Өвөөгийн өчиг / Тууж/

2017 оны 11-р сарын 03 өдөр, 07 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uvuuu

2-р хэсэг

Найз нь Вьетнамаас шинэ бараа татаж ирсэн өдөр. ҮЙлчлүүлэгч олон байлаа. Анир шинэ  торго, дурдан бүрийн тухай сонирхсон хүмүүст хэлж өгөөд тун завгүй өнжжээ. Дэлгүүр хаах цаг дөхөж, арай нэг уужуу амьсгаа аваад сууж байтал харваас хөдөөний нэг залуу орж иржээ. Ер нь торго, бөс бараа сонирхдог, авдаг үйлчлүүлэгчдийн олонхи нь хөдөөнийх. Анир тэдний сонирхдог өнгө, материалыг   андахгүй сайн мэднэ. Бү юу хийхэд хэдэн метр, ямар хэмжээтэй орохыг андахаа больсон. Товчхондоо бол хөдөөнийхний зан ааш, эдэлж хэрэглэдэг эд зүйл, хүсэл сонирхол нь хүртэл түүнд таалагдах  болжээ.

        Цагаан өнгийн торгон дээр нөгөө залуугийн нүд тусахыг анзаарсан бүсгүй:

-Хүр хорхойн торго. Ус, чийгэнд үрчийхгүй. Нар салхинд өнгөө алдахгүй… хэмээн   магттал:

-Шүлсээр нь хийсэн торго ийм сайхан байгаа юм чинь тэр хорхой мөн гайхалтай амьтан байгаа  байх даа… гэж ёжлонгуй хэлжээ.

  Тэрхэн зуур Анирт хэлэх үг олдохгүй байгааг залуу анзаарав бололтой:

-За, за наргисан юм. Энэ их сайхан торго байна. Овоо өргөн энтэй юм уу даа гэжээ.

-Та эхнэртээ дээлний торго авах гэж байгаа бол таван метрээс наашгүй. Анирыг ингэж хэлтэл нөгөө залуу инээд алдсанаа:

-Заавал эхнэртээ байдаг нь юу билээ дээ… гээд ичингүйрэх маяг үзүүлэв.

“Дэмий үг хэлж” хэмээн бодоод Анир:

-Харин тийм ээ, уучлаарай. Одоо манай эрчүүд дээлээрээ их гоёдог болсон. Эр хүнд нагаан өнгө  их сайхан зохидог шүү… хэмээн алдаагаа залрууллаа.

-Би морь, малтай зууралдаж явдаг хүн мөртлөө цагаан өнгөнд дуртай. Энэ жил манай нутагт том наадам болно. Тэгээд наадмынхаа гоёлыг бэлтгэх гээд торго сонирхоод байна. Би танай дэлгүүрт их олон ирсээн. Их сайн, чанартай торго даавуутай сайхан дэлгүүр гэж мэднэ. Дээрээс нь ийм сайхан бүсгүйн гараас авсан эд ямар дэгжин хувцас болно гэж санана… Залууг ингэж хэлэхэд:

-Манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэгт баярлалаа. Тэр тусмаа миний гараас авсан бараа тийм сайхан хувцас болдог бол ямар гоё юм бэ… Баярлалаа… гээд Анир инээжээ.

    Найман метр цав цагаан торго аваад гарсан тэр залуу маргааш нь дахиад иржээ. Тэр хоёр хэзээний танилууд шиг уулзан, ойр зуурын хэдэн үг сольсныхоо дараа:

-Миний алдар Тавхай… гэж өөрийгөө танилцуулсан залуу:

-Цамц хийх материал сонгож өгөөч… гэсэн байна.

  Анирын сонгож өгсөн шаргал туяатай мяндсан зөөлөн торгыг авсан залуутай хэзээ хойно ингэж дотносно. Бүр нэг гэрт орж нэгэн насны амьдралаа хамт туулах дээрээ тулна гэж Анир төсөөлөөгүй. Бараг долоо хоног бүр ирэх болсон Тавхай нэг  өдөр:

-Чи миний эхнэр болооч… хэмээн шулуухан хэлжээ. Анир бантаад дуугарч чадалгүй шахам явуулсан атлаа бодол сэтгэлдээ хөдөөний хөрслөг бор залууг тээгээд хоцорсон байна. Ханхар өргөн цээжтэй, өтгөн хөмсөгтэй, өндөр нуруутай, үг дуу цөөнтэй юм шиг атлаа хошиндуу яриатай,  жигдхэн цагаан шүдээ гайхуулан инээх нь бүр ч сайхан харагддаг Тавхай бүсгүйн сэтгэлийг эзэмджээ.

     “Хэзээ ирэх бол” гэхээс ажил руугаа яарч, “Хаагаад явангуут ирчих болов уу” гээд хамгийн сүүлд гарах болсон Анирыг дүү нь зэмлэнэ.

-Мал мэдэхгүй. Ажил муутай… Та больж үз… Хөдөөнийхөнд гологдоно. Тэр залуу чинь тэнэг л биш бол юу гэж хотын юу ч мэдэхгүй таныг эхнэрээ болгох гэж байх вэ дээ. Эрчүүд болсон хойно нэг хоёр хоногийн   юм бодож байгаа ч юм билүү…

   -Аавд хэлбэл баярлана. Удам сайтай, жинхэнэ монгол эр хүн…  гээд. Гэхдээ аавдаа хэлэхгүй ээ. Гэнэтийн бэлэг болгож нэг удаа ч гэсэн баярлуулъя.      Дүүгийнхээ зэмлэл, эсэргүүцлийг огт тоохгүй ийм юм ярих эгчийгээ гайхаж:

-Та “Өөрөө унасан хүүхэд уйлж болдоггүй ээ” гэдэг үгийг махандаа шингэтэл мэдэрч, ойлгосон хүн. Тэгэхээр одоо зөв сонголт хийх биз дээ…  хэмээн хэлснээс хойш дахиж Тавхай тэр хоёрын хайр сэтгэлийн тухай ярилгүй орхижээ.

   Нэг удаа Анир дүүгээ ажил ихтэй байгааг мэдсээр байж:

-Миний дүү заавал зав гаргаарай. Тавхай ах чинь ирсэн. Та нарыг кинонд урьсан. Жинхүүгээ дагуулаад, Тэнүүнтэй хамт хэдүүлээ кино үзээд, дараа нь хоолонд оръё. Цаадахь чинь:

-Удахгүй чамайг, хүүтэй чинь авч явна. Тэрнээс өмнө ядаж дүү нартай чинь танилцъя. Жинхүүтэй уулзъя гээд байна. Тэгэхгүй бол чамайг хэн хааш нь аваад явж байгааг яаж мэдэх юм бэ. Ямар оргуул босуулууд биш.. гээд баахан юм яриад байна. Манай тэр чинь аавтай яг адилхан, ёс жаяг ярих дуртай… гээд аминчлан   гуйсаар Анарыг зөвшөөрүүлжээ.

    Савхин хүрэм, бас ч шаггүй чанартай жийнсэн өмд, шаавай дэгжин ботинкоор гангарсан залуу кино театрын үүд хавиар эргэлдэн ийш тийш харуулдах нь хүн хүлээж байгаа шинжтэй. Тавхай хайртай бүсгүйнхээ хүү, дүү, баз хүргэнтэйгээ танилцах гээд гоёод ирсэн нь энэ.

  Тэд хамтдаа нэг оройг их сайхан, хөгжилтэй өнгөрүүлэв.

  Захиалсан хоолоо хүлээх хооронд Жинхүү рүү айхтар хараад байхаар нь:

-Танайд ийм хүүхэд хүрээд очихоор нутгийнхан чинь танаас илүү гайхах байх даа гэж Анар чимхэх маягтай хэлээд авчээ.

-Юунд гайхах вэ. Хөөрхөн, дэндүү өхөөрдөм юм… гэснээ:

-Ах нь негр хүний зураг үзсэн болохоос биш ингэж ойроос харж байгаагүй хэмээн чих рүү нь ойртон шивнэв.

      Ингэж нэг бөөн инээд тойруулаад, тэд нэлээд удаан сууцгаажээ. Энэ үед Жинхүү ч, Тавхай ч тун догь сэтгэгдэлтэй байгаа нь илт.

       Морь, наадам бас тэгээд нутгийн сонин, сайхан хууч, түүх ярьж Тавхай нэлээд илэн далангүй бас ч гэж хоосон биш толгойтой гэдгээ таниулжээ…

     Анар, Тэнүүн хоёр хэд хэдэн удаа Тавхайтай уулзаж, цагийг хамт өнгөрүүлснийхээ дараа:

-Таныг анх хараад энэ чинь малчин хүн мөн үү. Харин ч бөөн загвар хөөсөн эр биш үү… гээд инээж байсан тухайгаа хэлжээ.

-Тэр өдөр тоогдох гэж гоёсон ч юм биш. Ямар ч байсан театрт кино үзнэ. Зоогийн газар хоол иднэ. Тэгэхээр малд явж байгаа биш дээл өмсөөд дэмий гэж бодсон. Хөдөөний биднийг дээлнээс өөр хувцасгүй гэж боддог байх. Цаг үеэ дагаад бас ч гэж хаана, ямар хувцас өмсөх, хэзээ, юу эдэлж хэрэглэхээ мэддэг болсон шүү.

   Тавхай ингэж амыг таглав. Хөдөө хотын хооронд давхих болсон хайртай залуу нь дүү нар болоод хүүд ихэд таалагджээ.

-Амьдралаа цэгцэлснийхээ дараа аавтай танилцана… гээд гэртээ оруулаагүйг эс тооцвол Тавхай тэднийхэнтэй ийхүү богино хугацаанд дотносч, яах аргагүй нэгэн   бүлийнхэн шиг  болжээ. Тэр тусмаа Анар, Тэнүүн хоёртой амь нэг. Сонсох дуу, үзэх киногоо тэр хоёрт захиж авахуулсан биш хайртай бүсгүйгээ гомдоож хүртэл үзэж.

Ийн явсаар Анир Хэнтий нутгийн бэр болохоор шийдэж, Тавхай эхнэрээ авч явах өдөр хоногоо товлосныхоо дараа аавдаа дуулгасан нь тэр.

                            ***                 ***                 ***               ***                   ***

     …  Хэнтийн малчин эртэй хувь заяагаа холбосон охиноо явснаас хойш Чогдон дахиад л дуугаа хураан суух болж. Сэтгэл нь тавгүйтэхээр дуугаа хураадаг занг Анар ч, Тэнүүн ч андахгүй.

-Байхад нь зандардаг ч аав одоо Жинхүүг санаад хэцүү байгаа… Жинхүүг хөдөөний сургуульд сургаснаас хотод дээр дээ. Аавд ч ханьтай…

  Нөхрийнх нь хэлсэн энэ үг Анарт таалагдсан ч хариу хэлсэнгүй. Яагаад гэвэл аавынхаа юу хэлэхийг хүлээх нь зөв гэдгийг  Тэнүүнээс арай илүү мэдэх учраас.

   Анар өдрийнхөө завсарлагаар ихэвчлэн аавындаа очно. Гарынх нь цай, хоолонд дассандаа ч биш жаахан ч гэсэн аавдаа хань бараа болох гэж байгаа нь тэр.  Тэр заншлаараа үдийн цайныхаа цагаар очтол:

-Тэр нөхрийгөө явуулна уу, өөрөө явна уу… Эгчийгээ эргэж оч. Буцаж ирэхдээ  Жинхүүг аваад ир… хэмээн аав нь лүндэн буулгажээ.

    Аавынхаа энэ шийдвэрийг ихэд олзуурхан хүлээн авсан Анар маргааш нь  нөхөртэйгөө хамт Хэнтий рүү давхив.

   …Тавхайнх тохилог сайхан айл байлаа. Эгч нь хэзээний малын захад өссөн хүн шиг гарч, орж гүйгээд, мал ахуйгаа яриад, сэтгэл тэнэгэр аз жаргалтай байгаа нь илт. Тавхай, Анир хоёрын хэн, хэн нь дурамжхан байсан ч Жинхүү өөрөө:

-Өвөө дээрээ очно… гэсэн учраас аавынх нь хүсэл биелэв.

    Жинхүүг авчрахаас сар шахмын өмнө хүү, бэр хоёр нь Солонгос руу явахдаа ач хүү Ханхүүг өвөөтэй нь үлдээжээ…

        Хувь тавилангийн эрхээр Чогдон солонгос ач, негр зээ хоёртойгоо ийнхүү нэг гэрт амьдрах боллоо.  Аав нь ач, зээ хоёртойгоо гангар гунгар хийгээд гурван биедээ болоод ирэнгүүт Анар олон жил хүлээлгэсэн хайртай залуутайгаа хуримаа хийхийг зөвшөөрөв. Тэр л өдрийг тэсэн  хүлээсэн Тэнүүн шинэ байрандаа нүүж оронгуутаа нижгэр хурим хийжээ. Охиныхоо хуримын хоймрыг эзлэн суусан Чогдон “Би ч удахгүй цэвэр монгол цусны зээтэй болох дог шүү. Миний охин намайг харуулдаж, дээр нь ах, эгч хоёрынхоо ачааг давхар үүрсээр яваад өдий хүрсэн юм… За яахав. Сайн хань байхад хэзээ, хэдэн хүүхэд гаргасан ч болно” хэмээн битүүхэн харамсал тээх зуураа бага хүргэнээрээ бахархаад авав.

                           ***                 ***               ***                ***              ***

            Америкийн их сургууль төгссөн нөхрийнхөө хувцсыг эмхлэх зуураа хүүхэд байхаасаа эхлээд өнөөг хүртэлх он цаг, туулж өнгөрүүлсэн түүхийг тайлбаргүйгээр тольдон харуулах гэрэл зургийн цомгийг шимтэн үзэв.

-Аавыгаа орхиод хүнтэй сууж чадахгүй нь. Чи амьдралаа бодсон нь дээр…

-Хэзээ чамайг хүнтэй суух боломжтой болох хугацааг хүртэл би ганцаар явна. Боломжтой болонгуут чинь чамтайгаа сууна…

   Хайртай залуугийнх нь байнга хэлж байсан хамгийн сайхан энэ үг сонсогдох шиг болоход “Сурлага, сахилга, ажил, амжилт, алдар нэр… бүгд байна. Даанч чи бид хоёрт үр хүүхэд алга”  гэх гунигт бодол түрж ирэхэд Анар урт гэгч нь санаа алдлаа…

       Эхнэртэйгээ хамт Хавайд амрах эрхийн бичгээр шагнуулсан Тэнүүн замаараа Америк руу нисэх онгоцныхоо тийзийг аваад хөөр баяр ихтэйхэн гэртээ иржээ. Дуугарч ядан, дүлэгнэн суух эхнэрийгээ харангуутаа бодлыг нэвт уншсан мэт:

-Хоёулаа энэ сард заавал хүүхэдтэй болно, за… Миний хайр бүх юмаа бэлтгээд тавьчихсан юм уу. Бид хоёрын зурхай энэ сард ямар сайхан байгааг хар даа… гээд цүнхнээсээ сэтгүүл гаргаж ирэв…

-Нөхөртэйгөө хамт амралтанд явна. Тэр тусмаа алсын Америк тивд байх Хавайд шүү… гээд ажлын газрынх нь хүүхнүүд шогширч:

-Анар чи ёстой азтай эмэгтэй юм аа… Ийм сайн залууг арав гаруй жил хүлээлгэж чадсан гэхээр манай Анарт бас нэг нууц байгаа даа…гээд хэлэх, магтах үгээ олж ядаж байсан тухай нөхөртөө сонирхуулахад:

-Хайр гэдэг чинь тийм хүчтэй, бас үнэнч байдаг юм даа гээд эхнэрээ энхрийлэн үнсээд:

-Яг үнэнийг хэлэхэд намайг тийм олон жил хүлээлгэсэн миний ханьд гол нууц байгаа нь үнэн шүү… хэмээн Тэнүүн ихэд олзуурхан хэлэв.

-Надад ямар  нууц байгаа гэж…

-Ийм сайхан. Бас ийм сайн бүсгүй надад дахиад олдохгүй. Чи минь тийм л гайхамшигтай нууцыг тээж  яваа эмэгтэй шүү дээ…

    Тэнүүн, Анар хоёр дундаа амттан тавин амтархах зуураа кино үзэж, оройг зугаатайхан өнгөрүүлэв. Ер нь тэр хоёрын хоол, хүнс, аяг жаяг нь хүртэл нөхдийнх нь хэлснээр америк стилийнх. Орой тэгтлээ махан хоол идэхгүй, хөнгөн зууш, жимсхэнээр болгоно. Хоёулаа долоо хоногийн хоёр өдөр фитнесст явна. Эсвэл цэвэр агаарт гарч спортын аль эг төрлөөр хичээллэнэ… Ажлаа тараад гэртээ ирэхээсээ өмнө аавынхаараа заавал очно… гээд өдөр тутмын болоод бусад хугацааны төлөвлөснөөс  гадуур ийнхүү хэвшүүлсэн ажил цөөн биш…

   Тэд орой агаарт гарч, нэлээд удаан алхаж ирээд, амарцгаажээ.

    Хүүхэдтэй болохоос арай өөр асуудалд сэтгэл төвдөх Анарын нойр хүрэхгүй эргэж хөрвөөгөөд байлаа.

    “Аав, Жинхүү, Ханхүү гурав яах бол… Удахгүй нярайлах тулгар биетэй эгч минь гайгүй байгаа…” хэмээх бодолдоо ээрэгдэн цурав хийлгүй үүр цайлгасан бүсгүй:    -Тэр муухай зүүдэнд итгэж, ийм юм бодож байдаг би ер нь яачихсан амьтан бэ…  гэж өөрийгөө тайтгаруулаад, нөхрийгөө сэрээхгүйг хичээн сэмээрхэн босов. Цахилгаан зуухаа халааж байгаад дээгүүр нь давс цацаж, муу зүүдэндээ хариулга хийж,   сэтгэлээ зассан  Анар усанд орохоор угаалгын өрөө рүүгээ орлоо…

                             ***                ***                 ***               ***             ***

     Ганцхан насны зөрүүтэй ач, зээ хоёр нь өсч, өндийх тусам өвөөгийнх нь сэтгэл уясч, хушуу дэвсэн суух болжээ.

     Хатуу ширүүн үг, харцнаас нь дальдралгүй очтон гялалзах алаг нүдээ эргэлдүүлэн суудаг Жэймс буюу Жинхүү хичээл, номонд тун маруухан. Гэхдээ ямар ч ажлыг эв дүйтэй хийдэгт нь Чогдон сэтгэл хангалуун байх. Ач Ким Ху Син нь сэргэлэн, тун хөдөлгөөнтэй. Түүнийг 10 жилээ төгсөөд үеийнхнээ тэргүүлэн их сургуульд элсэн ороход өвөө нь баярласан гэж яана.

 -Өвөө нь ачийгаа ийм мундаг хүн болно гэдгийг мэдээд Ханхүү гэж өргөмжилсөн юм…  гэж ирээд хөршийнхөндөө гайхуулахад ач хүү нь хамраа сөхөн таахалзаж:

   – Төгсөлтийн баяр хийнэ… гээд Чогдон өвгөний тэтгэврийн хэдэн төгрөгийг хоёрхон өдрийн дотор дуусгажээ.

Энэ бүгдэд зэвүүрхээгүй ч үеэлдээ атаархсан сэтгэл нь Жинхүүгийн дотроос “Би чамаас илүү мундаг хүн болно доо” гэх омог болон түрж ирнэ…

  -Анир төрсөн. Манайх дахиад охинтой болсон. Бие нь сайн. Маргаашийн шуудангаар та гуравт мах өгч явуулна. Жинхүүг тосч ав… гэж хэлээрэй…

      Том хүргэн Тавхай хөдөөнөөс ингэж ярьсанд Чогдонгийн тулгар биетэй охиндоо санаа зовж, бужигнаж, үймрээд байсан сэтгэл нь  онгойж тайвширсан хэрнээ:

 -Би заавал очно. Муу охин минь нялх биетэй байж, малын хойноос гүйх вий… Энэ хоёр хүү өөрсдөө ходоодоо борлуулчихаж дөнгөнө. Хөл муудсан ч гэлээ тэр хэдэн малыг нь ядаж бараадаад явж чадах байлгүй… гээд ойр зуурын юм бөөцийлж гарав…

    Хаалганы хонх дуугарахыг сонссон хэрнээ хэн ирж байгааг нь мэдсэн болохоор өвгөн яаран өндийсөнгүй. Гэтэл жижиг өрөөнөөс нүд нь аниастай шахам нойрмог босч ирсэн Ханхүү:

-Та чинь бүр юу ч сонсохоо болио юу? Хонх тачигнуулаад байхад чинь хаалгаа онгойлгоод өгчихгүй… гэж амандаа бувтнасаар үүд рүү очлоо.

Ээж, хүү хоёр дуу алдан, эрхлэн нялуурахыг сонсч суусан өвгөн “Миний хүү ч уг нь Солонгос руу явах дургүй байсан юм шүү. Хөөрхий муу ээж нь:

-Намжингийн хүүг хар. Эцэг, эхдээ мөнгө явуулаад, өөртөө бүр сайхан хаус худалдаад авчихлаа. Миний хүү юугаараа дутдаг юм бэ…гэсээр байгаад явуулсан юм даг. Яг үнэндээ бол манай талийгаач дургүй байсан. Би мэдэж байна. “Анхных” гээд хир халдаадаггүй зангаа тавихгүй, хүүгийнхээ ятгалганд ороод миний толгойг ингэж эргүүлсэн юм… Гэтэл одоо ийм ханьтай болоод ирсэн хүнд би юу хэлэх вэ дээ. Чогдонгийнх гэдэг айлын голомт залгах ганц хүүгийн  сонголт энэ… ” хэмээн  эргэцүүлэх зуураа “Энэ Сонор гэдэг хүн дүүгээ төрчихөөд байгааг мэдсэн л байгаа даа” гэж бодсоноо гал тогооныхоо өрөө рүү оров.

            Ху Си Ён хадам аавдаа хүндэтгэлтэй нь аргагүй мэхийн мэндчилээд авчирсан хүнсний зүйлээ ширээн дээр дэлгэлээ. Хатаасан загас, далайн замаг, цагаан будааны шүүс гээд эрүүл мэндэд сайн гэж солонгосчууд тогтмол хэрэглэдэг хүнсийг Ханхүү нэг бүрчлэн өвөөдөө тайлбарлаад хөргөгчинд хийв. “Миний охин малын буян дагасан байхад яаж байсан ч далайн замаг, жараахай идэж, будааны шүүс ууж, шээс алдаж суухгүй юм байх аа… Сонор багадаа хөөрхөн барилдчихмаар, ямар бадриун, чийрэг хүүхэд байлаа. Одоо тэгэхэд ямар юм болж вэ. Хоёр чих нь дэлдийж гэрэлтсэн, сүүтийсэн цагаан юм. Арга ч үгүй дээ. Будаа, ногоо хоёроос өөр юм хоолойг нь давахаа больчихсон юм чинь”. Солонгос нэрийг нь хэлж чадахгүйдээ юм уу дургүйдээ ч биш үндсэрхэг үзэлдээ хүлэгдсэн болохоор бэрийгээ “Соён” гэж дууддаг Чогдон энэ бүх бодлоо мэдчих вий гэсэн шиг бэр, ач хоёрыгоо хулгайн нүдээр тандсанаа өөрийн эрхгүй харц буруулав…

  -Аав та хөдөө удахгүй юм байгаа биз дээ. Соён бид хоёрт Солонгос руу яаралтай явах ажил гарлаа. Ханхүү, Жинхүү хоёр гэр сахина гэдэг юу л бол…

Сонор аавдаа ингэж хэлсэн биш тас загнуулах нь тэр.

-Чи ер нь яачихсан хүн бэ…  Хөдөө очсоныхоо хойтон жил төрөхөд нь чи байгаагүй. Бүр сүүлд мэдэж, сонссон биз дээ… Хүний ах гэдэг чинь охин дүү нараа ингэж харж ханддаг юм уу…  Дүү чинь төрчихөөд нялх биетэй малын хажууд байж байна. Түрүүчийн хоёр охиноо төрүүлэхдээ тэгтлээ ядраагүй, дэргэд нь сайн хань нь байгаа ч гэсэн одоо миний муу охины нас бас нэлээд явчихлаа… Ямар ч байсан би охиныхоо биеийг тэнхэртэл тэнд байна. Та хоёр явах мөрөөрөө явна  биз. Миний хоёр хүү амиа аваад явж чадна.

    Дүүгээ төрснийг мэдээгүй явсан Сонор хэлэх үггүй болов. Бантсандаа Сонор эхнэр рүүгээ дохиод гарчээ.

Чогдон дулаан хувцас хунар, дээр хөдөөний айлд хэрэг болох ойр зуурын нэлээд юм өөрийн бололцоогоор бэлтгэв.  Мань хүн дотроо “Муусайн лүднүүдийн хэн нэг нь хүргэж өгөх биз… Явж явж миний хүргэн Тэнүүний толгой дээр буух байх даа” хэмээн бодож хэвтлээ.

                        ***                  ***                 ***              ***              ***

  -Тавхай, Анир хоёрыг дахин бүл нэмж, өнөр өтгөн, сайхан гэр бүл  болсонд баяр хүргээд, манайх машин авч өгч байгаа юм. Манай жолооч таныг хүргэж өгөөд өөрөө замын унаагаар буцаж ирнэ. Тэгэхээр аав минь эндээс авах, захисан юм хумыг нэгмөсөн базаасан нь дээр байх аа…

     Ааваасаа банга хүртсэн Сонор өглөө жигтэйхэн эрт ирээд ингэж хэлжээ.

     Хүүгийнхээ бэлгийн машиныг аваачиж өгөх гээд унаад явж байгаадаа тун  сэтгэл хангалуун явсан Чогдон Хэрлэн голын хойд дэнж дээр цайвалзан харагдах хот айлыг хараад өөрийн эрхгүй өндөлзлөө. Түүний нулимс бүрхсэн нүдэнд юу ч харагдахаа болив…

     Баруун талын гэрийн яндангаас аргалын цэнхэр утаа савсах нь цаанаа л нэг дулаан санагдана… Цэмбийтэл барьсан гэр, ханын шийрийг далд ортол хаяагаа манаж дулаалсан зэргийг хараад “Миний охин нээрэн сайн ханьтай учирсан юм шүү” хэмээн  уяруу сайхан сэтгэлээр эцэг нь бахархав. Гэрийн гадаа машин очиж зогсоход хүргэн Тавхай нь   Хэрлэн, Онон хоёр охиноо хөтлөн гарч ирлээ.

  Өвөөгийнхөө өөдөөс гүйж очсон, тоодгор хурган дээлтэй зээ охиноо Чогдон хэн хүнээс илүү нандигнан хайрлана. Энэ биеийн нь түшиг болж явсан ханийнхаа  бурханы мэнгийг авч төрсөн Хэрлэнд юугаа ч эс хайрлах хүн нь Чогдон.

 -Би охиноо авна. Та хоёроос дахиад хэд ч гарах юм билээ  гэж нэг удаа хэлээд, хүүхдүүдээсээ зэм хүртсэнээс хойш дахиж тэр тухай үг дуугараагүй. Дотроо бол “Миний охин ухаан сууж, учир мэдэхтэйгээ болоод ирэхээр өвөөгөө гэхгүй, хэнийг гэх вэ дээ” хэмээн бодох. Тэгсэн атлаа Хэрлэнгийн дүү Ононг төдийлөн тоохгүй янзтай.

-Өвөө намайг тоохгүй байна гээд миний охин мэдэж байгаа даа. Аав та ганцхан Хэрлэнг эвий, хөөрхий гээд Ононг мартах шаха юу. Эртийд өгч явуулсан бэлгэн дотор чинь Ононд гэх юм ховор байна лээ… Ээж нь хэзээний хүүхдээ өмөөрч, гоморхдог зангаа хаяагүй янзтай ингэж хэлэхэд цочирдсон Чогдон:

-Ононгоо сургуульд орох дөхөөд ирэхээр өвөө нь тэрнээс том бэлэг өгөлгүй яах вэ… хэмээн өөрийгөө эвтэйхэн хамгаалаад гарчээ…

  Эмнэлгээс гарч ирээд хоёр хонож байгаа Анир улаан нялзрай жаахан охиноо тэвэрсээр аавдаа үнсүүлэхдээ:

-Сайн явж ирэв үү. Замдаа ядрав уу… хэмээн хоолойгоо зангируулах мөртлөө нүүрэндээ инээмсэглэл тодруулан асуулаа. Хэзээний ажилсаг, гав шав хийх хүргэн нь цай аягалан хадам аавдаа хоёр гардан барих зуураа:

-Манай шинэ хүн хэнтэй адилхан байна… гэлээ. Чогдон эв хавгүйхэн тэвэрч суусан зээгээ  духан дээр нь үнэрлэснээ:

-Одоохондоо ангаахайтай адил юм уу даа… хэмээн  өхөөрдөөд:

-Хэн гэдэг хүүхэн билээ, энэ чинь… гээд зээ охиноо дахин үнэрлэв.

-Орхон…  Охидоо ус, мөрөн шиг элбэг явахыг билэгдээд ийм нэр өгсөн… хэмээснээ Тавхай руу харав.

-Тийм ээ, аав аа. “Усаар баян тэргүүн баян” гэдэг биз дээ. Тэгээд хүү нь энэ сайхан хатаддаа гол, усны нэр оноогоод байгаа юм гэж Тавхайг хэлэхэд:

-Сайхан нэр… Миний зээ нар шил, шилээ дараад тэрсхэн өсөөд ирэхээрээ ёстой гол ус шиг ариухан сайхан хүүхнүүд болоод ирнэ дээ гэснээ:

-Манай Тэнүүнийх, танайх хоёр охидоороо уралдаж байх шив. Оюу, Шүр, Номин   гээд  эрдэнэ тээсэн гурван зээ тэнд бас байна хэмээн бахархалтай нь аргагүй хэлээд Орхон гэх өөдсийн чинээхэн охиныг ээж рүү нь өглөө.

-Миний охин чинь хамар багатай хүүхэн байгаа юм… гэж хэлээд өвдгийг түшин  суугаа Хэрлэнгийн шанаа руу нь унжиж ирсэн хэдэн үсийг илснээ:

-Нааш ир, миний охин гээд бишүүрхэнгүй зогсох Ононг өвөр дээрээ суулгав. Ээжийнхээ багын төрхийг тэр чигээр нь дууриасан Онон талийгаач эмээтэйгээ Хэрлэнгээс илүү адилхан ч юм шиг харагджээ.

  “Манай хоёр охиныг хүн болгон ээжтэйгээ адилхан” гэхээр нь их дургүй байдаг байж билээ. Зээ нар минь хүртэл царайлаг сайхан эмээгийнхээ төрхийг аваад ирэх юм даа”. Өөрийн эрхгүй ханийгаа дурсч суухдаа, хоёр ой өнгөрч яваа зээ охиныхоо даахийг оролдон, энхрийлж суулаа. Хоол нэхэв бололтой урваганан уйлагнасан Орхоныг өхөөрдөн өвөө нь хушуу дэвссэнээ:

-Наадахь чинь манай удмын хүн гэсэндээ овоо том хамартай юм гээч. Тэгэхээр   өвөөтэйгөө адилхан юм уу… хэмээн хошигноод авав…

    … Их хотын чимээ, шуугиан, утаанаас холдсон Чогдон өдөрт зүгээр суухгүй, өглөө эрт үхрээ тавиад, ус руу зална. Хүйдэс зөөж, хэвтрийг цэвэрлэнэ… гээд өөрийн болгож авсан ажлаа амжуулна. Тэгээд өдөржин Хэрлэн, Онон хоёрыг эрхлүүлэнгээ араг, шээзгий сэлбэхээс эхлээд гар эс хумхина.

    Хүргэнийдээ ирж, шинэ зээтэйгээ танилцан, нялх биетэй охиндоо гар биеэрээ дэм болсон өвгөн  хоёр долоо хоноод буцах болоход:

-Өвөөтэйгөө явна… гээд дагаж уйлсан том зээ охиноо аргадахдаа, нуусан болохоос биш өөрөө хүртэл нулимсаа шударсаар машинд суужээ…

                                     ***            ***         ***            ***          ***

      … Гартаа хуанли барьж суусан бүсгүйн сэтгэл гэнэт эзгүйрээд, байгаа бүхэн утгагүй санагдах шиг болов.

       Хавайн аралд сар гаруй амарч бүр дэлхийд алдартай бариа засалчаар зүү тавиулж, бариуллаа. Гэвч өөрчлөгдсөн юм байна уу… Тэнүүн өнөөдөр бас л оройтох нь…  Түүнд буруу өгөх арга алга. Хүсээд байгаа хүүхдийг төрүүлж өгч чадахгүй байна… Амьдралд алдар нэр, хөрөнгө мөнгө биш үр хүүхэд хамгийн чухал гэдгийг   Тэнүүн бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй.

-Миний охин шиг сайн ханьтай хүн хаана байна… Миний охины хань, манай хүргэн Тэнүүн бол ховор хүн гээд аав хир халдаахгүй.

-Чи ямар над шиг харийн цусны дагавар хүүхэдтэй биш. Манай Тавхай шиг боловсролгүй хүн биш. Тэнүүн чинь өндөр хөгжилтэй оронд мэргэжил, боловсрол эзэмшсэн боловсролтой хүн. Тэгээд ч аль эр хөрөнгө, санхүүгээ өөрийн гараар босгоод авчихсан… Амьдралд өөр юу дутлаа гэж.

Эгч хүртэл ингэж яриад миний зовлонг огт ойлгохгүй. Сонор ах бүр юу гэдэг гээч.     -Та хоёр Солонгост очоод үр суулгуулчихаач… гэж ирээд бүр агаарын юм ярина…

    Та хоёрыг гадаадын хүмүүстэй суучихсаныг  эхлээд ааваас нуух, дараа нь аавд ойлгуулах гэж ямар их цаг хугацаа зарсан билээ. Ингэж би өөрийгөө гаргуунд нь хаясан. Ааваас айсандаа биш ач, зээ гээд энд тэндхийн эрээвэр хураавар цусныхныг хүлээн зөвшөөрч чадахгүй байхад нь би бас нэрмээс болоод яах вэ. Харин аавынхаа дэргэд нь байж, болж өгвөл бүгдийг эвлүүлэх юм сан  гэсэндээ анхныхаа хүүхдийг авахуулсан. Тэнүүн тэр тухай одоо хүртэл ярьж, гомдоллодог. Тэр үед бид хоёр дөнгөж 20 настай байсан… Арав гаруй жил хүлээж санаж, хайрласан шигээ амьдралаа төсөөлж, хүүхэдтэй болох сон гэж яарч байсан…

   Шанаагаа  дагах нулимсаа эс тоон ийнхүү элдвийг эрэгцүүлэн хэвтэх бүсгүйн дотор гэнэт муухайрав. Тэссэнгүй, босч огиуллаа. Нөхөр рүүгээ утсаар ярих гэснээ больж, унтраалаа. Шөнө оройтож ирсэн нөхөртэйгөө ганц үг солилгүй буруу харан хэвтжээ. Өглөө босоход нь Тэнүүн сэрэх янзгүй унтаж байлаа.

  Тайлсан цамцыг угаалгын өрөөнд оруулж тавиад ажилдаа өмсч явах хувцсыг индүүдэв. Гал тогоо руугаа яаран орж, сайхан хоол, цай хийхээр зэхлээ.

      “Гадаадын жуулчид ирсэн. Ажил ихтэй байгааг мэдсээр байж, ханьдаа гоморхож, саар юм бодно. Би гэж бас их муухай хүн шүү. Эгчийгээ ингэсэн бол нэг их цэцэн дүрээр үглэж, зэмлэж байгаа даа…” Өндөг шарах зуураа ингэж бодов. Тэгтэл      гэнэт  толгой нь эргэж,  дотор нь муухайрчээ. Сандал түшин жаахан зогсч байтал:

-Миний хань зүгээр үү… Хүүе, наад  царай чинь яагаа вэ… гээд Тэнүүн эхнэрийнхээ толгойг барьснаа, хэвлийг зөөлөн илбэлээ.

-Ханиа хоёулаа яг хүүхэдтэй  болсон байх аа… Жирэмслэхээр яг ингэж дотор муухайрдаг гэсэн…

      Тэнүүн дороо дэвхцэн, баярлаж байсан цаг одоогоос найман жилийн өмнө. Удтал хүсч хүлээлгэн байж ирсэн охин Оюу нь өнөөдөр:

-Би сургуулийн тэргүүний сурагчаар шалгарсан… гээд ээж, аавыгаа баярлуулаад, Шүр, Номин гэх хоёр дүүгийн эгч болчихсон явна.

     Анирыг төрөхөөс хоёр сарын өмнө гурав дахь охин Номингоо өлгийдөн авсан Анар:

-Эмээ минь охин хүүхэд олонтой бол “Үрээр баян байдаг юм” гэдэг байж билээ. Эгч бид хоёр охид төрүүлэхээрээ уралдаад… Тэгсэн манай Тэнүүн, Тавхай хоёр   бас зүгээргүй ээ, хүүтэй болох сон гэж мөрөөдөөд… Харин манай холын бэр эгч маань гурван хүү төрүүлээд дархлагдаад авсан. Аав гуай Ханхүүгээ ганцаархнаа байх юм шиг:

 -Миний ач хүү… гээд хушуу цорвойдог байсан. Одоо яаж байна?

-Ганхүү, Сайнхүү хоёрт ч ширүүхэн дуугарч чадахгүй явна… гээд нүүр дүүрэн инээлээ. Түүний яриаг сонсч суусан Тэнүүн:

-Одоо удахгүй хүү төрүүлээд миний хань “Алдарт эх” болно, тийм биз дээ… хэмээн үртэй хүний жаргалтай өнгөөр хэлэв…

     Чогдон анхны зээ, ач хоёроо хараад эмзэглэх, баярлахаа мэдэхгүй будилж заримдаа бухимдаж байснаа бодвол одоо гурван ач хүү, нэг зээ хүү, таван зээ охиноор удам угсаагаа тэлсэн өнөр өтгөн ам бүлийн “өндөр өвөө” болжээ.

                          ***                      ***                     ***                ***                 ***

-Оройн 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Хаалга, цоож зүгээр байсан. Ханхүү ингэж хэлээд:

-Тэгэхээр тэр хулгайч шөнө дунд орсон байна гэсэн таамаг дэвшүүлэв.

-Урьд өдөр нь намайг гэр цэвэрлэхэд өвөөгийн улаан авдар цоожтой байсан.   Би ажил ихтэй байсан болохоор тэр өдөр гэртээ ирээгүй.

    “Миний авдрын цоожийг их сайн харсан байх нь.  “Жигтэйхэн өндөр үнэтэй хүүхдийн тэрэг дүүдээ явуулсан байна” гээд эх нь гайхуулаад байсан юм. Энэнээс гарцаагүй байх аа. Хаанаас тийм их мөнгө олов гэж. Бараг сая гаруй төгрөгөөр авсан тэрэг гэсэн шүү”. Жэймсийн үгийг олзлон Чогдон дотроо ийнхүү хардаж суулаа.

-Өвөө, та нэг их үнэтэй юмаа алдчихлаа гээд байх юм. Тэр хөөрөг, хэт хутга, бурхан чинь ямар үнэтэй юм бэ?  Хайхрамж муутайхан ингэж асуусан Ханхүүгийн амнаас архи сэнхийхийг анзаарсан Чогдон “Энэ муу лүд тэрний үнээр яах нь вэ? Юу ч мэдэхгүй байж” хэмээн бодсоноо “Ходоод, хоолой хоёр нь үргэлж болчихсон чиний хажууд энэ Жинхүү мөнгөний үнэ цэнийг мэдээд байгаа хүн шүү… Цалин авч, мөнгө тоолоод үзчихсэн, энэ хар золиг цааш нь харуулчихаад өөдөөс ширтээд сууж чадах лүд дээ…” гэсэн ахар муу бодлоосоо салж чадалгүй, зээ хүү рүүгээ ёоз муутайхан харлаа.

-Гадны хүн аваагүй. Тэгэхээр та чимээгүйхэн харзнаж бай  гэсэн мэргэчийн үгэнд итгэсэн Чогдон сар гаруй дэлгүүр, захаар хэсч, өвөг дээдсээс уламжлан ирсэн хөөрөг, 10 ширхэг алтан бурхан, цахиур хэт хутгаа хайж эрэл мухардаад байлаа.

Өвөө,ач, зээ гуравийнхүүтүнжин хагарч, шуудайд хийсэн ямааны эвэр шиг гурван тийш хараад байтал бас нэг хэрэг мандах нь тэр.

      Ажлаасаа иртэл хувцасны шүүгээ, ор дэрийг нь онгичсоныг харсан Жинхүүгийн гол өөд нэг юм зураад явчихжээ. Том өрөөний буйдан дээр тэрийн хэвтэж байсан Ханхүүг угз татан босгож ирснээ:

-Зугаа, цэнгэл чинь дуусах болоогүй юу? Архины мөнгө хайж миний юмыг онгичсон хэрэг үү. Чамд би бүтэн сарынхаа цалинг өгөөд буцааж аваагүй биз дээ…  гээд Жинхүү том алаг нүдээ аяганаас нь гартал эргэлдүүлэн зогслоо.

-Тэр хэдхэн төгрөгнийхөө хойноос амиа тавих нь уу. Юу онгичсон, яасан гээд байгаа юм бэ… хэмээн хашгирснаа Ханхүү үеэл ахыгаа мөргөж унагаав.

      Уусан архи нь хөлөндөө орсон Ханхүү гуйвлан эргэснээ хажуудаа байсан жижиг сандлыг шүүрэн автал:

-Хөөе, та нар чинь бүр байтлаа хоёр биедээ дайсагнадаг болоо юу… гэх өвөөгийнх нь дуу тасхийлээ.

      Гэрээсээ алга болсон үнэт эдлэлүүдээ “Зээ хүүгээ авсан байх” гэх харын сэтгэлээсээ Чогдон салж чадахгүй явсаар тэр өдөр Жинхүүгийн хамаг юмыг нь онгичоод тавьчихаж. Тайлсан оймсоо хүртэл байрнаас нь хөдөлгөхийг анддаггүй   Жинхүү эзгүй хойгуур нь хамаг юмыг ингэж онгичсонд  ихэд эмзэглэжээ. Үүнээс болж ач, зээ хоёр муудалцав. Гоморхолдоо хөтлөгдсөн Жинхүү хаалга саван гараад алга болжээ.

“Хэд хоноод ирнэ биз. Судсаар нь гүйж байгаа цус нь тийм биз. Яах аргагүй омогтой хүн байгаа юм…  Би гэж нэг зөнөг толгой хар санаагаа амраах гэж заавал .шүүгээ, савыг ухаж төнхсөнөөс боллоо…” Чогдон ингэж өөрийгөө хараахаас хэтрэхгүй. Гэвч “Муу хүүгээ голд нь ортол гомдоочихлоо…” гээд өөрийн мэдэх газар бүхнээр хайсаар байлаа. Өглөө гараад үдэш хоёр хөл дээрээ тогтож ядан орж ирнэ. Ийнхүү эрэл мухардсан, харуусч харамссан, хайж гунигласан цаг хугацаанд ээрэгдсээр Чогдонгийнхон бараг бүтэн жилийг тойров. Ямар нэг хэл сураг гаргаж чадсангүй. Тэнүүн байж болох бүх сувгаар хайлгаж, сураглуулсаар Жинхүүгийн тухай бүдэг бадаг мэдээ сонссон боловч тодорхой болгохоос нааш хэнд ч хэлэхгүй хэмээн шийдэв. Жеймсийн араас хамгийн их шаналсан хүний нэг бол түүний нагац ах Сонор…

… Өндөр настай аавыгаа хар… Хоёр дүүгээ хар… гээд ээж нь жигтэйхэн их гомдсон бололтой асгартал уйлаад байх юм… Сонор арайхийн сэрэв. Зүүд нь үнэн юм шиг санагдаад эргэж хэвтэж чадсангүй. Шууд хувцаслаад гартал одод хүртэл холдож, ойртоод, тодорч, бүдгэрэн, тохуурхаад  байх шиг санагдана.

        Тэнгэрт одод анивалзан, шөнийн сэвшээ салхи сэвэлзэж байлаа. Чимээгүй хотын эргэн тойронд нам гүм. Хааяа нэг нохой хуцна. Боржин чулуун хөшөөнд духаа наагаад,  сөхөрч суусан эр хахаж цацан уйлна.

-Ээж ээ, хүүгээ сонсоод ганц ч болсон үг хэлээч дээ. Намайг солонгос бүсгүйтэй суулаа гэхэд та дургүй байсан. “Миний хүү сайн бодоорой. Удам угсаа гэдэг чинь маш нандин эд юм гэсэн шүү” гээд хоолойгоо зангируулж байсан чинь одоо ч надад сонсогдож байна. Хүү чинь Ху Си Ёндоо хайртай. Бас хүүдээ… Гэвч амьдрал болохгүй байна. Би яах ёстой юм бэ?  гэжээ.

      Шөнийн аниргүйд Сонорын үг тодоос тод сонсогдож байлаа. Ээжийнхээ шарил дээрээс буцаж явахдаа Чогдонгийн ганц хүү “Аавынхаа царайг яаж харна аа” хэмээн шимширч, эхнэрийнхээ өчигдөр орой усаар шүрших адил урсгасан үгсийг   бодож өөрийгөө зэмлэхээс өөр хэнийг ч буруутгасангүй. Харин 20 насны босго давж, эрийн цээнд хүрсэн хүүдээ гомдож байв.

“Өвөөгийнхөө энэ их хайрхүндлэлийн мэдэхгүй ийм юм хийж яваа нь эцэг, эх бид хоёрын буруу…  Ганц юм… Эвий, хөөрхий… Юугаар ч дутаахгүй юм сан…” гээд хэлсэн бүгдийг хоёр гардах нь холгүй барьж гүйсээр байгаад энэ хүүхдийг ийм болгосон… Уг нь манай монголчууд үр хүүхдээ хүмүүжүүүлэх гайхалтай сайхан арга ухаантай улс шүү дээ…  Муу аавыгаа ингэж шаналгах эх суурийг би тавьсан хүн…” Ийн бодсоор гэрийнхээ гадаа ирсэн ч Сонор машинаасаа буусангүй, суусаар байв. Цонхоор харж зогссон аавынх нь нулимс юу юугүй бүрхээд иржээ. Ам нь өмөлзөн, дуугарч эс чадах Чогдон хүүгээ даллав…

                          ***                 ***                ***                ***                   ***

   Хөдөөнөөс ирсэн Чогдон хөршүүддээ хуучлах, сонирхуулах юм ихтэй, хэдэн өдөр завгүй байлаа. Тарган мах, сүү, цагаан идээгээр дайлаад тун завгүй. Гэтэл нэг өдөр оройхон болж байтал утасны цаанаас:

-Хамаг юм цөлмөчихөж… гээд   өөр үг хэлээгүй байна… Ингээд өв дамжин ирсэн үнэт эдлэлийг хайх ажил  ундарчээ. Гэтэл дээрээс нь “Жинхүү хаашаа алга болов” гээд бас нэг эрэл нэмэгдэх нь тэр…

   Нойр, хоолгүй шаналж яваа аавыгаа харахаас, ууган хүүгээ сураглан утасны цаанаас уйлах эгчийгээ гэхээс, өвөөдөө өв залгамжилж ирсэн үнэт эдлэлийг авч үрэн таран хийж хамаг хэрэг мандуулсан хүүгийн эцэг ахыгаа бодохоос амьсгал нь давхцах шиг болно. Тэнүүн тэр бүгдийг зохицуулах, эвлүүлэх, учрыг олох гэж гүйж яваад баярлан авч, Анар бага охиндоо бүүвэйн дуу аялж өгөхийн оронд амьдралын энэ их ээдрээ, шалгуурын учрыг тунгааж ядан суулаа…

       Насаараа намын улаан батлах өвөртөлж, түүнийгээ эрхэмлэн дээдэлж явсан Чогдон бурханд залбирч, сүсэлдэг болжээ. Тэрбээр анх удаа намдаа биш лам, хуврагт итгэн, хадаг барин бараалхаж үзэв. Үзээгүй юмаа үзсэн эрд өөр аврал байхгүй мэт санагдсаных.

                         ***              ***              ***               ***              ***

      Цээжээ эгштэл уйлсан болоод ч тэр үү дотор нь уужраад нойр нь хүрээд ч байх шиг. Өмсч явсан нимгэн хувцастайгаа гарсан болохоор жиндэх маягтай. Модон дотор жаварлах, үлээх салхи үгүй ч оройн жавар буусан нь илт. Гэвч Жеймс буцах тухай бодсонгүй. Сууж байсан газраа тэрийн хэвтлээ.

  Онгичоод хаясан шүүгээ, эмх замбараагүй хөглөрөх хувцас харагдаад болж өгсөнгүй.

“Миний ээж мэдвэл гомдоод ямар их уйлах бол. Эд нарыг надад арай өөр хандах вий гэхээс дэргэдээсээ холдуулах дургүй байж… Ямар ч байсан явна. Нутагтаа очно. Дараа нь эд нарт сайн байгаагаа дуулгана… ээжтэйгээ ярина. Тэгээд ээжийгээ аваачна… Ээж ч тийшээ очихгүй дээ. Бараг тэр нутгийн нэр хаягийг хэлэхээр яс нь хавтайдаг хүн…” Жеймс бодол хөврүүлэн хэвтэж байгаад унтжээ. Хажууд нь чимээ гарангуут өндийтөл хэдэн үхэр явж байв. Дуртай дургүйхэн шиг өвс зажлан, өөдөөс нь харж зогсох үхэрнүүд “Миний газар дээр бас хэн ирдэг байна” гэсэн янзтай. “Минийх гэх юу байгаа билээ… Байсан хэдэн хувцсыг минь хүртэл тарааж хаяад…” Жеймс ийм бодлоор гоморхсоноо, босч хэд сайхан суниагаад нар өөд харан зогсов. Ойн чөлөөний нар улам ч гоёмсог, ээлтэй мэт санагдав. “Нарлаг Монгол оо гэж… Яах аргагүй нар ээсэн сайхан нутаг. Миний ээжийн нутаг…” Модны чөлөөгөөр шагайх наран түүний сэтгэлийг ийнхүү засаад өгчээ…

 Халаасандаа ганц сав ус бас нэг шоколад байснаа гаргаж идэв. Гар утсаа асаах гэснээ больж, картыг салгаж, хоёр тийш шидлээ. Өдөржин ойгоор алхав.

 “Яаж хил давах вэ” хэмээн гэх бодлоосоо салсангүй.

        Өсч өндийх тусам нь түүний цээж эзгүйрч ямар нэг юм үгүйлээд байгаагаа Жеймс сайн мэдэрдэг. Найз нөхөдтэйгөө ч, ажлын газрынхантайгаа мар мар хийгээд суухад ч “…нутаг… манай нутаг…” гэх үг түүнд тун  содон тусч, сэтгэл нь хөдүүрлэхийг хэд хэдэгн удаа анзаарчээ. Ер нь Жеймс газар зүй, түүх сонирхож, газрын зураг тэр дотроо төрсөн нутгийнхаа тухай зураг, мэдээллийг цуглуулсаар хэдэн дэвтэр цомогтой болсноо хүртэл бусдад үзүүлэх дуртай.

Арваадхан настайдаа төрсөн нутгаасаа гарсан мөртлөө ингэж хөндүүрлээд байгаагаа эртнээс мэдсэн түүнд “Ээждээ хэлбэл зөвшөөрөх болов уу… Нутаг руугаа яваад ирэх юм сан… Ирэхгүй тэндээ суурьшсан ч чадна. Даанч өвөө гомдох байх…” гэж бодох үе цөөн биш байжээ… Модон дунд өдрийг өнгөрүүлсэн Жеймс мөн л нутгийнхаа тухай бодож өнжив…

 Жеймс харанхуйг хүлээсээр арайхийн шөнөтэй золгожээ. Алхсаар хотын зах руу орж ирээд замаас такси хөлслөн:

-Хамгийн ойр байгаа 24 цагийн банкин дээр хүргэд өгөөч гэжээ. Жолооч залуу түүн рүү ёозгүйхэн харахад:

-Та айж, эмээх хэрэггүй ээ. Би танд итгэж байна… гээд болсон явдлыг товчхон ярьжээ. Түүний яриаг сонссон жолооч:

-Чи тэгээд яаж тэр хол явах хүн бэ. Адилхан эр хүн байна. Ах нь чамд туслах уу гэж. Ингээд Жеймс Гансүх гэх залуутай тэр оройжин цуг явж хамаг ажлаа амжуулав.

Өвөөгөөрөө монгол хэл заалгаж эхэлсэн бол төдөлгүй монгол сургуульд элсч ороод наймдугаар ангиа төгсчээ. Ээж нь “Үргэлжлүүлэн суралц. Тэгээд их сургуульд орж мэргэжилтэй бол” гэж хичнээн ятгасан ч:

-Хүү нь ажил хийнэ гэж зүтгэсээр байгаад өвөөгөөрөө түлхүүлэн ажилчин болжээ. Ингэж цалинтай залгасан Жеймс өөрийн хадгаламжийн дэвтэртээ овоо хдэн төгрөгтэй болсноо тэр шөнө бүгдийн авчээ. Замын зардалтайгаа залгасан түүнд гадаад паспорт хамгийн чухал байлаа. Гансүх гэх таксины жолооч эр:

-Би тэр бичиг баримтыг хөөцөлдье…гэжээ. Тэр хоёр ярилцаж байгаад Гансүхийн   дүүгийн овог нэрээр, Жинхүүгийн зургаар паспорт гаргуулахаар болов.

 -Чиний ажил бүтэмжтэй байна. Яаралтайгаар гаргаад өгье гэсэн. Ямар нэг асуудал  байхгүй гэхэд… Жеймс дотроо баярлав. Гэрээсээ гарснаас хойш хоёр хоног ой модон дотор хоносон залуу Гансүхийнд долоо хоног орогножээ.

Хараахан гэрлээгүй, ганц бие амьдрах тэднийд хүн ирэхгүй. Мань хүн өглөө гараад бараг үүрээр ирж унтана. Заримдаа оройхон гарвал өглөө ирнэ. Энэ хооронд Жеймс хоол цайг бэлтгээд түүнийг хүлээсэн шиг байлаа. Тэр хоёр ажлаа амжуулж өвөөгийнхөөсөө оргосон зээ хүү хил давахад бэлэн болжээ. Гансүх замын хүнс гэж хонины ганц гуя шаруулаад цүнхэнд нь хийв. Бас 200 ам. доллар халаасанд хийж өгчээ. Намрын сэрүүн унасан хэдий ч налайсан сайхан өдрийн орой. Хүнд харагдахгүй, танигдахгүй хичээсэн Жинхүү нүүр царайгаа нуусхийгээд Улаанбаатар-Моквагийн чиглэлийн вагонд суув.

    Яг энэ үед Чогдонгийнд:

-Алга болчихлоо гэж зарлуулах эсэх тухай яриа өрнөөд:

-Хэд хоног харсан нь дээр. Найз нөхдийндөө очсон биз…гэсэн Сонорын саналыг дэмжээд гэр гэрээдээ гарцгааж байлаа.

-Та сайн сууж байгаарай… хэмээн хоолой зангируулан хэлсэн Жеймсийн энэ үг хамаатан садан, хайртай өвөөдөө биш цөөн хоногт тусалж, дэмжсэн Гансүхэд ханджээ.

-Миний дүү өвөөдөө гомдоогүй гэдгээ хэлж,  хурдхан утсаар ярихаа мартав аа…

-Дүү нь мэдэж байгаа. Очингуутаа хэл дуулгана. Харин та миний хойноос сайн залбираарай…

   Гансүхээр үдүүлж Москваг зорьсон Жеймс өөр овог, нэр дээр гадаад паспорт гаргуулсан нууцыг алдахгүй гэдэгт итгэж байгаагаа хамгийн сүүлд аминчлан хэлээд вагонд  оржээ…

Дуут дохио хангинуулсаар хөдөлсөн алт тэрэгний араас удтал харж зогссон Гансүх:

-Нууц хадгалаарай гээд дахин хэлж байна. Их хашир, тэгээд бас ухаантай хүү дээ. Яахав, эр хүн зорьсондоо яваад үзэг… Нутгаасаа багаасаа гарсан мөртлөө өөрийн эцгээсээ илүү санадаг гэхээр манай Жеймс нэлээд өвөрмөц  хүн дээ…Тэгэхэд би төрсөн нутаг усаа мэдэхгүй шахам явна… хэмээн бодсоор хоцров.

“Улаанбаатарт Улиангарын навчис хөглөрөөд эхэлчихэж. Хүйт орохоос өмнө нутагтаа очоод амжина гэдэг сайн хэрэг… Хайртай бүсгүй рүүгээ очих гэж ингэж яваа болов уу гэсэн үгүй гээд байгаа юм. Өвөө нь их лут ухаантай хүн шиг байгаа юм. Өвөөгөөсөө сурсан… Өвөө заасан гээд андахгүй…Сайн өвөөгийнхөө тэр их  ухаанаас  сурч, мэдсэн тун сайн хүү дээ, манай Жеймс…”  Гансүх аян замыг мялаах мэт ийнхүү Жеймсийг магтаж, түүгээр бахархсан шиг машинаа асаагаад хөдлөв.

                                 ***           ***            ***           ***           ***

      Вагонд суугаад хөдөлснийхөө дараахан Жеймсийн нүд харанхуйлаад юу юугүй уйлмаар болоод ирж. Цонхонд нүүрээ наан дотогшоо огшиж явснаа “Та нартай хайртай шүү… Сайн, сайхан бодол өвөрлөөд явж байхад болно гэж өвөө та байнга хэлдэг дээ… Тийм  болохоор  удахгүй уулзана аа…” гэж өөртөө хэлэв.

    Гэрийнхнийхээ хэнд ч хэлэлгүй өмссөн хувцастайгаа шахам холыг зорьж яваа залуу купендээ хүүгээ дагуулсан эхнэр, нөхөр хоёртой таарсандаа олзуурхжээ.

   … Алтанбулагийн хил даваад нэг сайхан амьсгаа авсан залуу оросын хилийг ч ямар нэг асуудалгүй давав. Хилийнхэнд бичиг баримтаа шалгуулах бүртээ өвөөгийнхөө зааж өгсөн хэдэн тарнийг уншина.

  “Ийм ид шидтэй гэдгийг нь мэдэхгүй, өвөөгөө мөн их уцаарлуулдаг байж билээ. Заримдаа тарнийг цээжилсэн мөртлөө зориуд буруу хэлнэ… Ёстой л өвөөгийн хэлснээр “Усан толгой”-той байж дээ… Учрыг мэдэхгүй юм чинь… Одоо бол өвөөдөө шалгалт өгөхөд шууд магтуулна. Хэрэгтэй цагт шидтэй л бололтой юм аа. Хөгшчүүд чинь энэ хорвоогийн нүгэл, буяныг ая зан, амьдралаараа ялгаж, салгаад үзчихсэн учраас энэ тарни, номын ид шидийг бүр сайн мэддэг юм байна. Залуус бид мэдэхгүй байж ядаж эсэргүүцэхгүй байвал өөөрсдөд минь тустай юм даа. Би ч өвөөгөө их гомдоосоон. Зааж өгсөн тарнийг “…уншихгүй…” хэлгүй хүн шиг таг дуугүй суудаг байлаа…” Жеймс Монголын хил даваад зам алсрах тусам өвөөгөө, гэрийнхнээ үгүйлээд, сэтгэл нь тогтож өгөхгүй хэцүү байхын зэрэгцээ:

-Оросын цаад хил… гэсэн бодол түүнийг аргамжих шиг болно.

   Халаасанд нь байнга явсаар ноолорч, үнгэгдсэн орос хэлний ярианы дэвтэр нь түүнд замын хань, түшиг болж байлаа. Тэр дэвтрээ бараг цээжлээд дуусахын хэрд Москвагийн вокзал дээр буусан залуу тэндээсээ шууд таксидан “Шерметьев”-ын нисэх онгоцны буудал хүрчээ…

                                  ***             ***            ***           ***           ***

      Найзуудтайгаа дарвиж, төгсөлт нэрийн дор хийсэн нийллэг цэнгээн бүхний  зардлыг дааж, баярхсан Ханхүү нийслэлд ойрхон нэгэн рестораны эзэнд нударганы амт үзүүлжээ. Тэр маргааныг шалгахаар очсон цагдаагийн ажилтанд:         – Би танай Монголын иргэн биш… хэмээн томорсон Ханхүүг танхай, балмад үг, үйлдийнх нь төлөө шалгахаар болов. Хэнтэй ч үг хэлээ ололцож чаддаггүй, пээдгэр залуугийн машины тээшнээс өвөөгийнх нь гэрээс алдагдсан гэх өнөөх  үнэт эдлэлийн заримыг олжээ. Ингэж удтал эрэл сураг болсон үнэт эдлэлийг авсан эзэн өөрийгөө илчилжээ.

-Жэймс сургуульд ороогүй мөртлөө өндөр цалинтай ажил хийгээд өөрийн гэсэн мөнгөтэй болчихсон. Надаас мөнгөө харамладаг. Хамгийн гол нь бид хоёрыг хамт явж байхад охидууд илт түүнийг сонирхож, талтай байдагт нь би их атаархдаг байсан. Өвөө Жинхүүд тийм сайн биш болохоор түүнийг хулгайлсан гэж итгэнэ гэсэн тэнэг бодлоосоо болж өвөөгөө, үеэл ахыгаа ийм муухай байдалд орууллаа. Ах, өвөө хоёр минь намайг уучлаарай… Бас аав, ээж хоёр минь хүртэл тусдаа ямар хэцүү байгааг одоо л ойлголоо…  Их муухай юм хийснээ би ойлгож байна.

      Нулимсаа ч арчихгүй зогсч байгаад ингэж хэлсэн Ким Ху Синыг өвөөгийнх нь:     -Гомдолгүй ээ. Үнэт эдлэлээ хямгадаагүй миний буруу. Тэгээд ч тэр хөрөнгө яваандаа энэ хүнийх болох жамтай юм… гэж хэлсэн үг Ханхүүг хуулийн зэмээс  мулталж авчээ.

-Ийм хүү төрүүлж, өсгөсөндөө ичиж байна. Чи хүүхэдтэйгээ амьдар. Би чадахгүй… гээд нулимс тээн буцсан эхнэр нь ирж ааваас нь уучлалт гуйв. Хүүдээ гомдсон бүх үгээ эцэг рүү нь нэг амьсгаагаар шахам хэлчихээд эргэж харалгүй нутаг руугаа явсан Соён буцаж ирээд:

-Хүүгээ муу хүмүүжүүлсэн би буруутай. Намайг уучлаарай… хэмээн өвдөг сөгдсөнд Сонор хувь тавилангийн эргүүлгэнд гудайсан тэргүүнээ өргөж, хайр бутарсан харцаараа өлгийдөн авлаа.

    Энэ үед Тэнүүн Интерполын шугамаар баттай шинэ мэдээ авчээ. Хамгийн түрүүнд энэ тухай эхнэртээ дуулгахаар гэрээдээ яарав…

                              ***                   ***                  ***                ***                ***

            Шуурганд уруудсан хэдэн адууны хойноос явсан Тавхайг инээд алдан орж ирэхэд Анир “Эрлээ олсон юм байх даа” гэсэн юм бодоод халуун цай аягалж өгөв. -Тэнүүн тун сая утсаар ярьсан. Хүүтэй холбоо барьсан гэнэ. Сая миний гар утсанд шажигнаад баахан юм ирэх шиг боллоо. Чи унш даа…гээд өврөөсөө гар утсаа гаргаж өгөөд, арайхийн амьсгаа даран эхнэр рүүгээ нэг их ажил амжуулчихсан хүн шиг харлаа.    Тавхайгийн гараас утсыг нь шүүрэх шахам авсан Анир нулимстайгаа зодолдон байж, бичил захидлыг арайхийг уншив.

-Хүү нь сайн. Та нарыгаа маш их санаж байна… Хурдан ирээрэй… гэсэн цөөн үгийг уншаад хоёр гар нь чичрэн салгалснаа:

-Миний хүү… миний хүү ийм ухаантай шүү дээ… хэмээн чангаас чанга хэлээд бослоо…

  Тэр оройноос хойш Чогдонгийнхон инээхтэйгээ болцгоож ээлж дараалан Жеймстэй утсаар ярьж дуу хоолойг сонсов.

-Санаа амарлаа. Миний хүү мөн лут хүн байгаа биз… Төрсөн нутагтаа оччихсон байна шүү дээ. Би ч хүүгээ мэдээд байсан юм аа. Төрснийхөө гэрчилгээ, үнэмлэх… гээд бичиг баримтнаасаа юу ч үлдээгээгүй байсан …

Аав нь инээд алдан ингэж хэлээд цайгаа амтархан ууж суугааг харсан Анар “Энэ лүд амиа хорлосон юм биш байгаа…” гээд ойр хавийнхнаа айлгаж, сандаргаж байснаа мартчихсан манай аав мөн сайхан залж байна даа. За яахав, яахав. Эсэн мэнд гэдгийг мэдлээ” хэмээн бодтол:

-Үгүй ээ, ингэхэд хүү минь мөн байгаа… Та нар бас надаас нуугаад… толгой эргүүлж байна уу … гээд аав нь Тэнүүн рүү нухацтайхан харлаа.

 “Энэ   надад худал хэлж чадахгүй. Тэгээд ч учир мэдэх хүн” гэж байгааг харцнаас нь уншсан Анар:

-Миний хань  тэр Жинхүүгийн царай, зүсийг аавд харуулахгүй бол бас итгэхгүй нь ээ… Намайг яриулах юм бол дараа нь “Зураг байсан” ч гэж мэдэх хүн… хэмээн нөхөртөө шивнэв.

  Тэнүүн компьютерийн ард очсоноо:

-Аав аа, наашаа суугаарай. Хоёулаа Жинхүүтэй ярья. Та царай, зүсийг харж байгаад нэг сайн загнаад ав… гээд инээлээ.

  Хүргэнийхээ дэргэд дуртай гэгч нь очиж суусан Чогдон:

-Одоо ч муу хүүгээ зандарч чадахгүй ээ. Харин нүүрийг харахаас халуухан санагдаад байна шүү… гээд хоолой нь зангирав.

Ж.Дүүрэнжаргал

/Үргэлжлэл бий/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх