Хайрын соронз /тууж/

2018 оны 02-р сарын 27 өдөр, 14 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hair

2-Р ХЭСЭГ

-Чи хулгайгаар амьдрах юм бол холхон шиг явцгаая…  Ингээд хэрүүл, зодоон дээрээ тулах нь энүүхэнд… Харин Хэнчбиш огт өөр бодолтой. Тэрбээр муу, мунхаг бодол, хулгайн үйлдлээ хаацайлах гэж  үзнэ.

-Та нарын хоол, хувцасны мөнгийг олох гэж би ингэж явна… хэмээн өөрийгөө өмөөрч, таахалзах нь энүүхэнд…

     … “Цагдаад дуудагдаж чичлүүлэхгүй юм сан”, “Шорон гэдгийнх нь хаалгыг татчихгүй юм сан” гэх нөхдийнхөө чин сэтгэл рүү ийн ус цацсан Хэнчбиш  хоёр найзыгаа гомдоогоод хэдэн сараар “танк”-ндаа ганцаархнаа үлдэж байсан удаатай. Ижил дасал болсон тэр хоёроос нь өөр тулж, түших, ойлгох хэн ч байхгүйг мэдэрсэн мань хүн:

-Дахиж хулгай хийхгүй… хэмээн ам тангаргаа өгч, Олдох, Цоохор хоёрыг  буцаад ирээч…   гэснээр тэд дахин нэгдсэн гэх.

    Үе тэнгийн гурван хүү өдөр, хоногтой бүү хэл цагийн зүүтэй уралдах шахам өсч өндийсөөр… Нийгэм, цаг үе тэднийг шахаж хавчих нь ихэсч сав л хийвэл “Хаяг тогтоох” гэх хаяг нэрийн дор цагдаа дээр авч очно. Гэвч тэдэнд  тогтоох хаяг гэж юу байх вэ.  Омог, уураа багтааж ядсан хэн нэгний гарын чилээг гаргаж өгөөд буцаад л “танк”-ндаа ирнэ… Тэднийг дүрэмт хувцастай, “цагдаа” гэх хүнээс дайжих,  зэвүүрхэх сэтгэлийг өөрсдөө суулгаж өгсөн гэдэг нь үнэнээс хол зөрөхгүй. Хаана ч явсан тоншиж, товшино. Гар далайна. Хоёр хүүхэд явж байгаад нэг хүний хажуугаар зөрөөд өнгөрөхөд “танк”-ны хаягтайг нь зүс, царай хувцсаар нь ялгаад дуудаж, нэгжинэ. Бүр дургүй нь хүрвэл цагдаагийн хэлтсийн аквариум  гэх төмөр сараалжин хаалгатай, муухай, харанхуй өрөөнд  аваачиж хориод “мартчихна”. Саналаа гэхэд шөнө дунд гаргаж явуулна. Зарим хэнэггүй нь маргааш өглөө тэр бүү хэл 2-3 хонуулчихаад юу ч болоогүй юм шиг:

-За, чи яагаад хулгай хийсэн… Хулгай хийсэн бүх юмаа хэл… аваад ир… гэж сүрдүүлэх. Эсвэл:

-Хэн, хаагуур явж юу хулгайлсныг хэлбэл явуулна…гэх зэргээр элдэвлэн зовоох нь энүүхэнд.

    Энэ бүгд буюу ер нь л “танк”-ныхан гэх хаяг зүүсэн тэднийг хүний данснаас хасч,   муу бүх нэрийг тэдэнд зүүж, эрхэнд нь халддаг учраас цагдаа гэх хаяг зүүсэн хүнд дургүй, бүр нүд хорсох болжээ. Тиймээс ч тэдний гарт орохгүй, муугаа үзүүлэхгүй гэсэндээ “Буруу муу үйлдэл, хулгай, худлаас хол явна” хэмээн андгай тангараг өргөдөг байна. Муу нэртэй, муухай хувцастай гурван хүү ийнхүү зөв бодлыг тээж, нас биедээ ахадсан хатуу ширүүн болоод зэвүүн, завааныг сөрж туулсан…

                        ***                     ***                ***              ***              ***

    Тэр гурав ирээдүйдээ итгэдэг. Сайн, сайхан мөрөөдөл нь тэдэнд хүч нэмж, дутуу болгоныг нөхдөг байжээ.

   “Ходоодоо цадтал ярих сайхан” гээд гурвуулаа буу халах дуртай. Тэдний хайрын дурсамж гэгээн бөгөөд цагаахан…

– Ариукатайгаа суугаад олон хүүхэдтэй болно. Манай Ариукагийн ээж их сайн хүн. Ариука, ээжтэйгээ их адилхан… гэж ирээд хайртай охиноо амаа олохгүй магтана. Зургийг нь харж байснаа үнсэнэ. Гайхуулна… Цоохорыг ингэж ярихаар нөгөө хоёр нь цаашлуулж, хачирлан дөгөөгөөд байхад мань хүн анзаарах сөхөөгүй ярьсаар байх.

-Зургийг нь их олон үнсэх юм. Өөрийг  нь ингэж үнсч чадсан юм уу даа… Ингэж асуухаар ярианых нь эрч арай суларна.

-Үнсч үү… Арай чадаагүй ээ. Гараас нь дандаа хөтөлдөг… гээд Цоохор толгойгоо илж суух. Тэгснээ улиг болтлоо ярьсан нөгөө яриагаа дахиад эхэлнэ.

   “Тэр хөөрхөн охин надад цэцэгтэй, ягаан бээлийгээ өгчихөөд яваад өгсөн. Түүнээс хойш би өдөр бүр вокзал хавиар эргэлдэж, хайдаг байсан. Ойр хавийнханд нь бүр нүдлэгдэж, адлагдталаа явсаар байгаад Ариукагаа олж уулзсан… Тэр өдрөө та хоёрт бээлийг үзүүлж, ярих гэснээ ичээд… Аягүй бол та хоёр “Газраас бээлий олчихоод залж байна” гэж дооглох байсан даа. Ариукатайгаа үерхээд, би “хайртай” гээд хэлсэн хойноо та хоёрт ярьж байгаа юм чинь…”

   Нүцгэн гараараа тэрэг түрээд явж байхад нь ноосон бээлийгээ өгсөн Ариукад мань эр ийн дурлажээ. Арга ч үгүй биз анхны дурлал, хүүхэд байхад хөөрхөн охинд сайн болох ямар байдгийг эрчүүд бүхэн гадарлах хойно.                                                             Хэнчбиш ярианаас түрүүлэхээс биш хоцорно гэж үгүй.

–  Би лаг баян хүнтэй эсвэл монгол биш америк юм уу англи, гадаад хүүхэнтэй сууна… Олон хүүхэд дэмий,  өсгөх гэсээр байтал өөрөө өтөлж үхвэл яана. Ганц хүүхэд байхад болно. Ганцыгаа бол нүдийг бүлтийтэл гоёж, газар тавихгүй гар дээрээ өсгөнө өө… гээд бүр хэрээс хэтийдсэн юм ярьж, халуун яриаг тасалдуулах нь олонтаа.

    Олдох энэ үед хамгийн ихээр сэтгэл хөндүүрлэн байх. Түүний найз охин Эрдэнэт рүү шилжиж яваад сураг тасарчээ. Арга ч үгүй биз. Захиа авах шуудангийн болоод цахим хаяг  байх биш. Харин гар утасны дугаарыг мэдэх атлаа усанд хаясан чулуу шиг алга болсон нь түүнийг сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Хамгийн сүүлд гэхэд Олдох  тун таагүй мэдээ сонсчээ. Хоёр жил шахам үерхэж, хамт кино үзээд гүйж явсан найз охин Будал нь аваарт ороод бие нь муу байгаа гэдгийг нэг найз нь түүнд дуулгажээ. Энэ тухай ярьтал Цоохор, Хэнчбиш хоёр түүний эмзэглэл, зовнилыг эс тоож, харин ч бүр уурыг хүргэж орхисноос хойш Олдох хайр дурлалын тухай ярианд оролцохоо больж, уруу царайлан суух болжээ… Тэрбээр:

-Будалтайгаа байнга уулздаг. Тийм болохоор тэр маань удахгүй ирнэ. Эсвэл ярина…Би мэдэж байгаа юм чинь… хэмээн бодит байдлаасаа огт өөр юм ярина.

-Чи чинь юу яриад байгаа юм бэ. Галзуураа юу. Юун уулзах? Утсаар ч ярихгүй байна гээд чи чинь дуугаа хураагаад, амьсгалж ч чадахгүй байгаа биз дээ…хэмээн Хэнчбиш үгээр баалан сарталзана.

-Чи өөрөө галзуурсан юм биш үү. Өглөө сэрэнгүүтээ “Будалыг зүүдэлсэн… Түүнтэй  уулзсан…” гээд зүүд болгоноо ярьдгийг нь чи мартаа юу… Чи, бид хоёрыг бодвол манай Олдох өөрийн зөн совиндоо итгэдэг хүн…

Цоохор ингэж хэлээд Хэнчбишийн амыг таглаж, Олдохын сэтгэлд илт дэм өгнө…

   Хайрын тухай яриа тэднийг заримдаа муудалцуулаад авдаг ч хамгийн дуртай, хамгийн их ярьдаг сэдэв нь байлаа…

                     ****              ***             ***               ***             ***

    … “Траншей”-ныхныг ангуучлах, ад үзэх нь хэрээс хэтрэхтэй зэрэгцэн, өсч өндийх тусмаа тэд   үеийнхнээсээ ичиж зовохоос эхлээд амьдарч буй оромжоо өөрчлөхийг хүсэх болжээ. Гэвч хаана очих хэнийг бараадах вэ гэдэг дээр гацах…

… Хаврын сар гараад удаагүй байжээ. Өдөржин гадуур явсан гурван хүү нам унтаж байв. Гэнэт хурц гэрэл нүүрэн дээр нь тусгаад:

-Босоод… босоод…хэмээн зандарчээ.

     Байн байн цагдаа, хяналтынхны иймэрхүү дайрлаганд өртдөг болохоор хөвгүүд дэрхийн босч хувцаслав.

-Хувцас хунар гэж байна уу… Та нар бүх юмаа аваарай. Дахиж ийшээ ирэхгүй шүү. Одоо бүх амыг хаана… хэмээн хөндий дээрэнгүй дуугаар цагдаагийн хар хувцастай ахимаг насны хүн хэлээд тэдний хоол ундны сав суулгыг хөлөөрөө ийш тийш өшиглөн тачигнуулах нь түгшүүр зэвүүцэлтэйгээр сонсогдов…

  Олдох, Хэнчбиш, Цоохор гурвыг цагдаагийнхан ингэж харанхуй шөнөөр авч яваад “Итгэл” гэх төвд аваачиж, “тушаажээ”. Орон гэргүй, “тэнэмэл” шошго бүхий хүүхдүүдийг харж ханддаг энэ төвд анх очоод тэр гурав дасан зохицох гэж ихэд “зовжээ”. Өрөөлийг буюу тэр төвийн багш, ажилтнуудад  ч нэлээд ажил удаж, зовоосон гэдгээ тэд хожим ойлгосон гэнэ.

-Дураараа дургиад гэх юм уу өөрсдийн тааваар тэнээд сурчихсан хүмүүс чинь эхэндээ их хэцүү байсан. Өдөржин хичээлд сууна… Тэр бүгдийг шийтгэл мэт үзэж,   зугтана. Оргоно. Араас хөөцөлдсөөр байгаад олж аваад явна. Оройгоо дахиад оргоно гээд муур, хулгана болж бараг хагас жилийг өнгөрүүлсэн. Сүүлдээ овоо ухаан сууж, бид нарын төлөө ингээд яваад байгааг ойлгосон. Манай Олдох бол огт оргож босгоогүй. Бид хоёрыг зэмлэж:

-Одоо хаашаа юу хайж яваад байгаа юм бэ. Ингэж тосч авах хүн одоо байхгүй. Хичээлдээ суу. Хэнээс юугаараа дутах юм бэ… гэж гуйна, гувшина.

   Тэгэхэд манай  Хэнчбиш “ Энд ингэж хашигдаж сууж чадахгүй ээ. Би Хятад руу явна” гээд хий хэзээ ч үл бүтэх юм ярина. Би ч бас адилхан. Их тэнэг байсаан. Очих газаргүй байж, намайг гэсэн тэр олон хүмүүсийг их зовоосон шүү… Хайж өчнөөн цагаа үргүй зарцуулан байж, намайг арайхийн олоод аваад ирнэ. Тэгэхэд би багшийгаа буруу харах хооронд  буцаад оргодог байлаа шүү дээ хэмээн Цоохор хожмын нэг өдөр харамсан ярьж суусан.

  “Танк”-наас “Итгэл” төв рүү шилжиж, бас ч гэж бүрэн бус дунд боловсролтой болж, амьдралын зах зухаас эерэг сайн ойлголт авсан тэд бие дааж амьдрах, тусдаа гарах шийдвэрийг нэг л орой гаргажээ. Ингэлээ гээд тэд оргож, босгоогүй. Багш нартаа хэлээд, тэднээс сайхан зөвлөгөө аваад бүр нүдэндээ нулимстай, салж ядан үдүүлжээ. Тэр гуравт Цоохорын хэлснээр Ертөнцийн Эзэн буюу Христийн сүмийнхэн тусалж, орон сууцны 00-ын өрөөг тохижуулан, үнэ хөлсийг бүтэн жилээр төлж тусалсан нь яах аргагүй ивээл хайр байлаа…

                                        ***      ***          ***           ***         ***

   … Хорвоо дээр мэндэлсэн өдрөө мэдэхгүй хүн гэж үгүй. Хүн бүхэн төрсөн өдрөөрөө баярлаж, хөөрч, хамгийн сайхан бэлгийг хайртай дотнын хүмүүсээсээ авдаг.

        Харин Олдох, Хэнчбиш, Цоохор гурав энэ тухай бараг мэдэхгүй, дурсдаг ч үгүй байлаа.

-Төрсний гэрчилгээ байхгүй…гээд иргэний бичиг баримт олгодоггүй байжээ.  Гэвч өсч өндийж яваа тэдэнд туслах, тэднийг дэмжих хүн цөөн биш. Тиймээс бас нэг сайн санаат хүний тус дэмээр тэд иргэний үнэмлэхтэй болжээ. Үүнээс хойш  Цоохор 16 настай, Олдох түүнээс нэг ах, Хэнчбиш хамгийн ахмад нь буюу 18 хүрсэн хэмээн Монгол Улсын иргэний бүртгэлд орсноосоо хойш төрсөн өдрөө “мэдэх” болжээ.

     Иргэний үнэмлэхтэй болсноос хойш хамгийн түрүүнд төрсөн өдөр нь тохиосон Олдох өглөө эртлэн босч, нөгөө хоёрыгоо унтаж байхад нь гадагшаа гарлаа.

     Тэрбээр хамгийн түрүүнд ойролцоохь хийд орж, сэтгэлээ сэргээх, хамгаас эрхэм, хайртай өвөөгөө дурсах зүрхнийхээ дуудлаганд  хөтлөгдөн гарсан нь энэ.                                                                                  Хос жийнсээр гангарсан мань эрийн шөвгөрдүү хоншоортой,  урт хар гутал  нүүр харагдам гялалзах нь эр хүний эрхэмлэх ёстой соёлын нэгийг ч гэсэн өөрийн болгож чаджээ гэлтэй.

     Олдох хэзээний гутал, цагны хоббитойг нөхөд нь андахгүй.

     “Хоолгүй яана аа” гээд  гар дээрээ ганц төгрөггүй аргаа барж байхад нь хүртэл Олдох алгаа эс тэнийлгэн гүрийнэ. Тэгсэн мөртлөө таалагдсан гутал, цаг харвал өөрөөсөө хүртэл нууж арвижуулсан хэдэн төгрөгөө хайрлах нь үгүй. Нарийн, харамч гэмээр түүний  энэ зан өлмөн, зэлмүүн явах үед бол үнэхээр хэцүү гэдэг дээр нөгөө хоёр нь санал нийлдэг байж. Харин одоо бол “Арвич, сайхан чанар” гэдгийг нь яалтгүй хүлээн зөвшөөрөх болжээ.  Ходоод нь хоржигнож байсан тэр үед   найзынхаа энэ сайхан зан, чанарыг олж харах ухаан дутсанаас  “Өндөр үнэтэй цаг авч гангарлаа. Чамд өрөвдөх сэтгэл алга уу” гээд нөгөө хоёр нь уурлаж, бүр нударга зөрүүлж  байсан гашуун үнэн ч тэр гуравт бий.

   Өнгөрсөн зарим нэг дурсамжиндаа ийн умбан явсаар  “Гэсэр” сүм орж, бүх Бурхадад мөргөв. Арц, хүжийн үнэрт сэтгэл уужран зогсохдоо түүнийг долоохон настай байхад тэнгэрийн орныг зорьсон өвөөгөө санан, санан “Сайн хүн болж, сайхан амьдарна аа, хүү нь” хэмээн сүслэн залбирлаа.

/Үргэлжлэл бий/

Ж.ДҮҮРЭНЖАРГАЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх