Нэг цэг / Тууж /

2017 оны 11-р сарын 09 өдөр, 15 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
neg tseg

Бүх бие нь дагжин чичирч, хөндүүрлээд ч байх шиг. Ямар ч тэнхэлгүй болжээ. Нүдэнд нь өнгө өнгийн оч гялалзан, үе үе харанхуйлна. Хүүхэд уйлах нь тодоос тод сонсдов. Бүсгүйн ам ангалзавч дуу гарч өгсөнгүй.

          – Тариа хийснээс хойш 20 минут болчихож, эмч ээ… Ийм яриа тээр цаана сонсдох агшнаа дахиад л дайвалзан, харанхуйлаад явчихаж…

          Хэдий хугацаа өнгөрснийг эс мэдэх. Бүсгүйн бие хөнгөрөөд, зовиургүй болсон байв. Хоолой нь хатан уух юм гэж гуймаар байвч хэсэг зуур нүдээ анин хэвтлээ.

          – Ихэр юм байна, Хишигмаа. Эхний чинь хүүхэд охин гарсан. Хар даа, энэ муухай амьтныг… гээд эх баригч Жавзан инээд алдан улаан нялзрай амьтан өргөж байсныг  санав.

          – Хэвлийд үлдсэн ураг амьгүй төрж болзошгүй. Бөөрнөөс чинь болоод хүндрэл өгөөд байна. Гэхдээ санаа зоволтгүй, сайхан тайван байгаарай. Зөвлөх эмч нар ирсэн гэж байсан… “Тэгээд яасан бол…” Ийн бодож хэвттэл нэг хүн толгой дээрх хүйтэн жинг авчээ. Хишигмаа нүдээ алгуурхан нээтэл их эмч Ундармаа, эх баригч Жавзан хоёр зогсч байлаа.

          – Ихэр охин тээж төрүүлсэн азтай ээжид баяр хүргэе… гээд жигдхэн цагаан шүдээ яралзуулан инээх Жавзангийн гарыг Хишигмаа чанга атгаснаа:

          – Хаана байна, миний хүүхдүүд гэлээ. Хишигмаа өлгийтэй хоёр хүүхдээ ээлжлэн үнсч, нулимсаа нууж чадахгүй баярлаж суухдаа “Эмээ, ээж хоёр минь их буянтай улс юм даа. Ихрийн удам буян дагадаг юм гэсэн” хэмээн бодов.

          … Эхийнхээ хэвлийд бүтэлттэй хоцорч, 10-аад минутын дараа хорвоод мэндэлсэн мөртлөө Энхлин эгч нь. Алтан хэвлийгээс түрүүлэн гарч ирсэн Анирлан дүү нь. Ихэр охид ингэж ээж, аавыгаа баярлуулсныхаа дараа хоёр эрэгтэй дүү жил, жилийн зайтай дагуулжээ. Ганболдынх гэдэг айлыг ихэр охин, хоёр хүүтэй болгосон Хишигмаа хорвоод тун богино амьдраад, бурхны орныг зорьсон байна.

          … Аавын асрал, элбэрэл дор өсч өндийсөөр охид насанд хүрчээ. Үүрнээсээ   нисч одох шувуухай адил Анирлан алсын Америк руу явав. Том эгчийн хувьд Энхлин ээжийгээ орлож, хоёр дүүгээ асарч, халамжлан, аавдаа тус, дэм болж     ажил, гэр хоёрын хооронд гүйсээр 25-ныхаа жилтэй золголоо. Хоёр жил гаруйн өмнө Америк руу явсан Анирлангаас:

-Сайн байгаа… гэх дам сураг сонсохоос биш өөрөөс нь хэл чимээ авалгүй уджээ.

       Нэгэн байгууллагын даргын жолоо барьдаг аавын нь цалин амьдралд хүрэлцэхгүй. Сургууль соёлын мөр хөөгөөгүй Энхлин найзынхаа дэлгүүрт худалдагч хийж, аавынхаа цалинд жийрэг болно. Тэднийх дулимаг боловч хүнээс гуйхгүй амьдарч байв. Хоёр дүүгийн нь том Золбоо их сургуульд орж, Зоригоо цэргийн албанд татагдан дор дороо л довоо шарлуулж байцгаалаа. Дүү нарыгаа амьдралд хөл тавиагүй байхад аавыгаа орхиод хүний хүн болно гэдэг санаанд нь эс багтах тул Энхлин үеийнхнээсээ ганцаархнаа нөхөргүй хоцорчээ…

          Отгон дүү Зоригоо нь цэргээс ирээд удаагүй байлаа. Хайраа илчилж, хэдэн жил ажил, амьдралд нь тус дэм болж яваа Можоо:

-Хоёулаа хуримаа хийе. Нэг гэрт орж, хүүхэдтэй болъё… хэмээн Энхлинг шавдуулах.

     Гурвын гурван эр хүн орхиод явж зүрхлээгүй бүсгүй:

-Золбоо, Зоригоо хоёрыгоо ажил албатай болонгуут амьдралаа бодъё… гээд өөрийн амьдрал, ахуйтайгаа зууралдах нь Можоогийн урмыг хугална.

     Үр хүүхэд хүсэмжилж, хайртай залуутайгаа хамт амьдрах сан гэж Энхлин дотроо яаравч, араасаа чангаах амьдралын төлөө тэр бүгдийг хойшлуулсаар байлаа.

     Хүнсний салбарт бизнес эрхэлж, өөрийн гэсэн амжилтанд хүрсэн Можоо Европын орноор хамт явах аялалд Энхлинг урьжээ. Хайртай бүсгүйгээ баярлуулах гэж эртнээс бодож, төлөвлөсөн байж. Энэ удаа Энхлин зориг гарган зөвшөөрөв. Аав нь ч жигтэйхэн их баярлаж,  догдлон:

-Миний охин яв. Алийн болгон ингэж айлын зарц шиг явах юм. Газар үз, нүд тайл…  гэжээ.

   Франц, Герман, Египетээр 10 гаруй хоног Можоотойгоо яваад ирсэн чинь аав нь царай алдаад, нэлээд турчихсан:

-Золбоо үерхдэг бүсгүйгээсээ салсан… Зоригоо архи уусан… гээд паян ихтэй угтсан нь Энхлингийн гэрээсээ явах сэтгэлийн чагтыг бүр чангалж өгсөн гэлтэй.

   … Наадам дөхөөд хүн бүрийн сэтгэл тэнэгэр сайхан үе.  Орой гэртээ ирж, хоол, ундаа идэж, ууцгаачихаад, зурагтаа үзэн сууцгааж байтал хаалга тогшжээ. Тогшилт нь танил, дотно санагдав. Энхлин ухасхийж очоод, хэнийг нь асуулгүй шууд онгойлготол  Анирлан  зогсч байлаа.

  Дуу алдан угтсан эгчээсээ өндөр болсон бага охин руугаа хоёр гараа сарвайн:

-Миний охин ямар том болоо вэ… Хэл чимээ өгөлгүй, шууд хүрээд ирдэг яасан сүрхий хүн бэ… гээд хоёр хацрыг ээлжлэн үнсэв…

     Охиныхоо духан дээр байн, байн үнэрлэж, харц салгахгүй суух нь эцэг хүний элэг  дэвтэн дулаацаж байгааг илтгэх…

      Дөрвөн хүүхдээ тойруулан магнай тэнэгэр байгаа хэдий ч 20 шахам жил ханилж, энэ сайхан үрсийнхээ эх, сайхан ханийгаа үгүйлэн Ганболд баяр гуниг хослуулан суулаа.

-Та хоёр ямар том болоо вэ… гэж асуучихаад тоож үнсэхгүй байгаа юм даа…   Отгон дүү Зоригоо нь хушуугаа унжуулж ирээд, ингэж гоморхов. Тэрээр энэ гоморхлоо Анирланд биш, том эгч Энхлиндээ шивнэж хэлэхэд:

-Эгч нь гэрийнхнээсээ хол, хүний газар амьдарсан болохоор жаахан хөндийрч, гэрэвшсэн байлгүй дээ… Ийм том эр чинь эгчдээ гоморхох биш харин ч сайн тусалж, үгэнд нь ордог юм шүү дээ… хэмээн аргадах, сургахыг хослуулаад өнгөрчээ.

     Америкаас ирсэн дүү нь нэлээд өөрчлөгджээ…

 “Хэл чимээгүй шууд ирсэн. Хараар амьдрагчдын баривчилгаанд өртөөд ирсэн байх. Тэгээд дүү нарынхаа нүдийг хуурч, аавынхаа алгыг тэнийлгэх юмгүй ирсэндээ сэтгэл нь жаахан тиймхэн байгаа юм болов уу… Дуугаа хурааж, ийш тийшээ хяламхийгээд, нэг л биш…” Энхлин ийн бодоод “Бас гар хоосон ирсэн гэж хэлж болохгүй ээ. Миний дүү аавдаа 200, надад 100, нөгөө хоёртоо бас америк доллар өгсөн” хэмээн дүүгээ өмөөрөв. Тэрээр дүүгийнхээ аяыг харан, аль болохоор амттай, шимтэй гэсэн бүхнээ түүнд  өгөх гэж ядах…

 – Зэвхий даасан энэ гэр, орноо өөд нь татахад яасан юм бэ? Аав, ээж хоёр анх суухдаа л авсан энэ модон орыг нь ядаж сольчихож чадсангүй юу? Одоо тавилга сэлт гэж ийм модны хог хэрэглэхээ больсон. Гаргаж хая. Сайхан хивс дэвсээд дээр нь хэвтэцгээгээч.

          Анирлангийн энэ үг эгчид нь ч, дүү нарт нь ч дэндүү хол, хөндий сонсогджээ. Энхлин дотроо “Аав сонсоогүй нь яамай… “Ханийн минь эдэлж, хэрэглэж байсан юм” гээд хугархай хөлтэй сандлыг ч гаргуулдаггүй хүн шүү дээ…” хэмээн бодоод:

        – Зүгээр ээ, миний дүү. Цалин мөнгөний хүрэлцээ муу байна. Тэгээд ч ээжтэй анх суухдаа энэ тавилга хэрэгслүүдийг авсан болохоор энүүндээ гар хүргүүлж, хөдөлгөхдөө аав их дургүй. Яаж ч дуртай байх вэ дээ. Аав минь энэ бүгддээ дассан, хайр нь шингэчихсэн байгаа шүү дээ гэж дүүгээ аргаджээ.

          – Монголчууд ийм гажиг байхгүй юу. Новшноосоо салж чаддаггүй. Ийм нохойн хороо шиг юман дотор амьдрахад хэцүү л юм байна…

 Эгчийн нь сэтгэл яаж хөндүүрлэж байгааг анзаарч мэдрэх чадвар ийн сэлбэлзэх Анирланд   байсангүй.

    “Өндөр хөгжилтэй оронд очиж, амьдарч үзсэн хүнийг ийм орчин угтахаар хэцүү байгаа байх…”. Энхлин ингэж сэтгэлээ тайтгаруулаад дүүгээ тэгтлээ буруутгаж эс чадна.

… Маргааш наадмын өдөр. Энхлин эрт ирж, хог шороогоо ухаж, гэрээ цэвэрлэв. Оройхон хэрд аав, Золбоо хоёр нь гурил будаа, гэдэс, толгой барьсаар ирлээ. Гэдэс сайхан цэвэрлэж янзлаад шинэ шөл уух, толгойны махаар ахиухан хуушуур хийж идэхээр өрхийнхөө төсвийн хэрээр наадмын хүнсээ базааж байгаа нь энэ…

   Шөнө дунд орж ирээд унтсан Анирлан:

          – Юун балиар юм үнэртээд байгаа юм бэ гэж хашгираад, ам хамраа даран босч ирлээ.

          – Шинэ гэдэс, цувдай чанаж байна. Чи багадаа гургалдай, гүзээнд их дуртай байсан. Хэвээр биз дээ… Эгчийгээ ингэж хэлэхэд дүү нь:

          – Таны мэдрэл зүгээр үү? Юун гургалдай, гүзээ яриад байгаа юм бэ? Наадах  заваан юмаа чанахаа боль… гэснээ цахилгаан зуухыг унтраав. Хэлэх үгээ олж ядан зогсч байсан Энхлин агааржуулагч цацан сүржигнэж байгаа Анирланд хандан:

          – Чи ямар их өөрчлөгдөө вэ… Америк руу яваад ирсэн нь ганцхан чи юм уу? Өнөөдөр толгойтой бүхэн шахам явж байна. Тэглээ гээд ингэж маяглаж, гайхуулж байгаа хүнийг би  хараагүй… хэмээн хатуухан хэлжээ.

          – Америк битгий хэл Эрээнд хөл тавьж үзээгүй байж ийм тэнэг юм ярихаа боль. Баяр, наадам болж байна гэж сүржигнэх мөртлөө юун цувдай чанаж тэнэгтээд байгаа юм бэ… гэснээ Анирлан:

         – Зоригоо оо,  дэлгүүр яваад тахиа, загас аваад ир… хэмээн муухай ориллоо.

          Хоёр эгчийнх нь ааш зан өдөр, шөнө шиг ялгаатай байгааг Анирланг ирсэн өдрөөс хойш анзаарч, ажигласан хоёр дүү нь гал тогооны өрөөнд зэрэг шахам орж ирлээ.

          – Анирлан эгч ээ, та энэ гэрт байгаагүй, ийм хоол идэж үзээгүй юм шиг юу яриад байгаа юм бэ? Золбоо ахад байр авч өгөх гээд аав, Энхлин эгч хоёр авсан цалингаа хурааж хуримтлуулах гэж ядаж байгаа. Тийм мундаг, яг ингэж ярьж байгаа шигээ тасарч, дээшилчихсэн юм бол та дүүдээ байр аваад өгөөч. Өөртөө ч толгой хоргодох юм авчихаж чадахгүй л байгаа биз дээ?

     Бага дүү Зоригоо нь ингэж хэлчихээд угаалгын өрөө рүү оров. Бага эгч рүүгээ нүд цавчилгүй харж зогссон Золбоо аман дээрээ гарч ирсэн үгээ залгив бололтой Энхлингийн дохиогоор цааш эргэлээ.

          Ирсэн цагаас нь хойш Анирлангийн гаргаж буй ааш аягт эгдүүцээд байгааг  анзаарсан Энхлин хоёр дүүгээ аргадаж, аялах гэж бас хэрэндээ ухаан зарж байв. Энэ удаа ч гэсэн Энхлин:

          – Миний хоёр дүү Цэнгэлдэх хүрээлэнд очиж, наадмын нээлт үз. Хуушуур авч идээрэй… гээд хэдэн төгрөг өгөн, бушуухан явуулжээ.

    – Хэдэн жил яваад ирсэн биш та нар амь нэгтэй, атгасан гар шиг нягтарч, намайг ам бүлээсээ бараг хасчихсан юм шив дээ. Би нэг их удахгүй ээ…  Та чинь хайртай, дуртай гээд нэг хар юм дагаж гүйгээд байгаа юм бол тэднийдээ очооч… хэмээн нэг биш удаа хэлсөн зэвүүн үгээ улам хурцлан шүршсэн Анирлан гоёж, гоодож аваад хаалга саван гарчээ.

   … Нэг гэрт эвтэй дөрвөн амьтан шиг бие биенийгээ үүрч, хөтөлж, тоглож, инээж, уйлж өсчихөөд хэдхэн жил гадаадад амьдраад ирэхдээ төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн ихрийн өрөөсөндөө гоморховч Энхлин дотроо хоёр дүүгээ зэмлэх аядаад, аяга тавгаа хурааж угаав.

     Өглөө түр, тар хийгээд гарсан хоёр дүү нь орой инээд алдан орж ирснээ аавтайгаа морь, бөх үзэхээр суулаа. Энхлин махнаас ч амттай гэдсэн хуушуураа хайраад яг  дуустал, хонх дуугарч хайртай залуу нь зочлон ирэв.

          Байгаагаараа ширээгээ дүүргэж, тойрон сууцгааж, хуушуураа амтархан идэцгээв. Аав нь хүргэн болох гээд хэдэн жил хоёр гэрийн дунд гүйж яваа Можоотой дундаа шил архи тавиад налайн суулаа. Ээж минь тэнгэрээс хараад “Миний охин их сайн хүнтэй учирч” гэж баярлаж байгаа даа гэсэн бодлоор өөрийгөө хөглөн суусан Энхлинд бас л нэг шаналгаа байгааг аав нь ч, хоёр дүү нь ч сайн мэдэж байв.

          “Манай нөгөөх орж ирээд, өөрийн нь хэлдгээр тэнэг, тэнэг юмаа ярих вий дээ. Тэгвэл ч Можоо ахын нүд орой дээрээ гарах байх шүү. Олон газраар явж их юм үзсэн хүн юм чинь… Заримдаа эгчийнхээ ярьж, хэлж байгааг өөр хүн амьтан сонсчих вий гэхээс нүүр хийх газар олдохоо болих юм”. Зоригоог ийн бодож дуусаагүй байтал Анирлан орж ирэв. Зоригоо ухасхийн босч:

          – Яагаад оройтов, эгч ээ? Наадмын нээлт ёстой гоё боллоо шүү… гээд цүнхийг авч, шаахайг дөхүүлж өгөн, чадлаараа ая тал заслаа. Анирлан дүүгийнхээ үгэнд хариу хэлэхгүй байсан мөртлөө:

          – Юун шавхайтай гутал энд авчраад хаячихаа вэ… гэж шилбэлзэв.

          Машинаас буухдаа борооны ус тогтсоныг анзааралгүй гишгэснээ санан Можоо Энхлин рүү гэмшингүй харав. Зоригоо жижиг өрөөндөө Анирланг хөтлөх шахам оруулаад:

          – Можоо ах “Хүй долоон худаг”-аас шууд ирсэн гэсэн. Яахав дээ, шавхай болоо л биз, гадаа бороотой байна. Миний эгч яах гэж заавал ийм хачин юм ярьж, хэлдэг юм бэ? Том эгчид хань болох гээд тусалж, дэмнэж явдаг их сайн ах байгаа юм… гээд хэрэндээ л аргадлаа.

          Хувцсаа солиод ширээнд суусан Анирлан ярвалдаж, хөшилдөөд, наадмын хөгтэй явдал ярьж суусан тэдний уур амьсгалыг дор нь өөрчилж орхив.

          -Явъя даа. Дүүд чинь таалагдахгүй байх шиг байна. Аавыг чинь бодоод шууд ирсэн юм… Можоог ингэж хэлэхэд Энхлин аргадан байж, арайхийн явахыг болиулж,  гэртээ хонуулжээ.

   … -Миний охин, битгий ийм муухай зан  гаргаж бай… гээд аав нь Анирлангаа байнга аргадаж гуйна…

“Манай энэ хэцүү хүн болж магадгүй. Сайн харж хандаарай. Нөгөө гурав нь дажгүй ээ… гээд хань минь амьсгал хураахынхаа өмнөхөн хэлж байсан юм даг. Эх хүн ийм холыг харж, үр хүүхдээ ингэж сайн таньдаг байх нь. Ааш нь ингэж эвдрэхийг мэдсэн бол өр ширэнд унан байж яах гэж тэр  Америк руу явуулах билээ дээ…

   За яахав, өдий хүрсэн хүүхэнд өвгөн би юу хэлэх вэ. Ухаарч ойлгоно биз. Хүн гэдэг амьтан ч амьдралыг амсч байж мэдэрдэг юм даа…” хэмээн Ганболд цээжээ хөндүүрлэтэл бодол ээдүүлэх нь олонтаа.

          Анирлангийн ааш авираас жийрхсэн үү, аль эсвэл эгч, дүүсийн хооронд эвгүй байдал үүсгэхгүй гэсэндээ ч юм уу Можоо Ганболдынхоор орж гарах нь цөөрөөд иржээ.

          – Хоёулаа тусдаа гаръя. Золбоо, Зоригоо хоёр амиа аваад явчихна. Аавыг чинь хаана ч байсан асарч тойлох үүрэгтэй шүү дээ гээд Энхлинг шавдуулах залуу “Ихэр мөртлөө ийм эрс тэс ааш зантай байдаг юм байх даа” хэмээн дотроо Анирланг зэмлэх.

… Ганболдын том хүү Золбоо өвлийн эхэн сарын шинийн гурванд тусдаа гарч, өрхийн тэргүүн болсноор Энхлингийн ачаа хөнгөрөөд иржээ. Авга ах нь Зоригоог Канад руу сургуульд явуулсан болохоор аавыгаа алган дээрээ бөмбөрүүлэх амархан санагдсан хэрэг… Тэгээд ч Анирланд оногдсон ачааг үүрүүлж, амьдралын зах зухаас мэдрүүлье хэмээн бодож…

    Хүү нь тусдаа гарснаас сарын дараа ууган охин нь хайртай залуутайгаа тусдаа гарч, даруухан атлаа сайхан хурим хийлээ. Хүүхдүүдээ тусдаа гаргана гэдэг нэг бодлын сайхан авч гэр нь ханхайж эзгүйрээд, чимээ аниргүй дүнсийх нь Ганболдод тийм сайхан биш байв. Үүний хажуугаар бага охины нь зан ааш дэндүү өөр болсонд халаглан, гайхшаа барах нь эцгийн цээжинд сүүдэр татуулж, хүйт сэнгэнүүлэх болжээ…

     … Можоо, Энхлин хоёр хуримаа хийгээд удаагүй байлаа. Дарсны эх орон Францаас оруулж ирсэн дарсныхаа сурталчилгааг компанийнхаа шинэ байрны нээлттэй хамт хийхээр шийдэж Можоо урилга тараалгасан байна. Нээлтэнд сурталчилгаанд ирсэн зочид дотор урилгагүй зочин нэг байсанд Можоо эхэндээ эгдүүцэж байснаа сүүлдээ “Ирэх ёстой хүний нэг” гэж боджээ. Босоо хүлээн авалтын ширээ тойрсон зочдодоо талархал илэрхийлэн, ширээ ширээнд очиж явсан Можоо Анирлантай харц тулгарав.

          – Танилцахад таатай байна. Миний хамгийн дуртай “La Porto” дарсыг танайх оруулж иржээ. Лос-Анжеласын хамгийн том рестораны орлогын бараг 40 хувийг энэ дарс оруулдаг гэсэн. Тийм болохоор таны бизнес улам сайн байна гэдэгт итгэлтэй байна.

          Адсага адил авирлаад байсан бүсгүй ийм ялдамхан үгээр угтсанд баярлах шиг болсон Можоо:

          – Баярлалаа. Энэ дарсыг монголчууд сайн мэдэхгүй. Харин та их сайн мэдэх юм байна… гээд түүнийг үл таних дүр эсгэжээ.

          Нүүр тулж ганцхан удаа уулзсанаас хойш Анирлан хүргэн ахтайгаа огт тааралдаагүй байна. Тийм болохоор “Дажгүй бизнес бариад авчихсан гайгүй залуу шив. Өмссөн, зүүсэн болоод үг ярианаас нь харвал овоо юм үзсэн эр бололтой. Ойлголцож болмоор санагдлаа” хэмээн бодоод Анирлан түүнээс харцаа салгасангүй. Нээлт, сурталчилгааны ёслолын албархуу шинжтэй арга хэмжээний дараа зөвхөн алдарт “Porto”-г сурталчлах шоу үргэлжлэв. Хаана ч байсан хүрч ирж ойртоод байгаа хадам дүүгээ “Тийм ч муухай ааштай, тэнэг хүн биш бололтой. Ажлыг минь ойлгож сэтгэлээ дэмжиж байна. Хөгжилтэй оронд хэдэн жил ажиллаж, амьдарсан юм чинь толгой нь хоосонгүй байх аа”. Можоогийн дээр үеийн гоморхол, зэвүүцэл ийнхүү арилж Анирланг арай өөрөөр үнэлж эхэлжээ.

          Халуун дарс амтлуулсан шоу сурталчилгаа цаг гаруй үргэлжлээд өндөрлөх тийшээ хандаж байтал Анирлан:

          – Хоёулаа тохилог газар тухтайхан уулзах уу? Танай дарсны борлуулалтанд тустай санал хэлэх гэсэн юм хэмээн Можоогийн чихэнд шивнэжээ. Можоо бүр гайхаж, нүдээ том болгож ирснээ “Юу гэх, яахыг нь үзье” гэж бодоод:

          – Дуртай зөвшөөрч байна. Манай ажилд туслах гэж сэтгэл гаргаж байгаа чинь сайхан хэрэг гэсэн албархуу хариулт өгөв.

          … Таван одын зэрэглэлд хүрсэн цөөн зочид буудлуудын нэг “Романтик”-ийн VIP өрөөнд тухалсан хоёрын хэн хэн нь ам нээлгүй хэсэг сууснаа:

          – Намайг Анирлан гэдэг. Хоёулаа дахиад танилцчихъя гээд бүсгүй Можоогийн өөдөөс цоо ширтэв.

          “Янз үзэх гээд байгаа юм болов уу… Үнэхээр танихгүй байгаа хэрэг үү?” гэх ацан асуултад ээрэгдсэн Можоо дуртай дургүй:

          – Эрхэм… гэж жинхэнэ нэрээ хэлээд өөр үг дуугарсангүй.

          … Цаг шахам сууж дэлхийд алдартай улаан дарсны тухай яриа сонсч, завсар хооронд нь өөрийнхөө тухай магтаалын, гайхуулсан аястай үг хавчуулах Анирланг өөрийг нь танихгүй байгаа юм байна гэдгийг Эрхэм мэдэж авчээ.

          Давхар хаалганы цаана байх өргөн буйдантай өрөөг онгойлгосноо:

        – Хоёулаа ийшээ оръё… гээд Анирлан Эрхэмийн гараас татав.

    Бүх бие нь зарсхийж, дургүй нь хүрсэн хэрнээ том, том юм ярьж, тэнгэрээс бууж, цэцэгнээс дэлбээлэнгүүтээ Америкийн том хотын төв гудамжинд өсч торниод буурай Монголд байх газар олдохгүй байгаа юм шиг царайлдаг бүсгүйн янзыг үзэхээр шийджээ

     … Дарсанд согтсон бүсгүй өрөөний гэрэл унтрааснаа Эрхэмийг тэврэн авч:

       -Чи маш их таалагдаж байна… хэмээн тачаадсан амьсгаагаар хэлснээ шууд барьж аваад үнсчээ. Эрхэм ихэд сандарч, Анирлангаас холдож буйдангийн өнцөг бараадан суулаа. Эхнэрийнх нь ихрийн өрөөсөн бүсгүй хувцсаа алгуурхан нэг нэгээр нь тайлсаар хөхөвч, дотоожтойгоо үлдэв.

-Би чамайг хүсч байхад чи яагаад суугаад байгаа юм бэ… гээд Эрхэмийн хүзүүгээр тэврэн авчээ. Огло харайн боссон залуу гэрэл асааснаа:

          – Анирлаан… Чи өөрийгөө ч танихгүй байгаа юм биш үү? Би ихрийн чинь өрөөсөн Энхлингийн нөхөр байна хэмээн чанга гэгч нь хэлэв.

           Эрхэм хаалга саван гарахад Анирлан тархин дундуураа татуулсан мэт дайвалзан хоцорчээ. Энэ бол уусан дарсандаа биш юу хийснээ сая мэдсэн бүсгүй өөрийнхөө тэнэглэлд багтарсан хэрэг байлаа.

  … Цалингийнхаа дээжээр Эрхэм ээждээ сүү, гэртээ гурил, будаа аваад хайртай Энхлиндээ гоёмсог улаан ноолууран цамц бэлэглэжээ. Гал улаан өнгө бүсгүй хүнийг дэгжин атлаа ихэмсэг харагдуулдаг. Тэгээд ч миний хайр улаан өнгөнд дуртай хэмээн билэгдсэн аж. Гэтэл хоёрхон хоногийн дараа Энхлин дуугаа хураачихсан, хачин царайтай юм орж ирснээ:

     -Можоо, уучлаарай… гэснээ өөр үг хэлэлгүй уйлчихав.

     -Яав… Юу болсон бэ…

     -Анирлан ийм болгочихсон… гээд цүнхнээсээ урж тасдуулсан, нөгөө ноолууран цамцаа гаргаж иржээ.

    -Миний хайр битгий тоо. Хайр нь дахиад аваад өгнө… хэмээн эхнэрээ энхрийлэн үнсч, тайтгаруулсан байна.

     Эрхэм гэр рүүгээ явж байх замдаа хэдэн сарын өмнө болсон энэ явдлыг санаж, “Миний Энхлингийн цамцыг урж чадсан шигээ өөрийнхөө сэтгэлд жаахан ч гэсэн шалбархай авч үзэг л дээ. Цамцандаа ч гол нь биш. Хорвоо дээр хүн болохдоо эхийнхээ хэвлийд ихэрлэн тээгдэж ирчихээд, эгчийгээ эс тоодог нь зэвүүн байхгүй юу…” хэмээн бодлоо…

   … Эрхэмийнх их сайхан дулаан айл болжээ.    Хүүгээ дүүтэй болгоно. Удахгүй бүл нэмнэ… Одоо яг охин гарна… Ийм баяр хөөртэй мэдээ дүүрэн Энхлин аз жаргалтай байв.

     Гэвч архинд орж, орон гэртээ ирэхгүй орц хонгилд очтолоо доошоо орсон Анирлан дүүдээ Энхлин төдийгүй Эрхэм  сэтгэл дүүрэн байх нь ховорджээ.

    Хүргэн ахынхаа жинхэнэ нэрийг мэдэхгүй, авгайлгаар нь Можоо гэдэг хэмээн ойлгосон хадам дүү нь  түүнийг танилгүй сээтэн хаяж, өөрийгөө гутаасандаа ичиж, эгчийнхээ нүүрийг харж чадахаа больсон хэрэг.

        Америкжиж, соёлжсон хэмээн өөртөө эрдэж, их том эндүүрсэн Анирлан архинд толгойгоо мэдүүлж, гудманд гарчээ. Аав, эгч, хоёр эрэгтэй дүү, хүргэн ах, бэр… гээд хайртай бүхэн нь түүний араас явж, аргадаж гуйгаад тусыг эс олж.

  -Та нар надгүйгээр их сайхан байцгаасан гэж халагладаг чинь царайнаас чинь ил байдаг. Тийм учраас би өөрийгөө мэдье… Бага охин нь ингэж хэлээд аавынхаа үгийг огт сонссонгүй.

-Миний үйл юм байх даа. Ямар сайхан охин билээ… Тэгтэл одоо ийм болох гэж.

Ганболд ийн шанална. Шаналж байна гээд толгойгоо үгтээгээд суусангүй. Аргалдаг, янзалдаг, засдаг, залруулдаг гэх хүмүүс дээр очиж:

-Охиныг минь орон гэрт нь авчирч, савнаасаа бусдыг дийлдэг сархдаас холдуулж өгөөч хэмээн өргөл, барьц барьж, өнөө цалингийн хэдэн төгрөгөө дуусгана.

     -Миний дүү эгчийнхээ үгэнд орооч дээ. Яагаад ийм зам сонгож байгаа юм бэ… Чи бид хоёрыг бас хоёр дүүг минь хүн болгож өсгөсөн эцгийгээ бодооч. Тээж төрүүлсэн ээжийнхээ ясыг бүү өндөлзүүлээч…

Хэдэн өдөр хайж явсаар байгаад арайхийн олоод нулимсаа урсган байж эгч нь ингэж гуйна.

     -Надаас болж та нарын нэр төр сэвтээд байгаа хэрэг үү…  Удахгүй Америк яваад өгнө. Тэгээд та нар бүр амар байх болно… Чи тэр зэвүүн нөхөртөө надаас илүү хайртай биз дээ. Миний араас битгий мөрдөж, мөшгөөд бай… Би өөрөө мэдэж байна.

   Эхийн хэвлийгээс хэдхэн минутын зайтай гарсан эгчийгээ хайрлах, түүний үгийг сонсч тунгаах биш харин Анирлан өөдөөс нь энэ байтугай муу, муухай үг хэлээд буцаана…

… Дөнгөж 20 хүрсэн бүсгүй өөрийнхөөрөө зүтгэсээр байж Америкт хөл тавьжээ. Тэр үед энд ирнэ, ийшээ явна гэдэг бараг тэнгэрээс од шүүрэхтэй адил байлаа. Харин Анирлан тийм  шалгуур давааг туулаагүй. Ид шидийн мэт  ингэж хурдан алсын Америкт ирсэн нь түүний хувийн нэгэн нууцтай холбоотойг тийм олон хүн мэдэхгүй. Тэр тусмаа гэрийнхнээс нь хэн ч эс мэднэ…

      -Урилгаар суралцах боллоо. Намайг хэл сурах сонирхолтой гээд манай багш сонгож Америк явуулахаар боллоо. Бүх зардлыг дааж байгаа,  санаа зоволтгүй.

Нэг өдөр ийм юм яриад орж ирсэн охиндоо Ганболд:

-Миний охин өөрөө болно, чадна гэж байгаа бол яв даа. Тэгээд тэр багш нь сонгож шалгаруулсан байхад аав нь юу хэлэх вэ гэхээс илүүг хэлсэнгүй. Энхлин дүүгийнхээ энэ шийдвэрт нэлээд эргэлзэж, цааргалж үзсэн хэдий ч Анирлан өөрийнхөөрөө зүтгэсэн тул явах бэлтгэлийг базаахаас өөр аргагүйд хүрчээ.

Хурааж хуримтлуулах нь байтугай  хэдэн хүүхдийнхээ хувцас хичээлийн хэрэглэл, өрхийн хоол хүнс бусад зардлаа арайхийн залгуулж явсан аав, эгч хоёр нь эрвийх дэрвийхээрээ хөдөлж, хүнээс хэдэн төгрөг зээлэн байж хувцас хунарыг шинэчилж, бас халаасанд нь 500 доллар хийж өгөөд явуулжээ.

  Өдөр болгон хичээлийн дараа дуудаж уулздаг Батсайхан гэх залуухан багштайгаа Анирлан  дотно харилцаатай болж, бүр нэг гэрт орж ханилан суух дээрээ тулаад байлаа.

-Хоёулаа Америк явъя. Тэгэхгүй бол надтай сууж байсан нөгөө хүүхэн чинь амар заяа үзүүлэхгүй юм шиг байна. Энэ сургууль дээр тарсан чи бид хоёрын тухай яриа ч газар авах шинжтэй… гэж Батсайханыг хэлэхэд Анирлан шууд зөвшөөрчээ.

  Гадаад хэлний тэнхимд харьяалагддаг тэр тусмаа англи хэлний багш Батсайхан Америк явах ажлаа хөөцөлдөхөөр болов. Тэрээр урьд нь тэнд ажиллаж амьдарч байсан нь нөлөөлсөн биз. Ямар ч байсан Анирланд гадаад паспорт гаргуулан, виз мэдүүлснээс 10-аад хоногийн дараа бүх бичиг баримт нь бэлэн болжээ.

   … Аав, эгч, хоёр дүүгээрээ үдүүлэн, гэрээсээ нулимстай гарсан Анирлан Нисэх онгоцны буудал дээр очсон хойноо ганцаараа явах гэж буйгаа мэдэв.

-Араас чинь удахгүй очно. Чамайг онгоцны буудал дээр манай найз угтаж авна… гэсэн үгээр үдсэн хайртай багшийгаа худал хэлж байна гэж тэр үед төсөөлөө ч үгүй.

     Айсандаа юу эсвэл гэрээсээ гарч үзээгүйдээ тэр үү Анирлан онгоцонд сууснаасаа эхлээд бараг бүтэн цаг уйлав. Гэвч нэлээд тайтгарсан хойноо эрэгцүүлэн байж “Батсайхантай хамт явна” гэж итгэсэн нь талаар болсонд   гомдоод уйлснаа ойлгожээ.

      Өндрөө аван жингүйдэх мэт хөөрөх онгоцоор зорчигчид бүгд баяр хөөртэй, амар тайван байгаа нь илт. Унтах нь унтаж, зарим нь хоорондоо хөгжилдөн инээлдэнэ. Нөгөө хэсэг нь ном, сэтгүүл уншаад ямар нэг асуудал үгүй. Яахаа мэдэхгүй яваа ганц хүн бол Анирлан.

-Таних хүн байхгүй…  Батсайханы найз нь тосч авахгүй бол яана аа… гээд түүний   утасны дугаар тэмдэглэн өгсөн жижиг цаасыг харан сууна… Агаарын замд аялж үзээгүй тэрээр нэлээд унтсан бололтой.

       Японы Нарита олон улсын Нисэх буудал дээр түр буудаллах тухай үйлчлэгчийн хэлэхийг сонсоод бүр их түгшүүрт автав.

    “Нөгөө Америк нь ойртож…” гэхээс айдас нь давалгаалан, Батсайханд гомдох. Аав, эгч хоёрынхоо хэлсэн үгийг бодох тусам гэмшил, харамсал нь түрж ирээд түүний нүдийг бүрхчихэв үү гэлтэй нулимсаа барьж чадахгүй байлаа.

      Зорчигчид ууж, идэх юм эргүүлэн, аяны алжаалаа тайлж байхад Анирлан ганцаараа суудал дээр хадагдсан мэт хөдөлгөөнгүй суух…

    … Онгоц газарджээ. Зорчигчдыг дагасаар танхим руу орж бичиг бармтаа шалгуулаад цааш алхтал:

-Чамайг Анирлан гэдэг үү … хэмээн асуув.

     Зогтусан хартал дэргэд нь намхавтар нуруутай, махлаг шар залуу зогсч байлаа. Бүрэлзээд байсан нүд нь хүртэл онгойгоод ирэв. Бүсгүй нэрийг нь ч асуух сөхөөгүй, чемоданыг барин алхах залууг дагасаар  машинд суужээ…

     Гэртээ очсон хойноо Тайшир гэж нэрээ хэлсэн залуугийнд гурав хоноод нэлээд тайвширчээ.

     Техас мужид ирснээ мэдэж, жижигхэн модон байшинг түрээслэн амьдардаг энэ залуу хүргэн ах, дүү хоёртойгоо хамт нэлээд удаж байгааг мэдэж авав. Гурван эрэгтэй хүн амьдардаг гэхэд тун догь, дутуу юмгүй, цомхон байгаа нь түүнд таалагджээ. Өглөө их эрт явдаг бололтой, түүнийг унтаж байхад яваад орой ирцгээхэд нь нүүр, нүүрээ харж хэдэн үг сольж амжина.

-Ганболд ярьсан уу… Хэзээ ирэх бол…  Анирлангийн энэ асуултанд Тайшир:

-Үгүй… гэсэн хариулт өгдөг байснаа:

– Ганболд бид хоёр бүр багын найзууд. Эмэгтэй хүн ганцаараа хүний нутагт ингэж ирнэ гэдэг аз сорьсон, хэцүү хэрэг…  Чи өөрөө цаадахтайгаа ярьж, үгийг сонс  гэжээ.

– … Ямар ч байсан ажилд ороод, өөрийгөө аваад явж бай…  Ажлаа хүлээлгэж өгөх хүн олдохгүй байна… Ганболдтой утсаар ярихад ингэж хэлэв. Тэр хоёрыг ярьсны дараа Тайшир:

-Чи тэр хүнийг ирнэ гэж хүлээх хэрэггүй гэдгээ ойлгов уу… Цаадахын чинь яриад байгааг би ойлгохгүй юм. Цагийн аясаар хүн их өөрчлөгддөг юм даа. Уг нь гайгүй сайн залуу байсан юм сан… гээд найздаа ихэд сэтгэл дундуур байгаагаа нуугаагүй байна.

– Нэгэнт энд хүрээд ирсэн юм чинь бусдын адил ажил хий.  Амиа олигтойхон тээгээд, ар гэртээ гар хоосон очихгүйг бод …

    Тайшираас ийм үг сонссон Анирлан “Нэгэнт ирсэн юм чинь чамайг царайчлахгүй ээ…” хэмээн Ганболдод гомдох биш, харин ч өөрийгөө ирлэжээ.

      Ажил олох, хийхэд тустай олон зөвлөгөөг Тайшир хэлж өгөв.

     -Чи чадна, хийнэ… гэвэл гахайн тэжээл бэлтгэх аж ахуй дээр оч. Миний нэг таньдаг ах  байгаа.

   Эгчийхээ гарыг харж, хоёр дүүдээ жанжин шиг хандаад сурчихсан бүсгүйд түүний энэ санал дэндүү хатуу сонсогдов. Анирлан харин түүний авчирсан зар мэдээний дагуу утасдах ажлыг хэдэн өдөр үргэлжлүүлжээ. Тайширын буянаар гар утастай болсон бүсгүй аавтайгаа ярьж, санааг амраасан төдийгүй:

-Ирэх долоо хоногоос хичээлдээ орно гэж залав. Харин Ганболдтой ярих гээд чадсангүй. Зараар ярьсаар байгаад ямар ч байсан нэг ажил дээр тохиролцжээ.

   -Нууцлалтай зар хэрэггүй. Наадуул чинь дандаа дэмий ажил санал болгодог юм. Харин дэлгүүр, ресторан… гээд үйлчилгээний зарууд руу  яриарай.

     Зөндөө олон зарын дагуу ярьсан боловч хийх ажил нь ихэвчлэн угаалга цэвэрлэгээ, зөөвөрлөж, хүргэх гэх зэргээр огт мэдэхгүй чадахгүй ажлууд байлаа.

       Гар хумхиж, бусдын гар хараад сурчихсан бүсгүй  Тайширын зөвлөгөөг зөрчин “нууц” зарууд руу ярьжээ.

“Ганболдод муугаа үзүүлэхгүй… Намайг өөрөөсөө холдуулах гэж ийм арга хэрэглэсэн чамд хэн болохоо харуулна аа…”

     Ийн бодож шаралхсан бүсгүй “Оффис менежер” гэх сайхан нэртэй ажил хийх сонголт хийлээ.

Ж.Дүүрэнжаргал

/Үргэлжлэл бий/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.25.***)
    2020/08/11 16:00

    bayrlalaa

    (0) (0)