Буун дууны өмнө /Тууж/

2017 оны 10-р сарын 25 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buun

Буун дуу тасхийв… Болдхүү хашгиран бослоо. Хар хөлс нь цутгаж, хамаг бие нь салгалан, дагжина…

          Хэдэн арван жилийнх ч юм бэ дээ, бүү мэд.  Хур болсон хөгц, чийг, хир, тоос… ер юу эсийн  муухай эхүүн үнэр, танар нэвчсэн хавчигхан өрөөний зүүн хойд булангаас хараалын үг урсгасаар “Мухар” хочит Төмөр өндийлөө.

          – Харанхуй шөнө ч унтуулахгүй юм. Хулгайч минь, чиний хоногийн чинь тоо гүйцэж дээ… гээд гав, гинжээ харжигнуулан, бүгшүүлж ханиалгасаар тамхиа асаав.

          “Хэнийг нь дуудах бол…” гэх хүлээлтэнд дөнгөлүүлчихээд байгаа мөртлөө муу Мухар нохой бас миний хоногийг тоолж суудаг байх нь”. Хөгшин хонины насгүй болсон мэт харагдах хорчгор хар эрд дотроо ийн зэвүүцсэнээ Болдхүү буцаж хэвтлээ.

   Тэрбээр, бага байхдаа ээжээсээ сурсан зүүдний тарниа уншиж, тайтгарахыг хичээсэн боловч сэтгэл нь тогтож өгсөнгүй. Ийш тийш үсчих мэт өт мэт дотроос нь арвалзан түүнийг тавгүйтүүлнэ.

  “Нээрэн, нартад амьд явах хугацаа  дуусч байх шив дээ…   Муу ээж, эхнэр хоёр минь над руу эгцэлж  харж чадахгүй уйлсаар байгаад буцсан… Ойрд зүүд хүртэл тавгүйтээд, зөн совин нэг л биш…” хэмээн бодсоноо Болдхүү дахиад л тарни тоолж, таагүй бодлоосоо салахыг хичээв. Тарнийн хүчинд залуу овоо  зүүрмэглэчихжээ.

          … “Алт шиг сайхан хүүг минь үгүй хийсэн…  Амийг  амиар солино”. Араа шүдээ арзайлгаж, үс гэзэг нь ширэлдэн сэгсийсэн, үнсэн саарал биетэй, нүцгэн шулам ингэж хашгираад урт хумсаа шигтгэн багалзуурдлаа”…

         Яраглаж, тийчлээд, сэрж чадахгүй байгаа Болдхүү рүү “Мухар” Төмөр өрөөсөн гутлаа шидлээ.

       Нүүрэн дээр нь унасан гутал түүнийг нөгөө ертөнц рүү аваачих нударга адил буусанд Болдхүү уурлан босч ирснээ:

          – Болиоч ээ, новш оо… хэмээн хашгираад гутлыг  буцаагаад Мухар руу илгээв.

     Нүдээ гүйцэд нээж чадаагүй нойрмог хянагч гуйвлан ирээд :

  – Үхлээ хүлээсэн малнууд минь яагаад орилолдоод байгаа юм бэ… гэж зандарснаа:

  – Үүр цайж байна, новшнууд аа. Амьд хоносондоо баярладаггүй юм уу… гэчихээд буцаад явжээ.

           Шүүх хурал дээр хохирогчийн ээж нь шал дэвслэн, үс гэзгээ үгтээн байж хэлсэн үгийг зүүдний “шулам” хүртэл заналтайгаар давтаад байх чинь… Ийнхүү зүүднээсээ айж цэрвэх залуу хучлагаа ярж, суниахдаа чийгтэж ирсэн аньсагаа чимээгүйхэн арчлаа.

       Нар хэзээ мандаж, сар хэдийд гийж байгааг ч мэдэлгүй хавар, зуны хэдэн сарыг “Дээдийнхэн” гэх хүлээлгийн энэ умгар өрөөнд үдсэн болохоор чийг бамд идэгдэж, чилж хөшсөндөө тэр биз зовхи нь хүртэл өндийхөө больжээ.

     Бүх бие нь даагдаж өгөхгүй байгаа юм шиг хүндрээд, нэг л тавгүй. Хараанд торох юм үгүй… Халцарч холцроод, тоос дагандаа дарагдсан хана… Хажууд нь ханиалгаж бүгшүүлэх тахийж бөгтийсөн өвгөн… Өвгөн ч гэж амьдралын бартаанд нухлуулаад ийм өтөл харагддагаас бус насны хувьд ануухандаа багтана… Хэн нэгэн ирж хэл мэдээ дуулгана гэж байхгүйгээс хойш тэд өөрсдийн бие, сэтгэлээ уншиж, сайн, муу хоёрын алин тулж ирээд байгааг мэдрэх болжээ.

  Хар дарж зүүдлэхээс өмнө Болдхүүгийн бие тавгүйрхэж, түүнийгээ дагаад ааш нь хувиран уурлах, уцаарлах, уйлах гээд байх болж. “Ямар нэг муу юмны дохио…” гэдгийг мэдрэх тусам түүний бие сулбайгаад байв. Гэхдээ “Би бүгдийг үүрч гарна…” гэх зориг, тэвчээрээрээ өдийг хүртэл өндийж яваа юм.

                              ***                  ***                  ***                 ***                   ***

…  Шилбүүрээ ээлжлэн унаж хурга, ишигний хойноос гүйж, шороо, чулуугаар тоглож, хатуу ааруулаа хувааж идээд, хүүхэд насаа хамт үдсэн… Яах аргагүй нэг довын хоёр. Мэдээ ороод, ид ухаан суух үедээ хүртэл цэргийн албанд хамт татагдсан онжавууд юм сан даа…

     … Намрын сайхан налгар өдөр. Говь нутагт дулаахан илчээрээ ээж байсан шар наран толгойн цаагуур орж, үдшийн бүрий хүүшилж байлаа. Зээглэн буусан гурван айлын баруун хойд талын том гэрээс дуу, хөгжим, инээд наргиан цалгилна.Энэ хотын уяа бүхэн морьдоор дүүрч,  хөл хөдөлгөөн ихтэй.  Хүүхэд, хөгшдөөс эхлээд хэн хүнгүй л хөөртэй хөхүүн гэж жигтэйхэн. Малчны хотыг ийнхүү хөгжөөхийн учир нь туурайн хурдаар газраа чимээлэх их сүргийн удам унагаа тамгалсан хэрэг. Намар намарт өрнөдөг энэ сайхан уламжлалт ёслолд нутаг усныхан нь хүрэлцэн ирдэг нь өв заншлаа дээдэлдэг монгол түмний уламжлалт сайхан ёс заншлын нэг.

  Найз нөхөд ахан дүүсээрээ цуглаж хийдэг тамганы найр нарийн дэгтэй. Хүлэг сайн морьдынхоо эх сүргийг сэлбэх унага даагаа тамгалах нь айл гэрийн сүлд хийморийг тэр дундаа эрчүүдийн дээдлэх учиртай ёсон.

   “Жаахан шарга” дууг цангинуулж өрнөсөн найр сар гийж шөнийн анир ойртон буйд өндөрлөх талдаа оржээ.

    Таанын айрганд халамцсан залуусын дуу чангарч, улаа бутраад, тахилын өмнө бадамлах зулын дөл адил цоролзоцгоон, том таван ханатай гэрийг байтугай тал нутгийн тэрхэн хонхрыг чимээлж байлаа .

    Тэнгэр цэлмэг, тогтуухан сайхан үдшийг мялаах гэсэн шиг тэргэл саран мэлтийнэ.

    Тамганы найранд ирж, наргиж шуугисан зочид гэр гэрийн зүг явахаар гарцгаахад уяан дээрх морьд эздээ танин аядуухан үүрсч чимээ өгөв.

    Гэрийн хаяанд эгнүүлэн тавьсан хэдэн мотоциклийн цаахна талд “Ланд-80”  сойлттой байх нь гэрийн эзэн Цолмонбаатарынх. Энгүй  их тал нутгийн нэгэн хот айлын үдшийн дүр зураг ийнхүү алган дээр байгаа мэт тодоос тод.  Идэр залуусын хөгжилдөн инээлдэх нь тэдний өсгөлүүн, сайхныг  гайхуулсан энэ л мөчид орчныг цочоосон хахир дуу гарчээ.

– Болдхүү…! Эцэг минь өвлүүлж үлдээсэн миний хөөргийг чи авсан биз дээ… хэмээн Цолмонбаатар хэлээ орооцолдуулан хашгираад,  уяа руу алхаж явсан гурван залуугийн урдуур нь хөндөлсчээ. Чихэндээ итгээгүй юү, аль эсвэл хөлчүүрхсэн найзтайгаа үг сөрөөд дэмий гэж бодсон уу тэр үед Болдхүү огт дуугараагүй байна.

  Тэгтэл дахиад:

     -Чам шиг үр удамгүй хулгайч энэ нутагт багтаж шингэнэ гэж үү … хэмээн хашгичан, гар хуруугаа гозгонуулан давшлахад түүний шүдгүй амнаас үсэрсэн шүлс Болдхүүгийн нүүрэн дээр нь буужээ. Эхний хэлсэн үгийг нь буруу сонсоогүйгээр үл барам хамгийн эмзэг  асуудлыг хөндөж, дайрч доромжлон ийнхүү давшилсных нь хариуд найзыгаа заамдаж аваад шанаадчихаж.

     -Найзууд ийм муухай зан авир гаргаж болохгүй… Цоомоо чи үгээ бодож хэлэхэд яадаг юм бэ?

    -Нэгийгээ зүгээр байхад нь яаж ингэж болдог юм бэ…

   -Цолмонбаатар аа, чи ер нь зангаа их эвдэж байгаа хүн шүү…

-Чи одоо л ийм болж дээ, Цоомоо. Наад хүн чинь чамд яаж тусалж явсныг мэдэх нь мэднэ шүү… Юу, юу гэнэ вэ?

    Инээд хөөр хормын зуур  өөрчлөгдөн, цээж дэлдэн дөвчигнөх Цолмонбаатарыг дор бүртээ ийнхүү  зэмлээд уур, омог нь сагсалзсан  хоёр эрийг нөхөд нь тал талаас нь татаж чангаасаар арайхийн салгажээ. Болдхүү дахин юу ч хэлэлгүй дээл, хувцсаа янзлан зогсч  байтал энгэр заамаа задгайлж, нударгаа савчуулсан Цолмонбаатар:

– Болдхүү чи,  хурдан морь хоёр гурваар нь  худалдаж аваад, их  нүнжигтэй байгаа гэлүү. Чи хаанаас тийм их мөнгөтэй болсон гуйлгачин бэ… Чи ямар үнээр худалдаж авсан ч гэлээ миний “Шарга”-ын өмнө орно гэж байхгүй мэдэв үү… хэмээн таахалзжээ.

   “Хурд тэр тусмаа морь худалдаж авсан тухай яриа огт хөндөгдөөгүй байхад энэ яахаараа ийм юм ярьдаг байна аа… Эдний “Шарга” үрээ ч гайхалтай сайхан, хурдан амьтан даа…” хэмээн бодож тэрхэн зуур адуунд хайртай сэтгэлээ хөвсөлзүүлээд авсан Болдхүү:

-Миний найз юун морь, наймаа яриад унав… Найз нь Хэнтий чиглэлийн хоёр сайхан үрээ авсан… Галшарын азарганы үр төл юм билээ гэж хайнгадуухан хэлээд цааш эргэв.

   -Эхнэр нь сувай… эр нь хулгайч… Миний хөөргийг хулгайлсан хүн бол чи…, гарцаагүй… Ийм хүний морь хурдлах уу… Морин дээр тавих хүүхэд нь хаана байна…   гэж ээрч гацан хашгираад, дотор балартам муухай инээжээ.

Түүний энэ үг Болдхүүг бүсэн дэх  хэтнээсээ хутга  суйлж аваад хэн ч урдуур нь орох завдал өгөлгүй  Цолмонбаатарын дэргэд аваачсан байна.

          -Миний эхнэр ямар байх нь чамд хамаатай юм уу… Тэгээд бас чи одоо юун хөөрөг яриад байгаа юм бэ? Арай ч дээ чи… намайг хулгайд хардаж, дээр нь ингэж доромжлох дээрээ тулаа юу. Хоёр буурлынхаа буянд хулгай хийж, нүгэл хураахгүй, новш оо… хэмээн хашгирсан залуу далайсан гараа буцаасангүй…

   Нэгдлийн даргын хүү найзыгаа үгээр “алж”, эцэст нь амиа алдсан эмгэнэлт хар мэдээ говийн сэвшээ зөөлөн салхиар дамжин эхнэрийнх нь чихэнд хүрэх агшинд хүйтэн төмрөөр гараа гавлуулсан Болдхүү цагдаагийн машинд суугаад, харанхуйн замд  сэгсчүүлэн явж байжээ. Өөрийгөө харааж, өр зүрхээ шимшрүүлэн, жиндүүлж, хайрах дотроо дэвтээх гэсэн шиг нулимсаа гадагш биш дотогш шингээж явахдаа харуусч, гэмшээд ч өнгөрснийг өөрчилж болдоггүйг олж харах сөхөөгүй  байв…

 “Цоомоо чи амьд биз дээ…Эд нарын хэлээд байгаа худлаа… худлаа…Намайг эргээд ирэхэд инээгээд сууж байгаарай…”

 Амандаа ингэж үглэж байгааг  нь авч яваа цагдаагийн ажилтан   сонсчихоод:

-Солиотой хүн болох бэлтгэл хийгээд байна уу…? Дуугүй яваач… хэмээн зандрахад нь сая сэхээ авч “Би өөрийгөө маш сайн хянах ёстой юм байна. Өөрийн мэдэлгүй чанга ярьж, өрөөлийн тохуу боллоо” хэмээн өөртөө  харин хатуухан хэлж байж билээ.

   …Хулгайд алдсан гэх хөөргөө  гэрээсээ  олсон гэсэн…Тэр орой  миний найз яагаад тийм үг хэлсэн юм бол?…”Азарган үрээ хөнгөлөөд өгөөрэй” гэхээр нь гэрээсээ хутга авч гарсан. Тэр муу мэс…миний энэ муухай гар хоёр сайн найзыг минь үгүй хийсэн…”   Ийн өнгөрснийг дурссан хар бодлоосоо Болдхүү хүчлэн байж     арайхийн саллаа.

                            ***                    ***                     ***                ***                 ***

          Түлхүүр шажигнаж, хар төмөр хаалгыг ёолох адил хяхтнуулан онгойлгоход хөл, гараа гавлуулж дөнгөлүүлсэн хоёр хойно хойноосоо цувран тушаатай морь шиг догонцсоор бие засах өрөө рүү зүглэв.

          Гав, бороохой, буу агссан хянагчаас харц дальдран дэгсээр умгар харанхуй өрөөндөө буцаж ороод удаагүй байтал төмөр хаалганы голд байх гар багтах төдий нүхээр хар талх, төмөр аягатай бүлээн ус дөхүүлсэн хянагч залуу:

– Хоёулхнаа байж бие биенийгээ харааж зүхээд, яагаад байсан бэ… Өнөөдөр хэдэн гэдгийг мэдэж байна уу…  хэмээн доогтой ч юм шиг, ёжтой ч юм шиг асуулаа.

          Өдөр, судар байтугай өглөө, үдшийн баримжаагаа мэдэхгүй суудаг хоёр хариу дуугарсангүй.

          – Есдүгээр сарын 1 шүү дээ.  “Мухар”-ын гэрийнхэн яагаад ирэхгүй байна.  Уг нь одоо уулзах боломж ганц байгаа биз дээ гэснээ хайрцаг “Алтан навч” шидчихээд яваад өглөө.

          “Хэзээ бол…” хэмээн хоногоо хүлээж байгаа хэдий ч хорвоогийн нэг өдөртэй амьд золгосондоо баярлан хар талх идэх аядаж, зэлгээн ус уунгаа хоёул өөд өөдөөсөө хараад, хуучлан суух нь тэдний “амьдрал”.

          – Ахтайгаа ганц уулзчих юм сан гэж бодох юм гэснээ Төмөр улаан буйлаа урчих шахам хар талхныхаа захаас эмтэлж хойш урагш өнхчүүлэн хүлхэх аядав.

          – Ганцаар үлдлээ дээ, хөөрхий муу ах минь. Хоёр сайхан дүү минь нэг жилийн зайтай өөд болцгоосон. Ясыг нь барилцаж чадаагүй ээ, ах нь. Нарсанд байсан юм чинь… Өмөлзөж ирснээ дуугаа хураагаад чимээгүй болчихов. Сэтгэл нь сэмрэн, урагдах шиг болоод ирсэн  Болдхүү дэмий л хоолойгоо засчээ. Ярьж биш бараг бүхнийг хараад ойлголцдог болохоор Төмөр яриагаа үргэлжлүүллээ.

-Намайг сүүлд суллагдаад очиход ах минь жигтэйхэн их баярлаад:

-Миний дүү, одоо хүн шиг амьдар. Ах нь хадан гэр рүүгээ ойртож явна. Өвгөдөөс үлдсэн энэ хөрөнгийн эзэн нь чи шүү. Ганц хүүдээ өгнө үү, гараа угаана уу, өөрөө мэд…  гэж хэлсэн. Тэр үед миний сэтгэл хэзээ ч орж, төрж байгаагүй олон сайхан бодол, итгэл, урмаар дүүрээд ирэх шиг л болсон.

          Манай удмын дээд үеийнхэн чинь хур хөрөнгөтэй, хавь ойрынхондоо “хувилгаан” Дампилынх хэмээн хүндлэгдсэн лут улс байсан юм гэсэн. Хамгийн цөөн малтай үедээ гэхэд л хорин малчин адуулдаг тийм баян айл байсан юм гэнэ лээ. Өвөг, дээдсийнхээ ясыг өндөлзүүлж, нэрийг хугалж яваа хүн нь өгөр толгойт би. Бүгшүүлэн ханиалгаснаа, аньсага нь чийгтсэн нүдээ шудраад “Алтан навч” нэгийг авч асаав. “Сүрьеэ өвчтэй энэ хүн уушгиа ингэж утаад байдаг” хэмээн халаглан, харж сууснаа Болдхүү “Уушигтай, уушиггүй удах биш дээ” гэж бодоод өөрийн эрхгүй нэг тамхи авч зуулаа.

          -Ахынхаа хажууд байшин барьчихсан, амьтан хүнээс дутахгүй сайхан  байсан. Хүү минь хааяа гүйгээд ирнэ. Хэзээний том хүн шиг аашилж, зэмлэх гэнэ, аавыгаа.

   “Царай нь хүртэл өөр болоод ирж байна.  Бурхан хүнд үр хүүхэд гэж хамгийн том бэлгийг илгээхдээ  их нарийн утга учрыг шингээсэн байдаг юм гэсэн. Үнэн л юм даа….Мухар үгүй болоход хүү нь үлдэнэ…үргэлжилнэ…” Түүний яриан дундуур орж ирсэн энэ бодлоо уншчих вий гэхээс эмээн Болдхүү худлаа толгой дохисон болж суулаа.

          -Нэг өдөр миний хүүгийн нүд хөх эрээн болчихож. Асуусан чинь, миний хүү юу ч хэлсэнгүй. Ямар ч байсан нэг юм нуугаад байгаа нь илт. Тэгэхээр нь би очиж, хажуу айлын хөгшинтэй нь уулзлаа. Тэгтэл яасан гээч…

   Ингэж хэлээд үзэн ядалт, хорслынхоо хар үүлийг нүдэндээ суулгачихав уу гэлтэй Төмөрийн нүд гялалзаад, дуу нь чангараад иржээ. Тэгснээ  яриаг нь чагнан суугаа Болдхүүгийн харцнаас нэгийг уншив бололтой дуугаа намсгаад, цааш ярив. -Эхнэрийг минь надаас булааж, авч суусан муу лалрын эр миний хүүг зодсон болохыг мэдлээ. Ингээд л тэднийх рүү эрчээрээ орсон. Хоймроо сууж байсан муу нохой хуяг байсан дүрээрээ нүдэнд туссан. Зуухны хажуугаас түлээний сүх аваад далайж байснаа санадаг юм. Дуугаа хурааж, уйлах нь уу гэлтэй нүүр, ам нь татвалзан, нүд нь анивчиж ирснээ хоолойгоо цахиртуулан яриагаа үргэлжлүүлэв.

          -Намайг “Онцгой”-д байхад хуягууд дотроо “Хамгийн хогийн, хов зөөдөг, өлөн нохой” гээд нэр нүүргүй нэг муу унжийсан юм явдаг байсан юм. Хааяа мэнд ус асууна. Нэг нутгийнх гээд би ч аминдаа элгэмсэнэ. Тэгээд ч надад муу, муухай юм хийж байгаагүй болохоор нь халуун хоол, цай хийж өгөхийг бодно. Илүүчлэх юу ч байсан түүнд л өгнө. Шорон манасан эд нарт ямар юм голох, тэр байтугай ханах сэтгэл гэж байх биш дээ. Өгсөн бүгдийг гараа тосоод авдаг тийм л амьтан байсан даа. Тэр муу лалар надад хааяа гэрээс захиа авчирч өгдөг байсан юм. Цоожинд байгаа би хүртэл тэрнийг царайчилж эхнэр, хүүхэд рүүгээ хэл өгүүлдэг байлаа. Тэгтэл бараа нь харагдахаа больсон чинь өөр Хорих руу шилжээд явсан байлаа. Гараад ирсэн чинь муу новш манай гэрийн эзэн болчихсон, миний эхнэртэй суучихсан байсан. Шүдний уг, ёзоороос хатгаж, байж ядан дургүй хүрсэн мөртлөө өөрийгөө буруутгаад, хэнд нь ч юм хэлээгүй…Энэ үед ямар их үзэн ядалт, тэр хорсол гээч юм нь оволзож байсныг тэвчиж өнгөрүүлсэн гэж санана. Би гэдэг хүн өөрөө өөртэйгөө хэрэлдэж, өөрөө өөрийгөө зэмлэж, үнэхээр өөрийгөө ялсан юм…

      Гэтэл газар дээрх ганц хүүд минь гар хүрч, хөх няц болтол зодсоныг хараад тэсээгүй… Тэгээд л нөгөө муу Мухар одоо энд ингээд үйлээ үзээд сууж байна даа. Тэр муу новшийн амь төрийн гэсгээлд хүрэхдээ яах вэ дээ гэж бодохоос дургүй хүрэх юм даа. Гайгүй амьтан бол дүүрч… хүртэх ёстой шан, хүлээх ёстой шийтгэл гэж бодох сон. …

         Мухар бухимдахаараа хараал урсгаж, тамхи угсруулан баагиулдаг. Тэр  зангаараа хэд хэдэн тамхи татчихаад хэнэг ч үгүй буруу хараад хэвтээд өгөхийг нь харж суусан залуу:

-Гай болсон муу хуяг… хэмээн амандаа хэлээд, гавтай гараараа аягатай ус авч хөнтөрлөө.

                    ***                     ***                  ***                   ***               ****

          … Таанын айраг шуугиад манай нутаг өдийд мөн ч сайхан байгаа даа. Манайхан хоёр гэрээрээ Дэлгэрийн ар шанд руу нүүсэн байх даа. Миний ханийн хайр булаасан хацрынх нь хонхорхой улам тодроод, ээжийн минь сэтгэлийг дэвтээж, хань болоод сууж байгаа. Хорвоо чамайг минь ингэж шийтгэх ч гэж, надаас болсон. Бүх юм надаас болсон… Гаванд боогдон чинэрэх гараа чичиртэл атгаснаа харанхуй буланд эвхрэн хэвтэх Төмөр рүү хяламхийв.

          Тамхинаас өөр хань үгүй мэт. Суунаглах утаа нь хүртэл ихийг өгүүлэх шиг. Амаар сорсон утаа хамраар гарахдаа өнгө нь үл ялиг өөрчлөгдөөд он цагийн амьдралын хүрдийг сөхөх шиг санагдана. Нартын сайхан найман намрыг хамт угтахад яагаад бид хоёрт үр заяагаагүй юм бол гэх хариулт олддоггүй өнөөх асуултандаа дахиад л ээрэгдэж эхлэв. Талийгаачийн “Эхнэр нь сувай, эр нь хулгайч” гэж хашгирах дуу чихэнд нь хадах шиг болоход шал дайвалзан, шавар адар дээрээс нь дараад авах шиг боллоо. Хамаг бие нь чичирч, хөх мах нь таталдаад явчихав. Түүнийг хямарч хачин болсныг анзаарсан “Мухар” Төмөр:

– Дүү хүү, мэргэн чулуугаа татаарай. Ах минь сажлаад ирэх болов уу гэж горьдох юм гээд өндийж суув. Дуртай нь аргагүй ухасхийн боссон залуу гутлынхаа уланд нуусан жижиг ууттай чулууг гаргаж ирээд хэд хэд татсанаа:

– Ах хүү, тун сайхан бууж байх чинь юу вэ. Ах чинь баяртай хэл авчрах гээд бүр хөл хөнгөрчихөж. Ер нь таны хөл хүртэл ямар ч саадгүй болсон байна гээд Болдхүү хормын өмнөх гутрал, бухимдлаа аль хэдийнэ үргээчихсэн гэлтэй жигтэйхэн баяртайгаар инээмсэглэн хорчийсон хөх өвгөн рүү харлаа…

   “Чулуу төөрөхгүй бол ч манай энэ сайн хэлдэг юм шүү” гэж дотроо баярласан өвгөн:

– Хорвоог орхидог нь хүний жам. Харин эрт, орой хэзээ вэ гэдэг нь янз, янз юм даа. Төрийн гэсгээлд орохдоо хотойгоод байх юм алга, тийм ээ хө… гээд Болдхүү рүү борооны усанд эвдэрсэн гуу, жалга адил гүн үрчлээтэж атирсан духаараа ширтэв.

          Намтар түүхийг нь эндээс уншиж болох энэ хөгшин насаараа шахам шоронгоор явжээ. Гэхдээ л үр удмаа үлдээчихсэн эр дээ гэсэн бодол нь дахиад гуниг, бухимдал даллах адил түүнийг харц буруулахад хүргэлээ. Хоёрхон хоногийн зайтай ар араасаа орж ирсэн хөгшин залуу хоёр ам хуурайгүй ярьдаг байсан нь хүртэл цөөрчээ. Амьд байх хугацаа нь хорогдож байгааг мэдэх тусам дуу нь гарахаа больдог аж. Чимээгүйг эвдэх гавны харжигнах дуу хүртэл зэвүүн сонсогдоно. Хэн хэн нь нүдээ анин хэвтэж байлаа. Түлхүүр шажигнаж, хаалга онгойлгов.

– Түмтийн Төмөр

– Би

– Эргэлтэнд 30 минут …

… Цээж нь муур шиг хэржигнэсээр амьсгаадан орж ирсэн өвгөн ам нь ангалзаад байгаа хэрнээ дуугарч чадсангүй. Мөлхөж ирээд Болдхүүгийн духан дээр үнссэнээ:

– Миний дүүд Дээд шүүхээс нааштай хариу ирэх байх аа. “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг дээ… гээд борооны дусал адил бөмбөрсөн ганц нулимсаа долоож орхилоо.

    Мань өвгөний ”Амийг хэлтрүүлж…” гэдгийг мэдсэн залуу нулимсаа барьж чадсангүй. Үерийн ус адил мэлмэрэх нулимс нь өөртөө гомдож, өрөөлд баярласных байв.

– Буун дуу сонсохгүй үхэх юм байна аа, ах нь. Муу ах минь, Ерөнхийлөгч амийг минь хэлтрүүлснийг дуулгалаа. Ээ, Төрийн минь сүлд гэж… Ганц хүүгийн минь заяа түшсэн хэрэг. Өөр намайг тулах, түших юу байгаа билээ дээ… хэмээн хоолойгоо зангируулан хэлэхэд Болдхүүгийн зүрх рүү ёгхийтэл хатгуулав…

          “Хүүхэдтэй байсан бол намайг ч гэсэн түших байсан…” Харуусал, эмзэглэлээ барьж дийлээгүй залуу цурхиртал  уйллаа…

  Төмөр түүнийг аргадах, зандрахын аль нь ч хэрэггүй гэдгийг мэдээд дуугарсангүй. “Сайн уйлаад дотроо онгойлгоод аваг. Бид чинь нулимснаасаа өөр юугаараа энэ дотор бөөгнөрөх буглааг гаргах билээ дээ…” Ингэж бодсон Төмөр “Амьд үлдэнэ гэдэг их том зол. Үүрэх ялын хугацаа хэд байсан  ч яах вэ…” гэх бодлоосоо гэнэт жийрхэж, тамхиа асаалаа.

   …”Миний хүү том сайхан залуу болжээ. Аавынхаа ганц ахыг сугадаад бараг өргөөд ирж байна шүү дээ. За даа, Мухар одоо нэг юм нүд аньтлаа газар дээрх ганц хүүдээ гай болохгүй зүгээр л бараагаа харуулаад явж байх юм шүү.

Ж.Дүүрэнжаргал

Үргэлжлэл бий

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх