Богд хаан, Эх дагины эдэлж хэрэглэж явсан чамин тансаг зүйлсийг үзэж нүд баясгаарай

2017 оны 11-р сарын 30 өдөр, 17 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24281723_1247391255392370_158647482_o

Богд хааны эдэлж,хэрэглэж явсан чамин тансаг хийцтэй үнэт, эрдэнийн чулуун эдлэл хэрэглэлийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж буй  “Чулууны гайхамшиг” үзэсгэлэн өнөөдөр Богд хааны ордон музейд нээгдлээ.

Тус музейд Монгол төрийн сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын эрдэнэсийн санд үе үеийн Богдуудын хурааж хуримтлуулсан эд баялаг, дотоод гадаадын зочид гийчид, элч төлөөлөгчдийн өргөсөн олон төрлийн эрдэнэс, эд зүйлс хадгалагдаж байдаг аж.

Үзэсгэлэнд эдгээрээс дээжлэн XX зууны эхэн, дунд үед холбогдох оюу, шүр, мана, хаш чулуун хөөрөг, эрхи, номин чулуун бойпор, дамар, мөнгө, шүр, сувд, ундрам чулуун зүүлт, хаш үнсний сав, эрүүний тулгуур, пийсүү гуурс, гаанс, хавтага, тээг, шүр чулуу, Монгол эхнэрийн чимэглэл хорол бэл хэмээх зүүлт, шүр, сувдан зүүлт болон Богд хааны хэт хутга зэрэг үнэт чулуун эдлэл дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байв.

Богд хааны хэрэглэж байсан ган, алт, мод, шүр, зааны яс, булигаар, цацаг алтан бөгж бэхэлгээ холбоотой, сум модон хуйтай хутга нь зааны ясан хоёр ширхэг савхтай, ногоон өнгийн ясан дамар шахуурга бүхий сүлжмэл утсан цацагтай шүрээр сийлсэн бар сийлбэр тээгтэй, хутганы ирнийхээ хоёр талд цэцэг сийлбэртэй, бариул нь чулуун шигтгээтэй, хэт нь хоёр талдаа цэцэгтэй зургаан дөрвөлжин сэнжтэй алтан хүрээтэй булигааран гэртэй аж. Энэхүү гоёлыг  Богд хаант Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнийхөө дараа төрийн тэргүүний ёсоор зүүдэг байжээ.
Түүнчлэн Богд хаан, Дондогдулам эх дагины өмсөж хэрэглэж байсан чамин  зүйлс хаан төрийн эрдэнийн шинж, бэлгэдлийг агуулахын зэрэгцээ монгол дархчуул,урчуудын гараар бүтсэн хосгүй нандин зүйлс юм.
Үзэсгэлэнгийн танхимд Богд хааны сувдан хээ бүхий ёслолын хантааз хүндтэй байр эзлэх бөгөөд зөвхөн нэг хээнд нь 22 мянган сувд хэлхэж урласан байна.

Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцог нь хар торгон суурьтай жижиг сувдан битүү дагнаас хээн дээр дунд зэргийн сувд давхар шигтгэсэн чимэгтэй, магнайд нь алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй шүрэн эм хас хээтэй сувдан сампинтай, улаан торгон дотортойг нь үзвээс уран хатгамалчдын урыг илтгэнэ. “Монгол орон чулуун дурсгал ихтэй бөгөөд чулуу, эрдэнийн чулууг өдөр тутмын аж байдал, ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Чулууны ертөнц шавхагдашгүй арвин, давтагдашгүй. Байгалийн чулуу хүний биед онцгой ач холбогдолтой. Байгаль эх 80 сая жилийн өмнө чулууг бий болгосон бөгөөд энэ нь нэн өвөрмөц, ховор үзэгдэл юм. Чулуу, тэр дундаа эрдэнийн чулуу хамгийн тогтвортой, найдвартай, энергийг хуримтлуулагч, хадгалагч, бас дамжуулагч болдог. Хүн төрөлхтөн олон мянган жилийн хөгжлийн явцдаа эрдэнийн чулуу, үнэт металлыг хүч, эрх мэдэл, агуу хүчирхэгийн хэмжүүр болгосоор ирсэн. Бид энэхүү үзэсгэлэнгээрээ Богд хааны ордон музейн сан хөмрөг дэх нарийн ур хийцтэй үнэт чулуун эдлэлүүдийг үзэгчдийн мэлмийд толилуулж байна” хэмээн Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш ярилаа.

Үзэсгэлэн 12 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ.

24251306_1247389668725862_1305714551_o 24281818_1247390215392474_1840568861_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх