Ломбо, Бумаа хоёр зөрүү харан сууцгаажээ.

       “Би яах гэж ширүүн зан гаргав даа. Надаас гараагүй болохоор нь тэр юм уу, нэг мэдэхэд уурлаад зандарчих юм. “Охиныг минь хайрлаж чадах юм уу” гэж Ломбо надаас хэдэн удаа асуулаа даа. Гэтэл би гэж тэнэг амьтан…” хэмээн халагласнаа Бумаа “Хэлгүй, дүлий хэрнээ өөдөөс бүлтэлзээд цаанаасаа  “Энэ миний ээж биш” гэх бодол нь анзаарагддаг юм даа” гэж өөрийгөө өмөөрсөн бодолтой эргэж зууралдав…

     -Хагалгаа амжилттай болсон. Амингоогийн бие сайн… гээд нүүр дүүрэн инээмсэглэх эмчийн өөдөөс яаран очсон Ломбо:

-Баярлалаа… гэж хэлэхдээ нулимсаа барьж дийлсэнгүй. Энэ үед түүний дэргэд очин,  нулимсыг арчиж өгсөн Бумааг:

-Чи одоо яв… Гэртээ харь… гэснээ Ломбо бүсгүйг ширүүхэн түлхлээ.

    … Гурван цагийн дараа Амингоог  эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэв. Тэр шөнө Амингоо тайван унтжээ. Эмчтэй нь хамт Ломбо өглөө эрт тасаг руу нь орлоо.

    Толгойн хэсэг нь битүү боолттой охиноо хараад зүрх нь шимширсэн Ломбо:

-Аав аа… гэх дуу сонсов. Чихэндээ итгэсэнгүй. Гэтэл охин нь дахиад:

-Аав аа… гэж  хэллээ.

-Миний охин…. Амингоо… гээд хоёр хөлийг ээлжлэн үнсэх Ломбын мөрөн дээр зөөлөн алгадсан Намхай эмч:

-Одоо тайван байлга… гээд Ломбыг дагуулан өрөөндөө орлоо..

-Эхээс төрөх үеийн цочролоос болж сонсч, ярих эрхтэн, систем доголдсон байлаа. Сая тархинд хүчтэй цохилт өгснөөс суурь хэсэгт  үүссэн цус хуралтыг соруулж авсан. Мөн цочролын улмаас саармагжсан тэр хэсэгт мэс ажилбар хийлээ. Охин чинь одоо ярьж, сонсоно. Цоо эрүүл болсон гэв.

    Ломбо эмчтэй нэлээд удаан ярилцаж, тайтгараад ороход охин нь сэрүүн байлаа.

 -Амингоо… Миний охин… хэмээн зөөлхөн дууджээ.

-Та уйлсан юм уу… Нүд чинь муухай болчихож… Би хэзээ сургуульдаа явах вэ, аав аа… хэмээн цовоо гэгч нь ярилаа.

-Миний охин ямар мундаг юм бэ. Одоо удахгүй, сургуульдаа явна. Миний охин мундаг нугараач болно, тийм ээ… гээд хоёр хацрыг үнсэхэд Амингоо:

-Ээж… ээж… гээд дуу нь зөөлрөв. Тэгснээ:

– Урангоо гэртээ байгаа юу… Бумаа ээж намайг зодоод, миний толгой өвдсөн чинь эмч зүгээр болгосон юм уу… Аав аа, би ярьж, дуулдаг болсон, тийм ээ… гээд үгээ дараалуулан шулганалаа. Ломбо баярласандаа тэр үү аль эсвэл охиндоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан уу, юм хэлж чадсангүй. Тэгтэл Амингоо:

-Бумаа ээж минийх биш, Урангоогийн ээж тийм ээ… гэхэд  Ломбо түгдэрснээ:

-Миний охин мэддэг юм уу… хэмээн арайхийн дуугарлаа.

-Надад би чиний ээж биш… гэж ягаан дэвтэр дээр бичиж өгсөн. Би урчихсан.  Миний ээжийг тэнгэрт байгаа гэж эмээ хэлсэн…

“Миний охин бүгдийг мэдэж байж. Би гэж тэнэг амьтан үнэнийг хэлэлгүй өдийг хүртэл явж”  хэмээн өөрийгөө буруутгасан Ломбо:

-Одоо миний охин унт. Аав, охин хоёр алзахгүй ээ… гээд инээв.

   Амингоо төдөлгүй унтлаа.

     Шөнө болтол сууж байгаад явсан Бумаа дахиад л өглөө эрт ирээд зогсч байлаа.   Ломбо түүний дэргэд очсоноо:

– Би энэ  хүүхдийн төлөө амьдрах ёстой хүн… Буруу сонголт хийсэн алдааг минь богино хугацаанд ойлгуулж өгсөн бурхан ханьдаа талархаж байна… Гэхдээ би  Урангоогоо эцгийн ёсоор харж, хандаж явна аа…   гэж хэлчихээд буцаад алхав.

Ж.Дүүрэнжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх