Өвөөгийн өчиг / Тууж/

2017 оны 10-р сарын 31 өдөр, 09 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uvuuu

1-р хэсэг

Ширээн дээрх компьютерээсээ холдон, буйдан дээр очиж лагхийн суусан Чогдон жигтэйхэн урт санаа алдаад, нүүрээ эв хавгүйхэн хэдэнтээ шудрав.

-Охин минь дахиад хэл чимээгүй болчихлоо… гээд хэд хоног үглэсэн аавынх нь сэтгэл санаа улам тавгүйтлээ гэдгийг Анар анзаарчээ. Тэрбээр аавыгаа аргадах, ая эвийг олох гэж хичээсээр, бараг дохиололтой машинаас хурдтай болсон гэхэд хилсдэхгүй. Харц нь хуйсганан, царай нь барайж, тогтож ядаад  эхэлсэн аавдаа шилэн аягатай жүүс  дөхүүлж өгөөд бушуухан шиг өрөөнөөс нь гарав.

     Аягатайг цааш түлхчихээд, өрөөн дотроо  холхиж байгаа  хөлийн чимээ нь онгорхой хаалгаар тодоос тод сонсогдоно. Ааш зан нь тогтуун, сайхан байсан бол аав нь:

-Ямар жимсний ундаа вэ, миний охин. Аятайхан амттай юм байна… гээд тамшаалж ирээд охиндоо талархал илэрхийлдгийг Анар сайн мэднэ. Гэтэл дуртай ундаандаа хүртэл дургүйцлээ илэрхийлж байгааг бодоход тун тавгүй байгаа нь илт.

     Сарын өмнө л:

-Зээ хүүтэй боллоо… гээд хөл нь газар хүрэхгүй шахам хэдэн өдөр улаан зээрд явсан хүн өнөөдөр яагаад ингэж бухимдав… гэх асуулт Анарыг ээрч эхлэв.

   “Ах, эгч хоёроос өөр аавыг зовоох асуудал бараг үгүй…” хэмээн бодсон Анар аавынхаа бухимдсан шалтгааныг унтраалгүй орхисон компьютерээс  дор нь олоод авчээ.

     “Эгч одоо надтай ярьж тохирсныхоо дагуу аавд харуулахгүй байж чадаагүй юм байх даа… Хэн ч харсан баярлахаасаа илүү гайхаж цочирдоно гэдгийг мэдсээр байж…” хэмээн  эргэлзэж суутал:

-Хөөе, Анар… гэх аавынх нь огцом дуу гарав.

         Дөнгөж 10 дугаар ангиа төгссөн эгч нь Чех руу явснаасаа хойш гэртээ ирэлгүй 10 шахам жил болжээ.

-Ажилд орчихсон болохоор чөлөө өгөхгүй байна. Аав, ах хоёрт эвтэйхэн ойлгуулаарай. Боломжоороо цөөхөн мөнгө явууллаа. Буян сайн үйлдээрэй… гэж яриад, эгч нь ээжийгээ бурхны орон руу үдэхэд ч ирээгүй. Аав, ах хоёртоо ярьж чадаагүй нандин болоод нууцлаг бүхнээ ганцхан эмэгтэй дүүтэйгээ хуваалцдаг гэдгийг нь мэдэх Анар “Юу гэж асуух бол?” хэмээн эмээж, бэргэлгүй том өрөө рүүгээ шууд орж:

-Та чинь яагаад хашгираад унав аа… гээд ааваасаа нүд салгалгүй зогслоо.

          Ээжээс нь хойш ямар их өтөлснийг аавынхаа сортон бууралтах толгой, үелэн үрчийсэн духнаас нь сая олж харсан Анарын самсаа шархирч ирснээ өөрийн эрхгүй уйлчихав…

       Дотроо онгойтол уйлсан аав, охин хоёр сэтгэлээрээ бие биеэ аргадаж байвч хэн нь ч үг дуугарсангүй. Чогдон бага охин Анарынхаа толгойг шуналтай гэгч нь  үнэрлээд, энгэртээ чанга гэгч тэвэрчээ.

-Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй байдаг юм гэж та хэлдэг дээ. Тэр жамаар явж байгаа хүний араас  өөрийгөө ингэтлээ зовоогоод яах вэ дээ…  Хүчлэн байж Анар ингэж хэллээ. Охиных нь энэ үг овоо таалагдаж, сэтгэлд цучил нэмсэн янзтай толгой дохиж суусан эр хяруутсан хэдэн үсээ хойш илбэснээ хоолойгоо зангируулж ирээд:

-Үр төл гэдэг чинь малд хүртэл хамгийн эрхэм нандин юм нь байдаг. Гэтэл миний удам ийм ч байх гэж… хэмээн гаслангуй хэлээд нүдээ цавчихгүй гөлрөн, сартгардуу өндөр хамрынх нь самсаа сарталзах нь түүний бухимдал багтаж ядан байгааг илтгэх.

        Харийн нутагт амьдарч байгаа том охиныхоо дүрсийг харж ярьсан нь Чогдонгийн зээ хүүгийн тухай бодол, төсөөллийг орвонгоор нь эргүүлж орхижээ.

                                ***                ***              ***             ***            ***

       “Хүнтэй суусан… Хүүхэдтэй болсон…  Ажил  ихтэй… Завгүй…”  Том охиныхоо тухай иймэрхүү сураг ажиг сонсдог байв.

     Эцэг хүн охин үрдээ илүү сэмэрч, уярдаг нь хорвоогийн жам. Ууган охин Анир ахтайгаа ойрхон гарсан болоод ч тэр үү аавынхаа өвөрт өссөн. Ой өнгөрч байгаа охиноо хөхнөөс нь гаргах гэж аав нь өвөртөлж унтдаг байж. Мөөмөө нэхсэн бяцхан охин хэнхдэг цээжийг самардан уйлагнахад аав нь бүүвэйлэн, босоогоороо хонодог байсныг ойр хавийнхан нь одоо ч бахдан ярьдаг. Аав, охин хоёр амь нэгтэй байсны эхлэл энэ.

    Анир даахь ихтэй. Цэцэрлэгт явах өглөө нь Анирын гэзэг самнах гэж том ажил дэгдэнэ. Толгойдоо ааваасаа өөр хүний гар хүргүүлэхгүй… Аавдаа тийм эрх, дотно, нандин охин байв. Хичээл, сурлагаараа хэнийг ч дагуулахгүй, анги,  сургуульдаа  тэргүүлдэг охиноо:

-Аавыгаа дууриасан, толгой сайтай…   гэж ирээд магтахад ах, дүү хоёр нь битүүхэн атаархах бол энүүхэнд. Ганц Чогдонгийнх ч биш айл, айлд аав, ээжүүдийн өмчлөл нэг иймэрхүү маягтай байдаг хойно. Ингэлээ гэхэд эцгийн хайр бүх хүүхдэдээ шингээстэй, сэтгэл, зүрх нь тэдний төлөө цохилж байдаг нь энэ насны нандин сайхан барилдлага билээ.

 Голомт залгах ганц хүүгээ гэх эцгийн сэтгэл далд өмрөвч ил наанаа бол:

  -Бүстэй хүүхдийг эрхлүүлж болохгүй. Байгалиасаа хатуу, зөөлнийг  амталж, хүч тамир сууж өсөх учиртай. Охидууд бол өөр. Бурхан багш эр, эм хоёр хүнийг энхрий, эршүүд байх хоёр өөр төрхтэй бүтээсний учир ч ийм биз…  гэж ирээд ууган хүү Сонортоо хушуу дэвсэх эхнэрээ буруутгах.

Тэгсэн атлаа хоёулаа зэрэгцэж суугаад хөг нийлүүлж ирээд, хэлээ хазан нялхарна.  Мөлхөнө бүр өнхөрнө, дэвхэрнэ… Энэ бүх циркийн “үзүүлбэр”-ийн сургагч нь отгон охин Анар. Хоёр охин, нэг хүүгээ ингэж хайрандаа өлгийдөн өсгөсөн… Гэвч аюулт хар өвчин насных нь ханийг булаан авч одсоноор Чогдонд гурван хүүхдээ өсгөх, хүн болгох хүндхэн ачаа ногджээ. Сургуульд байхад нь хичээлийн хэрэглэл, ном дэвтэр, цүнх, хувцсыг бүрдүүлж өгөөд хааяа ангийн хуралд нь оччихоод “Аавын үүрэг”-ийг давгүй сайн биелүүлж явна гээд санаа зовох нь бага байжээ. Гэтэл  дунд сургуулиа төгссөн хүүхдүүдийн хүсэл сонирхол огт өөр болж ирэхэд аавын үүрэх ачаа болоод алсыг харах харааны даац нь өөрчлөгдөөд ирэв. Том хүү Сонор нь оноо хангалттай байсаар атал их, дээд сургуулийн хуваарь авалгүй ааваасаа зөрсөөр байгаад Солонгос улсын коллежийг сонгожээ. Ингээд Чогдон голомт сахих хүүгээ 18- хан настайд нь хилийн дээс алхуулав…

    Аав нь хүүгээ, хүү нь аавыгаа санаж, утсаар ярих болгондоо уйлна… Аав, хүү хоёр ингэж хөгөө хөлдөө чирч байсан үеийг арайхийн ардаа оруулжээ. Гэтэл нэг өдөр том охин Анир нь:

-Аав аа, би явлаа. Чех рүү ажилчин гаргадаг компанид хоёр сарын өмнө  бүртгүүлсэн чинь тэнцээд, бүүр виз нь гарчихаж… гээд бөөн хөөр иржээ. Тэр шөнөдөө нойргүй хоносон Чогдон маргааш нь охиноо аргадлаа.

-Миний охин эхлээд элсэлтийн шалгалтыг нь өгч, тийм өндөр оноогоор тэнцсэн сургуульдаа суралц. Дараа нь мэргэжилтэй болсон хойноо хаашаа явахаа чи өөрөө мэд. Хүнд хамгийн түрүүнд мэргэжил, боловсрол хэрэгтэй. Одоо дөнгөж дунд сургууль төгсөөд хаана очиж, юу хийж чадна гэж… Миний охин хэрэггүй… Аавынхаа үгэнд ор…

-Аав минь, та сайн сонсч бай. Одоо миний сургалтын төлбөр гэж  хэдэн төгрөг нэхэгдэх билээ. Дээрээс нь ямар сурагч форм өмсөөд гүйлтэй биш бас хувцас хунар гээд өчнөөн юм хэрэг болно. Таны авдаг хэд чинь хаанаа ч хүрэхгүй. Та явах зардал өгчихвөл, дахиж би таныг зовоохгүй…

     “Хүсэл сонирхлоо дагаг. Хаана, юу сурахаа хүүхдүүд өөрсдөө мэдэг… Эх нь амьд сэрүүн сэн бол сүүн сэтгэлийн увидсаараа яасан сайн мэдэж, зааж чиглүүлэх байсан бол… За яахав,  миний хүү, охин хоёр өөрсдөө мэдэж байгаа. “Аавын бийд хүнтэй танилц” гэдэг юм хойно. Бага залуудаа үзэх, очих газар руугаа явалгүй яахав. Ямар насаараа намайг манаж суух биш…” Чогдон ийн бодоод охиноо Чех рүү үдсэнээр отгон охин Анартайгаа үлдэж…

   Өнгөрснийг ийнхүү эрэгцүүлэн өөрийгөө тайвшруулахыг хичээлээ. Гэвч Чогдонгийн нүдэнд сэгсийсэн буржгар үстэй, сарвайсан хар хүүхэд тэврээд сууж байгаа охин нь харагдаад “Арай ч дээ, миний охин… Хаанахын, хэний үр удам гэж хэлэх болж байна… За яахав. Өөрсдөө мэдэг. Өөрийнх нь сонголт, өөртөө болж байвал болох… Гэтэл миний охины царай зүс жигтэйхэн ядруу, гунигтай    харагдсан. Ямар галтай, сэргэлэн нүдтэй билээ дээ, миний охин…” хэмээн дотроо шогшрох Чогдон:

-Халуун цай уу … гээд аргадан зогсох охиноо өлийж ирээд үнэрдэх аядсанаа урт гэгч нь санаа алдав.

-Аав минь ингэтлээ шаналах хэрэггүй ээ. Ах ирэх долоо хоногт ирнэ гэсэн. Би танд хэлэх гэж байгаад мартчихаж… Анарыг ингэж хэлэхэд Чогдонгийн нүд сэргээд иржээ.

***             ***              ***               ***                  ***

      -Хоёулаа зочдоо хүлээж авахад бэлтгэхгүй бол болохгүй нь… гээд аавынх нь дуу  зөөлрөн, духных нь алгын чинээн арьс тэнийгээд ирэх шиг болов.

        Охинтойгоо чааталж, төрүүлсэн хүүхдийг буюу зээ хүүгээ харснаас болж  Чогдон ийнхүү хямарч, дунд нь Анар хөөрхөн сандарчээ.

        Ах, эгч хоёртойгоо хуйвалдаж, тэдний ятгалгаар аавыгаа молигодоод, хөөрхөн аргалчихдаг байсандаа Анар харамсахад хүрэв. Учир нь хүү, охин хоёрынхоо хойноос бэтгэрч, битүүхэн шаналсаар аав нь бүр хэдэн нас илүүтэй өтөлснийг энэ өдөр л илүүтэй мэдэрчээ.  Анар ах руугаа яаран утас цохилоо.

-Та хурдан ир… Ер нь та хоёр хилийн цаадахь амьдралаа хэдий болтол ааваас нууж явах юм бэ. Тэр хүн надаас өдөрт хэдэн удаа “Хүү минь хэзээ ирэх бол. Манай бэр аль нутгийнх юм бол… Эгч чинь ямар хүнтэй суусан…” хэмээн асуудгийг та нар мэдэхгүй. Хариулт олдохгүй ийм оньсого таах гэж аав минь ямар их ядарч, яаж шаналж, бэтгэрч явааг мэддэг үү, та… Одоо халуун ам бүлээрээ цуглаж, өөрсдийн амьдралыг байгаагаар нь харуулж, ярьж, ойлгуулсан нь дээр.

     Отгон дүүгийнх нь эрс шийдэмгий энэ үг ахын чихэн дээр хатуухан буужээ. Сонор бодож, тээнэгэлзэлгүй шуудхан:

-Ирэх долоо хоногт очъё… гэжээ.

                         ***                     ***                  ***                 ***              ***

        Анирын тухай бодож, Чогдон  сэтгэлээ хөндүүрлүүлэх нь арай багасав.

-Хүү, бэр, ач гурав маань ирнэ… хэмээн хөөрцөглөөд, тогтож суух завгүй болжээ.

-Хүүдээ иж бүрэн тавилгатай, хоёр өрөө байр авч зэхнэ … гэж зүтгээд отгон охинтойгоо түнжин хагарах дээрээ тулав.

– Ахаас  асууж байж шийдвэл яасан юм бэ?  Энд суурьшихгүй, буцаад явах юм биш байгаа…

-Ямар ч байсан ганц хүүдээ голомтыг нь босгож өгөх учиртай юм. Нутагтаа амьдрахгүй хаашаа явдаг юм…

-Тэгвэл амьдрах орон байраа өөрсдөө сонгох байлгүй дээ. Юу гэж таны авсан хоёр өрөө байрыг тоох вэ дээ…

-Хоёр өрөө байрыг голох хэрэг үү. Би, ээжтэй чинь дөрвөн ханатай гэр барьж амьдралаа эхлүүлж байсан юм… Ширүүхэн ингэж дуугарснаа:

 -Эх чинь байсан бол… гээд монхор хамрыг нь улам тодотгож өгсөн угалзан самсаагаа сарталзуулж ирээд өмөлзсөнөө больж, хоолойгоо хүчлэн зассанаа:

-Бэр, ач, хүүдээ… за тэгээд бэрийнхээ аав, ээж худууддаа ямар бэлэг сонгох вэ… хэмээн охиноо аргадах аядав.

   “Хүү ирнэ… Эхнэр, хүү хоёртойгоо хамт ирнэ… Ачийн зулай үнэрлэнэ…” гэж  хөөрцөглөх аавыгаа харах тусам Анарын сэтгэл хөндүүрлэх. Тэрбээр “Ахыгаа ирэхээс өмнө аавдаа хэлэх үү, байх уу” гэсэн асуултандаа хариулт өгч чадахгүй ийн шаналж буй. Үе үе түүний дотор давчдаж ирээд  “Гэрээсээ дайжиж зугтах юм сан” гэх бодолдоо дийлдээд байв. Яагаад гэвэл голомт залгах хүүгээ солонгос бүсгүйтэй суусныг аав нь мөн л мэдээгүй. Тиймээс “Үндэс, угсаа, удам судар…” гээд үглэх, лекц унших дуртай аав, айлын ууган хүү гээд нэлээд эрх дураар өссөн ах хоёрынхоо дунд ямар яриа өрнөж, юу болох бол… гэхээс Анар эмээгээд байгаа нь энэ.  Үр хүүхдээ гэж зүтгээд, өөрийгөө умартан өдөр, шөнөгүй бэтгэрэх аавыгаа Анар өмөөрч, өрөвдөвч, ах, эгч хоёрыгоо буруутгаж эс чадах. Энэ бүх байдал түүнийг цөхрөлийн мухар руу шахах мэт санагдана…

 Ийм үедээ тэрбээр ах, эгч хоёртоо гоморхон “Заавал гадаадад очиж амьдарч, ажиллаад… тэгээд бүр гаднын хүнтэй сууж, хүүхэдтэй болцгоогоод… Юу бодож явдаг хэрэг вэ. Энд эцэг нь яаж шаналж, элгээ эмтэлж суугааг мэдэх биш…” гэж зэмлэнэ… Тэгээд “Би хүнтэй суулаа” гээд яваад өгвөл “Аав минь ганцаараа үлдэнэ” гэх  айдаст автах…

          ***                ***                    ***                 ***             ***

    … Гэр дотроо бол хамгийн их эрх дархтай нь Анар байлаа. Аав, ээж хоёр нь “отгон” гээд ил биш ч гэлээ дотроо бие биеэсээ өмөөрч, хир халдаадаггүйг Анар сайн мэднэ. Мөн ах, эгч хоёрыгоо бол үргэлж дийлнэ. Хагас, бүтэн сайн өдөр Соно, Анир хоёр гэрт их цэвэрлэгээ хийх үүрэгтэй байхад айлын отгон охин аав, ээжийн өмнө хушуу дэвсэн эрхлэхээс өөр юм хийхгүй… Ийн танхилхан өссөн охин өнөөдөр энэ айлын бүх “ачааг” сэтгэлдээ тээж явна…

   … Түүнийг хичээлээсээ ирэхэд ээж нь байгаагүй. Гэрт нь зөндөө олон хүн ирчихсэн байж. Аав  нь түүнийг огт тоохгүй буруу хараад байжээ. Тэгтэл нагац эгчийнх нь том охин:

-Анар аа, хоёулаа манайд очъё. Эгч нь ёстой гоё кино үзүүлнэ гээд дагуулаад явжээ. Уг нь тэднийд очих дуртай. Кино үзэх бүр сайхан байсан ч Анар тэр удаа  нэлээд дургүйхэн үеэл эгчийгээ аргагүйн эрхэнд дагаж гарчээ. Гэрт нь очсон хойноо:

-Манайд яагаад тийм олон хүн байгаа юм бэ… Аав буруу хараад уйлаад байсан. Яасан юм бол… хэмээн байн байн шалгаажээ. Орой болоход:

-Би гэртээ харина. Танайд хонохгүй… гээд бүгдийг тэвдүүлж. Арга буюу нэлээд орой болсон хойно Анарыг гэрт нь хүргэж өгчээ.

-Ээж ажлаасаа ирээгүй юм уу… Хаачсан юм бэ…

    Ээж нь эргэж ирэхгүйгээр явсныг зөн совингоороо мэдэрсэн охиноо ингэж асуухад гэрийнхэн нь болоод тэднийд ирж уй гашууг хуваалцан суусан хүмүүс нулимсаа барьж үл дийлэн уйлцгаав…

   Түүнийг аравдугаар ангид байхад ээж нь Бурханы орон руу оджээ.  Түүнээс хойш   ямар их зовоосноо хуанлийн хуудас эргэх тусам мэдэрч яваа охин аавыгаа яав ч орхиж үл зүрхэлнэ…

  -Ээжийгээ санаад байна… гээд шөнө унтахгүй уйлна. Хэлэх үггүй шаналах эцэг нь охиноо энгэртээ наан аргадаж суухдаа гэзгийг нь нойтон болтол уйлсан байдгийг тухайн үедээ Анар тийм сайн ойлгоогүй. Одоо бол аавынхаа хоолойг зангираад ирмэгц толгой нь чийг даах шиг санагдаад, өөрийн эрхгүй нулимс нь түрээд ирэх болжээ.

Тиймээс Чогдон:

-Миний охин хар багадаа өнчирсөн юм… хэмээн хайраа шингээн огшихоос бус:

-Намайг их зовоосон шүү… гэж нэг удаа  хэлж үзээгүй…

     Ах, эгч хоёр нь шил шилээ дараад гадагшаа явсан. Анарын нөгөө их эрх, дарх  дураар танхи зан салхинд туугдах үүл мэт үгүй болжээ.

     Их сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн охин нь аавынхаа буянаар шууд ажилтай болсон. Тэгэхдээ бүр яаманд шүү. Харин сүүлийн хэдэн жил Анар гадаадын томоохон төсөл дээр урилгаар ажиллаж байгаа юм. Аав нь “Ажлаа өөрчиллөө. Яам гэдэг чинь хэн хүний очдог газар биш… “ гээд эхэндээ дурамжхан байсан бол охиныхоо авч байгаа цалин, ажлын үр дүнг сонсч мэдээд сэтгэл тэнүүн, таатай байх болжээ.

                                 ***                 ***              ***               ***             ***

     Анар 30 шүргэтлээ хүнтэй суугаагүй нь аавдаа түшиг, бараа болж, түүнийг ганц шөнө ч болов бүтэн нойртой хоноосой гэснийх.  Түүнээс бус түүнийг ханилъя сууя гэх эрчүүд цөөн биш байлаа. Одоо ч Анарт:

  -Хүнтэй суух цаг хугацааг чинь болтол би чамайг хүлээнэ. Өөр хэнтэй ч биш ганцхан чамтай сууна… хэмээн хайраа илчлэн, сэтгэлээ илэрхийлдэг залуу бий.

-Би аав, ээж, ах,  эгч нарынхаа хайранд умбаж өссөн. Тэднийгээ одоо хайрлахгүй юм бол хэзээ хайрлах билээ. Тухайн үед би юу ч ойлгохгүй, ухаарахгүй байж дээ. Ээж минь эргэж ирэхгүй явах гэж байгаагаа эрт  мэдсэн байх аа.

-Миний охин ах, эгч хоёрынхоо үгэнд сайн ороорой. Үргэлж хайрлаж яваарай… За тэгээд энэ муу аавынхаа дэргэд чи л үлдэх байх, бага нь юм чинь. Аавыгаа хайрлаж, асарч энэрч явдаг юм шүү. Айлын ганц хүү гээд муу аав чинь хүний гар хараад сурчихсан хүн… гэж ирээд жигтэйхэн их захиас хэлдэг байлаа. Яагаад ингэж хэлээд байгааг нь ойлгохгүй юм чинь, би:

-Ээж та одоо ганцхан надад үглээд байх юм. Та ах, эгч хоёрт бас   хэл… Тэр хоёр чинь том болсон биз дээ…  гээд хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг байлаа…  Ах, эгч хоёр гадагшаа яваад өгсөн.  Ээж минь зуурдаар өнгөрч бурханы орныг зорьсон… Аавтайгаа хоёулхнаа үлдсэн… Тэгээд аав минь хүү, охин хоёртоо яаж санаа зовж, санаж бэтгэрч байгааг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрсэн хойноо л ээжийнхээ хэлсэн үгнүүдийг санаж, ойлгож, ухаарч байна…” хэмээн   Анар найзууддаа ярьж, тэднийг ээжийнхээ энэ сайхан үг, сургаалаар сургамжлах дуртай гэнэ.

       … Арав гаруй жил хилийн цаана амьдрахдаа гэртээ нэг ч удаа ирээгүй охиноо санаж санаашрах эцгийнх нь сэтгэлийн бэтэг энэ хугацаанд томрон томорсоор хагарахад бэлэн болсон байгааг отгон охин Анараас өөр хэн ч эс гадарлах.

-Эгчтэй утсаар ярьсан.  Ажлаа хийгээд сайн байгаа гэнэ ээ…  Аав, та хоёрт мөнгө явуулъя… гэхээр нь:

       -Хэрэггүй ээ… Хүний газар хөлс хүчээ дуслуулан байж олсон хэдэн төгрөгөө өөртөө зориул… гээд таны хэлэх дуртай үгийг хэлчихлээ…

 Анарыг ингэж хэлэхэд аав нь ихэд олзуурхсан янзтай:

-Ашгүй, миний охин тун зөв үг хэлж. Өөрсдөө болж явбал мөнгө төгрөг илүүчлэх  нь ч яамай. Манай Анир уг нь их ухаантай, хэрсүү хүүхэд дээ…  гэснээ буруу хараад, үг дуугүй хэвтэнэ.

      Чогдон нүүрэн дээрээ ингэвч цаанаа огт өөр юм бодож байгаа нь илт. Анар ч аавынхаа байгаа төрх,  дууны өнгөнөөс  “Худлаа хэлснийг минь мэдээд байгаа юм”   хэмээн тун сайн гадарлана. Аав, охин хоёр ийнхүү бие биенийхээ харц, дууны өнгө гээд бүхий л байдлыг зөн совингоороо унших болжээ.

    “Гэр орондоо ирэхгүй ийм олон жил болно гэдэг яавч сайн яваа хэрэг биш. Утсаар ярихад дуу нь тээр цаана, их туниа муутай байна лээ. Миний дууг сонсонгуутаа уйлаад унадаг юм… Хань ижилтэй болсон л гэсэн. Ямархуу хүнтэй ханилсан юм бүү мэд. Дүү нь ярилаа, ярилаа л гэнэ. Намайг тайтгаруулж, аргадаад байгааг   мэдээд байгаа юм аа…”  Чогдонг ийм бодол урхидаад, салж  өгөхгүй. Оюутан цагаасаа эхлээд “Намын гишүүн” гээд лам хувраг, ном, тарниас их хол явсан хүн чинь одоо бол маани, тарнийг амнаасаа салгана гэж үгүй. Гэрээсээ гарч явсан үр хүүхдийнхээ төлөө энэ хүн ингэж  шаналж, шархирч байгааг бага охин нь хуваалцахаас өөр ах, дүү, хамаатан садан нь бол огт өөр бодолтой явдгийг хүртэл тэд андахгүй.

  Чондон эр ганц бие ч гэлээ ээжийн талынхан гээд нэлээд олуулаа. Нагацууд нь түүнийг “Чой” хэмээн авгайлна.

-Чой ах хэзээний айхтар хүн дээ. Хүү, охин хоёрыгоо гадагшаа явуулчихлаа. Хөгжилтэй оронд сурч ажиллаж байгаа охин, хүү хоёр нь овоо их мөнгө явуулж байгаа даа. Тэгэхэд Чой ах “Тэтгэврээ хүлээж байна… Тэтгэвэр… тэтгэвэр…” гээд бид нарыг мөнгө гуйчих вий гэсэн янзтай үргэлж муу амлах юм. Анар хүртэл сургуулиа төгсөөд шууд яаманд ажилласан. Цалин өндөртэй л байгаа. Харин аавынхаа дэргэд байсаар байгаад “Зожгирч гүйцлээ” гэж зарим нь ам булаалдаж байхад:

-Чой ах хэзээний давхар бодолтой хүн. Хоёр хүүхдээ гадагшаа явуулчихсан. Бага охиноо хүнтэй суулгахгүй яваад байна. Тэгж байгаад хаанахын хур баянтай суулгах бол….хэмээн атаархах аяс цухалзуулах нь ч бий.

 Ахан дүүс хүртэл атаархлын мананд умбаж явдаг нь хүмүүний мунхаг араншингийн илрэл юм хойно доо. Энэ бүх яриа Чогдонгийн чихэнд хүрнэ. Бас Анарын чихний хажуугаар өнгөрнө гэж үгүй.

-Яах вэ, өөрсдөд нь хэрэгтэй бол хачир хийж л байг. Манайхан ямар ч байсан өөрийнхөө зурсан зурагнаас нэг их хазайхгүй байх аа. Хазайлаа, хазайлаа гэхэд өөрсдийн  хил хязгаар, буух, буцах газраа мэдэх учиртай. Яагаад гэвэл өвөө, эмээ хоёр минь ямар их буян хураасан хүмүүс байлаа даа. Одоо ч тэдний маань хэлж сургасан үгс энэ биеэ авч явахад ямар их сургамж болж байгаа билээ… Ах, эгч хоёр минь тэдний сургаал, үг, тэр сайхан дэг жаягийг мартана гэж байхгүй…Гадаадынх ч гэсэн тэд бидний  адил хүн… хэмээн өөртэйгөө ярьж дотроо уужруулна…

                     ***                    ***                ***               ***                 ***

   …  Улаанбаатарын гудамж өнгө алагласан гэрлээрээ чимэглэгдэн улам өнгөлөг мэт санагдаад Чогдонгийн сэтгэлийг дагаад нүд нь хүртэл онгойсон гэлтэй. Шөнийн нислэгээр ирэх зочдоо хүлээж авахаар явж буй түүнд юм бүхэн тод, сайхан харагдана.

-Манай хот мөн сайхан болжээ. Миний хүү ирэлгүй удсан юм чинь улсын нийслэлээ хараад баярлах байх даа. Энэ олон сайхан барилгыг хар даа … Аав нь тун сая үзэж, харж байгаа юм шиг хөөр  догдлолоо ингэж илэрхийлэхэд Анар толгой дохих төдий хариу өгөв.

-Миний охины нойр хүрээ юү… Ахыгаа эхнэр, хүүхдээ дагуулаад ирж байхад урвайгаад…

  Чогдон охиноо ийн зэмлэх аядаад, суудал дээрээ өндөлзсөөр явж, хүрэх газраа очлоо.

       Шөнийн 00 цаг.   Олон улсын Нисэх онгоцны буудал хөл хөдөлгөөн ихтэй байв.

     “Өндөр” Чогдон гэж нуруугаараа өөрийгөө тодотгуулсан аав нь зайдуухан зогсоод угтан авагсдын толгой дээгүүр зорчигчид ирэх танхим руу хараачилна. Энэ үед Анарын түрүүхэн булингартаад байсан сэтгэл цэлмээд, ааваасаа дутахгүй догдлон зогслоо. Тэрбээр орж ирэх хүмүүс дотроос ахыгаа олж харах гээд өндөлзөн, өлмий дээрээ зогсч байтал инээд алдсан өндөр цагаан залуу, жижигхэн шар бүсгүй, жаахан хүүгийн хамт хөтөлсөөр ороод ирэв. Аав руугаа хартал хүүгээ олж хараагүй бололтой нэлээд зайдуу хараачлан зогсч байлаа. Анар:

-Аав аа.. гээд гараараа даллалаа. Ахаасаа нүд салгахгүй зогсох дүү нь амьсгалах чимээгээр  аавыгаа дэргэдээ ирснийг мэдэрч:

-Ах тэр байна… гээд чанга дуугаар хэллээ.

   Удтал хүлээсэн хүүгээ, эхнэр хүүгийн хамт угтан авсан Чогдон хэл нэвтрэхгүй бэр рүүгээ байн байн харж, ач хүүгээ хөндийхөн үнэрлэх аядан суухдаа “Манайх гэдэг айл гаднын дэн буудал шиг болох нь ээ дээ” хэмээн бодохдоо харуусал тээгээд байгаагаа  өөрөө мэдэрчээ. Гэвч тэрбээр хүү Сонорынхоо толгойг дахин үнэрлэж:

-Миний хүү чинь аавыгаа дууриагаад жигтэйхэн өндөр болж. Манай удмынхан угаасаа нуруу сайтай. Өвөө чинь амьд сэрүүн байхдаа:

-За Чогдон минь чи, нам ном… гээд бас их юм гээж мэдэх нөхөр шүү. Манай ургийн овгийг “Өндөр” гэдэг юм шүү. Одоо чинь овоо удам судраа дээдлэх, таниулж мэдүүлэх гээд ургийн овгийг тодруулж байгаа гэх шиг билээ… гэснээ улаан өнгө нь мэдэгдэхээ больсон баадан дотроос үүнийг өвөөд нь өгсөн юм даг гээд мөлхөж очин зурагтын тавиурын хажуу дахь шургуулгаа онгичив. Тэгснээ өөрийн гэх нандин зүйлээ хийдэг жижиг бор цүнхнээсээ даавуунд боодолтой баахан бичиг цаас гаргаж ирлээ. Аав, ах хоёрыгоо хараад Анар бие биедээ наалдан туулай шиг хярж суусан бэр, ач дүү хоёрыгоо төдийлөн анзаарсангүй. “Манай аав ухаантай хүн дээ. Хүүгээ буруутгаад яалтай билээ… хэмээн аль хэдийнэ сэтгэлдээ бүгдийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэхдээ мань хүн ахад мөн ч нандин юмаа үзүүлэх нь дээ…” Анар төсөөлж байснаа бодвол аль хэдийнэ тайвширчээ.

Аав нь эцгийнхээ өгсөн ургийн бичгийг хүүдээ үзүүлж, нэгд нэгэнгүй тайлбарлаж байгаа нь цаанаа учиртай гэдгийг Анар сайн мэдэж байлаа. Тэр хоёрыг бичиг цаасаа үзээд, бусдыг анхаарах сөхөөгүй байхад Анар солонгос бэр эгч, дүү хоёрыгоо сатааруулах гэж дохио зангаагаар арайхийн ойлголцлоо. Тэрбээр ахынхаа хүүхэд байх үеийн бас гэр бүлээрээ баяр ёслолын үеэр тогтмол хийж, он дарааллын дагуу хадгалсан видео бичлэгээ үзүүлэв…

   Санасныг бодвол Чогдон солонгос бэр, ач хоёрыгоо сэтгэл хангалуун угтсанд Анар шиг баярласан хүн үгүй биз.

       Гэвч хүүгээ ирсний дараа хэд хоног дуугаа хураасан Чогдон “Хар хүүхэд тэвэрсэн ч гэлээ миний муу охин ингээд хүрээд ирээсэй. Дэлгэцээр харахад охин минь ядрангуй байсан… Энэ хүү ч эхнэр, хүүхэд гэж хөлөө хугалчих гээд өвгөн намайг тоохгүй бололтой” хэмээн дотроо жаахан гоморхож суулаа.

    “Охин, хүү хоёрыгоо хүнтэй суусан. Үр хүүхэдтэй болсон…” гэхээр магнайгаа тэнийтэл  баярлаж байсан болохоос биш “Хаанахын хэнтэй суусан бэ…”  гэдгийг сонирхсонгүй дээ гэх харуусал түүнийг эзэмдэн, хоолой дээр нь бүлх шиг юм тээглэж тэвхдээд байлаа…

                           ***            ***            ***             ***           ***

    Өглөө эрт босоод гэр орноо янзалж байгаа охиноо хараад аав нь:

-Миний охин яасан эрт босоо вэ… хэмээн асуухдаа “Муу охин минь энэ айлыг авч явж байна шүү” гэсэн магтаалын өнгийг хавчуулж чадав.

 Хаалганы хонх дуугарч, гаднаас Сонор баахан юм бариад орж ирлээ. Дэлгүүр  ороод ирж байгаа бололтой. Чогдон хүүдээ үг хэлсэнгүй, шуудхан угаалгын өрөө рүү орохдоо “Эд нар найз нөхдөө урьсан юм болов уу. Тэгвэл надад дуулгамаар юм. Ямар ч байсан хоол унд бэлтгээд байна даа…” хэмээн боджээ.

   Анирыг ирэх гэж байгааг аавдаа хэлээгүй.

-Цаадахыг чинь хүүхдээ тэврээд ирэх гэж байгааг мэдэх юм бол аав нэг хэсэг үглэнэ. Бухимдана. За, тэгээд даралт нь ихэснэ. Хүрээд ирсэн хойно нь юу болох нь дүүрч… Ахынхаа энэ саналыг дүү нь ч дэмжжээ. Ийнхүү хуйвалдсан ах, дүү хоёр хоол унд бэлтгэж, гэр орноо янзалж байснаа бага үдийн хэрд Сонор машины түлхүүр аваад гарахыг Чогдон анзаарчээ. Гэвч хаашаа явж байгааг лавлаж, шалгаасангүй…

               ***              ***               ***              ***            ***

    Хөрш өвгөнийдөө орж хөзөр тоглох гэснээ больж, хүүтэйгээ хоёулхнаа гангар гунгар гэх бэрийгээ хараад зүрх нь шимшрэх шиг болсон Чогдон:

-Яах аргагүй миний  үр удам даа, хөөрхий… хэмээн ач хүүгээ өхөөрдөн зогсов.

  Бэр нь хачин чанга дуугаар хэдэн үг хэлэхэд ач хүү   Ху Си Сон нь Чогдонгийн өөдөөс   гүйж очоод, хоёр гараа өгөхөд:

-Эвий, өвөөгийн хүү… гээд хоолой нь зангираад иржээ. Тэгснээ сөхрөн сууж, ач хүүгээ өхөөрдөх зуураа:

– Хоёулаа хэзээ нэг юм хэл нэвтэрдэг болно доо … гэснээ:

-Миний хүү, монгол хэлийг маш хурдан сураарай мэдэв үү… хэмээн ихэд аминчлан хэлэхэд ач нь юун тухай хэлснийг зөн совингоороо мэдрэв үү гэлтэй малилзтал инээж байлаа.

     Өвөө, ач хоёрыг ийн байтал хаалгаа гаднаас нь түлхүүрээр онгойлгоод Сонор жижгэвтэр хар цүнх оруулж ирснээ хувцасны өлгүүрийн тавиур дээр тавив. Араас нь Анар, тэгээд хар хүү хөтөлсөн охин нь орж ирлээ.

      Солонгос бэр, ач хүү хоёртойгоо эв гаваа олж чадахгүй мунгинаж байхад нь Чогдонгийнд дахиад ийнхүү зочид ирэх нь тэр.

   Уруул дээрх том мэнгээр нь охиноо таньсан Чогдон:

-Миний охион… гээд дуу алдан Анирыг тэвэрч авлаа. Энгэрт нь наалдан мэгшүүлэх охиноо зөндөө удаан тэвэрч зогсохдоо бөмбөрч ирсэн нулимсаа эс тоон:

-Ээ Бурхан минь… миний охин… хэмээн  амандаа бувтнаж байлаа.

     Аав, эгч хоёрынхоо санасан сэтгэлийн хүлээс хэрхэн тайлагдахыг хараад уйлж зогссон Анар “Аавын минь элэг ингэж дэвтэх гэж…” хэмээн бодоод, эргэж гал тогооныхоо өрөө рүү ороход бэр эгч нь аль хэдийнэ хоол, цай хийж бэлэн болгосон байлаа. Чанасан цайгаа амтлуулах гэж аяганд хийж өгөв. Хэзээний монгол хүн шиг гурилыг шар тосоор багсарч хийцлээд их сайхан цай чанажээ. Анар бэр эгчийгээ эрхий хуруугаараа шагнаад, ширээ засах бэлтгэлдээ орлоо…

Чогдон том охиноо тэвэрч хушуугаа салгахгүй шахам үнсч зогсохдоо “Ээжээсээ холдчих вий” гэсэн шиг ийш, тийш бүлтэлзэн, хормойноос нь тас зууран зогсох     хүүг анзаарсан шинжгүй.

   Нүдний цагаанаас өөр цайвар юмгүй шахам тас хар хүүг цочсон юм шиг гэнэт харснаа:

-Алив, өвөөдөө ир… хэмээн сулхан дуугараад, хоёр гардан тосон авч, хүүг өргөх гэсэн боловч Чогдон даасангүй юу, аль эсвэл жийрхсэндээ тэр үү, духан дээр нь үнэрлэх аядаад, харц буруулав.

     “Аль улсын болоод арьсны өнгө ямар байх нь хамаагүй. Таны охин тээж төрүүлсэн мах цусны чинь тасархай. Тийм болохоор аав минь тэд нарын амьдралд   оролцож, үр хүүхдийг нь голж, шилэхийн хэрэг юу байгаа юм бэ? Тийм биз дээ, аав аа?…” Анарын байнга ингэж хэлдэг үгийг хэдэнтээ амандаа давтавч Чогдонгийн цээжин дээр бөөн хар юм тээглэчихээд яах ухаанаа ч олсонгүй…

       …Сонор, Анар хоёр хоорондоо ярьж, удаан зөвшилцсөний эцэст  “Анирыг яаралтай ирүүлье” хэмээн шийджээ. Тэгээд ах нь дүү рүүгээ зардлын мөнгө шилжүүлснээр Анир ийнхүү гэрээсээ гарсан 11 дэх жилийнхээ зун аавынхаа гэрийн босгоор алхан орж ирсэн нь энэ.

    … Очсон өдрөөсөө хойш туулсан бүх амьдралаа аав, ах, дүү гуравтаа ярьж өгөв.

        …Эхэндээ над шиг аз жаргалтай хүн байгаагүй ээ. Үйлдвэрийн ажилчдаас хамгийн өндөр цалинг авдаг байлаа. Гэхдээ энэ их баяр баясгалан удаан үргэлжлээгүй. Надтай суусан тэр  африк гаралтай эр их муу хүн байсан… Түүнийг дагаж, гэрт нь очоод гэрийн үйлчлэгч, зарц нь болсон. Хүүгээ төрүүлчихээд удаагүй байхад:

 -Харь, яв… гээд нохой шиг хөөж, зодсон…

      Нутаг буцмаар байвч “Та нарын нүүрийг яаж харна аа” гэхээс халшраад чадаагүй. Намайг хүрээд ирэхэд ингэж тэврээд угтахыг чинь мэдэж байсаан. Гэхдээ бусдын юу гэж хэлэх, ярихыг аав минь сонсоод яах бол гэхээс яс хавтайгаад, буцаж, чаддаггүй байлаа.

-Чогдонгийн том охин эцэггүй хүүхэд тэврээд ирж гэнэ ээ.  Тэр хүүхэд нь бүр хар арьстаных… гээд. Аав минь ийм яриа таны зүрх сэтгэлийг урж тасдах хэцүү биз дээ…  Гэвч би таны нэрэнд, бүр удам судартаа ийм толбо суулгасан муухай хүн… Ингэж хэлээд Анир эхэр татан зөндөө уйлав. Сонор, Анар хоёр ч дагаад уйлжээ. Харин хамгийн түрүүнд уйлах болов уу гэсэн аав нь дусал нулимс унагаасангүй. Царай нь хүрэнтэн хөрхийгөөд, юу юугүй шуурах гэж байгаа тэнгэр шиг тавгүй харагдана.  .

     Энэ үед Сонорын эхнэр тэдний хэлийг ойлгохгүй ч юу болоод байгааг маш сайн ойлгоод, жижиг өрөөнд хөдөлж ч чадахгүй, хань татаж байгаа нь тэр биз, хүүгээ тас тэвэрч суулаа.

     Чогдон хар цагаан дуугүй суусаар… Гурван хүүхдээ тойруулан духаараа харах нь тэднийг зэмлэж байгаа нь илт. Анир дотроо удаан тээж явсан шаналгаагаа нулимсаараа арайхийн дундлав уу гэлтэй хажууд нь наалдан суух хүүгээ үнсэнгээ уртаар амьсгаа аваад яриагаа үргэлжлүүлэв.

-Ээжийгээ нас барчихлаа… гэдгийг сонсоод уйлж суухад тэр муухай амьтан:

-Чи энд битгий уйл… гээд намайг гэрээсээ  гаргаж хөөсөн… Гэхдээ ингэж явсан нь зөвхөн миний буруу… Би аавынхаа үгэнд орсон бол ээжийгээ сүүлчийн замд нь ч үдэж чадахгүй харамсч, харгис эрийн гарын чилээг гаргаад суухгүй байсан… Намайг уучлаарай, та нар минь… Би сайн сайхан ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол энэ гэр өнөөдөр арай өөр уур амьсгал, хөг аялгуутай байх байсныг мэдэж байна…

    Анирын яриаг хэн ч тасалсангүй. Хэн нэгний нус татах хамрын чимээ, нулимсаа шудрах нь сонсогдож байлаа… Аягатай цайнаас дөнгөж амсаад яриагаа эхэлсэн эгч нь шөнө дунд хүртэл үргэлжлүүлэв…

    Хүүхдүүд нь эсэн мэнд хүрээд ирцгээсэнд баярлавч, цээж нь давчдаад байгаагийн учрыг Чогдон өөрөө ч сайн мэдэхгүй байлаа…

    Энэ үед 20 гаруй жил ханилсан ханийгаа үгүйлж, “Хүүхдүүдээ ингэж явааг хараад намайг зэмлэж байгаа даа…” хэмээн өөрийгөө буруутгаж хэвтэв.

                        ***                 ***                 ***               ***                ***

     Аавынхаа бэлгэнд өгсөн байрыг томсгон шинэ хороололд төвхнөж авсан Сонор эхнэртэйгээ Солонгос руу нисч, Улаанбаатарт буудаллах маягтай амьдралаа хөөгөөд, аавдаа зэмлүүлэх цаг завгүй явлаа.

    Харин Анир гэр дотроо ч бага үзэгдэн, хүүтэйгээ хамт өрөөндөө шигдэнэ.

    Чогдон зээ хүүтэйгээ байтугай мөрөн дээрээсээ буулгалгүй шахам эрхлүүлж өсгөсөн  охинтойгоо  урьдын адил халуун дотно байж чадахгүй байв. Охиноо хүний нүүр харж чадахгүй ингэж шаналж байгаад нь санаа зовсондоо ингэж байснаас бус тэгтлээ үзэн ядаагүйг аавынх нь дотор хүнээс хэн ч мэдэхгүй. Хааяа зээ  хүү Жеймсийгээ өхөөрдөх аядавч цаадахь нь бишүүрхэнэ. Хэлийг ойлгохгүй юм чинь “Энэ хүн намайг хайрлаад байна” гэж ойлгохгүй. Арга ч үгүй биз, бараг арван нас хүртлээ өөр хэлтэй, өөр төрхтэй ийм өвгөн хараагүй амьтан чинь.

     Өвөө, зээ хоёр ойлголцож чадахгүйн хажуугаар “Хар арьстаны хүүхэд, харийн хүний цус гэсэн” нэг тийм таатай биш байгааг аавынхаа амьсгалаас хүртэл анзаарах Анир гомдлын манангаас гарч үл чадна.

-Аав таныг ямар их хайрлаж өсгөлөө дөө… Та ч өөрөө сайн мэдэж байгаа. Жеймсийг хайрлавч яахаа мэдэхгүй хэцүү байгаа. Хоёр биедээ дасахад бас хугацаа орно. Шууд ойлголцож, хэл нэвтэрдэг бол эрхлүүлээд, тоглуулаад явахыг хүсч байгаа, тийм биз дээ. Эгч минь та өөрөө “Би хар арьстаны хүүхэд гаргасан” гээд өөрийгөө зэмлэж, гэмшээд, тэр зовиур шаналалдаа бүр автчихжээ. Одоо тэр муухай бодол, гэмшлээсээ сал…

 -Бид хоёр ирсэн биш аав тайван  сууж чадахгүй байх шиг байна. Миний хүү яаж   хөөрхөн харагдах вэ дээ … гээд гоморхлын нулимс унагаасан эгчдээ Анар ингэж хэлжээ. Тэгтэл Анир:

-Над руу ч эгц харахгүй байгаа аавынхаа дэргэд ингэж байх хэцүү байна… хэмээн улам гомдоллон:

-Хэрэггүй ирж дээ. Харгис тэр амьтны гараас амьд мултарсан юм чинь хүүгээ дагуулаад явахад бид хоёрыг хэн таньж, мэдэж, ад шоо үзэх билээ дээ… хэмээн өө сэв хайсан, гоморхол тунирхлаасаа салж чадахгүй байгаа үнэн төрхөө нуусангүй. .

   Эгчийгээ тэр харгис эрээс болж ямар аймхай, дээрээс нь ямар их гомдомтгой болсныг   анзаарч мэдсэн дүү нь:

-Эгч минь та, яг одооноос эхлээд өөрийгөө буруутгахаа бүрмөсөн орхи. Таны буруу гэж юу байгаа юм бэ… Яадаг юм бэ, хөөрхөн хүүтэй болсон. Хаанахын, хэний хүүхэд байх нь зөвхөн манай удам сударт хэрэгтэй юү гэхээс бусдад огт хамаагүй. Харин ч хэлтэй устай, гадагшаа яваад юм үзээд ирсэн миний эгч үе тэнгийнхнээсээ огт өөр байх ёстой… гэж хэлэхэд Анир нулимстай нүдээрээ инээмсэглэлээ.

    “Нээрэн, би их муухай зан авиртай болжээ. Хүүг минь юу гэх бол… Намайг тэгж бодож байгаа болов уу… Миний хүүг ингэж байгаа байх… “ гээд өөрийнхөө муухай бодлоор төсөөлж, аавыгаа буруутгаад байгаа нь үнэн шүү. Манай энэ  Анар аавын дэргэд байсаар байгаад улам хэрсүү болчихож шүү… “  Анир ингэж өөрийгөө зэмлэж үзлээ. Тэгснээ “Хэдий хүртэл  ингэж  айж эмээж, гоморхож, муу бодол төсөөллөөсөө болж, хүүгээ хүнээс холдуулж явах билээ дээ” гэсэн бодлоор өөрийгөө зоригжуулав…

   …Далан насыг насалсан өвгөн ч дотроо “Миний охиноос гарсан үрийг би хайрлахгүй бол хэн хайрлах вэ… “ хэмээн өөртэйгөө олон хоног яриад нэг өдөр:

Ширээ  тойрон өглөөний цайгаа ууцгааж сууснаа:

-Өвөө нь хүүдээ нэр өгнө. Сайхан монгол нэр…гэснээ Анирыг юу гэх бол гэсэн янзтай харж байснаа:

-Миний хүүгийн нэр Жинхүү…  гээд зээгийнхээ буржгар хар үсийг хэдэнтээ илж духан дээр нь үнэрлэв. Тэгснээ:

-Аав нь зээдээ Жинхүү, ачдаа Ханхүү гэдэг нэр өгөхөөр шийдлээ. Ямар байна… гээд хоёр охин руугаа харлаа.

-Миний хүүд ёстой сайхан нэр олжээ, аав аа. Надад таалагдаж байна. Миний хүү өвөөгийнхөө өгсөн энэ сайхан нэрийг сэвтүүлэхгүй, амьдралд жин дарж,  сайн сайхан явах болтугай… хэмээн Анир ихэд баярлан хэлэхэд:

-Надад ч гэсэн Жинхүү, Ханхүү гэдэг нэр таалагдлаа. Манай аав ийм ухаантай хүн дээ. Ямар олон хоног бодож байж, ийм сайхан нэр олсон бол … хэмээн Анар аавыгаа догиогоод авлаа.

     Хэд хоногийн дараа ойр дотныхноо урьж, Жинхүү, Ханхүү хоёрыгоо   танилцуулсан хөөрхөн цайллага хийжээ.

                             ***                 ***                ***               ***              ***

      Өвөө нь зээ хүүдээ монгол хэл заахаар шийдэв.  Анир ч дуртай байлаа.

    “Би бага ангид байхдаа ааваараа л унших тэр тусмаа цээж бичиг бичих даалгавраа дандаа ааваараа заалгадаг байж билээ. Ээжийгээ “Хичээлээ давт. За   уншаадах” гэхээр “Аавыг ирэхээр уншина…” хэмээн зөрүүдэлдэг байж билээ. Аав бид хоёр яах вэ дээ, арын хаалгадна шүү дээ. Цээж бичиг хийлгэж байгаа мөртлөө аав хэцүү үгийг харуулж байгаад бичүүлнэ. Тэгсэн мөртлөө ээж, ах, эгч нарт мэдэгдэхгүй гээд тэр үгээ нэг их айхтар чангаар дахин, дахин хэлж өгнө өө. Яг тэр үед би чинь номноосоо хуулаад сууж байгаа юм чинь. Мөн эрх байсан шүү…” Аавыгаа  маш сайн “багш” гэдгийг багын энэ дурсамжаараа сэргээсэн Анир хүүдээ ном, дэвтэр, үзэг, харандаа тэр байтугай хамгийн гоё цүнх авч өгөв.

-Гэрээр сайн зүгшрүүлж, ярьж чаддаг, ярьсныг ойлгодог болгоод сургуульд оруулахад миний хүү хүний дор орохгүй ээ. Өвөө нь зээгээ ингэж магтаад өөрийн гэсэн цагийн хуваарь гаргажээ. Ийнхүү монгол хэл сурахаар “багш сурагч” хоёр үзэж таржээ.

    Жинхүү хэдийгээр удаан ойлгох авч ойлгосноо мартана гэж үгүй. Сарын дотор өвөөгийнхөө заасан бүх үсгийг сурч, үсэглэж уншаад, ярихдаа ч овоо болчихож. Харин Жинхүү хүний ярьсныг ойлгохдоо нэг л эвээ олохгүй байлаа. Нэгэнт уншдаг, бүх үсгээ мэддэг болсон учраас зээгээ шууд яриулах, ярьсныг ойлгуулах гэж өвөө нь шамдав. Тиймээс өдөрт “Ярианы цаг” гаргаад өвөөгийнхөө ярьсныг Жинхүү буцааж өвөөдөө ярьж өгдөг болжээ. Энэ хичээл Жинхүүд нэлээд банга хүртээхээс гадна өвөө нь:

-Намайг тоохгүйдээ ингэж байгаа юм. Эхийнхээ хэлсэн, ярьсныг их сайн ойлгоод яриад байгаа юм…  хэмээн гоморхоно. Хөгшин, залуу хоёр ийн сайдаж, муудаж өдөрт   уйдах, үглэх завгүй болсонд хоёр охин нь ч таатай  байлаа…

  Өвөө, зээ хүү хоёр хоорондоо ойлголцон, хичээл ном гээд сатаарах юмтай болсон нь Анирын сэтгэлийг уужруулж, гоморхлын манангаас холдуулав.

 Гэрийн мухар сахихаа больсон Анир найзынхаа дэлгүүрт лангуу түрээслэн метрийн бараа худалдах болжээ. Хааяа Анарыг найз залуугийнхаа урилгаар үзвэрт явбал хамт явна… Алсын Бангладешт байсан айдас, жихүүдсээсээ Анир ингэж бага, багаар салж байлаа…

    Гэтэл нэг өдөр Анирыг гаднаас орж ирэхэд Жинхүү уйлчихсан сууж байв. Хүүгээ харсан эхийн дотор давчдаад ирсэн ч анзаарч мэдээгүй дүр эсгээд өрөө рүүгээ оржээ. Том өрөөнөөс аавынх нь зандчих дуу сонсогдоно…

Гэвч Анирт хүүгийнх нь нулимс харагдаад, өөрөө ямар их уйлдаг байснаа бодохоос өр нь өмрөөд болж өгсөнгүй. “Зовлон л гадагшаа нулимс болж урсдаг юм билээ. Баярын нулимс огт өөр байдгийг би мэднэ….”  Ийм бодолдоо дийлдсэн Анир өрөөнөөс ухасхийн гарчээ.

-Жеймс, Жеймс … миний хүү нааш ир…

 Охиныхоо уцаартай дууг сонссон Чогдон:

-Бүр цаанаасаа зөрүүд монди… Хэнийгээ дууриагаад ийм байдаг бол… Хоосон толгойтой хүн хол явахгүй дээ… хэмээн эх рүүгээ гүйсэн зээ хүүгийнхээ араас  чангахан зэмлээд авав.

Хүүгээ ингэж зэмлүүлж, загнуулах нь Анирт хүнд зодуулж, нүдүүлэхээс дор санагдана. Том алаг нүдээ шудраад ээж рүүгээ бүлтийтлээ харж зогсох хүүгээ хараад:

-Аавдаа хаягдсан. Өвөөдөө ад болсон… яасан азгүй хүн бэ…гэснээ Жинхүүг тэврэн авангуутаа Анир сөхөрч суугаад уйлав.

-Ээж ээ, та яагаад уйлаад байгаа юм бэ. Өвөө намайг загнаагүй ээ. Би хичээлээ буруу хийсэн юм…

    Хүүгийнх нь наснаасаа илүү ухаантай хэлсэн энэ үг эхийнхээ сэтгэлийг улам хайлуулж орхилоо.  “Миний хүү намайг өрөвдөөд, нулимсыг минь харахгүй гэсэндээ ингэж хэлж байгаа юм. Муу, муухай хүний хүүхэд гэдгийг мэдсээр байж хэнийгээ дууриадаг байна гэж дандаа хэлдэг…”  Үгийн сэжүүр бүхнийг өөр дээрээ авчирч булуу хураадаг гоморхлын хар манандаа яах ийхийн зуургүй умбасан Анир хүүгээ өмөөрч, аавыгаа буруутгаж суув…

                                       ***            ***            ***                ***               ***

      …. Ажил, гэр хоёрын хооронд ч газар гишгүүлэхгүй шахам халамжилдаг байсан Жек хүүгээ төрүүлснээс хойш хүйтэн хөндий хандах болсон. Хонх дарахгүй хаалгаа пижигнүүлэн нүдэхэд нь л нөхрийнх нь төрх харагдаж, Анирын амьсгал давхцаж эхэлдэг байж.

        Усан хаяа татсан нүдээ үл цавчин өрөөсөн хацар нь татваганан хашгичих хар арьст эрийг аргадах, аялуулах гэж бүсгүй бушуухан бүх хувцсаа тайлан орондоо орно. Хөлчүү эрийн мунаглан тачаадах хүслийг хангахын тулд Анир порно киноны жүжигчний дүрд хувирдаг байв. Эхэн үедээ Жекийн харгислалыг ийнхүү эр, эмийн ажлаар номхруулдаг байсан бол яваандаа янаглал, яргалал хоёр нь зэрэгцэж, заримдаа бүр босч, хүүгээ хөхүүлж ч чадахгүй хэвтэрт ордог байлаа.

         Өдрөөс өдөрт Жекийн өнгө төрх, байгаа байдлаас ой нь гутах бүсгүй аав, ээжийнхээ үгэнд орохгүй зөрсөөр байгаад Чехэд ирсэндээ, харгис эрд ухаангүй  дурласандаа харамсах болжээ.

    “Хайртай юм чинь миний яаж явах хэнд ч хамаагүй” хэмээн зүтгэдэг байснаа, “Жекийн дурлал яагаад дарлал болов”… гээд уйтайхан үргэлжилсэн амьдралынхаа тухай Анир эргэцүүлнэ…

          “Бангладешийн буйдхан тосгонд, ядуу айлын гэрт өссөн гэх харгис, хар арьст эрээс салаад, нутаг буцах”…

   Элссэн сургуульдаа оролгүй энд ирээд “Хүний дор орохгүй” гэх  хоосон бодолдоо чирэгдэж энэ хүрсэн Анир “Алдаагаа засах ганцхан зөв зам нь энэ” гэдгийг мэдэж байвч Жекээс салж чадахгүй зууралдсаар байлаа.

          “Хар арьстанаас хүүхэдтэй болоод хоцорсон гэсэн… Эцэггүй хүүхэдтэй…” гэж эхлээд л түүнийг тойруулан юу гэж ярих бол…?

     Ийм ярианаас айж, ичсэндээ Анир зовлонтой амьдралдаа шигдэн зууралдсаар байж. Жек түүнийг энэхүү бодолдоо хүлээтэй байгааг сайн мэддэг учраас зодож, занчин, зугаагаа гаргах төдий гэртээ орогнуулсаар арван хаврыг үджээ…

      Сэтгэлд нь гуниг, харууслын шарх үлдээсэн он, жилүүдийг бодож хэвтсэн бүсгүй нойрондоо дийлдэн унтаж байгаа хүүгээ биедээ наан улам чанга тэврэхдээ “Миний хүүг хэн хайрлах юм бэ…” гээд дахин эхэр татан уйлав.

    Ажлаасаа ирээд аав, эгч хоёрынхоо байдлыг анзаарсан Анар үг дуугүйхэн өрөөндөө оржээ. Тэрбээр унтахаар хэвтсэн боловч нойр нь хүрсэнгүй.

 Эгчийнхээ уйлж байгааг мэдсэн мөртлөө  өрөөнд нь орж зүрхлэлгүй, өлмий дээрээ гэтсээр үүднээс нь буцжээ.

“Өөртөө гомдсон хүн өрөөлийн үг, үйлдлийг бүү хэл  сүүдрийг нь өөр дээрээ наагаад байдаг юм байна… Тэгээд дандаа “Намайг тэглээ, хүүг минь хар болохоор ингэж байна” гэхийг яана… Эгч минь хэзээ энэ гутрал, гоморхлоосоо салах бол…   Хариулт олддоггүй энэ л асуултанд   ээрэгдэх  Анар эргэж хөрвөөсөөр байлаа. Аав нь байсхийгээд хий ханиалгах нь унтаагүйн шинж.  Хажуугаас халуу төөнүүлэн хэвтэх  хайртай залуугаа хүртэл худлаа унтаж байгааг Анар мэдэрч байлаа.

                              ***                 ***                ***               ***               ***

        Голомт залгах хүү нь солонгос бүсгүйтэй гэрлэсэн. Том охин нь хар арьст эрийн үр удмыг тээж төрүүлсэн… Энэ бүгдийг харсан эцэг хүний хувьд нүүрэн дээрээ ил шууд эсэргүүцээд сүйд болж чадахгүй ч  дотор сэтгэлдээ өөртэйгөө зөрчилдөх Чогдон эхний хэдэн сарыг нэлээд цухалдуухан өнгөрүүлжээ. Гэвч цаг хугацаа аяндаа түүнийг элдсэн арьс мэт зөөлрүүлсэн байна…

        Өглөө гараад дэлгүүрийн лангуун дээр сууж байгаад орой эрт хүрээд ирдэг Анир нэг л өдөр:

-Аав аа, охин нь  хүнтэй суухаар болсон… Хөдөөний, их сайхан тохитой хүнтэй учирсан. Одоо хүн шиг сайхан амьдарна аа… гэжээ.

Чогдон эхлээд итгэхгүй байсан мөртлөө цааш лавлаж чадахгүй гайхаж суув. Анир цоглог хар нүдэндээ  гэрэл татуулан инээгээд аавынхаа дэргэд ирснээ:

-Та баярлахгүй байгаа юм уу гэв. Халуун савтай цай авчирч аавынхаа өөдөөс харж суусан охин нь ханиараа сонгосон залуутайгаа яаж танилцсан тухайгаа ярив…

-Хоёр хоногийн дараа охин нь хөдөө явна… гээд жигтэйхэн баяр хөөртэй байлаа.

  Охиныхоо яриаг эхлэхээс дуустал чимээгүй чагнан дүнсийж суусан  Чогдон:

-Хүний хүүхэн авах гэж байж ёс төр хийдэггүй хэрэг үү… хэмээн амандаа бувтнажээ.

 -Аав минь тийм ёс төр хэрэггүй ээ. Охин нь ямар анх удаа хүнтэй суух гэж байгаа биш. Тэднийхэн бэр гуйна, энэ тэр гээд сүйд болсон гэсэн. Би цааргалж, арайхийн болиулсан. Амьдрах гэж сүртэй ёслоод яах вэ. Харин ёс төртэйхөн амьдаръя гэж бодсон юм.

   Энэ үг аавд нь таалагдав бололтой толгойгоо дохин, муухан мушийж харагдав… Тэр оройжингоо Чогдонгийнх хөл хөдөлгөөн болж, Анир, Жинхүү хоёрын хөдөө явах бэлтгэлийг базаах ажил өрнүүлжээ…

Тусдаа гараад удаагүй байгаа Анар, Тэнүүн хоёр ирж эгчийнхээ хамаг юмыг цэгцлэн, аавындаа хонов. Эгчийгээ “Хөдөө амьдарна. Малчин хүнтэй сууна” гэхэд эхэндээ дурамжхан байсан дүү нь одоо явуулах гээд догдолж суугаа нь учиртай.

Ж.Дүүрэнжаргал

/Үргэлжлэл бий/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/07/30 17:01

    Бангладешт Жек нэртэй хар арьстан байж болдог л юм байх даа

    (0) (0)