Болжмор : Яргуйн хэнзхэн дурлал-төгсгөл

2018 оны 10-р сарын 24 өдөр, 10 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
da1079a9440ac283great

Ээж охин хоёр өдөр хоногийг өнгөрөөсөөр Нандин өөр газар ажилд орж охиноо сувилалын цэцэрлэгт өгөн нэг үеэ бодвол тэр хоёр овоо учраа олж эхэллээ. Нандин ажлаасаа харих замдаа охиноо авчихаад цалин буусан хэмээн охиндоо тоглоом авч өгөхөөр дэлгүүр орлоо. Сүрэнгийн зөөлөн хонин бор нүд ээжрүүгээ тийм гэхийн аргагүй баярлан дүрлэгнэн ширтэх нь хүүхэд л юм болхоороо шинэ юм авч өгөх гэж байгааг мэдэн баярлаж байгаагийн илрэл байлаа. Тэр хоёрыг юм үзэж байх хооронд худалдагч хүүхэн утсаар ярьж байснаа нээрээ өнөөдөр чинь хэдэн билээ… өө тийм байна ш дээ… нээрээ төрсөн өдөр чинь тэ, за баяр хүргэе, ёстой уучлаарай найз нь ажлаа тараад залгая хэмээв. Нандин тэр яриаг чагнаад нээрээ өөрийнх нь бас төрсөн өдөр болохыг санан охиндоо хөөрхөн хүүхэлдэй авч өгөөд нэг бялуу, мөн охиныхоо дуртай юмсыг аван хоёулаа ээжийнхээ баярыг тэмдэглэнээ хэмээсээр баяртайгаар гэртээ харин бушуухан хоол бэлдлээ. Түүнийг хөөрөн жаал зугаа салат, зууш хийн буузаа тавьчихаад ширээгээ засахаар ороод иртэл охин нь газар хүүхэлдэйгээ тэврээд шүлсээ гоожуулан тэр чигтээ унтчихсан байв. Нандин охиноо зөөлөн өргөн зулай дээр нь үнэрлээд мөдхөн ээждээ хоол хийж өгнө дөө… ээжийгээ ганцааранг нь орхиод унтчихсан байх юм миний охин…. хэмээн охинтойгоо ярьсаар орыг нь засан сэрээчихгүйхэн шиг эвтэйхэн тавьлаа. Тэрээр охиноо хуччихаад өндийх гэтэл Сүрэн гараараа тэмтчин ээжийнхээ мөөмийг хайж буй болтой уруул нь өмөлзөж байв. Хажуугаар нь хэвтэн хөхөө бариулаад
Үр минь дээ хоёулаа яаж шуу нэг хүн болно доо. За яахав өвдчихгүй л бол учиртайсан даа тэгээд буузны цаг болж байгааг хараад эвтэйхэн гарыг нь тавиулаад өндийлөө.
Цомхон зассан ширээний ард тэрээр ганцаараа шанаагаа тулан сууж байснаа хуримтлагдаж байсан бүхэн нь гэнэт сад тавин нулимс болон гадагшиллаа. Ширээгээ дэрлэн уйлж суутал үүднийх нь хонх дуугарах шиг болов. Хурдхан шиг босон явуут дундаа нулимсаа арчин гүйхээрээ очин хэн бэ? гээд бараг хариу сонсолгүй хаалгаа тайлтал Болд баглаа цэцэг барьчихсан төрсөн өдрийн мэнд хэмээсээр ороод ирэв. Нандин гайхан арагш ухран баярлалаа хэмээгээд зай тавьж өгтөл бүсгүй минь бид бас байна шүү гэсээр Даваахүү ч нөхрийн хамт байх нь тэр. Тээр жилийн яг энэ өдөр иймэрхүү юм болж билээ, гэхдээ тэр үед бүх зүйл ондоо байсан. Цаг хугацаа гэж… саяхан эл хуль байсан гэр нь дороо дүүрч, дуу шуу орон, халуу дүүгээд ч ирэх шиг.
Найр өндөрлөн Даваахүү нөхрөө дагуулан баяртай хэмээсээр гартал Болд бас даган за би ч бас гэсээр гутлаа өмсөж эхэллээ. Даваахүү учрыг нь мэдэх болхоор Болдод хандан: За зүг нийлэх биш би хар юмаа аваад түрүүлээд явлаа шүү гээд бушуухан гараад явчихав. Нандин чимээгүйхэн харж байснаа Болд баяртай хэмээн гараа сунгахад үг хэлж чадалгүй хана налан газар суун уйлчихав. Болд сандран яах учраа олохгүй байтал нөгөө өрөөнөөс нэг хөөрхөн сөөсгөр охин нүдээ нухалсаар ээжээ гэсээр гараад ирлээ. Болд Сүрэнг нэг харан Нандинг нэг харан байтал Нандин нулимстай нүдээрээ инээмсэглэн
Миний охион “ААВ”-даа үнсүүл хэмээв.
Болд бүр ч мэгдэн сандарч
Нандиа чи сая юу гэсэн бэ… чи сая юу гэчихвээ хэмээн газар өвдөглөн суулаа.
Тиймээ… охин чинь ийм том болчихлоо….
Юу миний охин гэж үү, ийм хөөрхөн, ийм том миний охин… би нээрээ арай ч дээ… миний охион гээд тас тэврэн нүүр нүдгүй үнсэж гарав. Сүрэн харин гэнэт нэг танихгүй хүн түүнийг хаа сайгүй үнсээд байхаар эхлээд гайхан харж байснаа сүүлдээ айгаад ээжрүүгээ тэмүүллээ.
Гурвуулаа хэсэг тайвширсаны дараа Сүрэнг унтуулчихаад Нандин Болдод өнгөрсөн хугацаанд болсоноо бүгдийг нэгд нэгэнгүй ярьж өглөө. Болд толгойгоо шаан сонсож дуусгаад
Намайг уучлаарай. Би ямар тэнэг хүн юм бэ… Та хоёрыгоо тэгж их зовоосонд үнэхээр уучлаарай… би юу хэлэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан би үүнээс хойш та хоёрыгоо харж хандаж явнаа
Үгүй дээ Болд минь, бид хоёр болоод л ирсэн болж л таарна. Чи минь нэгэнт амьдрал зохиогоод үр хүүхэдтэй болсон хүн, би чиний амьдралыг тэгж үрмээргүй байна. Миний амссан зовлонг бас өөр нэг бүсгүй битгий амсаасай хэмээн хүсч байна. Анхнаасаа энэ бүхэн ганцхан миний буруу байсан юм
Үгүй хө, одоо өнгөрсөн юмны буруу зөрүүг яриад яахав. Харин би… хэмээн хэсэг түгдчиж байснаа түүний өөдөөс эгц харан: Тэгвэл ядаж хүссэн үедээ охинтойгоо уулзаж байя л даа. Тэрийг л зөвшөөрчихөөч дээ… тэгэх үү хэмээн гуйлаа.
Надад үрийг нь төрсөн эцгээс нь харамлах хатуу сэтгэл байхгүй ээ. Тэгэх л байсан бол би чамд хэлэхгүй ор тас нуух байсан юм. Гэхдээ нэг юмыг сайн анхаараарай чи бид хоёрын хооронд ямарч асуудал байхгүй шүү. За одоо харьдаа. Чамайг ирэхийг хүлээн цагаа хараад нэг хүний нойр хулжин сууж байгаа дараа тухтай уулзая.
Болд үнэндээ юу ч хэлж чадсангүй Сүрэнгийн өрөөнд орон хөлийг нь үнсэж, үнсэж байгаад: Чамдаа үнэхээр их БАЯРЛАЛАА, баяртай хэмээгээд хаалга зөөлөн хаан гэрээс гарлаа.
****
Сүрэн хичээлдээ очихыг тэсч ядан хүлээв. Амралтын өдрөө ээжтэйгээ хамтдаа сайхан өнгөрөөгөөд нэг дэх өдөр сургууль дээр ирэхэд түүнийг бүгд баяртайгаар угтан авлаа. Сүрэн тэр өдөржингөө баяр хүргэлтээр умбуулан үнэхээр сэтгэл өндөр байв. Хашаа тэр хоёрт тухтайхан ярих ч завдал олдсонгүй. Хичээлээ тараад орхигдсон хичээлээ нөхөж авахаар хоёул ангидаа үлдлээ.
Хашаа хоёулханаа үлдэх мөчийг хүлээж байсан мэт тэсгэлгүй дэвтэрээ хажуу тийш болгон
Сүрээн би их сонинтой… Өчигдөр орой гэнэт Тэмүүжин утсаар яриад… Сүрэн энэ нэрийг сонсоод сонин болоодхов.
Аан, Тэмүүжин үү… нөгөө хотын хүү мөн биз дээ
Тиймээ бид хоёр нилээн удаан ярьсан. Их буурьтай, хэрсүү, ухаалаг хүү байна лээ. Манай эндэхтэй холбоотой нэг юм асуух гэж утасдсан гэнээ. Тэр яавч зүгээргүй болоод л утасдаж байгаа. Тэрнээс тэр зэргийн юмыг асуухын төлөө надруу ярина гэж юу байхав… хэмээн хэлээд хөгжилтэй нь аргагүй тас, тас хөхрөв. Хашаа үргэлжлүүлэн өөрөө зохиож байгаа эсвэл үнэн болох аль нь мэдэгдэхгүй ярьсаар л. Сүрэн харин бодолд дарагдлаа. “Би Тэмүүжинг яагаад өөрийн эрхгүй бодон харамлаад байгаа юм бол. Уг нь бид хоёрын хэнд нь ч хамаагүй хүү ш дээ. За, за нээрээ л Хашаа уруу залгаж байгаа, тэгээд ч тэр орой надаас олон бүжиглэсэн юм чинь Хашаад талтай юм байлгүй дээ. Би ч элдэв юм бодоод мангар байхаа” гэсэн хэдий ч цаанаа л нэг хөнгөн гуниг төрөөд ирэв. Хашаа гэнэт түүнийг нудчин
Хүүе, миний найз яасан бэ. Хүн юм яриад байхад нэг ч хариу өгөхгүй юм. Найздаа баяр хүргэхгүй юмуу даа гээд түүнийг хүзүүгээр нь тэврэн авлаа. Гэтэл гаднаас наймдугаар ангиасаа хойш Сүрэнг эргүүлж байгаа ангидаа бүү хэл сургуульдаа зартай атаман гэгдэх Жавхаа ороод ирлээ. Жавхаатай хамт хаа ч явсан хэлхээтэй юм шиг явдаг хоёр нь ч ороод ирэв. Жавхаа хэдий болдоггүй нэртэй ч хүнд их тусархаг, цайлган нэгэн. Сүрэн яагаад ч юм түүнийг хархаар л юу ч болоогүй байхад л уур нь хүрээд байдаг байв. Заримдаа өөрөө ч гайхна. Жавхаа түүнийг байнга өмөөрч хамгаалж өөр хороололынхонтой хүртэл зодолдож байсан удаа бий. Гэтэл яагаад түүнийг хархаараа ингэж дургүй нь хүрээд байдгийг өөрөө ч үл мэднэ. Магадгүй аавынх нь эхнэрийн хамаатан болоод тэгдэг юм болов уу хэмээн гайхширдаг байв. Сүрэн ум, хумгүй юмаа цүнхлэн явах уу хэмээн Хашаад хэлэн хоёулаа өндийтөл Жавхаа хөндөлсөн баяр хүргэе хэмээгээд чихмэл хөөрхөн жижигхэн цагаан бамбарууш өгөөд өөрөө түрүүлэн гарлаа. Сүрэн, Хашаа хоёр бие биенийхээ өөдөөс гайхан харж байснаа гараад явангуут нь тэсгэлгүй хоёул пис хийтэл инээд алдчихав.
Сургуулиас гараад хэлхэлдэн сурсанаараа Хашаагийнд очоод цай ууж байтал Хашаа хоёулаа Тэмүүжинтэй ярих уу. Манай утас тэртэй тэргүй эрхтэй юм чинь хэмээв. Сүрэн бушуухан толгой сэгсрээд би ярихгүй ээ чи өөрөө л ярь гээд ууж идсэнээ хураав. Хашаа хэсэг тээнэгэлзэж байснаа яагаад ч юм найздаа нэг юмаараа ч гэсэн гайхуулах гэнэн хүсэл нь төрөн бушуухан утсаа шүүрэн авч залгалаа. Сүрэн наанаа хэнэггүй царай гаргаж байвч дотор хүн нь аль хэдийн Хашаагийн хажууд оччихсон юу ярих бол гэдгийг тэсэн ядан хүлээн бас ч гэж догдолж байв.
Байна уу… сайн байна уу эгчээ. Тэмүүжинтэй ярих гэсэн юм. Аан… би… гээд жаахан түгдэрсэнээ Дарханаас ярьж байгаа найз нь байна… аан за зүгээрээ баярлалаа…
Өө цаадах чинь дэлгүүр явчихсан ирэхээр нь яриулъя гэж байна ээж нь… хэмээн аль хэдийний мэддэг хүн шиг хэлэв. Сүрэн юм хэлсэнгүй ч дотроо ашгүй хэмээн бодлоо. Тэр хоёр өөд, өөдөөсөө харан суугаад дурлалын тухай өөрсдийн мэдэх хирээр ярилцаж гарав.
Сүрээн, миний найз Жавхааг яагаад тоодоггүй юм бэ? Цаадах чинь тийм муу хүүхэд биш ш дээ. Охидууд атаман гэдгийг нь мэддэг хирнээ л эргүүлээд байхад, чи гэж хүн л авч хэлэлцэхгүй юм
Мэдэхгүй… надад яагаад ч юм нэг л таалагддаггүй юм
Чамд ер нь боддог хүү байгаа юу, миний найз хэзээ нэг над шиг дурлах бол… би гайхаад байдаг юм энэ хөвгүүдийг… би чамаас илүү хөгжилтэй, бас ч гэж дажгүй, хүн бүхэнтэй найрсаг байдаг гэтэл яагаад эд нар надаас илүү чамайг гээд байдгийг ер ойлгохгүй юм хэмээн тоглоомоор хэдий ч үнэнээ хэлэв. Сүрэн инээдээ барьж ядан
Чамайг гээд гүйснийг нь чи тоодоггүй биз дээ. Надад яг одоохондоо тэгтлээ бодож доглоод байдаг хүн байхгүй л дээ. Би заримдаа чамд атаархдаг юм. Дурлаад л шаналж л байдаг удалгүй дахин дурлаад л… би нэг дурлаж үзэх юмсан гоё байдаг байх даа
Чи харин нэг дурлавал их үнэнч дурлах байхаа даа… минийх ч яг дурлал биш юм шиг байгаа юм, шохоорхол юм болов уу. Одоо Тэмүүжинд нэг л сонин ихээр доглоод байх юм… сонин юм даа сайн мэдэхгүй, олон уулзаагүй хирнээ түүний царайг одоо болтол би мэддэг… тэр хоёр ийнхүү ярьж суутал гэрийнх нь утас дуугарлаа. Энэ үест хоёул зүрх нь булгилан хүчтэй цохилов. Хашаа гүйж очин утсаа авангаа амьсгаагаа даран нэг уртаар амьсгалаад
Байна уу…тийм би байна гэснээ Сүрэнд хандан амаа хөдөлгөн Тэмүүжин байна хэмээв. Сүрэн дотор нь хатгуулан хөнгөн гунигт автлаа. Хашаа хөгжилтэй нь аргагүй ярьж байснаа… тийм… аанхан… одоо надтай хамт байна ярих уу гээд Сүрэнд чамтай яръя гэж байна хэмээв. Сүрэн гар нь чичрэн Хашаад би юугаа ярих юм бэ үгүй гэтэл Хашаа маяглаад бай хүн мэнд мэдэх гэж байхад сүртэй юм гээд харилцуураа гарт нь бариулчихав.
Байна уу… хэмээн чичирхийлсэн хоолойгоор дуугарлаа
Сайн байна уу, Хичээл ном сайн уу, нөхөж авах гэж бөөн юм болж байгаа биз хэмээн эвлэгхэн хоолойгоор өөдөөс нь ярих сэтгэлийн мухартаа битүүхэн тээж яваа хөвгүүнийхээ дууг сонсоод тэрээр юу гэхээ мэдэхгүй асуусан юманд нь нэг хоёрхон үгээр товчхон хариуллаа. Хэдий богинохон яриа болсон ч Сүрэнгийн хувьд энэ хамгийн сайхан хэзээ ч мартамгүй яриа болж өнгөрөв.
Тэр үеэс хойш дахин Тэмүүжинтэй ярьсангүй. Хашаа л үе, үе түүнтэй ярьсаныгаа сонин болгон ярина. Хоёр найз хичээлдээ шамдан хугацаа бага бас конкурсдээ бэлдсээр тун ч завгүй болов. Хашаа, Сүрэн хоёр хамтдаа хотод СУИС-д орно хэмээн ярьдаг байсан ч Хашаагийн ээж, аав гадагшаа сургуульд явуулхаар болсон тул Сүрэн ганцаараа бол тийшээ орохгүй хэмээн ямар сургуульд орохоо шийдэж ядан байв. Ээж нь нэг өдөр түүнд: Миний охин өөрийнхөө хүссэн, сонирхдог мэргэжлээ л сонгоорой. Өөрийнхөө хүсэл сонирхолтой юмандаа орж байж дараа нь ажил дээр гархаар ажилдаа дуртай байж, үр бүтээлтэй, амьдрал чинь утга учиртай болно. Уг нь миний охин чинь тоонд сайн дуртай, бас авъяастай, үнэхээр урлагийн хүн болно гэвэл ээж нь татгалзахгүй ээ. Урлагийн хүн гэдэг чинь сайхан бас түүнийхээ хирээр их өндөр хариуцлага, итгэл найдвар тээнэ гэсэн үг. Чи аль нэг мэргэжил эзэмшлээ гэхэд тэр хүрээнийхэндээ хамааралтай болох бол урлагийн хүн болно гэдэг бүхэл бүтэн ард түмний хамааралтай болно. Одоо эртхэн шийдвэрээ гаргаад олон юманд үсчилгүй нэг чигээ барьж авдаа хэмээв. Харин аав нь: Миний охин ээжийнхээ мэргэжилийг эзэмшвэл, одоо болон ирээдүйд чинь хэрэгтэй. Хаана ч очсон чи ажилтай болно гэсэн үг хэмээв. Сүрэн нэг оройжин бодоод аавынхаа зөвлөгөөг дагахаар боллоо.
Хоног өдрүүд харвасан сум мэт өнгөрч тэрээр хотод ээжтэйгээ хамт конкурс өгхөөр үеийн олны дунд бужигнан Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн үүдэнд догдлон зогсоно. Угийн суурь сайтай болхоор шалгалтаа ямарч байсан амжилттай өгч сургуульдаа орхоор болов. Хашаа нь ч удахгүй явах гэж байгаа болхоор тэр хоёр ихэнхи цагийг хамтдаа өнгөрөөнө. Хашааг явахын урд өдөр Сүрэн ээждээ үнсүүлэн салж ядан хургасаар нулимсаа дуслуулан хотын зүг эрдмийн мөр хөөхөөр явлаа. Тэрээр хотод Хашаагийн хотын байрны нэг жижиг өрөөг хөлслөн суухаар тохирсон билээ. Хашаа, Сүрэн хоёр элдвийг ярьсаар бараг үүр цайлгав. Тэмүүжин, Хашаа хоёр уулзсан тэгээд гаргаж өгнө гэсэн хэмээн ярьж байснаа Хашаа нэг юм хэлэх гэснээ болин маргааш хэлье хэмээв.
Өглөө нь онгоцны буудал дээр Хашаа хөөрцөглөн гэрийнхэн, ах дүү хамаатан садандаа үнсүүлэн хүн бүр дор бүрнээ захих захиасыг за хэмээгээд л өнгөрөөж байв. Тэрээр зайтайхан зогсоод найзыгаа хүлээх Сүрэн дээр хүрч ирэн чамд хэлэх юм байна гээд гараас нь хөтлөн хоёул хүн багатай хажуугийн танхимд орлоо.
Сүрээн, миний найз намайг уучлаарай. Найз нь үнэндээ чамд одоо найз гэж хэлэгдэхээ ч мэдэхгүй байна. Урд нь хэлэх гэснээ надад уурлаад найзлахаа больчих болов уу гээд одоо хэлж байгаа юм. Цаг бага байгаа болхоор товчхон хэлье: Тэмүүжин анх надтай ярихдаа чамайг гэж андуурсан юм. Би бүр дараа нь үнэнийг нь хэлсэн. Чамтай нэг удаа ярьсан тэрийгээ намайг гэж бодсон. Бид хоёрын нэрийг сайн мэдэхгүй тэгээд олон хүүхдийн утас авсан болохоор ямар ч байсан Дарханаас ганцхан чамайг гэж бодсон байна лээ. Би ярьж байхдаа найз охинтойгоо хамт байсан гэж хэлсэн юм. Үнэндээ би ч гэсэн эхлээд намайг гэж л ярьж байна гэж бодож байсан л даа. Дараа нь медаль гээд ярихад л андуурагдаж байгаагаа мэдсэн. Тэгэхдээ би түүнд хэлээгүй, чамд ч бас. Тэмүүжин ухаантай хүү байна лээ намайг ойлгосон. Чамд Тэмүүжин сайн болчихсон намайг уулзуулаад өгөөч гэж гуйсан ч би яагаад ч амжсангүй. Тэгээд ч чи өөрөө Тэмүүжинг нэг их ойшоож үзэхгүй байсан болхоор би хүчлээгүй юм. Хэрвээ чамд таалагддаг бол энэ утасных нь дугаар шүү. Цаадах чинь уг нь ирнэ гэсэн яасан юм бол доо… намайг уучлаарай.
Сүрэн энэ бүхнийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй
Юу… үнэн гэж үү… энд чи тэгээд ямар буруутай гэж. Өөрийгөө буруутгаад яахав дээ. Үнэндээ би ч гэсэн Тэмүүжинд сайн. Одоог хүртэл бодогдоод байдаг юм. Тэгэхдээ та хоёрыг үерхдэг гэж бодоод, бас чамайг сайн болхоор чинь хэлээгүй юм.
Ээ, найз минь дээ. Чи надад эртхэн хэлчихгүй дээ. Чи өөрөө ярихгүй л дээ би мэдэж байна гэснээ алив хэмээн түрүүлэн ухасхийгээд аавынхаа утсыг аван ярих гэтэл Сүрэн битгий хэмээн хорьсон ч Хашаа найз нь мэдэж байна. Чи хүлээгээд л байх хэрэг үү гээд залгасанаа өө утсаа авахгүй байна за яахав найз нь очиж байгаад та хоёрыгоо заавал уулзуулна аа гэв. Гэтэл ч зорчигчид орохыг сануулан хоёр найз уйлалдан байж салцгаалаа.
Сүрэн буцах замдаа түмэн бодолд дарагдан явна. Тэмүүжинг өөртөө сайн гэдгийг сонсоод түүнийг ямар их догдолсоныг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ. Ухаан нь самууран хөл нь хөнгөрөөд хүн бүхнийг барьж авч үнсмээр ч юм шиг, эсвэл байдгаараа орилмоор ч юм шиг, атгахан зүрх нь цээжиндаа багтаж ядан оволзон түг, түг хийн хүчтэй цохилно. Одоо ч гэсэн тэрээр аль хэдийн уулзчихсан юм шиг элдэв мөрөөдөлд автан түүндээ өөрөө баясан нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулан явна. Тэд явсаар гэртээ ирлээ. Хашаагийн ээж, аав хоёр Сүрэнд хандан
Сүрэн минь чи миний охиноос ялгаа юу байхав. Та хоёр минь хар багаасаа нөхөрлөсөн улс. Хэдэн жил энэ байр минь эзэнтэй эзэнгүй явлаа. Чамаас гадна бас нэг оюутан охин нөгөө өрөөнд байна. Том өрөөгөө бид хоёр ирж байхдаа байх учраас цоожлоод түлхүүрийг нь чамд өгчихье. Миний дүү өөрийн гэр шиг л байгаарай. Хаяа том өрөөндөө салхи оруулчихаж байна биз. Бид хоёр ч гэсэн санаа амарлаа хэмээв. Сүрэн ч найзынхаа гэрт, хямдхан хотын төвд ийм сайхан байранд бараг л эзэн нь болж үлдэж байгаадаа баярлан тэр хоёрт баярласан талархасанаа илэрхийлээд санаа зоволтгүй хэмээгээд үлдлээ.

****
Хичээлийн анхны өдөр эхэллээ. Намрын налгар сайхан өдөр энд тэндгүй амь орсон мэт хөдөлгөөн ихсэж дуу орон, дор бүрнээ хирэндээ гангарч гоёсон хүүхэд, залуус хотын өглөөг чимэн юутай бахархалтай сайхан харагдана. Сүрэн ч гэсэн догдлон хичээлийн шинэ жилийн нээлтийг үзэн хөөрөн зогсохдоо нүд алдам олны дунд дэгэлзэн зогсоно.
Хичээл ч эхэлж хайж явж будилсаар арайхийн ангиа оллоо. Нэг л том болчихсон ч юм шиг, эсвэл бүр өөр хүн ч болсон юм шиг. Хэдхэн сарын өмнө сурагчын дүрэмт хувцасаа өмсөн халгиж, цалгиж явсан гэнэн ариун хүүхэд үе нь дүрэмт хувцастайгаа хамт үлдчихэж дээ. Биеэ бариад цаанаа л нэг хөөргөн хирнээ хүнд санагдаж байв. Ангийнхантайгаа танилцан угийн нэг их дуу гардаггүй болхоор дам зүс мэдэх Эрдэнэтийн нэг охин байсанд танимгайрхан түүнтэй арай илүү дотно байв. Хичээл орсон эхний 14 хоногт учир нь олдохгүй өнгөрлөө. Хүүхдүүд ангиа сольж байна гээд нааш, цааш сэлгээ их хийнэ. Нэгэн өдөр эхний цагийн хичээл эхлээд дундаа орж байтал ангийнх нь хаалгыг тогшин нэг хүү гартаа бичиг барьсаар уучлал гуйн орж ирлээ. Сүрэн багшийн хэлсэн бүгдийг үг үсэг алдахгүйг хичээн бичиж байгаад эхэндээ анзаарсангүй. Багш нь дуугаа хураан хэн нэгэнтэй мэндлэхэд дээш харвал түүний өмнө Тэмүүжин зогсож байлаа. Тэр хоёр хоромхон зуур харц солилцоход хэн хэнийх нь нүдэнд баярын болоод гайхсан шинж илрэв. Тэмүүжин шууд Сүрэнгийн хажууд очоод суухдаа толгой дохин мэндлээд нүдээрээ урин зөөлөн инээмсэглэлээ. Энэ үест Сүрэнгийн хацар өөрийн мэдэлгүй улайж халуу дүүгэн, нүд нь бүрэлзэн, чих нь шуугиад суудлаасаа хөндийрөөд ирэх шиг болход өвдөг нь чичирч байв. Тэмүүжин ч гэсэн Сүрэнг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Түүний хэдэн сар бодон санагалзаж байсан охин нь ингээд өөдөөс нь харан ичингүйрэн сууж байхыг хараад үнэн үү хэмээн өөрөөсөө асууна. Тэрээр Сүрэнгийн хажууд очоод суухад яагаад ч юм халуу дүүгэх шиг болов. Уулзахаасаа өнгөрлөө хэмээн бодож байсан сэтгэлтэй мөрөөдлийн охиныхоо хажууд ингээд сууж байгаадаа итгэж ядан байн, байн нүднийхээ булангаар харан өөртөө зүүд биш хэмээн итгүүлж байв. Тэрээр дотороо ямар азаар гэрийнхэнээс зөрсөөр байгаад энэ сургуульд, тэгээд бүр энэ ангид оров оо. Ёстой хувь тавилан гэдэг энэ байх даа хэмээн бодон нүднийхээ булангаар дахин харвал хоёул харц мөргөлдчихөв. Сүрэн сандран бушуухан доошоо харвал Тэмүүжингийн бүр ч эгдүү нь хүрэн болдог бол гарыг нь ч болов атгахсан хэмээн туйлгүй ихээр хүслээ.
Төд удалгүй хичээл ч завсарлав. Ангийн охид Тэмүүжинг сонирхож байгаа нь илт. Тэмүүжин өөрийгөө товчхон танилцуулан суудал дээрээ буцаж суугаад Сүрэнд хандан
За сайн уу, таньж байна уу… би нөгөө
Тиймээ… таньж байна
Ямар сонин юм бэ, хоёулаа нэг ангид орчихдог. Чи СУИС-д орно гээд байгаагүй билүү?
Хашаа явчихсан ганцаараа ормооргүй санагдаад… гэтэл Сүрэнтэй нийлдэг Эгшиглэн хүрч ирэн
Та хоёр чинь эртний танилууд юмуу… Эгшиглэн хэмээн гараа сунгалаа.
Хичээл тараад Сүрэнг явах гэтэл Тэмүүжин хажууд нь хүрч ирээд чимээгүй даган зэрэгцэн явлаа. Чимээгүйхэн хөл нийлүүлэн алхсаар. Үнэндээ ярих юм зөндөө их байвч юу ч ярилгүй арслантай гүүр өгсөн цаашлав. Тэд явсаар Багшийн дээдийн буудал дээр ирэхэд Тэмүүжин энийг барьж бай даа би одоохон хэмээн цүнхээ бариулаад өөрөө гүйгээд явчихав. Сүрэн цүнхийг нь барин хүлээж байхдаа үнэхээрийн жаргалтай байгаагаа мэдэрлээ. Түүнийхээ барьж явдаг цүнх гэж бодохоор л хөтлөлцсөн юм шиг болоход гарынх нь хөлс дааварлана. Тэмүүжин хоёр гартаа оросын зүрхэн хэлбэртэй “Моя любимая” зайрмаг барин гүйж ирээд нэгийг нь Сүрэнд өгөөд
Уучлаарай, завтай бол хоёулаа хамтдаа Хүүхдийн ордон орох уу. Тэнд өнөөдөр тоглолттой гэсэн, хичээлийн нээлтийн тоглолт үзэх үү?
Хүүхдийн ордны хичээлийн нээлтийн тоглолт үзэн суугаа хоёрт энэ бүхэн нэг л сэтгэлд ойр, дотно санагдана. Эргээд энэ тайзан дээрээ гарахгүй гэхээр хэн, хэн нь гэгэлзэн байж үзэж дуусгалаа. Тоглолт ч тарж гарах хаалга зүглэн явтал Тэмүүжин Сүрэнгийн гараас нь гэнэт хөтлөөд авав. Сүрэн сандран гараа таттал Тэмүүжин
Чи яагаад зовоод байгаа юм бэ, бид хоёр чинь бас ч гэж бүжиглэсэн хоёр биз дээ гээд улам чанга атгалаа. Сүрэнд гараас нь атгасан тэр зөөлөн гарт ингээд л хөтлүүлээд яваад баймаар санагдав.
Тэмүүжин хөтлөсөөр хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнд түүнийг дагуулан очиж хоёул сандал дээр зэрэгцэн суулаа. Тэмүүжин Сүрэнгийн өөдөөс харан салхинд хийсэх үсийг нь чихнийх нь араар хийнгээ
Сүрээн, би чамайг сүүлчийн уулзалтаас хойш байнга боддог болсон. Чиний нэрийг чинь ч сайн тогтоогоогүй байж чиний дүр чинь сэтгэлд үлдэж, намайг их зовоодог байсан. Би чинь аравдугаар ангидаа анхны хайртай учирчихлаа гэж үү… гээд л өөрөөсөө байнга асуудаг байлаа. Намайг тоох үгүйг нь бүү хэл, Тэмүүжин гэдэг хүнийг мэддэг ч юмуу гэж бодхоор л гол харладаг байсан. Чамайг санах болгондоо дуу дуулж тэр л оройны бүжиг, чиний нүд хоёр намайг илбэддэг байв. Өнөөдөр ангид орж ирээд чамайг хараад би нүдэндээ итгээгүй… бурхан миний чин хүсэлтийг сонсчээ хувь зохиол гэж энэ байхдаа л хэмээн бодоод байгаа. Сүрэн минь миний сэтгэлийг хүлээн аваач дээ, би зөндөө санасан, бас хүлээсэн хэмээн хэлээд өмнө нь өвдөглөн суугаад өөдөөс нь цоо ширтлээ. Сүрэнд саяны болсон бүгд нь зүүд зэрэглээ шиг санагдан итгэж ядан байснаа сэтгэл нь маш ихээр хөдлөн гаран дээр нь гараа тавиад
Чамд баярлалаа… бурхан миний ч гэсэн үгийг сонсчээ… гээд инээмсэглэв. Тэмүүжин яг л жаахан хөвгүүн шиг дороо дэвхцэн Сүрэнгээ тэврэн авч дээш өргөөд… баярлалаа… ямар гайхалтай байна аа хэмээн хамаг байдгаараа хашгирлаа.
Сургууль дээр тэр хоёрыг бүгд ярилцана. Аргагүй л таарсан хосууд гэж энэ байх даа… Тэмүүжин ямар гоё халамжтай юм бэ… Сүрэн ямар азтай юм бэ. За тэгээд нэг их удахгүй бие, биенээсээ уйдаад ирнэ дээ. Үргэлжийн мөнхийн хамт байхаар залхдаггүй юм байх даа. Анхандаа тэр хоёрыг элдэвээр ярин сонирхож байснаа сүүлдээ тэр хоёрын гайхалтай үнэнч хайранд атаархан бүгд хүлээн зөвшөөрч, орчин цагийн Ромео, Жульетта гэлцэх болов.
Сүрэн 2 дугаар курсээ төгсөөд гэртээ харих болов. Тэмүүжин урд өдөр нь Сүрэнд хатуу цаасыг альбом болгон хийгээд багаасаа авхуулаад одоог хүртэл авахуулсан зурагнуудаа нааж өгөв.
Хайрыгаа санахаараа харж байгаарай хэмээн халуун янагаар үнслээ. Сүрэн тэрхүү сэтгэл шингэсэн гайхалтай өвөрмөц бэлэгийг хараад дуун алдан хэлэх үгээ олж ядна. Сүрэнг хариад сар болоод ирэх хооронд Тэмүүжин тэсгэлгүй хойноос нь яваад очив. Хоёулаа уулзангуутаа тас тэврэлдэн хошуу салгахгүй үнсэлдэнэ. Сүрэн хүзүүгээр нь тэврэн баярын нулимс унгаж байхад Тэмүүжин таарсан газраа үнсэн нулимсыг нь арчиж өгч байлаа. Тэр хоёр Нандинд хамаг учраа хэлэн Тэмүүжин албан ёсоор Сүрэнгийнхээ ээжтэй танилцлаа.
Нандин Тэмүүжингийн ар гэрийнхнийг асуувал аавыг нь Ганхүү гэдгийг сонсоод золтой ухаан алдаад уначихсангүй.
Юу, хэн гэнээ… эмээ, өвөөг нь хэн гэдэг вэ, хаана байдаг улс вэ? хэмээн асуухдаа нэг амьсгаагаар дуржигнуулан нүд нь эргэлдээд ирлээ. Тэмүүжин гайхан аавын ээж, аав хоёр байхгүй бурхан болцгоосон… гэтэл Нандин амьсгаа нь бүүр дээрдэн
Алив чамд аавын чинь зураг байна уу? гэтэл Сүрэн хажуунаас нь
Ээж та яагаад байгаа юм бэ. Энд чинь аавынх нь зураг ямар хамаатай юм бэ… гэтэл Нандин
Хүлээж бай миний таньдаг хүн байж магад зураг нь байна уу, эмээ өвөөг чинь хэн гэдэг байсан юм хэмээн аль болох биеэ барихыг хичээн асуулаа. Тэмүүжин сандран залуугийнх нь л зураг байгаа даа хэмээгээд түрүүвчээ гарган энэ манай ээж, аав хоёр, өвөөг Цэрэн, эмээг…Нандин хэтэвчийг нь бушуухан шүүрч аван харсанаа… уучлаарай биш байна гээд баяртай нь аргагүй буцаан өгөөд уртаар санаа алдлаа.
Төгсгөл:
Намрын дунд сарын билэгт сайн өдөр хуримын ордонд нэгэн залуу хос гэрлэлтээ батлуулахаар зэхэн байв. Залуугийн харцнаас амьдралдаа сэтгэл хангалуун, омог бардам өөртөө итгэлтэй бахархал харагдаж байхад, сүйт бүсгүйн үл ялиг сэвхтэн шингэрсэн царайнаас энэ хорвоо дээрх хамгийн жаргалтай бүсгүйн царай гэрэлтэн байв. Ёслох үйл ажиллагаа ч эхэлж хоёр талын гэрийнхэн орон зогслоо.
Гэрлэх ёслолын удирдагч батлуулагсад болон гэрчүүдээр гарын үсэг зуруулж дууссаны дараа намбалаг бөгөөд тод дуугаар
Монгол улсдаа өрх бүл нэмж байгаад баяр хүргэе. Ингээд
Ганхүүгийн Тэмүүжин, Болдын Сүрэн нарыг эхнэр нөхөр болсоныг баталсугай…

Төгсөв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх