“Ганц”-ын шувуу /тууж/

2017 оны 10-р сарын 17 өдөр, 19 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuvuu

                                 I ХЭСЭГ

          “Үхье. Ингэж амьд явж яах юм бэ? Ямар ч байсан үхнэ…”. Үүнээс өөр бодол түүний толгойд байсангүй. Гэвч “Чухам яаж…” гэсэн адармаатай асуулт түүнийг гацаана. Тэгснээ “Эм олноор нь уух уу, эсвэл уяа, шидэмс… Яадаг ч байсан үхье…”.        Адраас доош санжийтал унжсан гэрэл  нь хүртэл тамир нь тасарсан мэт. Умгар давчуу тэр тасалгаа камерыг гэрэлтүүлж чадахгүй ёлтойно. Харанхуй даасан орчин угаасаа сэтгэлд гэгээ тусгах биш дээ. Цементэн шалаас тусгаарласан хар модон нааран дээр  эгнэн хэвтэх бүсгүйчүүдийн царай гуниг гутрал дүүрэн мэт… Дотроос нь гомдол, шаналал нь түрээд багтаж ядан байх атал гэрэлгүй, бас бөөн зовлон тээсэн царай… Модон наарны өнцөг дээр элгээ тэврэн суух бүсгүй энэ бүх дүр зурагтай эвлэрч чадахгүй байлаа. Мөн өөрийгөө үзэн ядаж, энэ хорвоогоос зугтахыг хүсч бачимдана… Тасралтгүй урсах нулимснаас өөр түших, үхлээс өөр сонгох юмгүй болоод байгааг нь ойлгох хүн үгүй…

-Адилхан зовж байж байнга усан нүдлэх юм. Ядаргаатай новш вэ, чи чинь…

-Харуй бүрийд уйлж муу юм зөгнөөд…  Чимээгүй байгаач,  п… минь…

 -Хаалга, үүд ч онгойхоо болилоо. Ийм муу ёрын новш орж ирээд хар усаар тэвхдээд хаячихаа биз…

   Тал талаас нь ийн мэрж, хамгийн муу муухай үгээр булна… Бүсгүй дотогшоо уйлахыг хичээв… Гэвч нулимс гэх бүлээн бас гашуун ус урсаад ирнэ…  Түүнийг анзаарч, арай ойлгох сэтгэлтэй нь:

 -Эргэлтийн өдөр шүү. Уйлж, унжийлгүй цоглог байгаарай… Уйллаа гээд юуг ч өөрчлөхгүй ээ. Өөрөө л зовдог юм. Бас хажуудаа байгаа бидэнд  хэцүү байдаг юм шүү дээ. Эд нар чамайг харааж, зүхэж байгаа ч гэсэн дотроо чамайг өрөвдөж  байгаа… Яагаад гэвэл бүгд чам шиг ингээд уйлаад сууж л байсан. Гэвч нулимсаар юу ч шийддэггүй гэдгийг ойлгосон болохоор ядаж  өөрийгөө зовоохгүй байя гээд сэтгэлээ барьж сурдаг юм… хэмээн зөвлөх. Энэ үг түүнийг  цочроож  “Нээрэн, эд нарт бас хэцүү байгаа шүү дээ…” хэмээн бодоход хүргэлээ…

    Шөнөжин хөрвөөж нойтон дэртэй хоносон түүнээс өөр өглөө болоход “баярлах” хүн ховор…

    – Даалт… Даалтанд гарах нь уу… Өнөөдөр ер нь манайхнаас хөдлөх нь үү…   Үзээрэй хө… Алив, нэг нь “баар” хараарай. Өнөөдөр чинь “чөтгөр”-ийн ээлжтэй өдөр шүү дээ…

   Өглөөний “ажил” ингэж эхэлнэ. “Мэргэч” тухлан сууж байгаад чулуу татна. Хөзрөөр, эрхиэр үзнэ… Ер нь юугаар л бол юугаар мэргэлнэ ээ…

– Нарны зам гараад ирлээ. Хөл чинь хөнгөрчихөж, дундын сав чинь дүүрэн. Магнайдаа баяртай, нарны хоолтой… Гэхдээ цаад талын хөл жаахан саадтай байх юм…

– Яана аа, тийм үү? Тэр саад нь юу юм бол оо…  Эргэлтийн бичиг өгөхгүй байгаа юм болов уу?

– За аа, ойлгомжтой шүү дээ. Шүүхийн нарийн бичгийн  дарга нар гээд бөөн хүнд сурталтай амьтад хэзээ ажил хийж өрөөндөө байсан юм бэ …

– Харин тийм ээ. Өөрийгөө шүүгч гээд бодчихсон тэдний их зантайг яана. Эртийд манайхан 10 мянган төгрөг атгуулж байж, арайхийж эргэлтийн бичиг авсан гэсэн…

– Хоригдсон хүмүүсийн ар гэрийнхнээс өдрийнхөө хоол, унааны мөнгийг байнга авахдаа ичихгүй шүү, балиар юмнууд…

– Жинхэнэ гэмт хэрэгтнүүд чинь тэд нар өөрсдөө шүү дээ. Манай өвгөн өдөржин машинаараа үйлчилж, шүүгчийн хадам, хүүхдүүдийг нь зуслан руу зөөж байж   нэг юм эргэлтийн бичиг авсан байна лээ.

– Бид нарыг хорьчихоод ар гэрийнхнээр минь дутуугаа нөхүүлж, мөлжиж суудаг энэ хуулийнханд ичих нүүр гэж байна уу…

– Манай байцаагч гэж нэг аймаар зэвүүн, шулаач бий. Эхнэрийн төрсөн өдөр гээд манай хүнээр ширээ захиалуулж, мөнгийг нь төлүүлж баахан идэж, уучихаад дараа нь бараг арваад хүн караокед гурван цаг суусан байгаа юм.

– Тэд нарыг тэгж давруулах ямар шаардлага байна аа?

– Яахав дээ, хөөрхий минь. Намайг даалтад гаргачих санаатай, арга эвийг нь олох гэж царайчилж байгаа нь тэр….

– Хүн хорихгүй бол тэд нар чинь миардаг байхгүй юу. Хэдэн хүн хорьчихвол өдрийн хоол, тамхины мөнгө, утасны нэгжтэйгээ залгаад бүр цаашилбал орон байр, унаа тэрэгтэй болж байна. Даварсан новшнуудад холгуулж, холгуулж эцэст нь ял авна… гэж бодохоор уур хүрээд…

– Тэд нарт юм өгч, давхар хохирч яадаг байна аа?

– Амьдын хагацал үзсэн хүмүүс чинь аргаа барахдаа юу байгаагаа барьж гүйдэг байхгүй юу…

– Ёстой үнэн… Манайхан гэхэд намайг даалтад гаргах гэж бараг 10 саяыг зараад байна. Тэгээд ч даалтанд гарч чадахгүй, ингээд сууж байна даа …

– Даалтанд гарах гэдэг чинь бас нэг сүлжээ маягаар  мөнгө олох арга нь болчихсон байна. Тэгэхээр чи тэрнийхээ оронд хохирлоо төлөх ёстой байхгүй юу…

– Хүний мөнгө хүнд аваад өгчихсөн. Нэг төгрөг ч авч идээгүй болохоор  төлнө гэхээр дургүй хүрэх юм… Гэвч идээгүй, завшаагүй гэдгийг тогтоож, нотолж чаддаггүй, шууд  ял өгдөг юм шив дээ… Аав, ээж хоёр минь:

-Байраа заръя… гээд байгаа… Иймэрхүү маягаар олон айлын амьдрал, ар гэр сүйрэх юм даа.

– Хэрэггүй ээ. Битгий төл. Төлсөн ч, төлөөгүй ч ял оноодог нь үнэн. УИХ-ынхны баталсан хууль нь тийм болохоор энэ шүүгч, прокурорыг буруутгах бас хэцүү. Жигтэйхэн сайн, сайхныг амлаж, итгэлийг аваад зөөлөн суудалд суунгуутаа иймэрхүү цоорхой, амьдралаас хол, хэтэрхий харгис хууль  баталчихаад явж байгаа хүмүүс өөрийнхөө хэн бэ гэдгийг цаг үе бүртээ харуулах юм даа…

– Уг нь шүүгч, прокурорыг хамтад нь аргалдаг өмгөөлөгч нар байдаг гэнэ ээ. Даанч тэд нарын ханш өндөр гэсэн. Бид нар  шиг нь дийлэхгүй ээ. Баячууд, томчууд бол шууд  мөнгөөр зодоод гэмгүй царайлаад явж байгаа шүү дээ…

– Ялгүй салж байвал орон байр ч дүүрч…

– Чи аль дүүргийн шүүхээр орох юм бэ? Тэр дүүргийнхээ шүүхэд нөлөөтэй хүнийг олох хэрэгтэй дээ…

– Манай байцаагч  гайгүй л дээ. Тэр муу прокурор л заавал хүндрүүлэх гээд…

– Прокурор гэж хүний мууд дурласан, хүйтэн зэвсэг далайсан яргачдаас дор новшнууд олон байна аа. Тэд нар бол инээж, сэгсэрч байгаад л ам барих новшнууд…

 “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвийн   камер бүрт ийм яриа өрнөнө.

Энэ ярианы үнэн, худлыг хэн ч  шүүж чадахгүй… Анх удаа ч биш үргэлж ярьдаг сэдэв…

      … Лхагва гариг. Ар гэрийнхэн нь эргэлт, уулзалтаар ирэх хуваарьт өдрийн нэг нь. Тийм болохоор “Бос” гэж шахаж, шаардуулахгүй хүүхнүүд эртлэн босоцгоожээ. Тэд “нөгөө” хувцсаа өмсөн, нүүрээ угаан, жигтэйхэн гоёж, гоодоцгооно. Отгоогоос бусад нь:

-Эргэлтээр хэн нэг маань ирэх болов уу… гэх горьдлого тээн чихээ дэлдийлгэх.

      “Хүн амь” гэх тодотголтой хэрэгт сэжигтнээр татагдан, цагдан хоригдоод гурав  хонож буй Отгоод бүх юм тээртэй санагдана.

     “Ингэж амьд яваад яах юм бэ” хэмээн хорвоод амьд алхахаас жигшсэн түүний байгаа байдал бусад бүсгүйчүүдэд таалагдахгүй байгаа нь илт. Уйлж унжсан, урвайж унхийсэн байдал нь тэдний дургүйг хүргэж байгааг мэдрэвч таалалд нь хэрхэн нийцэх тухайгаа бодох сөхөө байсангүй.

    …Өрөөндөө ихэд өргөмжлөгдөн, хөзөр дэлгэж мэргэлдэг Өөдөө хүн тус бүрийг үзэж өгчихөөд өөрийнх нь хувьд таагүй юм буусан бололтой буруу хараад хэвтээд өгөв.

Төдөлгүй:

-Өөдөөд шувуу ирлээ… гэх чимээнээр түүний аньсага нь чийгтсэн нүд сэргээд ирлээ.

    Анх “Шувуу, шувуу…” гэхээр нь Отгоо “Гаднаас шувуу ороод ирсэн юм болов уу?” гээд эргэн тойрондоо хайж байснаа бодвол хайрын захиагаа ингэж нэрлэдэг болохыг мэдэхтэйгээ болжээ…

      … Үхлээс өөр юу ч төсөөлөхгүй байгаа Отгоог анх энэ өрөөнд орж ирэхэд дөрвөн янзын төрх, араншин, төдий тооны шинжиж, сонжсон харц угтсан билээ.

     “Шорон аймаар… Атамануудтай… Тэд нар зоддог… Хоол унд, хувцас хунарыг  булааж дээрэмддэг…” гэх төсөөлөлтэй байв. Гэвч санасныг бодвол хувцас хунарыг нь авсангүй. Хоол ундыг ч хөндсөнгүй. Харин тэр өрөөндөө босс нь бололтой өндөр бор хүүхнийг Өөдөө гэх. Түүнийг ирээд удаагүй байтал Өөдөө:

-За, ийм хөөрхөн бүсгүй ороод ирсэн юм чинь цуйванд явуулна аа… гэхэд бусад нь ихэд хөгжилдөн, ам уралдуулан дэмжжээ.

 “Булааж, дээрэмдэхгүй бол хоолоо авчруулах ч яахав…” хэмээн бодсон Отгоо шууд зөвшөөрсөнгүй. Бас татгалзсангүй.

-Нэлээд олон хүнтэй учирна даа, чи ч… Манай энэ дор дандаа эрчүүд байгаа. Тэд нартай учраа олоход л хоол бэлэн шүү дээ… Эгч нь чамд арвын гялгар уут өгнө өө… гэлээ.

     Урьдчилан хорих байрны хонгилд эрчүүд, нэг давхарт нь эмэгтэйчүүд     байгааг ирж буй “шувуу”-нуудаас нь хальт гадарлажээ.

      “Хэдэн эрэгтэй хүн байгаа юм бол… Тэд нар өөрсдөө хоол хийдэг юм байх даа… Гялгар уутаар авах юм бол хэн нь ч гэсэн өгөх биз дээ… ” Отгоо ийн бодож суулаа. Тэгтэл угаалтуурын доод талаас эрэгтэй хүний бүдүүн дуу гарав.

   Отгоо цочиж, сэтгэл нь сэрдхийгээд явчихаж… Тэрбээр “Бусдыг зовоож болохгүй… Бүх юм болоод өнгөрсөн…” гэх командыг өөртөө өгөөд, санаа алдлаа.

 …Цементэн шалыг ухаж, цоолсон хэсэг бол шуудан холбоо нь. Тэр цоорхой нүхийг “вагон” гэж нэрлэдгийг түүнтэй дотносч, зөвлөгөө өгөөд байгаа Зулаагийн   ярианаас ойлгожээ.

   Дороос хашгирах эр:

-Танайх шинэ хүнтэй болсон юм уу… гээд нас, нэр, ямар хэргээр орж ирсэн, өндөр нам, өргөн нарийныг нь хүртэл Өөдөөгөөс асууж бүртгэснээ:

 -Харъя… Хөөрхөн үү… гээд явчихлаа.

     Өрөөнийхнийхөө хүсэлт бас шахалтаар Отгоо тэр “вагон” буюу нүх рүү ойртон очив.

 -Танилцъя… Намайг Бороо гэдэг. Чиний нэр хэн бэ… Нүүрийг чинь харъя…   Иймэрхүү командаар танилцах ажиллагаа дууслаа.

          Доод хонгилд нь найман эрэгтэй байгааг гадарласан бүсгүй “Аргалж байгаад цуйванг авчирна даа… Бас ч гэж арчаагаа алдсан аймаар хүмүүс биш бололтой…” хэмээн бодов.

    Үхлийн тухай бодлоосоо түр хөндийрсөн энэ мөчид Соко гэх бүсгүй:

-Миний дүү уйлж, унжихаа боль. Одоо хямарч, элдвийг бодолгүй хөөрхөн найзтай, хайраатай болчих. Тэгвэл сэтгэл онгойно. Цаг хугацаа ч хурдан өнгөрдөг юм… хэмээн Отгоод аминчлан зөвлөжээ.

    “Хүн амины хэрэгтэн болчихоод байхад юун хайр вэ…” гэж аман дээр нь гарч ирсэн боловч хэлж чадахгүйгээс хойш чимээгүй суулаа.

     Шинэ хүнээ танилцуулж дууссаны дараа Зулаа эгчийнх нь зөвлөгөө эхэлж байтал:

-Отгоод “шувуу”  ирлээ… гээд ам амандаа шуугилдаад явчихжээ.

   Янжуур тамхинаас ч нарийхан нямбайлан ороож, гялгар цаасаар нааж, битүүмжилсэн захиаг задлахад “…Сэтгэлээрээ өөдрөг байж энэ муухай хар савнаас гараарай… Зовлонгоо хуваалцах гэсэн намайг зөвөөр ойлгоорой…” гэсэн үг “Хорвоог хэрхэн орхих вэ…” гэх хар бодлоос өөр зайгүй шахам байсан Отгоод зурвасхан ч гэлээ гэгээ татуулах шиг болов.

     Өрөөнийхөн нь:

-Хариу бич… бич… гээд түүнийг шавдуулж гарлаа. Тал, талаас нь зөвлөж, хатгасаар байгаад Отгоод үзэг, цаас бариуллаа.

     Тэрбээр өөрийгөө товч танилцуулан, өөдгүй, муу заяандаа гомдож буй тухайгаа бичээд явуулжээ. Ийнхүү сатаарч байтал:

-Унтаж амар… гэх тушаал буух нь тэр. Хоолонд явах асуудал дахин сөхөгдөөгүйд баярлан Отгоо бушуухан орондоо орлоо.

          Өглөө эрт сэрэв. Элдвийг бодон хэвтэж, үерлэн урсах нулимс нь дэрээ нэвтлэхийг ч анзаарсангүй. Өрөөнийхөн нь түрүүчээсээ сэрлээ. Зэрэгцэж унтсан Энхүүшээс:

-Өнөөдөр нөгөө хоолондоо явуулах байх даа… гэж сэмээрхэн асуутал:

-Хүүе ээ, чи бүр итгэчихсэн юм уу… Тэр чинь чамайг хуурч, тоглосон юм … гэснээр “Ганц”-д ороход эхний шалгуур буюу дамшиглал нь “Цуйванд явуулах” байдгийг мэдэж, дотроо өөрийгөө шоолох аядаад өнгөрчээ.

     Хүүхнүүдийн зарим нь босоогүй шахам байтал хайрын “шувуу”-дын түрүүч нисэн ирлээ. Өчигдөр орой дөнгөж нэр усаа мэдэлцэж, танилцангуутаа зурвас бичээд байсан Нямаа гэх залуу Отгоод “шувуу” илгээжээ…

      Энэ үеэс хойш тэр хоёрын дунд байнга “шувуу” нисэх боллоо. Зулаагийн хэлснээр Отгоо өөрийгөө сатааруулан цаг нөхцөөх юмтай болоод авах нь тэр.

      Эсрэг хүйстэн бие, биедээ тэмүүлж амьдардаг нь хорвоогийн жам  болохоор эр хүний бүлээн, зөөлөн үгтэй захидал зовлондоо бахардсан бүсгүйд ямар их тайтгарал, урам, сэтгэлийн тэнхээ өгснийг хэн ч түүн шиг сайн мэдэхгүй.

       “Яаж үхэх вэ…” хэмээн олон эм, оосор уяа гээд муу, муухайг бодож байсан бүсгүй “Ухаарал хайрлаж, зовлонг минь хуваалцсан чамд баярлалаа” гээд “шувуу” бичиж суухдаа “Хүн байгаа газар амьдрал өрнөж л байдаг юм байна…” гэх гэгээн бодолд хөтлөгдсөн байлаа.

    Алтан амиа, алдхан биеэ хамгаалах гэж арслан барс шиг давшилсан нэгнийг   түлхжээ. Эрчиндээ газар унасан талийгаач эргэж боссонгүй.

     “Хүний амь гэдэг яасан хэврэг юм бэ…” гэдгийг   Отгоо 20 гаруйхан насандаа ийн мэдэрсэн гэх. Харин “Нус нулимсаар өөрийгөө тэвхдэж суух биш хатуу бүхнийг сөрөх ёстой” гэдгийг  арай хожуу ойлгож авав.

          Анх ирснээ бодвол Отгоо орчиндоо дасаад ч гэх юм уу нэлээд ихийг тунгааж бодохтойгоо болжээ.

    “Нямаад “шувуу” явуулахгүй бол бас түүнээс хариу ирэхгүй удвал сэтгэл нь эзгүйрч, хоосрон, үгүйлэх болов. Цаасан дээр бичсэн үг төдийгөөр танилцсан учраас “Царай, бараагаа харах юм сан” гэх хүсэл тэмүүлэл хэн хэнд нь байлаа. Гэвч тийм боломж байсангүй. Ханаар тусгаарлаж, хуулиар хориглосон гээд…   Гэхдээ тэд харснаас илүү ойлголцож, сэтгэлийн дэм, итгэлээрээ нэг нь нөгөөгөө тэжээдэг хүний орчлонгийн жамыг илүү сайн амталж, мэдэрцгээх нь гайхалтай. Вагоноор юу ачиж, хэрхэн хүргэдэг билээ, “Ганц худаг” доторхи  “вагон” ч түүнтэй агаар нэг шахам. Харин ч вагоноос  хурдан… Хааяа “вагон”-оор дамжих “шувуу”  саатвал “Замд нь буудлаа”, “Шархдууллаа” гээд бөөн хэрүүл, үг хэл дэгдэнэ. Тийм болохоор өрөө болгонд “вагон”  хариуцсан хүнтэй. Шууданч гэж болох тэр хүнд тамхи, чихэр, цай, кофе гээд “авлига” өгч, гарыг нь цайлгахгүй бол бас болохгүй ээ. Ямар ч байсан “шувуу”-гаа задлуулахгүй, устгуулахгүй авахын тулд хамгийн хэрэгтэй хүн нь шууданч байж. Нэг иймэрхүү маягаар цоожтой ч гэсэн сэтгэлээ ойлголцох харилцаа үргэлжилсээр…

          Сэтгэлээр унаж, гутарсан үед нь Отгоод өмөг түшиг болсон хүн бол Нямаа. Тэр хоёр “шувуу”-гаар харилцаад сар шахам болжээ.

  “Хүний амь хөнөөсөн” гэж хэлэх, хэлүүлэхээсээ ичээд, “Амьд явах эрхгүй” хэмээн гутарч байсан ахархан бодлоосоо бүрэн салсан Отгоо “Зовлонг туулж, сөрж барна” гэх итгэлтэй болов.

Ж.Дүүрэнжаргал

/Үргэлжлэл бий/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх